2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/07736

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

  Нэхэмжлэгч:  БНСУ-ын иргэн Ч******* /ПД:*******/-ны нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Х.Ж  /РД:*******/-д холбогдох

 

  Нэхэмжлэлийн шаардлага: нийт 2 294 649 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Т*******,

Хариуцагч Б.Ж******* /цахимаар/,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ч******* нь хариуцагч Б.Ж*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2 199 929 600 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Б.Ж******* нь БНСУ-ын иргэн Ч*******ыг 2018 оноос таньдаг болсон бөгөөд Монголд бизнес хамтарч хийх санал тавьж байжээ. Ч******* уг саналыг хүлээж аваагүй тул Б.Ж******* нь БНСУ-ын иргэн И *******тэй хамт Ч*******аас мөнгө зээлүүлэхийг хүсч, найдвартай буцааж төлнө гэж амласан тул Ч******* итгэж, 2019 оны 6 дугаар сард 400 000 ам.долларыг 1 жилийн хугацаатай, сард үндсэн зээлийн 5 хувьтай тэнцэх хэмжээний хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд Б.Ж******* нь үүргийн гүйцэтгэлд баталгаа гаргасан төдийгүй энэ мөнгийг Б.Ж******* хүлээн авсан байна. Ч******* нь коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас Монгол улсад ирэх аргагүй байсан тул утсаар, мессенжерээр авсан зээлээ хүүгийн хамт төлөхийг Б.Ж*******аас удаа дараа шаардсан боловч төлнө гэсэн атлаа төлөлгүй өдий хүрлээ. Иймд Б.Ж*******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 400 000 ам.доллар буюу 1 347 956 000 төгрөг, хүүгийн төлбөрт 240 000 ам.доллар буюу 824 973 600 төгрөг, нийт 2 199 929 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, тодруулж байна. 2019 оны 06 дугаар сард И ******* 400.000 ам.долларыг 1 сарын 5 хувийн хүүтэйгээр, 1 жилийн хугацаатайгаар зээлэх саналыг тавьж, уг зээлийн үндсэн мөнгө, хүү зэргийг И ******* төлөөгүй тохиолдолд Б.Ж******* төлнө гэж баталгаа гаргана гэж надад итгүүлсэн. Ингээд бид дээрх байдлаар харилцан тохиролцож, мөнгөө шилжүүлэх болох үед И ******* болон Б.Ж******* нар нь 284.000 ам.доллар (754.872.000 төгрөг), 116000 ам.долларыг тус тус Б.Ж*******ы эзэмшлийн дансаар авна гэж хэлсэн. Үүний дагуу ч мөнгийг шилжүүлж, 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Мөнгө зээлсэн баримтыг үйлдэж, Ч*******-ээс 400.000 ам.долларыг 1 жилийн хугацаатайгаар, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр И *******-д шилжүүлж, уг зээлийн үндсэн мөнгө, хүү зэргийг И ******* төлөөгүй тохиолдолд Б.Ж******* төлөх баталгааг гаргасныг баталгаажуулсан. Гэтэл И ******* 2020 оны 6 дугаар сараас 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл уг зээлийн үндсэн мөнгө, хүү зэргийг төлөөгүй. Тиймээс БНСУ-ын Ч******* би 2019 оны 06 дугаар сард зээлүүлсэн 400.000 ам.долларын зээл, 2020 оны 05 дугаар сарын 600.000.000 вон, 100.000 ам.доллар зээлтэй( 2020 оны 05 дугаар сарын зээл нь энэ хэрэгт хамааралгүй юм) холбоотой асуудлаар БНСУ-ын Сувон хотын шүүхийн Пёнтэк дэх салбар шүүхийн Иргэний хэргийн 1-р хэлтэс шүүхэд БНСУ-ын иргэн И *******-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэж, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэр бичгэн хэлбэрээр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэтэл БНСУ-ын иргэн И ******* нь өнөөдрийг хүртэл 2019 оны 06 дугаар сарын зээлийн үндсэн мөнгө, хүү зэргийг төлөөгүй, шүүхийн шийдвэрээр төлүүлэхээр шийдвэрлэсэн ч төлөхгүй байгаа. 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэрээр Ч*******-ээс И *******-д зээл гэрээ байгуулсантай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн боловч И ******* нь уг зээлийн үндсэн зээл, хүүг төлөөгүй тохиолдолд Б.Ж******* төлөх талаар баталгаа гаргасантай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй байгаа билээ. Хэрэв 2019 оны 06 дугаар сард иргэн Б.Ж******* нь "... И ******* зээлийг төлөөгүй тохиолдолд Б.Ж******* төлөх баталгаа..." гаргаагүй бол миний зүгээс уг зээлийг олгохгүй байх ч боломжтой байсан. Нөгөө талаас аливаа гэрээ хэлцэлд оролцож, баталгаа гаргаж, үүрэг хүлээж, түүнийгээ ухамсарласан бол үүнийхээ хариуцлагыг хэн ч байсан хүлээх учиртай. Б.Ж******* нь 2019 оны 06 дугаар сарын гэрээнд баталгаа гаргаж, үүрэг хариуцлага хүлээсэн бол үүнийгээ биелүүлэх үүрэгтэй. Баталгаа гаргасан бол үүрэг хариуцлага хүлээх болох үед үүнийгээ биелүүлэх ёстой болохоос орон зайн хол нөхцөл байдлыг ашиглаж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээс зайлсхийх ёсгүй. 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар ам.долларын төгрөгтэй харилцах албан ёсны ханш нь 3585.39 төгрөг байна. Тиймээс үндсэн зээл 400.000 ам.доллар буюу 1 434 156 000 төгрөг, хүү 240.000 ам.доллар буюу 860 493 600 төгрөг, нийт 2 294 649 600 төгрөгийг Б.Ж******* нь хариуцах үүрэгтэй байна. Иймд хариуцагч Б.Ж*******аас 2 294 649 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

1.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь өөрийг нь эзгүйд шийдвэрлэхэд татгалзахгүй гэсэн учраас өмгөөлөгч миний бие хуралдаанд оролцож байна. Ч******* нэхэмжлэлтэй И д холбогдох шүүхийн шийдвэрийг баримтаар өгч байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн тодруулсан шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийг таньдаг байсан. 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Ч*******ы даалгавраар О.Б нь Б.Ж*******ы дансанд 754 872 000 төгрөг шилжүүлсэн. Үүнийг дараа 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 116.000 ам.долларыг шилжүүлсэн. Энэ нь гэрээнд заасан 400 000 ам.долларыг шилжүүлсэн, дараа нь гэрээ байгуулсан. Ч*******, И *******, Б.Ж******* нар ярилцсан байсан болохоор дараа нь гарын үсэг зуруулсан. Гэтэл И ******* нь мөнгийг төлөөгүй байгаа. Ч зүгээс Монгол улс болон Солонгос улсад шүүхэд хандсан. Гэтэл Суван хотын шүүх нь И *******д холбогдох хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн шийдвэр гарчихаад байхад зээлийг төлөхгүй, биелүүлэхгүй байгаа, сая гарсан шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэхээр болсон. Гэтэл И ******* нь зээлийг одоо болтол төлөөгүй, төлбөрийн чадваргүй байгаа. Аливаа гэрээг тайлбарлахдаа талууд эрх үүргээ хэрхэн хуваарилсан нь харагдана. Нэг талаас зээлийн нөгөө талаас батлан даалтын гэрээ гэж харагдахаар байгаа. Иймд БНСУ-ын шүүхийн шийдвэрээр мөнгө төлөхийг шийдвэрлэсэн боловч баталгааны гэрээний асуудлыг нь шийдвэрлээгүй. Ийм тохиолдолд энэ мөнгөн дүнг батлан даагч хариуцах ёстой гэж үзээд энэ нэхэмжлэлийг гаргасан. Өөрөө ч мөнгө төлөхөө мэдэж, ойлгож гарын үсгээ зурсан, өөрөө ч батлан даагч нь би гэж хэлдэг байсан. Иймд үндсэн зээлдэгч мөнгөө төлөөгүй тул баталгаа гаргагч нь төлөх үүрэгтэй байгаа. Гэрээнд өөрөө гарын үсэг зурсан учраас гэрээнд заасан үүргээ хүлээнэ, өөрөөр хэлбэл батлан даагчийн үүргээ гүйцэтгэх ёстой гэв.

 

2.Хариуцагч Б.Ж******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие уг мөнгийг аваагүй, захиран зарцуулсан зүйл байхгүй. Энэ хоёр БНСУ-ын иргэд өөрсдөө гэрээ байгуулаад мөнгө төгрөг зээлсэн асуудал байгаа. Хамгийн гол нь монголд данс байхгүй гээд миний дансаар шилжүүлж авсан нь үнэн. БНСУ-ын Сувон хотын шүүхээс 400 000 ам.долларыг 600 000 ам.доллар болгоод төлөх шийдвэр гарчихсан байгаа. Нэгэнт төлөх шийдвэр гарсан учраас би төлнө гэж И ******* нь хэлж байсан. Яг болсон явдлыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч мэдэхгүй учраас хажууд харж байсан юм шиг зохиож ярьмааргүй байна. Ч******* өөрөө ирсэн юм. Наад 2 Солонгос хүний хооронд наймаа явсан. Нэхэмжлэгч нь данс байхгүй учраас чиний дансанд хийгээд өгчихье гэсэн, миний дансыг л ашигласан үйл явдал болсон. Өөрийнхөө дансаар мөнгө гаргуулахад л баталгаа гаргаад өгсөн юм, уг мөнгийг өөрөө авчихгүй, шилжүүлээд өгнө гэдэг дээр л баталгаа гаргуулсан.  Түүнээс хүний төлсөн мөнгийг би төлнө гэж хариуцсан зүйл бол байхгүй гэв. 

 

2.1.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ мөнгөний талаар шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрт нэр нь зөрүүтэй бичигдсэн боловч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь уг шүүхийн шийдвэрт байгаа нэр өөрчлөгдсөн хүн нь гэрээ байгуулсан буюу гэрээнд нэр дурдагдсан И ******* гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч, мэдэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч бас энэ талаар өөрөө зөвшөөрч шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар ирүүлсэн байна. Тиймээс уг мөнгийг үндсэн зээлдэгчээс гаргуулахаар шийдвэр гарчихсан байхад дахин уг мөнгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч нь өөрийн дансаар мөнгө шилжүүлсэн байхад дахин мөнгө гаргах үндэслэлгүй, зээлдэгчийг мөнгөө төлөх чадваргүй гээд байна, гэтэл гарсан шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой, давхар мөнгө гаргах шийдвэр гарах боломжгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гадаад пасспортын хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2023.06.07-ны өдрийн Нотариатчийн тэмдэглэл, 2019.06.22-ны өдрийн Мөнгө зээлсэн баримт, мемориалын баримт, дансны хуулга, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, ихэсгэсэн шаардлага, солонгос хэл дээрх хувь, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оршин суугаа хаягийн лавлагаа, 2024.11.07-ны өдрийн БНСУ-ын Сувон дүүргийн шүүх, Пёнтэк салбар Иргэний хэргийн 1-р хэлтсийн шийдвэр солонгос хэл дээрх шийдвэр, орчуулгын хамт, 2025 оны №106102 дугаарт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, шийдвэрийн хавсралт гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хариу тайлбар, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2024.11.07-ны өдрийн БНСУ-ын Сувон дүүргийн шүүх, Пёнтэк салбар Иргэний хэргийн 1-р хэлтсийн шийдвэр солонгос хэл дээрх шийдвэр, орчуулгын хамт гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Худалдаа, хөгжлийн банк ХК-иас Б.Ж*******ы , тоот дансны хуулга, гэрчээр О.Бийг дуудаж мэдүүлэг авсан тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан.

           

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Ж*******д холбогдуулан нийт 2 294 649 600 төгрөгийг гаргуулахаар шаардаж нэхэмжлэлийн үндэслэлээ “...2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зээлдүүлэгч Ч******* зээлдэгч И ******* нар зээлийн гэрээ байгуулж, 400 000 ам.долларыг 2020 оны 6 сард буцаан төлөхөөр харилцан тохиролцсон боловч И ******* нь гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийг эргэн төлөөгүй, төлөхгүй байгаа тул уг зээлийн гэрээнд баталгаа гаргасан батлан даагч Б.Ж******* хариуцах ёстой” гэж тодорхойлсон.  

3.Хариуцагч Б.Ж******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж, татгалзлын үндэслэлээ “...нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, Ч*******, И ******* нарыг гэрээ байгуулах үед дансаар мөнгийг шилжүүлнэ, гаргаж өгнө гэж баталгаа гаргасан, уг зээлийн гэрээний маргааныг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул давхардуулан мөнгө олгох үндэслэлгүй” гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Хэрэгт авагдсан 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Мөнгө зээлсэн баримтаар зээлдүүлэгч БНСУ-ын иргэн Ч*******, зээлдэгч БНСУ-ын иргэн И *******, хамтран баталгаа гаргагч Монгол улсын иргэн Б.Ж******* нар нь гэрч О.Бийг оролцуулан үндсэн зээл 400 0000 ам.долларыг 2020 оны 6 дугаар хүртэлх хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй төлөх, дээрх мөнгө нь зээлдэгч нь зээлдүүлэгчээс зээлсэн мөнгөн дүн болохыг баталж, хүү сар бүрийн ( ) өдөр зээлдүүлэгчийн тогтоосон дансанд төлөхөөр тохиролцож зээл буцааж төлөх хугацааг зээлийг хүлээн авсан өдрөөс хойш 1 жил гэж талууд тохиролцсон бөгөөд хэрэв хүүгийн төлбөрийг хоёроос дээш удаа хугацаа хожимдуулсан тохиолдолд буцааж төлөх хугацаа тогтоосноос үл хамааран үндсэн зээлийг бүхэлд нь хэзээ ч нэхэмжилж болно, хамтран баталгаа гаргагч нь дээрх агуулгатай холбогдох үүргийг гүйцэтгэхээр хамтран баталгаа гаргаж, энэ баримттай холбоотой бүхий л агуулга нь хууль зүйн хувьд хүчинтэй гэж харилцан тохиролцжээ.

 

4.2.2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн мемориалын баримтад “...Гүйлгээний утга: БАТТӨМӨР-С Ж*******-Д ШИЛЖҮҮЛЭВ , гүйлгээний дүн: 754 872 000 төгрөг...”, Төрийн банкны харилцан дансны харилцагчийн хуулгад “...дансны нэр:, дансны хамтран эзэмшигчийн нэр: Б О, 2019.06.21 зарлага 116 000 ам.доллар, зарлага Б О” гэжээ.

 5.Талуудын мөнгө зээлсэн баримтаар нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ч******* нь И *******-д 400 000 ам.долларыг зээлсэн, мөнгөн хөрөнгийг хариуцагч Б.Ж*******ы дансаар шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй, гэрээнд хамтран баталгаа гаргасан тул батлан даалтын гэрээний үүргийг хариуцагч хариуцах эсэх талаар маргаж байна.

 

6.Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-т “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ”, 460.2-т “Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй” гэж заасан.

             6.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын буюу шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.2-д зааснаар тодорхойлж, нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ч******* нь 2019 оны 06 дугаар сард зээлүүлсэн 400.000 ам.долларын зээлтэй холбоотой асуудлаар БНСУ-ын Сувон хотын шүүхийн Пёнтэк дэх салбар шүүхийн Иргэний хэргийн 1-р хэлтэс шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэр гарч, И Су Сан /И *******/-ээс зээлийг эргэн төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч И Су Сан /И *******/ нь уг зээлийн үндсэн зээл, хүүг төлөөгүй, зээлийг төлөх боломжгүй болох хэрэгт авагдсан гүйцэтгэх хуудсаар нотлогдоно, мөн тус шийдвэрээр хариуцагч Б.Ж*******тай холбоотой батлан даалтын асуудлыг шийдвэрлээгүй тул баталгаа гаргасан батлан даагчаас зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

6.2.Зохигч талуудаас 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн БНСУ-ын Сувон дүүргийн шүүх, Пёнтэк салбар Иргэний хэргийн 1-р хэлтсийн шүүхийн шийдвэр болон түүний орчуулгыг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д “гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна” гэснийг зөрчөөгүй, талууд уг баримтын хүчин төгөлдөр байдлын талаар болон үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаар маргаагүй болно.

6.3.Хэрэгт авагдсан 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн БНСУ-ын Сувон дүүргийн шүүх, Пёнтэк салбар Иргэний хэргийн 1-р хэлтсийн шүүхийн шийдвэрт “...Нэхэмжлэгч: Ч, Хариуцагч Л, маргаан дууссан огноо 2024.09.12, шийдвэр танилцуулсан огноо 2024.11.07, Шүүгчийн захирамж 1.Шүүгдэгч нь нэхэмжлэгчид 1 341 488 000 вон төлөх бөгөөд үүнээс: 470 000 000 воныг 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн бүрэн төлөх хүртэл жилийн 20 хувийн хүүтэй, 722 867 000 воныг 2020 оны 7 дугаар сарын 01-нээс эхлэн бүрэн төлөх хүртэл жилийн 20 хувийн хүүтэй, 148 721 000 воныг 2020 оны 5 дугаар сарын 26-наас эхлэн бүрэн төлөх хүртэл жилийн 12 хувийн хүүтэй тооцож төлсүгэй. 2.Нэхэмжлэгчийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 3.Шүүхийн зардлыг Шүүгдэгч хариуцахаар тогтоосугай. 4.Нэгдүгээр заалтыг түр арга хэмжээ авахаар тогтоосугай” гэж шийдвэрлэжээ.

6.4.Дээрх шүүхийн шийдвэрт нэр дурдагдсан буюу хариуцагчаар оролцсон Л нь хэрэгт авагдсан 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Мөнгө зээлсэн баримтад дурдагдсан зээлдэгч И ******* болох талаар зохигч талууд хэн аль нь хүлээн зөвшөөрч, нэрээ сольсон гэж тайлбарласан нь Оршин суугчийн лавлагаа гэх №1750-9969-1753-6474 дугаартай баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримтын талаар талууд маргаагүй болно.    

           

            7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн БНСУ-ын Сувон дүүргийн шүүх, Пёнтэк салбар Иргэний хэргийн 1-р хэлтсийн шүүхийн шийдвэрээр хэрэгт авагдсан 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Мөнгө зээлсэн баримтад дурдагдсан үндсэн зээл болох 400 000 ам.долларыг зээлдэгч Л /И *******/ нь зээлдүүлэгч нэхэмжлэгч Ч*******д төлөх үүргийг хүлээсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, төлөхгүй нь тодорхой байгаа тул уг мөнгө зээлсэн баримтад хамтран баталгаа гаргасан Б.Ж******* нь төлөх үүрэгтэй, БНСУ-ын шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний маргааны шийдвэрлэсэн, баталгаа буюу батлан даалтын асуудлыг шийдвэрлээгүй гэсэн.

            7.1.Хариуцагч, түүний өмгөөлөгч нь дээрх гэрээнд мөнгө төлөхөөр баталгаа гаргаагүй, данс ашиглуулахаар баталгаа гаргасан гэж маргасан боловч хэрэгт авагдсан 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Мөнгө зээлсэн баримтад “...хамтран баталгаа гаргагч нь дээрх агуулгатай холбогдох үүргийг гүйцэтгэхээр хамтран баталгаа гаргаж, энэ баримттай холбоотой бүхий л агуулга нь хууль зүйн хувьд хүчинтэй болно” гэжээ.

            7.2.Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д “үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно”, 234.4-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана” гэж заасан боловч нэхэмжлэгч нь гэрээний нэг тал болох зээлдэгч И *******-ээс зээлийн гэрээний үүргийг шаардаж хүчин төгөлдөр шийдвэр гарсан байх бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагчаас шаардаагүй байна.

            7.5.Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хэдийгээр шийдвэр гарсан боловч зээлдэгч Л /И *******/ нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг төлөхгүй байгаа болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудсаар тогтоогдож байгаа тул хариуцагч Б.Ж******* нь уг үүргийг хариуцах ёстой гэсэн боловч Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т  заасан “үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй” гэж заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

            7.6.Учир нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Л /И *******/-ыг зээлийн гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй, гүйцэтгэж чадахгүй гэдгийг нотлоно гэж БНСУ-ын Сувон хотын шүүхийн шийдвэр “2025 оны №106102 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж” гэх баримтыг ирүүлсэн боловч уг шүүхийн шийдвэрт “...2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн БНСУ-ын Сувон дүүргийн шүүх, Пёнтэк салбар Иргэний хэргийн 1-р хэлтсийн шүүхийн шийдвэрийг үндэслэн мөнгөн хөрөнгийг битүүмжлэх” ажиллагаа хийж байгаа талаар дурдсан байх тул үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байна гэж үзэх үндэслэлгүй байна.

             

            8.Иймд нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ч*******ы 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Мөнгө зээлсэн баримтаар зээлдэгч БНСУ-ын иргэн И *******т зээлсэн үндсэн зээл 400 0000 ам.долларын зээлийн гэрээний маргааныг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан, уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагдаж байгаа болох нь баримтаар тогтоогдож байхад хариуцагч Б.Ж*******аас дээрх зээлийн гэрээний үүргийг шаардаад байгаа нь үндэслэлгүй, мөн зээлдэгч БНСУ-ын иргэн И ******* нь үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагч Б.Ж*******д холбогдуулан гаргасан нийт 2 294 649 600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

  9.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагч Б.Ж******* нь шүүх хуралдаанд “...БНСУ-ын шүүхээс Л /И *******/-ийн хөрөнгийг  битүүмжлэх ажиллагаа явагдсан, түүнээс нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ч*******-д мөнгө төгрөг өгсөн, хөрөнгө шилжүүлсэн, газар битүүмжилсэн” гэсэн тайлбарыг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар уг баримтуудыг хариуцагч Б.Ж*******аар дамжуулан Л /И *******/-ээс гаргуулах хүсэлтийг гаргасан боловч энэ нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан “шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах” үндэслэлд хамаарахгүй, дээрх баримтыг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь  өөрсдөө шүүхэд гаргаж өгөх буюу санал болгох боломжтой байсан, дээрх баримтууд нь талуудын мэтгэлцээний явцад буюу хариуцагчийн тайлбартай холбоотой шинэ нотлох баримт шаардагдсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ч*******ы  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /11 157 598+631 550/ 11 789 148 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.2-д зааснаар нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ч*******ы хариуцагч Б.Ж*******д холбогдуулан гаргасан нийт 2 294 649 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ч*******ы  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 789 148 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ХУЛАН