| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2306059342171 |
| Дугаар | 2025/ДШМ/411 |
| Огноо | 2025-04-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Аззаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/411
2025 04 03 2025/ДШМ/411
Б.Бт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Аззаяа,
хохирогч О.Т,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/324 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2306059342171 дүгээр хэргийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
** овгийн Б.Б, **** оны * дүгээр сарын **-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “****” ажилтан, ам бүл *, ** хамт Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** хэсэг, Сургуулийн гудамжны **** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн автомашины зогсоолын гарах хэсэг дээр О.Ттай “зогсоолын төлбөр төлсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар хүч хэрэглэх явцдаа эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бт 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Баас нийт 4.266.320 төгрөгийг гаргуулж, үүнээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 175.000 төгрөгийг, хохирогч О.Тд 4.091.320 төгрөгийг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хохирогч О.Т нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…№2025/ШЦТ/324 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн аваад тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
... Шийтгэх тогтоолд “...Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно” гэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэх үндэслэл болжээ гэж ойлгож байна.
Миний бие шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хугацаанд хэдийгээр өөрийн биед гэмтэл учирсан, миний нуруу О.Тын цохилтод өртсөний улмаас гэмтсэн байтал өөрт учирсан гэмтлийг эрүүл мэндийн байгууллагаар тухайн үед тогтоолгоогүйдээ үнэхээр харамсаж байна. Тухайн цаг хугацаанд хохирогч эмэгтэй мөн намайг цохиж, миний нуруу одоо хүртэл өвдөлттэй, би өдөр болгон хоёр цаг дасгал хөдөлгөөн хийж байж зогсох чадвартай болдог. Маргаан болсон газарт байсан гэрчүүд мөрдөн байцаалтын үед хохирогч бид хоёрыг харилцан маргалдсан, ноцолдсон талаар гэрчийн мэдүүлэг өгсөн байсан.
Хэдийгээр миний хувьд гэмт хэрэгт холбогдсондоо туйлын ихээр гэмшиж байгаа боловч хохирогчийг гэмтээхэд хүргэсэн миний хийсэн үйлдэл нь ямар нэгэн шалтгаангүйгээр санаатай хийсэн үйлдэл биш бөгөөд хохирогч эмэгтэй намайг зүй бусаар доромжилсоноос шалтгаалсан болохыг давж заалдах шатны шүүхээс анхааран үзэхийг хүсэж байна.
Тухайн үед манай гэр бүлийн хувьд өрхийн орлого бага, амьдралд хүрэлцэх хүрэлцээ тааруу учир нэмэлтээр орлого олох зорилгоор ажил эрхэлж байсан. Миний бие урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байгаагүй учир хохирогч эмэгтэйгийн “Монголын шоронг дуусгасан авгай” гэх доромжлолын үгэнд нь маш их цочирдсон.
Миний бие анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, мөн хохирогч О.Тын гаргасан зүй бус харьцааны улмаас сэтгэл санааны цочролд орж гэмт хэрэгт холбогдсон бөгөөд өөрийн холбогдсон гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж шүүхийн шийтгэх тогтоолыг гарахаас өмнө хохирогчид 2.000.000 төгрөгийн төлбөрийг төлсөн.
Би ам бүл гурвуулаа, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, хүү Г.Билгүүн ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар ангид сурдаг, нөхөр Б.Гансүх өндөр насны тэтгэвэрт, би өндөр насны тэтгэвэрт, сард 650.000 төгрөг авдаг.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэж дүгнэлт гаргасан, мөн миний бие улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...хүний хэлсэн үгийг маш хурдан хүлээгээд авчихдаг юм байна. Монголын шоронг дуусгасан эмэгтэй гэж хэлсэн үг нь намайг үнэхээр шоконд оруулсан. Би зөрүүлээд адилхан явсан бол хохирол амсах л байсан байх, гэхдээ би тэгъе гэж огт бодоогүй. Намайг хамгийн доод хэмжээгээр шийтгэж өгөөч, бас намайг уучлаарай гэж хэлмээр байна” гэсэн үгийг хэлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, надад оногдуулах ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэх ч боломжтой байсан атал надад оногдуулсан ял шийтгэлийг хэт өндөр оногдуулсанд гомдолтой байна.
Нөгөө талаар миний бие надад холбогдуулан О.Т нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг бараг бүтэн жилийн дараа мэдсэн, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 14609 дугаартай дүгнэлт 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гарсан байсан тухайд огт мэдээгүй, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэрчийн мэдүүлэг авахад л мэдсэн, тухайн үед би ганцаараа өмгөөлөгчгүйгээр гэрчийн мэдүүлэг өгсөн тул дүгнэлтэд гомдол гаргах эрхтэй болохоо ч мэдээгүй.
Надаас 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэрчээр мэдүүлэг авсныг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй тухайд тогтоолд тодорхой заасан байсан.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өмгөөлөгч Б.Бадраагаас эрх зүйн туслалцаа авах гэрээ хийсэн, нэг удаа өмгөөлөгчтэйгөө мөрдөн байцаагчтай уулзаж байсан боловч тухайн үед өмгөөлөгч маань хөнгөн хэлбэрийн тархинд цус харвалт авсан байснаа мэдэлгүй явж байгаад намайг яллагдагчаар татагдах үед хүнд хэлбэрийн цус харвалт болж эмнэлэгт хэвтсэн байсан учир би өмгөөлөгчтэй мөрдөн шалгах ажиллагаанд оролцож чадаагүй.
Ийм шалтгааны улмаас миний хууль ёсны эрх ашиг анхнаасаа хөндөгдсөн байсан болохыг би мэдээгүй. Миний эрх зүйн байдлыг анхнаасаа дордуулсан байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан болохыг шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсныхаа дараа л би тогтоолд бичигдсэнээр олж мэдсэн. Хэрвээ миний эрх ашиг зөрчигдсөн, мөрдөн шалгах ажиллагаа илт хууль бус явагдсан байсан болохыг би мэдсэн байсан бол шүүх хуралдаанд би өмгөөлөгчтэй оролцох байсан байна.
Анхан шатны шүүх ч миний хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан болох тухайд, шийтгэх тогтоолын 4-5 дугаар талд “...Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...” гэж тус тус хуульчилсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, тэдгээрт хяналт тавих, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг. …Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцохоор” тус тус заажээ гэсэн дүгнэлтийг хийсэн атлаа анхан шатны шүүх уг дүгнэлтийнхээ эсрэг шийдвэр гарган иргэн миний эрх зүйн байдлыг дордуулан надад ял шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэхээр байгаа төдийгүй анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал буюу гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоолгүйгээр надад ял шийтгэл оногдуулсанд нь маш их гомдолтой байна.
Өөрөөр хэлбэл, О.Тын гаргасан гомдлоор мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа миний хуулиар олгогдсон эрхийг маань ноцтой зөрчиж хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний газрын шинжээчийн 14609 дугаартай дүгнэлтийг ч дүгнэлт гарсан тухайн цаг хугацаанд нь танилцуулаагүй асуудал нь миний зүгээс уг дүгнэлтэд гомдол гаргах, нэмэлт болон бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах талаар хүсэлт гаргах, шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй үнэн зөв гарсан эсэх тухайг тогтоолгох ажиллагаа хийлгэх ямар ч боломж олгоогүй нь миний эрх зүйн байдлыг дордуулсан үйл баримт болсон төдийгүй надад холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тухайд би анх удаа мэдэж гэрчийн мэдүүлэг өгсөн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар гомдол гаргагч О.Тын биед дахин шинжилгээ хийх, шинжээчийн дүгнэлт гаргах ямар ч боломжгүй цаг хугацаа өнгөрсөн байсан.
Иймд дээр дурдсан шүүхийн шийтгэх тогтоолд тусгагдсан байдлаар мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй нь “Үндсэн хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн язгуур эрх маань зөрчигдөхөд хүрч энэ тухайд шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон байхад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлээгүйд нь гомдолтой байна. Дээрхи байдлуудаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна. Би хохирогч О.Таас огт мөнгө нэхэмжлээгүй. Хохирогчид төлөх ёстой 4.266.320 төгрөгийг төлөх боломжгүй байна” гэв.
Шүүдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Тухайн давж заалдах гомдолдоо хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж бичсэн байна. Миний үйлчлүүлэгчийн гэрээ байгуулсан өмгөөлөгч нь тархиндаа харвалт өгсөн учраас анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцож, хэргийн нөхцөл байдлын талаар огт мэдээгүй. Хэргийн материалаас харахад шүүгдэгчийн гаргасан гомдлын зарим хэсэг нь үндэслэл бүхий байдаг. Тодруулбал, 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргасан боловч 2024 оны 08, 09 дүгээр сард шүүгдэгчид танилцуулсан. 2023 оны 11 дүгээр сард үзүүлэхэд ил харагдах шархгүй, өөрт нь ямар нэгэн гэмтэл учраагүй гэсэн дүгнэлт гарсан боловч нилээд хугацааны дараа өвчтэй болсон гэдэг нь нотлогддог. Үүнээс болж дахин үзүүлэх, эмнэлгийн тусламж авах, эмнэлэгт үзүүлээд тухайн асуудлаа шийдвэрлүүлэх нөхцөл боломж нь хаалттай болсон ба өөрөө энэ талаар огт мэдэлгүй 1 жил өнгөрсөн. Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж байгаа учраас нэг мөр хянах байх. Иймд өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй, хор уршгийн асуудал огт нотлогдоогүй. 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэмтэж, гарандаа эмчилгээ хийлгэсэн үйл баримт байдаг. Хохирогчийн хохирол нэхэмжилсэн баримтад 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 09, 10, 11 сар хүртэлх хугацааны баримтууд орсон байдаг бөгөөд “Төгөлдөр фарм” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх эм, тариа гэсэн баримтууд байгаа боловч тэдгээр нь баримтын шаардлага хангахгүй, ижил хэмжээний баримт байсан. Мөн “Ази фарм” ХХК-ийн баримтыг харахад 2024 оны 09 дүгээр сараас эхэлсэн баримтууд байх бөгөөд тухайн 09 дүгээр сарын 18, 19, 23-ны өдрүүд, 10 дугаар сарын 03, 05, 20, 23, 24-ний өдрүүдийн баримтууд нь нэг ижил зүйлсийг зарсантай холбоотой баримт буюу цитрон уусмал, натри хлорид, хуажин тариур, чанжуа дуслын систем зэргийг худалдаж авсан байдаг. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс нотлох баримтын шаардлага хангаагүй, нотолгооны ач холбогдолгүй эсхүл хуурамч баримт оруулж ирсэн гэж үзэж хохирогчийн нэхэмжилсэн 860.000 төгрөгийг үндэслэлгүй гэж харж байна. Мөн тухайн хүний сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой асуудлын тухайд, хохирогчид хууль сануулж мэдүүлэг авч байгаа учраас чин үнэнийг хэлэх ёстой. Гэтэл хавтаст хэргийн 13 дугаар талд авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд хохирогч өөр мэдүүлэг өгсөн нь харагдана. Өөрөөр хэлбэл, хохирогчийг зүгээр байхад гарыг нь хугалсан мэтээр мэдүүлэг өгсөн. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “Танд талон чинь байна уу” гэж асуухад талоныг үзүүлсэн. Үзүүлэхэд нь тухайн хаалтаа сөхсөн, тэр үед хохирогч гарч явах бүрэн боломжтой байсан. Гэтэл зогсож байгаад бууж ирснээ шүүгдэгчийг алгадаж, цохисон үйл баримт харагддаг. Мөн сүүлд нь хоёр гараараа цээжин хэсэг рүү нь түлхсэн үйл баримт харагддаг бөгөөд энэ үед шүүгдэгчийн зүгээс хохирогчийн зүүн гарыг атгаж, улмаар бие биенээ түлхдэг. Прокуророос энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэм буруугийн нөхцөл байдлыг анхаарч үзэхгүйгээр шууд яллах дүгнэлт бичиж, зөвхөн яллах талын нотлох баримтыг оруулж асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэв.
Хохирогч О.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн өдөр надад шүүгдэгчидтэй маргалдах, хэрэлдэх, зодолдох үндэслэл байгаагүй, харьцах шаардлагагүй байсан. Хэрэг гарсан өдрөөс хойш миний амьдралд хүнд хэцүү байдал тохиолдож, олон сар үргэлжилсэн. Учир нь, миний хурууг хугалснаас болж миний мөр хавдаж, гипстэй 4 сар гаруй явсан ба энэ хугацаанд би унтаж чадахгүй, босоо байдалтай байхдаа юу ч хийж болохгүй, бүх юм хязгаарлагдаж, их хохирол үүссэн. Мөн би хоёр охины хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй. Гэрт маань надаас өөр орлого олох хүнгүй, тусалж дэмжих хүн ч байхгүй. Иймээс би шүүгдэгчийн учруулсан хохирлоос болж амьдралдаа давж, туулж үзээгүй бэрхшээл зовлонг туулсан. Мөн би 4 сарын хугацаанд гипстэй байж, өдөр, шөнөгүй уйлдаг байсан. Шүүгдэгч нь эх хүн байж бусдын охинд хүч хэрэглэж, эд, эрхтэнг гэмтээж, амьдрал, бүх зүйлсээр хохироосон байж гэм буруугүй гэж байгаа нь маш ичгэвтэр байна. Шүүгдэгчийн өмнөөс би ичиж байна. Мөн би залуу хүн биш, хөгжлийн бэрхшээлтэй болсон. Миний гар одоо хүртэл гэмтэлтэй байгаа. Би эм тариа их хэмжээгээр хэрэглэж байгаа ч одоо хүртэл бүрэн эдгээгүй. Нөхөн сэргээх эмчилгээнд явах шаардлагатай ба тархи толгой болон өвдөгний зөөлөн эдийн гэмтлийг одоо хүртэл эмчилж чадаагүй” гэв.
Прокурор Д.Аззаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд 3 төрлийн ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан бөгөөд шүүхээс эрх хэм хэмжээнийхээ хүрээнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийн хүрээнд 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлснээр шинжээчийн дүгнэлтийг хугацаа хожимдуулж танилцуулсан учир гомдол гаргах эрх хангагдаагүй гэсэн зүйл байгаа бол тухайн үедээ гомдол гаргаж шалгуулах бүрэн боломжтой байсан. Учир нь, шинжээчийн дүгнэлт 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гарч, 2024 оны 08 дугаар сард шүүгдэгчид танилцуулсан. Үүнээс 1 сарын дараа буюу 2024 оны 09 дүгээр сард Б.Бт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэг прокурорт шилжих хүртэл 2 сарын хугацаа шаардсан. Энэ хугацаанд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлттэй холбоотой дахин шинжээч томилуулах, шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй асуудал гаргаагүй тул яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хохирогчийн гаргаж өгсөн эм тариатай холбоотой баримтуудыг анхан шатны шүүхэд шинжлэн судалж, ямар байдлаар, хаанаас авсан, юунд хэрэглэсэн гэдгийг тодруулсан тул нотлох баримтын шаардлага хангасан гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн автомашины зогсоолын гарах хэсэг дээр О.Ттай “зогсоолын төлбөр төлсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар хүч хэрэглэх явцдаа эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч О.Тын “...би машинаасаа буугаад тэр эмэгтэй рүү нулимсан чинь хүрч ирээд миний нуруу руу хоёр удаа цохихоор нь би зөрүүлээд түлхсэн чинь намайг үсдээд, миний зүүн гарын долоовор хурууг хугалчихсан. ... баруун гараараа миний зүүн гарын долоовор хурууг хойш нь дарж шивнүүр ясны хугарал гэмтлийг учруулсан. ...” /хх 17, 20/ мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны11 дүгээр сарын 24-ний өдрийн 14609 дүгээр “...О.Тын биед тархи доргилт, зүүн гарын долоовор хурууны шивнүүр ясны хугарал, баруун гуяны цус хуралт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Зүүн гарын долоовор хурууны шивнүүр ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь тухайн үед үүссэн шинэ гэмтэл байна” /хх 38/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1025 дугаар “О.Тын сэтгэцэд 2023 оны 11 дүгээр сард үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд илэрсэн нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” /хх 75/ тус тус дүгнэлтүүд,
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12-13/, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх 87/, хохирлын баримтууд /хх 117-121/, хохирол төлбөр хүлээн авсан баримт /хх 138/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Бын О.Ттай “зогсоолын төлбөр төлсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдан биед нь халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгчдэгч Б.Б “...надад ял шийтгэлийг хэт өндөр оногдуулсанд болон хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлээгүйд гомдолтой байна. … хохирогчид төлөх ёстой 4.266.320 төгрөгийг төлөх боломжгүй байна, ... шинжээчийн 14609 дугаартай дүгнэлтийг дүгнэлт гарсан тухайн цаг хугацаанд нь танилцуулаагүй асуудал нь … миний эрх зүйн байдлыг дордуулсан, … анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт, эсхүл дүгнэлт гаргах боломжгүйг мэдэгдсэн түүний тайлбар, шинжээчээс авсан мэдүүлгийн тэмдэглэлийг холбогдох оролцогчид танилцуулна.” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Оролцогч шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж болно.” гэж,
мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт, тайлбар, мэдүүлгийг оролцогчид танилцуулсан, энэ үед оролцогчоос тавьсан хүсэлт, асуулт, хариултын талаар тэмдэглэлд тусгана.” гэж тус тус заажээ.
Хохирогчийн биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14609 дугаартай шинжээчийн дүгнэлтийг 2024 оны 02 дугаар сарын 20 /хх 41/, 9 дүгээр сарын 13 /хх 43/-ны өдрүүдэд 2 удаа тус тус танилцуулахад шүүгдэгч Б.Б “Уншсан танилцлаа”, “Санал хүсэлт байхгүй” гэсэн байх бөгөөд дээрх дүгнэлтийг шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан “...тухайн цаг хугацаанд танилцуулаагүй...” гэсэн нь үндэслэлтэй байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан энэ зөрчил нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй, шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байх тул дээр дурдсан алдаа зөрчлийн улмаас түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.
2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1025 дугаартай “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох” шинжээчийн дүгнэлтийг үндэслэн анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тооцож, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд нийцэх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байх шаардлагатай болно.
Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал болон хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялыг /тухайн зүйлд заасан хэмжээний дотор/ хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...хохирогч Б.Бт...” гэж бичиглэлийн алдаа гаргасан байх бөгөөд цаашид анхаарвал зохино.
Иймд шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлын “...надад ял шийтгэлийг хэт өндөр оногдуулсан…” гэсэн хэсгийг хүлээн авч, харин бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд торгох ялыг хөнгөрүүлсэн, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “хохирогч Б.Бт” гэснийг “хохирогч О.Тд” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/324 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бт 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бт 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,
4 дэх заалтын “...хохирогч Б.Бт 4.091.320 төгрөгийг тус тус олгосугай.” гэсэн хэсгийг “...хохирогч О.Тд 4.091.320 төгрөгийг тус тус олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ч.ОЧ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР