Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2025/ДШМ/01

 

    

 

 

Х.Б-, С.А- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,    

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/243 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.Б-, С.А- нарт холбогдох эрүүгийн 2413000000220 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгч С.А-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2024 оны 11 дүгэр сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд прокурор М.Парида, шүүгдэгч С.А-, түүний өмгөөлөгч С.Тилеуберди, шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс *******, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ********* төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ** хүнтэй, ********* оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Т овогт Х.Б- /РД:************/,

 

2. Монгол Улсын иргэн, яс үндэс *****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ********** төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, “*****” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл ** хүнтэй, *********** оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Б овогт С.А- /РД:************/.

 

3. Шүүгдэгч Х.Б-, С.А- нар 2024 оны 6 дугаар сарын 12-ны орой 20.00 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ийн шатахуун түгээх станц дээр таарамжгүй харилцаа, мөн тухайн үед үүссэн үл ойлголцол, маргааны улмаас харилцан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

4. Прокурорын 2024 оны 6 дугаар сарын 25-ны  өдрийн 159 дүгээр яллах дүгнэлтээр Х.Б-, С.А- нарын дээрх үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.    

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн  2024/ШЦТ/243 дугаар шийтгэх тогтоолоор: 

5.1. Шүүгдэгч Т овогт Х.Б-, Б овогт С.А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.А-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

5.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-, С.А- нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

5.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-, С.А- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, 

5.5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч Х.Б-ээс 370,280 төгрөг гаргуулан хохирогч С.А-т, шүүгдэгч С.А-ээс 551,150 төгрөг гаргуулан хохирогч Х.Б-т тус тус олгож, хохирогч С.А-ийн 2,808,327 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг, хохирогч Х.Б-ийн 1,448,850 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

5.6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигт шүүгдэгч Х.Б-ээс 3,300,000 төгрөг гаргуулан хохирогч С.А-т, шүүгдэгч С.А-ээс 3,300,000 төгрөг гаргуулан хохирогч Х.Б-т тус тус олгож,

5.7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч X.Б-, С.А- нар нь энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Шүүгдэгч С.А-ийн давж заалдах гомдлын агуулга:  

6.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/243 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэм буруугүйд тооцох” эргэлзээтэй байдлууд байсаар байтал анхан шатны шүүх энэ байдлыг авч үзээгүй хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, шүүхээс хууль зүйн дүгнэлтийг буруу гаргаснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

6.2. Нотлогдоогүй хэргийн талаар: Шинжээч эмч анхнаас нь ашиг сонирхлоор хандаж амбулаторийн картад лор эмчийн онош болох Х.Б-ийн биед учирсан гэмтэл хуучин гэмтэл гэж тавьж өгсөн картыг устгаж, өөрөөр хэлбэл /ХХ-20-22 хуудсанд байгаа шинжээчийн Объектыг/ өөрийн шинэ гэмтэл гэж тавьсан оношийг тайлбарлаагүй, шүүх хуралд тайлбарлаж чадаагүй мөн тус оношийг тавихад анхны Ө.Ахмарал эмчийн оношийг үндэс болгосноо хэлсэн байхад анхан шатны шүүх анхаараагүй хоёр баримт эргэлзээтэй байхад шинжээч эмчийн дүгнэлт туйлын үнэн гэж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэв.

6.3. ХХ-79 дүгээр хуудсанд байгаа хохирлыг тооцоход буруу тооцож хэрэглэсэн, Х.Б-ийн буруутай үйл ажиллагааны улмаас тухайн сард эмчилгээ хийлгэж цалин аваагүй байсан хохирлыг нэмээгүй.

6.4. Анх Х.Б- хохирогч болох С.А- надаас уучлалт хүсэж, 7 хоног явахад нэг ч гэмтсэн гэмтэл авсан гэсэн зүйл хэлээгүй байсан ба өмгөөлөгч авснаас хойш гэмтэл авсан гэмтэл тогтоолгох гэсэн зүйл ярьж гаргаж тавьсан байсан гэдгийг анхаараагүй.

6.5. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Ялтан С.А- намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс тооцсон бөгөөд тухайн хэргийн гол нотлох баримт болох шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байхад, дахин шинжилгээ тогтоолгох боломжгүй анхны шинжээчийн объектийг устгасан хоёр эмчийн дүгнэлт өөр өөр эргэлзээтэй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасныг анхаарахгүй шүүх хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэсэн. 

6.6. Хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй. 1 дүгээр ХХ-ийн 20-22 дугаар талд авагдсан шинжээчийн объект шинжилгээний байгууллагад очиход байсан, харин Цагдаагийн байгууллагад шилжих үед устгасан байдал 1 дүгээр ХХ-ийн 23 дахь талд авагдсан шинжээчийн 476 тоот дүгнэлтийн “Шинжилгээний явц” хэсэгт лор эмчийн “хамар битүүрнэ, толгой эргэнэ, хамрын таславч мурийсан цус гарсан” гэсэн оношийг дүгнэлт хэсэгт тавьж өгсөн. 1 дүгээр ХХ-27 талд авагдсан шинжээчийн дүгнэлттэй танилцах тэмдэглэлд тухайн зөрчлийн талаар бичиж зөвшөөрөхгүй байгааг хэлсэн баримт, 1 дүгээр ХХ-ийн шүүх хуралдааны эхний тэмдэглэлийн 10 дахь талын 2 дахь асуулт хариулт, 1 дүгээр XX-ийн 72-73-79 талд авагдсан хохирлыг буруу тооцож гаргасан. Сүүлд гаргаж өгсөн НДШ лавлагаа, 1 дүгээр XX-ийн СД бичлэгийн 2 мин 37-ээс 2 мин 46 секунд хооронд дахь бичлэг Х.Б-ийн биед ямар нэгэн гэмтэл үүсээгүй байгаа. 1 дүгээр ХХ-ийн сүүлийн ажиллагаагаар хийгдсэн 5-6-8-9-10 талд авагдсан Ө.Ахмарал эмчийн мэдүүлэг тухайн үед тавьсан онош. Иймд ялтан С.А- намайг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхээс гэм буруутайд тооцож, 600 нэгжээр торгуулах ял оногдуулсан Баян- Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 2024/ШЦТ/243 дугаартай шийтгэх тогтоолын С.А-т холбогдох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүйд тооцож, С.А- надад холбогдох хэргийг гэм буруугүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.

 

7. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

7.1. Шүүгдэгч Х.Б-, С.А- нар нь 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн орой “Т”  шатахуун түгээх станцын гадаа таарамжгүй харилцаа мөн тухай үед үүссэн нөхцөл байдлын улмаас харилцан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон. Үүнд, Хавтаст хэргийг /10 дугаар хуудас/ Х.Б-ийн мэдүүлэг, гэрч С-ийн мэдүүлэг /12 дугаар хуудас/ хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн /16 дугаар хуудас/, 476 дугаартай шинжээчийн дүгнэлт /23-24 дүгээр хуудас/,  мөн эд мөрийн баримтаар хураагдсан СД бичлэг, мөн анх үзсэн гэх эмчийн өвчний карт болон тодорхойлолт авагдсан. Ахмарал эмчийн мэдүүлэг, тухайн үед бичсэн картыг үндэслэж шинжээч томилоод, шинжээчээр томилогдсон Хайрат эмчид хууль сануулж тэмдэглэл үйлдээд, шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Тухайн үед хохирогч Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэсэн дүгнэлт гарсан. Үүний үндсэн дээр шинжээч Хайратаас мэдүүлэг аваад, ямар баримтуудыг үндэслээд, яаж гаргасан талаар тодорхой мэдүүлэг авсан. Үүнд, хавтаст хэргийн /146, 149 дүгээр хуудас/ шинжээч эмч Хайратаас өгсөн мэдүүлэгт “Хамраас цус гарсан тохиолдолд энэ нь шинэ гэмтэл байж л таараа. Хэрэв хуучин  гэмтэл байсан бол “хамрын таславчийн мурийлттай” гэж бичнэ. Харин цус гарсан талаар юм бичигдээгүй байсан. Харин манай тохиолдолд хамраас цус гарсныг бичсэн байна. Цус гарна гэдэг нь тухайн газарт хаван, салст дайврын үрэвсэл байна. Мөн “баруун талын хийц, зооноос цус гарсан” гэсэн байна.  Хийц зооноос цус гарна гэдэг нь хамрын дайвар эрхтнүүд дотор үрэвсээд, судасны гэмтэл байна гэсэн үг юм. Зүгээр байгаа хүнээс шууд цус гараад байхгүй. Иймд тухайн үед амбулаторийн Лор эмч мөн адил шинэ гэмтэл гэдгийг нотолсон байна. Мөн уг гэмтлийг өөрийн үзлэгээр бас харсан байгаа. Хамрын хөндийн гэмтлүүд бусад гэмтлүүдийг бодвол маш удаан эдгэрдэг. Бидний зүгээс энэ төрлийн гэмтлийг шууд хүндэвтэр гэмтэлд хамааруулах талаар санал гаргасан. Хохирлын хуулиар хөнгөн гэмтлээр явж байгаа. Үүнд маргаан байхгүй” гэж мэдүүлсэн. Тухайн үед ямар багажаар, яаж үйлдсэн талаар тодорхой мэдүүлэг өгсөн.

7.2. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс  нь харгалзан үзсэн. Тухайн үед хохирогч С.А-ийн буруутай үйлдлээс энэ гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг дурдаад, түүнийг эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон.

7.3. Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн байдлыг харгалзан үзээд шүүгдэгч С.А-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох, мөн шүүдгэгч Х.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны болсон, хэргийг хэрэгсэхгүй болгох талаар ямар нэгэн нотлох баримт авагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

8. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч С.А-ийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            9. Шүүгдэгч Х.Б-, С.А- нар 2024 оны 6 дугаар сарын 12-ны орой 20.00 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ийн шатахуун түгээх станцад урьдын таарамжгүй харилцаа, мөн тухайн үед үүссэн үл ойлголцол, маргааны улмаас харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.

 

            10. Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газрын хяналтын камерын бичлэг, хохирлын баримтууд зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч Х.Б-, С.А- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэн, харилцан нэгнийхээ бие  махбодид санаатай халдаж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдсон байна.

 

            11. Шүүгдэгч Х.Б-, С.А- нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, мөн зүйлд зааснаар шүүгдэгч Х.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр, шүүгдэгч С.А-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд нь тус тус тохирсон, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

12. Шүүгдэгч С.А- нь “анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэм буруугүйд тооцох” эргэлзээтэй байдлууд байсаар байтал энэ байдлыг авч үзээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, шүүхээс хууль зүйн дүгнэлтийг буруу гаргаснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж, (1) эргэлзээтэй 2 баримт байхад шинжээч эмчийн дүгнэлт туйлын үнэн гэж шийдвэрлэсэн нь буруу, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасныг анхаарахгүй шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, (2) хэргийн 79 дүгээр хуудсанд байгаа хохирлыг буруу тооцож, Х.Б-ийн буруутай үйл ажиллагааны улмаас тухайн сард эмчилгээ хийлгэж цалин аваагүй байсан хохирлыг нэмээгүй (3) хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлүүдээр гомдол гаргажээ.

 

13. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүгдэгч С.А-ийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянавал:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчилсан боловч шүүгдэгч С.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал хэргээс тогтоогдоогүй байна.

Тодруулбал, түүний үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан хохирогч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...эхлээд тэр миний хөл рүү өшиглөж зодоон эхлүүлсэн, тэгэхээр би түүний нүүр рүү гараа атгаж байгаад 2-3 удаа цохиод тэгээд түүнийг тэвэрч газарт унагаасан, гэхдээ газарт унах үед бол зодоогүй, тэр үед бид хоёрыг хамт явж байсан хүмүүс ирж салгасан, болсон явдал энэ юм. Тэрээр миний нүүр тус газарт 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

- “Т” ХХК-ийн шатахуун түгээх станцын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан “2413000000220” гэсэн бичигтэй цагаан өнгийн СД бичлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

- шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч ажилтай К.Хайратын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 476 дугаартай “1. Иргэн Х.Б-ийн биед хамрын нуруугаар битүү хавантай, мурийлттай, хамраас цус гарсан гэмтэл тогтоогдлоо. 2. Иргэн Х.Б-ийн дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно. 3. Иргэн Х.Б-ийн биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

- шинжээч К.Хайратын 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн “...Шинжилгээ хийх тогтоолыг үндэслэн Баян-Өлгий аймгийн Буянт сумын 04 дүгээр багийн иргэн, 25 настай, эрэгтэй, Х.Б-т холбогдуулан хийсэн байгаа. Шинжилгээ хийлгэх тухай 2 хуудас шинжилгээний тогтоол, шинжилгээний объект хүргүүлэх 2 хуудас, амбулаторийн 6 хуудас карт, мөн өөрийн биеэр ирж үзүүлсэн. Амбулаторийн картад хамар битүүрнэ, хамрын таславч муруйсан, баруун талын хийц болон зоноос цус гарсан гэж бичсэн байна. Шүүх эмнэлгийн үзлэгээр толгойгоор гэмтсэн биеийн хэсгээр өвдөнө. Хүүхэн хараа 2 талд ижил, дугариг, гэрлийн урвалд жигд орсон. Дагзны булчингийн өсөлт 2 талдаа, хэсэг газрын үзлэгт хамраас цус гарсан байсан. Иргэн Х.Б-ийн биед хамрын нуруугаар битүү хавантай, мурийлттай. Хамраас цус гарсан гэмтэл тогтоогдсон. Х.Б-ийн дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Х.Б-ийн биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг нь түр сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн зэрэг гэж тогтоолоо” гэж бичсэн...амбулаторийн шинжээчийн объект дээр хамт очсон амбулаторийн карт дээр Лор гэж бичсэн байсан. Надад ирэхдээ 6 хуудас бүхий амбулаторийн карттай ирсэн....амбулаторийн карт, Лор эмчийн тодорхойлолт, мөн өөрийн үзлэгийг үндэслэн дүгнэлтээ гаргасан...лор эмч нар амбулаторийн картад “хуучин, шинэ гэмтэл” гэж бичдэггүй. Хамрын таславч мурийсан. Мөн “хийц болон зооноос цус гарсан” гэж байгаа тул энэ нь шинэ гэмтэл ...би дахиж хэлье. Х.Б-ийн гэмтлийг манайд шинэ ирсэн дурангаар үзсэн. Хамрын дайврын шинэ гэмтэл нь тодорхой байдаг. Хамрын гэмтлийг шинэ, хуучин гэж ялгах маш амархан. Яагаад гэвэл маш хурдан эдгэрдэггүй гэмтэл. 20, 25, 26, 28 хоног хүртэл зовуурьтай байдаг. Хамрын ясны гэмтэл, хамрын нурууны гэмтэл, хамрын дайвруудын гэмтэл нь маш удаан хугацаанд шинэ гэмтэл нь хэвээрээ байдаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 146-149 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

14. Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирол, хор уршгийн  хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой бөгөөд шүүгдэгч С.А-ийн хувьд хохирогч Х.Б-ийн нүүрэн тус газар гараараа цохисон гэмт үйлдэл болон түүний улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол үүссэн хохирлын хооронд шууд шалтгаант холбоотой байх тул шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсанчлан “эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдсон” гэж үзэхгүй.  

            Түүнчлэн анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг үндэслэн 370,280 төгрөгийг хохирол, хор уршигт тооцож, уг мөнгөн дүнг гэм буруутай этгээд болох шүүгдэгч Х.Б-ээс гаргуулж хохирогч С.А-т олгохоор шийдвэрлэн, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул энэ талаар гаргасан С.А-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

15. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5 дугаар заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч Х.Б-ээс 370,280 төгрөг гаргуулан хохирогч С.А-т, шүүгдэгч С.А-ээс 551,150 төгрөг гаргуулан хохирогч Х.Б-т тус тус олгож...” гэж,  6 дугаар заалтад  “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигт шүүгдэгч Х.Б-ээс 3,300,000 төгрөг гаргуулан хохирогч С.А-т, шүүгдэгч С.А-ээс 3,300,000 төгрөг гаргуулан хохирогч Х.Б-т тус тус олгосугай” гэж шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг удирдлага болгож, шүүгдэгч нарын ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5, 6 дугаар заалтад тус тус өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/243 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн  5 дахь заалтыг:

 

“5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн хор уршигт С.А-ээс 180,870 (551,150-370,280) төгрөгийг гаргуулан шүүгдэгч Х.Б-т олгож, хохирогч С.А-ийн 2,808,327 төгрөг гаргуулах, хохирогч Х.Б-ийн 1,448,850 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 6 дахь заалтыг:

 

“6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигт шүүгдэгч Х.Б-, С.А- нарын бие биедээ төлөх 3,300,000 төгрөгийг харилцан тооцож, шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК