Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2018/0153

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 01 өдөр

 

 

 

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2018/0153

 

 

 

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

Ч.Б нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Б нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Булган сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ч.Б 2017 оны 1 дүгээр сарын 55-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх”-ийг хүсчээ.

Хоёр. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 45 дугаар шийдвэрээр:

“Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ч.Б Ховд аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин болох 8689152 төгрөгийг Ховд аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Ч.Б олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч Ч.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

Нэг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дууссан байхад албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж ажлаас халсан нь буруу” гэжээ.

Маргаан захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг Засаг даргын Тамгын газрын даргын ажлаас халсан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан үндэслэлээр төрийн албанд 1 жил орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулаагүй байна.

Ийм байхад Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэсэн заалтыг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэж маргаан бүхий захиргааны актыг буруутгах үндэслэл болгосон.

Хоёр. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Ч.Б албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь эрх бүхий байгууллагаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй” гэжээ. Гэтэл захиргааны хэргийн шүүх хэргийн оролцогчийн санаачилгаар цуглуулж, хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Ч.Батаа нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл гаргасан тогтоогддог.

Тодруулбал З.Ш, К.Ж нар Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн Геологийн цагаан толгой гэх газарт 2013 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр агнасан ховор ан амьтан болох 2 тооны хулан адууны махыг Б.П бүлэглэн ........улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн, мөн түүхий эдийн зүйлийг хадгалж байгаль экологид 1940000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, хорих ялаар шийтгүүлж, тэнсэн харгалзах ял авсан.

Уг эрүүгийн хэрэгт төрийг төлөөлж Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Г иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон амьтны аймагт учирсан хохирлыг барагдуулах үүргийг хүлээсэн. Хууль бусаар агнасан хулангийн экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөсөн хохирол 38800000 төгрөгийг нөхөн төлөөгүй байхад Ч.Б ээлжийн амралтаа эдэлж, Улаанбаатар хотод байхдаа Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Эрх зүйн ажилтан Б.Б, байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Г нарт “З.Ш, К.Ж, Б.П нар хохирлоо нөхөн барагдуулсан гэсэн бичиг хийж өг” гэсэн хууль бус үүрэг өгч хэрэгжүүлэхийг шаардсан байдаг.

Улмаар Ч.Б эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй, хэргийн оролцогч биш атлаа Тамгын газрын даргын эрх мэдлээ урвуулан ашиглаж, шүүгдэгч нартай хууль бус гэрээ байгуулсны улмаас одоог хүртэл амьтны аймагт учирсан хохирол бүрэн барагдаагүй, улс хохирсоор байгаа нь хэрэгт авагдсан баримтаар хөтөлбөргүй тогтоогддог.

Түүгээр ч үл барам нэхэмжлэгч Тамгын газрын даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Архивын тухай хууль, Албан хэрэг хөтлөлтийн заавар, журмыг зөрчин З.Ш, К.Ж, Б.П нараас хохирол төлүүлэх агуулга бүхий албан бичгийг үйлдсэн. Уг албан бичгүүд нь Засаг даргын Тамгын газрын албан бичгийн хэвлэмэл хуудас дээр үйлдэгдээгүй, огноо, дугааргүй, архив бичиг хэргийн ажилтантай хянаж, нийлээгүй зэрэг эрх зүйн зөрчилтэй.

Ийм байхад анхан шатны шүүх сумын Засаг дарга өөрийн томилгооны албан тушаалтан болох сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэлд хариуцлага тооцох эрх хэмжээгээ хэрэгжүүлсэн байдлыг захиргааны актыг буруутгах үндэслэл болгосныг нотлох баримтыг үнэн, зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй.

Өөрөөр хэлбэл шүүхийн шалгалтын явцад тогтоогдсон албан тушаалын бүрэн эрх мэдлээ урвуулан ашигласан үйл баримтыг хуулийн байгууллагаар тогтоогдоогүй нэрээр нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл биш гэж үзэж байна.

Гурав. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Ч.Б 2016 оны 11 дүгээр сарын 11-15-ны өдөр хүртэл албан ажлаас түр чөлөөлөгдсөн байхад ажлын цаг тасалсан гэж буруутгах үндэслэлгүй” гэжээ.

Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн Б/67 дугаар захирамжаар Б.А Булган сумын Засаг даргаар томилж, Д.Б Булган сумын Засаг даргаас чөлөөлж, ажил хүлээлцэхийг Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгажээ.

Гэтэл нэхэмжлэгч сумын Засаг даргын ажлыг хүлээлцэх арга хэмжээ аваагүй, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлцэх арга хэмжээнд ирээгүй. Угтаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт зааснаар Булган сумын Засаг даргын Тамгын газрын дарга Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар Засаг даргад туслах үүрэгтэй байдаг.

Нэхэмжлэгч эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авах эсэхээ томилох эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэхгүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс 15-ны өдөр хүртэл дур мэдэн ажил таслахдаа удирдлагадаа мэдэгдээгүй. Ч.Б эмчийн магадалгаатай гэдэг шалтгаанаар ажил тасалсан атлаа уг хугацаанд буюу 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 16-ны хороонд аймгийн төвд зохион байгуулагдсан “Мерси-Кор” олон улсын байгууллагын сургалтад оролцжээ.

Булган сумаас Ховд аймгийн төвд сургалтад оролцох тухай Тамгын газрын дарга Ч.Б сумын Засаг даргад албан ёсоор мэдэгдээгүй, томилолт аваагүй. Ч.Б эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авах, аймгийн төвд сургалтад оролцох тухайгаа Засаг даргад танилцуулж зохих шийдвэрийг гаргуулсан бол Тамгын газрын даргын ажил үүргийг өөр албан хаагчид түр орлон гүйцэтгүүлэх байсан.

Нэхэмжлэгч удирдлагад мэдэгдэж албан ёсоор чөлөө авалгүйгээр дур мэдэн ажил тасалж сургалтад оролцох зэргээр албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсний улмаас төрийн албаны тогтвортой, тасралтгүй, шуурхай ажиллах зарчмын хэрэгжилтийг хангуулж чадаагүй.

Ийм байхад анхан шатны шүүх хэргийн бодит байдалд үл нийцэх, нэг талыг баримталсан дүгнэлтээр сумын Засаг даргын Тамгын газрын дотоод журмаар тогтоосон ажилтан чөлөө авах үндэслэл журмын дагуу нэхэмжлэгч Ч.Б чөлөө аваагүй, удирдлагад танилцуулалгүйгээр дур мэдэн ажил тасалсан ажилтны буруутай үйлдлийг зөвтгөж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Дөрөв. Нэхэмжлэгч сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн удаа дараагийн хууль бус тушаал гаргаж төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих зэргээр албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.

Нэхэмжлэгч сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар М.Х няравын ажлаас хууль бусаар чөлөөлжээ. Төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг байтал М.Х няравын ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн тохирох заалтыг баримтлаагүй, хууль хэрэглээний алдаатай үндэслэлээр Ховд аймгийн сум дундын шүүхийн шийдвэрээр дээрх тушаалыг хүчингүй болгож, М.Х няравын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 3737760 төгрөгийг шилжүүлж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалт бусаар зарцуулсан.

Уг шийдвэрийг анхан шатны шүүх холбогдох газраас нь авч хэрэгт хавсаргаагүй, мөрдөн шалгах зарчмыг бүрэн хэрэгжүүлээгүй. Ингэсэн атлаа нэхэмжлэгчийг буруутгасан хариуцагчийн үндэслэлд хамаарахгүй сүүлд гарсан иргэний хэргийн шүүхийн шийдвэрт үндэслэж, маргаан бүхий захиргааны актыг буруутгах үндэслэл болгосон буруу юм.

Тав. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Үр дүнгийн гэрээг үнэлж, дүгнэсэн илтгэх хуудасгүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдоогүй” гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ”, 19.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэрэгшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно” гэжээ.

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1.7-т “Гэрээний хугацаа нь тухайн оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно” 6.3-т “Гэрээний биелэлтийг бүтэн жилээр дүгнэнэ” гэсэн байдаг. Хууль, журмын дээрх заалтаар маргаан бүхий захиргааны акт гаргах үед төрийн жинхэнэ албан хаагч /менежерийн/ үр дүнгийн гэрээг бүтэн жилээр дүгнэх хугацаа болоогүй байхад үүнийг анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актыг буруутгах үндэслэл болгосон нь буруу юм.

Мөн түүнчлэн үр дүнгийн гэрээ байгуулж ажиллах нь төрийн жинхэнэ албан хаагчийн үүрэг байхад нэхэмжлэгч 2015, 2016 онуудад үр дүнгийн гэрээ байгуулсан нь тодорхой бус байдаг, түүнийг албан ажлаа хангалтгүй хэрэгжүүлж байсны нотолгоо юм.

Зургаа. Ч.Б Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдлүүдийн талаар дэлгэрэнгүй дурьдсан тайлбарыг анхан шатны шүүх бүрэн няцаалгүй зөвхөн нэг хэсэгт нь няцаалт хийх замаар нэхэмжлэлийг хангасанд гомдолтой байна. Албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, удаа дараалан сахилгын шийтгэл хүлээсэн төрийн албан хаагчид хариуцлага хүлээх нь зарчмын асуудал гэж үзэж байна. Энэ мэт төрийн хаагч этгээдэд хариуцлага тооцож, хуулийн хэрэгжилтийг хангах асуудлыг тавих ёстой байхад түүнийг ажилд нь эргүүлэн тогтоож, улмаар татвар төлөгчдийн мөнгөн хөрөнгийг олгох нь шударга ёс яав ч биш.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Б Ховд аймгийн Булган сумын Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Тав. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дүгээр захирамж нь хууль ёсны буюу үндэслэл бүхий захиргааны акт юм. Уг захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар Ч.Б албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж сахилгын арга хэмжээ авч байсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэж түүнийг Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ч.Б Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа 3 удаа сахилгын арга хэмжээ авахуулсан. Түүний нэг нь Булган сумын Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 54 дүгээр захирамжаар төрийн албан хаагчийн сонгон шалгаруулах журмаар томилоогүй үндэслэлээр Ч.Б үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Уг захирамжаар нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл хүлээх болсон үндэслэл нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон, бүтэц орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлөх эрх хэмжээгээ хангалтгүй хэрэгжүүлсэн тул Ховд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 02, 03 дугаар тогтоолуудаар Булган сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 01, 02 дугаар тушаалуудыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч хүчингүй болгосон. Сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн А/93 дугаар захирамжаар 2014 оны эхний хагас жилийн тайлан мэдээний зарим хэсгийг гаргаагүй, 3 сарын тайланг тасалсан үндэслэлээр Ч.Б үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Энэ нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т “Харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл зохиох, зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, бодлогын удирдамжаар хангах” сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил хангалтгүй байгааг нотолно.

Булган сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн А/174 дүгээр захирамжаар удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтэд хариуцлагагүй хандаж тавьсан шаардлагыг эсэргүүцэж хамт олныг нэгдсэн удирдлагаар хангаж чадаагүй үндэслэлээр Ч.Б үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг захирамжийн 2 дахь заалтаар байгууллагын жил, улирлын ажлын төлөвлөгөө, дотоод журмыг шинэчлэн хамт олны хурлаар хэлэлцүүлж, 9 дүгээр сарын 15-ны дотор танилцуулахыг даалгасан.

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслахад сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа хангалтгүй байсны нотолгоо юм.

Булган сумын Засаг даргын 3 удаагийн захирамжаар сахилгын шийтгэл хүлээсэн нэхэмжлэгч Ч.Б эдгээр захирамжийг эс зөвшөөрч зохих журмын дагуу гомдол гарган шийдвэрлээгүй нь сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны актыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, захирамжийн хэрэгжилтийг хангуулаагүй, цалин хөлснөөс зохих суутгалыг хийлгүүлээгүй байдаг. Тодруулбал, Булган сумын Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 54, 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн А/174 дүгээр захирамжаар 20 хувийн суутгал хийлгүүлэхгүйгээр цалин хөлсөө бүрэн авсан.

Үүнийг Авилгын эсрэг хуулийн дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасан албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийсэн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл гэж үзэж байна.

Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Э, аймгийн Онцгой байдлын дарга С.Ө нараас онцгой нөхцөл байдлын үед сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөө байхгүй, хангалтгүй ажиллаж байна гэж дүгнээд, албан ажилдаа хариуцлагагүй хандсан сумын онцгой штабын дарга Ч.Б хариуцлага тооцох чиглэл өгсөн. Сүүлд Булган сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Г ахлуулсан ажлын хэсэг шинээр боловсруулж Засаг дарга болон Онцгой байдлын газрын дарга нараар батлуулсан.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо дурдсан үйлдлүүдийг зөрчсөн. Булган сумын Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр баталсан “Сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг чадавхижуулах, туршлага судлах ажлын удирдамж”-ийн дагуу зарцуулагдах 5000000 төгрөгийг нэхэмжлэгч хэрхэн, юунд зарцуулсан талаар тайлан баримтгүй. Мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг нягтлан бодогч, нярав нартай нийлээгүй, төсвийн гүйцэтгэлийг баталгаажуулаагүй, Засаг даргын Тамгын газрын ямар ажилтан албан хаагч нар хаана, ямар туршлага судалсан талаар ажлын тайлангүй.

Нэхэмжлэгч Тамгын газрын аргаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн удаа дараагийн хууль бус тушаал гаргаж, төрийн албан хаагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих зэргээр албан үүргээ хангалтгүй биелүүлсэн. Тухайлбал 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Б.Д албан бус боловсрол, хүүхэд залуучуудын асуудал эрхэлсэн мэргэжилтний үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлсөн. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр Тамгын газрын даргын тушаалыг хүчингүй болгож Б.Д урьж эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоож, ажиллаагүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1449624 төгрөгийг сумын Засаг даргын Тамгын гаргуулж, Б.Д олгохоор шийдвэрлэжээ.

Улмаар ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 1449624 төгрөгийг шилжүүлж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалтын бусаар зарцуулсан. Хууль бусаар ажлаас халагдсан, ажилтны ажилгүй байсан хугацаагүй цалин хөлсний зориулалтаар сумын Засаг даргын Тамгын газрын төсөвт мөнгөн хөрөнгө суулгаагүй нь ойлгомжтой юм. Үүнээс үзэхэд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-т “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах төсвийн шууд захирагчийн эрх хэмжээ”-г Ч.Батаа хангалтгүй хэрэгжүүлжээ.

Мөн М.Х няравын ажлын байранд түр томилож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 3737760 төгрөгийг шилжүүлж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зориулалтын бусаар зарцуулсан.

Ч.Б Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2016 оны 6 дугаар сард нийгмийн ажилтан Б.Ж жирэмсний амралтын олговор 823376 төгрөг, 18 хоногийн цалин хөлс 325147 төгрөгийг давхардуулан олгож, санхүүгийн зөрчил гаргасан.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасан эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгодог зохицуулалтыг зөрчсөн. Энэ хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлд заасны дагуу нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгодог.

Иймээс жирэмсний болон амаржсаны амралт авсан эхэд цалин хөлс олгогдох эрх зүйн үндэслэлгүй байхад Тамгын газрын дарга Ч.Б нийгмийн ажилтан Б.Ж 18 хоногийн цалин хөлс олгож албан үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн нь гэрч Ш.Азжаргалын мэдүүлгээр батлагдана.

Булган сумын Засаг даргын Тамгын газар 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн 23 сая төгрөг болон бусдад төлөх өр төлбөртэй байгаа нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8-т “Төсвийн зохистой удирдамж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх” гэсэнтэй нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч 2015-2016 онуудад Засаг даргын Тамгын газрын орлого бүрдүүлэх ажлыг хангалтгүй хэрэгжүүлсний улмаас малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлын санхүүжилтийн нэр бүхий нөхөрлөлүүдэд олгож чадахгүйгээр өр үүсгэсэн. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 133 дугаар шийдвэрээр малын халдварт өвчнөөр урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлын санхүүжилт 20470001 төгрөг гаргуулан мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлүүдэд олгохоор шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Ч.Б эрхэлж буй ажилдаа тэнцэж буй эсэх талаар Засаг даргын Тамгын газрын хамт олноос санал авахад нийт 40 ажилтнаас 27 хүн хангалтгүй гэж үнэлгээ өгсөн. Хариуцагч сумын Засаг дарга Б.А Ч.Б 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр албан өрөөндөө дуудан уулзаж, дээр дурдсан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нөхцөл байдлын талаар мэдэгдэхэд тэрээр алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, цаашид мэргэжлээрээ мал эмнэлгийн үржлийн тасгийн даргаар ажиллах санал хэлж байсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн хуулийн 34.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүйд гомдолтой байна.

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч, хариуцагч талаас аль аль нь давж заалдах гомдол гаргасан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хоёр ба түүнээс дээш оролцогч гомдол гаргасан тохиолдолд хэргийг гомдлын хүрээнд бус бүхэлд нь хянахаар заасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн энэ хүрээнд шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дүгээр захирамж Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-ийг үндэслэсэн, мөн нэхэмжлэгч Ч.Б ажил үүргээ хангалтгүй биелүүлж удаа дараа арга хэмжээ авахуулсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутган Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас халсан байх бөгөөд тэрбээр уг албан тушаалыг эрхэлж байхдаа:

-2013 онд төрийн албан хаагчийг сонгон шалгаруулалтаар томилоогүй;

-2014 онд мөн оны эхний хагас жилийн тайлан мэдээний зарим хэсгийг гаргаагүй, 3 сарын тайлан тасалсан;

-2016 онд удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтэд хариуцлагагүй хандаж, тавьсан шаардлагыг эсэргүүцэж, хамт олныг нэгдсэн удирдлагаар хангаж чадаагүй гэсэн үндэслэлээр тус тус сарын үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын арга хэмжээ авагдсан байна.

Төрийн албаны тухай хуулийн дээрх заалт нь албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн /2 ба түүнээс дээш/ тохиолдолд төрийн албанаас халах зохицуулалт бөгөөд гаргасан зөрчилд нь авагдсан сахилгын арга хэмжээний тоо 3 болжээ. Нэхэмжлэгчийн тухайд сахилгын арга хэмжээ авсан тушаалуудтай огт маргаагүй, хүчин төгөлдөр байх тул эдгээрийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Эдгээрээс 2016 оны 9 сард дээрх байдлаар сахилгын арга хэмжээ авагдсан атлаа Ховд аймгийн Засаг даргын мөн оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн Б/67 дугаар захирамжаар Булган сумын Засаг даргаар томилогдсон одоогийн хариуцагч Б.А ажлыг өмнөх Засаг даргаас хүлээлцүүлэх арга хэмжээ аваагүй, өөрөөр хэлбэл 11 дүгээр сарын 10-ны өдрийн төдийгүй сумын нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан сумын Онцгой комисс 11 дүгээр сарын 12, 14-ний өдөр тус тус хуралдахад оролцоогүй, 2016 оны гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж гаргаагүй байна.

Нэхэмжлэгч өөрийн эрхэлж буй албан тушаалын хувьд сумын Онцгой штабын даргын үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэдэг хэрнээ өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн цаг хугацаанд ийнхүү ажил үүргээ гүйцэтгээгүй, хэдийгээр 11 дүгээр сарын 9-ноос 15-ны өдрийн хооронд эмнэлгийн магадалгаатай байсан ч биеийн эрүүл мэнд нь албан үүргээ гүйцэтгэж чадахгүй хэмжээний байсан гэж үзэхээргүй байна.

Учир нь аймгийн төвд 11 дүгээр сарын 14-нөөс 16-ны хооронд зохион байгуулагдсан “Мерси кор” олон улсын байгууллагын сургалтад болон 15-ны өдөр Б.Д нэхэмжлэлтэй өөрт нь холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд тус тус биечлэн оролцсон болох нь өөрийнх нь тайлбар бусад баримтаар тогтоогддог.

Иймд эмнэлгийн магадалгааг үндэслэн албан үүргээ биелүүлээгүй, эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хийх боломжгүй тухайгаа Засаг даргадаа мэдэгдээгүй нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөх боломжгүй.

Мөн эмнэлгийн магадалгааг цусны эмч А.Ш бичсэн, тухайн үед Ч.Б зүүн хөлний шилбэний дотор хэсэг хавдсан байсан гэх түүний өгсөн гэрчийн мэдүүлгээс үзэхэд ч уг магадлагаагаар ажлаас чөлөөлөгдөх зайлшгүй шаардлага байсан болох нь эргэлзээтэй. 

Түүнчлэн дээр дурдсан сахилгын шийтгэл авагдсан ч бодит байдалд 2013, 2016 онд цалингаа бүтнээр нь авч байсан нь эрх мэдлээ урвуугаар ашигласан зөрчлийн шинжийг агуулж байна.

Эрүүгийн хэрэг дэх иргэний нэхэмжлэгч биш атлаа ховор ан амьтан агнасан зөрчил гаргасан нэр бүхий иргэдтэй хохирол барагдуулах гэрээ байгуулж, 38.800.000 төгрөгийн төлбөр одоог хүртэл бүрэн барагдаагүй байхад доод шатны албан тушаалтнуудаар энэхүү хохирол барагдсан гэх агуулга бүхий бичгийг тухайн үед шаардан гаргуулсан, шүүхийн шийдвэрээр хууль бусаар чөлөөлсөн нь тогтоогдсоор байхад албан бус боловсрол, хүүхэд залуучуудын асуудал эрхэлсэн мэргэжилтэн Б.Д шүүхийн шийдвэрийг биелүүлсэн төдий хэсэг хугацаанд үүрэгт ажилд нь эгүүлэн ажиллуулж байгаад дахин ажлаас чөлөөлсөн нь шүүхийн шийдвэрээр мөн л хууль бус болох нь тогтоогдсон зэрэг нь бас л албан тушаалаа урвуулан ажиглаж байгаагийн нотолгоо болно.

Үүрэгт ажилд нь шууд хамааралгүй ч нийгмийн ажилтан Б.Ж жирэмсний амралттай байх хугацаанд нь 18 хоногийн цалин хөлс тооцож олгосонд хяналт тавиагүй, хамт олноос нь авсан санал асуулгаар 40 ажилтны олонхи буюу 27 нь Ч.Б үүрэгт ажилдаа тэнцэхгүй, хангалтгүй гэсэн үнэлгээ өгсөн, гаргасан алдаа дутагдлын талаар хариуцагчийн зүгээс өөрт нь мэдэгдэхэд алдаагаа хүлээн зөвшөөрсөн төдийгүй цаашид мэргэжлээрээ мал эмнэлгийн үржлийн газрын тасгийн даргаар ажиллах санал хэлж байсан гэх хариуцагчийн тайлбар зэргээс үзэхэд албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж байсан, үүнийгээ ч нэхэмжлэгч тодорхой хэмжээнд өөрөөр хүлээн зөвшөөрч байжээ гэж дүгнэхээр байна.

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга болон аймгийн онцгой байдлын дарга нараас 2016 оны Гамшгаас хамгаалах төлөвлөгөө байхгүй байгаатай холбогдуулан үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан Ч.Б хариуцлага тооцох чиглэл өгч байсныг ч тэмдэглэх нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албанаас халсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байх тул ажилгүй байсан хугацааны цалинг дутуу бодсон гэх түүний давж заалдах гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримтлан Ч.Б “Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч Ч.Б давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, өмгөөлөгч Ж.Э нарын давж заалдах гомдлыг хангасугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН