Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/205

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1838004910260 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 3 дугаар багийн нутаг “Өндөр цахир” гэх газраас хууль бусаар 14 куб.метр мод бэлтгэж ойн санд 5.140.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 3 дугаар багийн нутаг “Өндөр цахир” гэх газраас хууль бусаар 14 куб.метр мод бэлтгэж ойн санд 5.140.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би хүнээс өвөлжөө худалдаж авсан байсан бөгөөд авсан өвөлжөө нь мод муутай өвөлжөө байсан. Тэгэхээр нь 2017 оны 10 дугаар сард Цэцэрлэг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өндөр цахиа” гэх газраас мод бэлтгэж хашаагаа сэлбэж янзалсан. Би уг нь мод бэлтгэх эрхийн бичиг авах гэж хүсэлт өгсөн байсан бөгөөд эрхийн бичиг ирэхгүй удаад гадаа хүйтрээд мал хэцүүдээд байхаар нь дараа нь эрхийн бичгээ нөхөөд авчихъя гэж бодоод ойгоос 6 ширхэг босоо мод, уначихсан байсан бусад модыг бэлтгэж хашаагаа янзалсан юм. Би мод бэлтгэхдээ тухайн үед надад байсан УАЗ-469 маркийн автомашин, мориороо цагаалж бэлтгэсэн. Уг тээврийн хэрэгслийг өнгөрсөн намар аймгийн төвд амьдардаг нэг хүнд зарчихсан. Тэр үедээ 1.800.000 төгрөгөөр зарж байсан. Би морио 2017 оны 10 дугаар сарын сүүлээр агтанд 700.000 төгрөгөнд зарчихсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Улсын байцаагчийн шалгалт хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-18 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 20 дугаар хуудас/,

Хохирогч М.Р-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Цэцэрлэг сумын 3 дугаар багийн иргэн Б.Б тус сумын 3 дугаар багийн нутаг “Өндөр цахир” гэх газраас хууль бусаар мод бэлтгэж малын хашаа барьж сэлбэсэн талаар мэдсэн. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна. Б.Б хохирлоо барагдуулсан тийм учраас санал хүсэлтгүй. Тамгын газраас гомдол саналгүй гэсэн бичиг хийж өгсөн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 26-30 дугаар хуудас/,

Гэрч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Цэцэрлэг сумын 3, 4 дүгээр багийг хариуцсан байгаль хамгаалагч ажилтай. Цэцэрлэг сумын 3 дугаар багийн ахлах байгаль хамгаалагч Г-с 2018 оны 6 дугаар сарын эхээр тус сумын 3 дугаар багийн иргэн Б.Б нь “Өндөр цахир” гэх газраас ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн байна гэсэн мэдээллийн дагуу очиж шалгахад “Өндөр цахир” гэх газарт малын хуучин өвөлжөөний хашааг нойтон модоор засаж сэлбэж барьсан байсан. Тухайн нутаг дэвсгэрээс мод бэлтгэхдээ надаас мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой байдаг. Гэтэл Б.Б нь эрхийн бичиг авалгүй ойгоос нойтон хар мод бэлтгэж малын хашаа засаж сэлбэж барьсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн “Эрчимт Идэр” сум дундын ойн ангийн инженер Г.Ө-н 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай

  1. Иргэн Б.Б-н бэлтгэсэн гэх модонд хэмжилт хийхэд 14 м3 хэрэглээний нойтон шинэс мод байгаа нь тогтоогдов.
  2. Уг мод нь хэрэглээний мод мөн.
  3.  Гарал үүслийн гэрчилгээг Монгол улсын Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасны дагуу олгоно. Дээрх модонд “Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ” шаардлагагүй.
  4. Иргэн Б.Б нь Монгол улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалт, 35.4.2 дахь заалтыг тус тус зөрчин мод бэлтгэсэн гэж үзэж дараах байдлаар үнэлгээг тооцов. “...иргэн Б.Б нь нийт 5.140.800 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий шинэс мод бэлтгэсэн нь тогтоогдов.
  5. Ойн санд учруулсан хохирлыг тооцохдоо 2018 оны 7 сарын 24-ний өдрийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч Г.Ө, техникч Б.П, Ж.Г, байгаль хамгаалагч Б.Г нарын хийсэн хэмжилтийн үр дүн, БОАЖ-ын сайдын 2009 оны 394-р тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Экологи эдийн засгийн үнэлгээ, Стандартчилал, Хэмжил Зүйн Үндэсний Зөвлөлийн 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан “Хэвийн шувтантай бөөрөнхий модон материалын эзэлхүүний хүрд” MNS 2379 2010 ийг ашиглан тооцов. Иргэн Б.Б-н мод бэлтгэсэн гэх ойн сангийн бүсийг тооцохдоо 2012 оны “Ой зохион байгуулалтын материал”-ыг ашиглав гэх дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 159 дугаар тодорхойлолт /хх-ийн 54 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838004910260 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Б нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч М.Р нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1838004910260 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн 14 м3 модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-г хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 14 м3 модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 1838004910260 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.НЯМСҮРЭН