Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2025/ДШМ/16

 

 

 

 2025 оны 03 сарын   31                                                 2025/ДШМ/16                         

 

Т.Э-д  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд                                                     

  Прокурор Л.Галбадрах

                 Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрвээ

      Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймгийн Х  сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шүүгчийн 2025/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор Т.Э-д  холбогдох эрүүгийн 2427000150208  дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Т.Э

Т.Э нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Х  сумын .... дүгээр баг .... тоот хашааны гадны Г.Н-ыг  өөрийн нөхөр С.Г-тэй  хардсаны улмаас алгадах, өшиглөх үйлдлээр халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Х  сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос: Т.Э-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Х  сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Э-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Э-ныг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар Т.Э  нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Т.Э-аас хохиролд 1,650,890 төгрөг. сэтгэцэд учирсан хор уршигт 1,980,000 төгрөг, нийт 3,630,890 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Н-д, 398,800 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн ...... тоот дансанд тус тус олгохоор, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан, Т.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхгийг хэрэгт хадгалахыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4. 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах. эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Э-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрвээ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Т.Э  нь хохирогч Г.Н-ын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж Өвөрхангай аймгийн Х  сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдон 600,000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгэгдсэн. 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор 242700015 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсанаас хойш хохирогч Г.Н-аас хууль сануулсан мэдүүлэг огт аваагүй. Тус хэргийн гол гэрч буюу гэмт хэрэг болсон гэх газарт байсан гэрч С.Г-ийг мөн эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш хууль сануулж мэдүүлэг аваагүй. Гэрч н.Д-ийн “... Т.Э-аас асуухад манай нөхөр Г-ийн машинд Г.Н сууж байгаад намайг хараад машинаас буугаад машины хойд талд нуугдсан, тэгэхээр нь би Г.Н-ыг газар унагааж гэр рүү нь чирээд гэрт нь авч ороод энэ охиноо ав гэхэд Л гэх эмэгтэй чи миний охиныг янхан пизда гэж хэлдэг хэн бэ гэж надтай хэрэлдсэн гэж Энхсайхан надад хэлж байсан... гэх мэдүүлэг.  Г.Н хэлэхдээ “Т.Э гэх эмэгтэй намайг газар унагааж чирээд гэрт орсон гэж байсан...” гэх мэдүүлэг. Дээрх мэдүүлэгт Д-г энэ талаар Т.Э, Г.Н хоёрын хэн нь хэлсэн болохыг тогтоолгох. Хэрэв Г.Н ингэж хэлсэн бол тухайн үед Т.Э хохирогчийн хөл рүү өшиглөөгүй болох нь тогтоогдох боломжтой харагдаж байна.

Хохирогч 2024 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө өшиглүүлсэн гэх бөгөөд 7 хоногийн дараа эрүүл мэндийн байгууллагад хандсан байна. Яагаад гэмтэл бэртэл авснаас хойш 7 хоногийн дараа эрүүл мэндийн байгууллагад хандсаныг асуулгах шаардлагатай. Гэрч Б-гийн “...тэнд байсан хүмүүсээс тодруулахад...” гэх мэдүүлэг /хх 63 хуудас/ авагдсан бөгөөд яг хэн хэн байсан талаар дахин мэдүүлэг авах шаардлагатай. Холбогдогч Т.Э ы асуулт нь “та гэр бүлийн гишүүн Д.Н-гийн биед халдсан талаараа мэдүүлэг өгөх .. гэж асуусан байна. /1 дүгээр хх-26 хуудас/ Энэ нь хэрэгт огт хамааралгүй хүний талаар асуусан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна. Гэрч С.Г-ийн “.. Нөгөө охин манай машины толийг өшиглөөд хагалсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх 62 хуудас/ байгаа бөгөөд хохирогч Г.Н-ын хөлд учирсан гэмтэл нь хохирогчийн өөрийн үйлдлээс үүссэн байх боломжтой. Гэрч А-ын “.. Харанхуй байсан болохоор аль хөл рүү нь өшиглөснийг хараагүй гэх дахин авсан мэдүүлэг /1 дүгээр хх- 54, 57 хуудас/ “...зүүн хөл рүү нь өшиглөсөн...” гэж өмнөх мэдүүлгээс зөрүүтэй, шууд заасан мэдүүлэг өгсөн. Үүний зөрүүг арилгаагүй. Мөн гэрч А-ын мэдүүлэгт “...Гэрт ороод ээжийн хөл рүү өшиглөсөн гэх боловч гэрч Л-ын “... гадаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг байна /1 дүгээр хх 59 хуудас/. Гэрч нар зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад мэдүүлгийн зөрүүг арилгаагүй байна. Хохирогч Г.Н-ын “...Т.Э  нь ээжийн хэвлий рүү өшиглөсөн...” гэх боловч гэрч Л нь “...Энхсайхан нь миний хөл рүү өшиглөсөн...” гэх мэдүүлгийг тус тус өгсөн. Мөн гэрч А “... эгчийг чирч гэр лүү ороод ээжийн хөл рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг өгчээ. Хохирогч болон гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байхад мэдүүлгийн зөрүүг арилгаагүй байна. Шүүгдэгч Т.Э-ыг нөхрөө хайгаад тэр айлын хашаанд очиход тухайн хашаанд хэн хэн байсныг тогтоогоогүй байж бүгдийг нь гэрчээр татаж мэдүүлэг авсан байна. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд хавтаст хэрэгт хэт нэг талыг барьсан нотлох баримтууд цуглуулсан бөгөөд гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, хэрэгт хамааралгүй этгээдийн нэр дурдаж мэдүүлэг авсан, зөрчлийн хэрэгт авагдсан мэдүүлэгт үндэслэн яллагдагчаар татсан боловч эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш буюу яллагдагчаар татсанаас хойш гэрч, хохирогч нараас хууль сануулж мэдүүлэг аваагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Өвөрхангай аймгийн Х  сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрвээ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Хохирогч Г.Н-ын аав, ээж, дүүг гэрчээр асуусан. Тэнд байсан Т.Э ы нөхөр С.Г-ийг гэрчээр асуугаагүй нь хэт нэг талыг барьж нотлох баримтаа цуглуулсан. Тэнд болсон бүх процессыг С.Г гэх хүн мэдэж байгаа. С.Г машин засах гэж очоод маш их удсан. Т.Э ы нөхөр С.Г-өөс тэнд болсон процессыг асуувал хэргийн нөхцөл байдал нэлээн тодорхой болох байхад Т.Э ыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татах тогтоол үйлдсэнээс хойш С.Г-ийг гэрчээр асуугаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байна. Мөрдөгч нь С.Г-өөс асуухдаа гэр бүлийн гишүүн Д.Н-гийн биед халдсан талаараа мэдүүлэг өгөх үү гэж алдаа гаргасан. Прокуророос техникийн алдаа гаргасан гэж тайлбарлаж байгааг үнэхээр ойлгохгүй байна. Ийм хайнга хандчихаад хүний хувь заяа шийднэ, ийм нотлох баримт бүрдүүлчихээд хэргийг шийдвэрлэж болохгүй. Шүүгдэгч Т.Э , хохирогч Г.Н нар өөр өөр утгатай мэдүүлэг өгсөн байдаг, энэ мэдүүлгийн зөрүүг арилгаагүй байна.  Дуудлагаар очсон хоёр цагдааг очиход гэр дотор хэн хэн байсан, хашаан дотор нь Т.Э , түүний нөхрөөс өөр хэн байсан гэдгийг тодруулах шаардлагатай. Гэрчүүдийн мэдүүлгийг дахин авч байж хэргийн үнэн бодитойгоор шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд Өвөрхангай аймгийн Х  сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Прокурор Л.Галбадрах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэргийн материалтай танилцах явцад шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан 10-н үндэслэлтэй холбоотой дараах асуудал тогтоогдсон. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаас хойш хохирогч, гэрч нараас мэдүүлэг аваагүй гэх зүйлийг ярьж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг бүртгэлтийн шатанд гэрч, хохирогчоос мэдүүлэг авсан, дахин нэмэлт зүйл тодруулах шаардлагатай гэж үзвэл дахин мэдүүлэг авах зохицуулалттай. Гэрч н.Д-гийн мэдүүлэгт мэдүүлгийн зөрүү байдаг. Гэрч н.Д нь тухайн үйл явдал болсон гэх газарт дуудлагын дагуу очсон цагдаагийн алба хаагч юм. Цагдаагийн албан хаагч тухайн үед юу болсон талаар Т.Э аас болсон үйл явдлын талаар аман хэлбэрээр тайлбар авсан. Тэгэхэд Т.Э ы хэлсэн зүйлийг л мэдүүлэгт тэмдэглүүлсэн болохоос биш тухайн үед бодитойгоор болсон үйл явдлыг харсан гэрч биш гэдгийг хэлэх байна. Хохирогч 7 хоногийн дараа эмнэлэгт үзүүлж байгаа нь ойлгомжгүй гэж байна. Хохирогч Г.Н-ын зүгээс 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр уг үйл явдал болсон байдаг. 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эмчид үзүүлсэн талаарх баримт хавтаст хэргийн 78 дугаар хуудсанд авагдсан. Эмчид үзүүлэхдээ 5 хоногийн хугацаанд эм тариаг хэрэглэх талаар зөвлөгөө өгч эмийн жор дээр бичиж өгсөн байдаг. 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн. Энэ нь хавтаст хэргийн 81-82 дугаар хуудсанд баримтаар авагдсан. 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Мөнгөн гүүр эмнэлэгт шинжилгээнд хамрагдсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А-аас мэдүүлэг авсан байдаг. Гэрч А-аас тухайн өдөр тэнд байсан талаар мэдүүлэг авахад машины цаанаас танихгүй эгч гэж байгаа нь шүүгдэгч Э байгаа юм. Мөн аав Г ээж Л, Г.Н, А миний бие байсан талаараа мэдүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн цаг хугацаанд байсан гэх хүмүүсээс бүгдээс нь гэрчийн мэдүүлэг авсан. Н-ийн талаар мэдүүлэг өгөх үү гэдэг нь эрх бүхий албан тушаалтнаас техникийн шинжтэй алдаа гаргасан байдаг. Гэхдээ бодит байдалд мэдүүлэг өгөх үү, болсон үйл явдлын талаар ярих уу гэдэг нь мэдүүлэг авч эхэлсэн байдгийг хэлэх нь зүйтэй. Мөн Г-ийн мэдүүлэгт охин толийг өшиглөөд хагалсан хэлдэг. Гэрч нарын мэдүүлгээр Г.Н-ын ээж Л тухайн машины толийг өшиглөсөн, Г.Н энэ үйл явдлыг таслан зогсоох зорилгоор ээжийгээ барьж хорьсон гэдэг зүйлийг гэрчүүд мэдүүлсэн. Тухайн үйл явдал болж байх цаг хугацаанд харж байсан А гэдэг хүн анхны мэдүүлэгтээ ярьдаг. Дараагийн мэдүүлэгт бататгаж өгсөн мэдүүлэг тул бид мэдүүлгийг шууд нотлох баримтаар үнэлэх боломжтой. Мөн дахин мэдүүлэг авах шаардлагагүй, мэдээллийн зөрүү байхгүй. Мөн Л-ын гэр, хөл рүү өшиглөсөн өшиглөөгүй асуудлын талаар хохирогчид зөрүүтэй мэдүүлсэн байна гэдэг зүйлийг хэлдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч хохирогч, шүүгдэгч нарын хувьд хохирогчийн хөл рүү өшиглөсөн асуудлаар яригддаг. Лг гэрийн гадаа өшиглөсөн үү, гэр дотор өшиглөсөн үү гэдгийг тогтоох шаардлагагүй. Энэ нь хэрэгт ач холбогдолгүй зүйл юм. Хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байхад мэдүүлгийн зөрүүг арилгаагүй ээж нь хөлөөрөө өшиглөсөн юм уу. Б өшиглөсөн юм уу гэдэг нь уг хүний мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа учраас Л-ын биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй тул асууж тодруулах шаардлагагүй. Тухайн хашаанд байсан хүмүүс хэн хэн байсныг тогтоох, гэрчээр мэдүүлэг авч тухайн хашаанд машин засдаг хүн, танихгүй эмэгтэй, ээж Л, аав Г, Г.Н, А нар байсан. Эдгээр хүмүүсээс хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны мэдүүлэг авч холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн байгаа. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж байгаа эдгээр гомдлууд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, оролцогч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул Өвөрхангай аймгийн Х  сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрвээгээс ... Хэт нэг талыг барьсан нотлох баримтуудыг хавтаст хэрэгт цуглуулсан бөгөөд гэрч болон  хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, хэрэгт хамааралгүй этгээдийн нэр дурдаж мэдүүлэг авсан, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаас хойш гэрч, хохирогч нараас мэдүүлэг аваагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 Учир нь: Гэрч С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...хохирогч Г.Н-ыг  Т.Э  нь зодож, цохисон асуудал байхгүй, хэл амаар доромжлоогүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/, хохирогч Г.Н-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 68 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 39-41 дугаар хуудас/, мөн хохирогчийн биед гэмтэл тогтоогдоогүй гэсэн шүүх эмнэлгийн шинжээч нарын 482 дугаар дүгнэлт /хавтаст хэргийн 135-136 дугаар хуудас/  хэрэгт тус тус авагдсан байна.

Гэтэл анхан шатны шүүхээс нотлох баримтаар үнэлсэн шүүх эмнэлгийн 336 дугаартай дүгнэлт нь дээрх шүүх эмнэлгийн 68, 482 дугаартай дүгнэлттэй харилцан зөрүүтэй байхад үүнийг үгүйсгэсэн талаараа шийтгэх тогтоолд дүгнээгүй нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин  сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

  1. Шүүгдэгч Т.Э-д  энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

    3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.НЯМДОРЖ

                                 ШҮҮГЧИД                            Н.ЭНХМАА

                                                                              Б.ЦЭРЭНПҮРЭВ