| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/01904/И |
| Дугаар | 192/ШШ2025/07580 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2025/07580
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: И ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Барилгын засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 46 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М******* ХХК /РД:*******/-ийн,
Нэхэмжлэгч: И ХХК /РД:*******/-д холбогдох,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс татгалзаж, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт төлсөн 113 300 000 төгрөг, алданги 46 700 000 төгрөг, доголдлыг арилгахаар засвар хийсэн хохиролд 108 816 391 төгрөг, шинжээчийн зардалд 3 575 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., Т.М*******,
Гэрч Б.А*******, М.Б*******, Р.Г*******, Ц.Б, Б.Б,
Шинжээч Эрдэм түм ХХК-ийн шинжээч Л.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч М******* ХХК-нд холбогдуулан барилгын засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 46 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Нэхэмжлэгч И ХХК болон М******* ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр №12/19/01 дугаартай Барилгын засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. 12/19/01 дугаартай гэрээний 1.1, 2.3, 3.1, 4.1, 5.2, 5.3, 5.4-т тус тус заасны дагуу И ХХК нь 140 м.кв талбай бүхий орон сууцанд хавсралтад заасан үнэлгээ бүхий бараа, материалаар шинэчилсэн засвар хийх, М******* ХХК нь тус шинэчилсэн засварын төлбөрт нийт 160 000 000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон. Гэрээ байгуулагдсанаас хойш нэхэмжлэгч И ХХК-ийн хийж гүйцэтгэж буй ажлыг М******* ХХК-ийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан, мөн засвар хийж буй орон сууцны өмчлөгч болох З.Н нь өдөр болгон хяналт тавьж байсан. Улмаар талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-т Гүйцэтгэгч нь нийт ажлыг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр /хуанлийн 42 хоногт/ багтаан дуусган захиалагч талд хүлээлгэн өгөхөд бэлэн болгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч компани нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр засвар шинэчлэлтийн ажлыг бүрэн хийж дуусган хүлээлгэн өгч, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс тухайн орон сууцны өмчлөгч болох 3.Н байрандаа орж өнөөдрийг хүртэл оршин сууж байна. Нэхэмжлэгч И ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, засварын ажлыг бүрэн дуусгасан боловч хариуцагч М******* ХХК нь үлдэгдэл төлбөрөө төлөхөөс зайлсхийж, ажлыг актаар хүлээн авахаас татгалзаж байсан тул нэхэмжлэгч И ХХК нь утсаар болон албан мэдэгдлүүдээр удаа дараа нэхэмжлэгч И ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг актаар хүлээн авахыг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тус тус бичгээр мөн аман болон утсаар удаа дараа мэдэгдэж мэдэгдэж байсан боловч хүлээн авахтай холбоотой ямарваа нэг хариу ирүүлэхгүй байсан болно. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж заасны дагуу М******* ХХК-ийн төлөөлөгч тус орон сууцыг хүлээн авч амьдарч байгаа болон И ХХК-иас М******* ХХК руу хүргүүлсэн дээрх мэдэгдлүүдэд заасан хугацаанд ажлыг актаар хүлээж авахтай холбоотой хариу ирүүлэхгүй байх тул И ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг М******* ХХК хүлээн авсан гэж үзэж байна. 12/19/01 дугаартай гэрээний 4.1-т Талуудын харилцан тохиролцсоноор гэрээний хавсралтад заагдсан ажлуудыг 160 000 000 төгрөгөөр гүйцэтгэнэ, 5.2-т Гэрээг талууд албан ёсоор баталгаажуулснаас 3 хоногийн дотор гэрээний нийт үнийн дүнгийн 70 хувь буюу 112 000 000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлнө", 5.3-т "Ажлын явц 70 хувийн гүйцэтгэлтэй буюу ханын хавтан тогтоосны дараа гэрээт ажлын 20% төлбөр болох 32 000 000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлнө, 5.4 дэх хэсэгт нийт ажлууд хийгдэж дууссан тухай захиалагчид албан ёсоор мэдэгдэж, захиалагч уг ажлын чанарыг хүлээн авч зөвшөөрснөөр 3 хоногийн дотор нийт үнийн дүнгийн үлдэгдэл 10 хувь төлбөр болох 16 000 000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлнө гэж тус тус заасны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажлыг бүрэн хийж дуусган хүлээлгэн өгсөн боловч хариуцагч М******* ХХК нь нийт 160 000 000 төгрөгөөс 113 300 000 төгрөгийг төлж үлдэгдэл 46 700 000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Иймд нэхэмжлэгч И ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 12/19/01 дугаартай Барилгын засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу засварын ажлыг бүрэн гүйцэтгэсэн тул гэрээний үлдэгдэл төлбөр болох 46 700 000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэжээ.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Гэрээнээс татгалзах юм бол Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан урьдчилсан нөхцөл байх ёстой. Мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д зааснаар гүйцэтгэсэн ажлын хэмжээгээр хөлс төлөх талаар заасан байдаг. Алданги гаргуулна гэсэн байдаг боловч алдангийн тооцоолол гаргаагүй, алдангийг 46 700 000 төгрөг гэсэн нь ойлгомжгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа хохирол буюу засварын ажил хийсэн, доголдлыг засварлуулсан гээд байна. Гэтэл Ц.Б нь З.Нын таньдаг буюу хамаарал бүхий этгээд юм. Тиймээс гэрчтэй ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна, шинжээч доголдлыг арилгах боломжтой гэсэн байхад Ц.Б нь боломжгүй гээд өөрөө засчихсан байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад засвар хийсэн зардалд 108 000 000 төгрөгийг гаргуулна гэсэн боловч үнийн дүн нь эргэлзээтэй, зөрүүтэй байна. Мөн сөрөг шаардлагын хууль зүйн үндэслэлийг ойлгохгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа шинжээчийн зардал гэж нэхэмжлээд байна, гэтэл уг зардал бол нэхэмжилсэн, нэхэмжлээгүй шүүхээр шийдвэрлэгдэх зардал. Манайх бас шинжээчийн зардлын 50 хувийг төлсөн байгааг анхаарч үзэх ёстой. Хариуцагч нь чулууны үнэ 16 000 000 төгрөгийг 160 000 000 төгрөгнөөс хасаагүй, ийм тохиролцоо байхгүй гэдгийг мэдэж байгаа мөртлөө үндэслэлгүй тайлбар хэлж байгаа зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.
1.3.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манайх хариуцагчтай харилцан тохиролцоод 2022 оны 12 сарын 19-ний өдөр Барилгын засвар шинэчлэлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Нийт үнийн дүнг 160 000 000 төгрөгөөр тохиролцсон. 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажлаа бүрэн дуусгаад 27-ны өдөр З.Нд хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл гэрээгээр хүлээсэн ажлаа хийгээд бүрэн дуусгаад хүлээлгэн өгсөн. Актаар хүлээж авахыг удаа дараа бичгээр мэдэгдсэн байгаа, Иргэний хуулийн 351 дүгээр 351.2-д зааснаар хийсэн ажлыг хугацаандаа аваагүй, гэхдээ ажлыг хүлээн авч уг орон сууцандаа амьдарч байгаа учраас ажлыг хүлээн авсан гэж үзэж байгаа. Уг гэрээний 4.1-д зааснаар үнийг тохиролцсон. Тиймээс ажлыг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээлгэн өгсөн байхад 160 000 000 төгрөгөөс 113 300 000 төгрөгийг төлөөд үлдэх 46 700 000 төгрөгийг төлөөгүй тул гаргуулахаар шаардсан. Үндсэн нэхэмжлэлтэй холбоотойгоор 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажлыг хүлээгээд авсан, гэрээний ажил хүлээлцсэн гээд авсан байгаа, ажил доголдолтой байж болно, засаад өгч болно. Манай компани хариуцагчид маш хүндэтгэлтэй хандсан, доголдол гарсан гэдгийг зөвшөөрсөн, доголдол нь хэдэн төгрөг юм, засаж өгье гэхэд өөрөө л хүлээн аваагүй, хэрэлдээд байсан учраас л бид шүүхэд хандсан юм. Ийм хэмжээний доголдол гарсан байна, засуулна гэвэл засаад засахад ийм мөнгө гарсан гэвэл үнийн дүнгээс хасахад татгалзахгүй байхад өөрөө л ойлголцохгүй, өөр хүнээр засуулчихаад зардлаа нэхээд манай хийсэн ажлын үлдэх хөлс 46 700 000 төгрөгийг төлөхгүй гээд байгаад ойлгохгүй байна, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2.Хариуцагчийн төлөөлөгч З.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: И ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Барилгын засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний 1.1-т энэхүү гэрээгээр гүйцэтгэгч нь Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцны нийт 140 м.кв хэсгийн талбайн засварын ажилтай холбогдсон интерьер шинэчлэлтийн ажлын зураг төслийн дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр тохиролцов гэж заасан байдаг. Гэтэл И ХХК-ийн хийсэн ажил нь ямар ч чанарын шаардлага хангаагүй, олон алдаа дутагдалтай байсан. Манай зүгээс удаа дараа дуудаж засварын ажлыг шинэчлэх сайжруулахыг хэлсэн боловч өнөөдрийг хүртэл чанарын шаардлага хангаагүй хэвээр л байна.
Мөн нэхэмжлэл дээр 2023.03.07-ны өдөр, 2023.03.15-ны өдөр, 2023.03.28-ны өдөр тус тус хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авахыг утсаар болон амаар мэдэгдэж байсан гэж бичсэн байна. Гэтэл манайд нэг ч удаа ийм мэдэгдэл ирээгүй, бид хүлээн аваагүй болно. Манай компанийн зүгээс 2023.04.04-ний өдөр гомдлын шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч хариу илгээгээгүй мөртлөө шүүхэд хандсан байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
2.1.Манай компани И ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Барилгын засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, 180м2 5 өрөө өндөр зэрэглэлийн орон сууцны 2ш банны өрөө хувцасны өрөө болон угаалгын өрөөнд засвар хийлгэлгүй, үлдэх 140м2 орон сууцны гал тогооны өрөө зочны өрөө 2 хүүхдийн өрөө болон мастер унтлагын өрөөнд засварын ажил хийлгэхээр тохиролцсон. Гэтэл И ХХК-ийн хийсэн засварын ажил нь ямар ч чанарын шаардлага хангаагүй олон алдаа дутагдалтай байсан. Манай зүгээс удаа дараа дуудаж засварын ажлыг шинэчлэх сайжруулахыг хэлсэн боловч өнөөдрийг хүртэл чанарын шаардлага хангаагүй хэвээр л байна. Анх гэрээ байгуулах үед И ХХК-иар өөрсдөөр нь гэрээнээс тусдаа үнээр буюу 7 920 000 төгрөгөөр дотор заслын зураг төсөл гаргуулсан.Өөрийн компаний гаргасан зургийн дагуу гүйцэтгэлээ хийхээр үнэ тохирч гэрээний дагуу засварын ажилд орсон боловч бүх зүйл алдаа дутагдалтай байсан. Зураг төсөл гарсны дараа интерьер заслын төсөв гэж 199 249 930 төгрөгний тооцоо гарган бидэнд харуулсан боловч харилцан ярилцаж гэрээний нийт үнэ 160 000 000 төгрөг байхаар тохиролцсон. Уг үнээс чулууны үнэ 16 000 000 төгрөгийг хасч, 144 000 000 төгрөг болсон. Манай компани төлбөр тооцоог гэрээний дагуу графикаар төлсөн. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 52 000 000 төгрөг, 2022 оны 12дугаар сарын 21-ний өдөр 50 000 000 төгрөг буюу гэрээний дүнгийн 89.5 хувийг гэрээ байгуулсны маргааш төлсөн. 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 21 300 000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 10 000 000 төгрөг нийт 133 300 000 төгрөгийг шилжүүлж, тооцооны үлдэгдэл 10 700 000 төгрөг үлдсэн. Манай компани өндөр зэрэглэлийн luxury байранд 144 000 000 төгрөгт засварын ажлыг хийж гүйцэтгүүлж байгаагийн хувьд чанарын өндөр түвшинд хийсэн үр дүн хүлээн авахаар гэрээ байгуулсан боловч маш олон зүйл тавигдсан чанарт нийцэхээргүй, доголдолтой, ямар ч хариуцлагагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхээр байна. Манай компаний зүгээс 2023 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр гэрээгээр хийсэн ажлыг ажлын хэсэг гарган шийдвэрлэх, эсхүл гэрээ цуцлах тухай гомдлын шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагыг И ХХК-ийн и-мэйл хаягаар явуулсан мөн И ХХК-ийн менежер А******* өөрийн биеэр ирж авсан. Бид шаардлагадаа засварын ажлын ямар хэсэгт доголдолтой байгаа талаар нарийн оруулсан байгаа. Барилгын засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний 12.2 дугаар зүйлд гэрээний аль нэг тал гэрээ цуцлах тухай албан бичиг өгснөөс хойш нөгөө тал ажлын 7 хоногт багтаан хариу өгнө 12.3-т Гэрээг цуцлах тухай хүсэлтийг аль нэг тал тавьснаас хойш ажлын 5 хоногт гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд энэ хугацаанд гэрээг цуцлах асуудлыг талууд харилцан тохиролцож, эцэслэн шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Манай компани гомдлын шаардлагадаа эдгээр олон доголдлыг хэрхэн засварлах талаар ажлын хэсэг гарган акт тогтоох тухай саналаа оруулсан байтал И ХХК-ийн зүгээс ямар тайлбар хэлэлгүй, эдгээр доголдлыг арилгах талаар ямар ч арга хэмжээ авалгүй, хүчин чармайлт гаргалгүй шууд шүүхэд хандсан байна. Иймд бид гэрээнээс татгалзаж, гэрээ цуцлагдсан болно. Мөн манай уг орон сууцны 4 ширхэг түлхүүрийг одоог хүртэл хүлээлгэн өгөөгүй байгаа бөгөөд гэрээт ажлыг дуусгасны дараа ажлыг актаар хүлээн авснаар түлхүүрийг мөн хүлээлгэн өгөх ёстой байсан ч одоог хүртэл хүлээлгэж өгөөгүй байна. Манай компаний зүгээс удаа дараа 2 талаас акт үйлдэж засвараа хүлээлцэх тухай хэлсэн боловч И ХХК-ийн зүгээс авч хэлэлцээгүй болно. Иймд хариуцагч И ХХК нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул гэрээ цуцалж, гэрээнээс татгалзсантай холбогдуулан И ХХК-д төлсөн 113 300 000 төгрөг, гэрээний 11.1-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс буюу 113 300 000 төгрөгөөс алданги тооцож 46 700 000 төгрөг, засварын ажил гэрээнд заасан чанарын шаардлага хангахгүй, засах боломжгүй тул засварыг буулгаж анхны байдалд оруулахыг И ХХК-д даалгаж өгнө үү гэсэн.
2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т заасныг үндэслэн И ХХК-тай байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Барилгын засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсаны хохиролд 108 816 391 төгрөг, шинжээчийн зардал 3 575 000 төгрөг, нийт 112 391 391 төгрөгийг гаргуулахаар ихэсгэсэн байна.
Нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манайх нэхэмжлэгчтэй барилгын засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, үнийн дүнг бараг байрны үнэ болох 160 000 000 төгрөгөөр хийхээр тохиролцсон. Гэрээний 1.1-д засвар хийхээр тохиролцсон, интерьер хийсэн боловч хийсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй, алдаа дутагдалтай байсан байдаг. 3 жилийн хугацаанд алдаа дутагдал засагдаагүй, сая л өөр хүмүүсээр хийгээд дуусгасан байдаг. Уг орон сууц нь компанийн захирлуудын амьдран суудаг орон сууц юм. 45 хоногийн дотор хийж дуусгах байсан, хариуцагч мөнгөө хангалттай төлсөн, гэтэл нэхэмжлэгч нь алдаагаа засахгүй байж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эхлээд засварын буюу интерьер зураг гаргасан, үнийн санал явуул гэсэн. 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр санал ирсэн, эхлээд 119 000 000 төгрөгийн санал ирсэн, тэгээд ярилцаад нийт 160 000 000 төгрөгөөр тохирсон. Чулууны 16 000 000 төгрөгийг 160 000 000 төгрөгнөөс хасахаар болсон, хариуцагч өөрөө уг чулууны мөнгийг гаргасан. Нийт 133 300 000 төгрөгийг манайх шилжүүлсэн. 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өөрсдөө байрандаа орсон, үлдэх засварыг орсны дараа хийлгэхээр болсон. 8 түлхүүрээс 4 түлхүүрийг нь өгсөн, бусдыг нь өгөөгүй байгаа. Мөн обой хуурсан, цахилгаан аюултай байсан, ингээд И ХХК-ийн З.А*******, гэрч Б.Б хоёрт бүгдийг нь үзүүлсэн. 2023 оны 02 дугаар сарын 02-03-ны өдөр үзүүлэхэд хүлээн зөвшөөрсөн. Тэгээд хүн олоод хийлгэчихээ гэж өөрсдөө хэлсэн. Цахилгааны засварыг Р.Г******* хийсэн, засварыг н.Б хийсэн. Хариуцагч нь тухайн үед ар гэрийн асуудал гарсан байхад хурдан янзлаад өгөөгүй, амьдрахад тухгүй, хэцүү байсан болохоор л өөр хүнээр хийлгэхээс аргагүй болсон. Нэхэмжлэгч өөрсдөө доголдлоо арилгаагүй байж доголдол арилгахтай холбоотой зардлыг төлөхгүй гээд байгааг ойлгохгүй байна, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2022.12.19-ний өдрийн №12/19/01 тоот Барилгын засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ, шилжүүлгийн баримт, зарлагын баримт, И ХХК-ийн 2023.03.07-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүд, шуудангийн төлбөрийн баримт, И ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, компанийн дүрэм, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар, шилжүүлгийн баримт, вайбераар харилцсан зурвас, фэйсбүүк чатаар харилцсан зурвас, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, тооцооллын баримт, гэрэл зураг гэсэн баримтуудыг,
хариуцагчаас хуулийн этгээдийн лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М******* ХХК-ийн 2023.04.04-ний өдрийн №32/23 тоот албан бичиг, нэхэмжлэл, шилжүүлгийн баримт, гар утсаар харилцсан зурвас, фэйсбүүк чатаар харилсан зурвас, гэрэл зураг, шилжүүлгийн баримт, төлбөрийн баримт, фэйсбүүк чатаар харилцсан зурвас, сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025.03.20-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зардлын төсөв, шилжүүлгийн баримт, төлбөрийн баримтууд, хуулийн этгээдийн гэрчилгээ, зардлын төсөв, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, план зураг гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Эрдэм түм ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлтийг хэрэгт хавсаргасан, хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн 7 ширхэг сиди, 1 ширхэг флашинд үзлэг хийсэн тэмдэглэл, 1 ширхэг флашинд үзлэг хийсэн тэмдэглэл, Нын Z фэйсбүүк хаягаас А*******ын A фейсбүүк хаяг руу бичсэн харилцан яриа, паркетан шаланд үзлэг хийсэн тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан, гэрчээр Р.Г*******, Б.Б, Б.А*******, М.Б*******, Ц.Б нарыг дуудаж мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 6 740 995 төгрөгийг хангаж, үлдэх 39 959 005 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч М******* ХХК-нд холбогдуулан ажлын хөлс 46 700 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ “...барилгын засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэсэн, хийсэн ажлыг хүлээлгэн өгсөн боловч ажлын хөлсний үлдэгдэл болох 46 700 000 төгрөгийг төлөхгүй, ажлын хөлс төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул гаргуулна” гэж тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч И ХХК-ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхүй гэж маргаж, татгалзлын үндэслэлээ “...гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхдээ чанарын шаардлага хангаагүй, хийсэн ажил нь доголдолтой, байнга эвдэрч, гологдож байсан, ажил хүлээлцээгүй, ажлын үр дүн нь доголдолтой байсан тул үлдэх хөлсийг төлөхгүй, гэрээнээс татгалзсан” гэж үгүйсгэсэн.
4.Хариуцагч М******* ХХК нэхэмжлэгчид холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажил нь доголдолтой, чанарын шаардлага хангаагүй тул гэрээнээс татгалзаж, гэрээний үнэд шилжүүлсэн 113 300 000 төгрөгийг буцаан гаргуулах, үүргээ гэрээнд заасан буюу хэлэлцэн тохиролцсон хугацаандаа хийж гүйцэтгээгүй тул алданги 46 700 000 төгрөгийг гаргуулах, мөн хийсэн ажлын доголдлыг арилгахтай холбоотой гарсан засварын зардал 108 816 391 төгрөг, шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 3 575 000 төгрөгийг тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан, засварын ажлыг буцааж анхны байдалд оруулах боломжгүй болсон, доголдлыг арилгаж засвар хийгдсэн байгаа гэж тайлбарласан.
5.Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэсэн байхад гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй, гэрээнээс татгалзаж байгаа тул алданги шаардах эрхгүй, хохиролтой холбоотой нэхэмжлэлийн тооцоолол алдаатай, засах боломжтой доголдлыг засуулах талаар мэдэгдээгүй, шинжээчийн зардлын тал хувийг хариуцан төлсөн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1.Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч М******* ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр №12/19/01 тоот Барилгын засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч И ХХК нь 140м.кв хэсгийн талбайн засварын ажилтай холбогдсон интерьер шинэчлэлтийн ажлыг зураг төслийн дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэн нийт ажлыг 2022 оны 12 дугаар сарын 19-нөөс 2023 оны 01 дүгээр сарын 30-нд /хуанлийн 42 хоногт/ багтаан дуусган захиалагч М******* ХХК-нд хүлээлгэн өгөхөд бэлэн болгох, гэрээний нийт үнэ 160 000 000 төгрөг байхаар, захиалагч нь гэрээний төлбөрийг шатлалаар гүйцэтгэгчид бэлэн болон бэлэн бусаар төлж тухай бүрт нь санхүүгийн баримт үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулахаар харилцан тохиролцжээ.
7.Талууд барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар маргаагүй, гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй, доголдолтой байсан тул гэрээнээс татгалзаж, гэрээний үнэд шилжүүлсэн ажлын хөлсийг алдангийн хамт гаргуулах, доголдлыг арилгахтай холбоотой гарсан зардлыг гаргуулахаар маргасан.
8.Зохигч талууд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №12/19/01 тоот Барилгын засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар хүлээн зөвшөөрч маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
8.1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээгээр “ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.2-д “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заажээ.
8.3.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-д “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж зааснаар гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэж, хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ажил хүлээлцсэн 2023.03.30-нд гэж тэмдэглэж талууд гарын үсгээ зурсан баримт, мөн 2023.03.07, 2023.03.15, 2023.03.28, 2023.04.04-ний өдрийн мэдэгдлээр ажлын хөлсийг төлөх талаар мэдэгдэж байснаар тогтоогдоно, гэрээгээр хэлэлцэн тохиролцсон ажлын хөлс болох 160 000 000 төгрөгнөөс хариуцагч нь 113 300 000 төгрөгийг төлж үлдэх 46 700 000 төгрөгийг төлөөгүй байгаа гэж тайлбарласан.
8.4.Хариуцагч нь гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажлаа актаар хүлээлцээгүй, ажлын хөлсийг 160 000 000 төгрөгөөр тохиролцсон боловч үүнээс 16 000 000 төгрөгний чулууны үнийг хасч нийт ажлын хөлсийг 144 000 000 төгрөгөөр тохиролцсон, нийт ажлын хөлсөнд 113 300 000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэх хөлсийг төлөхийг зөвшөөрөхгүй, ажлын хөлс төлөх талаарх мэдэгдлийг хүлээн аваагүй, хийсэн ажил нь доголдолтой байсан учраас гэрээнээс татгалзаж байгаа талаараа мэдэгдсэн гэж мэтгэлцсэн.
8.5.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 355 дугаар зүйлийн 355.1-д “гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагч нь гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлаж байгаа талаараа нэхэмжлэгчид 2023 оны 4 сарын 04-ний өдрийн №32/23 тоот албан бичгээр мэдэгдсэн гэх боловч хариуцагч М******* ХХК-иас нэхэмжлэгч И ХХК-нд хүргүүлсэн 2023 оны 4 сарын 04-ний өдрийн №32/23 тоот албан бичиг нь “2022 оны 12 сарын 19-ний өдрийн 12/19/01 тоот Барилгын засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнгийн тухай гомдлын шаардлага” гэх агуулгатай байх бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 12.3-д “гэрээг цуцлах тухай хүсэлтийг аль нэг тал тавьсанаас хойш 5 хоногт гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд энэ хугацаанд гэрээг цуцлах асуудлыг талууд харилцан тохиролцож эцэслэн шийдвэрлэнэ” гэж зааснаар гэрээг цуцлах эсэх талаар харилцан тохиролцсон гэх баримтгүй байна.
8.6.Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд төлсөн 113 300 000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан гэрээнд “...ажил хүлээлцсэн 2023.03.30” гэж тэмдэглэж, захиалагч М******* ХХК менежер З.Н, гүйцэтгэгч И ХХК менежер Б.А******* нар гарын үсгээ зурсан, нэхэмжлэгч нь хариуцагчид ажлаа хүлээн авахыг буюу үлдэх хөлсийг төлөхийг удаа дараа мэдэгдэж байсан болох нь шуудангийн мэдэгдэх хуудсаар тогтоогдсон, мөн хариуцагчаас нэхэмжлэгчид 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр №32/23 тоот албан бичгээр хийсэн ажлын доголдлыг арилгуулах талаар ажлын үр дүнгийн тухай гомдлын шаардлага гаргаж байсан байх тул хариуцагчийн санаачилгаар гэрээг цуцласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.
8.7.Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно”, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх”-өөр заасан, талууд гэрээний 5.2, 5.3, 5.4-д ажлын хөлсийг төлөхийг харилцан тохиролцсон, хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан тул ажлын хөлсийг төлөх үүрэгтэй байна.
8.8.Иймд хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гэрээнээс татгалзахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байх бөгөөд гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд төлсөн 113 300 000 төгрөгийг буцаан шаардсан атлаа гэрээний үүргийг биелүүлээгүй гэж алданги 46 700 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй, алдангийн тооцоолол ойлгомжгүй байна гэж үзэв.
8.9.Хариуцагч нь нэхэмжлэгчтэй ажлын хөлсийг 114 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон гэсэн боловч тайлбараа баримтаар нотлоогүй, зохигч талуудын байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №12/19/01 тоот Барилгын засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний 4.1-д “талууд харилцан тохиролцсоноор гэрээний хавсралтад заагдсан ажлуудыг 160 000 000 төгрөгөөр гүйцэтгэнэ”, 4.2-д “гэрээний нийт үнэ: Нэг зуун жаран сая төгрөг байна” гэж харилцан тохиролцсон байх тул талууд гэрээний үнэ буюу ажлын хөлсийг 160 000 000 төгрөгөөр тооцсон гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.
8.10.Хариуцагч нь нэхэмжлэгчид ажлын хөлсөнд нийт 113 300 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд Б.А*******аас 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 19 999 000 төгрөгийг “бүгд сайхан болно оо эгч буцаалт Н Зайжид” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн талаар маргаагүй.
8.11.Дээрх баримтуудаар нэхэмжлэгч нь хариуцагчтай барилгын засвар, шинэчлэлтийн ажлын хөлсийг нийт 160 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон, ажлын хөлсөнд 113 300 000 төгрөгийг төлж, үлдэх хөлс болох 46 700 000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл 46 700 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан үндсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзэв.
9.Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчээс ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад гарсан зардал болох 108 816 391 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хийж гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байсан нь хэрэгт авагдсан гэрэл зургууд, засварын ажлын талаарх дүрс бичлэгүүд, Б.А*******ын З.Нтай харилцсан фэйсбүүк чат, вабер, гар утсаар харилцсан зурвасууд, R төслийн зураг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдоно гэсэн.
9.1.Талуудын хооронд байгуулагдсан барилгын засвар, шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний 10.1.1-д “ажлыг энэ гэрээт ажлын заасан хугацаанд БНбаД гэрээнд заасан нөхцөлийн дагуу өөрийн багаж тоног төхөөрөмж, машин механизм, ажиллах хүч, барилгын материалыг ашиглан чанарын өндөр түвшинд алдаа дутагдал доголдолгүй гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байсан болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн нэхэмжлэгчид хүргүүлсэн 2023 оны 4 сарын 04-ний өдрийн “2022 оны 12 сарын 19-ний өдрийн 12/19/01 тоот Барилгын засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнгийн тухай гомдлын шаардлага” гэх №32/23 тоот албан бичиг, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №012/2024 тоот шинжээчийн дүгнэлт, зохигч талуудын харилцсан зурвасуудаар тогтоогдож байна гэж үзэв.
9.2.Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн хийсэн ажлын тайлан /2022.12.22-2022.12.28, 2022.12.29-2023.01.04, 2023.01.05-2023.01.11, 2023.01.12-2023.01.18, 2023.01.19-2023.01.27/ үйлдэж байсан гэж тайлбарласан боловч уг тайланг хариуцагчид танилцуулж байсан талаарх баримтгүй, шинжээч Л.Т шүүх хуралдаанд “...талуудын тухайн үедээ актаар ажлаа дүгнээд яваагүй байгаа нь доголдол гаргахад нөлөөлсөн” гэж тайлбарласан болно.
9.3.Хэрэгт авагдсан 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №012/2024 тоот шинжээчийн дүгнэлтэд “...загвар зурагт заасан ажлаас зарим нэг ажил хийгдээгүй гэж үзнэ. Хийгдсэн ажилд зарим нэг доголдол байна. Дээрх доголдлуудыг засах арилгах ажлын төсөв нь 2 984 576 төгрөг болно” гэжээ.
9.4.Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” үүргээ нэхэмжлэгч нь биелүүлээгүй байх тул хариуцагч нь 352 дугаар зүйлийн 352.2.3-д “доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах”-аар шаардах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь дээрх доголдлыг арилгахтай холбогдон зардал гаргасан байхад үлдэгдэл хөлсийг төлүүлэхээр шаардаад байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарласан.
9.5.Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан доголдлыг арилгахад нийт 108 816 391 төгрөгний зардал гарсан, хохирол учирсан гэж тайлбарлаад энэ нь хэрэгт авагдсан Ривер гарден хотхон 318-602 тоот байрны засварт гарсан нэмэлт зардал нийт 108 816 391 төгрөг гэх баримт, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл, төлбөрийн баримтууд, засварын гэрэл зургууд, гэрч нарын мэдүүлгээр нотлогдоно, нэхэмжлэгчид доголдлыг арилгах талаар мэдэгдээд өөрсдөө зөвшөөрсөн учраас Ц.Баар дахин засварын ажлыг хийж гүйцэтгүүлсэн гэсэн.
9.6.Зохигч талуудын хооронд байгуулагдсан барилгын засвар, шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний 10.1.8-д “ажлын гүйцэтгэлийн чанар, аюулгүй байдал, доголдолгүй байдлыг захиалагч ба бусад этгээдийн өмнө бүрэн хариуцах ба ажлын явцад ажлыг хүлээлгэн өгөх үед мөн барилгын баталгаат 1 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажилд дутагдал, чанарын доголдол илэрсэн бол захиалагчийн тогтоож өгсөн хугацаанд өөрийн хөрөнгөөр уг дутагдал, доголдлыг арилгах засах шинээр хийх үүрэгтэй. Гүйцэтгэл нь дууссан ажлыг захиалагчид хүлээлгэн өгөхөөс өмнө гүйцэтгэгч нь түүний бүрэн бүтэн байдлыг хамгаалах ба хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд гарсан гэмтлийг өөрийн зардлаар засах үүрэгтэй” гэж харилцан тохиролцжээ.
9.7.Хэрэгт авагдсан 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хариуцагч М******* ХХК-ийн Ц.Бтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр 140м.кв байрны засварын ажлыг 2025 оны 3 сарын 20-ноос 05 сарын 25-ны хооронд нийт 37 500 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээний Хавсралт 1-д 602 тоот байрны засалд хийгдэх ажлыг хавсаргажээ.
9.8.Мөн шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.А******* “...Н эгч Баар засуулна гэхэд нь тэгээ гэж хэлж байсан, бидний засаад өгье гэхэд гэртээ оруулахгүй байсан”, гэрч З.Б******* “...би засварын ажилд оролцсон, захиалагчаас обой асуудалтай байна гэж хэлж бол байсан, нүүж орсныхоо дараа доголдол гарсан гэсэн, хана, тааз обой, гал тогооны границ болон зуураад байна гэсэн, бид өөрсдөө засаж өгье гэсэн боловч өөрөө хойшлуулаад байсан”, гэрч Ц.Б “...2023.02.10-нд А******* гэдэг хүн Наас дугаар авлаа гээд ярьсан, байрыг үзсэн үү гэж асуусан, хана тааз обой хуулж засахаар юм байна гэсэн, гэтэл бусад ажил гараад ирсэн, би мужаан болон заслын ажлыг хийж гүйцэтгэсэн” гэж мэдүүлсэн тул хариуцагч нь нэхэмжлэгчид доголдлыг арилгуулах талаар мэдэгдэж, уг доголдлыг хариуцагч нь өөрөө арилгасан болох нь тогтоогдож байна гэж үзэв.
9.9.Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7-д ажил гүйцэтгэгч нь “ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг /ажлын хөлс, материалын зардал, замын хураамж болон тээврийн хөлс г.м/ хариуцах” үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нь доголдлыг арилгахад нийт 108 816 391 төгрөгний зардал гаргасан, материалын зардалд 17 930 323 төгрөг, гал тогооны тавилга захиалга, тавилгын хэмжээ авах, том өрөөний ханын хийц 46 886 068 төгрөг, гал тогооны чулуун тавцан 7 000 000 төгрөг, Ц.Бт ажлын хөлс 37 500 000 төгрөгний зардал гарсныг нэхэмжлэгч нь хариуцана гэж тайлбарласан.
9.10.Гэвч дахин засвар хийхэд зарцуулсан материалын зардалд 17 930 323 төгрөг гаргасан гэх боловч зарлагын баримтууд нь хүлээн авсан гарын үсэггүй, төлбөрийн баримтуудын бараа, ажил үйлчилгээний утга нь тодорхойгүй, шилжүүлгийн мэдээлэлд засварын дуудлага гэх мэтээр тэмдэглэсэн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шинжээчийн дүгнэлтэд дурдсан доголдлыг арилгах зардлыг 2 459 005 төгрөгийг тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
9.11.Мөн гал тогооны тавилга, том өрөөний ханын хийц, гал тогооны чулуун тавцан зэргийг хийхэд нийт 53 886 068 төгрөгний зардал гаргасан гэх боловч шинжээчийн дүгнэлтэд “…ханын байгалийн чулуун өнгөлгөө хийхээр зурагт заасан боловч захиалагч өөрийн санаачилгаар өөр газраар захиалан гүйцэтгүүлсэн, тавилгын хаалга бүрэн нээгдэхгүй, төмөр тоноглол механизмууд эдэлгээний чанар муутай” гэж дүгнэсэн, гэрч Б.Б “…манайх зургийн дагуу тавилга хийсэн, бүх тавилгын хавтанг Н өөрөө сонгосон, ажлыг Н болон А*******тай хамт хүлээлцсэн, ямарваа нэгэн доголдол байгаа талаар хэлээгүй”, гэрч З.Б******* “…материалын сонголт дээр Н өөрөө бүгдэд оролцсон, ажил эхлэснээс хойш өдөр бүр ирж яаж байна гэж хяналт тавьж байсан” гэж мэдүүлсэн тул гал тогооны тавилга, том өрөөний ханын хийц, чулуун тавцан хийлгэсэн 53 886 068 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэв.
9.12.Харин хариуцагчаас шинжээчийн дүгнэлтээр гарсан доголдлыг арилгах зардал 2 459 005 төгрөг, уг доголдлыг арилгахад гарсан ажлын хөлс болох 37 500 000 төгрөг, нийт 39 959 005 төгрөгийн зардлыг доголдлыг арилгахтай холбогдуулан гаргасан гэдэг нь баримтаар тогтоогдож байна гэж дүгнэв.
9.13.Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-д зааснаар доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар шаардах эрхтэй тул мөн хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно гэж зааснаар нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох ажлын хөлсний үлдэгдэл 46 700 000 төгрөгнөөс хариуцагчийн доголдлыг арилгахад гарсан зардал болох 39 959 005 төгрөгийг хасч, үлдэх 6 740 995 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
10.Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа шинжээчийн зардалд 3 575 000 төгрөгийг нэхэмжилж, шинжээчийн зардлыг төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн боловч шүүхээс 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 183/ШЗ2024/11931 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжээчээр Э ХХК-ийг томилсон, шинжээч нь тус дүүргийн шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр №012/2024 тоот дүгнэлтийг гаргаж ирүүлсэн болохыг талууд хүлээн зөвшөөрсөн маргаагүй.
10.1.Тиймээс хариуцагч нь шинжээчийн зардлыг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй, харин шинжээчийн зардал нь шүүхийн зардалд тооцогдон хуульд зааснаар хувиарлагдана гэж үзэв.
10.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар шинжээчийн шүүгчийн захирамжаар хийж гүйцэтгэсэн ажлын хөлс нь 4 500 000 төгрөг болох нь шүүхэд ирүүлсэн албан бичиг, шүүх хуралдаанд гаргасан шинжээчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд шинжээчийн зардлыг 2 250 000 төгрөг, 2 520 000 төгрөгөөр тус тус хуваан хариуцахаар байхад хариуцагч нь шинжээчийн зардалд нийт 3 575 000 төгрөгийг төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгч нь шинжээчийн зардлын 50 хувийг төлсөн гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчээс шинжээчийн зардалд 1 325 000 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгох үндэслэлтэй байна.
10.3.Шинжээч нь шүүх хуралдаанд төлөх төлбөр байхгүй, хэнээс хэдэн төгрөгийг төлөгдсөн эсэхийг нарийвчлан хараагүй гэсэн болно.
10.4.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392 000 төгрөг, хариуцагч М******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 677 856 /957 950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 122 806 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И ХХК-д, шинжээчийн зардалд 1 325 000 төгрөгийг нэхэмжлэгч И ХХК-иас гаргуулж хариуцагч М******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.2.3-д зааснаар хариуцагч М******* ХХК-иас ажлын хөлсний үлдэгдэл 6 740 995 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И ХХК-нд олгож, нэхэмжлэлээс 39 959 005 төгрөгийг болон Иргэний хуулийн 335 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагч М ХХК-ний нэхэмжлэгч И ХХК-нд холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж, ажлын хөлс 113 300 000 төгрөг, алданги 46 700 000 төгрөг, доголдлыг арилгахад гарсан зардлын үлдэх 68 857 386 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392 000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 1 677 856 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 122 806 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д, нэхэмжлэгч И ХХК-иас шинжээчийн зардалд 1 325 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч М******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН