Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/405

 

 

 

 

 

 

 

 

 

2025                04                    03                                2025/ДШМ/405

 

 

П.Пт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

хохирогч З.Нын өмгөөлөгч Б.Буянжаргал, 

шүүгдэгч П.П,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/390 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Пын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2403008151076 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуупийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар үүрэг хүлээлгэсэн,

Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоол, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2.650 нэгжтэй хэмжээний буюу 2.650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

Шүүгдэгч П.П нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “Dongben” загварын мотоциклтой явж байсан З.Ныг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: П.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: П.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Пт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Пт оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон газарт өдрийн наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Пт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Ө.Мс 1.370.000 төгрөг гаргуулж хохирогч З.Нт олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.П нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч З.Н нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.П давж заалдах гомдолдоо: “...Миний би Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолтой танилцахад “...тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа нэгдүгээр эгнээнээс хоёрдугаар эгнээрүү шилжих үйлдэл хийхийн өмнө эгнээ байр эзэлж байгаагаа анхааруулсан дохио өгөөгүй 2 дугаар эгнээ рүү шилжсэний улмаас 2 дугаар эгнээнд явж байсан мотоциклийг мөргөж хохирогч З.Нт хүндэвтэр хохирол учруулсан. ...” гэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч хохирогч З.Нын мотоциклийг мөргөж 1.370.000 төгрөгийн эвдрэл гэмтэл учруулсан хохирлоо сайн дураараа төлж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолын эрүүгийн хариуцлага гэх хэсэгт “...шүүгдэгчийн хувийн байдал урьд нь хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан зэргийг хагалзан үзэж шүүгдэгч П.Пт Эрүүгийн хуулийн түсгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, 600 цагийн хугацаагаар нийтэд тусгтай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ. ...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь, би урьд нь хоёр удаа ял шийтгэл авч байсан боловч тухайн ял шийтгэлээ бүрэн эдлэж дууссан, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо нөхөн “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай ба манай компани барилгын засал чимэглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компани “Б” ХХК-тай Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрийн барилгын нэгээс таван давхарын дотор заслын ажил хийх гэрээг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулан үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Би дээрх ажлыг өдөр тутам удирдан зохион байгуулж ажилладаг юм. Иймд миний тодорхой ажил хөдөгмөр эрхэлдэг, цалин орлоготой, одоо барилгыг заслын ажил хийж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар сольж өгнө үү. Би “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай. Үүнтэй холбоотой хөдөлмөрийн гэрээ болон хохирогч З.Нын мотоциклын хохирлыг барагдуулсан талаарх дансны хуулга зэрэг баримтуудыг шинээр гаргаж өгч байна. ...” гэв.

Хохирогч З.Нын өмгөөлөгч Б.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрөө төлөөгүй. Анх хэрэг гараад удаагүй байхад шүүгдэгчээс “хохирол төлбөрийг төлнө” гэж хэлээд явсан байдаг. Гэвч хохирлыг барагдуулаагүй. Дахин давж заалдах гомдол гаргахад мотоциклын төлбөрийг төлсөн. Анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу дээр маргаж оролцсон. Одоо болтол эмчилгээний төлбөрийг төлөөгүй. Хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруу, учруулсан хор уршиг, хохиролд үндэслэж ял оногдуулдаг. Эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх баримтыг өгөөгүйгээс болоод эмчилгээний төлбөрөө нэхэмжилж чадаагүй. Мотоциклынх нь төлбөрийг төлсөн. Бидний зүгээс үүн дээр маргаагүй. Гэтэл хохирлыг төлөхгүй байж байгаад өчигдөр хохирлыг төлсөн. Ийм шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Учир нь, П.П нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд гэм буруу дээр маргаж оролцсон. Мөн хохирол төлбөрийг төлөөгүй нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хор уршиг зэргийг шүүхээс харгалзаад түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг оногдуулсан. Ингэж шийдвэрлэхдээ тээврийн хэрэгслийн хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Хохирогч эмчилгээний зардал гэж баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, тээврийн хэрэгслийнхээ хохирлыг л авна гэдэг байр суурьтай анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол төлбөрийг төлөөгүй байсан. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хяналтын камерын бичлэг болон бүх баримтуудыг шинжлэн судлаад үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.П нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “Dongben” загварын мотоциклтой явж байсан З.Ныг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-11/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16-19/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх 57-62/, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх 69-77/,

хохирогч З.Нын “...Нэг суудпын тээврийн хэрэгсэл аваарын гэрлээ асаагаад зогсож байхаар нь 2 дугаар эгнээ рүү шилжээд явж байтал 1 дүгээр эгнээнд явж байсан суудлын тээврийн хэрэгсэл баруун талаас 2 дугаар эгнээ рүү шахаад орж ирээд миний мотоциклын баруун урд талаас мөргөсөн. Тухайн үед би мотоциклтойгоо эсрэг урсгалын 2 дугаар эгнээнд 10 орчим метр шидэгдээд унасан. Мөргүүлж унаад босох гэсэн боловч баруун хөл өвдөөд, давхар шоконд орчихсон байсан болохоор босч чадахгүй байсан. ...” гэсэн /хх 22-23/ мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 13311 дугаар “...З.Нын биед баруун хөлийн тавхайд язарсан шарх, баруун 3, 5-р хурууны үзүүрийн шивнүүрийн ил хугарал, баруун тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, хэвлий, зүүн гарын алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн /хх 48-49/,” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс П.Пын үйлдлийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч П.Пын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан, тухайн зүйл, ангид зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч П.Пын “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар сольж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. ...” гэж заасан бөгөөд шүүгдэгчийг анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө нөхөн төлсөн, гэм буруу дээрээ маргаагүй байх боловч анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял хүнд биш, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршигт тохирсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой. Иймээс ч шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч П.Пын үйлдсэн гэмт хэргийнх нь шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруу, хувийн байдалтай тохирсон бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Пын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч П.П нь давж заалдах шатны шүүх хуралдаанд дээрх гэмт хэргийн хохирогч Ө.М учирсан хохиролд 1.370.000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/390 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Пын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                            ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ