Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 201/МА2020/00035

 

******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******, Н.******* нарт холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 05-ны өдрийн 138/ШШ2020/01078 дугаар шийдвэртэй, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******, Н.******* нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэг 4 045 371 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Амгаланбатын гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 11 сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, өмгөөлөгч М.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

 Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь эхнэр ******* хамтран 2020 оны 2 сарын 12-ноос 2020 оны 10 сарын 5 хүртэл хугацаанд сарын 6,9 хувийн хүүтэй, 3 сая төгрөг зээлсэн ба зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр гэрээ байгуулсан. Гэтэл зээл авснаас хойш зээлийн төлөлт огт хийгдээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй учир байгууллагыг хохироохгүйн тулд 2020 оны 06 сарын 12-ны өдрөөр тасалбар болгон гэрээнээс татгалзаж байна. Иймд *******аас үндсэн зээл 3 000 000 төгрөг, хүү 679 277 төгрөг, алданги 366 094 төгрөг, нийт 4 45 371 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг яаралтай шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 2 дугаар багт оршин суух ******* нь манай байгууллагаас 3 000 000 төгрөг зээлж авсан. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Гэрээний хугацаа дууссан. Ингээд бид хүү, алдангийг тооцож шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нийт 4 045 371 төгрөгийг *******, Н.******* нараас гаргуулж өгнө үү. Хариуцагчийн төлөөлөгч 3 сая төгрөгийн зээл гарснаас хойш 1 332 000 төгрөгийг татаж авсан гэж хэлж байна. Гэтэл ******* нь өөрөө тэр мөнгийг шилжүүлсэн, бид нар хүний данснаас шууд мөнгө татаж авах эрхгүй байгууллага. Зээлийн гэрээ 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан. Манай компанийн ажилтан Энхчимэгийг гэрээ байгуулах эрхтэй хүн гэж хэлж байгаа нь үнэн. Мөн бид салбар газрууддаа тогтмол гэнэтийн шалгалт хийдэг. Бид нэг удаа Хөлөнбуйрын салбарт шалгалтаар очиход гэрээнд *******, ******* нар гарын үсэг зураагүй байсан. Ингээд бид 2020 оны 03 сарын 30-ны өдөр *******тай очиж уулзан бүх зүйлийг асуухад өөрөө хүсэлт болон дансны хуулгаа гаргаж өгсөн гэж хэлж байсан. Тэгээд яагаад гэрээнд гарын үсэг зураагүй юм бэ гэхэд би тухайн үед адуугаа хайгаад хөдөөгүүр явж байсан.Би өөрөө гуйж байгаад зээл авсан. Бидэнд маш их мөнгө хэрэгтэй байсан. Эхнэрт маань зээл гарахгүй гэсэн тул би өөр дээрээ зээл авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь бид *******т гэрээнд гарын үсэг зурах ёстой талаар тайлбарлаж хэлэхэд уучлалт гуйгаад өөрөө гарын үсгээ зурсан. Харин ******* нь Энхболд өмгөөлөгчөөс зөвлөгөө авснаасаа хойш гэрээнд гарын үсгээ зур гэхэд зурахгүй гээд зураагүй. Мөн шүүгч Байгалмаагийн шийдвэрлэсэн *******т холбогдох хэрэгт 5 000 000 төгрөг зээлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн. Уг хэргийг шийдвэрлэхэд зээлийн төлбөрөөс хассан тооцоог энэ *******т холбогдох зээлийн гэрээний төлбөрөөс хасуулна гэж яриад байх юм. Дахин дахин хасна гэж юу байхав дээ. Хасч тооцсон тооцооны талаар өмгөөлөгч Батболд өөрөө сайн мэдэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Мөнхбаатар овогтой ******* би ******* ******* *******-ын 4045371 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ мөнгийг ******* ******* гэх газраас аваагүй. Надад энэ мөнгө огт ирээгүй. Энэ газар нь өдрөөр 1 хувийн хүүтэй мөнгө хүүлээд манай эхнэр Н.*******ыг баахан залилж өрөнд оруулаад тэр өрөө төлүүлэхийн тулд миний нэрээр зээл гаргасан юм шиг байна. Дараа нь надаар гэрээн дээр гарын үсэг зураад өгчих гэж гуйж явсан. Үнэхээр зээл авсан бол би үүнийг төлөх л байсан. Даанч би зээл аваагүй. Би энэ байгууллагад ямар ч өр байхгүй гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөлөнбуйр суманд ******* ******* ******* нь үйл ажиллагаа явуулж эхлээд өдрийн 1 хувийн хүүтэй зээл гаргаж үүнээс *******, ******* нар нь зээл авч зээлийн хүүнд дарлуулж, эрх зүйн мэдлэг дутмагаас болж хүүнээс хүүний хооронд явах байдалд хүрсэн байна. Хаанаас ямар зээл авч ямар хүү өгөх ёстойгоо ч мэдэхгүй байдалд хүрсэн байгаа. ******* нь ХААН банкинд ямар ч данс эзэмшдэггүй. Энэ хүний дансаар огт гүйлгээ хийгдэж байгаагүй байдаг. ******* нь тухайн гэрээний талаар огт мэдэхгүй нэг ч төгрөг аваагүй гэдгээ хэлдэг. Эхнэр нь өмнөөс нь зээл аваад яваад байдаг асуудал байдаг. Энэ зээлээс 668 000 төгрөг авч хэрэглэсэн. Энэ мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Зээлийн гэрээг бол бодитоор хийгээгүй, дүр үзүүлсэн хэлцэл хийж гэрээ байгуулсан үйлдэл харагдаж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас 668 000 төгрөгөөс бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлийн гэрээг Энхчимэг гэх эдийн засагч өөрөө үйлдээд 3 дугаар сарын 30-ны өдөр *******аар нөхөж гарын үсэг зуруулсан гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая тайлбарлаж хэллээ. ******* гэдэг хүнтэй зээлийн гэрээ байгуулаагүй. Ер нь бол энэ зээлийн гэрээг хэнтэй нь ч байгуулаагүй. Гэхдээ ******* гэж хүний данс руу 3 000 000 төгрөг шилжүүлсэн боловч тэр дор нь 2 232 625 төгрөгийг буцаагаад энэ компанийн хамаарал бүхий хүмүүсийн дансанд шилжүүлсэн байдаг. Дансны хуулгааас зээлж авсан гэх мөнгийг хаашаа шилжүүлсэн нь тодорхой харагддаг. Нэхэмжлэгч хүн өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Гэвч өөрсдөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байгаа нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно. Барьцаалан зээлдэх газраас зээл гаргаж байгаа бол гэрээг бичгээр байгуулна. Бичгээр байгуулаагүй бол гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох талаар хуулинд тодорхой заасан. Гэтэл энэ компани өөрсдийн хийсэн гэрээндээ тэр дор нь *******, ******* нараар гарын үсэг зуруулаагүй, харин дараа нь нөхөж *******аар гарын үсэг зуруулсан. ******* 3 сая төгрөг авсан гэж гарын үсэг зураагүй, харин 668 000 төгрөгийг эхнэр маань авч хэрэглэсэн учраас зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэдэг. ******* энэ компаниас нэг ч төгрөг авч хэрэглээгүй, түүнд мөнгө төлөх үүрэг үүсээгүй гэж үзэж байна. Харин 3 сая төгрөгөөс шилжүүлээгүй үлдсэн 668 000 төгрөгийг *******аас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 05-ны өдрийн 138/ШШ2020/01078 дугаар шийдвэрээр:  Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Н.*******аас 1 667 375 /нэг сая зургаан зуун жаран долоон мянга гурван зуун далан тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2 377 996 төгрөгийг гаргуулах хэсгийг болон хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79 676 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамж 41 628 /дөчин нэгэн мянга зургаан зуун хорин найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Амгаланбат давж заалдах гомдолдоо: Шүүх бодитой хийгдээгүй дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. ******* нь 2020 оны 01 сарын 21-нд манай салбараас 6 050 000 төгрөгийн зээл авсан ба уг зээлийн төлөлтөө хийж дуусгаагүй. Гэрээний үүргийн биелэлтийг салбараас удаа дараа шаардсан. Ингээд ирэхээрээ зээлээ төлж чадахгүй байна, мөнгө олдохгүй байна, зээл гаргаад өгөөч гэж дахин дахин гуйсан хүссэн байна. Манайх *******ын нэр дээр зээл гаргах боломжгүй болохоор ******* нөхөр *******ийн хамт ирж нөхрийнхөө нэр дээр зээл гаргаж өгөхийг гуйсан. Нөхөр нь адууны тэжээл авна өөр хүнд ч мөнгө өгнө гэж зээлийн хүсэлтээ гаргаж Төрийн банкны дансны хуулга, багийн даргын тодорхойлолт авчирч өгсөн. Зээлийн хүсэлтийг авч хэлэлцэж зээл олгох эсэх асуудлыг зээлийн хурлаар хэлэлцэж шийддэг. Мөн төвөөсөө танилцуулж мөнгөө авдаг учир хүлээх болсон. Энэ хооронд нөхөр нь адуундаа явчихаад эхнэр нь зээлээ хүлээж үлдсэн. Зээл *******ийн нэр дээр олгогдох болохоор *******т Хаан банкны данс байхгүй байсан ба эхнэр *******ын дансанд хийлгэх хүсэлтээ хэлсэн болохоор уг мөнгийг *******ын буюу *******ийн эхнэр хамтран зээлдэгчийнх нь дансанд 3 сая төгрөгийг 2020 оны 02 сарын 12-ны өдөр хийсэн. Зээлдэгчийн зорилго бол манайхаас зээл авч зээлээ төлөх зорилготой байсан. Иргэний хуулийн 281.1 дүгээр зүйлд зааснаар зээлдэгчийн хүсэл зорилгод нийцсэн мөнгийг дансанд нь шилжүүлснээр зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзэж байна.

Шүүх бодит байдлыг хэт нэг талыг барин үнэлж, нэхэмжлэгч ******* Финанс нь өмнөх зээлийг төлүүлэх зорилгоор *******ийн нэрээр дахин шинэ зээлийн гэрээг бичгээр үйлдсэн ... гэж дүгнэсэн байна. ******* Финанс өмнөх зээлийг төлүүлэх зорилгоор гэхийн оронд хариуцагч нь өмнөх зээлээ төлөхийн тулд зээл хүссэн байдалд шүүх огтхон ч дүгнэлт хийхгүй байна. Нэхэмжлэгч ******* Финанс нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй билээ. Манайхаас зээл аваад төл гэж шаардаагүй, санал тавиагүй, зээл ав гэж шахалт үзүүлж зээл өгөөгүй байхад *******ийг хүсээгүй байхад зориуд түүнд мэдэгдэлгүй зээл олгосон мэтээр дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй шүүхийн шийдвэрийн бүхий л дүгнэлт нь нэг талаас өөрөөр хэлбэл хариуцагч талын тайлбарыг л үндэслэл болгож нэг талыг барьсан гэж гомдол гаргах үндэслэл болж байна.

Манай байгууллага хүссэнийх нь дагуу зээл олгосон нь буруу биш бол өөр зорилго агуулах үндэсгүй. Өөрөө хэлбэл манайх зээлээ шаардана, төлөхгүй бол тодорхой хугацааны дараа шаардаж алданги хүүгээ тооцоод нэхнэ. Бидний хувьд шүүхэд өгөхгүй гээд харж үзээд байх шалтгаан байхгүй. Харин зээлдэгч нар шүүхэд очихгүй байх сонирхолтой. Зээлээ төлөх хүсэл байвч тодорхой хугацаанд мөнгө олдохгүй байх, хөдөө суманд зээл олгох ганц найдвартай газар ******* Финанс байсан нь бодит үнэн.

Хариуцагч нар улс төрийн шоу хийсэн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, ******* нар хамтарч эрх ашгийн хамгаалагчид болж манай байгууллагыг муулж, малчдыг өрийн дарамтад оруулсан, сөгдүүлсэн, мөлхүүлсэн болгож олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр шууд бичлэг хийж, фэйсбүүк дээр пост оруулж манай байгууллагын нэр төрд шууд халдаж муулчихаад үнэн бодит байдлаа ярьж ам алдах, үнэнд гүйцэгдэх зээлдэгч /хариуцагч/ нарыг төлөөлөн тэдний хэлээгүй үг, санаагүй санааг гаргаж биднийг гүтгэж, муйхарлан зүтгэж хуулийг гуйвуулан мушгиж, дүр үзүүлсэн хэлцэл, хүчин төгөлдөр бус гэрээ гэх мэтээр ярьсан тайлбарласныг шүүх илүү тусгаж авч дүгнэлт хийсэн нь манай байгууллагыг хохироож байна.

Зээл олгох үед ******* өөрөө хөдөө явчихаад ирээгүй, мөнгийг нь төвөөс шилжүүлчихсэн, дансанд нь орчихсон гэрээнд гарын үсэг зурвал зохих хүн хөдөө явчихаад ирээд гарын үсэг зурчихна гээд гэрээнд гарын үсэг зураагүй хэд хоног болсон байхад нь төвөөс шалгалт ирсэн. Ингээд шалгалтын явцад ******* өөрөө зээл хүсч авснаа зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байхад зээлийн гэрээ хийгдээгүй, ******* зээл аваагүй, үүрэг хүлээгээгүй гэж дүгнэж буй нь хэт өрөөсгөл юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 3-т Энэ хуулийн 56.1.2 - 56.1.4, 56.1.8-д /66,19 гэж бичсэн/ заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтган хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ. гэж заасан байдаг. ******* нэгэнт зөвшөөрөөд гарын үсэг зураад эхнэр нь уг төлөлтийг дансандаа хийсэн байхад *******т үүрэг үүсээгүй гэх үндэсгүй юм.

Дүр үзүүлсэн хэлцэл гэж ямар хэлцлийг ойлгох вэ гэдэг талаар Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны 17 дугаар тогтоолд хамт хий хоосон, зөвхөн гадаад илэрхийлэл бий болгохын тулд хийгдэнэ гэж тодорхой заасан. Гэтэл зээлдэгч нар бодит байдлаа үгүйсгэж худлаа ярьсан, эсвэл хуульчдын тусламжтайгаар өмнө хүлээсэн үүргээсээ чөлөөлөгдөх зорилгоор худлаа, илэрхий худлаа зүйл ярьж, бичиж үгүйсгэж байна. Үүнийг шүүх үнэлээгүй. Тухайлбал өмнөх зээлийн үлдэгдлээ төлснийг өөрсдөө ч зөвшөөрч байгаа, баримтаар ч нотдогдож байгаа. Зээлдэгч авсан зээлээ яаж зарцуулах нь түүний хүсэл зоригийн асуудал юм. Мэдээж нэхэмжлэгч буюу зээлдэгч тал зээлээ төлөхийг шаардах нь хууль бус биш. Харин Хаан банкны *******ын данснаас манай барьцаат зээлийн газар шууд өөрсдөө татаад авчихсан мэтээр хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаад байгаа нь ямар ч үндэслэлгүй тайлбар. Хаан банкнаас ******* өөрийн биеэр очиж гүйлгээ хийнэ. Бид Хаан банкнаас бусдын данснаас мөнгө татан авах боломжгүй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж дурьдагдаагүй, зээлийн гэрээний төлөлтийн асуудлыг тайлбартаа бичсэн тул бид холбогдох гэрээнүүдийг шүүхэд гаргаж өгсөн. Түүнийг шүүх оновчтой зөв үнэлж чадаагүй. Хамтран зээлдэгч ******* хүсэлт гаргаж өөрийн дансанд 3 сая төгрөг авч захиран зарцуулсан атлаа зээлийн гэрээнд болохоор өмгөөлөгчөөс зөвлөгөө авснаар гарын үсэг зурахгүй байгаа явдал нь зориуд санаатайгаар үүргээс зайлсхийж буй хэрэг юм. Харин ******* уг гэрээг хүлээн зөвшөөрч үүрэг хүлээсэн ба эхнэрийнх нь дансанд орж зарцуулагдсан мөнгийг ******* үүрэг хүлээгээгүй гэж дүгнэх үндэсгүй. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-д заасан шаардлага хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэсэн боловч ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэлийг хүчин төгөлдөр болох нөхцөлийг тусгасан байна. Зээл төлсөн тооцооны тухай шүүхээс хийсэн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. 3 сая төгрөг авмагцаа тэр 3 сая төгрөгөөсөө 1 332 625 төгрөгийг нь уг зээлийг төлөхийн тулд зээл авах учир шалтгаан байхгүй. Хариуцагч ямар нэг аргаар энэ удаад төлөх төлбөрөө багасахын тулд янз бүрээр хуулийг өөртөө ашигтайгаар тайлбарлаж болох боловч, шүүх нотлох баримт нь аль зээлийн төлөлт хийгдсэн болохыг анзаарахыг хүсэхгүй шууд хасаж тооцож байгаа нь үндэсгүй гэж үзэж байна. Зээлийн харилцах дансыг *******, ******* нар хөтөлдөггүй. Аль зээлээ төлөх талаар тодорхой санал хэлээгүй бол барьцаат зээлийн газрын теллэр л зээлийн төлөлтийг гүйцэтгэсэн байдаг. Уг 1 332 625 төгрөгийг Н.*******ын нэр дээрх 6 050 000 төгрөгийн зээлийн төлөлтөөс 2020 оны 02 сарын 12-нд хийсэн Хаан банкны дансны хуулганы баримтаар харагдана.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

 ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч *******, Н.******* нарт холбогдуулан 2020 оны 02 сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, гэрээний үүрэг буюу үндсэн зээл 3 000 000 төгрөг, хүү 679 277 төгрөг, алданги 366 094 төгрөг, нийт 4 045 371 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргасан байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч *******, Н.******* нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй болох нь нотлогдож байна. Тухайлбал: зээлийн гэрээ нэг талаас Т.Энхчимэг, нөгөө талаас *******, хамтран зээлдэгч Н.******* нарын хооронд хийгдэж, гарын үсэг зурагдсан, олгосон 3 000 000 төгрөгийг Д.Амгаланбатын хувийн 542 231 6044 дугаар данснаас шилжүүлсэн, Н.*******аас буцаан төлсөн 1 332 625 төгрөг нь мөн Д.Амгаланбатын хувийн 542 231 6044 дугаар дансанд орсон байна. Эдгээр баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******* ******* ХХК нь компанийхаа хувьд энэ зээлийн гэрээний харилцаанд оролцоогүй, харин Д.Амгаланбат нь иргэнийхээ хувьд оролцсон байх тул иргэд хоорондын зээлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах, авсан өгсөн зүйлээ буцаан гаргуулах зохицуулалтын хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч Н.*******аас 1 667 375 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосон нь үндэслэлгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч ******* ******* ХХК нь зээлийн гэрээний нэг талын оролцогч Т.Энхчимэгийг манай компанийн ажилтан, компанийг төлөөлөх эрхтэй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбараа нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар шүүхэд гаргаагүй, нотолж чадаагүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзсэн тул ******* ******* ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 676 төгрөг, мөн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 79 676 төгрөгийг тус тус улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.              Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 05-ны өдрийн 138/ШШ2020/01078 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 676 төгрөг, мөн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 79 676 төгрөгийг тус тус улсын орлого болгосугай.

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД Ж.ДОЛГОРМАА

З.ЭНХЦЭЦЭГ