| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигдэнгийн Батттогтох |
| Хэргийн индекс | 2423000000147 |
| Дугаар | 2025/ДШМ/09 |
| Огноо | 2025-03-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2025/ДШМ/09
Я.Н-д холбогдох эрүүгийн
хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр
Прокурор Ц.М
Шүүгдэгч Я.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А
Хохирогч Ц.С
Хохирогчийн өмгөөлөгч Б.Э
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Ц.С-ийн давж заалдах гомдлоор Я.Н-д холбогдох 2423000000147 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн ..... сумд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Завхан аймгийн ..... сумын ..... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .... овогт Я-ын Н, /регистрийн дугаар ............./.
Шүүгдэгч Я.Н нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн ..... сумын .... багийн нутаг “.....” гэх газарт хохирогч Ц.С-тэй малын бэлчээрийн маргаанаас болж маргалдаж, хохирогчийн нүүрэн тус газар духаараа мөргөсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн нүдэнд цус хуралт, хамрын *******нд хавдар, хамрын ясны хянга ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх:
Шүүгдэгч .... овогт Я-ын Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Н-ийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Н-д оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, шүүгдэгч Я.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 тус тус зааснаар хохирогч Ц.С нь уг гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлж шүүгдэгч Я.Н-оос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Хохирогч Ц.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: …2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн ....... сумын 4-р багийн нутаг ......... гэх газарт .. сумын зүйл багийн иргэн Я.Н-той малын бэлчээрийн маргааны улмаас Я.Н намайг мөргөж, миний хүзүү нүдэнд цус хуралт, хамрын яс хугарч хүнд гэмтсэн. Ингээд миний гомдол, мэдээллийг Завхан аймгийн Цагдаагийн газар шалгаж миний гэмтлийг хөнгөн гэмтэл учирсан гэж үзсэн. Би мөрдөгчийн гаргасан гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний биед хүнд гэмтэл учирсан, одоогоор биеийн байдал чих толгой өвддөг, үе, үе нүд бүрэлзэж хамар битүүрч хүнд, зовуурь ихтэй хөдөлмөрийн чадамж муутай байна. Анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие эрхтэн, сэтгэл санааны хохирол зэрэг нөхөн төлбөрийг өмгөөлөгчөөрөө дамжуулж гаргуулж авах хүсэлтэй байна. Анхан шатны шүүхээр орохдоо авсан өмгөөлөгч Т.А нь шүүгдэгч Я.Н-той ураг садны холбоотой байсан учир би өмгөөлөгч миний эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд миний гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хохирогч Ц.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хөдөө орон нутагт амьдарч чадахгүй болчхоод байна. Учир нь миний бие хүн харахад эрүүл саруул харагдаж байгаа ч агаарт гарахаар хоолой таг болчихдог, ...шөнө амь тэмцээд унтаж чадахгүй, битүү орчинд байж чадахгүй надад үнэхээрийн зовуурьтай хэцүү байна. Я.Н-оос болоод нүүрэндээ сорвитой болсон, эвшээж, инээж болохгүй ийм нөхцөл байдалтай ...эмчилгээнд явъя гэхээр өөрөө явах боломжгүй болчхоод байна. ...Би шинжээчийн дүгнэлтэд итгэхгүй байна... гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хэргийн материалтай танилцаад, хохирогч Ц.С-тэй уулзаад үзэхэд гурван үндэслэл байдаг. Нэгдүгээрт, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний шинжээчийн дүгнэлтэд “...зүүн нүдэнд цус хуралт хянга ясны хугарал байна” гэж дүгнэсэн байна. Гэтэл .... эмнэлэг дээр хамрын хагалгаанд ороход цаад суурь ясанд цөмрөлт үүссэн, суурь ясны гэмтэлтэй байна, зөвхөн хамрын хянга ясны хугарал биш байна гэдэг зүйл ярьсан учраас шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан байх боломжтой гэж үзэж байна. Тийм учраас энэ талаар дахин шалгуулах нь зүйтэй гэж үзэж гомдол гаргасан. Хоёрдугаарт, сэтгэцэд учирсан хор уршгийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хор уршгаа нэхэмжлэх эсэх талаар ямар нэг байдлаар танилцуулж асуусан зүйл байдаггүй. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжлэхэд 5,0 сая төгрөг өгсөн асуудал байгаа боловч, сэтгэцэд учирсан хор уршгийг гаргаж шийдвэрлэх эсэх, эсхүл татгалзах эсэх, иргэний журмаар нээлттэй нэхэмжлэх талаар энэ байдлыг шийдвэрлээгүй байдаг. ...сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэх нь нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Хэрэв хөнгөн гэмтэл гэж үзвэл гэмтлийн хоёрдугаарт зэрэгт хамаарна, 4-8 хувийг тооцож, 3.300.000-8.500.000 төгрөгийн хохирол хор уршгийн асуудал яригдах боломжтой. Нөгөө талаар хохирогч .... эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн талаар хэрэгт баримтууд гаргаж өгсөн. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас Ц.С-ийн өөрийнх нь эмчилгээнд зарцуулсан төлбөрийг шүүгдэгчээр төлүүлээгүй байдаг. Энэ асуудлыг цаашид төлүүлэх хүсэлтэй байна. Ийм байдлаар гомдлыг гаргаж байна. ...Миний хувьд анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй учраас тухайн нөхцөл байдлын талаар болон хохирогч яагаад ингэж мэдүүлсэн талаар мэдэхгүй байна. Гэхдээ давж заалдах шүүхээс хэргийн материалтай танилцахад ийм эргэлзээтэй зүйлүүд байгаа учраас хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү гэж хүсэж байна. ...сэтгэцэд учирсан хор уршгийг хуульд заасны дагуу нэхэмжлэх эрх нь хохирогчийн хууль ёсны эрх боловч, хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчгүй оролцсон учраас энэ эрхээ эдэлж чадаагүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгч аваад энэ асуудал яригдалгүй явсаар өнөөдрийн хуралдаан дээр яригдаж байгаа учраас шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хохирогчийн хууль ёсны эрхийг хамгаалж асуудлыг нааштайгаар шийдвэрлэж өгнө үү. ...Нөгөө талаар эрүүл мэндийн даатгалын санд .... эмнэлгийн эмчилгээний зардал нэхэмжлэгдээгүй яваад байгааг дурдаж шийдвэрлүүлэх нь зүйтэй... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг нь гарах болсон шалтгаан нөхцөл нь малын бэлчээрийн маргаанаас болсон тохиолдлын шинжтэй нөхцөл байдал байгаа. Анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэх үед хохирлоо бүрэн барагдуулсан. Гэм хор, сэтгэл санааны хохиролд шүүгдэгч нь хохирогчид 5,0 сая төгрөг шилжүүлсэн. Хохиролд 2 удаа мөнгө өгсөн. Сэтгэл санааны хохирлыг хохирогч анхнаасаа нэхэмжлээгүй. Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой асуудал бол энэ хэргээс тусдаа асуудал. Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.800.000 төгрөг гарсан баримтыг бид судалж үзэхэд хохирогч нь элэгний церроз оношоор эмчлүүлсэн байсан. ...Одоо хохирогч шүүгдэгчээс юу нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. Сэтгэл санааны хохирлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх бүрэн эрх нь хохирогчид байгаа. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна гэв.
Прокурор Ц.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Я.Н нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн ......... сумын ....... багийн нутагт “............” гэдэг газар хохирогч Ц.С-тэй малын бэлчээрийн маргаанаас болж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.С-д хөнгөн зэргийн хохирол учирсан. Хууль тогтоогчийн хууль тогтоосон байдлаас харахад хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх болон мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх боломжгүй гэж хоёр ангилахаар байна. Өөрөөр хэлбэл, Хүний эрүүл мэндэд учирч байгаа хохирол бол нөхөн төлөгдөх боломжгүй. Ийм учраас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа хөнгөн зэргийн хохирлыг энэ гэмт хэргийн хохирол гэж үзэхээр байгаа. Хохирогчид учирсан гэмтлийн эдгэрэлттэй холбоотой шүүгдэгчээс өгч байгаа мөнгө төгрөг, эмчилгээтэй холбоотой эм тариа, эмчилгээндээ зарцуулсан мөнгөн төгрөг нь хор уршиг юм. Тэгэхээр хор уршигт шүүгдэгч Я.Н-ийн зүгээс 5,0 сая төгрөг хохирогчид өгсөн. Хохирогч Ц.С, өмгөөлөгч Т.А нарын зүгээс эмчилгээ сувилгаатай холбоотой нийт 3.333.364 төгрөгийн баримтыг хэрэгт гаргаж өгсөн байна. Үүнийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлаад, эмчилгээ сувилгаатай холбоотой 1.873.818 төгрөг, бусад зардлын 1.129.550 төгрөг, нийт 3.333.364 төгрөгийн баримт байна гэж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан. Шүүгдэгч Я.Н-ийн зүгээс хохирогчид төлсөн 5,0 сая төгрөгт баримтаар тогтоогдсон 3.333.364 төгрөгийг оруулан тооцох саналыг шүүх хуралдаан дээр гаргасан, шүүгчийн зүгээс саналыг хүлээн авч шийдвэрлэсэн. Иргэний нэхэмжлэгч Д.Ц-ийн зүгээс анх нэхэмжлэхдээ “Ц.С нь 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс, 11 дүгээр сарын 22-ны өдрийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын системд бүртгэгдсэнээр нийт 2.893.540 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан” гэж нэхэмжилж байсан боловч шүүхэд ирүүлсэн тайлбартаа нийт нэхэмжилсэн 2.893.540 төгрөгөөс 2.598.480 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар талаараа тайлбарласан. Гэм буруугийн шүүх хуралдаан засварлахад шүүгдэгчийн зүгээс хүсэлт гаргаж шүүх хуралдааныг 30 минутаар засварлуулсан. Энэ хугацаанд иргэний нэхэмжлэгч Д.Ц-ийн нэхэмжилсэн 295.060 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Ингэснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн. ...нэхэмжилж байгаа 3 сая төгрөгийг 5 сая төгрөгт оруулан тооцъё гэдэг саналыг шүүх хуралдаан дээр хохирогч, түүний өмгөөлөгч А нарын зүгээс гаргасан. Ийм учраас талууд маргаангүй эвлэрсэн байна гэж улсын яллагчийн зүгээс үзэх үндэслэл болсон. Түүнчлэн шүүх хуралдаан дээр улсын яллагчаас “...энэ хүн Улаанбаатар хот руу яваад эмчлүүлээд байгаа. Харахад эрүүл харагдаж байгаа боловч цаашдаа, эмчилгээ хийхэд зардал гарч болох юм. Ийм учраас түүний цаашид эмчлүүлэх эрхийг нь нээлттэй үлдээж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хянан шийдвэрлэхээр нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн санал гаргасан. Шүүхийн зүгээс улсын яллагчийн саналыг хүлээн авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн энэ шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, хохирогч болон яллагдагчийн эрх зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа. Улсын яллагчийн зүгээс яллагдагч Я.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгийн торгох ялыг оногдуулах саналыг гаргаж, торгох ялын 900,000 төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргасан. Шүүхээс улсын яллагчийн гаргасан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар уг торгох ялыг хэсэгчлэн 4 хувааж төлүүлэх саналыг гаргасан. Шүүх хуралдааны процесс, хууль хэрэглээ, улсын яллагчийн гаргасан санал шүүхийн шийдвэрт хууль зөрчсөн дордуулсан гэж үзэх үндэслэл байхгүй байна. Өмгөөлөгч Б.Э-ын зүгээс сэтгэл санаанд учирсан хор уршигтай холбоотой асуудлыг нэхэмжилсэн. Үүнтэй холбоотойгоор хариу тайлбар хийсэн асуудлууд байхгүй. Энэ асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Мөн шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудал ярьж байна. Шинжээч эмч Т.О өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийж дүгнэлтээ гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хэлэлцүүлгээр шүүгдэгч нь хохирогчийг нэг удаа мөргөсөн үйл баримт тогтоогддог. Үүний улмаас хохирогч Ц.С-ийн зүүн нүдэнд цус хуралт, хамрын ясны хугарал тогтоогдсон. Энэ нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн зэргийн хохирол гэж тогтоогдсон. Шинжээчийн энэ дүгнэлтэд эргэлзээтэй, тодорхойгүй нөхцөл байдал байна гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү, сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой асуудлыг өмгөөлөгчийн зүгээс тавьж байгаа юм байна. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Я.Н нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн ........ сумын ........ багийн нутаг “...............” гэх газарт хохирогч Ц.С-тэй малын бэлчээрийн маргаанаас болж маргалдаж, хохирогчийн нүүрэн тус газар духаараа мөргөсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн нүдэнд цус хуралт, хамрын *******нд хавдар, хамрын ясны хянга ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Энэ үйл баримт нь хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаа, Үүнд:
Хохирогч Ц.С-ийн: “...2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манайх Завхан аймгийн ...... сумын ...... 4-р багийн нутаг “..........” гэдэг газарт малын бэлчээр дээр байж байхад манай өвөлжөө рүү айлын хонь орчихсон байхаар нь малыг нь буцааж байхад малын эзэн болох тус аймгийн .......... сумын харьяат Я.Н буюу Н нь “намрын хайран цагийн мал хөөлөө, пизда минь” гэж хэлээд мотоциклоосоо бууж ирээд “пизда минь чамайг ална шүү” гэж хэлэхээр нь би чи юундаа уурлаад байгаа юм, адилхан амьдрах гэж байж хүний өвөлжөө рүү мал чинь ороод байхаар эзэн нь буцаана биз дээ гэж хэлэхэд Я.Н нь мотоциклоо асаагаад манай өвөлжөө рүү хонио хөөж байснаа уулын орой дээр гараад дурандаад суучихаар нь би машинаа асааж очоод хонины урдуур нь ороод өвөлжөө рүүгээ явуулахгүй гээд хонийг нь эргүүлээд зогсож байхад Я.Н нь хониныхоо дундуур орохоор нь би малыг эргүүлэх гээд явган явж байхад “пиздааг дайраад алъя” гээд миний хөлийг шүргэнгээ алдаад зогссон. Тэгээд намайг “*******д алъя” гээд цохих гээд байхаар нь би хоёр гарыг нь бариад авсан чинь намайг цохих гээд байсан. Тэгээд намайг “ална шүү, жингэр минь” гэж хэлээд миний зүүн талын нүд болон хамар хэсэг рүү нэг удаа духаараа мөргөөд намайг унагаачихсан. Тэгсэн миний бага охин Н та болиоч, ээжийг цохичихлоо гэсэн чинь би *******гүй шүү шувуунууд минь гэж хэлээд хүүхдүүд айлгаад хөөгөөд байсан. ...Н буруугаа ч хүлээгээгүй, яаж ийж байна гэж орж ирээгүй, би хадам эгчдээ өвдөөд хэцүү байна гэж хэлсэн чинь эмнэлэг авч явъя, цагдаад мэдэгдье гээд цагдаад мэдэгдсэн. Цагдаа та ирээд мэдүүлэг өг гэж хэлсэн, эмнэлэг аймгийн эмнэлэг рүү явж үзүүл гэж хэлсэн. Тэр үед Н өөрөө биеэрээ ирж намайг харсан, намайг аймаг явах унаа байхгүй гэдгийг мэдсээр байж би аймаг аваад явъя гэж хэлээгүй, би замын унаанд суугаад аймаг орсон. Би Н чи больчихоочээ гээд гуйгаад байхад алаад хаячихъя гээд дайраад байсанд үнэхээр их гомдолтой байна. Одоо би юу ч хийж чадахгүй байна, би аймгийн төв дээр хүүхдүүдээ харангаа нарийн боовны цехэд ажиллаж хэдэн төгрөг олдог байсан, тэр ажлаа ч хийж чадахгүй байна, манай нөхөр хөдөө ганцаараа, би хөдөө очоод нэмэр болж чадахгүй байна, гадаа гараар даараад бие өвдөөд байгаа. Би үнэхээр их гомдолтой байгаа” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 21, 25-26 дугаар дэх хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
Иргэний нэхэмжлэгч Д.Ц-ийн: “...Хохирогч Ц.С нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 22-ны хугацаанд Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр нийт 2,893,540 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авсан ... уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,
Гэрч Э.О-ын: “....... сумын ........ багийн иргэн Ц.С нь 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай байгууллагад үзүүлсэн. Тухайн үед толгой хүчтэй өвдөнө, өвчин намдахгүй байна, зүүн нүдний ухархай хэсэгт хатгаж өвдөөд байна гэсэн зовуурьтай ирсэн. ...Ц.С-ийн зүүн талын нүд хөхөрч хавдсан байдалтай, хамар хавдсан, хоёр гарын шуу хэсэгт олон жижиг хөхрөлттэй байсан. Өөр биед учирсан шарх, гэмтэл байхгүй байсан.” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/
Гэрч А.Б-ийн: “...Би Я.Н-ийн туслах малчин хийдэг. 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Я.Н-ийн бог мал нь Ц.С-ийн өвөлжөөний наад руу явчихсан байсан. Би Я.Н-ийн гэрт нь байж байхад Я.Н хонио хариулна гээд мотоциклоо унаад хонь руугаа явчихсан. Би араас нь морь унаад яваад очиход Завхан аймгийн ........ сумын нутаг ........... гэх газарт Я.Н болон Ц.С нар нь хоорондоо маргалдаад байж байсан. Тэгээд Я.Н нь удалгүй яваад өгсөн. ...Би Я.Н, Ц.С-г цохиж зодсон талаар нь мэдэхгүй. Тухайн үед хонь дарж байсан болохоор Я.Н, Ц.С хоорондоо зодолдсон талаар мэдээгүй. ...Тухайн үед Ц.С гэдэг хүний хоёр жоохон хүүхэд байсан. Өөр хүн байгаагүй.” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,
Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахмад Т.О-ын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0000000419 дугаартай: “1. Иргэн Ц.С-ийн биед: Зүүн нүдэнд цус хуралт, хамрын *******нд хавдар, хамрын ясны хянга ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гаднын цохилтын улмаас үүснэ. 4. Иргэн Ц.С-ийн биед: Зүүн нүдэнд цус хуралт, хамрын *******нд хавдар, хамрын ясны хянга ясны хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т заасны дагуу хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Иргэн Ц.С-ийн хамрын хянга ясны хугарал нь дангаар хохирлын хөнгөн зэрэг, бусад нь хамаарахгүй. 6.Тухайн гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлтээр /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,
Хохирогч Ц.С нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 22-ны өдрийн хооронд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,893,540 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан жагсаал /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн шүүгдэгч Я.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, энэ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.
Хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон бөгөөд хэргийн оролцогчдын хуулиар тогтоосон эрхийг зөрчөөгүй байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Хохирогч Ц.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо ...Би мөрдөгчийн гаргасан гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний биед хүнд гэмтэл учирсан, одоогоор биеийн байдал чих толгой өвддөг үе, үе нүд бүрэлзэж, хамар битүүрч, хүнд зовуурь ихтэй, хөдөлмөрийн чадамж муутай байна. Анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие эрхтэн, сэтгэл санааны хохирол зэрэг нөхөн төлбөрийг өмгөөлөгчөөрөө дамжуулж гаргуулж авах хүсэлтэй байна... гэжээ.
Хавтаст хэргийн материалд мөрдөгчийн тогтоолоор шинжээч томилж, шинжээч эмч дүгнэлт гаргахдаа “...иргэн Ц.С-ийн зүүн нүдэнд цус хуралт, хамарт хавдар, хамрын хянга ясны хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т заасны дагуу хохирлын хөнгөн зэрэгт хамаарна, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт гарсан байх бөгөөд энэ шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан, шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх , эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Түүнчлэн хохирогч Ц.С нь хамрын ясны хугарал гэмтэл авсны дараа Улаанбаатар хот явж ..... дугаар эмнэлэг, ..... эмнэлэгт эмчилгээ, оношилгоо хийлгэж, хувийн .... эмнэлгээр хамрын таславч тэгшлэх, шинэ хугарал засуулах эмчилгээ хийлгэсэн нь хохирогчийн бие махбодод хүнд зэргийн гэмтэл учирсныг нотлох баримт биш бөгөөд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг өөрчлөх боломжгүй юм. Хохирогч Ц.С нь давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт сэтгэцэд учирсан сэтгэл санааны хохирлоо гаргуулъя гэсэн гомдол гаргаж байгаа хэдий ч сэтгэцэд учирсан хохирол гаргуулахаар мөрдөн байцаалтын шат болон анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэл гаргаагүй учир анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хохирлыг шийдвэрлээгүйг буруутгах боломжгүй юм.
Харин хохирогч Ц.******* нь гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд хохирол учирсан гэж үзвэл, нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогч Ц.С-ийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “ эмчилгээний зардал гэсний дараа болон сэтгэцэд учирсан хохирлын, гэж нэмэлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Ц.С-ийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Ж.БАТТОГТОХ