Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/208

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Б.Амартүвшин, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,

Шүүгдэгч Н.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.О-д холбогдох эрүүгийн 1838004790257 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.О.

Шүүгдэгч Н.О нь 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг “Тэнгис” гэх газарт хохирогч М.М-н цээжин тус газарт хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.О нь 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг “Тэнгис” гэх газарт хохирогч М.М-н цээжин тус газарт хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.О-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тэгээд хуриманд оролцоод архи уугаад согтоод Мөнгөн гэх хүнтэй маргалдаж байснаа санаж байна. Түүнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. ...Тэгээд гэртээ харьсан чинь манай дүү О унтаж байхаар нь би ээж хааччихсан юм бэ гэж асуусан чинь О та хүн хутгалчихсан юм уу ээжийг хүмүүс аваад явсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

Хохирогч  М.М-ний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Тэнгист манай нутгийн дүү болох С-н хурим болсон... С-нд ороод архи ууж байгаад тасарсан байсан. Намайг ухаан ороход сумын төвийн эмнэлэгт тэр өдрийн маргааш өглөө сувилагч боолт хийж байхад сэргэсэн. Тэгээд хөдлөх гэхэд зүүн суганы доод талд хөндүүрлэж өвдөөд байсан. Хөдлөх гэхэд сувилагч хамаагүй хөдөлж болохгүй гэж хэлсэн. Эмч Ш чи хүнд хутгалуулсан эмчилгээ хийлгэж байна гэж надад хэлсэн. ...Нэг хоногийн дараа эхнэр Б... чи О-д хутгалуулсан байна лээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

  Гэрч Ш.Н-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ... орой мал хотолж байхад хүү тань хүн хутгалчихлаа гэж надад А надруу утсаар хэлсэн. Явуулын эмнэлэг тэнд ажиллаж байсан болохоор Ш эмчийг аваад очиход найр болдог айлын гэрийн гадаа М хүмүүстэй байж байсан. Эмч очоод шарх, цусыг нь боогоод анхан шатны тусламж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

  Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр... намайг Хужирт яваад ирэхэд л М ахыг О хутгалсан асуудал гарсан байсан. Гэрийн ард М ах хэвтэж байсан. Эмч Ш ирж цусыг нь тогтоож боож бариад сум аваад явсан. О ууцан дээр байсан хутгаар М-ийг хутгалсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

Гэрч Т.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... нөхөр Хужирт яваад орж ирэхдээ М-ийг О хутгалсан юм биш үү гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Гэрч Г.Д-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Маргааш нь О-г хүн хутгалсан гэж сонссон, О надад ийм хэрэг хийсэн гэж хэлээд сум, аймаг руу яваад ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 297 дугаартай:

  1. М.М-ий биед цээжний зүүн хажуу дээд хэсэг суганы шугамаар ил шарх, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг улдаагийн үйлчлэлээр үүссэн байна.
  3. М.М-ий биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт  /хх-ийн 33 дугаар хуудас/,

        Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-8, 12 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838004790257 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Н.О нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.О нь хохирогч М.М-тэй эвлэрч хохирогч нь хохирлоо бүрэн барагдуулж авсан тухай 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр эвлэрлийн гэрээ /хх-ийн 46 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсгийн урт 13.5 сантиметр, өргөн 3 сантиметр, нийт урт нь 25.5 сантиметр, бор модон иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна. 

Эрүүгийн 1838004790257 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Н.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч               Н.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсгийн урт 13.5 сантиметр, өргөн 3 сантиметр, нийт урт нь 25.5 сантиметр, бор модон иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

      5. Эрүүгийн 1838004790257 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.      

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.НЯМСҮРЭН