Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01361

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01361

 

 

 

 

 

Ч.Б, З.Ү нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2020/01016 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Б, З.Ү нарын хариуцагч П.Г, Т ХХК-д холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 127 473 288 төгрөг болон хөрөнгө оруулсан 302 461 500 төгрөг болон савхин зураг гаргуулах үндсэн,

 

хамтран ажиллах гэрээний үүрэгт илүү олгосон 194 744 172 төгрөг болон 141 011 500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Ү, түүний өмгөөлөгч Т.Одгал, нэхэмжлэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ж.Ариунаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гангэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: "Титэм Өлзий ХХК-ийн захирал П.Г 2012 оны эхээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд үйлчилгээтэй орон сууцны цогцолбор барихаар төлөвлөлт гарсан тул эхний 5 давхар барилгыг барихад хамтран хөрөнгө оруулах санал тавьсан. Уг саналыг З.Үд танилцуулсан бөгөөд эхний 2 барилгыг эхлүүлэх гарааны санхүүжилт хийж, тус бүр 300 000 000 төгрөгийн хөрөнгө оруулах, ашгаа П.Г, З.Ү, Ч.Б нар 33 хувиар хувааж авах, уг барилгын 1 дүгээр давхрын үйлчилгээний талбай, мөн зоорийн давхрын талбайнуудыг тус тус тэнцүү хуваарилан авахаар тохиролцсон. Дээрх тохиролцооны дагуу Р.Ганбат 2012 оны 06 сарын 15-ны өдрөөр огноолсон хамтран ажиллах гэрээний төсөл өгсөн боловч гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Энэ гэрээний зорилго нь хариуцагч компанийн эзэмшлийн газарт хамтарч барилга барих хэлбэрээр хамтран ажиллах, хамтран ажиллах хугацаанд гуравдагч этгээдийг оролцуулахгүй байх юм. Анхны тохиролцооны дагуу 2012 онд З.Ү 300 000 000 төгрөг, Ч.Б 367 780 823 төгрөгийн хөрөнгө оруулалт тус тус хийсэн. П.Гын хувьд зөвшөөрлөө авсан барилгажих талбай бэлэн боловч мөнгөгүй учраас барилгаа эхлүүлээд байрны урьдчилсан захиалгын мөнгөөр өөрөө өөрийгөө санхүүжүүлэх боломжтой байсан. П.Г зөвхөн эхний нэг барилгын ашгийг болон 1 давхрын үйлчилгээний болон зоорийн давхрын талбайг гурав тэнцүү хуваана гэж тохиролцсон. Уг тохиролцоо хэрэгжиж, барилга баригдаж дууссаны дараа З.Үд 1 давхрын болон зоорийн давхрын талбайг, Ч.Бд 1 давхрын үйлчилгээний талбайн гэрчилгээг гаргаж өгсөн. Харин зоорийн давхрын талбайг зээлийн барьцаанд тавьсан. Хөрөнгө оруулсан хэмжээгээр тооцвол барилгаас өгөөгүй үлдсэн талбай, мөн 55 000 000 төгрөг авах ёстой. З.Үгийн өгсөн 302 000 000 төгрөгийг П.Г бид хоёр аваад, барилгын материал захиалж, ажлаа эхлүүлсэн. Тухайн үед ажил эхлэхэд барилга барих зөвшөөрөлгүй байсан боловч бүрэн итгэлцлээр ажлаа эхлүүлсэн. Хоёр барилгын суурийн ажил дуусах үед Интэко инженеринг ХХК-ийн захирал Н.Мөнхбат П.Гаас 60 000 ам.долларын авлага нэхсэний дагуу компанийн 33 хувийг Н.Мөнхбатад шилжүүлсэн. Улмаар 102 дугаар барилгыг Н.Мөнхбат, П.Г нар үргэлжлүүлж барихаар болсон. 2014 оны зун барилгын ажил ерөнхийдөө бүрэн дуусч, 2014 оны 11 сард улсын комисс хүлээж авсан. П.Г 2015 оны эхээр Ч.Бд зоорийн давхрын гэрчилгээг шилжүүлэх гэрээг компанийн бүх бичиг баримтын хамт Сонгинохайрхан дүүргийн нотариатын газарт орхисон, 2 000 000 төгрөг төлөөд гарын үсгээ зурж баталгаажуулан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ аваарай гэж хэлсний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа гаргуулахад П.Г жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас авсан 1.5 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд дээрх үл хөдлөх хөрөнгийг тавьсан байсан. Хажуу талын барилгын зоорийн давхрын талбайг өгнө гэсэн боловч өгөөгүй.

Шинжээчийн буюу аудитын дүгнэлтийг үндэслээд олох байсан ашиг 976 508 984 төгрөгөөс 33 хувь буюу 1 хүнд ногдох үнийн дүн 322 247 965 төгрөг дээр хөрөнгө оруулсан 367 780 823 төгрөгийг нэмж, нийт 690 028 788 төгрөгөөс буцаан төлсөн 562 555 500 төгрөгийг хасч үлдэгдэл 127 473 288 төгрөгийг нэхэмжилж, 152 521 712 төгрөгөөс татгалзаж байна. Гэрээний хувьд хуурамч гэрээ биш нэхэмжлэл гаргах үед гарын үсэг зурагдсан гэрээ З.Үд байсан. Харин гарын үсэг зураагүй нэг хувь гэрээ надад байсан бөгөөд уг гэрээг П.Г буюу Т ХХК бэлдсэн. Барилгын борлуулалт эхэлснээс хойш олсон ашгийг Т ХХК-аас оруулсан хөрөнгө оруулалт гэж нэрлээд байгаа нь үндэслэлгүй. Энэ нь компаниас оруулсан мөнгө биш барилгаас орсон мөнгө гэжээ.

 

Нэхэмжлэгч З.Үгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Бизнесээ өргөжүүлэх зорилгоор 2012 онд 100 000 ам.долларын зээл авсан. Гэтэл Ч.Б найзынхаа барилгын ажилд хөрөнгө оруулах хэрэгтэй байна гэж ятгасан. Мөн Т ХХК-ийн захирал П.Гын хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд үйлчилгээтэй орон сууцны цогцолбор барих ажилд хөрөнгө оруулсан. Тухайн үед П. Ганбат нь надад байгаа нь газар л байна, барилга эхлэх мөнгө алга, барилгын сууриа тавихаар байрны захиалга аваад барилгаа барих мөнгөтэй болно, Ч.Б та 2 барилга эхлүүлэх хөрөнгө гаргачих, барилгаас гарсан бүх ашгийг гурвуулаа тэнцүү хувааж авья гэсэн санал тавьсан. Энэ саналаа баталгаажуулж компанийн 50 хувийг эзэмшүүлье, Ч.Б та 2 манай компанийн хувьцаа эзэмшигч болох уу гэсэн боловч П.Гад итгэл үзүүлж, компаниас хувь эзэмшээгүй. Хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу хөрөнгө оруулсан. Барилгын ажил 5 давхар орон сууцны 10а/101/ дүгээр барилгаас эхэлсэн. Хөрөнгө оруулалтад 302 461 500 төгрөг өгч, уг мөнгөөр 10а/101/ дүгээр барилгын суурийн ажил дуусч, 1 давхар хүртлээ босч, хажуугийн 5 давхар орон сууцны барилгын суурь бүрэн тавигдсан. Уг санхүүжилтээр П.Г орон сууцны барилгадаа захиалга авч, барилга өөрөө өөрийгөө санхүүжүүлэх боломжийг олгосон. Орон сууцны борлуулалтаас барилгад оруулсан хөрөнгөө гаргах учраас үйлчилгээний болон зоорийн давхар дахь үйлчилгээний талбайг мөн хөрөнгө оруулагч нар авах боломжтойг тооцоолсон тул эхний барилга болох 10а/101/ дүгээр барилгын 1 давхарт үйлчилгээний талбай, доороо зоорийн талбай тус бүр гурвыг гаргаж, П.Г, Ч.Б нартай хувааж авахаар тохиролцсоны дагуу 1 давхрын үйлчилгээний талбай, зоорийн давхрын талбайг надад өгсөн. Уг хөрөнгүүдийг охин О.Сарангэрэлийн өмчлөлд шилжүүлсэн. П.Г миний оруулсан мөнгийг буцааж өгөөгүй. Би 2013 онд хүнд гэмтэл авч Солонгос улсад хагалгаанд орж эмчилгээ хийлгэх үед хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг үргэлжлүүлнэ, санаа зоволтгүй гэж П.Г хэлсэн. П.Г 2015 онд цэцэрлэгийн барилга барих мөнгөгүй гээд надад хандсан, би өөрийн хөрөнгөө барьцаалж, 90 000 000 гаруй төгрөг зээлж өгсөн. Гэхдээ уг зээлийг П.Г төлж дуусгасан. Мөн миний маш ховор, үнэ цэнэтэй, савхин зургийг жаазлаад өгнө гэж аваад одоо болтол өгөөгүй. Иймд 302 461 500 төгрөг болон савхин зургийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т ХХК, П.Г нарын нэхэмжлэгч З.Ү болон Ч.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбарт: Титэм Өлзий Констракшин ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд Нефтийн задгай хаягт байрлах, эзэмших эрхтэй газартаа 2006 оноос Барилгын материалын үйлдвэрлэлээр үйл ажиллагаа явуулж байгаад энэхүү газартаа 2009 оноос орон сууцны хотхоны зориулалтаар төсөл боловсруулж эхэлсэн. Ингээд төлөвлөлтийн дагуу 2011 онд барилгын зургийн ажлыг эхлүүлж Далайжаргал, Санчир гэх 2 залуутай төсөлд хамтран ажиллах болж, 3 талаас гэрээ байгуулсан. Тэгээд 3 талаас тохиролцон 2012 онд төслийг хэрэгжүүлэхээр барилгын ажил эхэлсэн. 3 тал тус бүр 100 000 000 төгрөг, нийт 300 000 000 төгрөгийн ажлыг эхлүүлэхээр тохиролцсон.

 

Аль ч тал хотхоны барилга угсралтын ажил, холбогдох зөвшөөрөл авах гэх мэт бүх ажилд тэгш оролцох ба үүнийхээ төлөө ямар нэгэн цалин хөлс нэхэхгүй. Энэхүү барилгын нийт төсөвт өртөг болох 1.8 тэрбум төгрөгийг гурван тал тэгш хуваан 33 хувиар гаргана. Талууд ашиг олох зорилгоор хамтарч байгаа тул уг барилгын аль ч хэсгийг зах зээлийн тухайн үеийн үнээр борлуулж, үүнээс тал тус бүр өөрсдийн оруулсан хөрөнгийг авч, үлдэх ашгийг гурван тал 33 хувиар тэнцүү хуваарилан авна. Үйлчилгээний хэсгийн талбайг гурван тал тухайн зах зээлийн борлуулах үнээр тооцон хуваарилан авч болох бөгөөд энэ нь оруулсан хөрөнгө оруулалтын буцаалтад тооцогдоно гэсэн нөхцөлүүдийг харилцан тохиролцож хамтран ажиллахаар ажлаа эхлүүлсэн. "Титэм-Өлзий констракшн" ХХК уг аман хэлцлийг баталгаажуулах зорилгоор гэрээний загвар гаргасан боловч аль ч тал гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Энэ үеэр П.Г автомашинаа барьцаанд тавьж зээл авахаар уулзсан хүн нь З.Ү /Бат-Ирээдүйгийн нагац эгч/ байсан. Ингээд П.Г машинаа барьцаанд үлдээгээд гэртээ иртэл Ч.Б нь эгч З.Үгийн хамт компанийн төслийн талаар /одоогийн Титэм хотхон/ сонирхож, хамтарч ажиллах санал тавьсан. З.Ү энэ ажилд 3 талаас тэнцүү 33 хувийн төсөвт өртгийг тэгш хуваан гаргахаар эхний удаа тохиролцсон. Энэ гэрээ албан ёсоор байгуулагдаагүй, нэхэмжлэгч нар хөрөнгө оруулалтаа бүрэн хийгээгүй ч төслийг үргэлжлүүлэх үүднээс эхний ээлжийн борлуулалтаас дараа тооцоо нийлэхээр зохих хэсгийг хуваарилсан боловч аман тохиролцоо цааш үргэлжлээгүй. З.Үгийн хөрөнгө оруулсан 302 461 500 төгрөгийг хасахаар 141 011 500 төгрөгийн зөрүү гарч байна. Энэ үед З.Ү хөрөнгө оруулалт хийгээгүй атлаа компанид өндөр хүүтэй зээл өгч барилгын төсөвт өртөг өндөрсөхөд хувь нэмрээ оруулсан.

Титэм-Өлзий констракшн ХХК нь барилгад шаардлагатай бүх улаан тоосгыг нийлүүлсэн. Нэхэмжлэгч Ч.Б хөрөнгө оруулалтаа тохирсон хугацаа, хэмжээгээр хийгээгүйгээс хөрөнгийн дутагдал үүсч, барилгын явц удааширч, зөвхөн суурь хоёрдугаар давхрын өрлөг эхлүүлээд барилгын ажил 2013 оны 6 сар хүртэл зогссон. "Титэм-Өлзий констракшн ХХК банк бус санхүүгийн байгууллага, хувь хүнээс, зарим үед барьцаалан зээлдүүлэх газраас өндөр хүүтэй зээл авч 2013 оны 06 дугаар сараас эхлэн өөрийн хүчээр барилгы ажлыг явуулж, 2013-2014 онд барилга угсралтын ажлыг гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгсөн. Дээрх хугацаанд "Титэм-Өлзий констракшн ХХК барилгын явцын бүх тооцоог сар тутам гаргаж, Ч.Бат- Ирээдүй З.Ү нарт танилцуулж гарын үсэг зуруулан баталгаажуулсан. Дээрх шалтгаануудын улмаас барилгын материалын болон ажил гүйцэтгэлийн үнийн өсөлтөөс шалтгаалан барилгын төсөвт өртөг нэмэгдэж 2.3 тэрбум төгрөг болсон. Анх тохиролцохдоо өөрсдийн хүмүүсийг ажиллуулсан цалинг тооцоонд тусгахгүй байхаар тохирсон боловч Ч.Б өөрийн аав Чулуунбаатар, найз Батболд гэгчийг барилга дээр ажиллуулсан. Ч.Бг хамтарч ажиллах тохиролцооны дагуу компанийн хувь эзэмшигчээр оруулсан боловч цаашид нэмж хөрөнгө оруулах боломжгүй болсон гэдгээ хэлж, дараа дараагийн барилгад хамтран ажиллахгүй гээд өөрийн оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан авсан. Ийм учраас манай компанитай хөрөнгийн ямар ч асуудалгүй болсон тул компанийн хувь эзэмшигчээс хасуулсан. Ч.Бд барилгаас үйлчилгээний хэсгийн 132.35 м.кв талбай бүхий хэсгийг өгч н.Гантуяа гэх эмэгтэйд 1 м.кв талбайг 1 950 000 төгрөгөөр тооцон борлуулж, нийт 258 141 000 төгрөг, мөн уг барилгаас 06, 10, 17, 20, 24, 25, 36 тоот орон сууцыг борлуулж, 313 473 500 төгрөг, нийт 571 614 500 төгрөгийг Ч.Б авсан. Хамтран ажиллана гэж тохирсон объектдоо нийт төсөвт өртгийн 15 хувийг оруулж, 25 хувийг нь авсан.

Ч.Бат- Ирээдүй 2012 оны 06 дугаар сард компанид хувьцаа эзэмшигчээр орсон бөгөөд П.Г, Ч.Б нар 50, 50 хувийн хувьцаа эзэмшиж байгаад 2012 оны 07 дугаар сард Н.Мөнхбатыг нэмснээр тус бүр 33 хувийн хувьцаа эзэмшсэн. Гэрээг баталгаажуулаагүй, гарын үсэг зурсан гэх зүйлгүй. Т ХХК-ийг төлөөлж П.Г, нөгөө талаас Ч.Б, З.Ү нар гэдэг боловч үнэхээр аж ахуй нэгжийг төлөөлж П.Г гарын үсэг зурсан гээд байгаа бол тухайн байгууллагын албан дардас, тамга дарагдах ёстой боловч компанийн тамга, дардасгүй. Ч.Б тооцооллын хувьд 562 555 500 төгрөгийг бэлэн мөнгөөр авсан бөгөөд хөрөнгө оруулсан мөнгийг нь хасвал тэрээр 194 744 172 төгрөгийг илүү авсан байна. Иймд Ч.Б, З.Ү нарын нэхэмжилж байгаа үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, З.Үгаас савхин зураг аваагүй гэжээ.

 

Хариуцагч Т ХХК-ийн нэхэмжлэгч нарт холбогдуулан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Маргаан бүхий Титэм хотхоны 10а/101/ барилгын нийт хөрөнгө оруулалт 2 341 332 789 төгрөг бөгөөд нэхэмжлэгч Ч.Б нь 2012-2014 онуудад 15.71 хувь буюу 367 780 823 төгрөгийн хөрөнгө оруулсан. Иймд Ч.Б өөрийн оруулсан хөрөнгөдөө хувь тэнцүүлэн ашгийн 15.71 хувийг авах буюу төсөлд оруулсан хөрөнгөө буцаан аваад, дээр нь 128 833 086 төгрөгийг авах эрхтэй гэж үзэж байна. Энэ нь оруулсан хөрөнгө оруулалтынх нь 35 хувь болно. Ингээд Ч.Б нь Титэм хотхоны 10а/101/ барилгын борлуулалтаас 496 613 909 төгрөг авах эрхтэй. Гэтэл Ч.Б нь зөвхөн 10а/101/ барилгын борлуулалтаас 562 555 500 төгрөгийг авсан. Дээрх тооцооноос харвал Ч.Б нь оруулсан хөрөнгө оруулалтад ногдох хувиас даруй 65 941 591 төгрөг илүү авсан. З.Үд 443 473 000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг үйлчилгээний талбай өгсөн бөгөөд түүний оруулсан хөрөнгө болох 302 461 500 төгрөгийг хасахад 141 011 500 төгрөгийн зөрүү гарч байна. З.Үд 141 011 500 төгрөгийг илүү төлсөн. Титэм хотхон-ыг барьж байгуулах төсөлд дуустал нь оролцож, хөрөнгө оруулалтаа гүйцэд оруулаагүй нэхэмжлэгч Ч.Б нь хамтран ажиллах гэрээнээс татгалзаж нэхэмжлэл гаргаж байгаа тул хамтран ажиллах гэрээний гүйцэтгэлийн дуусах шатанд эцсийн тооцоо хийх зорилгоор урьдчилсан байдлаар нийт 194 744 172 төгрөгийг Ч.Бд илүү олгосон. Иймд нэхэмжлэгч З.Үгаас 141 011 500 төгрөг, нэхэмжлэгч Ч.Бгээс 128 833 086 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбарт: Тохиролцооны дагуу З.Ү, Ч.Б нар бэлэн мөнгө гаргаж барилгын зургийг хийлгэж дуусган 101, 201 гэсэн 2 барилгын суурийг тавиад 10а/101/ дүгээр барилгын угсралтын ажлыг эхлүүлэхэд П.Г тоосго нийлүүлсэн. 2013 оноос барилга угсралтын ажил дуусмагц гүйцэтгэлийн ажлын хөлс, бараа материалд бартер хийж байсан мөн борлуулалтыг эхлүүлснээр байрны урьдчилгаа төлбөрүүд орж ирэн барилга өөрийгөө санхүүжүүлж байсан. Хариуцагч компани нийт 5 орон сууц барьсан. Эдийн засгийн тооцооллоор З.Үгийн оруулсан 302 461 500 төгрөг энэ төсөлд эргэлдэж байгаа. Титэм-Өлзий ХХК-ийн 50 хувийн хувьцааны 25 хувь нь 302 461 500 төгрөгийн үнэлгээтэй байсан. Хөрөнгө оруулалт хийлгүүлэхийн тулд 2012 оны 04 сараас хойш гуйж, зоорийн давхрыг үнэгүй адил тэнцүү хуваахаар гэрээ хийсэн. Энэ санхүүжилтүүдийг хөрөнгө оруулалтын тайлан дээр Титэм Өлзий ХХК-аас гарсан мэтээр тэмдэглэж байсан. Хөрөнгө оруулалтын тайлангаас үзвэл 2013 оноос өмнө Титэм Өлзий ХХК нь ямар ч бэлэн мөнгөний хөрөнгө оруулалт хийгээгүй зөвхөн тоосго, элс гаргаж байсан нь тодорхой харагдах тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8, 478.11, 478.12 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Т ХХК болон П.Г нарт холбогдох хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 127 473 288 төгрөг гаргуулах тухай Ч.Бгий, 302 461 500 төгрөг болон савхин зураг гаргуулах тухай З.Үгийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8, 478.11. 478.12 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Т ХХК-ийн нэхэмжлэгч Ч.Бгээс 194 744 172 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч З.Үгаас 141 011 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 121 225 036 төгрөгийг ханган, үлдэх 19 786 464 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ч.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 573 350 төгрөгийг улсын орлогод үлдээж, Ч.Бгээс 1 142 525 төгрөг нэмж гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгч З.Үгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 740 458 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 289 777 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, нэхэмжлэгч Ч.Бгээс 1 131 671 төгрөг гаргуулан хариуцагч Т ХХК-д олгож, З.Үд холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 863 008 төгрөгөөс 764 075 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээн, илүү төлсөн 98 933 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч З.Үд олгож, З.Үгаас 764 075 төгрөг гаргуулан хариуцагч Т ХХК-д тус тус олгож, хариуцагч Титэм Өлзий Консртакшн ХХК-аас 1 700 000 төгрөг гаргуулан шинжээч Барилгын төсөвчдийн холбоо /Бэсгэ ХХК/-нд олгож, Ч.Бгээс 2 000 000 төгрөг гаргуулан шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Бгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2 дахь хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн боловч талууд хамтран ажиллах, ашиг хуваарилахдаа ямар тохиролцоо хийгдсэн талаар зөв дүгнэлт хийж чадаагүй. Ч.Б, 3.Үрэлмаа нар ашиг олох үндсэн зорилготойгоор хөрөнгө оруулж, хариуцагч талтай хамтран ажилласан. Талууд үйлчилгээтэй орон сууцны барилга барихад зориулж хөрөнгө оруулж, хамтран ажиллах бөгөөд хөрөнгө оруулалтаа буцаан авах, ашиг хуваарилахдаа хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзахгүйгээр уг барилгын үйлчилгээний болон зоорийн давхрын талбайг ижил тэгш хуваан авах, үлдэх ашгаас 33, 33, 34 хувиар хуваарилан авахаар тохиролцоо хийсэн. Энэхүү тохиролцооны талаар шүүх үндэслэлгүй, бодит байдлаас өөр дүгнэлт хийж, үйл баримтыг тодруулаагүйгээс хэрэг маргаан нэхэмжлэгч талд илт хохиролтойгоор шийдэгдсэн. Хэргийн нөхцөл байдлыг нотлох баримтууд хэрэгт авагдсан. Тухайлбал, хариуцагч Т ХХК, П.Г нарын тайлбар /Iхх 57, 124, 152, шийдвэрийн 4, 9, 11 дэх хуудас/, 2012 оны 4 сард буюу хөрөнгө оруулах талаарх тохиролцоо хийгдэж байхад зоорь, үйлчилгээний талбайг З.Үд өгөхөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан /IIIхх 704-709/, барилгын 1 давхрын болон зоорийн давхрын 2 обьектийг 3.Үрэлмаагийн охин О.Сарангэрэлийн нэр дээр шилжүүлсэн баримт /IIхх 353-354/, Ч. Бат-Ирээдүйд ноогдсон 1 давхрын үйлчилгээний талбайг өгсөн, үүнийг шууд түүнд өгсөн үйл баримтууд, П.Гын талуудад хуваарилагдах ашгийн талаарх анхны тооцоолол /Iхх 10х/, хөрөнгийн үнэлгээний төвийн дүгнэлт /Iхх 180х/,Барилгын төсөвчдийн холбооны дүгнэлт Iхх 238/, Голден пэйж аудитийн байгууллагын зөвлөмж /IIIхх582-583/, гэрч Батболдын мэдүүлэг /IIхх 336/, Бадрал, О.Хулан нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтууд уг барилгын үйлчилгээний болон зоорийн давхрын талбайг ижил тэгш хувааж авах хэлцэл хийгдсэн нь нотлогдох бөгөөд нэхэмжлэгч нарт холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд хариуцагч тал дээрх тохиролцооны дагуу үүргээ гүйцэтгэсэн болох нь тодорхой байна.

Нөгөө талаар, 3.Үрэлмаагийн охин О.Сарангэрэлийн нэр дээр шилжүүлсэн 2 талбайг 443 473 000 төгрөгөөр, Ч. Бат-Ирээдүйд шилжсэн 1 давхрын үйлчилгээний талбайг 258 141 000 төгрөгөөр тооцон авсан талаар баримтгүй ба энэ нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч нарт шилжүүлсэн нь талуудын тохиролцоо байсан гэдгийг харуулна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ, хэлцлийн нөхцлийг шууд тодорхойлсон бичгээр байгуулсан гэрээ байхгүй тохиолдолд, талууд хөрөнгө, ашгийн хуваарилалтын талаар маргаантай байхад хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж шууд дүгнэх боломжгүй. Анхан шатны шүүх Ч.Б, 3.Үрэлмаа нарыг хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан гэдгийг тодорхойлсон атлаа Т ХХК-ийн хөрөнгө оруулалтыг бодитоор тооцож гаргасангүй. Т ХХК-ийг газар, тоосгоор хөрөнгө оруулахаар тохиролцсон гэх боловч, 101 буюу 10а барилгад хэдэн төгрөгийн тоосго орсон талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь талуудын оруулсан хөрөнгө оруулалтын талаарх маргаантай байдлыг эцэслэн шийдсэнгүй. Нөгөө талаар, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангахын тулд 1 давхрын болон зоорийн давхрын 2 объектийг З.Үгийн охин О.Сарангэрэлийн нэр дээр шилжүүлсэн, Ч.Бат- Ирээдүйд ногдсон 1 давхрын үйлчилгээний талбайг худалдсан үнийг шууд түүнд өгсөн талаар дурдсан болохоос талуудын тохиролцоог тодорхойлохын тулд эдгээр баримтыг үнэлээгүй.

Шүүх Ч.Бат Ирээдүй, 3.Үрэлмаа нарыг гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй. Т ХХК, П.Г гэрээнээс татгалзаж, өөр этгээдтэй хамтарч, тохиролцоог зөрчсөн. Талууд хамтын үйл ажиллагаагаа баталгаажуулах зорилгоор Ч.Бг 2012 оны 06 сарын 05-ны өдөр Титэм Өлзий ХХК-ийн хувь эзэмшигчээр оруулсан. Ч. Бат-Ирээдүй нь 2012 онд 70 000 000 төгрөг, 2013 онд 259 646 855 төгрөг, 2014 онд 37 000 000 төгрөг тус тус хөрөнгө оруулсан үйл баримтууд нь тэрээр гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсныг харуулна.

Харин П.Г уг компанид 2012 оны 07 сарын 25-ны өдөр н.Мөнхбатыг хувь эзэмшигчээр нэмж оруулсан нь Ч.Бгийн хүсэл зоригийн дагуу явагдаагүй. Улмаар Ч.Бд худал шалтаг хэлж компаниас гаргасан нь Ч.Б өөрийн сайн дурын үндсэн дээр гэрээнээс татгалзаж, компаниас гарсан явдал биш. Тухайн үед 3.Үрэлмаа хүнд өвчтэй эмчилгээний зардал мөнгө хэрэгтэй байсан тул хөрөнгө оруулсан 302 000 000 төгрөгийг буцаан өгье гэж П.Г санал тавьсан бөгөөд энэ байдлыг далимдуулж, Үрэлмаа эгчийн мөнгийг өгөхийн тулд би банкнаас зээл авах гэж байна, ганцаараа хувь эзэмшигч байвал зээл хурдан бүтнэ, Мөнхбат та хоёр түр компаниас гарчих гэсэн учраас Ч.Б компанийн хувь эзэмшигчээс гарсан болохоо тайлбарладаг.

Мөн орон сууцуудыг худалдан борлуулах, захиалгын гэрээг Т ХХК байгуулдаг бөгөөд төлбөрийг компани хүлээж авдаг, Ч.Б шууд захиалагчдаас мөнгө авах ямар ч боломжгүй тул хариуцагч тал Ч. Бат-Ирээдүйд хөрөнгө оруулалтаас авах хувийг өгдөг байсан. Бодит байдал дээр П.Г нь Мөнхбатад өр төлбөртэй учраас түүний шахалтаар хамтрахаас өөр аргагүй болж, 3.Үрэлмаа, Ч.Б нарыг шахан гаргаж, гэрээнийхээ үүргийг зөрчсөн.

Хариуцагч талаас гаргасан 3 удаагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хөрөнгө оруулсан мөнгийг буцааж өгснөө хүлээн зөвшөөрсөн агуулгатай байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй байнга нэмэгдүүлсэн бөгөөд өмнөх шаардлагын үндэслэлээ дараагийнх дээр үгүйсгэсэн, хэрхэн ямар тооцооллоор хэдийг илүү авсан гэж байгаа нь тодорхойгүй, үндэслэлгүй шаардлага гаргасан. Шүүхээс хариуцагч талыг ямар үндэслэлээр Ч.Бгээс 194 744 172 төгрөг шаардаж байгааг тодруулаагүй, өмнөх 2 удаагийн шаардлагаасаа татгалзаж байгаа эсвэл үндэслэл өөрчлөгдсөн эсэхийг тодруулалгүйгээр 194 744 172 төгрөг гаргуулсан нь буруу.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа хөрөнгө оруулалтыг өгөх ёсгүй гэж үзсэн атлаа талууд хамтран ажиллаад ашигтай ажилласан байна гэж буцаан гаргаж шийдсэн. Талуудын хооронд үйлчилгээний болон зоорийн давхрын талбайг өгөх талаар тохиролцоо, гэрээ байгаагүй бол Ч.Бд 562 555 500 төгрөг, 3.Үрэлмаад 2 обьектийг өгөхгүй байсан. Учир нь уг барилгын хувьд Титэм Өлзий Констракшн" ХХК захиран зарцуулах эрх эдэлж байсан. Талууд хүлээн зөвшөөрөөд хэрэгжээд дууссан тохиролцоог шүүх хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.

П.Гангэрэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т ХХК-ийг төлөөлөх эрхгүйгээр оролцож байсан. Т ХХК-аас П.Гангэрэлд олгосон итгэмжлэл 2018 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл байсан ба дараагийн итгэмжлэл олгосон буюу 2019 оны 03 сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл төлөөлөх эрх олгосон байдаг. Дээрх завсардсан хугацаанд П.Гангэрэл хариуцагч компанийг төлөөлөх ямар нэгэн хүсэлт санал, гомдол, тайлбар гаргах эрхгүй байсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч Т ХХК-ийг төлөөлөн оролцож хэргийг шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, Ч.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ч.Бд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч З.Ү болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх барилгыг үнэлж хөрөнгө оруулагч нараас барилгын зөрүүг гаргаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Анх хөрөнгө оруулахад зоорийн давхар болон 1 давхрын барилгыг нэг нэгээр нь авахаар тохиролцсон нь 2012 оны 04 сарын 26-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефть баазын замын урд талд байрлалтай Титэм хотхоны орон сууц захиалгын гэрээ №101 зоорь 4 гэрээгээр нотлогддог. З.Ү нь компанийн хувьцаа эзэмшигчээр орохгүйгээр ашиг авахаар тохиролцсон.

"Титэм Өлзий констракшн" ХХК нь Л.Гангэрэлд нэхэмжлэл гардан авах, хэргийн материалтай танилцах итгэмжлэл олгосон атал шүүх 2019 оны 01 сарын 09-ний өдөр П.Гангэрэлийн хариу тайлбар, хэрэг нэгтгэх тухай хүсэлтийг хүлээн авч шүүх хуралд оролцуулж, шүүх хуралдааныг хойшлуулсан. 2019 оны 02 сарын 12-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгчийн хариуцагч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан зэрэг нь 2019 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл итгэмжлэл засагдтал хэрэг шийдвэрлэсэн ажиллагаа бүхэлдээ алдаатай байна. 2020 оны 02 сарын 28-ны өдөр хариуцагч П.Г нь П.Гангэрэлд итгэмжлэл өгсөн бөгөөд нэхэмжлэлийг П.Гангэрэл гардаж авсан баримтгүй. Харин "Титэм Өлзий констракшн" ХХК 2019 оны 03 сарын 01-ний өдөр П.Гангэрэлд 2019 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл итгэмжлэл өгсөн, итгэмжлэлийн хугацаа дууссан байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн байна.

Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гангэрэл санхүүгийн тайлан тооцоо гаргаж "Т ХХК-ийн санхүүгийн тэмдгийг дарж нотлох баримтаар өгсөн. 2015 оны НӨАТ-ын "Т ХХК-ийн тайланд цалин хөлсний тайлан огт байхгүй. Хэрэгт барилга ашиглалтад орсон 2014 оны татварын тайлан огт байхгүй байхад анхан шатны санхүүгийн тайлангүйгээр аудитын дүгнэлт гарсан нь хууль бус. Нэхэмжлэгч нь барилгад хөрөнгө оруулснаар цаашид зоорийн болон 1 давхрыг үнэ төлбөргүй авах, ашгийн 33.3 хувийг авах хүсэл зоригийг шүүх үнэлээгүй. Шүүх П.Г ашгаасаа өгөхгүй орсон орлогыг дараа дараагийн барилгад шилжүүлж 3, 4 дэх байр, цэцэрлэг З.Үгийн хөрөнгөөр одоо ч гэсэн боссоор байхад хураамж төлөөгүй гэдэг нь нотлох баримт болон зохигчдын тайлбарыг буруу дүгнэсэн. Грант торнтон аудит ХХК-ийг 2 удаа томилсон бөгөөд дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэсэн. Гэтэл 2012 онд хөрөнгө оруулж хамтран ажиллаж ашиг авах гэрээ байсаар атал барилгыг 2020 оны зах зээлийн ханшаар үнэлж сөрөг нэхэмжлэлийг хангасан.

Шүүх ...орон сууцнаас үлдэх хуваарилагдах ашгийн талаар "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК болон "Барилгын төсөвчдийн холбоо"-ны гаргасан дүгнэлтүүд нь үндэслэлтэй эсэхэд "Нийслэл аудит" ХХК-аар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж хэргийг түдгэлзүүлэхэд "Нийслэл аудит" ХХК нь захирамжаар даалгасан ажлыг гүйцэтгэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Мөн "Номгон аудит" ХХК нь 5 хуудас хэргийн материалтай танилцаад ...аудитын хангалттай хэмжээний зохистой нотлох зүйл буюу нягтлан бодох бүртгэлийн баримт болох анхан шатны баримтууд дэмжих бүртгэлүүд борлуулалтын орлого зардлыг нотлох мөнгөн хөрөнгийн дансны хуулга, тайлангууд, ерөнхий болон туслах дэвтрүүд журналын бичилтүүд түүний тодруулга, өртөгийн хуваарилалт түүнийг дэмжих ажлын баримтыг шаардахад байхгүй байсан тул хэрэгт авагдсан дээрхи стандартын шаардлага ханган захирамжаар даалгасан ажлыг гүйцэтгэх боломжгүй гэсэн байна.

Гэтэл "Грант Торнтон аудит" ХХК-ийн дүгнэлтэд ... энэхүү аудитын шинжилгээ нь зөвхөн шүүгчийн захирамжинд тусгагдсан асуултанд хариулж Сонгино хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдээлэхэд зориулагдсан ба тус компанийн санхүүгийн бүхий л үйл ажиллагааг хамраагүй болно гэжээ. Дээрх байгууллагууд нь бүгд ашгийн төлөө хувийн байгууллагууд бөгөөд дүгнэлтүүд нь хууль зүйн хувьд үндэслэлгүй тул Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилох нь зүйтэй. Шүүх хамтран ажиллах гэрээг байгуулсанд тооцохгүй гэж дүгнэсэн атлаа З.Үгийн хувьд зоорийн давхар болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг 443 473 000 төгрөгөөс З.Үд ногдох 33 хувийн ашиг 322 247 964 төгрөгийг хасаад 121 225 036 төгрөгийг илүү авсан гэж дүгнэсэн нь буруу. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч Ч.Б, З.Ү нар нь хариуцагч П.Г, Т ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 127 473 288 төгрөг, хөрөнгө оруулсан 302 461 500 төгрөг болон савхин зураг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч, Ч.Бд илүү олгосон 194 744 172 төгрөг, З.Үд илүү олгосон 141 011 500 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Зохигчид Титэм хотхоны барилгын ажилд хамтран ажиллахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Ч.Б, З.Ү нар мөнгөн хөрөнгө оруулах, хариуцагч компани нь өөрийн эзэмшлийн газар болон улаан тоосго гаргах үүрэг хүлээсэн болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Т ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 900 м.кв талбайтай газрыг эзэмшдэг болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /Iхх 163/

 

Зохигчдын хооронд хийгдсэн дээрх аман хэлцлийн дагуу нэхэмжлэгч З.Ү нь барилгын хөрөнгө оруулалтад нийт 302 961 500 төгрөг, Ч.Б нийт 367 780 823 төгрөгийг 2012-2014 оны хооронд төлсөн бөгөөд уг мөнгөн хөрөнгө нь Титэм хотхоны барилгын ажилд зарцуулагдсан, уг хотхоны 10а/101/ дүгээр байр баригдаж дуусан ашиглалтад орсон болох нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2014/866 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулсан улсын комиссын акт, зохигчдын тайлбараар тогтоогдсон, талууд эдгээр үйл баримтын талаар маргаагүй. /Iхх 21-22/

 

Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв байна.

 

1. Нэхэмжлэгч Ч.Бгийн хувьд Титэм хотхоны 10а/101/ дүгээр барилгын 7 орон сууцыг худалдан борлуулсан орлого нийт 313 473 500 төгрөг, 258 141 000 төгрөгийн үнэ бүхий 132.38 м.кв үйлчилгээний талбай, нийт 571 614 500 төгрөгийн ашиг авсан. /Iхх 63/ нэхэмжлэгч З.Үгийн хувьд Титэм хотхоны 10а/101/ байрны 4 тоот 132.35 м.кв зоорийн давхрын зориулалттай талбай болон 3 тоот 132.38 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 443 473 000 төгрөгт тооцон авч, өөрийн охин О.Сарангэрэлийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /IIIхх 102,103/

 

Талууд нэхэмжлэгч З.Үгийн хүлээн авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар болон ашигт тооцогдох эсэх талаар маргаантай байгаа боловч нэхэмжлэгч З.Үд хүлээлгэн өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг шинжээчийн дүгнэлтүүдэд тусгасан байх бөгөөд эдгээр дүгнэлтэд заагдсанаас өөр үнээр тооцож хүлээн авсан гэх тайлбараа нэхэмжлэгч З.Ү баримтаар нотлоогүй болно.

 

Хөрөнгө оруулагчдаас 10а/101/ дүгээр барилгын ашгийн хувиарлалт, Хавсралт 1 гэх баримтад нэхэмжлэгч Ч.Б, З.Ү нар гарын үсэг зурсан байх бөгөөд нийт 775 318 880 төгрөгийн ашигтай, тус бүрт 258 439 626 төгрөгийн ашиг ногдох талаар /Iхх 8-9/ бичигдсэн байна. Түүнчлэн, Т ХХК-ийн 10а/101/ дүгээр барилгын ашгийн хувиарлалт /2015.03.01-ны байдлаар/ нийт 1 085 043 781 төгрөгийн ашигтай гэж /Iхх 10/ тооцоолсон баримтад хариуцагчийн төлөөлөгч П.Г гарын үсэг зуржээ.

 

Талууд 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Титэм хотхоны 10а/101/ дүгээр барилгын нийт хөрөнгө оруулалтыг 1 813 744 128 төгрөг буюу нэхэмжлэгч Ч.Б 335 846 855 төгрөг, З.Ү 300 961 500 төгрөг, хариуцагч Т ХХК 1 176 935 773 төгрөгийн хураамж төлсөн тооцоолол хийж нэхэмжлэгч З.Ү, хариуцагч П.Г нар гарын үсэг зурж, Ч.Б тэмдэг дарж баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан. /Iхх 12/ Түүнчлэн, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдэд талуудын оруулсан хөрөнгийн хэмжээг тодорхойлсон байна.

 

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3 дах хэсэгт зааснаар талуудын төлөх хураамж нь гэрээнд өөрөөр заагаагүй бол тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна. Нэхэмжлэгч нар нь гэрээ дуусгавар болоход ашгаас гадна оруулсан хураамжийг буюу хөрөнгө оруулалтыг буцаан өгөхөөр тохиролцсон гэж тайлбарласан боловч уг байдлыг нотлосон баримт хэрэгт байхгүй байна. Хэрэгт авагдсан 3 тал гарын үсэг зурсан гэх 2012 оны 06 сарын 15-ны өдрийн хамтран ажиллах гэрээнд зурагдсан бичвэр П.Гын гарын үсгийн загваруудтай тохирохгүй байгаа талаар Шүүхийн шийдвэрийн үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 сарын 02-ны өдрийн 2/67 тоотод дүгнэгдсэн байна. /IIхх 243-251/ Иймд нэхэмжлэгч нарын тайлбараа нотлохоор гаргасан гэрээ гэх бичгийн баримтыг хариуцагч талын гарын үсгээ зурж Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлж хийсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч тал уг баримтад үндэслэн хамтран ажиллах гэрээний хураамжийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардах хууль зүйн үндэслэлгүй.

 

Дээр дурдсан 10а/101/ дүгээр байрыг барьж дууссанаар хариуцагч талаас хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч Ч.Бд 571 614 500 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө болон борлуулалтын орлогын зарим хэсгийг, З.Ү 443 473 000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг тус тус ашигт тооцон шилжүүлсэн гэж үзэхээр байна. Ийнхүү ашиг тооцож олгосноос хойш талуудын хооронд хамтын үйл ажиллагаа үргэлжилсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд нэхэмжлэгч нарыг хамтран ажиллах гэрээнээс гарсан гэж үзэв.

 

Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.3 дахь хэсэгт зааснаар аль нэг тал гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болно. Иргэний хуулийн 480.3 дахь хэсэгт зааснаар талууд хамтын үйл ажиллагааны явцад бий болсон орлого, зардлыг тооцон үлдэх ашгийг хуваан авах эрхтэй. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээний дагуу бий болсон хөрөнгө болох 10а/101/ байрнаас хүртэх ашгийн хэмжээний талаар маргаантай байна.

 

Иймд уг барилгад гарсан зардал, ашгийн тооцоог гаргуулахаар анхан шатны шүүхээс удаа дараа шинжээч томилсон байна.

 

Хөрөнгийн үнэлгээний төвийн 2016 оны 10 сарын 13-ны өдрийн 6/1118 тоот албан бичгээр ирүүлсэн Шинжээчийн дүгнэлт тайлан-д 10а/101/ дугаар орон сууцны барилгын ажлын гүйцэтгэлд зарцуулсан зардал, хөрөнгийн зах зээлийн үнэ, хөрөнгө оруулагчдын ашгийн хэмжээг тодруулан, хуваарилах нийт ашиг 714 189 603 төгрөг гэж заан нэхэмжлэгч Ч.Б, З.Ү нарт тус бүр 235 682 569 байхаар дүгнэлт гаргажээ. /Хэргийн хавсралт Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн дүгнэлт 15-р тал/

 

Мөн шүүхээс шинжээчээр Барилгын төсөвчдийн холбоо-г томилон дүгнэлт /Iхх 239-245/ гаргуулсан байх ба 10а/101/ байрны төсөвт өртөг 2 078 150 979 төгрөг бөгөөд талуудын оруулсан хөрөнгийн хэмжээ нэхэмжлэгч Ч.Бгийн хувьд 367 780 823 төгрөг, З.Үгийн хувьд 302 461 500 төгрөг, хариуцагч Т ХХК-ийн хувьд 1 671 090 466 төгрөг, нийт 2 341 332 789 төгрөг гэж тодорхойлжээ. Уг дүгнэлтэд өмнөх Хөрөнгийн үнэлгээний төв-ийн гаргасан төсвийн гүйцэтгэлийг зөвшөөрч байгааг илэрхийлээд, нийт ашиг 814 778 461 төгрөг байхаар тооцсон байгааг /Iхх 245/ адил тэнцүү хуваахад гэрээний нэг талд ногдох ашиг 271 592 820 төгрөг болж байна.

 

Грант торнтон аудит ХХК-ийн 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр /IVхх 111-119, 183-202/ Титэм хотхоны 10а/101/ дугаар орон сууцны борлуулалтын орлогыг 3 077 622 864 төгрөг, харин уг орон сууцыг барих өртөг зардлыг 2 086 249 425 төгрөг болохыг тогтоож, барилгын нийт ашгийг 991 313 439 төгрөг, 976 508 984 төгрөг гэж тус тус тооцоолон тооцооны зөрүү гаргасныг НӨАТ-ын буруу тооцоололтой холбон тайлбарлажээ. /IVхх 119/ Тодруулбал, дээрх шинжээчийн нэмэлт шинжилгээний дүгнэлтээр орон сууцны борлуулалтын орлогыг 3 062 758 409 төгрөг, барилгын өртгийн зардлыг 2 086 249 425 төгрөгөөр тооцоолж, барилгын ашгийг 976 508 984 төгрөг болохыг тогтоосон байна. /IVхх 186-189/

 

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагаанаас олсон ашгийг талуудын оруулсан хөрөнгөд хувь тэнцүүлэн хуваарилахаар зохицуулсан. Хариуцагч Т ХХК нь хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч Ч.Бд 571 614 500 төгрөг, З.Үд 443 473 000 төгрөгийг тус тус өгсөн байна.

 

Дээр дурдагдсан Хөрөнгийн үнэлгээний төв-ийн шинжээчийн дүгнэлтүүд болон, талуудын өөрсдийн тооцоо хийж үйлдсэн хүснэгт /Iхх 8-9, 10,12/ зэрэг баримтуудыг харьцуулан үзэхэд нийт ашгийн хэмжээг 775 318 880 - 1 176 935 773 төгрөгийн хооронд өөр өөрөөр тооцоолсон байна. Эдгээр баримтад байгаа хамгийн өндөр дүнг 1 176 935 773 төгрөгийг нийт ашиг гэж тооцоход нэг талд ногдох ашгийн хэмжээ 392 311 924 төгрөгөөс илүүгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарт олгогдсон ашгийн хэмжээ нь эдгээр тооцооноос илүү байна. Тодруулбал, Ч.Б, З.Ү нарт хуваарилсан хөрөнгө нь хамтын үйл ажиллагааны явцад үүссэн гэх ашгийн хувьтай харьцуулахад ашгийг дутуу авсан гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгч нарын хариуцагч компаниас 127 473 288 төгрөг, 302 461 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.

 

2. Хариуцагч компанийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ цаашид үргэлжлээгүй, барилгын ажлыг хариуцагч компани дангаар үргэлжлүүлсэн байна. Ийнхүү хамтран ажиллах гэрээний дагуу 10а/101/ байрны барилгыг барьж дууссанаас хойш талууд гэрээнээс гарсантай холбогдуулан нэхэмжлэгч нарт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг үндэслэлгүй илүү шилжүүлсэн хөрөнгө гэж үзэхгүй.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хууль болон гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй атлаа бусдад хөрөнгө шилжүүлсэн бол буцаан шаардах эрхтэй болдог. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч нартай хамтын үйл ажиллагаа явуулах гэрээний үүрэгтэй байсан бөгөөд энэ үүргийнхээ хүрээнд дээрх хөрөнгүүдийг ашигт тооцон өөрөө шилжүүлсэн.

 

Шинжээчийн дүгнэлтэд зааж буй ашгийн тооцооллоос илүү гарсан гэх байдал нь хөрөнгө шаардах эрхийг хариуцагчид үүсгэхгүй. Талуудын хооронд шинжилгээний болон аудитын дүгнэлтийг үндэслэн ашгийг нарийвчлан тооцох, илүү гарсан хэсгийг буцаан гаргуулах талаар тухайлан тохиролцсон хэлцэл хийгдээгүй байна.

 

Талуудын хооронд ашгийн хэмжээг нарийвчлан тодорхойлсон хэлцэл хийгдээгүй боловч хариуцагч нь нэхэмжлэгч нарын өмнө хүлээсэн үүргээ хүлээн зөвшөөрч гүйцэтгэсэн байхад түүнийг буцаан гаргуулах нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх зарчимд үл нийцнэ.

 

Иймд анхан шатны шүүхээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байх бөгөөд нэхэмжлэгч нарын энэ талаарх давж заалдсан гомдол үндэслэлтэй байна.

 

3. З.Ү нь П.Гаас арьсан зураг шаардсан боловч уг зургийг хариуцагч П.Гын эзэмшилд байгаа болохыг баримтаар нотолж чадаагүй. З.Үгийн охин, гэрч О.Хулан нь П.Гад арьсан зургийг өгсөн гэж мэдүүлэг /IVхх 205/ өгсөн боловч зөвхөн уг гэрчийн мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэгчийн нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө болох савхин зургийг П.Гын эзэмшилд байгаа гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм. Иймд З.Үгийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрх үүсээгүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

4. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. Талуудын хоорондын маргаантай асуудлаар Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 11 сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Ч.Бгийн нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэсэн, нэхэмжлэгч З.Ү нэмж 2018 оны 12 сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШЗ2019/00763 тоот захирамжаар 2019 оны 01 сарын 10-ны өдөр уг хэрэгт нэгтгэсэн, /IIIхх 86/ хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

 

Шүүхээс удаа дараа хэргийн оролцогчдын хүсэлтээр шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж байсан зэрэг шалтгаанаар хэргийг шийдвэрлэж дуусгах хүртэл 4 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчдын эдлэх эрхийг шүүх хангаж, талуудад өөрийн шаардлагаа нотлох, үүргээ хэрэгжүүлэх боломж олгогдсон байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчдын эрхийг анхан шатны шүүх зөрчсөн гэх нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2020/01016 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дах хэсэг, 480 дугаар зүйлийн 480.3 дах хэсэг, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч З.Үгийн хариуцагч Т ХХК-иас 302 461 500 төгрөг гаргуулах тухай, хариуцагч П.Гад холбогдох савхин зураг гаргуулах тухай нэхэмжлэл, нэхэмжлэгч Ч.Бгийн хариуцагч Т ХХК-аас 127 473 288 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл болон нэхэмжлэгч Ч.Бгээс 194 744 172 төгрөг гаргуулах, З.Үгаас 141 011 500 төгрөг гаргуулах тухай хариуцагч Т ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч З.Үгийн төлсөн 2 276 382 төгрөг, нэхэмжлэгч Ч.Бгийн төлсөн 1 769 538 төгрөгийг тус тус улсын орлогоос буцаан гаргуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ