Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/01693

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/00773 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХК хариуцагч В ХХК -д холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, 790 587 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, Бө хонг ХХК-аас 870 604 943 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д, хариуцагчийн өмгөөлөгч Н.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талууд 2019 оны 02 сарын 25-ны өдөр худалдааны гэрээ байгуулж, уг гэрээгээр В ХХК нь 500 тонн зэсийн баяжмалыг Бө хонг ХХК-д нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Хариуцагчийг 500 тонн зэсийн баяжмал нийлүүлэх боломжтой гэж итгэж гэрээ байгуулсан. Гэрээний баталгаа 300 000 ам.долларыг 2019 оны 02 сарын 23-ны өдөр хариуцагч компанийн захирал Ц.Бямбацоожийн Голомт банк ХХК-ийн 1405104260 тоот данс руу 261 891 ам.долларыг шилжүүлж, 38 109 ам.долларыг түүнд бэлнээр хүлээлгэн өгсөн. 2019 оны 02 сарын 23-ны өдөр Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаагаар 1 ам.доллар 2 635.26 төгрөг байсан болно.

Хариуцагч нь зэсийн баяжмал олборлох үйл ажиллагааг огтхон ч эхлээгүй, гэрээний хугацаанд ч олборлолт явуулах боломжгүй болох нь тодорхой болсон. Нэгэнт гэрээ биелэгдэхгүй нь тодорхой болсон тул манай компанийн зүгээс гэрээний баталгаа болгож шилжүүлсэн мөнгийг буцаан шилжүүлэхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна.

Хариуцагч нь огтхон ч гүйцэтгэх боломжгүй нийлүүлэлтийг бидэнд амлаж, бодит бус зохиомол байдлыг бий болгож, Иргэний хуульд заасан үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүргээ зөрчин гэрээ байгуулж улмаар гэрээний баталгаа болгож нэхэмжлэгчээс шилжүүлсэн 300 000 ам.долларыг 2019 оны 02 сарын 23-ны өдрөөс хойш эргэлдүүлэн ашиглаж биднийг хохироож байна. Хэрэгт авагдсан Улсын комиссын дүгнэлтээс үзвэл, 2019 оны 05 сарын 30-ны өдөр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон, мөн 05 сарын 27-ны өдрийн ашигт малтмалын газар ашиглах гэрээ, 2019 оны 07 сарын 02-ны өдрийн ус ашиглах гэрээ болон үйл ажиллагаа эрхэлсэн захирлын тайлбараас харахад сар бүр 500 тонн зэсийн баяжмалыг нийлүүлж олборлоогүй нь харагдаж байна. 20119 оны 03 сарын 25-ны өдрөөс 04 сарын 01-ний өдрийн хооронд ямар нэгэн 500 тоннтой дүйцэхүйц үйлдвэрлэл явагдахгүй байсан учраас урьдчилгаа төлбөрөө өгөөгүй.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй, 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.

Иймд талуудын хооронд 2019 оны 02 сарын 25-ны өдөр байгуулагдсан худалдааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, уг хэлцлээр нэхэмжлэгчээс шилжүүлсэн 300 000 ам.доллар буюу 790 587 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Талуудын байгуулсан 2019 оны 02 сарын 25-ны өдрийн гэрээ нь жирийн худалдах, худалдан авах гэрээнээс онцлог ялгаатай ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ юм. Уг гэрээ нь ихэвчлэн уул уурхайн салбарын бүтээгдэхүүнд хэрэглэгддэг бөгөөд энэ нь ирээдүйд үйлдвэрлэх уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авахаар хийсэн талуудын тохиролцоо юм. Нийтдээ 4 296 920 ам.долларын дүн бүхий Ирээдүйд эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-ээр нэхэмжлэгч нь гэрээ байгуулах, улмаар үүргээ гүйцэтгэхээ нотолж 300 000 ам.долларыг манай компанид өгөх үүрэг хүлээсэн, тус компани нь гэрээний нийт дүнгийн 30 хувь болох 1 289 076 ам.долларыг урьдчилгаа болгож 2019 оны 03 сарын 07-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн. Үүний хариуд манай компани нийт нийлүүлэх 500 тонн зэсийн баяжмалын эхний ээлжийн нийлүүлэлтийг 2019 оны 03 сарын 25-ны өдрөөс 04 сарын 01-ний өдрийн хооронд хийхээр тохиролцсон.

Гэтэл Бө хонг ХХК нь гэрээнд заасан 300 000 ам.долларын төлбөрөө дутуу төлсөн төдийгүй бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөр 30 хувь болох 1 289 076 ам.долларыг 2019 оны 03 сарын 07-ны өдөр төлөх үүргээ зөрчсөн тул баяжмалын нийлүүлэлт хийх нөхцөл үүсээгүй. Гэрээний 3.2-т урьдчилгаа төлбөр 1 289 076 ам.долларыг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол 300 000 ам.долларыг гэрээ зөрчиж, цуцалсны төлбөрт тооцож хариуцагч компани авна гэж заасан тул энэ зорилгоор хийгдсэн төлбөрийг буцаан шаардах эрх нэхэмжлэгчид байхгүй. Манай компани гэрээ байгуулах үед болон одоо хүртэл зэсийн баяжмалын үйлдвэрлэлээ явуулж байгаа бөгөөд нэхэмжлэлд дурдсан нөхцөл байдал үүсэж байгаагүй болно.

Нэхэмжлэгч компанийн зүгээс гэрээ байгуулах санал гаргасныг хариуцагч тал Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хүлээн авснаар хэлцэл хүчин төгөлдөр болсон. Гэрээнд заасан бүтээгдэхүүн худалдан авах үүргээ нотолж дэнчин болгон баталгаажуулж мөнгө төлөх үүрэг амлалт авсны дагуу бид харилцан тохиролцож гэрээнд тусгасан. Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, урьдчилгаа төлбөрөө хугацаандаа төлөөгүйн улмаас манай компани боловсруулсан эхний ээлжийн зэсийн баяжмалаа борлуулах хугацаа алдаж, бизнесийн их хэмжээний алдагдалд орсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2019 оны 01 сарын 27-ны өдөр манай компаниас зэсийн баяжмал авах талаар бичгээр хүсэлт гаргаснаар талууд Офф-тэйк гэрээ буюу Ирээдүйд эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г 2019 оны 02 сарын 25-ны өдөр байгуулсан. Энэ гэрээгээр 500 тонн зэсийн баяжмалыг нийт 4 296 920 ам.доллараар худалдан авахаар, нийт үнийн дүнгийн 30 хувь болох 1 289 076 ам.долларын урьдчилгааг ХХК 2019 оны 03 сарын 07-ны өдөр Бө хонг төлөхөөр, энэ хугацаандаа төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар төлсөн 300 000 ам.долларыг буцаан төлөхгүй гэж тус тус тохиролцсон. Нэхэмжлэгч нь гэрээний 3.2-т заасан урьдчилгаа 30 хувь 1 289 076 ам.долларыг 2019 оны 03 сарын 07-ны өдөр төлөх үүргээ огт биелүүлээгүйн улмаас манай компани зарагдаагүй зэсийн баяжмалыг агуулахад хадгалуулахад бусдад төлбөр төлж, энэ хугацаанд ажилчдын цалин хөлс, үйлдвэрийн ажиллагаанд ихээхэн зардлууд гаргасан.

Интердесижн ХХК-д зэсийн баяжмал хадгалуулахаар ачих, буулгах 1 280 000 төгрөг, хадгалуулсны төлбөр 8 524 433 төгрөг, пүүлэлтийн нэмэлт зардал 237 600 төгрөг, баяжмалын үйлдвэрийг ажиллуулахад ажилчдын цалин хөлс 2019 оны 03 сард 157 305 540 төгрөг, 04 сард 110 753 123 төгрөг, 05 сард 131 364 312 төгрөг, 06 сард 107 086 890 төгрөг, 07 сард 172 601 424 төгрөг, 08 сард 181 451 621 төгрөг төлсөн ба нийт 860 562 910 төгрөг, нийт 870 604 943 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 510 975 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр тохирсон баталгааны мөнгийг шилжүүлсэн. 261 891 ам.долларыг дансаар 38 109 ам.долларыг бэлнээр хүлээлгэн өгсөн тул гэрээний баталгаа өгөх үүргээ хэрэгжүүлсэн. Мөн эхний үйлдвэрлэл хийгдэхээс өмнө гэрээний урьдчилгаа 30 хувийг төлнө гэсэн гэрээний зохицуулалт хэрэгжихээс өмнө энэ нийлүүлэлт хийгдэж чадахгүй нөхцөл байдалтай байсан гэдгийг олж мэдсэн. Ирээдүйд худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь үнэн. Гэрээ байгуулсан 2019 оны 02 сарын 25-ны өдөр нийлүүлэлтээ авна гээгүй. 2019 оны 03 сарын 25-ны өдрөөс 04 сарын 01-ний өдрийн хооронд нийлүүлэлтээ авна гэж байсан. Хариуцагч нь анхны нийлүүлэлт хийгдэх боломжтой гэсэн нөхцөл байдлыг бий болгож нэхэмжлэгч компанийг хууран мэхэлж гэрээ байгуулсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 оны 02 сарын 25-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч В ХХК -аас нийт 790 587 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бө хонг ХХК-д олгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Бө хонг ХХК-аас нийт 870 604 943 төгрөг гаргуулах хариуцагч В ХХК -ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 111 000 төгрөгөөс 4 110 885 төгрөгийг, хариуцагч В ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 510 975 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 115 төгрөгийг, хариуцагч В ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 4 110 885 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Бө хонг ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Талууд гэрээг байгуулахаас өмнө болон байгуулсны дараа өөрийн компанийн үйл ажиллагааны талаарх бүх мэдээллийг Бө хонг ХХК-д өгч байсан. Тодруулбал, Хөх Булгийн ордын МV-020591 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, мөн ордоо түшиглэн байгуулсан баяжмалын үйлдвэр, шаардлагатай зөвшөөрлүүдийн талаар ямар ч мэдээлэл нуун дарагдуулаагүй, нэхэмжлэгч талын шаардсанаар өгсөн. Үүний зэрэгцээ Б ХХК гүйцэтгэх захирал н.Жаргал гэрээ байгуулахаас өмнө буюу 2019 оны 01 сарын 17-ны өдөр, мөн оны 03 сарын 25-ны өдөр Хөх Булгийн орд, баяжмалын үйлдвэрт биечлэн очиж танилцсан. Бө хонг ХХК манай компаниас ямар нэг мэдээлэл хүсээд түүнийг бид гаргаж өгөөгүй, нуун дарагдуулсан, эсхүл тэр мэдээллийг олж авах боломжийг хаасан явдал огт гарч байгаагүй буюу ийм нөхцөл байдал үүсэж байсан гэдгийг нотлох ганц ч нотлох баримт хэрэгт байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу нөхцөл байдлыг нуун дарагдуулсан гэх нотлох баримтыг талууд гаргаагүй.

Гэрээний 2-т гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш нэг жил байна гэж гэрээний хугацааг тодорхой заасан. Харин гэрээний 3.1-д зэсийн баяжмал нийлүүлж эхлэх хугацааг 2019 оны 03 сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 сарын 01-ний өдөр гэж заасан. Гэрээний дагуу нийт 500 тонн зэсийн баяжмал нийлүүлэх үүрэг хүлээсэн.

Мөн гэрээний 5.5 дахь өгүүлбэрт А талын баяжуулах үйлдвэр нь шинээр баригдсан тул түүнийг жигдрүүлэхэд эхний 2 сард ямар нэг сул зогсолт үүсэж болохыг талууд харилцан ойлголцсон болно гэж талууд тохиролцсон. Гэрээний энэхүү заалт нь чухал ач холбогдолтой заалт юм. Энэ нь гэрээний 3.1-д заасан хугацаа 2 сараар хэтэрч болохыг талууд хүлээн зөвшөөрсөн. Шүүх манай компанийг бүтээгдэхүүн нийлүүлэх боломжгүй байсан гэж дүгнэхдээ зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлж эхлэх хугацааг баримталж гэрээний бусад чухал заалтыг орхигдуулсан байна. Гэтэл гэрээ нь 2019 оны 02 сарын 25-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хэрэгжих байсан. Анхны нийлүүлэлтийг зөвхөн урьдчилгаа төлбөр болох 1,2 сая ам.долларыг төлсөн тохиолдолд хийнэ гэж гэрээний 3.2-т Төлбөрийн төлөвлөгөө хэсэгт тодорхой заасан. Гэвч шүүх үүнийг дүгнээгүй орхигдуулсан.

Манай компанийн уурхай хүлээж авсан акт гэрээ байгуулснаас хойш буюу 2019 оны 05 сарын 30-ны өдөр гарсныг шүүх ...хариуцагч нь уурхайг ажиллуулах болон зэсийн баяжмал олборлох боломжгүй байсан боловч уг нөхцөл байдлыг нэхэмжлэгчээс нуун дарагдуулсан... хэмээн биднийг буруутгасан байна. Гэтэл манай компани ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулах эрх, бүх төрлийн төлөвлөгөө, тайлан зөвшөөрлийг авснаар 2018 оноос үүсэж, улмаар ашиглалтын үйл ажиллагаа явуулж төлөвлөгөө, тайлангаа ашигт малтмалын төв газарт өгч батлуулсан нь хэрэгт авагдсан. Мөн уурхай хүлээж авах акт хараахан гараагүй байгаа явдлаа нууж дарагдуулсан тухай хэрэгт ямар нэг нотлох баримтгүй. Манай компани 2018 оны 04 сарын 22-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд албан бичиг илгээж уурхай хүлээн авах комисс ажиллуулахыг хүсэж хандсан бөгөөд комисс алгуурласаар байгаад 2019 оны 05 сарын 30-ны өдөр ажиллаж Уурхайг ашиглалтад хүлээн авах акт гарсан. Энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал мэдэж байсан төдийгүй Хөх Булгийн ордтой холбоотой бүх баримт бичиг, мэдээллийг өгсөн. Манай компани энэ мэдээллийг нуусан байлаа гэхэд нэхэмжлэгч тал эрх бүхий байгууллагуудад нь хандаж үйл ажиллагааны талаар бүрэн мэдэх боломжтой. Аливаа ашигт малтмалын ордын ашиглалтын талаарх мэдээлэл нь нийтэд нээлттэй байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг шүүх үндэслэжээ. Уурхай ажиллуулах, олборлолтын үйл ажиллагаа явуулах нь тус тусдаа бие даасан зохицуулалттай. Уурхай бол ашигт малтмалын орд гэсэн үг биш юм. Уурхай бол ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай дээрх эд хөрөнгө, барилга байгууламжийн ашиглалтын харилцааны асуудлыг илэрхийлнэ.

Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах эрхтэй гэж заасны дагуу манай компани 2016 оны 07 сарын 01-ний өдөр Хөх булгийн ордын ашиглалтын МV-020591 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлөө авч, улмаар 2018 онд Уулын ажlын төлөвлөгөөг АМГТГ-аар батлуулж ашиглалт олборлолтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Гэрээ байгуулахаас өмнө буюу 2019 оны 02 сарын 10-ны өдөр АМГТГ-аар баталгаажуулсан тайланд тусгагдсанаар компани Хөх булгийн ордоос 2018 онд 56 984 тонн хүдэр олборлоод бутлуурын талбайдаа байршуулчихсан байсан. Өөрөөр хэлбэл 2019 оны 02 сарын 25-ны өдөр гэрээ байгуулах үед шаардлагатай хүдрээ олборлочихсон, тухайн хүдэр нь бутлуурын талбайд байршиж байсан. Хэрэв Бө Хонг ХХК нь урьдчилгаа 1,2 сая ам.доллар шилжүүлсэн бол бид гэрээнд заасан хугацаанд баяжмалыг бүрэн нийлүүлэх боломжтой байсан. Энэ нотлох баримтыг шүүх үнэлээгүй. Үүний зэрэгцээ Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч уурхай дээр байлгах 7 баримт бичгийг заасан бөгөөд түүнд уурхай хүлээж авсан комиссын акт ордоггүйг анхаарах нь зүйтэй. Уурхай хүлээлгэн өгөх асуудлыг Барилгын тухай хуулиар мөн зохицуулдаг. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа гэж барилга байгууламжийг ашиглалтад оруулж, гэрчилгээ олгосноос хойш захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгч болон барилгын үйл ажиллагаанд оролцогч бусад этгээд барилгын хийц, бүтээц, эдлэхүүн, тоног төхөөрөмж, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны ашиглалтын хэвийн нөхцөлийг хариуцан хангах хугацааг хэлнэ гэж заасан. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна гэсэн. Барилгын тухай хуулийн эдгээр заалтын дагуу манай компани зэсийн баяжмал ашиглахад шаардлагатай барилга байгууламжийг уурхай хүлээн авах акт гарахаас өмнө ашиглах бүрэн эрхтэй бөгөөд түүний дагуу ажилласан. Манай компани өдөрт 500 тонн хүчин чадалтай баяжмалын үйлдвэрээ 2017 оны 04 сарын 14-ний өдөр Өвөр Монголын Ченлиэн Импорт энд Экспорт ХХК, Нанжин Инмао Машин механизм, тоног төхөөрөмж ХХК-тай гэрээ байгуулан авсан. Мөн 2018 оны 09 сарын 21-ний өдрийн баяжуулах үйлдвэрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан. Иймд Барилгын тухай хуулийн дээрх зохицуулалтыг шүүх харгалзаагүй.

Гэрээ байгуулсан болон анхны 500 тонн зэсийн баяжмалыг нийлүүлэх үүрэг хүлээсэн хугацаанд уурхай ажиллуулах боломжгүй байсныг гэж шүүхээс тогтоохдоо 0005339 дугаар Галын аюулгүй байдлын зөвшөөрлийн болон 01805185 дугаар ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт, 2019 оны 07 сарын 08-ны өдрийн Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай аж ахуйн нэгж хоорондын гэрээ, 2019 оны 07 сарын 02-ны өдрийн ус ашиглах гэрээ зэрэг зөвшөөрөлтэй холбоотой нотлох баримтыг дутуу үнэлсэн байна. Манай компанийн галын аюулгүй байдлын зөвшөөрөл 2019 оны 02 сарын 18-ны өдрөөс 2021 оны 02 сарын 18-ны өдөр хүртэл хүчинтэй байхад шүүх гэрээний үүргээ биелүүлэх хугацаанд энэхүү зөвшөөрөл байхгүй байсан мэтээр дүгнэсэн нь илт хууль зөрчиж байна. Мөн Ус ашиглах гэрээг 2018 оны 09 сарын 21-ний өдөр, Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай аж ахуйн нэгж хоорондын гэрээг 2019 онд биш, харин 2018 оны 08 сарын 20-ны өдөр тус тус байгуулсан. Энэ хугацаа нь маргаж буй гэрээ байгуулагдсан хугацаанаас олон сарын өмнө байгаа юм. Эдгээр гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар хэргийн материалд авагдсан байтал шүүх сунгалт хийсэн огноотой дээрх гэрээнүүдийг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр нийт үнийн дүнгийн 30 хувь болох 1 289 076 ам.долларын урьдчилгааг Бө хонг ХХК 2019 оны 03 сарын 07-ны өдөр төлөхөөр, энэ урьдчилгааг хугацаандаа төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар төлсөн 300 000 ам.долларыг буцаан төлөхгүй гэж тус тус тохиролцсон. Энэхүү гэрээний 3.2-т заасны дагуу худалдан авагч Бө хонг ХХК нь урьдчилгаа 30 хувь болох 1 289 076 ам.долларын урьдчилгааг 2019 оны 03 сарын 07-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн бөгөөд энэ үүргээ хугацаандаа төлөөгүй төдийгүй, одоо хүртэл огт биелүүлээгүй. Үүний улмаас манай компани зарагдаагүй зэсийн баяжмалыг агуулахад хадгалуулахад бусдад төлбөр төлж, энэ хугацаанд ажилчдын цалин хөлс, үйлдвэрийн ажиллагаанд сөрөг нэхэмжлэлд дурдсан зардлууд гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас талуудын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Бө хонг ХХК нь хариуцагч В ХХК -д холбогдуулан талуудын хооронд байгуулсан 2019 оны 02 сарын 25-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 790 587 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргах бөгөөд нэхэмжлэгчид холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гарсан зардал нийт 870 604 943 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаснаар талууд харилцан маргажээ. /хх 1-3, 34-35, 2хх 238-249, 3хх 1-2 /

 

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 02 сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ буюу Монгол хэл рүү худалдааны гэрээ гэж орчуулагдсан уг хэлцэлд нэг талаас Б тал буюу Бө хонг ХХК, нөгөө талаас А тал В ХХК оролцож, А талаас Б талд сар тутамд 1 багц буюу 500 тонн зэсийн баяжмал нийлүүлэх, анхны хүргэлтийг 2019 оны 03 сарын 25-ны өдрөөс мөн оны 04 сарын 01-ний өдрийн хооронд хийх, талууд гэрээнд гарын үсэг зурсны дараа Б тал нь А талд урьдчилгаанд гэрээний нийт үнийн дүн 4 296 920 ам.долларын 30 хувь 1 289 076 ам.долларыг 2019 оны 03 сарын 07-ны өдөр эхний багцыг хүргэхийн өмнө төлөх, мөн гэрээ байгуулсан өдөр баталгаа буюу барьцаанд 300 000 ам.доллар төлөх гол нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /1хх 10-19/

 

Нэхэмжлэгч тал дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийн зүгээс гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдлын талаар нуун дарагдуулж, хууран мэхэлсэн гэж тайлбарласнаа баримтаар нотлоогүй болно. Гэрээний агуулгаас үзвэл хариуцагч нь өөрийн үйлдвэрлэсэн зэсийн баяжмалыг нэхэмжлэгч талд нийлүүлэх үүрэг хүлээсэн болохоос гэрээний зүйлийг олборлохтой холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх баталгаа гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна. Гэрээнд энэ талаар заагаагүй байна.

 

Маргааны зүйл болсон гэрээний агуулга, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг харьцуулан үзвэл, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасан гэрээ байгуулах үндэслэл болж байгаа нөхцөл байдлын талаар хариуцагчийн зүгээс нуун дарагдуулж, нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь гэрээний үүргийн зөрчил эсхүл биелэлттэй холбоотойгоор гэрээнээс татгалзах гэсэн агуулгаар шаардлага гаргаагүйн гадна 500 тонн зэсийн баяжмал нийлүүлэх боломжгүй, гэрээний үүргээ зөрчсөн, эсхүл цаашид зөрчих нөхцөл байдал бий болсон нь хууран мэхэлсэн гэх үндэслэлд шууд хамаарахгүй. Иймд анхан шатны шүүх уг хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэн дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсоныг залруулах шаардлагатай. Энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч Б ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үүнтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2 дахь хэсэгт заасантай нийцнэ. Учир нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох зүйлийг сөрөг нэхэмжлэлээр шийдвэрлэдэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шаардсан бол хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан зардал нэхэмжилсэн байх бөгөөд энэ нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавартай хамааралтай асуудал биш байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү магадлал нь талууд дээрх гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзах зэрэг нэхэмжлэл гаргах эрхийг хөндөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/00773 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул 2019 оны 02 сарын 25-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, хариуцагч В ХХК -аас нийт 790 587 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б ХХК нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч Бө хонг ХХК-аас нийт 870 604 943 төгрөг гаргуулах тухай хариуцагч В ХХК -ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 сарын 12-ны өдөр төлсөн 8 621 975 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.НЯМБАЗАР