| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 102/2023/02179/И |
| Дугаар | 192/ШШ2025/08053 |
| Огноо | 2025-10-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/08053
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М******* ХХК /РД:*******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 08 сарын 13-ны өдрийн 20/242 тоот гэрээг цуцалж, 198 866 500 төгрөгний үнэ бүхий 50 м.кубын 2 ширхэг даралтат сав, 2 ширхэг гүний насосыг гаргуулах, гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажил болон тоног төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 246 138 144 төгрөг гаргуулах, 2020 оны 11 сарын 07-ны өдрийн 20/372 тоот гэрээгээр нийлүүлсэн хийн түлшний үнийн үлдэгдэл 169 800 000 төгрөг, алданги 133 626 180 төгрөг, нийт 303 426 180 төгрөг гаргуулах, 74,83 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.С*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.О*******,
Хариуцагчийн төлөөлөгч Э.Ё*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д******* ХХК нь хариуцагч М******* ХХК-д холбогдуулан 2020 оны 08 сарын 13-ны өдрийн 20/242 тоот гэрээг цуцалж, 198 866 500 төгрөгний үнэ бүхий 50 м.кубын 2 ширхэг даралтат сав, 2 ширхэг гүний насосыг гаргуулах, 2020 оны 11 сарын 07-ны өдрийн 20/372 тоот гэрээгээр нийлүүлсэн хийн түлшний үнэ 712 230 144 төгрөг гаргуулах, 15 тоот 74,83 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Нэхэмжлэгч нь хариуцагч компанитай 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 20/242 тоот “Хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, Хийн хангамжийн систем угсралт, халаалтын зориулалтаар ашиглалтын гэрээ", 372 2020.11.07-ны өдөр 20/37 тоот "Халаалтын зориулалтаар автоцистернээр хийн түлш нийлүүлэх, ашиглалтын гэрээ"-г тус тус байгуулж гэрээний хэрэгжилтийг бүрэн хангаж ажилласан боловч хариуцагч гэрээний үүргийг зөрчсөн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. 20/242 тоот "Хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, Хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээ"-гээр СБД, 19-р хороонд байрлах хариуцагчийн “И*******" амралтын цогцолборын 33 барилгыг халаах хийн хангамжийн технологийн зураг төсөл, хийн түлшээр ажилладаг халаалтын бойлер, хийн хангамжийн угсралт холболт суурилуулалтын ажлыг гүйцэтгэхээр талууд гэрээ байгуулсан. Гэрээний үнийн дүнг бодит гүйцэтгэлээр эцэслэн тогтоохоор харилцан тохиролцсон /гэрээний 2.1-д заасан/ бөгөөд нэхэмжлэгч гэрээт ажлыг 100 хувь гүйцэтгэж хариуцагчид хүлээлгэн өгсөн. 20/242 тоот гэрээт ажлын үнийн дүн 754 664 644 төгрөг болж, нэхэмжлэгчийн зүгээс 198 866 500 төгрөгийн үнийн дүн бүхий 50 м.кубын 2 ширхэг даралтат сав, 2 ширхэг гүний насосыг хийн түлш худалдан авч байгаа тохиолдолд үнэ төлбөргүй ашиглуулж байхаар тохиролцож, үлдэх 555 798 144 төгрөгийн төлбөрийг хариуцагч бүрэн төлж барагдуулан талууд тооцоо нийлж акт үйлдсэн. Гэрээний 3.5-д "Захиалагч уг обьектын хийн халаалтыг Гүйцэтгэгчтэй зөвшилцөхгүйгээр сольсон, зориулалтаар нь ашиглахгүй болсон. Гүйцэтгэгчээс өөр нийлүүлэгчээс хийн түлш худалдан авсан тохиолдолд энэхүү гэрээг нэг талын санаачилгаар цуцлах бөгөөд Захиалагч холбогдох хохирлыг хариуцна" гэж заасан. Хариуцагч нь 20/242 тоот гэрээний дагуу гүйцэтгэсэн хийн хангамжийн систем болон 198 866 500 төгрөгийн үнийн дүн бүхий 50 м.кубын 2 ширхэг даралтат сав, 2 ширхэг гүний насосыг ашиглахаа больж 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш хийн түлш авалгүй өөрийн хуучин ашиглаж байсан нүүрсээр ажилладаг нам даралтын зуухыг ашиглаж эхэлсэн. Гэрээний 3.5-д "Захиалагч уг обьектын хийн халаалтыг гүйцэтгэгчтэй зөвшилцөхгүйгээр сольсон, зориулалтаар нь ашиглахгүй болсон, Гүйцэтгэгчээс өөр нийлүүлэгчээс хийн түлш худалдан авсан тохиолдолд энэхүү гэрээг нэг талын санаачилгаар цуцлах бөгөөд Захиалагч холбогдох хохирлыг хариуцна" гэсэн байдаг тул манай компанийн зүгээс гэрээг нэг талын санаачилгаар цуцлах нөхцөл байдал үүссэн. Мөн 20/372 тоот "Халаалтын зориулалтаар автоцистернээр хийн түлш нийлүүлэх, ашиглалтын гэрээ"-гээр нэхэмжлэгч нь 1 кг хийн түлшийг 1800 төгрөгөөр худалдан авагчид нийлүүлэхээр 2020.11.07-2030.11.07-ны өдрийг хүртэл 10 жилийн хугацаатай байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс 20/372 тоот гэрээний үүрэгт 2020.11.06-2021.11.23-ны өдөр хүртэл нийт 789 513 800 төгрөгийн хийн түлш нийлүүлж, хариуцагч нь 214 915 656 төгрөгийг төлж 574 598 144 төгрөгийн үлдэгдэлтэй болж талууд төлбөрийн үлдэгдлийг 2021.11.26-ны өдрөөр тооцоо нийлж акт үйлдсэн байдаг. 20/372 тоот гэрээний 7.4-т "Худалдан авагч нь захиалж авсан хийн түлшний үнийг гэрээний 3.7-д заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг Худалдагчид нэмж төлнө” гэж тохиролцсон. Талууд тооцоо нийлсэн өдрөөс хойш буюу 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш алданги тооцоход Иргэний хуулийн 232.4-т заасан анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй тул 287 299 072 төгрөгийн алданги тооцогдож хариуцагч нь нийт 861 897 216 төгрөгийг манай компанид төлөхөөр болсон. Хариуцагч нь 15 тоот 74.83 м.кв талбайтай 3 ороо сууцыг 1 м.кв-ийн үнэ 2 000 000 төгрөгөөр буюу 149 660 000 төгрөгт тооцож 2022 оны 02 дугаар сард тус орон сууцны түлхүүрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн боловч орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн өгөөгүй байна. Өнөөдрийн байдлаар 20/372 тоот гэрээний үүрэгт төлбөл зохих үндсэн төлбөр 574 598 144 төгрөг, үлдэгдэл алданги 137 639 000 төгрөг, нийт 712 230 144 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иймд 20/242 тоот "Хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, Хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээ"-г цуцалж, 198,866,500 төгрөгийн үнэ бүхий 50 м.кубын 2 ширхэг даралтат сав, 2 ширхэг гүний насосыг гаргуулж, 20/372 тоот "Халаалтын зориулалтаар автоцистернээр хийн түлш нийлүүлэх, ашиглалтын гэрээ"-ний үүрэгт 712 230 144 төгрөгийг гаргуулж, гэрээний үүрэгт шилжүүлэн өгсөн 149 660 000 төгрөгийн үнэ бүхий 15 тоот, 74.83 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Үүнд: 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээг цуцалж, 198 866 500 төгрөгийн үнэ бүхий 50 м.кубын 2 ширхэг даралтат сав, 2 ширхэг гүнийг насосыг гаргуулж, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээний үлдэгдэл 246 138 144 төгрөгийг гаргуулах, 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 20/372 тоот Халаалтын зориулалтаар автоцистернээр хийн түлш нийлүүлэх, ашиглалтын гэрээний дагуу нийлүүлсэн хийн түлшний үнийн үлдэгдэл 169 800 000 төгрөг, алданги 133 626 180 төгрөг, нийт 303 426 180 төгрөг гаргуулах, 15 тоот, 74.83 м.кв талбайтай 3 өрөө 149 660 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор өөрчилжээ.
1.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч нь 198 866 500 төгрөгний үнэ бүхий 50м.куб 2 ширхэг даралтат сав, 2 ширхэг гүний насос гаргуулахыг зөвшөөрч байна гэж ойлголоо. 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээний дагуу нийлүүлсэн хийн түлшний үнэ 169 800 000 төгрөг, алданги 133 626 180 төгрөг, 303 426 180 төгрөг гаргуулна гэж байгаа. Бартерт өгсөн гээд байгаа байрны тухай яригдаад байна. Хавтас хэргийн гийн 7-д байгаа гэрээ байгаа 2020.08.13-ны өдрийн гэрээний 2.4д байгаа үнийн дүнгээс ашиглалтад орох Хангарьд сити хотхоноос бартерт өгнө гээд тохиролцсон байдаг. Энэ бартерийн байрны оронд 4-т байгаа орон сууцыг өгөхөөр харилцан тохиролцсон. Тийм учраас энэ нь 2020.08.13-ны өдрийн гэрээний төлбөрт 309 660 000 төгрөгийг төлсөн гэж үзэж байгаа, тооцоо нийлсэн актаар 600 000 000 төгрөг төлөх байснаас төлснийг нь хасаад 445 000 000 төгрөг болно. Үүнээс тоног төхөөрөмжийн үнийг хасаад 246 138 144 төгрөг гарч байгаа юм. Тиймээс 1 болон 4 дэх нэхэмжлэлийн шаардлага нь ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгээс л хасагдаад явж байгаа юм. Түүнээс түлшний үнээс хасна гэж тохиролцоогүй, өөр төрлийн гэрээнүүд байгаа юм. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
1.4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэгч нь хариуцагчаас 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр түлш нийлүүлэх ашиглалтын гэрээг байгуулсан. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл нийт 415 кг хий буюу 789 513 800 төгрөгний түлш нийлүүлсэн. Хэмжээ болон үнийн дүнгийн талаар маргахгүй. Үүнээс хариуцагч нь 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 10 000 000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 20 000 000 төгрөг төлсөн, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 80 000 000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 50 000 000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 100 000 000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 127 000 000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 9 000 000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 9 000 000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 32 400 000 төгрөг, мөн өдрөө 41 913 800 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 46 800 000 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 13 000 000 төгрөг, 11 дүгээр сарын 09-ний өдөр 33 800 000 төгрөг, 11 дүгээр сарын 18-ны өдөр 46 800 000 төгрөг, нийт бол 619 713 800 төгрөгийг төлсөн байгаа. Нийт төлбөрөөс хасаад тооцохоор нийт үлдэгдэл нь 169 800 000 төгрөгний үлдэгдэлтэй байгаа, тиймээс нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага нь үндэслэлтэй гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсаны дагуу манай компани нэхэмжлэгч Д******* ХХК-тай “Хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээ” болон “Халаалтын зориулалтаар автоцистернээр хийн түлш нийлүүлэх, ашиглалтын гэрээ”-г тус тус байгуулан ажилласан нь үнэн болно. Талууд хамтран ажиллах явцад ажлын хөлс болон хийн түлшний үнийг төлөх хуваарь зөрчигдсөн бөгөөд энэ нь дэлхий нийтийг хамарсан цар тахал үүнээс улбаалах эдийн засгийн хямралаас үүдэлтэй юм. Мэргэжлийн эвлэрлүүлэн зуучлалын тусламжтайгаар үүссэн асуудлыг талууд эвийн журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэжээ.
Учир нь нэхэмжлэгч Д******* ХХК нь манай компанитай Халаалтын зориулалтаар автоцистернээр хийн түлш нийлүүлэх, ашиглалтын гэрээг 10 жилийн хугацаатай байгуулж хийн түлшийг литр тутмыг нь 1800 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон хэдий ч хийн түлшний литр тутмын үнийг үндэслэлгүй нэмж 2600 төгрөгөөр нийлүүлсэн боловч бид худалдан авч үнийг төлсөн.
Харин нэхэмжлэлийн шаардлагын 2 дугаар бичигдсэн 2020.08.13-ны өдрийн 20/242 тоот гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажил болон тоног төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 246 138 144 төгрөг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч байна. Хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, хийн хангамжийн систем угсралт ашииглалтын гэрээний 2.1-д гэрээт ажлын үнийн дүн 358 000 000 төгрөг гэж заасан байхад нэхэмжлэгч Д******* ХХК нь дээрх ажлын бодит дүн 754 664 644 төгрөг гэж нэхэмжилж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй бөгөөд үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь 2020 оны 08 сарын 13-ны өдрийн 20/242 тоот гэрээг цуцалж 50 м.кубын 2 ширхэг даралтат сав, 2 ширхэг гүний насос, тоног төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 246,138,144 төгрөг гаргуулах, 15 тоот 74,83 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын хувьд зөвшөөрч байна. Харин 2020 оны 11 сарын 07-ны өдрийн 20/372 тоот гэрээгээр нийлүүлсэн хийн түлшний үнийн үлдэгдэл 303 426 180 төгрөгийг төлсөн байгаа тул уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байгаа гэв.
2.2.Хариуцагчийн өмгөөлөгч Э.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түлшний үнэ төлөөгүй гэдгийг бол зөвшөөрөхгүй, банкны шилжүүлгийн гүйлгээ болон орон сууцыг оруулан тооцоод төлсөн гэж үзэж байгаа. Нийт 17 удаагийн гүйлгээгээр 669 713 800 төгрөгийг шилжүүлсэн, үүн дээр байгаа 149 660 000 төгрөгний орон сууцыг өгөхийг зөвшөөрч байгаа учраас төлөгдсөн гэж үзэж байна, тиймээс хариуцагчаас үндэслэлгүйгээр түлшний үнийн үлдэгдэл, алданги шаардаад байна, мөн орон сууцыг аль гэрээнд тооцох талаар талууд харилцан тохиролцсон байгаа гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2020.08.13-ны өдрийн Хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээ, 2020.11.07-ны өдрийн №20/372 тоот Халаалтын зориулалтаар автоцистернээр хийн түлш нийлүүлэх, ашиглалтын гэрээ, үзлэгийн хуваарь, Д******* ХХК-ийн 2021.07.08-ны өдрийн 21/358 тоот албан бичиг, М******* ХХК-ийн 2021.07.09-ний өдрийн 186 тоот албан бичиг, тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцоо нийлсэн акт, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, тооцоо бодсон акт, Д******* ХХК-ийн 2020.09.07-ны өдрийн 20/749 тоот албан бичиг, 2020.12.15-ны өдрийн 20/1034 тоот албан бичиг, 2020.12.21-ний өдрийн 30/1038 тоот албан бичиг, Ажлын гүйцэтгэлийн төсөв, Албан бичиг гардуулалтын хуудас, Д******* ХХК-ийн 2021.10.07-ны өдрийн 21/624 тоот албан бичиг, Д******* ХХК-ийн 2021.10.01-ний өдрийн 21-822/14-65 тоот Үнэ шинэчлэн тогтоох тухай тушаал, шүүхэд төлөөлөх итгэмжлэл гэсэн баримтуудыг,
хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн лавлагаа, хариу тайлбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбар, шилжүүлгийн баримт, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, дансны хуулга, УБД0 тоот Тохирлын гэрчилгээ, 2023.05.11-ний өдрийн Ахмад настанд амралтын үйлчилгээ үзүүлэх гэрээ, хариу тайлбар, Тоног төхөөрөмжийн тооцоо, шилжүүлгийн баримт, хариу тайлбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс 15 тоот 74.83 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх талаарх лавлагаа, Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилж, дүгнэлтийг хэрэгт хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д******* ХХК-ийн нэхэмжлэлээс 198 866 500 төгрөгний үнэ бүхий 50 м.кубын 2 ширхэг даралтат сав, 2 ширхэг гүний насос, хийж гүйцэтгэсэн ажил болон тоног төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 185 744 268 төгрөг, хийн түлшний үнийн үлдэгдэлд 169 800 000 төгрөгийг тус тус гаргуулах, 15 тоот 74,83м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хангаж, үлдэх 194 020 056 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Д******* ХХК нь хариуцагчтай 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээ, 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Халаалтын зориулалтаар автоцистернээр хийн түлш нийлүүлэх, ашиглалтын гэрээг тус тус байгуулсан боловч хариуцагч нь гэрээний үүргээ зөрчиж, нүүрсээр ажилладаг нам даралтын зуух ажиллуулж эхэлсэн тул гэрээг цуцалж, 198 866 500 төгрөгийн үнэ бүхий 50 м.кубын 2 ширхэг даралтат сав, 2 ширхэг гүнийг насосыг гаргуулах, гэрээгээр гүйцэтгэх ажлын тоо хэмжээ нь 754 644 644 төгрөг болсныг талууд акт үйлдэж баталгаажуулсан тул үлдэгдэл 246 138 144 төгрөгийг гаргуулах, мөн гэрээний дагуу нийлүүлсэн хийн түлшний үнийн үлдэгдэл 169 800 000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 133 626 180 төгрөг, нийт 303 426 180 төгрөг гаргуулах, гэрээний үнэд шилжүүлсэн 15 тоот, 74.83 м.кв талбайтай 3 өрөө 149 660 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч М******* ХХК нь нэхэмжлэгчийн шаардлагаас 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээг цуцлаж, 198 866 500 төгрөгний үнэ бүхий 50м.кубын 2 ширхэг даралтат сав, 2 ширхэг гүний насосыг гаргуулах, 15 тоот 74,83 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг зөвшөөрч, 2020 оны 11 сарын 07-ны өдрийн Халаалтын зориулалтаар автоцистернээр хийн түлш нийлүүлэх, ашиглалтын гэрээний үүргийг нэхэмжлэгч нь өөрөө зөрчиж, хийн түлшний үнийг үндэслэлгүй нэмсэн, хийн түлшний үнийг төлж, орон сууцыг шилжүүлэн төлж дууссан, 2020 оны 08 сарын 13-ны өдрийн гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажил болон тоног төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 246 138 144 төгрөг гэж тооцсныг зөвшөөрөхгүй, гэрээт ажлын үнийн дүнг 358 000 000 төгрөг гэж харилцан тохиролцсон байхад 754 664 644 төгрөг гэж нэхэмжилж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй, үндэслэлгүй гэж маргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Д******* ХХК нь хариуцагч М******* ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 20/242 тоот Хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчийн **** амралтын цогцолборын хавсралтад дурдсан нийт 33 барилгын хийн түлшний халаалтын бойлер, хийн хангамжийн технологийн зураг төсөл, угсралтын ажлыг /хийн хангамжид хийн түлшээр ажилладаг усан халаалтын Sookook брэндийн бойлер суурилуулах /халаалтын бойлер/, хийн түлш хадгалах 50м.куб-ын даралтат сав суурилуулах ажил багтахаар/ холбогдох норм, дүрмийг баримтлан гүйцэтгэх, гэрээт ажлын үнэ 358 000 000 төгрөг бөгөөд бодит гүйцэтгэлээр эцэслэн тогтоохоор, гэрээний хүчинтэй хугацааг 10 жилээр байхаар, нэхэмжлэгч нь хийн хангамжийн технологийн зургийг гэрээг баталгаажуулснаас хойш ажлын 14 хоногт, материал, тоног төхөөрөмж нийлүүлэх, технологийн угсралтын ажлыг ажлын 45 хоногт багтаан хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ.
4.2.Мөн нэхэмжлэгч Д******* ХХК нь хариуцагч М******* ХХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 20/372 тоот Халаалтын зориулалтаар автоцистернээр хийн түлш нийлүүлэх, ашиглалтын гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2030 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл 10 жилийн хугацаатай байгуулж, худалдагч буюу нэхэмжлэгч нь МNS5083:2001 стандартын шаардлага хангасан шингэрүүлсэн хийн түлшийг худалдан авагч буюу хариуцагчийн захиалсан тоо хэмжээгээр, захиалсан хугацаанд нийлүүлэх, худалдан авагч нь захиалсан хийн түлшээ саадгүй хүлээн авч гэрээнд заасан үнийг заасан хугацаанд төлөхөөр тохиролцсон байна.
5.Талууд 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээ, 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Халаалтын зориулалтаар автоцистернээр хийн түлш нийлүүлэх, ашиглалтын гэрээг тус тус байгуулсан талаар маргаагүй, хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын ажлын үнийн дүн үндэслэлтэй тогтоогдсон эсэх нийлүүлсэн түлшний үнийг төлсөн эсэх болон орон сууцыг хийн түлшний үнээс хасч тооцохоор маргасан.
6. Нэхэмжлэгч Д******* ХХК нь хариуцагч М******* ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 20/242 тоот Хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээ байгуулсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл байна.
6.1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
6.2.Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно” гэж заасан, талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д гэрээний хугацааг 10 жилээр тогтоосон боловч нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээний 3.5-д “захиалагч уг обьектын хийн халаалтыг гүйцэтгэгчтэй зөвшилцөхгүйгээр сольсон, зориулалтаар нь ашиглахгүй болсон, гүйцэтгэгчээс өөр нийлүүлэгчээс хийн түлш худалдан авсан тохиолдолд энэхүү гэрээг нэг талын санаачилгаар цуцлах бөгөөд захиалагч холбогдох хохирлыг хариуцана” гэж зааснаар гэрээг цуцлаж, 198 866 500 төгрөгний үнэ бүхий 50 м.кубын 2 ширхэг даралтат сав, 2 ширхэг гүний насосыг гаргуулахаар шаардсан бөгөөд гэрээний 2.8-д “50м.куб даралтат савыг гүйцэтгэгч нь захиалагчид гэрээний хугацаанд үнэ төлбөргүй ашиглуулах ба энэхүү даралтат сав нь гүйцэтгэгчийн өмч байна” гэж заасан, хариуцагч нь шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
6.3.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл нь 754 664 644 төгрөг гэж тохиролцсон, үүнээс хариуцагчийн төлсөн 160 000 000 төгрөгийг, хасч үлдэх 594 664 644 төгрөгнөөс 50 м.кубын даралтат сав, 2 ширхэг гүний насосын үнэ болох 198 866 500 төгрөгийг, бартерт тооцон шилжүүлсэн 15 тоот 74,83 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнэ 149 660 000 төгрөгийг хасаад үлдэх 246 138 144 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
6.4.Хариуцагч нь гэрээний 2.1-д гэрээт ажлын үнийн дүнг 358 000 000 төгрөгөөр тохиролцсон, нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил нь 754 664 644 төгрөг болсон талаарх гүйцэтгэлийн баримтыг зөвшөөрөхгүй, уг гүйцэтгэлийн баримтад болон Тооцоо нийлсэн актад гарын үсэг зураагүй, гарын үсэг зураагүй гэдгийг Э.Э, Г.У нар нь гэрчээр оролцсон бол нотлох байсан гэж мэтгэлцсэн.
6.5.Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээний 2.1-д “гэрээт ажлын үнийн дүн: Урьдчилан тооцоолсноор 358 000 000 төгрөг бөгөөд бодит гүйцэтгэлээр эцэслэн тогтооно” гэсэн байх тул хариуцагчийн гэрээт ажлын дүнг 358 000 000 төгрөг гэж тохиролцсон гэх тайлбар үндэслэлгүй байна.
6.6.Хэргийн 1 хавтас, 12 дугаар хуудсанд авагдсан “И”-ын хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, хийн хангамжийн систем угсралтын төсвийн гүйцэтгэл 202.12.10 гэсэн баримтад “дулааны тоног төхөөрөмж угсралт 194 920 406 төгрөг, хийн хангамжийн тоног төхөөрөмж угсралт 439 200 890 төгрөг, барилгын ажил 113 543 348 төгрөг, дулааны ачаалал тооцсон зардал 7 000 000 төгрөг, нийт төсөв 754 664 644 төгрөг” гэж гүйцэтгэгчийг төлөөлж ерөнхий инженер О.Баатархүү, мэдээлэл судалгааны ахлах менежер Б.П, захиалагчийг төлөөлж ерөнхий захирал Э.Э, СА-ны дарга Г.У гэж гарын үсгээ зурж, тамга дарагджээ.
6.7.Хариуцагч нь уг баримтад гарын үсэг зураагүй, зураагүй гэдгийг гэрчээр нотлуулна гэж маргасан боловч нэхэмжлэгч нь хэргийн 12 хуудсанд байх баримтыг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа баримтаар шүүхэд ирүүлсэн бөгөөд уг баримтыг хуурамч, гарын үсэг үнэн зөв эсэх нь эргэлзээтэй гэж үзсэн бол шалгуулах, шинжээч томилуулах эрх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нээлттэй байсан болно.
6.8.Зохигч талууд 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн талаар маргаж, шинжээчээр Барилгын төсөвчдийн холбоог томилсон, Барилгын төсөвчдийн холбоо нь тус шүүхэд 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Шинжээчийн дүгнэлт гаргаж ирүүлсэн.
6.9.Хэрэгт авагдсан Барилгын төсөвчдийн холбооны Шинжээчийн дүгнэлтэд “...талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 8 сарын 13-ны өдрийн 20/242 тоот Хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээгээр нэхэмжлэгч Д******* ХХК нь хийгдсэн ажилд нийт тооцох төсөвт өртөг 719 249 030 төгрөг, үүнээс захиалагчийн болон магадлашгүй ажлын зардал 24 978 262 төгрөгийг хасаж тооцсоноор нийт 694 270 768 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг гүйцэтгэсэн байна гэж үзлээ. УБхот, *********** амралтын газрын барилгын хийн бойлероор халаах хийн хангамжийн технологи Барилга угсралтын ажлын нэгдсэн төсөв, төсөвт өртгийн дүн 694 270 768 төгрөг” гэжээ.
6.10.Иймд шинжээчийн дүгнэлтээр 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээний гүйцэтгэлийг 694 270 768 төгрөгөөр тооцож, үүнээс талуудын хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн төлсөн 160 000 000 төгрөгийг, 50 м.кубын даралтат сав, 2 ширхэг гүний насосын үнэ болох 198 866 500 төгрөгийг хасч, үлдэх 335 404 268 төгрөгнөөс бартерт тооцон шилжүүлсэн 15 тоот 74,83 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнэ 149 660 000 төгрөгийг хасч, үлдэх 185 744 268 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв.
6.11.Хариуцагч нь 15 тоот 74,83 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнэ 149 660 000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Халаалтын зориулалтаар автоцистернээр хийн түлш нийлүүлэх, ашиглалтын гэрээний төлбөрөөс хасч тооцуулна, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216-д зааснаар үүргээ сонгон гүйцэтгэх ёстой бөгөөд бид албан бичгээр орон сууцыг хийн түлшний үнэд төлнө гэдгийг нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж мэтгэлцсэн.
6.12.Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д “үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй” гэж заасан, мөн хариуцагч нь 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 186 тоот албан бичгээр “…хийн түлшний үлдэгдэл тооцооноос ****нутаг дэвсгэрт байрлах 16 айлын орон сууцны 74,83 м.кв талбайтай 3 өрөө байрны 1м.кв-ыг 2 000 000 төгрөгөөр үнэлэн тооцуулж, үлдэгдэл төлбөрийг бэлэн мөнгөөр төлж барагдуулах саналтай байна. Хэрэв танай зүгээс тус саналыг хүлээн авах боломжгүй гэж үзвэл бид ирэх наймдугаар сард багтаан тухайн байрыг худалдан борлуулж нийт төлбөр тооцооны үлдэгдлийг бүрэн төлж барагдуулах болно” гэжээ.
6.13.Гэвч уг саналыг нэхэмжлэгч нь хүлээн аваагүй гэж тайлбарласан, талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээний 2.4-д “талууд гэрээт ажлын үнийн дүнгээс ********** баригдаж буй 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох 51,83 м.кв хоёр өрөө D сууцыг 95 000 000 төгрөгт тооцож бартер хийнэ” гэж харилцан тохиролцсон, 15 тоот 74,83 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 149 660 000 төгрөгт тооцон бартерт шилжүүлсэн талаар талууд маргаагүй тул уг орон сууцыг 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээний үнийн дүнгээс хасч тооцсон гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэв.
7.Зохигч талууд 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Халаалтын зориулалтаар автоцистернээр хийн түлш нийлүүлэх, ашиглалтын гэрээг тус тус байгуулсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна.
7.1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 415 000 кг, 789 513 800 төгрөгний хийн түлш нийлүүлж, хариуцагч нь түлшний үнэд 619 713 800 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт, Голомт банкны орлогын мэдүүлэг, Д******* ХХК-ийн кассын орлогын 2020.11.13-ны өдрийн ордер, М******* ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримт, шилжүүлгийн мэдээлэл, Хаан банкны орлогын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
7.2.Хариуцагч нь нийт авсан түлшний хэмжээ, үнийн дүнд маргаагүй бөгөөд хийн түлшний үнийг төлж барагдуулсан, нийт 619 713 800 төгрөгийг төлсөн, уг гэрээний үүрэгт 149 660 000 төгрөгний үнэ бүхий 3 өрөө орон сууцыг шилжүүлсэн, үндэслэлгүйгээр үнэ нэмсэн 42 513 800 төгрөгийг болон алдангийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
7.3.Талуудын хооронд байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Халаалтын зориулалтаар автоцистернээр хийн түлш нийлүүлэх, ашиглалтын гэрээний 3.1-д “хийний үнэ:1кг хийн түлшний үнэ 2600 төгрөг”, 3.2-д “хөнгөлөлт:1кг тутамд 800 төгрөг хөнгөлөлт”, 3.3-д “бусад зардал:худалдагч нь тээврийн болон пүүний зардлыг хариуцана” гэж харилцан тохиролцсон байх бөгөөд 3.4-д “хийний үнэ, хөнгөлөлтийн хэмжээг өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд 14-өөс доошгүй хоногийн өмнө худалдагч нь худалдан авагчид албан ёсоор бичгээр мэдэгдэнэ” гэж заажээ.
7.4.Хэрэгт авагдсан 2021.10.07-ны өдрийн 21/624 тоот Үнэ нэмсэн тухай албан бичгээр нэхэмжлэгч Д******* ХХК-иас хариуцагч М******* ХХК-нд “...аргагүй байдлаас 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн халаалтын зориулалтаар автоцистернээр хүргэдэг 1кг хийн түлшний үнэ 2600 төгрөг, баллоноор хүргэх 1кг хийн түлшний үнэ 2800 төгрөг болж байгааг мэдэгдье” гэсэн байх бөгөөд 2021.10.01-ний өдрийн Д******* ХХК-ийн ерөнхий захирлын 21-822/14-65 дугаар “Үнэ шинэчлэн тогтоох” тухай тушаалаар автоцистернээр хий нийлүүлэх үнэ 2600 төгрөг, баллоноор хий нийлүүлэх үнэ 2800 төгрөг байхаар тогтоосон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчид үнэ нэмэгдсэн талаар мэдэгдсэн, мөн 2020.11.06-2021.11.26-ны Тооцоо нийлсэн актад “...нийт дүн 415 000 кг, төлбөл зохих үнийн дүн 789 513 800 төгрөг, төлбөрийн үлдэгдэл 574 598 144 төгрөг”, Тооцооны үлдэгдлийн баталгаанд “...2021 оны 1 дүгээр сарын 01-нээс 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал нийлж үзэхэд М******* ХХК нь 574 598 144 төгрөгийн өртэй гарсаныг харилцан батлав” гэсэн байх тул нэхэмжлэгчийн тооцсон 789 513 800 төгрөгний үнийн дүнг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байсан байна гэж дүгнэв.
7.5.Иймд хариуцагч нь хийн түлшний төлбөр болох 789 513 800 төгрөгнөөс 619 713 800 төгрөгийг төлж, үлдэх 169 800 000 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт, талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд уг төлбөрөөс бартерт шилжүүлсэн 3 өрөө орон сууцны үнэ болох 149 660 000 төгрөгийг хасч тооцох үндэслэлгүй, уг орон сууцыг талуудын хооронд байгуулсан 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээний 2.4-д зааснаар бартерт тооцон шилжүүлэхээр харилцан тохиролцсон байх тул хариуцагчаас хийн түлшний үнийн үлдэгдэл 169 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
7.6.Нэхэмжлэгч нь хариуцагчийг хийн түлшний үнийг хугацаандаа төлөөгүй тул 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээний 7.4-д “худалдан авагч нь захиалж авсан хийн түлшний үнийг гэрээний 3.7-д заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг худалдагчид нэмж төлнө” гэж зааснаар алдангид 133 626 180 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
7.7.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан, гэрээнд алданги төлөх талаар харилцан тохиролцсон боловч цар тахалтай холбоотой үнэ нэмэгдэх, өөрчлөгдөх нөхцөл байдал үүсч байсан талаар талуудын хэн аль нь маргаагүй тул хариуцагчаас үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж алданги шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв .
8.Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 15 тоот 74,83 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардлага гаргаж, уг орон сууцыг бартерт тооцон шилжүүлсэн байгаа боловч өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэн өгөөгүйгээс өмчлөх эрх зөрчигдөж байгаа гэж тайлбарласан.
8.1.Хариуцагч нь дээрх орон сууцыг нэхэмжлэгчид бартерт тооцон шилжүүлсэн талаар хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд өмчлөлд нь шилжүүлэхэд татгалзахгүй, хэн нэгний эрх ашгийг зөрчөөгүй гэж тайлбарласан болно.
8.2.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан, нэхэмжлэгчид орон сууцны өмчлөх эрх нь талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээний дагуу үүссэж байгаа тул нэхэмжлэгчийг 15 тоот 74,83 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй байна гэж үзэв.
9.Иймд хариуцагч М******* ХХК-иас 198 866 500 төгрөгийн үнэ бүхий 50 м.кубын 2 ширхэг даралтат сав, 2 ширхэг гүнийг насосыг болон 185 744 268 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс 60 393 876 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д******* ХХК-ийг 15 тоот, 74.83 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч М******* ХХК-иас хийн түлшний үнийн үлдэгдэл 169 800 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс хугацаандаа гүйцэтгээгүй алданги 133 626 180 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “...улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5 461 735 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4 333 685 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-д “шинжээч, ,орчуулагч, хэлмэрчийн ажлын хөлсийг шүүхээс төлсөн хэмжээгээр”, 56 дугаар зүйлийн 56.2-д “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар Барилгын төсөвчдийн холбооноос шинжээчийн ажлын хөлс 7 000 000 төгрөгийн нэхэмжлэхийг шүүхэд ирүүлж, шинжээчийн зардал төлөгдсөн гэж дүгнэлтээ ирүүлсэн, хариуцагч нь шинжээчийн зардлыг бүхэлд нь төлсөн гэж тайлбарласан тул шинжээчийн ажлын хөлс болох 7 000 000 төгрөгний 50 хувь болох 3 500 000 төгрөгийг нэхэмжлэгч Д******* ХХК-иас гаргуулж, хариуцагч М******* ХХК-нд олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 243 зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар хариуцагч М******* ХХК-иас 198 866 500 төгрөгийн үнэ бүхий 50 м.кубын 2 ширхэг даралтат сав, 2 ширхэг гүний насосыг, хийж гүйцэтгэсэн ажил болон тоног төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 185 744 268 төгрөг, хийн түлшний үнийн үлдэгдэлд 169 800 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 194 020 056 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д******* ХХК-ийг 15 тоот 74,83м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 461 735 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3 678 303 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д******* ХХК-нд олгож, шинжээчийн зардлын 50 хувь болох 3 500 000 төгрөгийг нэхэмжлэгч Д******* ХХК-иас гаргуулж, хариуцагч М******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН