Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 942

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Л.Өлзийжаргал, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “3” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Д*******

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын албаны дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын албаны даргын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган, нэхэмжлэгч Б.Д*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М*******, хариуцагчийн өмгөөлөгч Э.Т******* нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Би Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс Хан-Уул дүүргийн Дотоод аудитын албанд аудитороор ажилд орсон.

Ажлаа солих болсон шалтгаан нь манай гэр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхонд байдаг учир гэр ойрхон гээд Хан-Уул дүүргийн төрийн санд ажилд орох хүсэлт гарган шалгалтанд орж тэнцсэн. Хан-Уул дүүргийн Дотоод аудитын албанд аудиторын орон тоо байна гэхээр нь дарга Н.Н*******той уулзаж аудитороор ажилд орсон билээ. Ингээд ажилдаа ороод улмаар 11 дүгээр сарын 20-ны өдөр үр дүнгийн гэрээгээ бэлдээд ажилдаа орох гэтэл сар гаруйн дотор гэрээ байгуулахгүй гээд гэрээгүйгээр ажиллаж эхэлсэн.

Улмаар 1 дүгээр сарын цалин бодогдох үеэр намайг 2 байгууллагаас давхардуулж цалин авсан гэж гүтгээд 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш бодон 11 дүгээр сарын цалинг 1 сарын цалингаас суутгаж тооцсон. Би өөрийн зүгээс тайлбар ххийсэн боловч миний үгийг огт сонсоогүй. 

Гэтэл миний эрхийг ноцтойгоор хязгаарлан Мэргэшсэн нягтлан бодогчдын институдээс 4 дүгээр сарын 6-ны өдрөөр мэргэшсэн нягтлан бодогчийн эрх сунгах сургалт, шалгалт зохион байгуулах тухай түүнд намайг оролцуулах албан бичиг ирсэн. Энэ бичгийг дарга Н.Н******* үзээд намайг хамруулах боломжгүй, чи ажлаа өгөөд сургалтандаа суу гэсэн.

Би төлбөрөө өөрөө төлье, надад цалингүй чөлөө өгөөч гэсэн боловч 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №07 тоот тушаалаар намайг ажлаас халсан болно.

Надад ажлаас халагдах ямар ч үндэслэл байхгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулинд заасан ноцтой зөрчил надад илрээгүй, мөн энэ хуулинд зааснаар ажилтан надад ямар нэгэн шаталсан сахилгын шийтгэл ногдуулахгүйгээр шууд халах хуулийн заалт байхгүй бөгөөд ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэсэн нь ямар эрх бүхий байгууллагаар тогтоогдож байгаа нь мэдэгдэхгүй байна.

Ажилтан ажил мэргэжилдээ тэнцэхгүй байгааг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тогтоосон журмын дагуу шалгалт явуулж шийдвэрлэдэг болохоос хэн хүний амаар тогтоодог зүйл огт биш билээ.

Төрийн албанд үр бүтээлтэй ажиллаж байгаа намайг шударга ажиллаагүй, эрүүл мэндийн байдал тааруу гэх ялихгүй шалтгаанаар халсан дарга Н.Н*******од гомдолтой байна. Би ажиллаж байсан байгууллагаасаа халагдсандаа гомдож байсан ч өөрийн даргыг ойлгох байх гэж бодоод Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандаж үзсэн боловч нэмэр болоогүй тул шүүхэд хандаж байгаа болно.

Иймээс үндэслэлгүйгээр халагдсан би ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг надад олгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Дотоод аудитын албаны дарга Н.Н******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Б.Д******* нь аудитын тайлан бичих, ажлын баримтыг үйлдэж хянуулахдаа 5-6 удаа засуулахаар буцааж албажуулна. Түүний бичиг баримт боловсруулах, зөв бичгийн дүрмийн чадвар, компьютерийн хэрэглээ хоцрогдонгуй байсан нь цаашид ажиллахад хүндрэлтэй, хугацаатай ажил хоцроох, ажлын бүтээлд муугаар нөлөөлдөг байсан. Энэ талаар анхааруулга, сануулга өгч байсан. Ажлын болон хувийн хэргийг бүрдүүлж өгөхдөө хариуцлагагүй байдал удаа дараа гарч байсан нь цаашид шаардлага хангаж хамтран ажиллах итгэл буурсан.

Б.Д******* нь энэ албанд хуулийн дагуу орсон Төрийн жинхэнэ албан хаагч биш болохыг Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1012 тоот албан бичгээс үзэхэд нотлогдож байгаа болно. Өөрөө хүсэлт гаргаж Санхүү, төрийн сангийн хэлтэст зөвхөн нягтлан бодогчоор ажиллахад тестийн шалгалтанд орсон болохоос Төрийн захиргааны ажлын байранд ажиллах эрх биш юм. 

Б.Д******* нь хөдөлмөрлөх эрх, өвдөх эрхээ хязгаарлаж, дарамталсан тухай гомдол бичсэн байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Ажиллах 3 сарын хугацаанд эмнэлэг явах, өвдсөн тухай ямарч бичиг баримт манай байгууллагын санхүү, архивын баримтад байхгүй болно. 

Б.Д******* нь ажилласан жил тодорхойлох Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтэрүүдэд хийсэн бичилтийг нөхөж бичүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцсон бичилтийг нөхөж бичүүлж, ажилласан жилийн нэмэгдлийг өсгөх, засварлах зэрэг удаа дараа шударга бус байдал гаргаж байсан.  Үүнийг нотлох баримт Б.Д*******гийн хөдөлмөрийн дэвтэр, Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт байгаа. Б.Д******* нь туршилтын хугацаанд шударга бус ажиллан, төрийн албан хаагчийн ажлын байр, аудиторын ёс зүйн дүрмийн шалгуур хангаж ажиллаагүй тул цаашид ажиллах боломжгүй гэж үзэж ажлаас чөлөөлөх үндэслэл болох дээрх баримтыг хүргүүлж байгаа тул та бүхэн шүүн тунгааж үнэнийг тогтоож өгнө гэдэгт итгэж байна” гэжээ.

                   ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч Б.Д*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг дор дурдсан үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Д******* тус шүүхэд хандаж “Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын албаны даргын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Д******* нь Баянзүрх дүүргийн хөгжлийн төвийн даргын 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/13 тоот тушаалаар  тус төвийн нягтлан бодогчийн албан тушаалд ТҮ-8-4 ангилал, шатлалаар томилогдон ажиллаж байгаад “Хан-Уул дүүрэгт ажилд орох болсон” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргаснаар тус төвийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар  мөн оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. 

Харин Хан-Уул дүүргийн дотоод аудитын албаны даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаар бүхий “Ажилд томилох тухай” тушаалаар  түүнийг тус албаны аудитороор 6 сарын туршилтын хугацаагаар 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ТЗ-5-4 ангилал, шатлалаар томилон ажиллуулжээ.  

Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын албаны даргын “Ажлаас чөлөөлөх тухай” 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаар тушаалаар  нэхэмжлэгч Б.Д*******г “...аудитороор туршилтын хугацаанд ажиллахдаа Засгийн газрын 2012 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 5.2.1, 5.2.5, Дүүргийн Засаг даргын 2014 оны А/46 тоот захирамжаар батлагдсан Дотоод аудитын албаны дүрмийн 4.5.4, 5.2.1 дэх заалтууд, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д ажлын байрны тодорхойлолтод заасан зорилтоо хангалтгүй биелүүлж /олон улсын стандартыг хэрэгжүүлж ажиллаагүй/, шударга бус ажилласан, мөн ажилласан жил, өмнөх байгууллагаас ажлаас чөлөөлөгдөх бичиг баримтыг албажуулж өгөөгүйгээс цалинг илүү авч шударга бус байдал гаргасан нь цаашид аудитороор ажиллуулах итгэл шалгуурыг хангаж ажиллах чадваргүйгээ харуулсан” гэсэн үндэслэл дурдан ажлаас чөлөөлсөн байна. 

Түүнчлэн хариуцагч уг захиргааны актад “Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 5.2.1-д заасан “Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, Олон Улсын дотоод аудиторуудын институтээс гаргасан дотоод аудиторын ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах”, 5.2.5-д заасан “Дотоод аудитор нь аливаа асуудалд шударга, бодит байдалд нийцүүлэн хандах бөгөөд хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах”, Дүүргийн Засаг даргын 2014 оны А/46 тоот захирамжаар батлагдсан Дотоод аудитын албаны дүрмийн 4.5.4-д “үнэнч, шударга байх”, 5.2.1-д “Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, Олон улсын Дотоод аудиторуудын институтээс гаргасан дотоод аудиторын ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах” гэж заасныг баримталсан буюу дээрхи заалтуудыг нэхэмжлэгч зөрчсөн гэж буруутгажээ. 

Нэхэмжлэгч уг тушаалыг хууль бус гэж үзэж буй үндэслэлээ “ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэдгийг эрх бүхий байгууллага шалгаж тогтоох ёстой...сахилгын шийтгэлийг шат дараалж ногдуулахаар заасан байхад шууд ажлаас халахаар шийдвэрлэсэн нь буруу...үнэнч шударга ажиллаж байсан” гэж тодорхойлон, хариуцагч уг үндэслэлүүдийг бүхэлд нь эс зөвшөөрч “...туршилтын хугацаагаар ажиллаж байсан...төрийн жинхэнэ албан хаагч биш...шударга бус байдал гаргасан...ажлын шаардлага хангахгүй байсан...шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” хэмээн мэтгэлцэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7.1.11-д зааснаар “...Засаг даргын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал” нь төрийн жинхэнэ албан тушаал буюу Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын албаны аудитор нь төрийн захиргааны албан тушаалд хамаарч байх бөгөөд хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “төрийн ...тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх”  шаардлагыг тавьсан байна.   

Түүнчлэн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тогтоож болно”, 18.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно” гэж заажээ.

Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-ын  2 дахь хэсэгт “Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг баримтлах үүднээс төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн, төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон иргэнийг 1 жил хүртэл хугацаагаар туршилтын журмаар томилон ажиллуулна” гэж, мөн журмын 7-д “туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж цаашид төрийн жихэнэ албанд үр бүтээлтэй ажиллах чадваргүйгээ харуулсан төрийн албан хаагчийг төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тухайн албан тушаалаас нь чөлөөлж болно” гэж, мөн журмын 8-д “төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах чадваргүй нь туршилтын хугацаа дуусахаас өмнө мэдэгдэж  улмаар цаашид үргэлжлүүлэн ажиллуулах нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхээр бол түүнийг төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр туршилтын хугацаа дуусахаас өмнө албан тушаалаас нь чөлөөлж болох”-оор тус тус зохицуулсан байна. 

Нэхэмжлэгч Б.Д*******гийн хувьд уг албан тушаалд туршилтын хугацаагаар томилогдохдоо болон ажиллаж байх явцдаа төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, төрийн тухайн албан тушаалд тавигдах шалгуур шаардлагыг хангаагүй төдийгүй уг албан тушаалд түр томилогдон ажиллах хугацаандаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, шударга бус байдал гаргасан болох нь тогтоогджээ.  

Тухайлбал тус дүүргийн 15 дугаар сургуулийн үйл ажиллагаанд аудит хийхдээ хэдийгээр бүрэлдэхүүнтэй ажилласан боловч түүний өөрийнх нь үйлдсэн “15 дугаар сургуулийн ажилласан хоногийн тооцоо” баримтаас  үзэхэд цалингийн зөрүүг 244202 төгрөг гэж буруу тооцоолсон нь хяналтаар илэрч сүүлд 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 642412 төгрөг гэж зөвтгөж гаргасан, “тайлангийн нэгтгэл” гэх баримт бичгийг боловсруулахдаа шаардлага хангаагүй /удаа дараа хянагдаж буцаагдсан/, нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтийг засварласан, өмнө ажиллаж байсан байгууллагаас чөлөөлөгдсөн бичиг баримтыг захиргаанд хугацаанд нь гаргаж өгөөгүйгээс цалинг давхардуулан бодоход хүргэсэн зэрэг нь түүнийг цаашид аудитороор ажиллуулах итгэл, шалгуурыг хангаж ажиллах чадваргүйг харуулсан гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Д******* нь тухайн албан тушаалд ажиллах чадваргүй нь туршилтын хугацаа дуусахаас өмнө мэдэгдсэнээр түүнийг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр туршилтын хугацаа дуусахаас өмнө албан тушаалаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу гарсан “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-ын дээрхи заалтыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.   

Харин хариуцагчаас “шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх үндэслэлийн тухайд нэхэмжлэгч Б.Д*******д ажлаас чөлөөлсөн тушаалыг өөрт нь гардуулсан баримтгүй, тэрээр 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Эвлэрүүлэн зуучлах төвд хүсэлт гаргасныг хүлээн авч ажиллагаа хийн “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай” 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 581 дугаартай баримтыг нэхэмжлэгч хүлээн авснаас хойш захиргааны хэргийн шүүхэд хандсанаас үзвэл нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.1.11, 10 дугаар зүйлийн 10.1,  18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Д*******гийн “Хан-Уул дүүргийн Дотоод аудитын албаны даргын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 07 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин олговрыг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.ДУЛАМСҮРЭН

   ШҮҮГЧ                         Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

ШҮҮГЧ                               Ц.САЙХАНТУЯА