| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2018/0198/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/206 |
| Огноо | 2018-08-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2018/ШЦТ/206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-д холбогдох эрүүгийн 1838005430255 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.О.
Шүүгдэгч Д.О нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Дэл хад” гэх газарт архидан согтуурч хохирогч Б.Д-той хэрүүл маргаан үүсгэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.О нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Дэл хад” гэх газарт архидан согтуурч хохирогч Б.Д-той хэрүүл маргаан үүсгэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.О-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тэгээд над руу дайрахаар нь хоёр гараас нь бариад түлхсэн. Тэгэхэд хадан дээр хойшоо саваад нуруугаараа унасан. Тэгэхэд далан дээрээ хадаар зүсэгдсэн байх. Тэгээд босч ирэхдээ ууж явсан архи нь хагараад хагарсан шилийг нь барьсаар босч ирээд над руу далайхаар нь би зөрүүлээд баруун гараараа зүүн нүд рүү нь нэг удаа цохьсон. Тэгээд болъё анд гэхэд урдаас дайраад байхаар нь зүүн чих рүү нь гараараа нэг удаа цохиод хоёулаа болъё гээд гарт нь байсан хагархай архины шилийг нь аваад хол хаясан. ...нөгөө хагарсан архины шилийг бариад одоо чамайг ална аа гээд хүрээд ирэхээр нь би тэр хагархай шилийг нь булааж аваад цээж хэсэгт нь өшиглөхөд доошоо унаад өнхрөхөөр нь би тэр чигээр нь хаячихаад нөгөө хоёртой үлдсэн архиа уугаад сууж байтал босч ирээд цаашаа алхаад явж байсан” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Төв аймгаас өөрийн аав Б-д золгуут хийж баяр үзэхээр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд ирсэн тэгээд өөрийн найз Д.О буюу /Шархүүтэй/ 2018 оны 07 дугаар сарын 14-ны өдөр 15 цагийн орчим уулзаад нэг шил архи аавынхаа хашаанд хувааж уугаад сумын төвийн “Далай баян” гэх дэлгүүр ороод найз Хөхөө буюу Б-н авч өгсөн нэг шилтэй архийг аваад Д.О-тай хөдөө “Дэл хад “гэх газарт очсон. Найзтайгаа ганц хоёр цохилцсон би ч урдаас нь ганц хоёр удаа цохисон тэгээд бид 2 салаад хоёр тийшээ салаад явсан. ...би аавынд ирээд цагдаа дуудаж мэдэгдээд сумын эмнэлэг орж баруун даландаа оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/,
Гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...шилтэй архины дийлэнхийг нь Д л уусан миний малгайны саравчнаас дараад малгай авч газар руу шидээд тэгснээ өөрөө авч өмсөөд байсан. ...энэ муу хошноготой ингэж ярина гээд намайг элдэв үгээр дайрч намайг дарамтлаад байсан. ...мотоцикль жолоодоод явж байтал чамайг энд ална пизда минь гээд араас хоолой боохоор нь зогсох гэтэл бид 2 мотоцикльтойгоо унасан. Ууж явсан архи нь хагараад хагарсан шилийг нь барьсаар босож ирээд над руу дайрахаар нь зөрүүлээд баруун гараараа зүүн нүд рүү нь нэг удаа цохьсон. Чих рүү нь гараараа нэг удаа цохьсон ...одоо алнаа гээд хүрээд ирэхээр нь хагархай шилийг нь булааж аваад цээж хэсэгт нь өшиглөхөд доошоо унаад өгөхөөр нь хаячихаад үлдсэн архиа уугаад сууж байтал нэг мотоцикльтой хүний араар суугаад баярын талбай руу явсан. Би Б.Д гэх хүнийг зодсоноо хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 11-16 дугаар хуудас/,
Гэрч Б.П-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 07 дугаар сарын 14-ны өдөр 17 цагийн орчим манай аавын хашаанаас Д.О миний дүү Б.Д-той хамт гараад явсан гээд манай ээж надад хэлсэн би тэр үед байгаагүй хонинд явсан байсан. Удалгүй манай хүргэн дүү Б.М утсаар яриад Д ах “Дэл хад “ гэдэг газарт хөх дээлтэй хүнтэй зодолдоод байна гэхээр нь баярын талбай ортол тэнд хүнд зодуулсан байдалтай нүүр, ам, нүд, ар нуруу, чих орчмоос цус гарсан байдалтай явж байсан. Тэгээд намайг очиход манай дүү Б.Д нь намайг Д.О зодчихоод яваад өглөө гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,
Гэрч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...сотгуу залуу шээж дуусаад нэг архины шилны хагархай бариад Д.О руу одоо чамайг алчихъя гээд дайрахаар нь Д.О цээж хавьцаа өшиглөхөд тэр залуу унаад өнхөрч доошоо хараад хэсэг хэвтэж байснаа босч яваад замын цаана байсан мотоцикльтой 3 залуу дээр очоод нэгнийх нь араар суугаад баярын талбай чигт явсан. Намайг очиход цээж нүцгэн согтуу залуугийн нүүр ам нь цус болсон нэг талаас цус гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 341 дугаартай:
1. Б.Д-н биед хамар ясны хугарал ,баруун талын хөхлөг сэртэнгийн бүтэц өөрчлөлт, духны баруун дээд хэсэгт үстэй хэсгийн заагт, духны зүүн дунд хэсэгт, баруун шанаанд, зүүн хацарт, хажуу хэсэгт, зүүн хацарын доод хэсэгт, дээд уруулын зүүн хэсэгт, баруун чихний дэлбэнд, хамрын нуруунд, хүзүүний зүүн дээд хэсэгт, гол дунд хэсэгт, баруун доод хэсэгт, зүүн эгэмний дунд хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд, доод зовхинд, зүүн нүдний алиманд, дээд доод уруулын зүүн хэсгийн салстад, баруун эгэмний дунд хэсэгт, хэвлийн гол хэсэгт цус хуралт баруун дал, доод хэсэгт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байна.
3. Б.Д-н биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838005430255 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Д.О нь урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 87 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-58 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О нь хохирогч Б.Д-той эвлэрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 140.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 54 дүгээр хуудас/ нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1838005430255 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838005430255 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН