2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2025/10264

 

2025               12                01                                              192/ШШ2025/10264                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, **-р хороо, ** байрлах С газар /РД:9*****/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн **-р хороо, **  байрлах Б ХХК /РД:6********/-д холбогдох,

 

334,593,335.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Н.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл нар оролцов.   

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Б ХХК нь С газарт 2023 оны 3-р сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгууллагаар бүртгүүлсэн. Тус газарт нийгмийн даатгалын шимтгэл төлөгч Б ХХК-н холбогдох албан тушаалтануудтай удаа дараа холбогдож нийгмийн даатгалын шимтгэлээ төлж барагдуулах талаар сануулан, холбогдох арга хэмжээг авсан боловч одоог хүртэл шимтгэлийн өрийг төлөлгүй Хөдөлмөрийн тухай хууль-ийн 43 дугаар зүйл Ажил олгогчийн үндсэн эрх, үүрэг 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дах хэсэгт орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх, зэрэг заалтуудыг тус тус зөрчин 2024 оны 7-р сараас хойш нийгмийн даатгалын шимтгэлийг төлөлгүй 2025 оны 04 сарын байдлаар нийгмийн даатгалын шимтгэл 239,739,194.29 төгрөгийн өр үүсгээд байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дах хэсэгт төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байдаг. Дээрх заалтын дагуу төлөөгүй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 94,854,140.83 төгрөгийн алдангийг тооцон ногдуулаад байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр (шимтгэл, алданги) буюу нийт 334,593,335.12 төгрөгийг хуулийн дагуу гаргуулан шийдвэрлэж өгнө үү”гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Хариуцагч нь 2023 оны 03 дугаар сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөгч болсон байдаг. 2023-07 дугаар сараас хойш огт төлөлт хийгээгүй. Тодруулбал 239,739,194 төгрөгийн өр үүссэн, алдангид 94,854,140 төгрөг нэхэмжилж байгаа юм “ гэв.

 

2. Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэлийн хувийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

  3. Нэхэмжлэгч талаас, алданги тооцсон хүснэгт, Б ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2025 оны 4 сарын тайлан, 2025.03.10-ны өдрийн 32 дугаартай нийгмийн даатгалын шимтгэлийн өр барагдуулах гэрээ, Улсын байцаагчийн 2024.09.13-ны өдрийн 45 дугаартай нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэх тухай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.У, Н.М нарт олгосон итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн. 

 

  4. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:” ...2024 оны 7-р сараас хойш нийгмийн даатгалын шимтгэлийг төлөлгүй 2025 оны 04 сарын байдлаар нийгмийн даатгалын шимтгэл 239,739,194.29 төгрөгийн өр үүсгээд байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дах хэсэгт уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Дээрх заалтын дагуу төлөөгүй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 94,854,140.83 төгрөгийн алдангийг тооцон ногдуулаад байна...” гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нь 2025-11-06 ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй байхаас гадна шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Б ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байх бөгөөд хэрэгт 2024-09-13 ний өдрийн 75 дугаартай Улсын байцаагчийн шаардлага авагдсан байх ба  тус шаардлагад “...нийгмийн даатгалын шимтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд төлөлгүй 6 сараар хугацаа хоцрон 190,321,865 төгрөгний шимтгэлийн өр үүссэн байна...2024-03 дугаар сараас 2024-08-31 ний өдрийг хүртэлх уг төлбөрийг 2024-10-11 ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна уу ...” гэжээ.

2025 оны 03 дугаар сарын 10-ний өдөр 32 дугаартай Нийгмийн даатгалын шимтгэлийн өр барагдуулах гэрээг талууд байгуулсан байх ба тус гэрээний 2.2.2 дах хэсэгт “Шимтгэлийн өр 265,558,646 төгрөгийг энэхүү гэрээний хавсралтад заасан хугацаанд, гэрээ байгуулснаас хойших хугацааны шимтгэлийн тухайн сардаа багтаан төлөх ...” талаар зааж, 2025 оны 03 дугаар сараас 2025 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах хугацаа хэмжээг тохиролцжээ. Тодруулбал 2025 оны 03 дугаар сард 35,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сард 35,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 48,558,646 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 49,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сард 49,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 49,000,000 төгрөгийг, нийт 265,558,646 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

Дээрх шимтгэлийн өр төлбөрөөс хариуцагч нь 17,308,715 төгрөгийг төлсөн байх энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарласнаас гадна хэргийн 3 дугаар талд алдангийг тооцоолсон хүснэгтэн мэдээлэлээс тогтоогдоно.

5. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.

Түүнчлэн Хариуцагч Б ХХК  нь 35  ажиллагсдын 2024 оны 07 дугаар сараас 2025 оны 04 дүгээр  сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд нийт 239,739,194 төгрөгийг төлөөгүй байх ба шүүх алдангийн хамт хангаж шийдвэрлэнэ.

Учир нь, 2023.07.07-ны өдөр батлагдаж, 2024.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Нийгмийн даатгалын ерөнхий  /Шинэчилсэн найруулга/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-д ажил олгогч орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж тус тус заажээ.

         Иймд Б ХХК-ийн 2024 оны 07 дугаар сараас 2025 оны 04 дүгээр  сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд нийт 239,739,194 төгрөгийг төгрөг, алданги 94,854,140 төгрөг, нийт 334,593,335 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С газарт олгох нь зүйтэй.

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар хариуцагч Б ХХК-иас 334,593,335 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С газарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,830,016 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  О.ЧУЛУУНЧИМЭГ