| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2018/0118/Э |
| Дугаар | 140 |
| Огноо | 2018-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
Улсын яллагч Т.Эрдэнэбат,
Хохирогч Г.Батгэрэл,
Шүүгдэгч М.Тнарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Тайж овогт Мэндсайханы Тодмагнайд холбогдох 1811000860063 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Диамонд синдикат ХХК-д ажилладаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Хангамж 4-218 дугаар тоотод оршин суух бүртгэлтэй, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт М.Т (РД:…………),
нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг О2 караокед үйлчлүүлж байхдаа хохирогч Г.Батгэрэлтэй маргалдаж, улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч М.Тнь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын заримыг төлж, үлдэхийг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т мэдүүлэхдээ: “…Яллах дүгнэлтэд дурдагдсан мэдүүлэгтэй санал нийлж байна. Би хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлал гуйж байна. 1.000.000 төгрөгийн хохирол төлсөн. Үлдэх 563.000 төгрөгийг 02 дугаар сарын 20-ны дөтөр төлнө ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Батгэрэл мэдүүлэхдээ: “…Тухайн үед манай байгууллагын шинэ жил болж байсан. Тэр үед би ямар ч архи уугаагүй бөгөөд баяр дуусахад бүх ажилчдаа гэрт нь хүргэж өгсөн. Дараа нь залуу хүмүүсээрээ караокед орох болсон. Тэгэхэд Тодмагнай, Түвшинжаргал, Намуун, Гантүшиг нар байсан. Сүүлд Намууны найз залуу ирсэн. Би тодорхой хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Намуун, Түвшинжаргал нар муудалцсан. Би Намууныг өмөөрч, томорсон гэдгээ зөвшөөрч байна. Би эмнэлэгт хэвтэх хугацаандаа 2.500.000 төгрөг зарцуулсан. Харин баримтаар 1.800.000 төгрөг болсон. Би цагаан сарын баярын дараа Солонгос улс руу явж шинжилгээ болон эмчилгээ хийлгэх болсон. Үүнтэй холбоотой баримт байхгүй байна” гэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч нараас мэдүүлэхдээ
1.Н.Баасанцэрэнгээс:- “…Батгэрэлийн хамар нүднээс цус гарчихсан. Нүдний шил нь хугараад газар уначихсан. Шалаар маш их цус болчихсон байсан. ...Яг зодоон болж байхад би хажууд байгаагүй болохоор хэн хэн цохисоныг мэдэхгүй байна…” гэжээ.
2.Э.Энхнамуунаас:-“…Тодоо гэх цэнхэр сорочкон цамцтай, дэлдэн шар царайтай, жаахан өндөрдүү залуу Батгэрэлийн нүдний шилийг булааж аваад ширээ рүү цохиж, дараа нь гараараа нүүр рүү нь 3-4 удаа цохиж, хөлөөрөө өвдөглөж цохисон…” гэжээ.
3.Н.Түвшинжаргалаас:-“…Батгэрэл Тодмагнай руу чи яадаг болчихсон юм чи бас намайг цохих юм уу гээд Тодмагнай руу дайрсан. Тодмагнай уурлаад Батгэрэлийн баруун нүд рүү цохисон…” гэжээ.
Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.01.03-ны өдрийн ¹590 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Г.Батгэрэлийн биед духны хөндийн өмнөд хана ба баруун нүдний ухархайн дээд, доод ханын хугарал, баруун дух болон баруун, зүүн гайморын хөндий дэх цус хуралдалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, ягаан цус хуралт, баруун, зүүн нүдний алимны цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхины зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ.
Шинжээч Б.Ундармаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Дээрх яснууд нь нимгэн, ялтаслаг байдаг тул богино хугацаанд бүрэн эдгэрэх боломжтой гэж үздэг тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаардаг…” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч М.Тнь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг О2 караоке дотор шинэ жилийн арга хэмжээнд оролцож байхдаа Г.Батгэрэлтэй маргалдаж, нүүр рүү нь цохиж өшиглөж зодсоноос түүний биед духны хөндийн өмнөд хана ба баруун нүдний ухархайн дээд, доод ханын хугарал, баруун дух болон баруун, зүүн гайморын хөндий дэх цус хуралдалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, ягаан цус хуралт, баруун, зүүн нүдний алимны цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхины зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Батгэрэлийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “…Намуун, Түвшинжаргал нар муудалцсан. Би Намууныг өмөөрч, томорсон гэдгээ зөвшөөрч байна. Тодмагнай миний нүдний шилийг газраас аваад дахиж газар шидээд хагарсан. Яагаад шил газар унагаагаад байгаа юм бэ гэхэд яасан ч яадаг юм гэсэн. ...Миний нүүр рүү гараараа цохисон. Тэгэхэд миний толгой эргээд газар суусан. Доошоо тонгойгоод сууж байхад нэг нь дахиад намайг цохиод миний нүүр рүү өшиглөсөн” гэх мэдүүлэг, гэрч Н.Баасанцэрэнгийн “…Батгэрэлийн хамар нүднээс цус гарчихсан. Нүдний шил нь хугараад газар уначихсан. Шалаар маш их цус болчихсон байсан” гэх мэдүүлэг, гэрч Э.Энхнамууны “…Тодоо гэх цэнхэр сорочкон цамцтай, дэлдэн шар царайтай, жаахан өндөрдүү залуу Батгэрэлийн нүдний шилийг булааж аваад ширээ рүү цохиж, дараа нь гараараа нүүр рүү нь 3-4 удаа цохиж, хөлөөрөө өвдөглөж цохисон…” гэх мэдүүлэг, гэрч Н.Түвшинжаргалын “…Батгэрэл Тодмагнай руу чи яадаг болчихсон юм чи бас намайг цохих юм уу гээд Тодмагнай руу дайрсан. Тодмагнай уурлаад Батгэрэлийн баруун нүд рүү цохисон…” гэх мэдүүлэг, шинжээч эмчийг асуусан тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.01.03-ны өдрийн ¹590 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогчийн эмчилгээнд гарсан зардлын баримт, хохирлын 1.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Т овогт М.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.
Хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээнд гарсан зардал 2.500.000 төгрөг нэхэмжилсэн ба хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна. Хохирогчоос хохирлын зардалд 2.500.000 төгрөг зарцуулсан гэх боловч хуульд заасан шаардлага хангасан 1.563.000 төгрөгийн баримт хэрэгт хавсаргасан ба үлдэх 563.000 төгрөгийг шүүгдэгч нь энэ 02 дугаар сарын 20-ны дотор хохирогчид нөхөн төлөхөө шүүх хуралдаанд илэрхийлсэн болно. Хохирогч нь цаашид гарсан эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Т овогт М.Т-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-г 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 (дөрвөн зуун наян мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-н торгох ялыг 2018 оны 5 дугаар сарын 14-ний дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тнь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч М.Т-аас 2018 оны 02 дугаар сарын 20-ны дотор 563.000 (таван зуун жаран гурав мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Гөрөөчин овогт Ганбатын Батгэрэл (РД:ШУ96062718)-д олгож, хохирогч нь цаашид гарсан эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ