| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2018/0201/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/209 |
| Огноо | 2018-08-03 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч М.Ариунцэцэг,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Б-д холбогдох эрүүгийн 1838004880262 тоот хэргийг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ц.Б.
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Цэцэрлэг сумын “Галуутын цоохор толгой” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойгоос 0.5 метр куб хэрэглээний нойтон шинэс мод хууль бусаар бэлтгэж байгаль экологид 48.600 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Цэцэрлэг cумын “Галуутын цоохор толгой” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойгоос 0.5 метр куб хэрэглээний нойтон шинэс мод хууль бусаар бэлтгэж байгаль экологид 48.600 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч М.Р-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Цэцэрлэг сумын 1 дүгээр багийн иргэн Ц.Б нь тус сумын 1 дүгээр багийн нутаг “Галуутын эрээн толгой” гэх газраас хууль бусаар 1 ширхэг босоо нойтон мод унагааж гэрийн унины мод цуулсан талаар мэдсэн. Гомдол санал байхгүй хохирлын мөнгийг Цэцэрлэг сумын төрийн сангийн дансанд тушаасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-24 дүгээр хуудас/,
Гэрч О.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэрийн ойролцоо байдаг “Галуутын цоохор толгой” гэх газраас нэг бүдүүн нойтон мод хөрөөгөөр унагаасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/,
Гэрч Л.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр утсаар нэр нь үл мэдэгдэх иргэнээс Цэцэрлэг сумын 1 дүгээр багийн нутаг “Галуут” гэх газар иргэн Ц.Б нь ойгоос нойтон мод унагааж, унь цуулж байна гэж утсаар мэдэгдсний дагуу 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр очиж Ц.Б-р өөрөөр нь заалгаж очиж үзлэг хийхэд “Галуутын цоохор толгой” гэх газрын модонд 1 ширхэг бүдүүн нойтон мод унагааж дундуур нь тайрч унь цуулж хатааж байсан. Ойрд хавьд нь явж шалгахад өөр ямар нэгэн мод унагаасан зүйл илрээгүй. Ц.Б нь ямар нэгэн зөвшөөрөл аваагүй, мод бэлтгэх гэж байгаа талаар мэдэгдээгүй учраас хууль бусаар мод бэлтгэсэн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай экологи эдийн засгийн үнэлгээгээр Ц.Б нь 48.600 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий шинэс мод бэлтгэсэн гэх дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ц.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 1 дүгээр багийн нутаг “Галуутын цоохор толгой” гэх газраас 1 тооны босоо мод унагаасан. Миний хувьд уг модоор гэрийн унь хийх санаатай унагаасан. Тэгээд манай багийн байгаль хамгаалагч Д чи эрхийн бичиггүй мод унагасан юмуу гэж утсаар ярихаар нь би мод унагаасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Би ганцаараа мод бэлтгэсэн...” гэх мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Ц.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин энэ хэрэгт битүүмжилсэн 0.5 метр куб модыг улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1838004880262 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Б-г зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжилсэн 0.5 метр куб модыг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН