Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/15

 

 

 

  2025 оны  03 сарын  24                                               2025/ДШМ/15                                   

 

С.Н , С.Б , С.Ц ,

Г.Л  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

  Прокурор Д.Алимаа /цахимаар/,

  Иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Ж                                                 /цахимаар/,

  Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Гандөш,

  Шүүгдэгч С.Н ,

  Шүүгдэгч С.Б ,

  Шүүгдэгч С.Ц ,

  Шүүгдэгч Г.Л ,

  Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

           

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Гандөшийн гаргасан гомдлыг үндэслэн С.Н , С.Б , С.Ц , Г.Л  нарт холбогдох эрүүгийн 2427000790193 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, С.Н,

Монгол Улсын иргэн, С.Б,

Монгол Улсын иргэн, С.Ц,

Монгол Улсын иргэн, Г.Л

С.Н , С.Б , С.Ц , Г.Л нар 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Х  сумын .... багийн нутаг дэвсгэрт байрлах .... дэд станц дээр ажил гүйцэтгэх явцдаа Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж ажил гүйцэтгэсэн болгоомжгүй үйлдлийн улмаас тус байгууллагын монтёр ажилтай Р.А  хүчдэлд цохиулж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос: С.Н , С.Б , С.Ц, Г.Л нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд  шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Н , С.Б , С.Ц , Г.Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н , С.Б , С.Ц , Г.Л  нарын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар С.Б , С.Н , С.Ц , Г.Л  нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч С.Б , С.Н , С.Ц , Г.Л  нарт сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б , С.Н , С.Ц , Г.Л  нарт оногдуулсан мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч С.Б , С.Н , С.Ц , Г.Л  нарт оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч С.Б , С.Н , С.Ц , Г.Л , иргэний хариуцагч “ЭБЦТС” ТӨХК-аас хохиролд нийт 55,243,471 төгрөг хохирогч Р.А д төлсөн ба сэтгэцэд учирсан хор уршигт 5,280,000 төгрөг, хохирлын нотлох баримтын шаардлага хангасан баримтаар 11.480.216 төгрөгийн хохирол нийт 16.760.216 төгрөгийг төлсөнд тооцож. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар хохирогч Р.А ы Эрүүл мэндийн сангаас эмчилгээ үйлчилгээнд ашигласан төлбөрийг шүүгдэгч С.Б оос 2,719,014.6 төгрөг, С.Н аас 2,719,014.6 төгрөг, С.Ц гаас 2,719,014.6 төгрөг, Г.Л гээс 2,719,014.6 төгрөг, Э ТӨХК  2,719,014.6 төгрөг, нийт 13.595.073 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч иргэний хариуцагч нар илүү төлсөн хохирлын зөрүүг хохирогчоос гаргуулахгүй гэсэн тул шүүгдэгч нар, иргэний хариуцагч нарыг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4. 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б . С.Н , С.Ц , Г.Л  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 01 сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Н , С.Б , С.Ц , Г.Л  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно. Энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх ... гэж заажээ.

Манай зүгээс дээрх хуулийн заалтад заасан нөхцөл шаардлагуудыг шүүгдэгч нарын тухайд бүрэн хангасан гэж үзэж дээрх заалтыг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал дүгнэлтийг гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан. Гэвч анхан шатны шүүхээс хүлээж авалгүйгээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч нарт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

1. Шүүгдэгч нарын буруугаа хүлээж байгаа нөхцөл байдлын тухай

Шүүгдэгч нар анх 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Х  сумын .... багийн нутагт байрлах .... дэд станцад осол гарснаас хойш цагдаагийн байгууллагад өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр болсон үйл баримтыг дүрслэн хэлж агч, хэргийн газрын үзлэг хийлгэн, хохирогчид эмнэлгийн анхан  шатны тусламжийг үзүүлж, тэр даруйд нь эмнэлэгт аваачиж эмнэлгийн тусламж үзүүлсэн.

Мөн эрүүгийн хэрэг үүсэж, яллагдагчаар татах тогтоол гарсны дараа болон шүүхийн шатанд шилжсэний дараа ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн ар гэрийнхэн болон бусад хүмүүсээс уучлалт гуйж, гэмшиж, хохирогчийг эмнэлэгт эмчлэгдэж байх хугацаанд эмчилгээ үйлчилгээний зардлыг байгууллагын дарга удирдлагуудтайгаа ярилцаж, тухай бүр гаргуулах асуудлыг шийдвэрлүүлэхэд идэвхтэй оролцоцгоож байсан. Мөн үйлдсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж, хор уршиг үр дагаврыг арилгахын төлөө санаачилгатай, сэтгэл гарган хандаж байсан. Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны бүхий л үе шатанд өмгөөлөгчтэйгөө уулзахдаа хүртэл хохирогчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад өдөр бүр бие нь сайжраасай, хурдан эдгээсэй гэж идэвх санаачилга гаргаж байсан.

2. Хохирол төлбөр, хор уршгийг арилгасан тухайд

Шүүгдэгч С.Н , С.Б , С.Ц , Г.Л  нарын хувьд хохирогчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд эмчилгээний болон нөхөн сэргээх зардал, өвчтөн тээвэрлэх зардал, сахиурын зардал, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр, бусад зардалд нийт 55,243,471 төгрөгийн зардлыг байгууллагын дарга удирдлагуудтайгаа ярилцан гаргаж, хэрэг шийдэгдсэний дараа хувь тэнцүүлэн цалингаас бага багаар суутгуулан төлөх нөхцөлтэйгөөр тохиролцон гаргасан байдаг /хэргийн материалд энэ тухай байгууллагын албан бичгүүдийг хавсаргасан/ ба хохирогчид хохирлын мөнгийг шилжүүлсэн баримтуудыг хэрэгт хавсаргуулан өгсөн. Мөн хохирогчид цаашид ирээдүйд гарах эмчилгээний зардлыг тухай бүр гаргаж байхаа илэрхийлж мэдүүлэг, тайлбаруудыг өгсөн. Анхан шатны шүүх дээр гэм буруугийн шүүх хуралдаан болоход Эрүүл мэндийн даатгалын санд учирсан иргэний нэхэмжлэл болох 13,595,073 төгрөг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас төлөгдөж амжаагүй байсан ба хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж /хэд дахин илүү төлж/ бодит хохирлыг барагдуулсан байдаг.

Гэтэл анхан шатны шүүхээс эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг төлөөгүйг хохирол бүрэн төлөгдөөгүй гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн мэт харагдаж байна. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэснээс хойш буюу 2025 оны 02 сарын 05-ны өдөр иргэний хариуцагч Эрүүл мэндийн даатгалын сангийн нөхөн төлбөр 13,595,073 төгрөгийг иргэний нэхэмжлэгч байгууллагын .... тоот дансанд шилжүүлэн төлсөн. Өөрөөр хэлбэл энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх ямар нэгэн төлбөргүй болсон гэж үзэж болно.

3. Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал болон бусад нөхцөл байдлын тухайд

Шүүгдэгч С.Н , С.Б , С.Ц , Г.Л  нар нь “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй буюу яллагдагчаар татсан зүйл ангийг анхнаасаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтыг тодорхой дүрсэлж мэдүүлэг өгч, хэргийн газрын үзлэг, мэдүүлэг шалгах ажиллагааг шуурхай хийлгэж, мөрдөн байцаалтын шатанд таслан сэргийлэх арга хэмжээ зөрчихгүй байх болон хохирол төлөх асуудал бусад асуудалд санаачилгатай хандсан нь хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал хангалттай харагддаг.

Шүүгдэгч нарын хувьд тухайн байгууллагатаа мэргэжлээрээ 7-с дээш буюу бүгдээрээ олон жил ажилласан туршлагатай, анх удаа ийм алдаа гаргаж байгаа хүмүүс байдаг ба хувийн байдал ар гэрийн байдал, боловсрол ажлын туршлагын талаар хэрэгт нотлох баримтуудаар хангалттай хувийн байдлын баримтууд авагдсан байдгийг дурдах нь зүйтэй.

Мөн цаг агаарын, орчны янз бүрийн хүнд нөхцөлд 24 цагаар ажил үүрэг гүйцэтгэдэг, олон хоногоор хөдөө хээрээр засварын болон бусад ажлаар жилийн 4 улиралд явж ажилладаг ажлын онцлогтой зэрэг нөхцөл байдлууд харагддаг.

Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хассанаараа эдгээр инженер техникийн ажилчдын хувьд бусад мэргэжлээс онцлог шинж нь байгууллага дотроо өөр хийх ажил байхгүй бөгөөд үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан мэт нөхцөл байдал үүсэж байгааг давж заалдах шатны шүүх харгалзан үзээсэй гэж хүсэж байна.

Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нарын үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн ”, 1.4-т заасан “хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа болох нь гэрч, хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг бусад баримтуудаар бүрэн нотлогддог.

Үүнээс үзэхэд шүүгдэгч нарын хувьд хуулийн шаардлагад заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирол хор уршгийг нөхөн төлсөн байх, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэх нөхцөл байдлуудыг бүрэн хангаж байгаа гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх нөхцөл байдал зэргийг хянан үзэж Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж...” гэснийг, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас С.Н , С.Б , С.Ц , Г.Л  нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй... ” гэж, эсвэл “...2,700 нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй гэж, мөн тогтоолын 7 дахь заалт буюу хохирол төлбөр шийдвэрлэсэн заалтад “эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Р.А д эмчилгээ үйлчилгээ үзүүлсний төлбөр 13,595,073 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болохыг дурдсугай... ” гэж тус тус өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдлоо дэмжиж оролцож байна. Давж заалдах шатны шүүхэд 1 хуудас баримтыг гаргаж өгөв.  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Н , С.Б , С.Ц , Г.Л  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно. Энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ял оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохоор хуульчилсан. Дээрх хуулийн заалтад заасан нөхцөл шаардлагуудыг шүүгдэгч нарын хувьд бүрэн хангасан гэж үзэж дээрх заалтыг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан боловч анхан шатны шүүхээс хүлээж авалгүйгээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч нарт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Мөн шүүгдэгч нарын хувийн байдал болон хохирогчид дэмжлэг үзүүлсэн талаар давж заалдах гомдолдоо дурдсан. Шүүгдэгч нар нь анх 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Х  сумын .... багийн нутагт байрлах .... дэд станцад осол гарснаас хойш Цагдаагийн байгууллагад өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр болсон үйл баримтыг дүрслэн хэлж, хэргийн газрын үзлэг хийлгэх, хохирогчид эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлж, тэр даруйд нь эмнэлэгт аваачиж эмнэлгийн тусламж үзүүлж хүний амь насыг аварсан байдаг. Тухайн үед хохирогчийн гэр бүл хүүхдүүдээс нь Нямбаярт аавын минь амь насыг аварсанд баярлаж байна гэж мессеж явуулсан байдаг: Мөн хохирогч өөрөө нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ хэлсэн. Хохирол төлбөр хор уршгийн талаар хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. Анхан шатны шүүх хуралдааны дараа 13, 595,073 төгрөгийг төлсөн. Сая давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө 1,900,000 төгрөгийг хохирогчид шилжүүлсэн. Нийтдээ хохирогчид 70,344,000 төгрөгийг төлж барагдуулсан. Анхан шатны шүүх хохирогчоос гаргасан баримтыг хэрэгсэхгүй болгож тооцож дурдсан байгаа. Шүүхээс 16,769,216 төгрөгийг шийдвэрлэсэн. Үүнийг шүүх хуралдаан болохоос өмнө төлсөн байсан. Мөн хохирогчид 40,000,000 гаран төгрөгийг илүү төлсөн байгаа. Цаашдаа хохирогчид  санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал болон бусад нөхцөл байдлын тухайд шүүгдэгч С.Н , С.Б , С.Ц , Г.Л  нар нь цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй буюу яллагдагчаар татсан зүйл ангийг анхнаасаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтыг тодорхой дүрсэлж мэдүүлэг өгч, хэргийн газрын үзлэг, мэдүүлэг шалгах ажиллагааг шуурхай хийлгэж, мөрдөн байцаалтын шатанд таслан сэргийлэх арга хэмжээ зөрчихгүй байх болон хохирол төлөх асуудал бусад асуудалд санаачилгатай хандсан нь хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал хангалттай харагддаг. Шүүгдэгч нарын хувьд тухайн байгууллагад мэргэжлээрээ 7-с дээш буюу бүгдээрээ олон жил ажилласан туршлагатай, хувийн байдал, ар гэрийн байдал, боловсрол, ажлын туршлагын талаар хэрэгт нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нарын үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, 1.4-т заасан хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа болох нь гэрч, хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг бусад баримтуудаар бүрэн нотлогддог. Мөн шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн буруутай үйлдэл байна гэдэг нь тогтоогдсон.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх нөхцөл байдал зэргийг хянан үзэж Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас С.Н , С.Б , С.Ц , Г.Л  нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй гэж, мөн тогтоолын 7 дахь заалт буюу хохирол төлбөр шийдвэрлэсэн заалтад эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Р.А д эмчилгээ үйлчилгээ үзүүлсний төлбөр 13,595,073 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болохыг дурдсугай гэж тус тус өөрчлөлт оруулж өгнө үү.

Хэрвээ эмч, багш байсан бол өнөөдөр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн лицензийг нь хасаж өөр байдлаар ажлын байраар хангаад явдаг. Мөн цаг агаарын, орчны янз бүрийн хүнд нөхцөлд 24 цагаар ажил үүрэг гүйцэтгэдэг, олон хоногоор хөдөө хээрээр засварын болон бусад ажлаар жилийн 4 улиралд явж ажилладаг ажлын онцлогтой зэрэг нөхцөл байдлуудад ажилладаг хүмүүс байгаа. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хассанаараа эдгээр инженер техникийн ажилчдын хувьд бусад багш, эмч гэх мэргэжлээс онцлог шинж нь байгууллага дотроо өөр хийх ажил байхгүй бөгөөд үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан мэт нөхцөл байдал үүсэж байгааг давж заалдах шатны шүүх харгалзан үзээсэй гэж хүсэж гомдол гаргасан. Иймд шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээж байгаа хохирол хор уршиг барагдуулж байгаа болон бусад хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна гэв.

Прокурор Д.Алимаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу оролцож байна. Шүүгдэгч С.Н , С.Б , С.Ц , Г.Л  нарт анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх, нийгмийн аюулын хэр хэмжээ шинж чанар, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагын зорилго болон шударга ёсны зарчимд нийцүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн үндэслэлтэй.  Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч  Г.Гандөшийн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч С.Н  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжин оролцож байна гэв.

Шүүгдэгч С.Б  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжин оролцож байна гэв.

Шүүгдэгч С.Ц  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжин оролцож байна гэв.

Шүүгдэгч Г.Л  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжин оролцож байна гэв.

Иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Ж  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр тухайн осол болсон. Хариуцагч байгууллага болон шүүгдэгч нарын зүгээс хууль дүрэмд заасан үүргээ биелүүлж осол болсноос хойш хохирогчид сэтгэл санааны болон эд материалын тусламж дэмжлэгийг байнга үзүүлж ирсэн. Анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө нийт 55,243,471 төгрөг төлсөн. Мөн анхан шатны шүүх хуралдаанаас хойш 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 1,908,000 төгрөг, мөн эрүүл мэндийн даатгалын санд 13,595,073 төгрөгийг тус тус төлсөн. Хохирол төлбөрийн хувьд ямар ч байсан тухайн хүний мөнгийг төлөөд эрүүл мэндийн хувьд хагалгаанд орох янз бүрийн тусламжийг хүссэн үед нь төлбөрийг төлж байгаа. Үүнийг байгууллагаас төлөөд байгаа юм биш шүүгдэгч нарын цалингаас хуваарь гараад суутгаад явж байгаа. Цаашид хохирогчид мөнгө төгрөгийн шаардлага гарахад тухай бүрд нь төлбөрийг барагдуулаад явна гэсэн байр суурьтай байгаа гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Гандөшийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Гандөшөөс ... Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол, хор уршгийг арилгасан, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэснээс хойш Эрүүл мэндийн даатгалын сангийн нөхөн төлбөр болох 13,595,073 төгрөгийг төлж, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болсон.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч С.Н , С.Б , С.Ц , Г.Л нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эсвэл 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, мөн шийтгэх тогтоолын 7 дахь заалтад 13,595,073 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болохыг дурдан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад “Э” ТӨХК-ийн Хархорин салбарын инженер С.Н  нь 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Х  сумын .... багийн нутаг дэвсгэрт байрлах .... дэд станц дээр гүйцэтгэх ажпын удирдагчаар ажил гүйцэтгэх явцдаа нарядад заасан аюулгүй байдлыг хангах болон ажлын байр бэлтгэх арга хэмжээг бүрэн гүйцэтгэсэн эсэхийг нягтлаагүй буюу Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 85-д заасан “Ажлын удирдагч нь нарядад заасан аюулгүй байдлыг хангах бүх арга хэмжээний биелэлт, тэдгээрийн бүрэн хангалттай болсон эсэх, ажлыг аюулгүй гүйцэтгэх зохион байгуулалт болон ажил гүйцэтгэгчид тухайлсан зааварчилгаа өгөх, ажил гүйцэтгэгчээс бригадын гишүүдэд тухайлсан зааварчилгаа өгсөн эсэхийг тус тус хариуцна. гэснийг зөрчиж ажил гүйцэтгэсэн болгоомжгүй үйлдлийн улмаас,

“Э” ТӨХК-ийн Хархорин салбарын ээлжийн инженер С.Б  нь 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Х  сумын .... багийн нутаг дэвсгэрт байрлах .... дэд станц дээр гүйцэтгэх ажлын наряад олгогчоор ажиллах явцдаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах үүргийг биелүүлээгүй буюу Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 83-д заасан “наряд олгогч нь наряддаа тусгасан аюулгүй ажиллагааны арга хэмжээ нь бүрэн, үнэн зөв болсон, түүнчлэн бригадын бүрэлдэхүүний мэдлэг чадварын түвшин, ажилтны тоо, аюулгүй ажиллагаа хариуцагч нарыг томилсон байдал, тэдгээрийн аюулгүй ажиллагааны групп нь гүйцэтгэж байгаа ажилтайгаа тохирч байгаа эсэх, ажлын удирдагч, ажил гүйцэтгэгч, ажиглагч нарт тухайлсан зааварчилгаа өгөхийг хариуцна. гэснийг зөрчсөн болгоомжгүй үйлдлийн улмаас,

“Э” ТӨХК-ийн Хархорин салбарын Х  сумын шуурхай үйлчилгээний техникч ажилтай С.Ц  нь 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Х  сумын .... багийн нутаг дэвсгэрт байрлах .... кВ дэд станц дээр гүйцэтгэх ажлын байрыг бэлтгэх арга хэмжээг авч ажиллаагүй буюу Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 94-д заасан “ажилд оруулагч нь аюулгүй байдлыг хангахаар авсан арга хэмжээ нь наряд (шийдвэрт)-т заагдсан арга хэмжээтэй тохирч үнэн зөв ба хангалттай болсныг, мөн түүнчлэн ажлын удирдагч, ажил гүйцэтгэгч, ажиглагч нарт тухайлсан зааварчилгаа өгөхийг тус тус хариуцна. гэснийг зөрчсөний улмаас,

“Э” ТӨХК-ийн Хархорин салбарын ээлжийн диспетчер Г.Л  нь 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Х  сумын .... багийн нутаг дэвсгэрт байрлах .... дэд станц дээр гүйцэтгэх ажлын бэлтгэлийг хангуулаагүй буюу Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 90-д заасан “Зөвшөөрөл олгогч нь нарядад заасан аюулгүй байдлыг хангах арга хэмжээ нь бүрэн, үнэн зөв ба гүйцэтгэх ажлын онцлогт тохирсон эсэхэд хяналт тавих, ажлыг аюулгүй гүйцэтгэхийн тулд тоног төхөөрөмжид хийх таслалт, газардуулгын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх боломжтой ба тэдгээр нь хангалттай болох, мөн түүнчлэн ажилд оруулж байгаа бригадуудын ажлын хуваарилалт, хугацаа болон ажпын байр бэлтгэгч, ажилд оруулагчид тухайлсан зааварчилгаа өгөхийг тус тус хариуцна. гэснийг зөрчсөн үйлдлийн улмаас тус байгууллагын монтёр ажилтай Р.А ыг хүчдэлд цохиулж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь:

Хохирогч Р.А ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Э” ТӨХК-ийн Хархорин салбараас нарядаар реле хамгаалалтын автоматик туршилтын инженер С.Н, монтёр Б, А, Д, жолооч Д нар Х  хэсгийн дэд станцууд дээр засвар хийх гэж ирсэн. Би тухайн өдөр Х  сумын голын баруун талын станц дээр засвар хийж байсан чинь Хархорин салбараас ирсэн хүмүүсээс нэг нь .... кВ дэд станц дээр багаж түлхүүр аваад ир гээд дуудсан хэн дуудсан талаар сайн санахгүй байна. Би .... кВ дэд станц руу мотоциклтойгоо явж байсан талаараа санаж байгаа тэгээд юу болсон талаараа санахгүй байгаа. Эрдэнэт, Булган цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Хархорин салбарын Х  хэсгийн техникч С.Ц хариуцан ажилладаг. .... кВ дэд станц дээр тухайн өдөр ажиллах ёстой байсан талаар мэдэхгүй байна. Техникч С.Ц ажиллах ёстой гэж зааварчилгаа өгсөн тохиолдолд ажиллах ёстой. Х  суманд хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан байцаагч ирээгүй байхгүй байсан. Хархорин салбарт л байдаг. Эрдэнэт, Булган цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Хархорин салбарын Х  хэсгийн техникч Цэрэндаваа аюулгүй ажиллагааны зааварчилгаа надад болон манай нөгөө монтёр О бид хоёрт өгөх ёстой... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 24-28 дугаар хуудас/,

Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 10 цагийн үед Х  суманд ирээд Х  суманд ажилладаг Р.А, О, С.Ц нартай уулзаж Хархорин сумаас авч ирсэн төгсгөвч шахагч багажаа өгчхөөд, туршилтын багажаа буулгаад Р.А, С.Ц, С.Н, жолооч Д нарын хамт радио релений станц ... дэд станцын трансформатораас тосны тунадас авах дэд станцын газардуулгын эсэргүүцлийг хэмжих ажлаар явсан. ...Р.А, С.Ц нарыг авч явсан шалтгаан нь 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр болсон хүчтэй шуурганы улмаас гарсан гэмтлийг тодорхойлон Хархорин сум дахь салбар луу мэдэгдсэн. Буцаж Х  сумын 5 дугаар багт байрлах .... кВ-ын дэд станц дээр ирж тус тусын ажилдаа орсон. Амарсайхан ах, О хоёр эмнэлгийн станц дээр ажиллана гээд явсан. Д, А, Б.Д, С.Ц нар ... кВ дэд станцуудаас трансформатораас тосны тунадас авах, газардуулгын эсэргүүцлийг хэмжих ажлаар явсан. С.Н ах бид хоёр .... кВ-ын дэд станц дээр ажиллаж байхад Р.А ирээд гэртээ хариад хоол, ундаа идчихээд ирье буцаж ирээд болохгүй байгаа гэмтлүүдээ заагаад өгье гэж хэлээд явсан. С.Н ах бид хоёр удирдлагын блокийг сольчхоод байж байсан чинь Р.А ах руу С.Н ах гар утсаар залгаад та ирэхдээ 14,17,19-ийн түлхүүр багаж аваад ирээд .... кВ-ын сликагелийг солиход түлхүүрүүд хэрэг олоод байна гэж хэлсэн чинь Р.А ах удалгүй түлхүүр авч ирсэн. Би .... кВ трансформаторын дээр гарч хийн релений тэлэгч савны сликагелийн бортогыг тайлж байсан. Би бортогъг дөнгөж тайлаад трансформатор дээр зогсож байсан чинь миний харснаар трансформаторын гол хэсэгт улаан, ягаан өнгийн цахилгаан мэт зүйл гарч соронзон орны дуу чимээ, цахилгааны дуу чимээ гарсан чинь миний толгой эргээд гэнэт би газар ойчсон байсан. Намайг Нямбаяр ах дуудаад би эхлээд босож чадахгүй байсан. Хэсэг хэвтэж байгаад гайгүй болохоор нь боссон чинь миний баруун гар бадайрсан байсан. Би трансформаторыг тойроод тэр хоёрын байсан талд явааг очсон чинь Р.А ах газарт ойчсон С.Н ах цээжин дээр нь дараад анхны тусламж үзүүлж байсан.... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 36-39 дүгээр хуудас/,

Гэрч Р.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Нарядаар ажил гүйцэтгэхэд ХАБ-ийн ажилтан явдаггүй. Наряд гэдэг нь /ажил гүйцэтгэхэд шаардлагатай бичиг баримт/ наряд олгогч нь ажлын удирдагч ба ажил гүйцэтгэгчид тухайлсан зааварчилгаа өгнө... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...нийт 13,595,073 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байна гэх мэдүүлэг, лавлагаа, /1 дүгээр хавтас хэргийн 59-63 дугаар хуудас/,

Аюулгүй ажиллагааны нярад 19 ....... кВ-ын Х  дэд станцын РХ-ын тавил шалгах, ӨХЗС-ээр туршилт хийх, РХ-ын тохиргоо хийх, 10/0,4кВ-ын дэд станцуудын трансформатороос тосны тунадас авах ажлыг хийж гүйцэтгэхийг ажлын удирдагч, ажлын хариуцан гүйцэтгэгч С.Н , ажилд оруулагчаар С.Ц , наряд олгосон С.Б , ажлын байр бэлтгэх ба ажилд оруулах зөшөөрөл олгосон Г.Л ... /2 дугаар хавтаст хэргийн 17, 18 дугаар хуудас/

Шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ХАБ24/12 дугаартай дүгнэлтэд: ...6. “Э” ТӨХК-ийн Хархорин салбарын ээлжийн диспетчер Г.Л нь Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 89 /Ажил олгогчоос тусгайлан эрх олгосон ажлын байрны тодорхойлолтод нь шуурхай ажиллагааг зохицуулахаар заасан аюулгүй ажиллагааны V групптэй ажилтан зөвшөөрөл олгогч байна/-д заасан зөвшөөрөл олгогчийн үүргийг гүйцэтгэж байсан. Зөвшөөрөл олгогч буюу ээлжийн диспетчер 19 дугаартай нарядын дагуу .... кВ-ын дэд станцад ажлын байр бэлтгэх техникийн арга хэмжээг бүрэн авч хэрэгжүүлсэн эсэхийг нягтлаагүй үнэн зөв, тохирсон эсэхэд хяналт тавиагүй, хуурай салгуурыг таслах, залгах боломжгүй байхад зөвшөөрөл олгосон байгаа нь "Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм"-ийн 90-д “зөвшөөрөл олгогч нь нарядад заасан аюулгүй байдлыг хангах арга хэмжээ нь бүрэн, үнэн зөв ба гүйцэтгэх ажлын онцлогт тохирсон эсэхэд хяналт тавих, ажлыг аюулгүй гүйцэтгэхийн тулд тоног төхөөрөмжид хийх таслалт, газардуулгын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх боломжтой ба тэдгээр нь хангалттай болсон, мөн түүнчлэн ажилд оруулж байгаа бригадуудын ажлын хуваарилалт, хугацаа болон ажлын байр бэлтгэгч, ажилд оруулагчид тухайлсан зааварчилгаа өгөхийг тус тус хариуцна” дахь заалтыг зөрчсөн байна.

...8. Х  сумын шуурхай үйлчилгээний техникч С.Ц ... .... кВ-ын дэд станцад ажлын байр бэлтгэх техникийн арга хэмжээг дутуу авч хэрэгжүүлсэн, гүйдэл дамжуулах хэсэг хүчдэлгүй болсныг шалгаагүй, хуурай салгуурыг таслах боломжгүй нөхцөл байдалтай буюу тасархай болсон эсэхийг нүдэнд харагдахуйц байдлаар шалгах боломжгүй, аюулгүй ажил гүйцэтгэх эргэлзээтэй нөхцөл байдал бий болоход наряд олгогч, шийдвэр өгөгчид мэдэгдэж хариу арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байгаа нь "Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм"-ийн 94 /Ажилд оруулагч нь аюулгүй байдлыг хангахаар авсан арга хэмжээ нь наряд (шийдвэрт)-т заагдсан арга хэмжээтэй тохирч үнэн зөв ба хангалттай болсныг, мөн түүнчлэн ажлын удирдагч, ажил гүйцэтгэгч, ажиглагч нарт тухайлсан зааварчилгаа өгөхийг тус тус хариуцна/, 178 /Ажлын байр бэлтгэх талаар нарядад заагдсан арга хэмжээг өөрчлөхийг хориглоно/, 179 /Ажлын байр бэлтгэх явцад нарядад заасан арга хэмжээ нь хангалттай ба зөв болох, ажлыг аюулгүй гүйцэтгэх бололцоотой эсэхэд эргэлзээ төрвөл ажлын байр бэлтгэх ажиллагааг зогсоож, энэ тухай наряд олгогч, шийдвэр өгөгчид мэдэгдэнэ. Хэрэв дээрх эргэлзээ нь нотлогдвол аюулгүй ажиллагааг хангах техникийн арга хэмжээг бүрэн тусгасан шинэ наряд олготол ажлын байр бэлтгэх ажиллагааг зогсоох ёстой/, 230 /Хүчдэлийг нь таслан гүйцэтгэх ажлын байрыг бэлтгэх техникийн арга хэмжээг дараах дарааллын дагуу авна. Үүнд: 1. Шаардпагатай таслалтуудыг хийж, таслах залгах аппаратууд өөрөө залгагдах буюу тэдгээрийг андуурч залгахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, 2.Таслах, залгах аппаратын тасархай болсон эсэхийг нүдэнд харагдахуйц байдпаар нь шалгах, З.Таслах залгах аппаратын гар залуур ба алсын удирдпагын түлхүүр дээр хориглох плакат өлгөх, 4.Гүйдэл дамжуулах хэсэг хүчдэлгүй болсныг шалгах; б.Ажил гүйцэтгэх хэсэгт газардуулга тавьж (байнгын газардуулгыг залгах, зөөврийн газардуулга тавих г.м), сануулах плакат өлгөх, б.Шаардпагатай ажлын байр ба хүчдэлтэй үлдсэн гүйдэл дамжуулах хэсэгт хаалт, хашилт хийж, анхааруулах плакат өлгөх, 7.Ажил гүйцэтгэхээр бэлтгэсэн ажлын байранд зөвшөөрөх плакат өлгөх. Тухайн ажлын байрны онцлогийг нь харгалзан гүйдэл дамжуулах хэсэгт газардуулга тавихын өмнө эсвэл дараа нь хаалт, хашилт хийж болно/ дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна.

...11.Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах үүргийг наряад олгогч хариуцах бөгөөд энэ талаар Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 83-д заасан "Наряд олгогч нь наряддаа тусгасан аюулгүй ажиллагааны арга хэмжээ нь бүрэн, үнэн зөв болсон, түүнчлэн бригадын бүрэлдэхүүний мэдпэг чадварын түвшин, ажилтны тоо, аюулгүй ажиллагаа хариуцагч нарыг томилсон байдал, тэдгээрийн аюулгүй ажиллагааны групп нь гүйцэтгэж байгаа ажилтайгаа тохирч байгаа эсэх, ажлын удирдагч, ажил гүйцэтгэгч, ажиглагч нарт тухайлсан зааварчилгаа өгөхийг хариуцна.-д заасан байна.

...12.Мөн тус 19 дугаартай нарядын дагуу ажлын удирдагч нь нарядад заасан аюулгүй байдлыг хангах болон ажлын байр бэлтгэх арга хэмжээг бүрэн гүйцэтгэсэн эсэхийг нягтлаагүй байгаа нь “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 85-д “Ажлын удирдагч нь нарядад заасан аюулгүй байдлыг хангах бүх арга хэмжээний биелэлт, тэдгээрийн бүрэн хангалттай болсон эсэх, ажлыг аюулгүй гүйцэтгэх зохион байгуулалт болон ажил гүйцэтгэгчид тухайлсан зааварчилгаа өгөх, ажил гүйцэтгэгчээс бригадын гишүүдэд тухайлсан зааварчилгаа өгсөн эсэхийг тус тус хариуцна.”дахь заалтыг хэрэгжилтийг хангуулаагүй байна... гэх дүгнэлт /1 дүгээр хавтас хэргийн 118-122 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 5813 дугаартай дүгнэлтэд: ...1 .Р.А-ын биед зүүн чамархайгаас салаалсан доош хөхлөг сэртэн дайрч сувгаар дамжин 2 талын суурийн хөндий, суурь яс их бага далавч хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины хоёр чамархай эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн хацар ясны зөрүүтэй хугарал. голын бүрдпийн хазайлт, тархи дарагдал, зүүн чамархайн хуйх дор цусан хураа бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, хоёр гарын шуу, сарвуу чээж, хүзүү, дагзны түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн, өндөр хэмийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 75-77 дугаар хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн 25 дугаартай дүгнэлтэд: ... 1.2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хүчдэлд цохиулснаас шалтгаалан Р.А-ын сэтгэцэд хор уршиг учирсан байна. 2.Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай. гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дугаар хуудас/ болон  анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Н , С.Б , С.Ц , Г.Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцсэн, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тэдний гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Гандөшийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эсвэл 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хохирогч Р.А-ны хэвтэн эмчлүүлсэн зардал 13,595,073 төгрөгийг иргэний хариуцагч байгууллага болох Э ТӨХК  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлж, энэ талаарх баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн, мөн буцалтгүй тусламж гэх агуулгаар 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 1,900,800 төгрөгийг хохирогч Р.А д төлсөн болохыг тус тус дурдав.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Гандөшийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Гандөшийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ЦЭРЭНПҮРЭВ

                                      ШҮҮГЧИД                              Н.ЭНХМАА

                                                                                     Л.НЯМДОРЖ