| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/00561/И |
| Дугаар | 192/ШШ2025/07600 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2025/07600
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, шүүгч Г.Төрболд, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.У-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Н-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохиролд 2 700 000 төгрөг гаргуулах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлалт гуйлгах, N******* фэйсбүүк цахим хаягаар тараасан 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1 минут 37 секундын бичлэг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1 минут 12 секундын бичлэгүүдийг устгахыг даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н*******, Ч.Г*******,
Хариуцагч Б.Н*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Т*******,
Иргэдийн төлөөлөгч Ц.Н*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Н*******д шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, зохигч талууд түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй гэсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.У******* нь хариуцагч Б.Н*******ад холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлыг арилгуулах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлалт гуйлгах, N******* фэйсбүүк цахим хаягаар тараасан 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1 минут 37 секундын бичлэг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1 минут 12 секундын бичлэгүүдийг устгахыг даалгах, сэтгэл зүйн зөвлөгөө авахад гарсан зардалд 2 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хариуцагч Б.Н******* нь 2022 оны 12 дугаар сарын 03, 07, 11-ний өдрүүдэд нэхэмжлэгч Ч.У******* болон өөрийн бага насны хүүхдүүд болох **** нарын гэртээ байхдаа гаргаж буй үйл явдал, зан харилцааны талаарх үйлдэл буюу хуулиар хамгаалагдсан хувийн нууцад хамаарах бичлэгийг миний зөвшөөрөлгүй "N*******" гэх фэйсбүүк хаягаас цахим орчинд байршуулан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг зөвшөөрөлгүйгээр задруулсан. Б.Н*******ын дээрх үйлдлийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалган эрүүгийн хэрэг үүсгэж шүүхэд шилжүүлсний дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 2023/ШЦТ/710 тоот шийтгэх тогтоолоор Б.Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хувь хүний нууцыг задруулах гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон. Дээрх гэмт хэргийн улмаас миний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд ноцтой муу үр дагавар үүсгэсэн, тохуурхсан доромжилсон мэдээллүүд одоог хүртэл олон нийтийн цахим сүлжээнд байршсаар байгаа бөгөөд энэ хэмжээгээр сэтгэл санааны шаналал, зовиурыг үүсгэсээр байгаа, Б.Н******* нь шүүх хуралдаан дээр гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байгаа, уучлалт гуйх гэсэн боловч холбогдох боломжгүй байгаа гэдэг боловч өнөөдрийг хүртэл надаас уучлалт гуйж, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг маань сэргээж, сэтгэл санааны хохирол, хор уршгийг арилгах талаар ямар нэгэн үйлдэл хийхгүй үл ойшоож байгаа тул сэтгэл санааны хохирлоо арилгуулж, нэр төр ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэж, уучлалт гуйлгуулахаар шүүхэд хандаж байна. Иймд гэмт хэргийн улмаас Ч.У******* надад учирсан сэтгэл санааны хохирлыг арилгуулж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэхэмжлэгчээс уучлалт гуйхыг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
1.2.Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Хариуцагчаас өөрийн N******* фэйсбүүк цахим хаягаар тараасан 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1 минут 37 секундын бичлэг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1 минут 12 секундын бичлэгүүдийг устгахыг даалгахаар шаардлагаа нэмэгдүүлж байна гэсэн.
1.3.Гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохиролд 2 700 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Хариуцагчийн гэмт хэргийн үйлдлийн улмаас сэтгэлзүйн зөвлөгөө авахад гарсан зардал юм гэжээ.
1.4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд сэтгэл санааны хохирол гаргуулах, уучлалт гуйхыг даалгах, бичлэг устгахыг даалгах шаардлага гаргаж сэтгэл зүйчид үзүүлсэн зардал 2 700 000 төгрөгийг гаргуулахаар ихэсгэсэн. 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 07-ны өдөр гэр бүлийн бичлэгийг буюу хувийн нууцыг зөвшөөрөлгүйгээр цахим хуудсанд байршуулсан. Үүнийг эрүүгийн журмаар шалгаад шийдвэрлэсэн. Б.Н*******ыг гэм буруутайд тооцсон шийдвэр гарсан. Дээрх гэмт хэргийн улмаас нэр хүнд, ажил хэргийн нэр хүндэд хохирол учирсан, одоо хүртэл шаналал зовиур үүсгээд байгаа юм. Үүнээс хойш уучлалт гуйгаагүй учраас нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
1.5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэмт улмаас учирсан хохирол арилгах, нэр хүнд алдар хүндийг сэргээлгэж уучлалт гуйхыг даалгах, бичлэг устгуулах, сэтгэл заслын эмчид 2022.12.17-ны өдрөөс 5 удаагийн давтамжтай үйлчилгээ авсан зардалд 2 700 000 төгрөг гаргуулах, өөрийнх нь тараасан 3 бичлэгүүдийг устгуулах, нууцад хамаарах мэдээлэл тараасандаа уучлал гуйхыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2022 оны 12 сарын 3, 7, 11-ний өдөр 3 бичлэгийг цахимаар тараасны улмаас үр дагавар үүссэн. Эрүүгийн журмаар хариуцагчийг гэм буруутайд тооцож, уучлал гуйна гэсэн боловч гуйгаагүй, сэтгэл санаанд хохирол учирсан. Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар шаардах эрхтэй гэж нээлттэй үлдээсэн байгаа. Хувийн нууц задруулснаас үүссэн үр дагавар нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.5-д заасанд хамаарч байгаа юм. Мөн 21 дүгээр зүйлийн 21.2-д бас байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж шаардлагын үндэслэлээ гаргаж, эрүүгийн журмаар гэм буруутай гэдэг нь тогтоогдсон хүчин төгөлдөр шийдвэр байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2.Хариуцагч Б.Н******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үндэслэл байна гэж байна. Гэтэл би худал, хуурмаг мэдээлэл тараагаагүй, байгаа байдлын талаар бодит байдлыг л ил болгосон. Үүндээ би зохих хариуцлагаа хүлээсэн. Уг бичлэг одоо миний ямар ч хаягт байхгүй, устгасан, энэ талаар үзлэг хийхэд хэн аль нь бүгд харсан. Би өөрийнхөө бичлэгийг бүгдийг нь устгасан болохоор бичлэг устгахыг даалгах гээд байгаа нь ойлгомжгүй байна. Өөр хаяг, сайтад байгаа мэдээллийг би устгах боломжгүй. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь нэхэмжлэгчийн нэр хүнд унасан гээд байна, гэтэл харин ч нэр хүнд нь унаагүй, нэр хүнд нь өссөн, олонхын санал аваад УИХ-ын гишүүнээр хүртэл сонгогдсон, сайдын албан тушаал хашиж байгаа нь нэр хүнд унасан гэж үзэхгүй, өссөн байна. Угаасаа нэхэмжлэгч сэтгэл зүйн эмчилгээ, үйлчилгээ авах ёстой байсан хүн байгаа юм, хүүхдүүдтэйгээ харьцдаг харьцаа нь хэцүү байсан, энэ талаар хаана ч хэлсэн түүнийг гишүүн гээд тоохгүй байсан. Тиймээс л уг бичлэгийг дэлгэсэн, хамгийн гол нь шүүхэд байсан гэрлэлт цуцлуулах хэрэгт хүүхдийн асрамжаа авахын тулд л хийсэн зүйл. Сэтгэл санааны зөвлөгөө авсан нь надаас болсон зүйл байхгүй, тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.
2.1.Хариуцагчийн өмгөөлөгч Д.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж шаардаад байна. Хэрвээ гэмт хэргийн улмаас хохирол учирсан гэж байгаа бол энэ талаар сэтгэцийн хор уршгийг үнэлсэн дүгнэлт гаргасан байх ёстой. Сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг тогтоох гэж байгаа. Мөн иргэний хувьд нэхэмжлэл гаргасан боловч Улсын их хурлын гишүүн гээд байгаа учраас ойлгомжгүй байна. Мөн бичлэгүүдийг Б.Н******* хаягаас нь устгуулах гэсэн боловч уг бичлэг байхгүй байгаа, бүгдийг устгасан гэдгийг хариуцагч ч хэлдэг, бид ч өөрсдөө харсан. Сэтгэл зүйн зөвлөгөө аваад 2 700 000 төгрөгийн зардал гарч хохирол учирсан гэдгээ гэмт хэрэгтэй хамт шийдвэрлүүлэх байсан гэж үзэж байна. Хариуцагч өөрийн хаяг дээр байгаа бүхий л бичлэгийг устгасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Иргэдийн төлөөлөгч Г.Н******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч нь social дээрх бүх бичлэгээ устгуулах гэдэг хүсэлт нь бодит байдал дээр биелэх боломжгүй мэт санагдаж байна. Хувь хүний хадгалсан hard disc flash дээрээс буцаад ч тавигдах боломжтой гэж үзэж байна. Хариуцагч нь хийсэн хэрэгтээ буюу хувийн нууцтай холбоотой бичлэг тараасан гэж буруугаа хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Уг хийсэн хэрэгтээ шийтгэлээ хүлээж торгуулиа төлсөн байна гэв.
4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/710 тоот шийтгэх тогтоол, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ЗШ/1256 дугаар шийтгэвэр, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ЗШ/151 дүгээр шийтгэвэр, Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, inews.mn, ulsturch.mn, newsfeed сайтад мэдэгдэл хүргүүлсэн тухай баримт, Хүний эрхийн үндэсний комиссын 2022.12.14-ний өдрийн 04/1296 тухай албан бичиг, хавсралт, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт гэсэн баримтуудыг,
хариуцагчаас хариу тайлбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэлүүд, Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны илтгэх хуудас, 2022.12.16-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтын хариу мэдэгдэх хуудас гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архиваас Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/710 тоот шүүх хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан ****** линкэнд байршсан нийтлэлд үзлэг хийж, тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагаас гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохиролд 2 700 000 төгрөг гаргуулахыг хангаж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлалт гуйлгахыг, N******* фэйсбүүк цахим хаягаар тараасан 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1 минут 37 секундын бичлэг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1 минут 12 секундын бичлэгүүдийг устгахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Н*******ыг хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг зөвшөөрөлгүйгээр задруулсан, тус үйлдлийг эрүүгийн журмаар шалгаж шийтгэх тогтоол оногдуулж, хүчин төгөлдөр болсон тул гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохиролд сэтгэл зүйн зөвлөгөө авахад гарсан зардал 2 700 000 төгрөг гаргуулж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлалт гуйлгах, N******* фэйсбүүк цахим хаягаар тараасан 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1 минут 37 секундын бичлэг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1 минут 12 секундын бичлэгүүдийг устгахыг даалгуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Ч.У*******ын талаар худал мэдээлэл тараагаагүй, харин бодит байдлыг ил болгосон, хувийн нууцтай холбоотой мэдээллийг зөвшөөрөлгүй тараасан үйлдэлдээ эрүүгийн журмаар хариуцлага хүлээсэн, цахим орчинд тараасан бичлэгүүдээ устгасан, нэхэмжлэгч нь хүүхдүүдтэйгээ харьцах талаараа сэтгэл зүйн зөвлөгөө, эмчилгээ авах шаардлагатай хүн учраас түүний сэтгэл зүйн зөвлөгөө авсан зардлаа нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Хариуцагч Б.Н******* нь өөрийн N******* гэх фейсбүүк хуудсанд 2022 оны 12 дугаар сарын 3, 07, 11-ний өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр 227 тоот гэртээ байхдаа хохирогч Ч.У******* болон өөрийн бага насны хүүхэд болох ***** нарын гэртээ байхдаа гаргаж буй үйл явдал, зан харилцааны талаарх үйдэл буюу иргэний хувийн ба гэр бүлийн нууцад хамаарах бичлэгийг тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1 минут 37 секундын бичлэг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1 минут 12 секундын бичлэгүүдийг байршуулан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг тэдгээрийн зөвшөөрөлгүй задруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хувь хүний нууцыг задруулах гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглаж үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 15 000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 15 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/710 тоот шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
5.Талууд хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр задруулсан үйлдэлдээ гэм буруутай, эрүүгийн журмаар хариуцлага хүлээсэн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, худал мэдээлэл тараасан, уг мэдээллийг устгах боломжтой, хохирол хариуцах эсэх талаар маргаж байна.
6.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь хариуцагчийг 2022 оны 12 дугаар сарын 03, 07, 11-ний өдрүүдэд 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1 минут 37 секундын бичлэг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1 минут 12 секундын бичлэгүүдийг цахим сүлжээнд байршуулснаар нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, хувь хүний нууцад хамаарах мэдээллийг зөвшөөрөлгүйгээр задруулснаар хувь хүний халдашгүй байх эрхэд халдаж, сэтгэл санааны хямрал, шаналал зовиур үүсгэж, нийгмийн дарамтад өртөж хохирсон, Үндсэн хууль болон Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан халдашгүй чөлөөтэй байх, иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хамгаалуулах эрхийг зөрчсөн гэж тайлбарласан.
6.1.Монгол улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 13-д халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална, гэж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 12 дугаар зүйлд хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй гэж заажээ.
6.2.Хэрэгт авагдсан баримтаар буюу талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь нэхэмжлэгчийн хувь хүний нууцад хамаарах мэдээллийг зөвшөөрөлгүй тараасан, хүний эрх, нэр төр, алдар хүнд, хамгаалах, зорилгоор задруулж үл болох хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаалахаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхэд халдсан гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч Ч.У*******ын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзэж, хариуцагч нь гэм буруутайд тооцогдсон, энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй.
6.3.Өөрөөр хэлбэл хариуцагч нь дээрх хувь хүний нууцыг задруулах гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцогдсон болох нь шийтгэх тогтоолоор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.
6.4.Иргэний хуулийн Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т хуулиар тогтоосон хувийн нууцад хамааралтай мэдээг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тарааснаас гэм хор учирсан гэж үзвэл иргэн уг гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй, 21.5-т иргэний дүрсийг гэрэл зураг, кино, дүрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс гэм хор учирсан гэж үзвэл тухайн этгээд гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
6.5.Нэхэмжлэгч нь уг гэмт хэргийн улмаас буюу бичлэг тарааснаас сэтгэл санаа хямарч, шаналал зовиур үүсэж, сэтгэл зүйн үйлчилгээ авсан гэж тайлбарлаад сэтгэл зүйн үйлчилгээний хөлс болох 2 700 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.
6.6.Хариуцагч нь нэхэмжлэгчийг сэтгэл зүйн үйлчилгээ авах ёстой байсан, хариуцагчийн өмгөөлөгч нь сэтгэцэд хор уршиг учирсан гэж байгаа бол энэ талаар дүгнэлт гарах байсан, сэтгэл зүйн үйлчилгээ авсан эсэх нь баримтаар нотлогдоогүй гэж мэтгэлцсэн.
6.7.Нэхэмжлэгч нь хариуцагчаас сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр тооцож нэхэмжлээгүй, харин сэтгэл зүйн зөвлөгөө авахад гаргасан зардлыг нэхэмжилж, Hugmom сэтгэл зүйн төвийн тодорхойлолт, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийг шүүхэд ирүүлсэн нь баримтаар нотлогдож байх тул хариуцагчаас сэтгэл зүйн зөвлөгөө авахад гарсан зардал болох 2 700 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлалт гуйлгахыг даалгах, 511 дүгээр зүйлийн 511.2-д ...мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно... гэж зааснаар N******* фэйсбүүк цахим хаягаар тараасан 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1 минут 37 секундын бичлэг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1 минут 12 секундын бичлэгүүдийг устгахыг даалгахаар шаардсан боловч хариуцагчийг тараасан бичлэгийнхээ үнэн зөвийг нотлож чадаагүй гэж үзэх үндэслэлгүй, харин хуулиар тогтоосон хувийн нууцад хамааралтай мэдээг тараасан үйлдэлдээ гэм буруутайд тооцогдсон байна гэж үзэв.
7.1.Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг N******* фэйсбүүк цахим хаягаар тараасан 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1 минут 37 секундын бичлэг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1 минут 12 секундын бичлэгүүдийг устгахыг даалгах гэсэн боловч хариуцагч нь өөрийн фэйсбүүк цахим хаягаар тараасан бүхий л бичлэгүүдийг бүгдийг нь устгасан гэж тайлбарласан.
7.2.Хэрэгт баримтаар авагдсан үзлэг хийсэн тэмдэглэлээр ****** линкэнд дээрх бичлэгүүд Төр.мн, Key.mn, Todxar.mn, Цагаан мэдээ пэйж хуудсанд байршигдсан, хариуцагчийн цахим хаягт буюу фэйсбүүкт байршаагүй болох нь тогтоогдож байна.
7.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь цахим орчинд тараагдаж буюу байршиж байгаа бичлэгүүд нь N******* фэйсбүүк цахим хаягнаас тараагдсан бичлэгүүд бөгөөд хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас хуулбарлагдан, тараагдаж, байршиж байгаа учраас уг бичлэгүүдийг хариуцагч нь цахим орчингоос өөрөө устгах үүрэгтэй гэж шаардлагаа тодруулсан.
7.4.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, буруутай үйлдэлдээ эрүүгийн журмаар зохих ял шийтгэл хүлээсэн, уг тараасан бичлэг нь хүүхдийн эрх зөрчсөн, болсон үйл баримтыг тараасан, бичлэгүүдийг өөрийн хаягаас бүгдийг устгасан учраас бусдад тараагдсан бичлэгийг устгах боломжгүй, хаягийг мэдэхгүй, цахим орчинд байршиж байгаа бусад мэдээллийг олж устгах техникийн болон хууль зүйн боломжгүй гэж мэтгэлцсэн.
7.5.Хариуцагч нь дээрх бичлэгүүдийг бүгдийг устгасан гэх боловч устгахаас өмнө бусад хүмүүс буюу цахим орчны хэрэглэгч нар хуулж, дахин нийтлэх, байршуулах зэргээр бичлэг тараагдсан болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон, гэвч анх тараасан хариуцагчийг дахин байршуулсан бичлэгүүдийг хайж олж устгуулахыг даалгах боломжгүй, цахим хаяг дээр байгаа бичлэгүүдийн холбоос, хуваалцсан, тараасан, хуулсан, байршуулж байгаа хэрэглэгчийн мэдээллүүд тодорхой бус тул хариуцагчид энэ бүгдийг устгахыг даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв .
8.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г.Н******* нь ...нэхэмжлэгч нь social дээрх бүх бичлэгээ устгуулах гэдэг хүсэлт нь бодит байдал дээр биелэх боломжгүй мэт санагдаж байна. Хувь хүний хадгалсан hard disc flash дээрээс буцаад ч тавигдах боломжтой гэж үзэж байна. Хариуцагч нь тараасан гэж буруугаа хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Тэрэндээ ч шийтгэлээ хүлээж торгууль төлсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
9.Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 21 дүгээр зүйлийн 21.4-д хуулиар тогтоосон хувийн нууцад хамааралтай мэдээг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тарааснаас гэм хор учирсан гэж үзвэл иргэн уг гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй, 21.5-д иргэний дүрсийг гэрэл зураг, кино, дүрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс гэм хор учирсан гэж үзвэл тухайн этгээд гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Ч.У*******ын гэмт хэргийн улмаас сэтгэл зүйн зөвлөгөө авсан зардал 2 700 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлалт гуйлгах, N******* фэйсбүүк цахим хаягаар тараасан 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1 минут 37 секундын бичлэг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1 минут 12 секундын бичлэгүүдийг устгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.У*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 350 /70 200+140 400+59 750/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Н*******аас улсын тэмдэгтийн хураамжид 59 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.У*******д олгох нь хуульд нийцнэ.
11.Нэхэмжлэгч нь өмгөөлөгч Ч.Г*******, Л.Н*******, Н.Н******* нарыг оролцуулан өөрийн эзгүйд шийдвэрлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн бөгөөд зохигч талууд нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч Б.Н*******аас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол сэтгэл зүйн зөвлөгөө авсан зардалд 2 700 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.У*******д олгож, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлалт гуйлгах, N******* фэйсбүүк цахим хаягаар тараасан 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1 минут 37 секундын бичлэг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1 минут 12 секундын бичлэгүүдийг устгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.У*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Н*******аас улсын тэмдэгтийн хураамжид 59 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.У*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД Э.ОЮУН-ЭРДЭНЭ
Г.ТӨРБОЛД