| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2408000001448 |
| Дугаар | 2025ДШМ/407 |
| Огноо | 2025-04-03 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2025ДШМ/407
2025 04 03 2025/ДШМ/407
Ж.Дд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Л.Солонго,
хохирогч Х.А,
шүүгдэгч Ж.Д, түүний өмгөөлөгч Б.Одонпүрэв,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/204 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Дгийн өмгөөлөгч Б.Одонпүрэвийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.Дд холбогдох 2408000001448 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ж.Д нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 06 цагийн үед ........... дүүргийн ....... дүгээр хороо, ......... тоот гэртээ байх үедээ “нүд рүү хатгалаа” гэх шалтгааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Х.Агийн цээжний баруун хэсэгт гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун 9 дүгээр хавирганы олон далд хугарал, баруун уушгины уналт, цээжний хөндийд дэх хий хуралдалт /400 мл/, баруун бугалгын цус хуралт, цээжний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Ж.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Дг 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримт нь шүүхэд ирээгүй, хохирогч Х.Ад энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлээгүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.А болон Эрүүл мэндийн даатгалын холбогдох байгууллага нь энэ гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид гарах гэм хорын зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, шүүгдэгч Ж.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Дгийн өмгөөлөгч Б.Одонпүрэв давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Ж.Д нь хөгжлийн бэрхшээлтэй өрөөсөн нүд нь хардаггүй. Хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан. Тухайн үед эхнэр нь хардаг ганц нүдийг нь хатгасанаас болж шүүгдэгч эмзэглэсэн. Хардаг ганц нүдээ маш их хайрлаж хамгаалж явдаг. Тухайн үед Ж.Д нь эрүүл байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах,эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг үндэслэн хөнгөн ял эсхүл хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Х.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эмнэлэгт хэвтэж байхдаа “гомдолтой байна” гэж хэлсэн. Би архи уугаад байхаар нь айлгах журмаар гомдолтой гэж хэлсэн. 3-6 сар баривчлагдах байх гэж бодож гомдолтой гэсэн. Одоо би гомдолгүй, ялыг нь хөнгөрүүлж өгнө үү. Ийм олон жилийн хорих ял авна гэж бодоогүй. Хүүхдүүд нь сургуулиа төгсөх болсон. Ажил хийдэг ганц хүн маань байсан. ...” гэв.
Шүүгдэгч Ж.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би буруу хэрэг хийсэндээ маш их харамсаж, гэмшиж байна. Миний нэг нүд хардаггүй бөгөөд бага насны хүүхдүүдтэй байдлыг минь харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Л.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Ж.Дд холбогдох хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцээд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх аргаар үйлдсэн гэмт буруутайд тооцсон талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх талаар холбогдох арга хэмжээ аваагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг шүүх заавал хэрэглэх ёстой гэж үүрэг болгосон заалт биш. Ийм анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ж.Дд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ж.Д нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 06 цагийн үед ........... дүүргийн ........ хороо, ............. тоот гэртээ байх үедээ “нүд рүү хатгалаа” гэх шалтгааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Х.Агийн цээжний баруун хэсэгт гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун 9 дүгээр хавирганы олон далд хугарал, баруун уушгины уналт, цээжний хөндийд дэх хий хуралдалт /400 мл/, баруун бугалгын цус хуралт, цээжний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Х.Агийн “...06 цагийн үед хүүхдээ хөхүүлж байгаад санамсаргүй нөхөр Дгийн нүд хэсэгт нь хатгасан. Тэгсэн чинь уурлаад миний хавирга хэсэгт гараараа хоёр удаа цохисон. Тэгээд амьсгал давхцаад байсан учир Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд ирж үзүүлэхэд миний хавирга хугарсан байсан. Манай хүүхдүүд болон нөхөр Д байсан. /хх 8/
гэрч Х.Хн “...Өнөөдөр охин над руу залгаад “гэмтлийн эмнэлэг дээр байна, хагалгаанд ороод гараад ирлээ” гэхээр нь би хүүхдүүдээ дагуулаад эмнэлэг дээр яваад очсон чинь “А нэг хавирга нь хугарсан, уушгины унжилттай, уушгиндаа хий, цус хуралттай байна” гэсэн. Д, А хоёр хоорондоо маргалдсаныг бид нар мэдээгүй, өнөөдөр 16 цагийн орчимд А над руу залгахад нь зодуулсан талаар нь мэдсэн. Д архины хамааралтай, архи уух болгондоо эхнэр, хүүхдүүдээ дарамталж, хэл амаар доромжилдог. ...” /хх 16-17/,
насанд хүрээгүй гэрч Д.А “...Аав, ээж хоёр хоорондоо маргалдаад байсан, би тухайн үед сэрсэн. Сэрээд харсан чинь аав, ээж рүү уурлаад “чи миний үлдсэн ганц нүдийг сохоллоо шүү дээ, миний нүд хорсоод нулимс гоожоод байна” гэж хэлсэн чинь ээж “би хүрээгүй” гэж хэлсэн. ...Тэгсэн чинь аав уурлаад баруун гараараа ээжийн гар руу цохиод хавирга хэсэг рүү нь баруун гараараа дахиад нэг удаа цохисон. Тухайн үед ээж аавд цохиулчихаад “гэрлээ асаа” гэж орилсон. Дүү А сэрээд гэрлээ асаасан. Тухайн үед дүүг гэрлээ асаахад ээж газар дээр элэг тэврээд, эвхрэлдээд хэвтчихсэн байж байсан. Тэгээд би очоод ээжийн аавд цохиулсан баруун хавирга хэсэгт дарж үзэхэд хавирга нь цаашаагаа хонхойгоод орчихсон хугарсан юм шиг байдалтай байсан. ...” /хх 36-37/,
насанд хүрээгүй гэрч Д.Ан “...Тухайн өдөр ... аав, ээж болон эгч дүү нарын хамтаар унтаж амарсан юм. Тэгээд байж байсан чинь үүрээр ээж “гэрлээ асаа” гэж орилсон бөгөөд би тухайн үед сэрсэн юм. Тэгээд сэрээд гэрлээ асаагаад хартал үүрийн 05 цаг болж байсан. Эгч А ээжийн баруун хавирга хэсэгт гараараа дарчихсан байдалтай байж байсан юм. Тухайн үед би ээжийн юу болсон талаар асуухад “би зүгээрээ” гэж хэлэхээр нь унтаад өгсөн. ...” /хх 41-42/,
Ж.Дгийн яллагдагчааар өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ... Манай бага охин Анужин /1 ой 6 сартай/ нь бид хоёрын голд унтах гээд хэвтсэн. Эхнэр охиноо аваад өөрийнхөө цаана хэвтүүлэх гээд өргөхдөө миний зүүн нүд рүү гараараа хатгачихсан юм. Тухайн үед миний зүүн нүднээс нулимс гоожоод нээж болохгүй торж өвдөөд байсан, би эхнэрт хандаж “чи миний үлдсэн ганц нүдийг сохлох гээ юу” гэж хэлээд баруун хавирга хэсэг рүү нь баруун гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Тэгсэн чинь эхнэр “яая” гэж чанга орилсон, би гоожуур руу очиж нүдээ усаар зайлчхаад унтаад өгсөн. Тэгээд би маргааш өглөө нь 07 цагийн үед босоод ажилдаа явсан, эхнэр гэртээ үлдсэн. ...” /хх 24/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12262 дугаартай “...Х.Агийн биед баруун 9-р хавирганы олон далд хугарал, баруун уушгины уналт, цээжний хөндийд дэх хий хуралдалт /400 мл/, баруун бугалгын цус хуралт, цээжний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. ...” гэсэн дүгнэлт /хх 28-30/,
дуудлага лавлагааны хуудас /хх 3/, өвчтний түүх /хх 84-97/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 100-108/, аюулын зэргийн үнэлгээ /хх 109-111/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ж.Д нь ямар буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Ж.Дг Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Ж.Дгийн өмгөөлөгч Б.Одонпүрэв “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Дгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор буюу 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн хэдий ч түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, түүний эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар түүнд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Ж.Дгийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/204 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Шүүгдэгч Ж.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дгийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нийт 73 /далан гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ