Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 135

 

                       

                                                                                                 

 

               

 

 

 

 

2018 оны 07 сарын 27-ны өдөр                                     2018/ШЦТ/135                                                     Өмнөговь аймаг

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

            Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

Улсын яллагч: Л.Солонго,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Л.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Оюунгэрэл,

Шүүгдэгч: О.Ч - нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн О.Ч -д холбогдох 1828000970099 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч О.Ч - нь 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн орчимд Өмнөговь аймаг, ******* сумын төвөөс 3 дахь километрт ******* ӨМА улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дүгээр зүйлд заасан гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Х.Ан жолоодож явсан улсын дугааргүй Ява маркийн мотоциклийг мөргөж иргэн Х.Ан эрүүл мэндэд хүнд, 17 настай Б.А-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч О.Ч -ийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Ч - шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 05 сарын 16-ны өдөр сургалтын төвөөс *******г үзүүлэх гээд яарч явж байхдаа ийм асуудалд орсон юм. Зам тавьж өгөхгүй чигээрээ гарсан. Зүүн талаараа дараад надруу ороод ирсэн. Эхлээд эмэгтэйг суулгаад, эрэгтэйг асуусан чинь хөл өвдөөд байна гэсэн. Тэгээд эмнэлэгт хүргэсэн. Хоорондоо гэрээ байгуулсан байгаа. Эмчилгээний зардал 15 сая төгрөг болно гэсэн. Нэг дор бөөн мөнгө өгөх боломжгүй учраас 5 жилийн хугацаанд Х.А-д сар бүр бэлнээр хэрэглээний 100.000 төгрөг, 5 жилийн дараах эмчилгээнд сар бүр 100.000 төгрөг хадгаламж нээгээд түүнд хийж байхаар тохиролцсон. Х.А надаас мотоциклио асуугаад байхаар нь “ах нь шинэ мотоцикль авч өгнө” гэж хэлсэн байсан учраас Л.Б гуайд шинэ мотоциклийн мөнгө 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Б.А-д 2.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн. Б.А-г адилхан бэртэл авсан гэж бодож 5 жилийн хугацаанд сар бүр 100.000 төгрөг өгч байхаар тохиролцож гэрээ байгуулсан.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хоорондоо гэрээ байгуулсан. Миний хүүгийн эмчилгээний төлбөр 15 сая гэсэн. 5 жилийн дараа үе солиулах хагалгаанд орно. Одоо нэхэмжилж байгаа хохирол байхгүй. Сар болгон бэлнээр 100.000 төгрөг, дансанд хадгаламжаар 100.000 төгрөг 5 жилийн хугацаанд өгнө гэж тохирсон. Тэрнээсээ 100.000 төгрөг өгсөн. Эмчилгээний төлбөрт 1.680.000 төгрөг өгсөн. Мотоциклийн хохиролд 2.000.000 төгрөг өгсөн. Би өөрийн данснаас 1.500.000 төгрөг нэмээд 3.500.000 төгрөгөөр машин авсан. Манай бэр Б.А одоо биеийн байдал гайгүй байгаа. Нуруугаар нь өвддөг. Хүү маань 5 жилийн дараа үе солиулах хагалгаанд орно. Сар бүр хийх 100.000 төгрөгийг хуримтлуулж байгаад эмчилгээнд зарцуулна. Сар бүр бэлнээр авч байгаа мөнгийг сувилалд, физик эмчилгээнд явахад зарцуулна. Жилд нэг удаа л сувилалд явах байх. Сувилал 10 хоног нь 300.000 төгрөг орчим төгрөг болох юм байна лээ. Дансанд 100.000 төгрөг байршуулж эмчилгээний зардалд зарцуулах нь хэвээрээ байгаад, нөгөө бэлнээр авч байгаа 100.000 төгрөг нь 3 жил төлөхөд болно гэж бодож байна.

 

         Хохирогч Х.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би хөдөө ганцаараа мал маллаж байсан юм. Би 2018 оны 5 сарын 15-ны орой аймагт гэртээ ирж хоноод маргааш өглөө нь хөдөө малруу явах болсон найз Б.Атай яриад хамт хөдөө явахаар болоод ******* хүрээд ирсэн тэгээд бид хоёр гэрээс өөрийн ява мотоциклиор гараад дэлгүүрээс юм аваад аймгийн зүүн талд байх клонк орж бензин аваад аймгаас зүүн тийш байдаг хөдөө гэрлүүгээ аймгаас засмал замаар гарсан юм. Аймгаас 3 км орчим газар явж байхад урдаас шороон замаар цагаан өнгийн машин ирж байсан тэр нэлээд хол явж байсан тэгээд нэг мэдэхэд тэр машин туслах замаас шууд орж ирээд мөргөсөн 'би мөргүүлээд газар хэвтэж байхад машинаас хүн бууж ирсэн, намайг зүгээр үү гээд эхлээд *******г машиндаа суулгаад дараа нь намайг машиндаа суулгаад аймгийн эмнэлэг рүү явсан юм. Эмнэлэгт ирэхэд өвчин намдаах болон халуун тариа хийсэн тэгээд надад дусал хийгээд хэвтэж байхад манай ээж мэдээд ирсэн тэгээд миний түнх болон хөлний зураг авсан байж байгаад түнх мултарсан байна гээд хагалгаанд орсон мөн зүүн хөлийн дунд хуруу тайрах хагалгаанд орсон юм. Тэгээд намайг гэмтлийн тасагт хэвтүүлсэн юм. Эмнэлэгт 3 хоног хэвтээд Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үе мөчний тасагт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Тэгсэн гэмтлийн эмнэлгээс намайг эмчилгээ байхгүй түнхний тогоо бяцарсан байна, эвлүүлэх хагалгаанд орох боломжгүй байна. 25 нас хүрээд үе солиулах хагалгаанд орохоос өөр арга алга гэж хэлсэн. Тэгээд эмнэлгээс гараад хотод 10 гаруй хоног байж байгаад аймагт гэртээ ирсэн юм /хх-ийн 26-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Б.А зам тээврийн осолд орж нурууны 3-р нугалам хугарсан зүүн хөл гэмтсэн толгой жаахан хавантай байсан юм. Мөн зүүн чих шуугиад юм дуулахдаа муу байна. Одоо биеийн байдал дунд зэрэг байна /хх-ийн 28-р хуудас/

 

Насанд хүрээгүй хохирогч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 05 дугаар сарын 16-ны өглөө би найз А-руу залгахад А хөдөө явах гэж байна гэхээр нь би хамт явья гээд хамт хөдөө явахаар болоод замаараа клонк орж бензин аваад цаашаа буюу аймгаас зүүн тийш гараад явж байхад урдаас цагаан өнгийн суудлын машин ирж байгаа харагдсан тэгээд бид хоёрыг явж байхад А хурдаа сааруулсан тэр үед би хойшоо хараад явж байсан чинь гэнэт цагаан машины хамар харагдсан тэгээд нэг мэдэхэд би бетонон шонгийн хажууд хэвтэж байсан сэрээд харахад нэг ах нэг цэрэг хоёр зогсож байсан тэгээд тэр ах намайг зүгээр үү гэж асуугаад машиндаа өргөөд суулгасан дараа нь А -ыг машинд суулгасан, тэгээд эмнэлэгрүү ирсэн юм. Эмнэлэгт ирэхэд надад халуун тариа өвчин намдаах тариа зэргийг хийсэн мөн эход харуулсан юм. Тэгээд намайг гайгүй байна гээд эмнэлгээс гаргасан. А -ыг хот явах шаардлагатай байна гэж байсан, мөн хөлний хурууг нь тайрсан юм /хх-ийн 30-р хуудас/

 

Гэрч Д.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би зэвсэгт хүчний *******-р ангид хугацаат цэргийн албанд татагдаж очоод карентинд байсан юм. Тэгээд миний бие өвдөөд ангийн эмнэлэгт үзүүлэхээр *******-р ангийн хээрийн сургалтын төвөөс ахлагч Ч -ийн хамт ангируу явж байгаад засмал замруу орох үед мотоциклтой хүнтэй мөргөлдсөн юм. Тэгээд би ахлагчийн хамтаар буугаад очиход эрэгтэй, эмэгтэй хоёр хүн газар хэвтэж байсан ахлагч бид хоёр тэр хоёр хүнийг машинд суулгаад аймгийн эмнэлэгт хүргэж өгөөд намайг ангируу явуулсан юм /хх-ийн 35-р хуудас/

 

Гэрч Л.Б мөрдөн байцаалтын өгсөн мэдүүлэгтээ: Миний хүү Х.А Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг ******* гэдэг газарт мал маллаж амьдардаг юм. 2018 оны 05 дугаар сарын 15-ны орой хөдөөнөөс аймагт ирж гэртээ хоноод 2018 оны 05 дугаар сарын 16-ны өглөө буцаад хөдөө гэрлүүгээ явах гээд гэрээс гарсан юм. Гэрээс гарахдаа өөрийн ява мотоциклио унаад явсан юм. Би гэртээ байж байхад 15 цагийн үед эмнэлгээс хүн залгаад танай хүү зам тээврийн осолд орсон байна гэж хэлсний дагуу яваад эмнэлэг дээр очиход манай хүү ява мотоцикльтойгоо явж байгаад машинтай хүнд мөргүүлсэн гээд эмнэлэгт хэвтэж байсан юм. Тэгээд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд манай хүүгийн түнх мултарсан түнхний аяга хагарсан баруун хөлийн дунд хуруу бяцарсан байсан түүнийг нь тайрсан юм. Мөн тархинд гэмтэл авсан зүүн гарын бугуй хэсгээр цуурсан гэсэн онош гарсан учраас Улаанбаатар хот явах шийдвэр гараад 2018 оны 6 дугаар cap 19-ны өдөр Улаанбаатар хот явж Улаанбаатар хотын Гэмтэл Согог Судлалын төвийн яс үе мөчний тасагт 7 хоног хэвтэж эмчлүүлээд түнхний аяга хагарсан хагалгаа хийх боломжгүй гээд эмнэлгээс гаргасан юм. Тэгээд Улаанбаатар хотод 10 гаруй хоног хэвтэж байгаад хагалгаа хийж хөл дээр нь босгох боломжуудыг хайж байгаад миний хүүд хагалгаа хийх боломжгүй гэсэн хариуг удаа дараа сонсоод тэгээд гэртээ ирээд байж байгаа юм /хх-ийн 36-р хуудас/

 

Яллагдагч О.Ч - мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр би *******-р ангийн хээрийн сургалтын төвөөс байлдагч *******г ангийн эмнэлэгт үзүүлэх ажил гараад хээрийн сургалтын төвөөс *******-р анги руу явсан юм. Сургалтын төвөөс гараад аймгийн зүүн талд засмал замруу орох үед зүүн гар талаас ява мтотоцикльтой хүн зайтай ирж байгаа харагдсан тэгээд баруун талаа хараад машин байхгүй байхаар нь засмал замруу ороход нөгөө ява мотоцикльтой хүн миний зүүн талаас ороод ирэхээр нь би зам тавьж өгөх гээд засмал дээгүүр чигээрээ гарахад нөгөө мотоцикльтой хүн мөн зүүн гар тийш нь дараад мөргөлдсөн юм. Би тухайн үед машинаас буухад эмэгтэй эрэгтэй хоёр залуу зэрэгцээд хэвтэж байсан эрэгтэйг нь яаж байна гэж асуухад баруун хөл хөдлөхгүй өвдөөд байна . Гэж хэлсэн эмэгтэйгээс нь асуухад нуруу өвдөж байна гэж хэлсэн тэгээд би эмэгтэй хүүхдийг нь машинд суулгаад дараа нь эрэгтэй хүүхдийг нь суулгаад аймгийн эмнэлэгт ирж үзүүлсэн юм. Эмнэлэгт ирж үзүүлэхэд эмэгтэйг гайгүй байна эрэгтэй хүүхдийн түнх мултарсан байж магадгүй гэж байсан юм /хх-ийн 61-62-р хуудас/

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 сарын 08-ны өдрийн №322 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Х.А биед баруун сүүжний тогооны хугарал, баруун хөлийн 3-р хурууны тасрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна /хх-ийн 38-р хуудас/

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 сарын 18-ны өдрийн №321 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Б *******гийн биед бүсэлхийн 3-р нугалмын хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх-ийн 41-р хуудас/

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 06 сарын 10-ны өдрийн 20 дугаартай дүгнэлтэнд: Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Гол зам” уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттай нь буюу энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 3.1, 3.3.а, б, в, 5.1 тэмдэг бүхий замыг хэлнэ гэж тодорхойлсон. Тоёота кроун маркийн ******* өма улсын дугаартай автомашины жолооч О.Ч нь шороон замаас хучилттай зам руу нийлэхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх хэсэгт заасан “...Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Улсын дугаартай мустанг маркийн мотоциклын жолооч Халхбаатар овогтой А нь мөн дүрмийн 2.1.а-д заасан “...Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна...” гэсэн заалтыг зөрчсөн байна. О.Ч - Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх заалтыг зөрчсөний улмаас осол гарсан. О.Ч - Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх заалтыг зөрчин гол замаар чигээрээ явсан тээврийн хэрэгслийн урдуур орсон нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна /хх-ийн 44-р хуудас/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-15 дугаар хуудас/

Хохирогч Б.А-гийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 85-89-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Ч - нь 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумын төвөөс 3 дахь километрт ******* ӨМА улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дүгээр зүйлд заасан заасан гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган, иргэн Х.А-н жолоодож явсан улсын дугааргүй Ява маркийн мотоциклийг мөргөж иргэн Х.А-н биед баруун сүүжний тогооны хугарал, баруун хөлийн 3-р хурууны тасрал  бүхий хүнд гэмтэл, 17 настай Б.А-гийн биед бүсэлхийн 3-р нугалмын хугарал бүхий хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Ан эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 сарын 08-ны өдрийн №322 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Х.А биед баруун сүүжний тогооны хугарал, баруун хөлийн 3-р хурууны тасрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэснээр, хохирогч Б.А-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 сарын 18-ны өдрийн №321 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Б.А-гийн биед бүсэлхийн 3-р нугалмын хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх-ийн 38, 41-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас Dayun маркийн мотоциклийн хохиролд нийт 278.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний дүгнэлтийн хавсралтад: Dayun маркийн мотоциклийн хохирлын үнэлгээ нийт 278.000 төгрөг /хх-ийн 49-р хуудас/ гэснээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч мотоциклийг 2.000.000 төгрөгөөр үнэлж, хохирогчид 2000.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.  

 

Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт хохирогч Х.А-д эмчилгээний зардал 1.680.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.А-н эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан ба шүүгдэгч, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон өдөр тутмын зардал, эмчилгээ сувилгаанд зориулан 5 жилийн хугацаанд сар бүр бэлэн 100.000 төгрөг, дансанд 100.000 төгрөг байршуулахаар харилцан тохиролцож, бичгээр гэрээ байгуулан улмаар нотариатаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх эрхтэй бөгөөд хохирогч нарын зүгээс эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал, төлбөрийн баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд гаргаж өгөөгүй, мөрдөгч  гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийг тогтоох талаар ажиллагаа хийгээгүй орхигдуулсны улмаас  хохирогч, шүүгдэгч нар өөрсдөө хор уршгийн хэмжээг дээрх байдлаар тогтоожээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй хэдий ч хохирогч Х.А-н эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байдлыг харгалзан шүүгдэгчийн эмчилгээний зардалд зориулан сар бүр 100.000 төгрөгийг түүний нэр дээрх дансанд байршуулах хэлцлийг хэвээр үлдээж, сар бүр бэлэн 100.000 төгрөг өгч байх хэлцлийг хууль бус гэж үзэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, хохирогч Х.А-н эрүүл мэндийн байдлыг харгалзан 3 жилийн турш, жил бүр эмчилгээ сувилгаа хийлгэх төлбөрийг төлөх нь зүйтэй гэж үзэн, шүүгдэгч О.Ч -д хариуцуулж шийдвэрлэв.

 

Хохирогч Б.А-гийн эрүүл мэндэд энэ гэмт хэргийн улмаас хүндэвтэр гэмтэл учирсан ба энэхүү гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...талаарх шинжээчийн дүгнэлт гарчээ. Хохирогч Б.А, шүүгдэгч О.Ч - нарын хооронд мөн дээрх байдлаар хэлцэл хийгдэж, 5 жилийн турш сар бүр 100.000 төгрөг хохирогчид төлж байхаар харилцан тохиролцсон хэдий ч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, улсын яллагч нарын зүгээс энэхүү хэлцэл хууль ёсны эсэхийг хянуулах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан байдлыг харгалзан шүүх энэхүү хэлцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, хохирогч Б.А-гийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь түүний хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүйн зэрэгцээ түүнд 2.000.000 төгрөгний эмчилгээний зардал төлсөн болох нь хохирогч, түүний төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа байдлыг харгалзан шүүгдэгчийг хохирогч Б.Ад цаашид төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

 

Хохирогч Б.А нь ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд эмчилгээтэй холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.    

 

  Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

 

 Иймд О.Ч -ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Х.Ан эрүүл мэндэд хүнд, хохирогч Б.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгчийн хувийн байдал, тухайлбал үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэмт хэргийн хор уршгийг санаачилгаараа төлсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасны дагуу шүүгдэгч О.Ч -ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, №9594140 дугаартай жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Ч - нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Б овгийн О.Ч-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Х.Ан эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Б.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч О.Ч -ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч -д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 5 сарын хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт шүүгдэгч О.Ч - нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч О.Ч - нь хохирогч Х.Ад 3.780.000 төгрөг, хохирогч Б.А-д 2.000.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, хохирогч Х.А-д 5 жилийн хугацаанд сар бүр 100.000 төгрөгийг түүний банкин дахь дансанд байршуулах замаар гэм хорын хохирол төлөх, 3 жилийн турш жилд нэг удаа сувилалд эмчлүүлэх зардлыг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хангаж, хохирогч Х.А-д 5 жилийн хугацаанд сар бүр 100.000 төгрөг бэлнээр төлөх нэхэмжлэл болон хохирогч Б.Ад сар бүр 100.000 төгрөг 5 жилийн хугацаанд төлөх нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь хохирогч Б.А-д төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №959410 дугаартай жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлэхийг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч О.Ч - нь цагдан хоригдсон хоноггүй,хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ч -д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Т.ДЭЛГЭРМАА