2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/07903

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Г******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Н******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Г.М /РД:*******/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 47 447 553 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг батлан даалтын гэрээгээр хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 24-ний  өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О*******, Г.Б*******,

Хариуцагч Н*******ын ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О*******,

Хариуцагч Б.М,

Хариуцагч Б.Мын өмгөөлөгч Э.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

            

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г******* ХК нь хариуцагч Н******* ХХК, Г.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47 447 553 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг батлан даалтын гэрээгээр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Ганболд овогтой М нь 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Г*******тай ЗГ1705043932 тоот зээлийн гэрээ байгуулж 12 000 000 төгрөгийг жилийн 24% хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай цалингийн зээл авсан. ЗГ1705043932 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Г*******тай Н******* ХХК нар нь БДГ1705043932 тоот Батлан даалтын гэрээ байгуулсан. Батлан даалтын гэрээний 3.1.1; 3.4.1-д тус тус заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хандаж байна. Зээлдэгч нь зээл авах үедээ Б 52 тоот хаягт оршин сууж, байсан. Г*******ны зүгээс тус хаягаар ЗГ1705043932, БДГ1705043932 дугаарт зээлийн гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргасан боловч дээрх хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон болно. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх-д хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэл г гаргасан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/00256 тоот шүүхийн шийдвэрийн дагуу БГД-ийн Цагдаагийн 2 хэлтсийн 301 2-3/1902 тоотоор хариуцагчийн оршин суугаа хаягийг 18 тоот гэж тогтоосон болно. Зээлдэгч Г.Мтай байгуулсан ЗГ1705043932 тоот үндсэн зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 3023 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 11 659 960.28 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 30 540 310.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 5 247 282.19 төгрөг, нийт 47 447 553.08 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг батлан даалтын гэрээний дагуу Н******* ХХК-иар хангуулж өгнө үү гэсэн.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Г.М нь 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 12 000 000 төгрөгийг 24 хувийн хүүтэй цалингийн зээл авсан. 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Н******* ХХК нь батлан даалтын гэрээ байгуулсан байгаа. Хариуцагчид зээлээ төлөхийг мэдэгдсэн боловч хаягтаа оршин суудаггүй байсан, тэгээд эрэн сурвалжлуулж олсон байгаа. Тэгээд энэ хаягаар нэхэмжлэл гаргасан. Иймд үндсэн зээл 11 659 960 төгрөг, хүү 30 540 310 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 247 282 төгрөг, 47 447 553 төгрөгийг төлөөгүй байгаа. Энэ мөнгийг зээлийн гэрээ болон батлан даалтын гэрээний дагуу хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Хариуцагч Г.М нь хаягаа өөрчилсөн талаараа манайд мэдэгдэж байгаагүй. Тиймээс Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байна гэв.

 

2.Хариуцагч Г.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2013 онд би Н******* ХХК-нд талбайн инженерээр ажилладаг байсан, ажиллаж байгаад компанид өөрийн машиныг түрээслээд ажиллаж байсан, тэгээд би цалингийн зээл авсан, компани надад батлан даалт гаргаж өгсөн байгаа. Компани цалингаа зээлээд авчих, манайх төлнө гэсэн болохоор зээлийн эргэн төлөлтийг би хийж байгаагүй, Г*******ны зээлийн эдийн засагч нь болон захирал нь өөрсдөө мэдэж байгаа, тиймээс ч надаас огт нэхээгүй. 2018, 2019 онд би хаягаас шилжсэн нь бол үнэн. Гэхдээ энэ бүхий л хугацаанд компани төлөөгүй байсан юм бол банкнаас надад мэдэгдэх байсан. Гэтэл мэдэгдээгүй, би өөрөө л муу зээлийн түүхтэй болсон байна гэхээр нь гайхаад Г******* руу утасдаад энэ зээлийн талаар мэдсэн. Тэгээд намайг утасдсан болохоор 2024 оноос л Г******* гарч ирээд зээлээ төл гэсэн, би өөрөө хөөцөлдөөд энэ зээлийн мэдээллийг гаргаж ирсэн юм. Гэтэл гэнэт л цагдаагаас эрэн сурвалжилсан гэсэн зүйл яригдсан, би хаягаа өөрчилсөн боловч холбоо барих утсаар мэдэгдээгүй, компанид ч энэ талаар мэдэгдээгүй байсан гэв.

2.1.Хариуцагч Б.Мын өмгөөлөгч Э.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үндсэн зээлдэгч нь Г.М гэдэг нь үнэн. Н******* ХХК-нд ажиллаж байхдаа цалин хөлсийг нь төлж чадахгүй гээд зээл авчих, бид батлан даалтын гэрээ байгуулъя, төлчихнө гэсэн байдаг. Гэтэл 11 жилийн хугацаа өнгөрсөн байхад нэг ч мэдэгдэл ирж байгаагүй, мөн энэ хугацаанд Н******* ХХК ч төлөөгүй байсан байна, хугацаандаа төлөөгүй байхад зээлдэгч, батлан даагчаас хэн алинаас нэхээгүй. Гэтэл 11 жилийн хүү тооцоод хар зээлийн түүхэнд оруулсан гээд зээлээ шаардаад байгаа нь үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа ч өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

2.2.Хариуцагч Н*******ын ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь тухайн зээлийн гэрээг Г.М, Г******* ХК нар 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан, байгуулсан хугацаанаас хойш тооцоход 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээний хугацаа нь дуусгавар болсон. Бид 2014 онд батлан даалтын гэрээг байгуулсан нь үнэн. Гэтэл энэ зээлдэгч нь мөнгөө төлөөгүй юм бол бидэнд мэдэгдсэн, шаардсан зүйл огт байхгүй. Хуульд хөөн хэлэлцэх хугацааны талаар зохицуулсан байгаа, банк бол мэргэжлийн этгээд учраас хөөн хэлэлцэх хугацаагаа сайн мэдэж байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж зааснаар 2019 он 03 дугаар сарын 06-ны өдөр хугацаа нь дууссан байна. Гэтэл хугацаа дууссанаас хойш 3023 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан байдаг. Хэрэв хариуцагч Г.М зээлээ төлөөгүй л байсан юм бол батлан даагчаас шаардах ёстой биз дээ. Гэтэл гэнэт л хэдэн жилийн дараа баахан хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоод нэхээд байгааг нь гайхаж байна. Талуудын байгуулсан гэрээний 3.3.1, 3.3.2-д зааснаар шаардах эрхээ банк хэрэгжүүлэх ёстой. Бидэнд мэдэгдээгүй учраас бид Г.Мыг л өөрөө зээлээ төлөөд дуусгасан байна гэж үзэж байсан гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2014.03.06-ны өдрийн Зээл болон барьцааны гэрээ, 2014.03.05-ны өдрийн Батлан даалтын гэрээ, картын цалингийн зээл хүсэгчийн өргөдлийн маягт, 2014.03.05-ны өдрийн Батлан даалтын гэрээ, хүү тооцооллын хүснэгт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/00256 дугаар шийдвэр, зээл төлүүлэхээр өр барагдуулагчид шилжүүлсэн тухай баримт, Чингэлтэй дүүргийн  иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/00772 дугаар шийдвэр, Н******* ХХК-ийн 2014.02.28-ны өдрийн 2/051 тоот албан бичиг, шүүхэд төлөөлөх итгэмжлэл гэсэн баримтуудыг,

хариуцагч Н******* ХХК-иас хуулийн этгээдийн гэрчилгээ, хувьцаа эзэмшигчийн тайлбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн  гэрчилгээ, хариу тайлбар гэсэн баримтуудыг,

хариуцагч Г.Маас Хуул зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа гэсэн баримтуудыг  шүүхэд гаргаж өгсөн.

 

            Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Н******* ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, хавсралтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв. 

 

2.Нэхэмжлэгч Г******* ХК нь хариуцагч Г.М, Н******* ХХК нарт холбогдуулан 47 447 553 төгрөгийг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ “...хариуцагч Г.М нь 12 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлсэн боловч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй, зээлийн мөнгөн хөрөнгийг эргүүлэн төлөөгүй тул түүнээс үндсэн зээл 11 659 960 төгрөг, хүүний төлбөрт 30 540 310 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 247 282 төгрөг, нийт 47 447 553 төгрөгийг гаргуулах, мөн хариуцагч Н******* ХХК нь зээлийн гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй бол өөрийн эд хөрөнгөөр хариуцахаар батлан даалтын гэрээ байгуулсан тул үүргийн гүйцэтгэлийг хангуулна” гэж тодорхойлсон.

3.Хариуцагч Г.М нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарлаад татгалзлын үндэслэлээ “...би Н******* ХХК-нд талбайн инженерээр ажилладаг байхдаа цалингийн зээл авсан, компани надад батлан даалт гаргаж өгөөд зээлийн эргэн төлөлтийг төлнө гэсэн учраас эргэн төлөлтийг төлж байгаагүй, банкнаас надад зээлийг эргэн төлөх талаар мэдэгдэж байгаагүй, би өөрөө зээл авах гэтэл муу зээлийн түүхтэй байна гээд Г*******тай холбогдож энэ зээлийн талаар мэдсэн, гэтэл  гэнэт л зээл төлөөгүй, эрэн сурвалжилсан төл гэсэн асуудал үүссэн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, компани төлнө гэж тохиролцсон тул төлөх үүрэггүй” гэж үгүйсгэсэн.

4.Хариуцагч Н*******ын ХХК нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, тухайн зээлийн гэрээг Г.М, Г******* ХК-тай 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан, байгуулсан хугацаанаас хойш тооцоход 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээний хугацаа нь дуусгавар болсон байхад зээлийн гэрээний үүргийг шаардаад байгаа нь үндэслэлгүй, өмнө нь манай компанид мэдэгдсэн, шаардсан зүйл огт байхгүй, зээлдэгч зээлээ төлөхгүй байхад батлан даагчаас шаардаагүй, мэдэгдээгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасан.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Нэхэмжлэгч Г******* ХК нь хариуцагч Г.Мтай 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр №ЗГ1705043932 дугаартай Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ байгуулж, 12 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хугацаандаа төлж барагдуулахгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн барьцаанд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар өөрийн цалингийн орлого болон 1705040786 дугаартай картын ба бусад дансны орлогыг барьцаалжээ.

5.2.Мөн 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Г******* ХК нь хариуцагч Н******* ХХК-тай №БДГ1705043932 дугаартай батлан даалтын гэрээ байгуулж, батлан даагч нь үүрэг гүйцэтгүүлэгч Г.М нарын хооронд 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан ЗГ1705043932 тоот зээлийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгчийг нийт 12 000 000 төгрөгийн зээл, үүн дээр нэмж зээлийн гэрээгээр тогтоосон хугацаанд төлөх хүүний төлбөрийн хамт хугацаанд нь бүрэн төлнө гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн байна.

5.3.Хэрэгт авагдсан Н******* ХХК-ийн 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2/051 тоот Г*******инд гэх албан бичигт “...Г.М нь тус компанид талбайн инженерээр ажиллаж байгаа бөгөөд үндсэн ажилтан мөн, Г.М нь танай байгууллагаас өрхийн хэрэгцээнд цалингийн зээл хүсч байгаа тул компанийн зүгээс батлан даалтын гэрээ хийхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ.

 

6.Талууд зээлийн болон батлан даалтын гэрээ байгуулсан, зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан талаар маргаагүй, зээлийн болон батлан даалтын гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасан.

 

7.Нэхэмжлэгч Г******* ХК, хариуцагч Г.М нь 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ байгуулсан талаараа хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч Г******* ХК нь хариуцагч Н******* ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулсан талаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ” гэж зааснаар батлан даалтын гэрээ тус тус байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

7.1.Нэхэмжлэгч Г******* ХК нь хариуцагч Г.Мыг зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, мөнгөн хөрөнгийг буцаан төлөөгүй, хариуцагч Н******* ХХК-ийг батлан даалтын гэрээний үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 11 659 960 төгрөг, хүүний төлбөрт 30 540 310 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 247 282 төгрөг, нийт 47 447 553 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж, зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг Г.Мад мэдэгдэж байсан боловч хаягтаа байхгүй, эрэн сурвалжлуулсан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарласан.

7.2.Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээний /цалингийн зээл/ 2.1.2-д “зээлийн хугацааг 24 сар” гэж харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 06-нд дууссан, хариуцагч Г.М нь хэрэгт авагдсан хүү, тооцооллын хүснэгтээр 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр үндсэн зээлд 340 036 төгрөг, хүүнд 571 430 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8 313 төгрөгийг төлснөөс хойш үүргээ гүйцэтгээгүй, зөрчил үүссэн болох нь тогтоогдож байна.

7.3.Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна”, 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар заасан.

7.4.Мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2-д “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заажээ.

7.5.Хариуцагч Г.М нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй байхад нэхэмжлэгч Г******* ХК нь зээлийн гэрээг цуцлах, батлан даагчид мэдэгдэх ажиллагааг хийсэн талаарх баримтгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрх нь зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс буюу 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн үүссэн байна гэж үзэв.

7.7.Нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлсэн болохыг нотлоно гэж зээл төлүүлэхээр өр барагдуулагчид шилжүүлсэн талаарх баримт, хариуцагчийг эрэн сурвалжлуулсан шүүхийн шийдвэрийг шүүхэд ирүүлж, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарласан. 

7.8.Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Зээл төлүүлэхээр өр барагдуулагчид шилжүүлсэн тухай баримтад “харилцагч зээлээ төлөх ямар ч сонирхолгүй. Санаатайгаар зээл авч, төлөхгүй ажлаас батлан даалтаар зээл авхуулаад зээлээ хаяж явах зорилготой байсан байна” гэж тэмдэглэсэн байх бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №182/ШШ2017/00772 дугаартай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Г******* ХК-ийн нэхэмжлэлтэй Г.Мыг эрэн сурвалжлуулах хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

 

7.9.Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан боловч нэхэмжлэгч нь 2017 онд хариуцагчийг эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй, 2017 оноос 2025 оныг хүртлэх хугацаанд ямар ажиллагаа хийсэн талаарх баримтгүй, хөөн хэлэлцэх хугацаа зээлийн гэрээний хугацаа дууссан 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр дууссан байна.

7.10.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2017 онд шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагчийн хаяг тогтоогдсон эсэх, хариуцагчид мэдэгдсэн эсэх талаарх баримтгүй, дахин 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн №191/ШШ2025/00256 дугаар шийдвэрээр хариуцагч Г.Мыг эрэн сурвалжлуулж, 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичгээр Г.Мыг эрэн сурвалжилж олж тогтоох ажиллагаа явуулж 18 тоотод түр оршин суудаг болохыг тогтоосон тул тус тойргийн шүүхэд 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв.

 

8.Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Н******* ХХК-иас батлан даалтын гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч зээлдэгч Г.М нь зээлээ эргүүлэн төлөөгүй байхад энэ талаар батлан даагчид мэдэгдсэн, батлан даалтын гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

8.1.Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Г******* ХК болон хариуцагч Н******* ХХК-ийн хооронд байгуулагдсан Батлан даалтын гэрээний 3.1.1-д “ЗГ1705043932 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үүрэг гүйцэтгэгч зохих ёсоор биелүүлээгүй тухай үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага тавьсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс батлан даагч нь үүрэг гүйцэтгүүлэгчид тус гэрээний үүргийн биелэлтийг хангаж өгнө” гэж заажээ.

8.2.Гэвч нэхэмжлэгч нь Батлан даалтын гэрээний 3.3.1-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ тухай батлан даагчид мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн байна.

8.3.Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна” гэж зааснаар нэхэмжлэгчийн хариуцагч Г.Мтай байгуулсан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хариуцагч Н******* ХХК-ийн батлан даалтын гэрээний хөөн хэлэлцэх хугацаа мөн дууссан байна гэж үзэв.

8.4.Иймд хариуцагч нарын хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх тайлбар үндэслэлтэй, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасан тул нэхэмжлэгчийн хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

9.Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно.гэж заасан боловч нэхэмжлэгчид энэ үндэслэл тогтоогдоогүй болно.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395 188 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 458 дугаар зүйлийн 458.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар нэхэмжлэгч Г******* ХК-ийн хариуцагч Г.М, Н******* ХХК-нд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 47 447 553 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг батлан даалтын гэрээгээр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395 188 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                 

  

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН