Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 137

 

                       

                                                                                                 

               

 

 

 

2018 оны 07 сарын 31 өдөр                                  2018/ШЦТ/137                                                              *******

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга П.Цэнднасан,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох 1828000000095 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 27-ны  өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

                          Тодорхойлох нь:

 Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны орой 18 цагийн үед Өмнөговь аймаг, ******* сум, 6 дугаар багийн нутаг дэвсгэрт засмал зам дээр******* ӨМӨ улсын дугаартай Хонда Пит маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх заалтыг зөрчин Д.Бын жолоодож явсан ******* ӨМЗ улсын дугаартай супер Бени маркийн мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас мотоцикльд сундалж явсан иргэн Х.Цийн эрүүл мэндэд хүндэвтэр, Д.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Быг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Х.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2018 оны 05 дугаар сарын 26-ны 18 цагийн үед байсан байх, нөхөр *******ын хамтаар түүний мотоциклоор ******* дэлгүүр орж юм авчихаад буцаад засмал замаараа хойшоо явж байсан. Тэгээд петровис клонкийн өмнө талын уулзвар дээр ирэхэд зүүн талаас туслах шороон замаас машин гарч ирээд мөргөсөн. Тэгээд юу болсныг мэдээгүй, ямар ч байсан туслах замаас машин гарч ирснийг нь харсан /хх-ийн 17-р хуудас/ ...Надад ослоос болж 1200.000 төгрөгний хохирол учирсныг Б.Б нөхөн төлсөн болохоор одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...ХХ-ийн 69-р хуудас/

 

Хохирогч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...Ослоос болж миний биед гэмтэл учраагүй, гайгүй ээ. Миний мотоциклийн тормоз хэвийн ажиллагаатай, Би А ангиллын жолооны үнэмлэхтэй, миний хувьд гомдол санал алгаа.../ХХ-ийн 13-р хуудас/

Гэрч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2018 оны 05 дугаар сарын 26-ны орой 18 цагийн үед ******* дэлгүүр орж АТМ-ээс мөнгө аваад дэлгүүр орж хоолны материал аваад буцаад гэр лүү эхнэр *******ийг сундлаад өөрийнхөө мотоциклийг унаад явж байсан. Бид хоёр засмал замаар явж байсан. Тэгээд явж байтал Петровис клонкийн өмнө талын уулзвараар миний баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр зүүн талаас хар өнгийн Пит гэдэг жижиг машин гарч ирээд мөргөсөн эсрэг талаас миний өөдөөс нэг ачааны портер ирж байсан уг нь би тэр машиныг өнгөрөөд нөгөө машин орж ирэх байх гэж бодсон, тэгсэн тэр машин тэгээгүй шууд л орж ирээд намайг мөргөөд түр, тар гээд явсан тэгээд юу болсныг мэдээгүй би газар унаад босоод ирэхэд манай эхнэр мотоциклийн өмнө хэвтэж байсан. Машины жолооч бууж ирээд түргэн дуудсан. Дараа нь цагдаад хэлье гээд нөгөө нөхөр цагдаад дуудлага өгсөн. Манай эхнэрийг түргэний эмч ирээд яваад явсан /хх-ийн 19-р хуудас/

 

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018.06.08-ны өдрийн №307 дугаар шинжээч эмчийн дүгнэлтэд: X Ц-ийн биед тархины доргилт, хүзүүний 4, 5, 6-р нугалмын арын сэртэн, 7-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун шанаа хамар, баруун сарвуу, зүүн өвдөгний зулгаралт, 2 нүдний дээд зовхи баруун өвдөг, шагайн үений дотор гадаргуу, баруун хөлийн хуруунуудын цус хуралт, баруун мөр, баруун сарвууны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Хүзүүний дөрвөн нугалмын сэртэнгийн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь 2 4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна /хх-ийн 23-р хуудас/,

 

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын 2018.06.14-ний өдрийн №21 дугаартай зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн дүгнэлт: Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Гол зам” –ын уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттай нь буюу энэ дүрмийн 1 дүгээр заалтын 3.1. 3.3 а, б. в, 5.1 тэмдэг бүхий замыг хэлнэ гэж тодорхойлсон. Хонда пит маркийн******* өмө улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь шороон замаас хучилттай замруу нийлэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх хэсэгт заасан “...Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх хэсэгт заасан “...Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг, Дуламдорж овогтой ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх хэсэгт заасан. "...Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Баттөмөр овогтой Баярбатыг Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас шүүхэд 554571 дугаартай АВ ангиллын жолооны үнэмлэхтэй байв. Мөн Дуламдорж овогтой *******ыг лавлагааны сангаас шүүхэд 1184581 дугаартай А ангиллын жолооны үнэмлэхтэй байв. /хх-ийн 25-р хуудас/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018.06.19-ний өдрийн №333 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Д.Бын биед баруун сарвуу өвдөг, шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 30-р хуудас/

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн орой 19 цагийн үед би ажлаа тараад явж байсан, хуучин нисэхийн хойно Эко төвийн хойд талын туслах замаас төв зам руу орох гээд эсрэг урсгалаар явж байсан машиныг өнгөрөөх гээд зогсож байсан чинь зүүн гар тал буюу өмнө талаас хойшоо чиглэж явсан мотоцикльтой хүн миний машины өмнө талын хамрыг мөргөөд унасан би машинаас буугаад ирэхэд мотоциклийн жолооч нь босоод, ард нь суугаад явж байсан зорчигч нь зам дээр сууж байсан тэгэхээр нь би эмнэлэг дуудаад, цагдаад дуудлага өгсөн. Би уг замын зүүн гар талаас орж ирээд засмал замын голын цагаан шугам дээр тулаад зогсож байсан хойд талаас цэнхэр өнгийн ******* ӨМӨ гэсэн байхаа тоосго ачсан портер урагшаа явж байсан би тэр машиныг өнгөрөөгөөд араас нь явах гээд зогсож байсан. Би тэр мотоциклийг харсан тэр мотоциклын өмнүүр нь яваад урсгалдаа орж амжих байх гэж бодсон /хх-ийн 39-р хуудас/

 

Шинжээч Э.Өнөрбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Тухайн осол нь туслах замаас орж ирсэн тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь гол замаар явж байсан Д.Бын жолоодож явсан мотоцикльд зам тавьж өгөөгүйн улмаас зам тээврийн осол гарсан, харин Д.Бын үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй /хх-ийн 68-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-12-р хуудас/

Шүүгдэгч Б.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны орой 18 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт засмал зам дээр******* ӨМӨ улсын дугаартай Хонда Пит маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх заалтыг зөрчин Д.Бын жолоодож явсан ******* ӨМЗ улсын дугаартай супер Бени маркийн мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас мотоцикльд сундалж явсан иргэн Х.Цэцэгдэдэлгэрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Цийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018.06.08-ны өдрийн №307 дугаар шинжээч эмчийн дүгнэлтэд:  Х.Цийн биед тархины доргилт, хүзүүний 4, 5, 6-р нугалмын арын сэртэн, 7-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун шанаа хамар, баруун сарвуу, зүүн өвдөгний зулгаралт, 2 нүдний дээд зовхи баруун өвдөг, шагайн үений дотор гадаргуу, баруун хөлийн хуруунуудын цус хуралт, баруун мөр, баруун сарвууны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Хүзүүний дөрвөн нугалмын сэртэнгийн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь 2. 4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.../хх-ийн 23-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Х.Цт гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол, хор уршигт 1200.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн: ...надад ослоос болж 1200.000 төгрөгний хохирол учирсныг Б.Б нөхөн төлсөн болохоор одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас Д.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй ба зөрчлийн хэргийн шинжтэй байна, Д.Б нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө: ...миний хувьд гомдол санал алгаа эхнэрийнхээ биеийг зүгээр болгочихвол өөр гомдол байхгүй...гэсэн тул шүүгдэгчээс нэхэмжилсэн төлбөр хохиролгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.  

 

         Шүүгдэгч Б.Б-д улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байх боловч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээр дурдсан үндэслэл, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаа хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Бад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

         Шүүгдэгч болон улсын яллагчийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар болон хугацааны талаар санал дүгнэлт гаргаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Б.Бын торгуулийн ялыг гүйцэтгэх хугацааг тогтоох нь зүйтэй гэж үзэн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэв.

         

         Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Б.Б-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д  зааснаар шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Х.Ц-т 1.200.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ДЭЛГЭРМАА