| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/10543/И |
| Дугаар | 192/ШШ2025/10317 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/10317
2025 12 01 192/ШШ2025/10317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, ** тоотод оршин суух Б ургийн овогтой Д-ийн Лн /РД:ТБ*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ** дугаар хороо, ** тоотод оршин суух Б ургийн овогтой Ч-ын Т /РД:ТБ********8/-д холбогдох,
3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж,
Хариуцагч Ч.Т,
Гэрч Б.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Л шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Д.Л миний бие 1943 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. Одоо 81 настай. Би нөхөр С.Ч-тайгаа ханилж суугаад 4 хүүхэд гаргасан. Том хүү Ч.Л 1964 онд, Ч.Т 1968 онд , Ч.О 1973 онд, Ч.Баярхүү 1976 онд төрсөн. Би залуу насандаа хүүхдүүдээ тэжээн тэтгэж амьдарч байсан ба хүүхдүүддээ чадлынхаа хирээр л тусалж дэмжиж байлаа. Амьдралын жамаар нөхөр С.Ч маань 2002 онд нас барсан, том хүү Ч.Л 2013 онд нас барсан. Бага хүү маань залуудаа алдаж шоронд ял эдэлж байгаад 2022 онд Ч.Б суллагдсан. Миний бие гэр бүлээрээ Монголын төмөр замын Дархан-Уул аймаг дахь өртөөнд ашиглалтын албанд ажиллаж байгаад Дархан-Уул аймагт 2 өрөө орон сууцаар 1974 онд шагнуулж байсан юм. Орон сууцандаа бид 1997 он хүртэл амьдарч байсан. 1997 онд манайхан гэр бүлээрээ Улаанбаатар хотод ирж амьдарч эхэлсэн. Амьдралын жамаар нөхөр болон том хүү маань өөд болсон. Энэ цаг үеэс би Ч.О, Ч.Т нарынхаар ээлжилж амьдарсан. Би том охин Ч.Т-ын гэрт 2025 оны 03 дугаар сарын дунд хүртэл амьдарсан. Сүүлд би том охин Ч.Т-аас хөөгдөж Ч.О-ын гэрт одоо амьдарч байна. Би Ч.О охиныдоо амьдарч байх хугацаанд Ч.Т нь огт дүү нартайгаа харьцахгүй, хөгшин намайг эргэж тойрохгүй намайг маш их гомдоож байна. Хөгшин надад ингэж удаан уурлаж шүүхийн шийдвэрийг огт биелүүлэхгүй гэр бүлийн хуульд зааснаар намайг асран хамгаалах үүргээ биелүүлэхгүй байгаад би хувьдаа гомдолтой байна. Харь элгийн хөндлөнгийн хүнээс ч дор Ч.Т намайг үзэж байна. Ч.Т дээд боловсролтой хүний шинжгүй маш бүдүүлэг хүн болжээ. Би 2025 оны 02 дугаар сарын 15-ний өдөр өөрийн охин Ч.Т-д 3 000 000 төгрөг бэлгэлсэн юм. Гэтэл миний охин намайг Ч.Т намайг гэрээсээ хөөсөн, мөн намайг шүүхээр надаас мөнгө гаргуулахаар 2025 оны 02 дугаар сарын 20-ний өдөр шийдвэр гаргуулсан, өмгөөлөгч, шүүхийг худалдаж авсан гэх мэтээр намайг элдвээр хэлж харааж загнаад хөгшин настай намайг бүдүүлгээр гэрээсээ хөөсөнд маш их гомдож байгаа тул өөрийн өгсөн 3000 000 төгрөгийг буцааж Ч.Т-аас гаргуулж надад олгож өгнө үү “гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л гуай 82 настайн билээ, 4 хүүхэдтэй. 1964,1968,1973,1986 онуудад хүүхдүүд нь төрсөн. 2022 онд нөхөр, том хүү нас барсан. Ингээд 2 охиныхоороо ээлжилж амьдардаг. Уг нь өөрөө байртай байсан ч зарсан. 2025-02-15 ний өдөр 3 хүүхэддээ бүгдэд нь 3,0 сая төгрөг бэлэг болгож өгсөн, гэтэл хариуцагч нь 2025-02-20 ний өдөр гэрээсээ хөөсөн одоо О-даа амьдарч байна. Бэлэглэгчийг гомдоосон учраас мөнгөө авмаар байна” гэв.
2. Хариуцагч Ч.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Ч овогтой Т миний ээж болох Д овогтой Л нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр миний хаан банк дансанд 3,000,000 төгрөг шилжүүлсэн үнэн. Би мөнгө төгрөг байхгүй гэж ер хэлээгүй. Юу болов гэсэн чинь миний гэр бүлийн хүнээс бүх хүүхдүүдээ цагаан сарын бэлэг гэж хэлээд данс авсан байсан. Яагаад данс өгсөн бэ гэж нөхөртөө хэлсэн дараа нь хэл ам болон шүү гэж тухай үед хэлж байсан. Миний ээж төрсөн дүү болох Т-гаа мөнгө зээлдүүлсэн тэрнээс болоод муудсан тийм болохоор би гадарлаж янз бүрийн ааш гарах байх гэж сэргийлж мөнгө хэрэггүй аваарай гэж өөрт хэлж байсан. Мөнгө төгрөг хүнд өгөөд хүүхэд болон дүү нартайгаа муудалцаж байгаа нэг биш удаа энэ талаар төрсөн дүү Т нь ирж бидэнтэй уулзаж байсан. Миний ээжийг ямар амьдрал туулсан талаар үнэн бодит түүхийг энэ хүн хэлэх байхаа. Мөнгө санхүүгийн талаар миний гэр бүл тийм тутмыг биш хэвийн би төрсөн дүү нартай дэмжлэг үзүүлж амьдарч ирсэн. 2017-2023 он хүртэл миний төрсөн дүү Ч овогтой Б нь миний гэрт амьдарч байсан. Одоо тусдаа амьдарч байгаа. Миний гэр бүлийнхэн, дүү нарт энэ хугацаанд дандаа дэмжлэг үзүүлж байсан. Бага дүү ч хувийн бизнес хийхэд 2023 онд миний гэр бүлээс 80,000,000 төгрөг хүүгүй зээлдүүлсэн, одоо 60,000,000 авлага байгаа. Ээжийн нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг дүү маань төлнө гэсэн “гэжээ.
Хариуцагч Ч.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ 2002 онд энэ хэд хотод орж ирсэн, ирэхэд нь 1,5 саяар хашаа байшин аваад амьдруулж байлаа. Миний ханийн хувьд манай гэрийнхэн гомдох эрхгүй, бүх зүйлээрээ тусалж дэмждэг. Хашаа дахиад авч өгөхөд зарсан, дарханы байраа ч зарсан, манайд тэгээд бөөнөөрөө л байж байдаг байсан, надад гомдох юмгүй. Манай эрэгтэй дүү хүн амины хэрэгт холбогдоод 2017 онд гарч ирсэн, манайд амьдарч л байсан. 2023 онд дүүдээ хэдэн төгрөг өгсөн, тэр мөнгөнөөсөө энэ 3,0 саяыг нь ээжид өгчих гээд хэлсэн 3 сарын дараа бараг болчих байхаа, гэхдээ тайлбарлахад надаас биш нөхрөөс данс аваад хийчихсэн байсан, би анх хэлж л байсан ээж хэцүү хүндээ асуудал болноо гэж. Үнэндээ ээж бол хэцүү хүн, 5 нөхөр сольсон, би аавынхаа нэрийг энд ингээд дуудуулж байгаадаа хэцүү юм. Хүүхэдтэйгээ шүүхдэлцлээ гээд би ээжийг загнаад анх удаа л гэрээсээ хөөсөн асуудал. Гэхдээ хөөсөн гэхээс илүү О-руу явах гэж байсан , хүүхдүүдээ тэжээн тэтгэсэнгүй гээд шүүхэд өгөхөөр нь л нэг гэрт байжийж ингэлээ гээд л тийм юм болсон, би мөнгийг бол өгөхгүй гээгүй ээ угаасаа би анхнаасаа авмааргүй байсан “ гэв.
3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.09.23-ны өдрийн 197/ШЗ2025/56630 дугаартай захирамж, дансны хуулга, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.
4. Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Би том охин Ч.Т-ын гэрт 2025 оны 03 дугаар сарын дунд хүртэл амьдарсан. Сүүлд би том охин Ч.Т-аас хөөгдөж Ч.О-ын гэрт одоо амьдарч байна. ...Гэтэл миний охин Ч.Т намайг гэрээсээ хөөсөнд маш их гомдож байгаа тул өөрийн өгсөн 3 000 000 төгрөгийг буцааж авна ...” гэв.
3. Хариуцагч Ч.Т нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, мөнгийг буцаан өгнө гэдэг.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Б овогт Д-ийн Л нь 1943 онд төрсөн эмэгтэй байх ба хариуцагч Ч-ын Т-ын төрсөн эх болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдоно.
Улмаар 2025-02-15 ний өдөр Л-ээс цагаан сар гэдэг утгатайгаар хариуцагчийн Хаан банкны 5******8 тоот данс руу 3,000,000 төгрөг шилжин орсон байна.
Нэхэмжлэгчийн хувьд охин Ч.Т-ын гэрт амьдарч байгаад 2025-02-20 ний өдрөөс хойш охин Ч.О-ын гэрт амьдарч байна. Талууд урьд шүүхээр ээжийгээ хүүхдүүд нь тэжээн тэтгэхээр шийдвэрлэсэн нөхцөл байдлаас болж, үл ойлголцсон нь эх Д.Л-г гэрээсээ/ Ч.Т-аас/ явахад хүргэсэн байх ба одоо талууд биет биедээ гомдсон байдалтай гэж тайлбарлана.
5. Талууд бэлэглэлийн гэрээний зүйл буюу 3,000,000 төгрөгийг бэлэг хүлээн авагчийн өмчлөлд шилжүүлсэн байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ”, 276.2-т “Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д “Бэлэглэгч, түүний өвлөгч дараахь тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй: 280.1.1.бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж заасан.
Хариуцагч Ч.Т нь 2025 оны 02 сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Д.Л-г гэрээсээ хөөснөөс хойш 2025-10-15 ний өдөр тус шүүхэд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байх ба энэ нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т “Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй” гэж заасан хугацааг хэтрүүлээгүй байх тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахыг шаардах эрхтэй юм. Төрсөн ээжийгээ охин нь асрамжлах үүрэгтэй атал гэрээсээ яв гэж шаардсан нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл байх тул талуудын хооронд байгуулсан 2025 оны 02 сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлтэй.
Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.2-т “Бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчид, эсхүл түүний өвлөгчид буцаан олгоно” гэж зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож байх тул хариуцагч Ч.Т-аас 3,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Л-д олгохоо шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2 дэх хэсэгт зааснаар Д.Л, Ч.Т нарын хооронд байгуулагдсан 2025-02-15-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, хариуцагч Ч.Т-аас 3,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Л-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ