Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/406

 

 

 

 

    2025           04            03                                       2025/ДШМ/406

                                                С.Бт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Баяр-Эрдэнэ,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Энхболд, 

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/271 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Бт холбогдох 2409000001249 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч С.Б нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед ......... дүүргийн ........ дугаар хороо, ...... тоотод байрлах хүн амьдрах зориулалттай зуслангийн байшинд өмчлөгч Б.Бын зөвшөөрөлгүй нэвтэрч, түүний эхнэрийн өмд, малгай, хүүхдийн тэшүүр зэрэг 81.000 төгрөгийн эд зүйлийг, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: С.Бийг “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Бийг 02 жил, 02 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие нарийн биеийн бөглөрлөөр хүнд хагалгаанд орж хөдөлмөрийн чадамжаа 70 хувь алдсан. Уг өвчнөөс болж хэсэг хугацаанд архинд орсон байх үедээ согтуугаар гэрээ андуурч тус айл руу орсон юм. Би бусдын өмч рүү зөвшөөрөлгүй нэвтэрсэндээ харамсаж байна. Иймд миний хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч Б.Энхболд давж заалдах гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч С.Б нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, настай эхийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээдэг бөгөөд хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Мөн С.Бийн үйлдсэн гэмт хэрэгт шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэдЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй юм. Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн гэм буруугаа хүлээн зөешөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, энэ гэмт хэргийн хохирол, хор уршиг арилсан байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Баяр-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан. Тухайн зүйл ангид зөвхөн хорих ялын санкцыг зааж өгсөн. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж түүнд 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б нь гэм буруу дээр маргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй гэх боловч уг заалт нь шүүхэд үүрэг болгосон заалт биш эрх олгосон заалт байгаа. Анхан шатны шүүх гэм буруу дээрээ маргасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.Бт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч С.Б нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед ...... дүүргийн ........... дугаар хороо, .......... тоотод байрлах хүн амьдрах зориулалттай зуслангийн байшинд өмчлөгч Б.Бын зөвшөөрөлгүй нэвтэрч, түүний эхнэрийн өмд, малгай, хүүхдийн тэшүүр зэрэг 81.000 төгрөгийн эд зүйлийг, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

эд зүйлээ алдсан талаарх хохирогч Б.Бын “...Тэгээд өрөөнүүдээ үзэхэд хүн байгаагүй ба гараад хайхад байшингийн зүүн хойд буланд нуугдсан, хар өнгийн бэлтгэлийн хос хувцастай хүн байсан. ...манай эхнэрийн өмд, малгай, хүүхдийн тэшүүр байсан. Тэгээд би барьж аваад цагдаа дуудсан. Миний урдаас сарвалзаж зодно гэхэд нь би дараад авсан чинь надаас айгаад дахиж хөдлөөгүй. Хэвлий хэсэгтээ гуурс хийсэн байсан. Мөн надаас зугтаж байхдаа миний хүүхдийн гар утсыг гэрээс авч гараад газар өвсөн дээр унагаасан байсан. Тэгээд цагдаа нар ирээд аваад явсан. ...” /хх 12/,

гэрч Б.Хн “...Тэгтэл шкафын хаалга онгойгоод байх шиг болохоор нь сэрсэн чинь танихгүй хүн орж ирээд хувцасны шкаф, гал тогооны шкафын хаалга онгойлгоод хаагаад байсан. Тэр үед хүүхдүүд гадаа байсан. Тэгээд би “хүүе юу вэ, чи зайлаач” гэсэн чинь над руу хараад хэсэг зогсож байснаа гэрээс гарчихсан чинь гадаа нөхөр “хүүе хаая, юу болоод байна” гээд бариад авсан. Би сэргээд ухаан ороод хүүхдүүдээ дуудсан чинь “нэг ах хаалгаар орж ирээд над руу чимээгүй” гэж хэлсэн. Тэгээд би гадаа гараад тоглож байсан чинь аав гаднаас ирэхээр нь аавд хэлсэн гэж байсан. ...Нөхөр цамцыг нь онгойлгосон чинь миний гадуур өмсдөг даавуун өмд, хүүхдийн тэшүүр 1 ширхэг, саравчтай малгай авчихсан өвөртэй хийчихсэн байсан. ...” /хх 26/,

С.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Би уг нь буруугаа мэдэж байна. Тухайн үед ухаангүй согтуу байсан болохоор тухайн айлд яаж орсноо, юу авснаа санахгүй байна. ...” /хх 24/ гэсэн мэдүүлгүүд,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6/,Дамно” хөрөнгө үнэлгээний тайлан /хх 31-343/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

         

          Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч С.Б ямар буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч С.Бийг “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч С.Б болон түүний өмгөөлөгч Б.Энхболд нар “...хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор буюу 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн хэдий ч түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар түүнд оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч С.Бийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/271 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нийт 70 /дал/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.БАТЗОРИГ

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Б.ЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ