| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/04079/И |
| Дугаар | 192/ШШ2025/08055 |
| Огноо | 2025-10-07 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/08055
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хувцас, багаж хэрэгслийн үнэ болон цалингийн үлдэгдэл нийт 4 849 897 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
Хариуцагч Б.Б*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Э******* нь хариуцагч Б.Б*******д холбогдуулан ажлын хувцас, багаж хэрэгслийн үнэ болон цалингийн үлдэгдэл нийт 4 849 897 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Х.Э******* миний бие иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженер мэргэжилтэй. Иргэн Б.Б*******тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 12 дугаар гудамжинд хэрэгжиж буй Б.Б*******ийн оффис, үйлчилгээтэй орон сууцны төсөл дээр хяналтын инженерээр 2023 оны 5 дугаар сарын 30-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан. Анх ажилд ороход надад сард 2 500 000 төгрөгийн цалин олгоно, орон байраар хангана, 3 жилийн дараа 50 м.кв орон сууц өгнө хэмээн ажиллуулсан. Намайг түр өөрийн байранд амьдруулж байсан. Мөн хувцас хангалтаа, багаж хэрэгслээ өөрөө авчих, би 50 хувийг нь олгоно хэмээн тохирч өдөр шөнөгүй ажиллуулсан билээ. Гэвч 2023 оны 07, 08, 09, 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх цалин хөлсийг бүрэн олгоогүй, ажлын хувцас багаж хэрэгслийн үнийг олгоогүй. Хөдөлмөрийн гэрээг хийгээгүй, гэрээгээ хийе гэж шаардлага тавихаар болон цалингаа авъя гэхээр ажиллаж л бай, завгүй л явна гэх зэргээр хойшлуулсаар 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллуулсан. Мөнгө орж ирэхээр өгнө гэдэг. Миний бие албан үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Бартерд орж ирсэн Тoyota Velfare машиныг зараад өг, тэгээд цалингаа бүтэн ав гээд, би тэр машиныг нь 32 000 000 төгрөгөөр зараад мөнгийг нь данс руу шилжүүлж өгөөд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр цалингаа өгөөч хэмээн уулзахад өгөхгүй, өгмөөргүй байна, ажлаа өгөөд яв хэмээн намайг элдэв үгээр хэл амаар доромжилж, байр суллаж өгөөд зайл, шүүхдээд аваарай хэмээн хөөсөн. Түүнээс хойш байрыг нь суллаад өгсөн, үлдэгдэл цалин 4 375 475 төгрөг, ажлын хувцас, багаж хэрэгслийн үнэ 50 хувь болох 474 422 төгрөгийг олгооч хэмээн шаардсан боловч өнөөдрийг хүртэл олгоогүй, холбогддоггүй, утсаа авдаггүй. Иймд ажлын хувцас, багаж хэрэгслийн үнийн 50 хувь болох 474 422 төгрөг, цалингийн үлдэгдэл 4 375 475 төгрөг, нийт 4 849 897 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулж өгнө үү гэжээ.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2023 оны 05 сарын 30-ний өдрөөс 2023 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэл Б.Б*******ийн компанид нь хяналтын инженерээр ажилласан. Анх ажилд ороход нь компаниас цалин олгохоос гадна байр олгоно гээд мөн ажлын хувцас өөрөө авчих дараа нь 50 хувийг олгоно гэсэн байдаг. Цалинг бол өөрийнх нь хувийн дансанд олгож байсан. Дөнгөж сургууль төгссөн хүүхэд байсан. Гэтэл цалинг нь өгөхөө байсан, хамгийн сүүлд бартерт машин өгөөд зараад цалингаа ав гэхэд нь зараад компанийн захирлын дансанд хийгээд цалингаа авна гэхэд өгөөгүй зайл гэсэн байгаа. Иймд ажлын хувцас, багаж хэрэгслийн 50 хувь 474 422 төгрөг, 2023 оны 7, 8, 9, 10 сарын цалингийн үлдэгдэл 2 500 000 төгрөгөөр тооцож нийт 4 849 987 төгрөгийг гаргуулж өгнө үү. Компанид нь холбогдуулан шүүхэд хандсан боловч хаяг нь тодорхойгүй байсан учраас тухайн компанийн захирал Б.Б*******д холбогдуулан нэхэмжлэлээ гаргасан гэв.
2.Хариуцагч Б.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.Э******* нь манайд барилгын инженерээр ажиллана гэж ажилд орсон боловч ажлын туршлага байхгүй, ажлаа мэдэхгүй, оффисын өрөөнд орж ирж суухаас өөрөөр ажил огт хийгээгүй атал цалин авна хэмээн надтай маргалдаж улмаар Х.Э******* миний биед халдаж надад хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдож байгаа бөгөөд уг асуудалтай нь холбогдуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд уг асуудлаас болж өөрөө сайн дураар ажилдаа ирээгүй болно. Х.Э******* нь хүнээс цалин авахын тулд ажил хөдөлмөр эрхэлж, хийсэн ажлын тайлангаа удирдлагадаа тайлагнах ёстой атал огт ажил хийгээгүй атал ажилласан хугацааны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.1.Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Э******* нь К******* ХХК-нд хяналтын ерөнхий инженерээр ажиллаж байсан. Ингээд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Б.Б******* буюу захирлыг зодоод гэмтэл учруулаад шалгагдаад явж байгаа. Түүнээс хойш ажлаа хаяад явчихсан, цалингийн хувьд энэ нэхэмжлэгч нь өөрөө байхаас байхгүй нь их байсан. Компани дээр тушаал гаргасан байсан, гэрээ байгуулаагүй, тушаал гараагүй байсан юм. Цалин 2 500 000 төгрөг байгаагүй, цалингаа нэхэхэд нь хийсэн ажлын тайлангаа аваад ирээ гэсэн боловч авчраагүй, бодитоор 1 500 000 төгрөгөөр цалинг компанитай тохирсон. Ажлын хувцас аваад дараа нь өгнө гэсэн зүйл байхгүй. Өөрсдөд нь ажлын хувцас байдаг учраас мөнгөөр авах шаардлага байгаагүй. Нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон байна, иргэн Б.Б*******ийн хувьд нэхэмжлэгчид цалин өгөх, ажлын хувцасны мөнгийг төлөх үүрэггүй, компанид ажиллаж байсан, цалин хөлсийг компаниас олгогдсон. Компани нь хаягтаа л байгаа, гэтэл компанийн хаяг тодорхойгүй гээд захиралд нь холбогдуулаад нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, ИТА-н хувцас хангамж гэсэн хүснэгт, дансны хуулга, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШЗ2023/19066 дугаар шүүгчийн захирамж, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШЗ2024/01969 дүгээр шүүгчийн захирамж, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа гэсэн баримтуудыг,
хариуцагчаас хариу тайлбар гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс 2023.11.06-ны өдрийн Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж харьяаллын дагуу шилжүүлэх тухай, 2023.11.18-ны өдрийн Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, хохирогчид эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа, 2023.11.18-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2023.10.20-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлүүд, 2023.10.23-ны өдрийн 265 дугаар Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх тухай прокурорын зөвшөөрөл, 2023.10.31-ний өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, 2024.06.06-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, 2024.06.18-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг танилцуулсан тэмдэглэл, Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа, Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2024.07.08-ны өдрийн 559 тоот Яллах дүгнэлт, хавсралт, 2025.01.10-ны өдрийн 04 тоот Прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол, 2025.01.10-ны өдрийн 01 тоот Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай тогтоол,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б*******д холбогдуулж 12 дугаар гудамжинд хэрэгжиж буй оффис, үйлчилгээтэй орон сууцны төсөл дээр хяналтын инженерээр ажиллаж байсан бөгөөд ажлын хувцас, багаж хэрэгслийг өөрөө авчих дараа нь 50 хувийг олгоно гэсэн боловч өгөөгүй тул ажлын хувцас, багаж хэрэгслийн үнийн 50 хувь болох 474 422 төгрөг, 2023 оны 7, 8, 9, 10 сарын цалингийн үлдэгдэл 4 375 475 төгрөг, нийт 4 849 987 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Х.Э*******ыг К******* ХХК-нд хяналтын ерөнхий инженерээр ажилд авсан, хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй боловч тушаал гарсан, цалинг 2 500 000 төгрөг байхаар тохиролцоогүй, 1 500 000 төгрөгөөр тохиролцож, хийсэн ажлын цалинг олгосон, хариуцагч нь зохих ёсоор ажиллаагүй, тайлангаа хийгээгүй, өөрөө ажлаа хаяад явсан, ажилчдад ажлын хувцас байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Х.Э*******ын Хаан банкны депозит дансны хуулгаар 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 1 000 000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 1 070 000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 500 000 төгрөг, 2023 оны 8 сарын 29-нд 500 000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 15-нд 1 000 000 төгрөг “барилга Э*******, инженер цалин” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжин оржээ.
4.2.2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлд “...ажилтны овог, нэр Х.Э*******, ажил олгогч буюу түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн овог, нэр К******* ХХК, хуралдааны шийдвэр: гомдол гаргагч 3 талт хороонд гомдлоо гаргасан нь хууль тогтоомж зөрчсөн зүйл заалт алга байна. Талууд харилцан тохиролцож эвлэрч чадаагүй, харилцан тохиролцох боломжгүй байгаа тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгов. Хөдөлмөрийн хуулийн дагуу дараагийн шатны арга хэмжээ авах эрх нь нээлттэй болно” гэжээ.
5.Талууд К******* ХХК-ийн хяналтын инженерээр ажиллаж байсан талаар маргаагүй, ажиллуулж байх хугацаандаа цалин хөлсийг олгоогүй, ажлын хувцас, багаж хэрэгслийн үнийн 50 хувийг төлөөгүй талаар маргаж байна.
6.Нэхэмжлэгч Х.Э******* нь К******* ХХК-ийн 12 дугаар гудамжинд хэрэгжиж буй оффис, үйлчилгээтэй орон сууцны төсөл дээр хяналтын инженерээр ажиллахаар компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Б.Б*******тэй харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, нэхэмжлэгчид цалин олгож байсан гэх дансны хуулгаар тогтоогдож байна.
6.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч К******* ХХК-ийн хаяг тодорхойгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан тул иргэн Б.Б*******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан, Б.Б******* нь залуу хүүхдүүдийг ажиллуулж байгаад цалинг нь олгодоггүй хөөн явуулдаг, нэхэмжлэгч нь 2023 оны 7, 8, 9, 10 сард ажилласан боловч цалин хөлсийг бүрэн олгоогүй, ажлын хувцас, багаж хэрэгслийг өөрийн мөнгөөр аваад тал хувийг компани хариуцна гэсэн боловч өгөөгүй болох нь ИТА-н хувцас хангамжийн хүснэгт, дансны хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар нотлогдоно гэсэн.
6.2.Хариуцагч нь компани хаягтаа байрладаг, нэхэмжлэгч нь компанид хяналтын инженерээр ажиллаж байсан, өөрөө тайлангаа танилцуулаагүй ажлаа хаяад явсан, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн бие махбодод гэмтэл учруулсан хэрэгтээ шалгагдаж байгаа болох нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоол, яллах дүгнэлтээр тогтоогдоно гэж маргасан.
6.2.Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчаар Б.Б*******ийг тодорхойлсон боловч К******* ХХК-нд ажил үүрэг гүйцэтгэж буюу тухайн компанийн хяналтын инженерээр ажиллаж байсан үйл баримтын талаар хариуцагч нь маргаагүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрсөн атлаа Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажлын хөлсийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.
6.3.Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь компани нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д “ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ” гэж зааснаар нэхэмжлэгч болон К******* ХХК-ийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.
6.4.Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д “ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно” гэж заасан.
6.5.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно” гэж заасан, нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч К******* ХХК-нд хяналтын инженерээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
6.6.Иймд нэхэмжлэгч Х.Э*******ын хариуцагч Б.Б*******д холбогдуулан гаргасан ажлын хувцас, багаж хэрэгслийн үнэ, цалин нийт 4 849 897 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
6.7.Нэхэмжлэгч нь К******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдав.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Э*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92 548 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Э*******ын хариуцагч Б.Б*******д холбогдуулан гаргасан ажлын хувцас, багаж хэрэгслийн үнэ, цалин нийт 4 849 897 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Э*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92 548 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН