2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/10346

 

2025               12                02                                              192/ШШ2025/10346                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, **-р хороо, ** тоотод оршин суух З-гийн Ю /РД:ВЮ******4/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, ** тоотод оршин суух Л-ийн Б /РД:УХ*****/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 70,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х,

Хариуцагч Л.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б,

Гэрч: Бүгд найрамдах солонгос улсын иргэн K J,

Орчуулагч Ж.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл нар оролцов.   

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.Ю шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “МУ-ын иргэн З овогтой Ю нь МУ-ын иргэн Л овогтой Б-тай гэр бүлийн найз дүүгийн харилцаатай байсан болно. Л овогтой Б нь төрсөн дүүгийн бие муудсан гэх хувийн шалтгаанаар 2021 оны 05 сарын 12-ны өдөр миний бие З.Ю-ээс 2021 оны 10 сард буцаад өгнө гэсэн нөхцөлтэйгээр 110.000.000 төгрөг зээлсэн болно. Л.Б нь хугацаандаа зээлсэн мөнгөө өгөхгүй, итгэл эвдэж, удахгүй өгнө гэж хойшлуулсаар байсан болно. Миний бие удаа дараа шаардсаны үндсэн дээр 2025 оны 04 сард Л.Б--ын эхнэр н.А 40 сая төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр /20 саяар 2 удаа/ шилжүүлж, үлдэгдэл 70.000.000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй байна. Иймд МУ-ын Иргэний Хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэг, тус хуулийн 224-р зүйлийн 224.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Л.Б-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 70.000.000 төгрөг гаргуулах хүсэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү “гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “110,000,000 төгрөг зээлдүүлсэн, 40,000,000 төгрөгийг буцаан өгсөн, 70,000,000 төгрөгөө буцаан авмаар байна, бичгээр гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна” гэв.

 

2. Хариуцагч Л.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “К, Ю нартай бид гэр бүлийн хуурай ах дүүгийн харилцаатай хорь гаруй жил болж байгаа ба энэ хугацаанд К манай “U” төсөлд шүүгчээр оролцож, w group-тэй байнга хамтран ажиллаж ирсэн. Миний төрсөн дүү Д 2021 онд хавдрын эмчилгээнд БНСУ руу явах үед К, Ю нар гэр бүлээрээ надад туслая гээд 10 сая төгрөгийг дүү нар нь хандивлаж байгаа юм, 100 сая төгрөг зээлүүлье гэсэн. Тухайн үед нь би “Энэ их мөнгийг яаж буцааж өгөх вэ, төлбөрийн чадвар муу байгаа, авахгүй” гэхэд “Та тоглолтоо хийхээрээ буцааж өгөөрэй” гэж К-ны гэр бүл хэлээд надад мөнгөө шилжүүлсэн. Гэвч дүү маань БНСУ-д 3 сар гаруй хугацаагаар эмчлүүлсэн боловч эмнэлэгт нас барж, короно-цар тахлын үе байсан тул тэндээ ёс төрийг гүйцээж чандарласан юм. Цар тахлын хөл хориотой байсан хүнд үед К дүүгийн минь эмчилгээ, ажил явдлыг зохицуулахад маш их оролцоо, дэм тус үзүулсэнд бид одоо хүртэл талархаж явдаг. Мөн Монголдоо ирж дүүгээ оршуулахад К-ны гэр бүл бидний уй гашуу, сэтгэлийн зовлонг хамтдаа хуваалцаж байсан. Ингээд дүүгийн эмчилгээ, сувилгаа, оршуулгын зардал 500 сая төгрөгөөс давсан санхүүгийн хүндрэлээс гараагүй байтал Б миний бие энэ жилүүдэд 2 удаа цус харвалт болж, хиймэл түнхний мэс засалд орж эрүүл мэндийн байдлаас ажлаа ч хийж чадалгүй хэвтрийн дэглэм сахидаг болж, уран бүтээлийн тоглолтоо хийж амжаагүй өдий хүрлээ. Энэ жилээс бие маань дээрдэж, одоо таягтай явдаг болсон ба уран бүтээлдээ эргэн орж дэлхийн 10 гаруй орны уран бүтээлчид оролцох “O  & О ” тоглолтоо 2026 оны 10 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд Буянт ухаа спорт цогцолборт зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэхүү тоглолтын дараа би санхүүгийн хүндрэлээс гарч, К, Ю нар болон бусад тусалсан найз нөхдийн мөнгийг төлөх юм. Хэдийгээр би тоглолтоо хийж амжаагүй ч энэ хугацаанд найз нөхдийн тусыг хариулах талаар сэтгэлээ чилээж, өөрийн чадах хэмжээнд “М” контентийн эзэмшигчийнхээ эрхээр К, Ю нарын гэр бүлийн “w групп”-ийн реклам, оролцсон нэвтрүүлгийг UBS телевизээр цацуулж ирсэн. Одоогийн байдлаар цацагдсан реклам, оролцсон нэвтрүүлгийн үнийн дүн нийтдээ 103.582.000 төгрөг болоод байна. Гэтэл Ю Хан-уул дүүргийн шүүхээр надаас 70 сая төгрөг нэхэмжилжээ. Би дараах нөхцөлийг харилцан зөвшилцсөн тохиолдолд эвлэрэн хэлэлцэх саналтай байна. Үүнд: 1. К, Ю нарын гэр бүлийн хамтын зөвшилцлөөр энэхүү мөнгийг авсан тул К-ныг заавал байлцуулж энэ асуудлыг хамтран хэлэлцэх, 2. “Тоглолтоо хийж буцаан төлөх” болзолтойгоор энэхүү мөнгийг авсан боловч эрүүл мэндийн шалтгаанаар тоглолт хойшлогдсон болон 2023 оноос хойш К-ны гэр бүлийн компанийн нэвтрүүлэг, рекламыг цацсан дүн болох 103.582.000 төгрөгийн тодорхой хэсгийг зээлийн төлбөрт тооцож, төлөх үнийн дүнгээс хасуулах, 3. Мөн тухайн үед надад хандиваар өгсөн 10 сая төгрөгийг төлөх үнийн дүнгээс хасуулах, 4. Төлөх дүнг эвлэрэн хэлэлцэж тогтоосон хэмжээгээр уран бүтээлийн тоглолтоо хийсний дараа төлөх болно” гэжээ.

Хариуцагч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүнээс авсан мөнгөө өгч л таарна, миний хувьд тоглолтоо хийгээд өгнө гэсээр ийм боллоо. Тоглолт гэдэг амар зүйл биш тархинд цус харваад тэгээд хойшлуулаад одоо тэгэхдээ тоглолтоо хийх гэж байгаа, 3 сарын дараа бол өгчих боломжтой болно. Дүү маань коронагийн үед хавдраар өвдөөд Солонгост эмчлүүлж байгаад нас барсан байдаг, энэ үед хоёр дүү маань надад 110,000,000 төгрөг шилжүүлж байсан, 10 саяыг нь К хэлэхдээ бэлэглэж байна гээд, 100 г нь бол буцааж өгнө гээд би үргэлжлүүлж өвдөж явсаар эхнэрийн дансаар буцааж 40,000,000 төгрөг өгсөн байдаг. Одоо миний санаа зовоод байгаа зүйл нь мөнгөний утга нь К гээд ороод ирсэн, энэ 2 гэр бүлийн асуудалтай цагдаа, хуулийн байгууллагаар явж байгаа, дараа нь тэгээд К надаас нэхвэл яах бол , уг нь К-ны W гээд хуулийн этгээдтэй манай U тв хамтраад маш олон зүйл хэрэгжүүлсэн найз нөхөд ах дүүгийн харилцаатай , Ю өөрөө хуралд ирсэн бол арай өөр зүйл л хэлж зогсох байх, миний хувьд өгөхгүй гээгүй, өгнө гэхдээ бүгдийг нь эхнэрт нь өгөх юм болов уу гайхаж байна, бас маргаантай гээд байгаа шүү дээ” гэв.

 

  3. Нэхэмжлэгч талаас, иргэний үнэмлэхний хуулбар, дансны хуулга, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн. 

 

  4. Хариуцагчаас хариу тайлбар, У ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, У ХХК-ийн w 2023-2025 оны тайлан, зар сурталчилгааны үнийн тариф, фото зураг, депозит дансны хуулга, Монгол хьюндай эмнэлэгийн тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Шүүхээс гэрчээр Бүгд найрамдах солонгос улсын иргэн K, J-ийг асуусан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...З. Ю нь Л.Б-тай гэр бүлийн найз дүүгийн харилцаатай байсан болно. Л.Б нь төрсөн дүүгийн бие муудсан гэх хувийн шалтгаанаар 2021 оны 05 сарын 12-ны өдөр 2021 оны 10 сард буцаад өгнө гэсэн нөхцөлтэйгээр 110.000.000 төгрөг зээлсэн болно...2025 оны 04 сард Л.Б--ын эхнэр н.Аа 40 сая төгрөг буцаан өгсөн...хэдий утга нь К-аас гэж шилжүүлсэн ч миний данснаас шилжсэн учир би нэхэмжлэх эрхтэй ...” гэдэг.

 

3. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Зээл авснаа хүлээн зөвшөөрч байна. ...надад 110,000,000 төгрөг биш 100,000,000 төгрөг зээлдүүлсэн, 10,000,000 төгрөг нь бэлэг гэж хэлсэн...гүйлгээний утган дээр К-наас гээд орж ирсэн, тухайн үедээ К-ны гэр бүлээс гэж тусалсан... энэ 2 гэр бүлийн маргаантай тэгээд надаас нэхээд байгаа учраас бүх мөнгийг Ю-д өгч болно гэж бодохгүй байна...” гэж тайлбарладаг.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

2021 оны 05 дугаар сарын 12-ний өдөр нэхэмжлэгч З.Ю-ийн Голомт банкны 1*******7 тоот данснаас 110,000,000 төгрөг “ K aas B “ гэх утгатайгаар зарлагадсан байх ба уг мөнгийг хариуцагч Л.Б хүлээн авсан талаар маргаангүй. Улмаар хариуцагчийн эхнэр болох Ё.А-ийн Хаан банкны 5******2 тоот данснаас нэхэмжлэгч З.Ю-ийн Голомт банкны 1*******7 тоот данс руу 2025-01-03 ний өдөр 40,000,000 төгрөгийг “А-аас Ю-д”  гэх утгатайгаа 20,000,000 төгрөгөөр 2 удаа тасалж шилжүүлсэн байна.

Өмнөд Солонгос улсын иргэн К , Монгол улсын иргэн З.Ю нар нь 202-09-30 ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ авсан байна.

 Өмнөд Солонгос улсын иргэн К нь Монгол улсад W ХХК-г үүсгэн байгуулж, Солонгос улс руу оюутан залуучуудыг суралцуулахад зуучлах үйл ажиллагаа эрхэлдэг гэх ба хариуцагч Л.Б-ын үүсгэн байгуулсан U телевизтэй хамтран ажиллаж, UN-S тэмцээний шүүгч, мөн ивээн тэтгэгчээр ажилладаг талаарх баримтуудыг шүүхэд өгсөн, энэ талаар гэрч Бүгд найрамдах солонгос улсын иргэн K мөн тайлбарладаг.

Тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлаар З.Ю нь 2025-09 дүгээр сарыг хүртэл ажиллаж байжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж “...мөнгө шилжүүлэх үед Өмнөд Солонгос улсын иргэн К , Монгол улсын иргэн З.Ю нар нь гэр бүлийн хувьд маргаангүй байсан учраас

 K aas B  гэж бичээд л шилжүүлчихсэн, 10,000,000 төгрөг бол бэлэг биш, ...данс эзэмшигчийн хувьд мөнгөө нэхэмжлэх эрхтэй...” гэж тайлбарладаг бол хэргийн оролцогч болох хариуцагч өөрөө “...мөнгө өгөхийн хувьд өгнө, тоглолтоо хийх эрүүл мэндийн боломжгүй байсан...10,000,000 төгрөг бэлэг..., К-ны гэр бүл надад тусалсан , яагаад Ю энийг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна ...” гэдэг байр суурьтай.

             Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 30,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

    Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба  зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно “гэж зааснаар   2021-05-12 ний өдөр 110,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Гэхдээ зээлийн гэрээнээс гадна талуудын хооронд давхар 10,000,000 төгрөгийг хариу төлбөргүйгээр шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 т “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ” гэж зааснаар бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн байна. Тодруулбал шүүх хуралдаанд Бүгд найрамдах солонгос улсын иргэн K нь “ ...10,000.000 төгрөг нь бэлэг байсан ...” гэж мэдүүлсэн ба мөн хуулийн 276 дугаар зүйлийн 276.2 дах хэсэгт “Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байх тул 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзэх ба  тухайн гэрээг хүчингүйд тооцох шаардлага нэхэмжлэгч гаргаагүй.

           Уг 100,000,000 төгрөгийн зээлээс 40,000,000 төгрөг 2025-01-03 ний өдөр төлөгдсөн байх ба үлдэх 60,000,000 төгрөгийн тал хувь болох 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь нэхэмжлэх эрхтэй байна гэж үзлээ.

          Учир нь хэрэгт авагдсан З.Ю, Бүгд найрамдах солонгос улсын иргэн K нарын хамтран эзэмшдэг Голомт банкны долларын 1*******2 тоот тухайн дансны мэдээлэлд ...нэр бүхий хүмүүсийн их сургуулийн төлбөр, номны мөнгө гэх агуулгатай орлогууд тогтмол орж ирсэн байх ба нэг нь үүсгэн байгуулагч, нөгөө нь гүйцэтгэх захирлын албыг хашдаг байжээ. Улмаар хариуцагчийн дүү нь хүндээр өвчилсөн явдалд гэр бүлийн зүгээс тусламж үзүүлсэн байх ба тус шилжүүлсэн 110,000,000 төгрөг нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1 т заасан “ Гэрлэгчид, гэр бүлийн гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө “ гэх ангилалд багтаж байх тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байна .

            Улмаар З.Ю, Бүгд найрамдах солонгос улсын иргэн K нар нь гэр бүлийн маргаантай, гэрлэлтээ цуцлуулж байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байх тул  Гэр бүлийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар тухайн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах захиран зарцуулахад адил эрх эдлэх учир хариуцагчаас авах авлагын тал хувийг З.Ю нэхэмжлэх эрхтэй байна гэж дүгнэлээ.

           Харин хэрэгт гэрчээр оролцсон Бүгд найрамдах солонгос улсын иргэн K нь үлдэх 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хариуцагч Л.Б-аас нэхэмжлэх эсэх асуудал нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

          

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 126 дугаар зүйлийн 126.2.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Б-аас 30,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.Ю-д олгож,  Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  307,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Ю-д  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               О.ЧУЛУУНЧИМЭГ