Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/412

 

  2025             04             03                                     2025/ДШМ/412

 

Ч.Мт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ариунтөр,

шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Б.Баттөр,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/285 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөрийн гаргасан давж заалдах гомдлоор Ч.Мт холбогдох эрүүгийн 2402006150371 дүгээр хэргийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

*** овгийн Ч.М, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн * дүгээр хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух хаягтай, /РД:**00000000/;

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 438 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан;

Шүүгдэгч Ч.М нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ар гүнтийн зуслан орчимд 6 хэсэг гялгар ууттай, нийт 13.457.4 грамм /13 килограмм 457.4 грамм/ цэвэр жинтэй, хэрэглээний өвс гэх нэршилтэй зүйл буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол /Delita-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж, өөрийн эзэмшлийн 85-71 БУА улсын дугаартай Субару Х-20 загварын тээврийн хэрэгсэлд хадгалж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас Ч.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ч.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мт 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мт оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ч.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “өвс” гэх нэршилтэй 6 хэсэг гялгар ууттай, нийт 13,457.4 грамм /13 кг, 457.4 грамм/ цэвэр жинтэй ногоон өнгийн ургамал, саарал өнгийн граммын жин зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг, ороож нугалсан байдалтай серийн дугаар харагдах боломжгүй 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол банканд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Мын эзэмшлийн Subaru Forester маркийн 85-71 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод шилжүүлж, шүүгдэгч Ч.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүх Ч.Мыг сэтгэцэд нөлөөлөх бодисыг “13 кг, 457,4 грамм буюу их хэмжээгээр түүж олж авсан, тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр жинлүүр илэрсэн” учраас сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилготой байсан гэж өрөөсгөл дүгнэлт хийжээ. Ч.Мын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх ЗЗ-34/, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдэд /хх 83-86/ уг сэтгэцэд нөлөөл бодис буюу ургамлыг огт худалдан борлуулах зорилго байгаагүй, дахин дахин ирж түүж байхаар нэг мөсөн түүж авсан, мужаан, дарханы ажил хийдэг учраас жинлүүр машинд байсан талаар тодорхой мэдүүлдэг. Мөн хамт явсан түүний эхнэр Х.Аминзаяа энэ ургамлын талаар ямар ч ойлголтгүй талаараа мэдүүлсэн байдаг. /хх 36-37/

13 кг болохоор нь их хэмжээ гэж үзсэн үү эсхүл худалдан борлуулах үнэ 50.000.000 төгрөгөөс дээш гэж үзсэн үү гэдэг нь ойлгомжгүй байна. 13 килограммыг тэр чигт нь хэрэглэхгүй. Тухайн өвсийг зулгааж аваад толгойг нь хатааж байгаад татаж хэрэглэдэг гэж би ойлгосон. Тухайн газар дээрээс нойтноор нь түүгээд тээврийн хэрэгсэлдээ хийсэн байсныг тэр чигт нь жинлээд 13 кг болсон. Миний хувьд бол би газрын самарт дуртай. Хээр талд үнэ төлбөргүй ургаж байвал би зардал гаргаж очсон болохоор тээврийн хэрэгслийнхээ даацын хэмжээгээр ачаад ирнэ. Энэ жишээтэй адилхан, Ч.Мыг худалдан борлуулах зорилготой гэж үзэж хийсвэр оюун дүгнэлтээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх ямар шалгуураар 13 кг, 457,4 грамм гэсэн хэмжээг “их хэмжээ” гэж үзээд байгаа нь ойлгомжгүй, тээврийн хэрэгслээс жинлүүр илэрсэн учир “худалдан борлуулах зорилготой” гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн нь бодит нотлох баримтад бус хийсвэр оюун дүгнэлтэд үндэслэн хэргийг шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэсэн үндэслэлд хамаархаар байгаа тул мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ч.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ өвсийг худалдан борлуулах зорилгоор түүгээгүй. Жингийн тухайд гэвэл би модон хээтэй, мөнгөн дотортой авдар хийх гээд мөнгө авч явж байсан, мөнгийг хурааж авсан. Эхнэр маань 4 дүгээр сарын 20-нд амаржиж охинтой болох гэж байгаа. Охинтойгоо хамт байх боломж олгож надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна.” гэв.

Прокурор Б.Ариунтөр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж хууль ёсны зарчмыг тодорхойлон хуульчилсан. Монгол Улсын нэгдэн орсон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль, Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцийн 3 дугаар зүйлийн 3-т “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэргийн бүрэлдэхүүн хэсэг болох ухамсар, санаа зорилго хэргийн бодит байдлаас тогтоож болно” гэж заасан. Ч.Мт холбогдох хэрэгт нийт 13 кг 457,4 грамм дельта 9 тетрагидроканнабинол агууламжтай өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодис тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед тогтоогдон эд мөрийн баримтаар хураан авсан. Тухайн цаг хугацаанд ийм их хэмжээний сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн. Ч.Мын унаж явсан тээврийн хэрэгслээс жин хэмжүүр, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт илэрсэн. Гэмт хэрэг үйлдсэн нотлох баримт буюу обьектив талын шинжийг харгалзан үзвэл энэ хэмжээний сэтгэцэд нөлөөлөх бодисыг нэг хүн хэрэглэх боломжгүй. Улсын дээд шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 340 дугаар тогтоол гарсан. Тухайн тогтоолд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд илэрч байгаа бодисын хэмжээ нь гэмт хэргийн зүйлчлэлд чухал ач холбогдолтой. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хэмжээний асуудлыг чухалчилсан гэж үзсэн, тийм зүйл байхгүй. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс охинтой болсон гэж тайлбарласан. Энэ тайлбар нь хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл болохгүй. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/285 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.М нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ар гүнтийн зуслан орчимд 6 хэсэг гялгар ууттай, нийт 13.457.4 грамм /13 килограмм 457.4 грамм/ цэвэр жинтэй, хэрэглээний өвс гэх нэршилтэй зүйл буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол /Delita-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, өөрийн эзэмшлийн 85-71 БУА улсын дугаартай Субару Х-20 загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Ч.Мын яллагдагчаар өгсөн “…би машинтайгаа явж байхдаа өвс ургаж байгааг хараад дэлгүүр ороод 6 ширхэг тор аваад тухайн өвсийг түүж авсан. …ингээд ар гүнтийн постонд орж ирээд цагдаагийн алба хаагч нарт баригдсан. …” /хх 83/ мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4846 дугаар “…шинжилгээнд ирүүлсэн “Чүлтэмийн Ч.М” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ нь илэрсэн. Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай” конвенцын II-р жагсаалтад багтана...” /хх 46/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 4852 дугаар “…Шинжилгээнд ирүүлсэн №1…, №2…, №3…, №4…, №5…, №6 гэж дугаарласан гялгар уутанд ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 Tetrahydrocannabinol/ илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 Tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно…” /хх 51/ тус тус дүгнэлтүүд,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 8-11/, илтгэх хуудас /хх 12/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 13-16/, Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /хх 26/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх 65-68/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөр “…хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү…” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо нотлох баримт нэг бүрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал зэрэг нотолгооны зүйлийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисын хууль бус эргэлттэй холбоотой аливаа гэмт хэргийн талаар нотолбол зохих зүйлд мансууруулах бодисын хэмжээ, нэгж хэрэглээний дундаж тун, нийт хэдэн удаагийн хэрэглээний тун байж болох, мөн хүний амь насанд аюултайгаар нөлөөлж болох хэмжээг тодорхойлохоос гадна тэдгээр бодисын “хар зах зээл дээрх” хууль бус эргэлтэд хэрэглэгдэж байгаа үнийг тогтоох асуудал хамаарна.

Мансууруулах бодисын хэмжээ их, мөн жин хэмжүүр байгаа үйл баримт нь дангаараа мансууруулах бодисыг бусдад худалдаалах зорилготой байсан гэж дүгнэх хангалттай үндэслэл болохгүй бөгөөд тухайн мансууруулах бодисын үнийн талаарх мэдээлэл, мөн жижиглэнгээр борлуулж, түгээх зориулалт бүхий сав баглаа боодол, жин хэмжүүр гэх мэт онцлог эд зүйлсээс гадна, тухайн хүний амьжиргааны эх үүсвэр, зан үйлийн байдал, хэргийн бусад нөхцөл байдлуудын талаарх нотлох баримт зэргийг нэгтгэн дүгнэж, цогц байдлаар үнэлснээр мансууруулах бодисыг худалдаалах сэдэлт, санаа зорилгыг тодорхойлох, хэргийн зүйлчлэлийн талаар зөв дүгнэлт хийх боломж бүрддэг.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны үеэр 6 хэсэг гялгар ууттай, нийт 13 кг 457.4 гр цэвэр жинтэй, хэрэглээний өвс гэх нэршилтэй энэхүү бодисын нэг удаагийн хэрэглэх тун хэмжээг бүрэн бодитой тогтоох ажиллагааг хийлгүй ирүүлжээ.

Өөрөөр хэлбэл, дээрх нийт 13 кг 457.4 гр цэвэр жинтэй, хэрэглээний өвс гэх нэршилтэй энэхүү бодис нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд буюу байгальд ургадаг мансууруулах бодис бүхий ургамал хэлбэрээр байх бөгөөд түүнийг дахин боловсруулж, хувирган өөрчилсөн, тун орцыг нэмэгдүүлсэн буюу багасгасан, эцсийн бэлэн бүтээгдэхүүн болгон боловсруулсан үед хэрэглэх тун хэмжээг гаргаж ирэхэд хэдий хэмжээтэй болох байсан гэдгийг бүрэн дүүрэн нотолж ирүүлээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөрийн гаргасан давж заалдах гомдлын  “зүйлчлэлийг хөнгөрүүлэх” гэснийг хүлээн авч, харин зорчих эрх хязгаарлах ял оногдуулах гэснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Мт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан 3 жил хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Ч.Мын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 69 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/285 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос шүүгдэгч Ч.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Ч.Мыг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мыг 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөрийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 69 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР