| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 1808033051182 |
| Дугаар | 2025/ДШМ/262 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ДШМ/262
2025 02 20 2025/ДШМ/262
Ү.Т, Г.Б, Н.Ө, Г.Э нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ундрах,
шүүгдэгч Ү.Т, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар,
шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Цолмон,
шүүгдэгч Н.Ө-н өмгөөлөгч П.Еркебулан,
шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/1379 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Ундрахын бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Ү.Т-ны өмгөөлөгч Д.Дарханбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ү.Т, Г.Б, Н.Ө, Г.Э нарт холбогдох 1808 03305 1182 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Х овгийн Ү-н Т, ... оны .. дугаар сарын ..-ний өдөр ....... төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........../;
2. О овгийн Г-н Б, .... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ....... төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, “М И” ХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт, .........тоотод оршин суух, .......... гавъяат ажилтан цолтой, ял шийтгэлгүй, /РД: ........../;
3. Ю овгийн Н-н Ө, .... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........ төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, охины хамт, ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......../;
4. Х а овгийн Г-н Э, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр ............ төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулаан хангамжийн инженер мэргэжилтэй, “И П Т Э” ХХК-д дулааны инженер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, .............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........../;
Шүүгдэгч Г.Б нь “М И” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Даралтат сав шугам, хоолойд зохих журмын дагуу туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ашиглах зөвшөөрөл авсан байх”, мөн Эрчим хүчний сайдын 2017 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн 05 дугаар тушаалаар батлагдсан “Уурын ба халуун усны шугам хоолойг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 5.1.1-д заасан “Шугам хоолойн паспорт хөтөлж, ашиглалтын талаар бүртгэл хөтлөх” гэснийг тус тус зөрчиж, хууль, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн техникийн үзлэг, засвар үйлчилгээ хийлгэх, техникийн магадлагаа хийлгэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, ашиглах зөвшөөрөл авах, улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 08 цагийн үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М И” ХК-ийн хашаанд байрлах дулааны шугам сүлжээнд “Х С” ХХК-ийн сантехникийн засварчин ажилтай П.Т уурын шугам хоолойг нээх ажил үүргийг гүйцэтгэх явцад “М И” ХК-ийн өмчлөлийн шугам задарч биеийн нийт гадаргуугийн 70-80% хамарсан II зэргийн түлэгдэл, амьсгалын дээд замын түлэгдлийн улмаас нас барж, “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт,
шүүгдэгч Н.Ө нь “Х С Импекс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна” мөн зүйлийн 17.2.3-д “Үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт” мөн зүйлийн 17.3-д “Энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулна”, мөн зүйлийн 17.4-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна”, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 28 дугаар зүйлийн 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина”, Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 2000 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 105 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, Сургалт зохион байгуулалт, Үндсэн дүрэм” МNS 4969:2000 Монгол Улсын стандартын 4.16-д “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө”, Монгол улсын түлш, эрчим хүчний сайдын 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 47 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Цахилгаан станц дулааны шугам сүлжээний дулаан-механик тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 1.2.11-д заасан “Бүх ажиллагсад нь ажлын онцлог байдалд тохирсон тусгай хувцас, гутал, хувийн хамгаалах хэрэгслээр хангагдах бөгөөд ажил гүйцэтгэх үедээ заавал хэрэглэх үүрэгтэй” гэснийг тус тус зөрчиж, хууль, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамруулах, сантехникийн болон хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, ажлын онцлог байдалд тохирсон тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслээр хангах, даралтат сав, шугам хоолойн тоног төхөөрөмжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамруулах, шалгалт авах, өдөр тутмын зааварчилга аваагүй ажилтанг бие даан ажиллуулахгүй байх, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд дотоодын хяналт тавих зэрэг үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 08 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М И” ХК-ийн хашаанд байрлах дулааны шугам сүлжээнд “Х С” ХХК-ийн сантехникийн засварчин ажилтай П.Т уурын шугам хоолойг нээх ажил үүргийг гүйцэтгэх явцад “М И” ХК-ийн өмчлөлийн шугам задарч, биеийн нийт гадаргуугийн 70-80% хамарсан II зэргийн түлэгдэл, амьсгалын дээд замын түлэгдлийн улмаас нас барж, “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт,
шүүгдэгч Г.Э нь “М И” ХК-ийн сантехник, дулааны инженерээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Даралтат сав шугам, хоолойд зохих журмын дагуу туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ашиглах зөвшөөрөл авсан байх”, мөн Эрчим хүчний сайдын 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тушаалаар батлагдсан “Уурын ба халуун усны шугам хоолойг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 5.1.1-д заасан “Шугам хоолойн паспорт хөтөлж, ашиглалтын талаар бүртгэл хөтлөх” гэснийг тус тус зөрчиж, хууль, захиргааны хэм хэмжээний акт, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн уур, ус, дулаан хангамжийн байгууламж, үйлдвэр цехийн сантехникийн тоног төхөөрөмж, шугам хоолойн их болон урсгал засварын ажлын төлөвлөгөө /график/ гаргаж батлуулах, төсөв төлөвлөгөөний дагуу угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг хянах болон зохион байгуулах, биелэлтийг хангуулах, сантехникийн тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоог хийх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 08 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М И” ХК-ийн хашаанд байрлах дулааны шугам сүлжээнд “Х С” ХХК-ийн сантехникийн засварчин ажилтай П.Т уурын шугам хоолойг нээх ажил үүргийг гүйцэтгэх явцад “М И” ХК-ийн өмчлөлийн шугам задарч биеийн нийт гадаргуугийн 70-80% хамарсан II зэргийн түлэгдэл, амьсгалын дээд замын түлэгдлийн улмаас нас барж, “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт,
шүүгдэгч Ү.Т нь “М И” ХК-ийн сантехникчээр ажиллаж байхдаа Монгол улсын түлш, эрчим хүчний сайдын 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 47 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Цахилгаан станц дулааны шугам сүлжээний дулаан-механик тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм”- ийн 2.9.18, 2.9.19-д заасныг зөрчиж, шугам хоолойд уур хоолойд уур өгч халаах, залгах үйлдлийг буруу хийж уурын шугамд үүссэн усыг зайлуулах арга хэмжээ авах” гэснийг тус тус зөрчиж, хууль, захиргааны хэм хэмжээний акт, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн уур ус дулаан сантехникийн цехийн усан сан, барилга доторх ба газар доорх канал сувгийн дулааны узель, тоног төхөөрөмж, дулаан солилцох аппарат бойлуурууд, даралтат сав, шугам хоолой, винтель хаалт зэрэгт үүссэн, гэмтэл саатлыг үзлэг хийж илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоог хийх үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 08 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М И” ХК-ийн хашаанд байрлах дулааны шугам сүлжээнд “Х С” ХХК-ийн сантехникийн засварчин ажилтай П.Т уурын шугам хоолойг нээх ажил үүргийг гүйцэтгэх явцад “М И” ХК-ийн өмчлөлийн шугам задарч биеийн нийт гадаргуугийн 70-80% хамарсан II зэргийн түлэгдэл, амьсгалын дээд замын түлэгдлийн улмаас нас барж, “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Б, Н.Ө, Г.Э, Ү.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Б, Г.Э, Н.Ө нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Г.Б, Н.Ө, Г.Э нарыг цагаатгаж, шүүгдэгч Ү.Т-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ү.Т-г 04 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1.2, 4 дүгээр зүйлд зааснаар Ү.Т-д оногдуулсан 04 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5,1, 511 дүгээр зүйлийн 511.5-д заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцгээгийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирлын 100.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ү.Т-с 420.000 төгрөг тус тус гаргуулж шинжээч Ц.Бадмаа, М.Ууганбаатар, Б.Батцэнгэл нарт олгож, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6, 45.6, 45.7, 45.8 дугаар зүйлүүдэд заасантай танилцаж, хохирлоо нөхөн төлүүлэхээр 10 жилийн дотор өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар цагаатгагдсан этгээдүүд болох Г.Б, Г.Э, Н.Ө нарт мэдэгдэж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Ундрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Дулааны инженер мэргэжилтэй, хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч, мэргэшсэн шинжээч Г.Гантөмөрийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2018-26 дугаартай дүгнэлтэд “М И” ХК-ийн ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-д заасны дагуу хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих үүргийг хариуцна” гэсэн дүгнэлтийг гаргасан. Г.Б нь компанийн гүйцэтгэх удирдлага болох нь хэрэгт авагдсан компанийн хуулийн этгээдийн лавлагаагаар, харин Г.Э нь дулааны асуудал эрхэлсэн дулааны инженер болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээр тус тус тогтоогддог бөгөөд шүүгдэгч Г.Б, Г.Э нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Даралтат сав шугам, хоолойд зохих журмын дагуу туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ашиглах зөвшөөрөл авсан байх”, Эрчим хүчний сайдын 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тушаалаар батлагдсан “Уурын ба халуун усны шугам хоолойг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 5.1.1-д заасан “Шугам хоолойн паспорт хөтөлж, ашиглалтын талаар бүртгэл хөтлөх” гэснийг хэн аль нь зөрчсөн. Тодруулбал, яллагдагч нар нь дулааны инженер мэргэжилтэй ба яллагдагч Г.Б нь ажлын байрны чиг үүрэгт тусгагдсанаар осол болсон шугамд техникийн үзлэг, засвар үйлчилгээ хийлгэх, техникийн магадлагаа хийлгэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, ашиглах зөвшөөрөл авах, улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байсан бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ заасны дагуу хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих үүргийг хариуцна. Хэрэгт авагдсан гэрч “М И” ХК-ийн дулааны инженер Н.Н-н “Би тус “М И” ХК-д хуучнаар Мах комбинат гэж байхад 1982 онд дулааны инженерээр ажилд орж одоог хүртэл ажиллаж байна. Тэр өдөр буюу 07 дугаар сарын 15-ны өдөр амралтын өдөр байсан тул миний бие амарч байсан өглөө 08 цаг өнгөрч байхад манай нөхөр Баяраа мөн тус компанид цахилгаанчин хийдэг түүний утас руу ажилчин нь залгаад дулааны канал сувгаас их хэмжээний уур гараад байна гэж хэлсэн би тэгээд ажил дээрээ 09 цаг өнгөрөөгөөд ирэхэд уурын 400-ын хаалтыг хаасан юүлэгчийг онгойлгосон байдалтай байсан. Ээлжийн слесариар Т буух гээд П ээлж авах гээд байж байсан. Намайг ирэхэд каналд /сувагт/ ууранд хүн түлэгдэж доошоо харсан байдалтай хэвтэж байна амьд биш юм шиг байна гэж манайхан ярьж байсан, тэр үед нь эмнэлэг цагдаа хоёр ирсэн байсан, мөн мэргэжлийн хяналтын 2 байцаагч ирсэн намайг хамт оръё гэхэд цагдаа үзлэг хийж байна гээд оруулаагүй. Цагдаагийн үзлэг дууссаны дараа мэргэжлийн хяналтын 2 байцаагчийн хамт канал руу орсон ороход уур намдсан, чийгтэй ус ихтэй байсан. Манай компани 400-ийн уурын шугамаас тус хашаанд байрлах 8 байгууллага уур авч ашигладаг. Үүнээс “У с” ХХК, “Х С” ХХК хоёр нэг шугамаас уураа авдаг түүний уур авдаг 400-ийн шугамын каналын тойрог дээр 400-ийн шугамын гагнаас дээгүүрээ задарч уур алдсан байдалтай байсан, уг ууранд түлэгдсэн талийгаачийг би ажил дээрээ ирээд нас барсан байна гэдгийг нь мэдсэн. “Х С” ХХК-ийн засварчин залуу байсан гэсэн. Манай компанийн дулаан каналд их засвар ер нь хийгдэж байгаагүй, миний ажилд орсноос хойш хийгдээгүй. Харин манай байгууллагаас уур ус дулаан авч байгаа байгууллагууд өөрсдөө орж урсгал засвар үйлчилгээгээ хийдэг. 2000 онд байх уг 400-ийн уурын хоолойн саяны осол гарсан газрын шугаман дээр байрлах 2 хаалт эвдэрсэн байсан. Тэгээд тэр үед засварлах гээд 2 хаалтыг засварлах боломжгүй байсан учраас “У с” ХХК нь өөрсдийн зардлаар 2 хаалтыг тойруулан тойруулга шугамыг 150-ийн хоолойгоор татсан. Үүнээс өөр урсгал засвар хийгдээгүй. Уг хоолой нь анх 1968 онд ашиглалтад орсон гэж ярьдаг. Намайг ажиллаж байх хугацаанд болох 1982 оноос хойш уг цехэд хүн осолдсон болон түлэгдэж байсан тохиолдол ч гарч байгаагүй. Уг канал руу 4-р цахилгаан станцтай гэрээ хийсэн бүх байгууллагын инженер техникийн ажилчид мөн станцын ажилчид орох эрхтэй. Тус цех рүү орох эрх бүхий ажилчдыг журамласан журам заавар байхгүй. Гадны хүн орох боломжгүй. Үүдэн дээрээ уг нь гадны хүн орохыг хориглоно гэсэн улаан тэмдэг байсан, одоо байгаа үгүйг нь мэдэхгүй байна. Цехийн дүрэм, уур систем ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар гэж байгаа, харин журам гэж байхгүй. 400-ийн хоолой гэж одоо бол стандарттай харин манайд ашиглаж байгаа хоолойг Германчууд тавьсан гэж ярьдаг ямар нэгэн бичиг баримт байхгүй ашиглалтын хугацааг мэдэхгүй. Манайд мэргэжлийн байгууллагын шалгалт орж байгаагүй. Улсын бүртгэлд орсон дулааны шугам бол мэргэжлийн байгууллагаас шалгалт орж байх ёстой, манайх улсын бүртгэлд ороогүй. Манайх 4-р цахилгаан станц руу уур хаалгах талаар албан бичгийг 1-2 хоногийн өмнө явуулж байж 4-р станцаас мэргэжлийн хүн ирж манай ажилчинтай хамт уурыг нээж хаах ёстой байдаг. Манай байгууллага уур хаах талаар албан бичиг өгөөгүй. Учир нь, манай үйлдвэр баярын өдрүүдээр ажилласан болохоор уураа хаалгаагүй. Манай цех өдөр тутам аюулгүй ажиллагааны журам танилцуулж гарын үсэг зуруулдаггүй. Харин аюулгүй ажиллагааны зааварчилга амаар өдөр бүр өгдөг. Сард нэг удаа аюулгүй ажиллагааны зааварчилга өгч гарын үсэг зуруулдаг. 2018 оны 07 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд аюулгүй ажиллагааны зааварчилга танилцуулаагүй. Амралтын өдөр байсан. ...” гэсэн мэдүүлэг, ”М И” ХК-ийн дулааны инженер гэрч Д.Г-н “... Фото зургаар үзүүлж байгаа хоолой нь стандартад нийцэж байгаа эсэх цаашид ашиглах боломжтой эсэхийг металл шинжилгээний дүгнэлтээр тодорхойлох ёстой. Үүнийг эрх бүхий металл судлалын лабораторид хийдэг, энэ шалгалт нь 4 жил тутамд нэг удаа хийгддэг. Энэ шалгалтыг тухайн объектын өмчлөгч жишээлбэл “М И” ХК өөрөө хийлгэх үүрэгтэй. Тухайн байгууллага нэгж нь баяр амралтын өдрөөр болон олон хоног амрах үед уурын хаалтыг тухайн дулааны узельдээ хаах, нээх эрхтэй байдаг боловч удаан хугацаагаар ажиллахгүй тохиолдолд хангагчид буюу манай станцад мэдэгдэж аюулгүй байдлыг хангуулах үүрэгтэй. Энэ гэрээний 3.11-т зааснаар “хэрэглэгч нь гэрээнд заасан дулааныг эрчим хүчийг авахгүй буюу өөрчлөлт орох /уур хаалгах нээлгэх/ тохиолдолд ажлын 1-ээс доошгүй хоногийн өмнө хангагчид албан бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан байгаа. Энэ нь уурыг хэрэглэхгүй 4-өөс дээш цаг болоход тухайн шугам хоолой усаар дүүрч үүний дараа уурыг нээхэд усан цохио үүсэх аюултай байдаг учир шугам хоолойг нээхэд маш болгоомжтой хандах ёстой, үүнийг тухайн байгууллагын слесариуд мэдэх үүрэгтэй сургалтад суусан байх ёстой. Мөн уурын шугамтай харьцаж байгаа слесариуд нь даралтад сав шугам хоолойтой ажиллах сургалтад хамрагдаж үнэмлэх авсан байх ёстой. “Х С” ХХК нь баяр амралтын өдрүүдээр уурын шугамыг хаах нээх талаар манай байгууллагад албан бичиг ирүүлээгүй харин уг хашаанд байрлах “У с” ХХК нь баярын 5 өдөр уур хэрэглэхгүй талаар албан бичиг ирүүлж, уураа хаалган лацдуулсан, нээх талаар мөн албан бичиг өгч нээлгэсэн. Манай зүгээс хаах, нээх тохиолдолд тухайн уур хэрэглэх тоног төхөөрөмж нь аюулгүй байдлыг хангаж байгаа эсэх хаалт шугам хоолой нь үлээлтгүй байгаа эсэх гэх мэтэд үзлэг шалгалт хийдэг тухайн байгууллага нь хаалтаа нээж уураа авдаг. Дулаан уурын шугамын узель рүү тухайн байгууллагын слесариуд 2 дээш хамт орох үүрэгтэй байдаг. Манай байгууллагаас “М И” болон “Х С И” ХХК-иуд болон уг хашаанд үйл ажиллагаа явуулж манайхаас уур авдаг байгууллагуудад 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр засварын ажил хийлгэх, уурыг хаах талаар албан бичиг хүргүүлэн засварын ажлыг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 09 цагаас 18 цаг хүртэл хийлгэж, уг осол гарсан 400-ийн хоолойг “М И” ХК-иар засуулж үйл ажиллагааг хэвийн горимд оруулж уураар хангаж эхэлсэн. Манай зүгээс гэрээнд зааснаар уураар хангах үүргээ биелүүлэх үүднээс засварын ажлыг хийх боломжийг гаргаж, уурыг хааж засварыг хийлгэн хэвийн горимд оруулсан болохоор дээрх байгууллагууд нь гэрээний 2.10 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзэж болно. Ослын дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллага гаргана. Энэ осол нь Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн, мэргэжлийн бус хүн уур хаах, нээх үйлдлийг хийсэн, тухайн шугам хоолой нь их хуучирсан зэрэг шалтгаанаас үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /Дулааны 4 дүгээр цахилгаан станцын борлуулалтын менежер/ зэрэг авагдсан байна. Тухайн “М И” ХК-ийн уг уурын канал дотор байрлах 400-ын уурын шугамыг 1968 оноос хойш ашиглаж байгаа, дээрх осол урьд өмнө нь тухайн шугам дээр гарч байсан, тухайн шугам хоолойнууд нь хуучирч муудсан, осол болоод байгаа шугамыг ашигласан цагаасаа анхнаасаа засвар үйлчилгээ огт хийдэггүй, гэрчилгээ авч байгаагүй, паспорт хөтлөгддөггүй, техникийн үзлэг хийлгэх, бүрэн бүтэн байдлыг хангах, ашиглах зөвшөөрөл аваагүй, улсын бүртгэлд бүртгүүлэлгүй менежментийн гэрээгээр шугамыг бусад аж ахуй нэгжүүдэд ашиглуулдаг байсан бөгөөд удирдлагын зүгээс хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас осол гарсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд Г.Б-н дээрх эс үйлдэхүй нь талийгаач П.Т нас барсан хохирол, хор уршигтай шууд шалтгаантай холбоотой тул шүүгдэгч Г.Б-г цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2. Дулааны инженер мэргэжилтэй, хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч, мэргэшсэн шинжээч Г.Гантөмөрийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2018-26 дугаартай дүгнэлтэд “Х С” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна”, мөн зүйлийн 17.2.3-д “Үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт” мөн зүйлийн 17.3-д “Энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулна”, мөн зүйлийн 17.4-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна” гэж заасныг зөрчиж, аюул, эрсдэлтэй /даралтад сав, уур усны шугам хоолойг аюулгүй ашиглах/ ажлын байранд ажиллах ажилтныг аюул эрсдэлээс өөрийгөө болон бусдыг сэргийлэх арга барил эзэмшүүлэх, аюулгүй ажиллагаанд сургаж бэлтгээгүй, тухайн ажил үүрэгтэй холбоотой зааварчилгаа өгөөгүй ажилд оруулсан байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Сургалтын зохион байгуулалт үндсэн дүрэм МNS-4969:2000-ийн стандартад заасан шаардлагын дагуу аюулгүй ажиллагааны 3 шатны /урьдчилсан, давтан, өдөр тутмын/ зааварчилгааг өгөх шаардлагатай байдаг. Амь хохирогч П.Т-д ажлын байрны давтан зааварчилгаа /Даралтат сав шугам хоолойн ашиглалт/ болон өдөр тутмын зааварчилгаа /2018 оны 07-р сарын 15-нд/ өгөөгүй байна” гэсэн дүгнэлт гарсан байдаг. /1 хх 137-139/ Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад “Х С” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал болон дулааны асуудал хариуцсан инженер томилж ажиллуулаагүй, амь хохирогч П.Т нь сантехникийн слесарийн 3 дугаар зэргийн үнэмлэхтэйгээс бусад даралтад сав, шугам хоолой, хийн тоног төхөөрөмжтэй харьцах, ажиллах эрхийн үнэмлэх аваагүй, ажлын байрны өдөр тутмын болон давтан зааварчилгаа аваагүй, сургалтад хамруулаагүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, “Х С” ХХК нь ажилтнаа мэргэшлийн чиглэлээр болон аюулгүй ажиллагааны чиглэлээр сургаж дадлагажуулаагүйн улмаас талийгаач П.Т нас барсан хохирол, хор уршигтай шууд шалтгаантай холбоотой тул Н.Ө-г цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
3. “М И” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б-н 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр сантехникийн инженерээр томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэрэг бичгийн баримтуудаар Г.Э нь осол болох үед дулааны инженерээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байхад шүүх дулааны инженерээр ажиллаж байсан гэж үзэх боломжгүй үйл баримт тогтоогдсон хэдий ч дулааны инженерээр ажиллаж байсан хүнийг уг хэрэгт гэм буруутайд тооцох хангалттай баримт цуглараагүй” гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна.
Дулааны инженер Г.Э нь ажлын байрны чиг үүрэгт тусгагдсан хууль, захиргааны хэм хэмжээний акт, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн уур, ус, дулаан хангамжийн байгууламж, үйлдвэр цехийн сантехникийн тоног төхөөрөмж, шугам хоолойн их болон урсгал засварын ажлын төлөвлөгөө /график/ гаргаж батлуулах, төсөв төлөвлөгөөний дагуу угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг хянах болон зохион байгуулах, биелэлтийг хангуулах, сантехникийн тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоог хийх, хяналт тавих үүргээ биелүүлээгүйн улмаас талийгаач П.Т нас барсан хохирол, хор уршигтай шууд шалтгаантай холбоотой тул Г.Э-г цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Ийнхүү шүүгдэгч Г.Б, Г.Э, Н.Ө нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-д заасан “Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10 дэх заалтад зааснаар “Илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэсэн хуулийг ноцтой зөрчиж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1169 дугаартай прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад хохирогч Б.Ц, шинжээч Г.Гантөмөр, гэрч Д.Г нарыг оролцуулах саналыг гаргасан бөгөөд шүүх хуралдааныг нээх үед улсын яллагчийн зүгээс санал гаргасан гэрч Д.Г-г шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай талаар үндэслэлээ тайлбарлаж, шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт гаргасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах эсэх асуудлыг шийдвэрлэлгүй, хуралдааныг шууд үргэлжлүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчиж, оролцогчийн эрхийг хязгаарласан болно. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/1379 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч Ү.Т-н өмгөөлөгч Д.Дарханбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх Ү.Т-г гэм буруутайд тооцохдоо “...Шүүгдэгч Ү.Т, амь хохирогч П.Т хоёр Монгол Улсын Түлш эрчим хүчний сайдын 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 47 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Цахилгаан станц дулааны шугам сүлжээний дулаан-механик тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 2.9.18, 2.9.19-д заасныг зөрчиж шугам хоолойд уур өгч халаах, залгах үйлдлийг буруу хийж, уурын шугамд үүссэн усыг зайлуулах арга хэмжээ аваагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, захиргааны хэм хэмжээний акт, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн уур, ус, дулаан сантехникийн цехийн усан сан, барилга доторхи ба газар доорх канал сувгийн дулааны узель, тоног төхөөрөмж, дулаан солилцох аппарат бойлуурууд, даралтат сав, шугам хоолой, винтель хаалт зэрэгт үүссэн гэмтэл саатлыг үзлэг хийж илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоог хийх үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 08 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М И” ХК-ийн хашаанд байрлах дулааны шугам сүлжээнд осол гарч “Х С” ХХК-ийн сантехникийн засварчин ажилтай П.Т ууранд цохиулж, биеийн нийт гадаргуугын 70-80% хамарсан II зэргийн түлэгдэл, амьсгалын дээд замын түлэгдлийн улмаас нас барж, “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Шүүгдэгч Ү.Т амь хохирогч П.Т хоёр нь өөр өөр компанийн ажилтнууд бөгөөд тус компаниудын уурын шугам нэг бөгөөд заагийн схем зургаар тусгаарлагдсан байдаг хэдий ч ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтоор дулааны уур хаах, нээх хэвийн ажиллагааг хариуцах, осол аваарын нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж, сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй ажилтан бөгөөд сантехникийн слесарийн ажил нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар журамлагдсан, холбогдох дүрэм, журам, ажлын байрны тодорхойлолтуудаар заасан ажил үүргийг гүйцэтгэхдээ хайнга хандаж, уурын шугамд дэлбэрэлт үүсгэх нөхцөлийг бүрдүүлсний улмаас хүний амь нас хохирсон хор уршигт хүргэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан...” гэж дүгнэсэн.
1. Анхан шатны шүүхийн “...Шүүгдэгч Ү.Т, амь хохирогч П.Т хоёр Монгол Улсын Түлш эрчим хүчний сайдын 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 47 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Цахилгаан станц дулааны шугам сүлжээний дулаан-механик тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 2.9.18, 2.9.19-д заасныг зөрчиж шугам хоолойд уур өгч халаах, залгах үйлдлийг буруу хийж уурын шугамд үүссэн усыг зайлуулах арга хэмжээ аваагүй...” гэсэн дүгнэлтийн тухайд: 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 08 цагийн үед болсон “М И” ХК-ийн хашаанд байрлах уурын шугам сүлжээнд гарсан осол нь “Х С” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн А.Болдбаатар амь хохирогч тус компанийн сантехникийн ажилтан П.Т-д уурын шугамыг нээх үүрэг даалгавар өгч, амь хохирогч уурыг шугам хоолойд уур өгч, халаах залгах үйлдлийг буруу хийснээс болж гарсан. Хэдийгээр Ү.Т нь амь хохирогч П.Т-тэй хамт сантехникийн цех рүү хамт орсон боловч уурын шугам хоолойд уур өгч, халаах залгах үйлдлийг хийгээгүй юм. Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт Ү.Т-г уурын шугам хоолойд уур өгч, халаах залгах үйлдэл хийсэн гэх нотлох баримт байхгүй юм. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие шинжээч Г.Гантөмөрөөс гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан ямар нотлох баримтыг үндэслэн Ү.Т-г “...Цахилгаан станц дулааны шугам сүлжээний дулаан-механик тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 2.9.18, 2.9.19-д заасныг зөрчиж шугам хоолойд уур өгч халаах, залгах үйлдлийг буруу хийж уурын шугамд үүссэн усыг зайлуулах арга хэмжээ аваагүй...” гэсэн дүгнэлт гаргасан талаар асуухад “...Амь хохирогч П.Т-тэй хамт байсан болохоор Ү.Т-г шугам хоолойд уур өгч, халаах залгах үйлдлийг буруу хийж уурын шугамд үүссэн усыг зайлуулах арга хэмжээ аваагүй...” гэсэн дүгнэлт гаргасан гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-н “...Ү.Т тухайн үед сантехникийн слесариар ээлж хариуцан ажиллаж байсан...Ү.Т нь “Х С” ХХК-ийн нэг хаалтыг буруу онгойлгож осол гаргасан...” гэсэн мэдүүлгийг /6 хх 153/ нотлох баримтаар үнэлж Ү.Т-г гэм буруутайд тооцсон байна. Г.Б нь тухайн осол гарах үед ажил дээрээ буюу “М И” ХК дээр байгаагүй мөртлөө уг ослыг харсан юм шиг мэдүүлэг өгсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй...” гэж заасан. Иймд Г.Б-н мэдүүлэг нотлох баримт болохгүй юм. Мөн энэ осол гарах болсон шалтгаан нөхцөл нь “Х С” ХХК даралтат сав, шугам хоолой, хийн тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллах эрхийн үнэмлэхгүй хүнийг ажиллуулсанд байгаа юм. Ү.Т амь хохирогч П.Т-г даралтат сав, шугам хоолой, хийн тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллах эрхийн үнэмлэхтэй эсэхийг мэдэх боломж байхгүй юм. “М И” ХК-ийн хашаанд байрлах сантехникийн цех рүү тус компанийн хашаанд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын инженер, сантехникийн ажилтнууд орох эрхтэй байдаг ба “М И” ХК-ийн хашаанд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын сантехникийн ажилтнууд өөрсдийн компанийн эзэмшлийн уурын шугам хоолойд уур өгч, халаах залгах, салгах үйлдлийг хийдэг байсан нь гэрч Д.П-н “...Тухайн компанийн сантехникийн ажилчид өөрсдөө хариуцсан шугам хоолойныхоо ус, уур, дулааныг нээх ажлыг хариуцан ажилладаг...” гэсэн /1 хх 78-79/ мэдүүлгээр нотлогдож байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй байхад Ү.Т-г гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй.
2. “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, захиргааны хэм хэмжээний акт, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн уур, ус, дулаан сантехникийн цехийн усан сан, барилга доторхи ба газар доорх канал сувгийн дулааны узель, тоног төхөөрөмж, дулаан солилцох аппарат бойлуурууд, даралтат сав, шугам хоолой, винтель хаалт зэрэгт үүссэн гэмтэл саатлыг үзлэг хийж илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоог хийх үүргээ биелүүлээгүй...” гэсэн дүгнэлтийн талаар: Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-т “...хэрэглэгч гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг...”, 30 дугаар зүйлийн 30.1.8-д “...өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах...” гэж заасан байна. Анхан шатны шүүх “... гэмт хэрэг гарахад болон уг хэргийг хянан шийдвэрлэхэд осол гарсан шугамын заагийг зөв тогтоосон эсэх нь холбогдолгүй...” гэж дүгнэсэн. “М И” ХК-ийн хашаан дотор “ХКҮ” ХХК, “Х С” ХХК, “УБ с”, “М х” ХХК, “Тү” ХХК зэрэг компаниуд үйл ажиллагаа явуулдаг ба “ДЦС-4” ТӨХК-тай “Дулааны эрчим хүч /уур/-ээр хангах, хэрэглэх” гэрээ байгуулж, өөрсдийн эзэмшлийн уурын шугам хоолойгоор уур авч хэрэглэдэг. Эрчим хүчний тухай хуулиар дээрх компаниуд хэрэглэгч юм. Тэгэхээр осол гарсан уурын шугам хоолойн заагийг зөв тогтоосноор Ү.Т-н ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ажил үүргийн хэмжээ хязгаарыг тогтоох ач холбогдолтой юм. “М И” ХК-ийн хашаан дотор үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын эзэмшлийн уурын шугам хоолойг компаниудын захирлын баталсан уурын шугам хоолойн зааг зургаар тогтоодог. Хэрэгт цугларсан уурын шугам хоолойн зааг зургаар 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр осол болсон уурын шугам хоолой “Х С” ХХК-ийн эзэмшлийн шугам хоолой болох нь нотлогддог. Мөн гэрч Ш.Б-н /5 хх 117-118/ “...Энэ зураг дээрх улаан хүрэн өнгийн тэмдэглэлтэй шугам нь “М И” ХК-ийн хашаа руу ороод хуваарилах буюу коллектор хүртэл “М И” ХК хариуцаж, харин коллектороос цааш салбарлаж эхэлснээр тус тусын хэрэглэгч хариуцахаар байгаа бөгөөд задарсан гэх шугам хоолойг “Х С” ХХК хариуцахаар байна. Тухайн уур авч, хэрэглэж байгаа нь уур авч байгаа шугамныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж ажилладаг. Хэрэв шугамд гэмтэл гарвал өөрсдөө коллектороо хаагаад засвар үйлчилгээ хийдэг. 2009 оны зааг зургийн дагуу тухайн хоолойноос уур авч ашиглаж байгаа хэрэглэгч байгууллага болох “Х С” ХХК хариуцна гэж үзэж байна. 2009, 2019 оны заагийн зургаар 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр бол “Х С” ХХК хариуцаж байсан байна...” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байгаа юм. Гэрч А.Б, Д.П, И.Н нарын мэдүүлгээр “М И” ХК-ийн хашаан дотор үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд тус тусын эзэмшлийн уурын шугам хоолойг хариуцсан сантехникийн ажилтантай болох нь тогтоогдож байгаа юм. Тэгэхээр Ү.Т-н ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн уур, ус, дулаан сантехникийн цехийн усан сан, барилга доторх ба газар доорх канал сувгийн дулааны узель, тоног төхөөрөмж, дулаан солилцох аппарат бойлуурууд, даралтат сав, шугам хоолой, винтель хаалт зэрэгт үүссэн гэмтэл саатлыг үзлэг хийж илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоог хийх ажил үүргийн хэмжээ хязгаар нь зөвхөн “М И” ХК-ийн эзэмшлийн уурын шугам хоолойгоор хязгаарлагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ү.Т нь бусад компанийн уурын шугам хоолой, винтель хаалт зэрэгт үүссэн гэмтэл саатлыг үзлэг хийж илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоог хийх, уурын шугам хоолойд уур өгч, халаах залгах, салгах үйлдлийг хийх үүрэг хүлээгээгүй юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “...Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна...”, 27.4 дэх хэсэгт “... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна...” гэж заасан. Тэгэхээр Ү.Т нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих эрх бүхий этгээд биш юм. Иймд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар Ү.Т нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй тул Ү.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ү.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн үед би хүйтэн усны сантехникчээр ээлжинд гарч байсан. “М И” ХК-ийн уурыг зөвхөн 10, 11, 01, 03 дугаар сард авдаг. Уур авч байгаа үед хоёроороо ээлжинд хонодог. 2 сантехникч ээлжинд гарч, нэг нь ахладаг. “М И” ХК халуун усны хэрэглээ байхгүй. Хүйтэн усыг ашиглаж байсан. 24 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэж, өглөө буухдаа рапортын дэвтэр дээр бусад үйлдвэрийн хүйтэн усны заалтуудыг авдаг. “Х С” ХХК-ийн сантехникчтэй цуг орсон. Би хүйтэн усны заалт аваагүй байсан болохоор хүйтэн усны заалт авах гэж цуг орж байсан. ...” гэв.
Шүүгдэгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хяналт тавиагүй, үүргээ дутуу биелүүлсэн гэж буруутгасан. “Х С” ХХК амралтын өдөр уурыг нээлгэхээр шийдвэрлэсэн. Энэ нь Дулааны эрчим хүч ашиглах дүрмийн 3.11 дэх заалтыг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл станциас хүн дуудах ёстой. Шугамд хуралдсан усыг зайлуулах ёстой байтал хийгээгүй. Эрчим хүчний тухай хуулиар зохицуулдаг. Уур авч хэрэглэж байгаа бүх газрууд станцитай гэрээ байгуулах ёстой. Шугамын эзэмшлийн заагийг станцитай гэрээ байгуулсан. Эзэмшлийн заагийг тогтоосон бол тухайн тогтоосон хаалтаас хойш тухайн хэрэглэгч хариуцна. Тухайн хэрэглэгч нь “Х С” ХХК байгаа. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д эзэмшигч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцахаар заасан. Прокуророос намайг буруутгаж байгаа асуудалд би холбогдолгүй. Тухайн үед яг хэн байсныг мэдэхгүй. Ямар ч байсан хаалт нээгдээд осол гарсан. Шугамын усыг зайлуулаагүй. Шүүгдэгч Ү.Т-н хувьд хаалтанд хүрэх эрх, үүрэг байхгүй. Хаалтанд зөвхөн “Х С” ХХК, ТЭЦ-4 хүрэх ёстой. ...” гэв.
Шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Осол гарах шалтгааны талаар улсын байцаагчийн 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Эдгээр дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрүүтэй. Гаргасан дүгнэлтээс тодруулж тайлбар авахад шинжээч үгүйсгэсэн мэдүүлэг өгдөг. ... Сүүлдээ “би дулааны мэргэжилгүй тул мэдэхгүй” гэж талуудын асуусан асуултад хариулж чадаагүй. Заагийн эзэмшлийг тогтоохдоо гэрч Б-н мэдүүлгийг үндэслэсэн. Уг гэрч нь хэрэгт 3 удаа мэдүүлэг өгснөөс гадна шүүх хуралдаанд оролцсон. Тэрээр “Надад тухайн үед 2019 оны заагийн шугамын зургийг үзүүлсэн учраас 2019 оноос өмнөхийг “М И” ХК хариуцна” гэж мэдүүлсэн. 2019 оны зургийг харвал “Х С” ХХК-ийн эзэмшлийнх байхад прокуророос шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Г.Б-н эс үйлдэхүйн улмаас уг осол гарсан болох нь тогтоогдож байна гэж үзсэн нь үндэслэлгүй. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс шугамын дэлбэрэлт юунаас болж үүссэн болохыг мэргэжлийн шинжээч нараар дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцаасан боловч давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс ойлгомжтой, үндэслэл бүхий дүгнэлт хийж, миний үйлчлүүлэгчийг уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлгүй гэж үзэж, цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.Ө-н өмгөөлөгч П.Еркебулан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангасан. Прокурор эсэргүүцэлдээ “Х С” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер томилж ажиллуулаагүй гэж дурдсан нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан “Х С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01/23 дугаартай тушаалаар үйлдвэрийн менежер А-г хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар томилсон байсан. Өөрөөр хэлбэл, тухайн осол болох хугацаанд А гэх хүн “Х С” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож тогтоогдсон. Мөн сургалтад хамрагдаж байсан баримтууд хавтас хэрэгт авагдсан. Анхан шатны шүүхээс “Х С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ө-н буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тухайн осол болсон гэж үзэх баримт хавтас хэрэгт авагдаагүй учраас түүнийг буруутгах үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг хийсэн. Осол болсон шугам нь 1968 онд ашиглалтад орсон, “М И” ХК-ийн үндсэн хөрөнгө юм. Осол болоход “М И” ХК-ийн эзэмшил, ашиглалтад байсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон. Гагцхүү “Х С” ХХК, “М И” ХК-тай байгуулсан гэрээний дагуу тухайн 400-н шугамнаас 150-н шугамаар салаалж уур авч ашигладаг тухай гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдсан. “М И” ХК-ийн шугамыг ашигласныхаа төлбөрт сар бүр 400.000 төгрөг төлдөг талаарх санхүүгийн баримтуудаа өгсөн. Хоёр компанийн хооронд байгуулагдсан гэрээгээр тухайн уурын шугамын засвар үйлчилгээ хэвийн байдал аюулгүй ажиллагааг “М И” ХК хариуцна гэж тодорхой заасан. Анхан шатны шүүх ослын шалтгааныг зөв тогтоож чадсан гэж үзэж байна. Осол нь хүний буруутай үйл ажиллагаанаас болсон. Түүнээс биш тухайн шугамын хэвийн байдал, ажиллагаа, хуучирсан нь осол болоход нөлөөлсөн гэж шүүх үзээгүй. “М И” ХК-ийн өмчлөлийн 400-н шугамын крантыг гэнэт нээснээс болж усан цохио үүссэн гэж үзсэн. “Х С” ХХК-ийн эзэмшилд байдаг 150-н хаалт огт хөндөгдөөгүй байсан. Энэ нь шинжээчийн дүгнэлт, осол бүртгэсэн акт, хэргийн газарт хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдсон. Талийгаач Түвшинтөр ажилладаг байгууллагын крант дээр очиж чадаагүй. 45 метрийн зайд ууранд цохигдож нас барсан байдалтай олдсон. 400-н шугам дээр байх “М И” ХК-ийн өмчлөлийн крант нээгдсэнээс болж усан цохио болсон болох нь шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүхээс Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-т заасан заагийн асуудал энэ хэрэг дээр яригдахгүй гэж үзсэн. Энэ тохиолдолд хэрэглэгч хариуцана гэсэн асуудал хөндөгдөхгүй. Учир нь тухайн осол хэрэглэгчийн буруутай үйлдэл эсхүл тухайн шугам сүлжээний аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүйн улмаас болоогүй. Харин хүний буруутай үйлдлээс болсон гэж үзсэн. Осол болох үед “Х С” ХХК-ийн ажилтан талийгаач Т, “М И” ХК-ийн талаас Ү.Т нар байсан. Энэ нь гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдож тогтоогдсон. Н.Ө-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Задарсан шугамыг 2000 онд “М И” ХК-ийн 400-н шугамыг 150 болгож нарийсгасан. Энэ нь үйлдвэрийн ослын актад тусгагдсан. 400-н шугамыг дур мэдэж 150 болгон нарийсгаж татсан нь уурын задрал үүсэх шалтгаан болсон талаар дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн үед намайг сантехникийн инженер байсан гэж хэлдэг. Сантехникийн инженерийн албанд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт хэрэгт байгаа гэдэг. Хэргийн материалтай танилцахад тушаал нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гарсан бөгөөд уг тушаалыг компаниудын сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох зорилгоор гаргасан. Намайг ажилд ороход ажлын байрны тодорхойлолт байгаагүй. Би 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөрт сантехникийн засварчнаар ажилд орсон. А-Э гэх нарийн бичиг байсан. Тэгээд захирал Г.Б баталсан. Надад танилцуулсан баримт огт байхгүй. Гарын үсэг зурсан зүйл байхгүй. Хөдөлмөрийн гэрээ байгаа гэж прокурор хэлдэг. 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ байгаа. Би тэр үед л сантехникийн инженер болсон. Осол нь 2018 оны 07 дугаар сард болсон. Би осол гарсан үед инженерээр ажиллаж байгаагүй. Би тухайн үед ээлжийн амралттай байсан. Миний инженер биш байсан гэдгийг нотолж н.Дашдондов гэх хүн мэдүүлэг өгсөн. Захирал Г.Б ч энэ талаар мэдүүлсэн. Заагийн схем яригдаж байна. Гэрч Б-Ө-д 2019 оны заагийн үзүүлээд мэдүүлэг авсан. Уул нь осол 2018 онд болсон болохоор түүнээс өмнөх заагийн зураг гэрээг үзүүлэх ёстой байсан. Мөн Ү.Т нь тухайн нээлтийг нээх эрхгүй. Бид нар зөвхөн “М И” ХК-ийн хариуцсан шугам дээр засвар үйлчилгээ хийдэг байсан. Дэлбэрсэн шугам нь “Х С” ХХК-д харьяалагдаж байсан. Элэгдлээс болоод дэлбэрсэн гэж байна. Гэтэл одоог хүртэл тухайн шугамаа ашиглаж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Э-н өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Энэ осол 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гарсан. Сая миний үйлчлүүлэгч тухайн үед сантехникийн засварчин байсан талаар мэдүүлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа этгээдийг хэлнэ.”, мөн хуулийн 24.1-т “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулна” гэж, 24.3-т “хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардахыг хориглоно” гэж заасан. Хавтас хэрэгт Г.Э-тэй сантехникийн дулааны инженерээр ажиллах хөдөлмөрийн гэрээ байхгүй. Нөхөж 2021 онд хийсэн гэрээг прокурор сая хэлж байна. Энэхүү осол 2018 онд гарсан. Ийм учраас ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй. ... Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас ажилтан ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг шаардах эрхгүй. Осол гарсан өдөр Г.Э нь ээлжийн амралтаа эдэлж байсан. ... Хэрэгт 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Н-г сантехникийн инженерээр ажилд томилсон тушаал болон хөдөлмөрийн гэрээ авагдсан. Н гэх хүн тухайн үед тэтгэвэрт гараад буцаад ажилд томилогдсон байдаг. ... Осол элэгдэл, хорогдлоос болж гараагүй. Тухайн шугамд хөрсөн байсан усыг түрүүлж авалгүйгээр хаалтыг нээсэн учраас усан цохио үүссэн гэдэг дээр талууд маргадаггүй. Элэгдэл, хорогдлоос болж осол болсон гэх нэг ч шинжээчийн дүгнэлт байхгүй. Миний үйлчлүүлэгч сантехникийн дулааны инженерээр ажиллаж байхад захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас энэ гэмт хэрэг гараагүй. Гэрч Б-Ө нь ТЭЦ-4 хэрэглэгч хариуцсан хяналт судалгааны инженер байсан. Хэргийн газрын үзлэгт очихдоо 2019 оны заагийн зургийг авч очсон байдаг. Үүнийг бүрэлдэхүүнтэй шинжээч нар үнэлсэн. Гэрч Б-Ө нь “Би 2019 оны заагийн зургийг харсан. 2009 оны заагийн зургийг харах юм бол “Х С” ХХК-ийн хариуцах зааг байна” гэж мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон гэрчийн мэдүүлэг үгүйсгэгдэж эхэлдэг. Ийм учраас миний үйлчлүүлэгчийн үйлдэл оролцоо байхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж, 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж, 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үндэслээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд ямар тохиолдолд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх талаар нарийвчлан зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй тохиолдолд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл үүсдэг.
Прокуророос Г.Б, Н.Ө, Г.Э, Ү.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Г.Б, Г.Э, Н.Ө нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж, шүүгдэгч Ү.Т-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 4 дүгээр зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүх ийнхүү шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүх зөвхөн Ү.Т-н үйлдэл, эс үйлдэхүйд дүгнэлт хийсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьект гэж үзсэн Г.Б, Н.Ө, Г.Э нарын үйлдэл, эс үйлдэхүйд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байхаас гадна тухайн гэмт хэргийг яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ тусгалгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Тухайлбал, Ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ... үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасан үндсэн чиг үүргийн хүрээнд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т тус тус нэрлэн заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхээр байна.
Түүнчлэн, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага, хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, шаардлагатай дүрэм, журам, төсөв, зардлыг батлах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг сахиулах үүрэг бүхий мэргэшсэн ажилтныг томилж, удирдан зохион байгуулах зэрэг болно.
Ажил олгогч нь өөрийн байгууллагын онцлог, эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэшсэн бүтэц, ажилтныг томилж ажиллуулснаар ажлын байранд гарч болзошгүй, энэ хэргийн үйл баримттай адил эрсдэл бүхий хүчин зүйлийг илрүүлэх, арилгуулахтай холбоотой үүрэг нь тухайн нэгж, ажилтанд мөн үүснэ.
Харин хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан томилоогүй, мэргэжлийн бус хүн ажиллуулсан, эсхүл энэ чиглэлийн ажилтныг ажил, үүргээ хэвийн явуулахад шаардлагатай нөхцөл, боломжоор хангаагүй зэргээр хайнга, хариуцлагагүй хандсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт ... хүлээсэн үүргээ биелүүлээгүй ...” гэж үзэх үндэслэл болох бөгөөд шүүгдэгч Г.Б, Н.Ө, Г.Э нар нь дээрх хуульд заасан чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйд хэрэгт авагдсан шинжээч нарын дүгнэлтүүд, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг харьцуулан шинжилж үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсний эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох талаар прокурор Н.Ундрахын бичсэн эсэргүүцлийн үндэслэлийг агуулгын хувьд хүлээн авч, шүүгдэгч Ү.Т-н өмгөөлөгч Д.Дарханбаатарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Г.Б, Н.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээ, яллагдагч Ү.Т, Г.Э нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/1379 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Г.Б, Н.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээ, шүүгдэгч Ү.Т, Г.Э нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ М.АЛДАР