| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигдэнгийн Батттогтох |
| Хэргийн индекс | 2423000000084 |
| Дугаар | 2025/ДШМ/10 |
| Огноо | 2025-03-27 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2025/ДШМ/10
С.Н-д холбогдох эрүүгийн
хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр
Прокурор Б.С
Шүүгдэгч С.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э, Б.А
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Б.Э, Б.А нарын давж заалдах гомдлоор, дээд шатны прокурор Н.Б-н эсэргүүцлээр С.Н-д холбогдох 2423000000084 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн ..... сумд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ...... сумын ..... 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .... овогт ...-ын Н, /регистрийн дугаар ................/
Шүүгдэгч С.Н нь 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн ........... сумын ......... багийн нутаг “.............” гэдэг газарт малын хашааны хажууд эцэг Д.С-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж Д.С-ын толгойн дагз хэсэгт модоор цохиж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх:
Шүүгдэгч ........ овогт С-ын Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-ын Н-д оногдуулсан 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-ийн тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож эдлэх ялаас хасаж, шүүгдэгч С.Н-д өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 173,5 см урттай нарийн бургас модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Б.Э нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шийтгэх тогтоолд гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч түүний өмгөөлөгч нар хэргийн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд харин шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн зүйлчлэлийн тухайд өмгөөлөгч Б.А шүүгдэгч хохирогчийн зүгээс үзүүлсэн дарамт хүчирхийллийн улмаас сэтгэл санааны цочролд орсон. Шүүгдэгч санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хохирогчийг алсан учир зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна" гэжээ. С.Н-ийн хувьд хэргийн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд түүний үйлдлийн улмаас С-ын амь нас хохирсонд маш их гэмшиж байгаа юм. Харин түүний өмгөөлөгчийн хувьд хууль хэрэглээний үүднээс болон гэрч С.Ч, С.А, Э.И нарын мэдүүлгээр амь хохирогч С-ын Н-д хандаж байсан хандлага, гэр бүлийн уур амьсгал болон хэрэг гарах болсон нөхцөл байдал зэргийг тусган мэдүүлсэн мэдүүлэг, яллагдагч С.Н-ийн С-ын үйлдлийн эсрэг үзүүлсэн үйлдэл зэргээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа эсэхэд эргэлзээ төрж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийн шинж байхыг үгүйсгэхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэн ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэжээ.
Дээд шатны прокурор Н.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ... Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолоор С.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу "хүнийг алах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ. Шийтгэх тогтоолыг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийтгэх тогтоолд заасан дээрх үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно" гэж хуульчилжээ. Дээрх хуулийн зохицуулалтаас шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа тохиолдолд хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж болохоор байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагаас хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэлийн талаар огт маргахгүй байгааг ойлгоно. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч нараас анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч С.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан "Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах" гэмт хэрэг үйлдсэн байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж, хэргийн зүйлчлэлийн талаар маргасан атал, анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Н-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэхээс гадна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэх гол үндэслэл нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байхыг шаардана. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь насанд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцохоор хуульчилсан байх тул "хүний амь нас хохирсон хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хэргийн зүйлчлэлийн талаар маргасан, хохирол төлөгдөнө гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан хуульд зааснаас доогуур ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэсэн шударга ёсны зарчмыг зөрчсөн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байх тул Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: .... С.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцохдоо "гэмт хэргийн санаа, зорилго, сэдэлтийг шүүгдэгч хүсэж үйлдсэн гэх дүгнэлт хийсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, шүүгдэгчийн субьектив талын шинжийг гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэргийн нөхцөл байдал, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон хууль сануулсан гэрчүүдийн мэдүүлгийг бүрэн дүүрэн няцаасан дүгнэлт хийж чадаагүй. Шүүгдэгч нь хүн алсан үйлдлээ мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа, дараа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл, хүн алснаа бүрэн хүлээн зөвшөөрсөн байдаг. Шүүгдэгч нь санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж бусдыг алсан байх боломжтой тухайд: Шүүгдэгчийн хувьд хүнийг алахдаа хүсэж үйлдсэн, санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж алсан эсэхийг эзэмшсэн мэргэжил боловсрол, энгийн ухамсрын түвшинд ялган салгах үүрэг хүлээгээгүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг хүнийг санаатай алсан, эсхүл цочрон давчдаж алсан эсэх талаар дүгнэхдээ цочрон давчдаж хүн алсан байхыг үндэслэл бүхий няцааж тайлбарлаагүй буюу санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдах хууль зүйн ойлголтыг няцаахдаа сэтгэцийн дүгнэлт гаргасан шинжээчдийн дүгнэлтийг үндэслэсэн хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж болох хохирогчийн байнгын хууль бус эсхүл ёс бус зан үйлийн улмаас урт удаан хугацааны сэтгэц гэмт үйлчлэлийн улмаас бий болсон, хохирогчид хүчээр дарлагдсан буюу хүндээр доромжлогдсон, хууль бус, ес суртахуунгүй үйлдлийн улмаас үүссэн эсэх, тухайн зүй бус, ёс суртахуунгүй байнгын шинжтэй үйлдлийн улмаас гэнэт, хоромхон зуурын агшинд үйлдэгддэг онцлог шинжтэй. Энэ хэргийн хохирогч нь хэн ч байж болох бөгөөд эхнэр, нөхөр, аав ээж, ах дүү гээд хэний ч хууль бус байнгын доромжлолын хариу үйлдэл байж болохоор хуульчилсан. Энэ нь нийгэмд тогтсон аав хүүгийн харилцаа хандлага, ес уламжлал, зан заншлын хэм хэмжээнд төрсөн хүүхэддээ хүндэтгэлтэй хүн ёсоор хандах наад захын ёс суртахуунгүй хохирогчийн төрсөн хүүхдээ буюу шүүгдэгчийг байнгын "хоноцын шээс" гэж хараадаг, элдэв бусаар доромжилсны эцэст энэхүү гэмт хэрэг үйлдэгдсэн байх магадлалтай байгааг тал бүрээс нь дүгнэлт өгөөгүй Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хөнгөрүүлэн шийдвэрлэж ял оноож өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гомдлын тухайд ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууриас гомдлоо өөрчилж гаргаж байна. Нэгдүгээрт, анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон асуудлаар маргахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Хоёрдугаарт, Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хохирогч буюу С.Н-ийн аавынх нь зүй бус үйлдлээс энэ хэрэг гарсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн нь хуульд нийцэж байгаа. Нөгөө талаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тохиолдолд гуравны хоёроос багагүй ял оногдуулна гэж заасан. Шүүгдэгч С.Н-г зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл нь ялын доод хэмжээ 8 жил, түүний гуравны хоёроос багагүй гэхээр хамгийн бага нь 5 жил 4 сар болгож багасгах боломжтой. С.Н-ийн хувьд хэрэгт шалгагдах хугацаанд төрсөн бага насны хүүхэдтэй, ээж нь өндөр настай, ар гэрийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа учраас гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүний оногдуулах ялыг 5 жил 4 сар болгон хөнгөрүүлж өгнө үү гэв.
Прокурор Б.С: Тухайн хэрэгт өөр прокурор яллах дүгнэлт үйлдээд, дээд шатны прокуророос эсэргүүцэл бичсэн. ...Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор С.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Үүнийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж хуульчилсан. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа тохиолдолд хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж болохоор байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг ойлголтод тухайн этгээд гэм хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ эдгээр нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагаас хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэлийн талаар огт маргахгүй байгааг ойлгоно. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч нараас анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч С.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж, хэргийн зүйлчлэлийн талаар маргасан атал анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Н-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь тухайн шүүгдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж байгаа өмгөөлөгч нарын тухайд, тухайн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь нэг талаар тухайн гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн ойлголтод хамаарч байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг ойлголт маань тухайн хэргийн үйл баримт болон мөн гэмт хэргийн зүйлчлэл аль, алин дээр маргахгүйгээр оролцох ийм нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой гэж үзэж байгаа. Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчдийн зүгээс, шүүгдэгчид танилцуулаад давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Энэ нь тухайн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж, анхан шатны шүүхээс ял шийтгэснийг эс зөвшөөрч байна. Энэ гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан сэтгэл санаа нь цочрон давчидсан гэдэг байдлаар гомдол гаргасан байдаг. Хэдийгээр, өнөөдөр гомдлын агуулгыг өөрчилж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчдийн энэ хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй байна гэдэг ойлголтыг илэрхийлж байна гэж үзэж байна. Мөн хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршиг шинж чанарыг харгалзан үзэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэх гол үндэслэл нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байхыг шаардана гэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм хэргийн улмаас хүний амь насанд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцохоор хуульчилсан байх тул хүний амь нас хохирсон хохирол төлөгдсөн гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хохирол нь хүний амь нас байгаа. Хүнийг амь насыг юугаар ч төлөх боломжгүй. Ийм учраас хохирлыг төлөгдсөн байна гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хэргийн зүйлчлэлийн талаар маргасан, хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан хуульд зааснаас доогуур ял оногдуулсан нь Эрүүгийн хариуцлага тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байх тул Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 19-ний 09 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. Тухайн эсэргүүцлээ дэмжиж байна. Гомдолд хариу тайлбар хэлэхэд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ 8 жил байгаа. Үүнээс доош татаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан 6 жилийн хорих ял оногдуулсан байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс тухайн ялыг доош татъя гэдэг үндэслэлгүй зүйл ярьж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн тухайн хэрэг дээр хүний амь нас хохирсон, хор уршиг арилсан гэж үзэх боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэх урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж байгаа учраас тухайн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох санал дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч С.Н-ийн хувьд түүний үйлдлийн улмаас хүний амь нас хохироосон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруугаас болсон, гэм буруугаа зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн, мөрдөн шалгахад дэмжлэг үзүүлсэн. Гэмшиж байгаа, буруугаа хүлээсэн байдал нь хэрэгт авагдсан. Өөрөө хэлбэл, аавыгаа эмнэлэгт сахиж байсан. Аав минь босоод ирээсэй гэдэг байдлаар гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа нь илэрхийлэгдэж байгаа. Хүний амь нас ахиж сэргэх боломжгүй учраас хор уршгийг арилаагүй гэж үзэж байна. Хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т ...энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг хөнгөрүүлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзсэн. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэж байгаа асуудал тул хуульд нийцэж байна гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын зарчим хэдийгээр цээрлүүлэх боловч, шүүхийн энэрэнгүй ёсны зарчим энд үйлчилнэ гэж бодож байна. Өмгөөлөгч нар хууль хэрэглээний хувьд хэрэгт авагдсан баримтын хүрээнд харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл юм уу?, эсвэл сэтгэл санаа цочрон давчидсан юм уу? гэдэг тал дээр дүгнэлт хийж өгнө үү гэсэн санал гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас ийм санал гаргаж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа зөвшөөрсөн байна. Хувь хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэж байгаа. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл бол хохирогчийн зүй бус үйлдэл байсан гэдэг нь тодорхой байгаа. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл маш удаан хугацаанд үйлдэж байсан. Ээж, эхнэр, дүү бүгдийг эрхшээлдээ байлгах шинж байгаа учраас энэ гэмт хэрэг гарах нөхцөл байдал байсан байна. Ийм нөхцөл байдлууд байсан учраас зүйлчлэлийг анхаарч үзнэ үү гэсэн санал хүсэлт гаргаж байсан. Хохирол, хор уршгийн шинж чанар дээр хэдийгээр хүний амь насыг сэргээх боломжгүй ч гэсэн хохирогч талаас гомдол саналгүй байгаа, энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж нэгэнт болоод өнгөрсөн асуудал учраас хор уршиг дээр сэтгэцэд учирсан хор уршиг, хохиролтой байгаа гэсэн зүйл байхгүй байгаа. Эмчлүүлж байх үеийн зардал болон төрд учирсан эрүүл мэндийн даатгалын хохирол, оршуулахтай холбоотой зардлыг өөрөө хариуцаж гаргасан байгаа. Хор уршгийг боломжийн хэлбэрээр өгсөн байгаа. Хувийн байдал анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхэдтэй байгаа. Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн үү гэвэл, үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, хэргийн болсон нөхцөл байдлыг анхнаасаа зөв мэдүүлж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн үзэхэд хуульд харшлах нөхцөл байхгүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар 5 жил 4 сар болгож өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байгаа. Шүүх энэ асуудлыг эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж байх гэж бодож байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлэн оногдуулах эрх нь шүүхэд байгаа. Сэтгэл санаа цочирдон давчдаж хүн алсан уу?, санаатай алсан уу? гэдгийг шүүгдэгч өөрөө сайн мэдэхгүй. Нас барсан хүн дээр хор уршиг нь хэзээ ч арилахгүй нөхөж барахгүй байдаг. Ийм байдлаар эсэргүүцэл бичсэн байна. Энэ нь өөрөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан заалт нь хуулийн хориглосон заалт биш юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршиг болон хохирлоо төлсөн гэдэг нь хангалттай нотлогдож байгаа. Хүн алсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч С.Н нь 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн .... сумын ......... багийн нутаг “...........” гэдэг газарт малын хашааны хажууд эцэг Д.С-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар Д.С-ын толгойн дагз хэсэгт модоор цохиж амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
Гэрч С.А-ийн “...6 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагийн үед саалийн ямаагаа ялгах гэж байсан. Тэр үед талийгаач С.Н руу “...хоноцын шээс минь малаа аваад зайл, чи дандаа гай болох юм...” гэсэн үгийг хэлж, Н руу газраас шороо атгаж нүүр рүү нь цацсан. Эдгээр үг, үйлдлийг талийгаач олон удаа давтсан. Гэнэт Н оволзож уурлаад аав руугаа дайрсан. Намайг зогсоох гэж оролдох үед надад дийлдэлгүй миний хажуугаар гарч талийгаачийн толгой хэсэг рүү мал туухад ашиглаж байсан нарийвтар бургас модоор нэг удаа цохисон. Талийгаачийн толгойн дагзны орой, баруун хэсэгт язарсан шархтай, тухайн шархнаас цус тодорхой хэмжээгээр гарсан. Тухайн үед талийгаач өөрийн гэсэн ухаантай байсан. Энэ үйл явдал нүд ирмэхийн зуургүй болоод өнгөрсөн. Тэгээд С.Н аавыгаа өргөж босгоод, сумын эмнэлэг рүү дуудлага өөрөө өгсөн. Тэр үед талийгаач С.Н-д “...аав нь зүгээр ээ, эмнэлэг дуудаад хэрэггүй...” гэж хэлсэн. Энэ үйл явдлаас хойш 10 гаран минутын дараа талийгаач ухаан алдсан. Талийгаачийг толгойдоо цохиулсны дараа хүү бид хоёр машинд талийгаачийг оруулж, гэрт нь хүргэх гэж байснаа болиод дээлэн дээр хэвтүүлж, дамжилж гэрт нь оруулсан. Талийгаач ухаан алдсанаас хойш дахин ухаан орохгүй байсаар байгаад нас барсан. Энэ хэрэгтэй холбоотой өөр ярих зүйл байхгүй. Талийгаач Д.С, манай хүү С.Н бид гурав байсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Д.У-ын “...Намайг тухайн айлд 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 02 цагийн үед очиход Д.С гэдэг хүн ухаангүй, шингэн хийж байсан. Би очоод С гэдэг хүний биед уян зүү тавиад, эмчийн зөвлөсөн эмчилгээг үргэлжлүүлж хийсэн. Мөн Д.С-ын толгойн дагзны ар хэсэгт оёдол тавихад тусалсан. Оёдлыг эмч өөрөө тавьсан. Аймгаас эмч нарын баг иртэл тогтмол шингэн хийж, амин үзүүлэлтийг хянаж байсан. Өөр мэдэх зүйлгүй... Шарх нь миний харснаар гүн шарх харагдсан. Өөр гэмтэл шарх үүсээгүй байсан. Би эмчилгээ хийж байхдаа Д.С-ын хувцсыг тайлсан. Тэр үед өөр ямар нэгэн гэмтэл харагдаагүй. Тухайн үед Д.С-ын ар гэрийнхэн нь “...өдөр малаа ялгаж байгаад Д.С өөрийн хүү С.Н-тай маргалдсан. С.Н нь аав Д.С-ын толгой руу модоор цохисон. Д.С цохиулсныхаа дараа ухаантай, эмнэлэгт дуудлага өгөх гэсэн чинь Д.С “...битгий дуудлага өг, би зүгээр...” гэж хэлж байсан гэсэн. Тэгж хэлснийхээ дараа Д.С “би бие засмаар байна” гэж хэлээд хоёр талаас нь сугадаад босготол Д.С-ын бие сулраад ухаан алдсан гэсэн. ... сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч С.Ч-ийн зааж өгсөн эмчилгээ буюу цус тогтоох, шингэн сэлбэх, тархи хамгаалах тариануудыг системтэйгээр цагаар хийсэн. Эрхлэгч эмч дуудлагаас ирэлгүйгээр шууд аймаг руу өвчтөн авч явсан учир одоогийн байдлаар тухайн үед хийгдсэн эмчилгээг цахим санд шивж оруулаагүй байна...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Ц.Н-ийн “...2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн ...... сумын нутаг ........ багт иргэн Д.С биедээ гэмтэл авсан дуудлагаар Гэмтлийн эмч Л.С-ийн хамт тухайн газар очиж эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. ...Үзлэг хийхэд Д.С-ын толгойн баруун чамархайн хэсэгт 6-7 см хуйханд шархтай, шархыг цэгцлээд оёдол тавьсан, биеийн байдал ухаангүй, маш хүнд байсан. Ерөнхийдөө комын байдалд орсон, бүх рефлексүүд нь дарангуйлагдсан, амьсгал цус эргэлт тогтворгүй, 38.5-38.9 градус хүртэл халуурсан байдалтай байсан. Тухайн өвчтөний биеийн байдлыг эмийн эмчилгээгээр тогтворжуулж, тээвэрлэх хугацаанд гарах хүндрэл, эрсдэлийг ар гэрт нь танилцуулж, баталгаа гаргуулан өвчтнийг тээвэрлэн Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. ... манай дүү аавын толгой руу модоор цохичихсон юм, нутгийн хүмүүсээс санаа зовоод даралтаар уначихсан, унахдаа толгойгоороо мод мөргөсөн гэж ярьсан байгаа...” гэж хэлсэн. ... охиных нь утсаар ..... сумын цагдаа руу дуудлага мэдээлэл өгч болсон хэргийн талаар ярилцаад, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү тухайн өвчтнийг тээвэрлэсэн. Тээвэрлэлтийн явцад ямар нэгэн хүндрэл гараагүй. Өвчтөн сэхээн амьдруулах тасагт хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Л.С-ийн “...2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн ......... сумын нутаг ......... багийн иргэн Д.С биедээ гэмтэл авсан дуудлагаар сэхээн амьдруулах тасгийн эмч Н-ийн хамт тухайн газар очиж эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. ...Үзлэг хийхэд Д.С-ын толгойн баруун чамархай хэсэгт 6-7 см хуйханд шархтай, шархыг цэвэрлээд оёдол тавьсан байсан. Биеийн байдал ухаангүй, маш хүнд, комын байдалд орсон, бүх рефлексүүд дарангуйлагдсан, амьсгал, цус эргэлт тогтворгүй, 38.5-38.9 градус хүртэл халуурсан байдалтай байсан. Д.С-ын биеийн байдлыг эмийн эмчилгээгээр тогтворжуулж, тээвэрлэх хугацаанд гарах хүндрэл, эрсдэлийг ар гэрт нь танилцуулж, баталгаа гаргуулан өвчтөнийг тээвэрлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. Талийгаач Д.С-ын охинтой (сумын эмч) уулзаж лавлахад “...манай ах уурандаа аавын толгой руу модоор цохисон юм шиг байна лээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч С.А-ийн “...2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгээс ирсэн эмч нарыг газарчилж Д.С-ын хотонд очсон. Намайг очиход Д.С-ын биеийн байдал аппарат залгасан, ухаангүй, хурхирсан байдалтай байсан. Аймгаас ирсэн эмч нар Д.С-ын гэрт орж үзлэг хийгээд нэг их удалгүй аймаг руу зөөвөрлөнө гээд аваад явсан. Би аймгаас ирсэн эмч нарыг үзлэг хийж байхад гэрийн гадна талд байсан. Д.С-ын толгойд гэмтэл авсан байсан гэж сонссон. Би яг өөрийн нүдээр хараагүй. Д.С хүүхэд рүүгээ утсаар дуудлага өгсөн. Тухайн үед эмнэлгийн утсанд дуудлага өгөөгүй. Эмч над руу залгаад "аавынхаас дуудлага ирсэн. Оёо тавих юм шиг байна, яаралтай бинксээ, оёо тавих юм бэлдээрэй” гэсэн. Би тухайн өдөр жижүүртэй байсан. Би “Манайд дуудлага ирээгүй байна” гэхэд эмч “надад утсаар хэлсэн” гэж хэлсэн. Өөр тодорхой зүйл хэлээгүй. 22 цаг 15 минутад дуудлагадаа явсан...” гэсэн мэдүүлгээр,
Амь хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр очсон эмч болон эмнэлгийн ажилтанд С.Н Д.С-г цохисон гэж хэлснийг шууд тусган мэдүүлсэн гэрч Г.Н-ийн “...Тухайн өдөр эрхлэгч эмч Завхан аймгийн ..... сумын ......... багт манай аавын бие муудсан байна дуудлагад явъя гэж хэлсэн. Дуудлагаар эрхлэгч эмчийн хамт Д.С-ын гэрт очиход Д.С нь ухаангүй байсан. Тухайн газраас буцаж сумын төв орж сувилагч У-ыг шаардлагатай эм тарианы хамт хүргэж өгсөн. Өөр мэдэх зүйл байхгүй.... Би Д.С-ын гэрт очоод удалгүй сумын төв рүү сувилагч, эм тариа авах гэж буцаж хөдөлсөн. Тэгэхэд С.Н надад “...аав ядаж босоод суудаг болчхоосой...” гэж хэлсэн. Өөрөөр яг юу болсон талаар ямар нэгэн зүйл яриагүй. Би ч асуугаагүй. Би буцаж очоод Д.С-ыг аймаг руу зөөвөрлөх хүртэл машиндаа сууж байсан. Аймгаас ирсэн эмч нар Д.С-ыг аваад аймаг руу хөдөлсний дараа сум руу ирсэн...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч С.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “...аав ирээд уурлахаар нь гэрээ нүүлгэсэн. ...орой 21 цагийн үед малын хашаан дээр саалийн ямаа ялгах гэж байхад аав мөн ирээд элдвээр хэлж, газраас шороо, чулуу атгаж миний өөдөөс цацаад байсан. Тухайн үед аав намайг хоноцын шээс, пизда, нохойн гөлөг гэх мэт үгийг хэлж загнаж байсан. Би аавд хамгийн сүүлд “би чиний шээс биш юм бол хэний шээс юм бэ” гэж хэлснээ санадаг. ...аавыг намайг элдвээр хэлээд шороо цацаад байхаар нь хэсэг зуур сэтгэл санааны хямралаас болоод өөрийн гэсэн ухаангүй болсон байсан. Нэг мэдсэн аавын толгойноос цус гоожсон, зогсож байсан. Тэр үед манай аав надад “... яагаад байгаа пизда вэ? гэж хэлж байсан...” Би тэгээд айгаад шууд сумын эмнэлэг рүү дуудлага өгөх гээд өөрийн төрсөн дүүгийн утас руу залгаж, түргэн тусламж дуудсан. ...Аавын толгой дагзны баруун орой хэсэг, хуйх нь язарсан шархтай байсан. Өөр гэмтэл байгаагүй. Ээж С.А, талийгаач аав бид 3 байсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэсэн мэдүүлгээр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н-ын “...Миний зүгээс болон манай гэр бүл, ээжийн зүгээс энэ хэрэгтэй холбоотой гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч С.Н-ийн Д.С-ын толгойн дагз хэсэгт нарийн бургас модоор цохисон үйлдлийн улмаас хохирогч 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нас барсан нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 000000039 дугаартай “...1.Амь хохирогч Д.С нь гэмтлийн гаралтай гавал ясны цууралт, тархины няцрал, үхжил, хатуу хальсны дээрх болон зөөлөн бүрхүүлийн цус хуралтын улмаас нас барсан байна. 2. Амь хохирогч Д.С нь нас бараад 24-28 цаг болсон байна. 3.Амь хохирогч Д.С гэмтэл шарх учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо ирмэгтэй зүйлийн цохилтын үйлчлэлээр үүснэ. 4.Амь хохирогч Д.С Гэмтлийн гаралтай тархины хүнд гэмтэл, гавал ясны дагз хэсгийн хөндлөн цууралт, цөмрөл, тархины эдийн няцрал, үхжил. Хатуу хальсны дээрх цус хуралт, зөөлөн бүрхүүлийн цус хуралт. Толгойн орой хэсгийн хуйханд цус хуралт, доод уруулд зулгаралт, тах хэлбэрийн мэс заслын шарх, дагзны ар хэсэгт шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 5.Амь хохирогчийн цогцост задлан шинжилгээгээр үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Амь хохирогчийн цогцост үхэлд хүргэх гэмтлийн гаралтай тархины хүнд гэмтэл тогтоогдож байна. Тухайн гэмтлийг авснаас хойш хэдий хугацаанд ухамсарт болон ухамсарт бус үйлдэл хөдөлгөөн хийх чадвартайг нарийн тогтоох боломжгүй. 7. Амь хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь шууд гаднын ямар нэгэн шалтгаант цохилтын улмаас үүссэн байна. 8.Амь хохирогчийн биед үүссэн гэмтлийн шалтгаант тархины хүнд гэмтэл нь дангаар бие дааж нас барах шалтгаан болно. 9.Амь хохирогчийн цогцост тогтоогдсон гэмтлүүд нь бүгд амьд байх үед авсан гэмтлүүд байна. Нас барсны дараа ямар нэгэн гэмтэл учраагүй байна. 10.Амь хохирогчийн биед үүссэн тархины хүнд гэмтэл нь араас хөндлөнгийн хүний гараар үүссэн байх боломжтой. Дагзны ар хэсэгт хуйх язарсан шархтай байх тул тэр хэсэгт ямар нэгэн хүнд гэмтээгч хүчний үйлчлэлээр цохих үед үүснэ. Амь хохирогч өөрийн гараар үүсгэх боломжгүй гэж үзэж байна…” гэсэн дүгнэлтээр,
Шинжээч эмч Т.О-ын “...Цохилтын улмаас амь хохирогч Д.С-ын биед үүссэн дээрх гэмтлүүдээс эхэлж гавал ясны дагз хэсгийн хөндлөн цууралт, цөмрөл үүснэ. Энэ гэмтлийн улмаас цус хуралт, тархины эдийн няцрал үүсэж, тархи дарагдаж улмаар хүндрэл нь тархины үхжил болсон. Амь хохирогчийн биед үүссэн гавал ясны дагз хэсгийн хөндлөн цууралт, цөмрөл, тархины эдийн няцрал, үхжил, хатуу хальсан дээрх цус хуралт, зөөлөн бүрхүүлийн цус хуралт, толгойн оройн хэсгийн хуйханд цус хуралт гэмтлүүд нь нэг цохилтын болон нэг үйлчлэлийн улмаас үүссэн, хоорондоо уялдаа холбоотой гэмтлүүд юм. Бусад жижиг зулгаралт нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Амь хохирогчийн биед үүссэн гавал ясны дагз хэсгийн хөндлөн цууралт, цөмрөл, тархины эдийн няцрал, үхжил, хатуу хальсан дээрх цус хуралт, зөөлөн бүрхүүлийн цус хуралт, толгойн оройн хэсгийн хуйханд цус хуралт гэмтлээс бусад гэмтэл нь, үхэлд хүргэхгүй. Хатуу мохоо зүйл гэж бүх л хатуу биет болон хүний биед гэмтэл учруулж болох бүхий л зүйлийг хамааруулан ойлгоно. Ирмэгтэй гэдэг нь хатуу зүйлийн объектод хүрч байгаа өнцгийн шүргэлцэж байгаа хэсгийг мохоо, ирмэгтэй, хурц гэж ангилж ойлгоно. Амь хохирогчийн тухайд хуйх язарсан байгаа тул хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн гэмтэл үүссэн байх боломжтой. Тухайн гэмтэл үүсгэж байгаа хатуу, мохоо зүйлийн амь хохирогчийн хуйх хэсэгтэй шүргэлцэж байгаа хэсгийн зах ирмэг нь ирмэгтэй хэсэг таарснаас хуйхны язрал үүссэн байж болно…” гэсэн мэдүүлгээр, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн авсан, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг давхар нотолсон шинжтэй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч С.Н нь хохирогч Д.С-ын зүй бус үйлдлийн улмаас түүний толгойн дагз хэсэгт модоор санаатай цохисны улмаас Д.С-ын амь нас хохирсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Түүнчлэн шүүх шүүгдэгч С.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалтай тохирсон байна.
Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд ...хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо зайлшгүй байхыг шаарддагаараа онцлог гэж тайлбарлажээ. Тухайлбал, Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөл, шалтгаант холбоотой байдаг. Энэ хэргийн хувьд шүүгдэгч С.Н нь амь хохирогчийн толгойн хэсэг дагз руу модоор цохисон идэвхтэй үйлдлийн улмаас Д.С-ын амь нас хохирсон шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч С.Н нь амь хохирогчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “Амьд явах” эрхийг зөрчиж, түүнийг модоор цохисон үйлдлийн улмаас талийгаач Д.С-ын амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч С.Н түүний өмгөөлөгч Б.Э, Б.А нар нь давж заалдах гомдолдоо ...хэрэгт авагдсан гэрч С.Ч, С.А, Э.И нарын мэдүүлгээс үзэхэд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас хүнийг алах гэмт хэргийн шинжийг агуулсан байхыг үгүйсгэхгүй байх тул тогтоол өөрчлөлт оруулж, ял хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ. Дээд шатны прокурор Н.Б эсэргүүцэлдээ “...шүүгдэгчийн өмгөөлөгчид хэргийн зүйлчлэлийн талаар маргасан, хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, хуульд зааснаас доогуур ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан гэдэг нь хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг ойлгоно гэж тайлбарлажээ. Гэмт хэрэг гарах үед талийгаач Д.С, шүүгдэгч С.Н, талийгаачийн эхнэр гэрч С.А 3 байсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан гэрч С.А-ийн мэдүүлснээр “...Н надад дийлдэлгүй, миний хажуугаар гарч талийгаачийн толгойн хэсэг рүү мал туухад ашиглаж байсан нарийвтар бургас модоор 1 удаа цохисон...” гэж мэдүүлжээ. Энэ гэрчийн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч С.Н нь энгийн ухамсрын түвшинд бусдыг гартаа барьсан эд зүйлээр цохиход гэмтэл учирна, бусдын амь насыг хохироох боломжтой гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэнээрээ хүнийг санаатай алах гэмт хэргийн субьектив талын шинжийг агуулсан идэвхтэй үйлдлээр энэ гэмт хэргийг үйлджээ. Гэрч С.А-ийн мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч С.Н нь тухайн үедээ өөрийгөө удирдан жолоодох чадвартай, хууль бус зүйл хийж байгаа гэдгээ ухамсарлах түвшинд байсан учир шүүгдэгч С.Н-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар зохицуулсан байна. Тухайн хуулийн зүйл, хэсгийн 1-д гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заажээ.
Шүүгдэгч С.Н нь “ хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, тэрээр “хүний амь хохироосон” гэм буруутай болохоо мөрдөн шалгах шалгах ажиллагаанаас эхлэн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хүртэл хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож, гэмшсэн, мөрдөгчийн ажилд дэмжлэг үзүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол, хор уршгийн талаар нэхэмжлэх зүйл, гомдол, саналгүй гэж мэдүүлж байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна..
Анхан шатны шүүх Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч С.Н-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, хуульд зааснаас доогуур буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг хууль зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх ойлголтыг тусгасан байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар өмгөөллийн үйл ажиллагаа явуулсныг шүүгдэгч С.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэж, түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хуульд заасан шаардлага хангагдсан хүнд өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэх бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг буруутгах, хүчингүй болгох, хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Б.Э, Б.А нарын гомдол, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Б.Э, Б.А нарын давж заалдах гомдол, дээд шатны прокурор Н.Б-ийн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Ж.БАТТОГТОХ