| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 182/2019/01304/И |
| Дугаар | 210/МА2019/01757 |
| Огноо | 2019-09-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2019/01757
| 2019 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 210/МА2019/01757 |
Ч.Х-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01376 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Ч.Х-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Д.Б-д холбогдох
Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 5 дугаар гудамж, 0040а тоот хаягт байрлах 18642314919863 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 0.7 га газрыг Д.Бат-Эрдэнийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ч.Х-
Хариуцагч Д.Б-
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Нямдалай
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.
Нэхэмжлэгч Ч.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019 оны 3 дугаар сард С.Лхагвасүрэнтэй Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Хайлааст 5 дугаар гудамж, 0040а тоот хаягтай, гэр бүлийн зориулалттай 0,7 га газар, түүн дээр баригдсан 60 м.кв хувийн орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн.
Дүүргийн Газрын албанд очиж газрын кадастрын зургийг өөрийн нэр дээр гаргуулан баталгаажуулж, газрын мэдээллийн санд холбогдох өөрчлөлтийг бүртгүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн 000459829 тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар газрын хууль ёсны өмчлөгч болсон.
Миний бие уг газартаа барилгын ажил эхлүүлэхээр очиход Д.Б- гарч ирэн үл ойлголцол үүсгэж эхэлсэн. Иймд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 5 дугаар гудамж, 0040а тоот хаягт байрлах 18642314919863 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 0.7 га газрыг иргэн Д.Бат-Эрдэнийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие А.Оюунчимэгтэй 1984 онд гэр бүл болж тус хашаанд 10х6 хэмжээтэй 3 өрөө байшин барьсан. Ингээд Н.Нямжаргалтай хашаагаа хувааж, тус тусдаа гэрчилгээ гаргуулахаар тохирч 2014 онд хашаагаа хуваасан. Гэтэл Н.Нямжаргал биднийг хуурч зөвхөн өөрийн нэр дээр уг газрын гэрчилгээг гаргуулсан. Газрыг дамжуулан зарахдаа намайг түрээсээр амьдардаг гэж худлаа хэлснээс энэ хүн газар байшинг хууль бусаар булаан авахаар шаардаж байна. Манай гэр бүл энэ хашаа байшинд дөч гаруй жил амьдарч байгаа. Иймд миний газрын асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж, биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 5 дугаар гудамж, 0040а тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18642314919863 дугаартай 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2202006478 дугаарт бүртгэгдсэн газрын хариуцагч Д.Б- болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Ч.Х-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-эс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Х-д олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч Д.Б- давж заалдах гомдолдоо: Би 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд 08 цаг 50 минутад ирэхэд, шүүх хуралдааныг өөр газар 09 цаг 10 минутад явуулсан. Сүүлд харахад шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд хэзээ болох нь байснаас хаана болохыг орхигдуулсан байсан. Шүүх хэрэг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэлтэй танилцах боломж олгоогүй учир шүүх хуралдааны бичлэгийг үзэхэд шүүгч нэхэмжлэгчээс шүүх хуралдааны ирцийн талаар ямар нэгэн санал байна уу гэж асуухад нэхэмжлэгч тал толгой сэгсэрч саналгүй гэсэн байна. Шүүгч түүний өмнөөс нэхэмжлэгчийн эрхийг эдлэн хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх талаар хүсэлт бичиж өгөх ёстойг зааж өгөн нэг талд үйлчилсэн тул шүүхийн шийдвэр нь хуульд нийцэх боломжгүй юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож миний эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Ч.Х- нь хариуцагч Д.Б-д холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Хайлааст 5 дугаар гудамж, 0040а тоот хаягт байрлах 18642314919863 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 0.7 га газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсаар мэдэгдэх үүрэгтэй. Хэргийн 31 дэх талд авагдсан Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 9 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчид 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдэж гарын үсэг зуруулсан хэдий ч уг баримтад шүүх хуралдааныг хаана болох талаар тэмдэглэгдээгүй байх тул хариуцагч Ч.Бат-Эрдэнийн ...би шүүх хуралдаанаа хүлээгээд сууж байсан чинь өөр газар шүүх хуралдаан болоод дууссан байсан... гэх гомдол үндэслэлтэй гэж үзнэ.
Дээрх зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.2-т заасан үндэслэлд хамаарах тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01376 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Ч.ЦЭНД