| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 2413000100054 |
| Дугаар | 2025/ДШМ/02 |
| Огноо | 2025-01-09 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2025/ДШМ/02
Т.Ө-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/246 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.Ө-д холбогдох эрүүгийн 2413000100054 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэж 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Айбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, яс үндэс *******, **** оны **дугаар сарын **-ны өдөр ********** төрсөн, ** настай, эрэгтэй, ****** боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл ** хүнтэй, **** хамт ******** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Т овогт Т.Ө-, /РД: ************/
2. Шүүгдэгч Т.Ө- нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 17 цаг 30 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр /Бүркит/ багийн нутаг дэвсгэрт байх засмал 4 замын уулзвар дээр **** БӨЗ улсын дугаартай мотоциклийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в/ “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэх заалтыг, мөн дүрмийн 3.7.а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэх заалтыг, мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэх заалтыг, мөн дүрмийн 15.9-т “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэх заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж, мотоциклоор зорчиж явсан зорчигч Х.Н-ы эрүүл мэндэд зүүн талын хөлийн нарийн ба бүдүүн шилбэний ясны ил хугаралтай, доод эрүүний ясны ил хугаралтай, зүүн шилбэний зөөлөн эдийн шархтай гэмтлүүд бүхий хүнд хохирол учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
3. Прокурорын 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 39 дүгээр яллах дүгнэлтээр Т.Ө-ы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/246 дугаар шийтгэх тогтоолоор:
4.1. Шүүгдэгч Т овогт Т.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Ө-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,
4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,
4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулж,
4.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө-д оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
4.6. Шүүгдэгч Т.Ө- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,
4.7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө- нь хохирогч Х.Н-д 300,000 /гурван зуун мянган/ төгрөг төлснийг дурдаж, шүүгдэгч Т.Ө-аас 2,373,926 /хоёр сая гурван зуун далан гурван мянган есөн зуун хорин зургаа/ төгрөг гаргуулан хохирогч Х.Н-д олгож, иргэний нэхэмжлэгч Ж.А- нь хохирол, төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдаж,
4.8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Н- нь цаашид өөрт учирсан хохирол байна гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд:
5.1.Т.Ө- намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
5.2. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бодитой дүгнэж үзээгүй, зөвхөн нэг талыг баримталж шийдвэр гаргасан юм.
5.3. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хохирлыг төлсөн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Х.Н-ы Төрийн банкин дахь *********** тоот дансанд эмчилгээний зардал болох 1 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Одоо үлдсэн мөнгийг төлж өгөхөөр хоорондоо тохиролцсон юм.
5.4. Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй ба 4 жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан.
5.5. Иймд 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/246 дугаартай сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.
6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
6.1. Анхан шатны шүүхээс шүүдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэрэг нь бодит байдалд нийцсэн.
6.2.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх санал, дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч давж заалдах гомдол дээр 1,000,000 төгрөг төлсөн талаар дурдсан боловч үүнтэй холбоотой ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед нөхцөл хэвээрээ буюу хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
7. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө-ы гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
8. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
9. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Т.Ө- нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 17 цаг 30 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр /Бүркит/ багийн нутаг дэвсгэрт байх засмал 4 замын уулзвар дээр **** БӨЗ улсын дугаартай мотоциклийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в/ “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэх заалтыг, мөн дүрмийн 3.7.а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэх заалтыг, мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэх заалтыг, мөн дүрмийн 15.9-т “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэх заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж, мотоциклоор зорчиж явсан зорчигч Х.Н-ы эрүүл мэндэд зүүн талын хөлийн нарийн ба бүдүүн шилбэний ясны ил хугаралтай, доод эрүүний ясны ил хугаралтай, зүүн шилбэний зөөлөн эдийн шархтай гэмтлүүд бүхий хүнд хохирол учруулсан болох нь:
-Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 02 дахь тал),
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 07-13 дахь тал),
-Яллагдагч Т.Ө-ы согтолтын зэргийг шалгахад 0.24 хувийн спиртийн агууламжтай байсан талаар тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 15-16 дахь тал),
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 20-24 дэх тал)
-Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Хайратын гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 61 дугаартай “Иргэн Т.Ө-ы биеэс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. Иргэн Т.Ө-ы биеэс авсан гэх цусанд 0.7 хувьтай промиль спирт илрэв. Тухайн үед иргэн Т.Ө- хөнгөн зэргийн согтолттой байжээ.” гэх шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 59-60 дахь тал),
-Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Хайратын гаргасан 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаартай “Иргэн Х.Н-ы биед зүүн талын хөлийн нарийн ба бүдүүн шилбэний ясны ил хугаралтай, доод эрүүний ясны ил хугаралтай, зүүн шилбэний зөөлөн эдийн шархтай гэмтлүүд /хохирлууд/ тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд /хохирлууд/ нь шинэ гэмтлүүд хохирлууд. Өөрөөр хэлбэл уг гэмтэл нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой. Иргэн Х.Н-ы дээрх гэмтлүүд, хохирлууд ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтад удаан нөлөөлөх болно. Дээрх гэмтлүүд нь амь биед аюултай, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2-1, 3.6.5- т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 95-96 дахь тал),
-Гэрч Ж.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...**** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод эмнэлгийн үүднээс төв хэсэг рүү замын хөдөлгөөнд оролцоод явах үеэр эмнэлгийн 4 замаар чигээрээ уулзвар нэвтрэх үеэр жолоочийн баруун гар талаас мотоцикл жолоодсон хүн орж ирсэн ба тэр үед тухайн мотоциклийн тормоз гишгээд хурдаа хасах шиг болохоор нь би чигээрээ замын хөдөлгөөнд оролцоод хөдөлгөөнөө үргэлжлүүлэх үед нөгөө мотоциклийн жолооч миний машины урд хэсэгт мөргөлдөөд мотоцикл дээр сууж байсан жолооч болон зорчигч хоёр миний урдуур зүүн тийшээ шидэгдсэн, ...тухайн мотоцикл хурдтай явж байсан ба би гол замаар явж байгаа болохоор надад зам тавьж өгөх байх гэж бодоод би хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 136-138 дахь тал),
-Хохирогч Х.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай гэр Өлгий сумын 4 дүгээр багт байдаг бөгөөд тухайн үед би захын урдаас мотоциклтой хөдлөөд төрөх эмнэлгийн урд засмал замаар чигээрээ яваад Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газрын 4 зам дөхөж ирээд уулзвараар чигээрээ нэвтрэх үед аймгийн Нэгдсэн эмнэлгийн чиглэлээс цагаан өнгийн жижиг суудлын авто машин ирж яг 4 замын уулзварын голд уг тээврийн хэрэгсэл нь миний зорчиж явсан мотоциклын зүүн талаас буюу миний зүүн хөл хэсгээр мотоциклтой хавсарч мөргөсөн юм. Тухайн мотоциклын жолоочийг би харж байгаагүй, огт танихгүй хүн. Миний зүүн хөлийг мотоциклтой хавсарч мөргөсөн ба энэ үед миний зүүн хөлийн нарийн бүдүүн шилбэний яс хугарч арьсаа цоолоод гараад ирсэн. Улаанбаатар хот руу Гэмтлийн эмнэлэгт очиж хэвтэн эмчлүүлж тэнд эрүүний яс, хөлийн хагалгаанд орсон бөгөөд хөлийн яс хугарч арьсаа цоолж гарсан. Миний хөл эдгэрээгүй, мөн дээрээс нь толгой байнгын өвддөг. Уг дүгнэлтэд миний эрүүний яс ил хугаралттай, шилбэний зөөлөн эдийн шархтай гэж дүгнэлт гарсан байна. Уг дүгнэлтэд нэмж хэлэхэд зарим гэмтлүүдийг минь тусгаагүй байх шиг байна. Өөрөөр хэлбэл миний нүүрний хэсэгт том сорви тогтсон. Толгойны хуйханд байгаа оёдлууд бичигдээгүй байсан, тийм болохоор би уг зам тээврийн ослоос болж миний эрүүл мэндэд хохирол гэмтэл, эмчилгээний явц зэргийг зургаар баримтжуулан авч ирсэн бөгөөд үүнийг гарган өгч байна.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 157-159 дэх тал),
-Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Зам тээврийн ослын хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын актын тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол нь өдрийн цагаар үзэгдэх орчин чөлөөтэй үед болсон байв. Жолооч Т.Ө- нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.4.в/ “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэх заалтыг, мөн дүрмийн 3.7.а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэх заалтыг, мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэх заалтыг, мөн дүрмийн 15.9. “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэх заалтыг тус тус зөрчсөн нь осол гарах гол шалтгаан нөхцөл болсон байна.” гэх магадалгаа (1 дэх хавтаст хэргийн 210-211 дэх тал),
-Яллагдагч Т.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Миний бие одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй. Хувьдаа ****БӨЗ улсын дугаартай мотоциклтой бөгөөд тухайн Өлгий сум дотор таксинд явдаг юм. 2023 оны 11 сарын 11-ний өдөр Өлгий сумын “Тирлик” захын урд зогсож байх үеэр 17 цагийн орчимд байх цаг хугацааг сайн хэлж мэдэхгүй байна, тэр үеэр 50 орчим насны эмэгтэй хүн ирээд “таксинд явах юм уу” гэж хэлээд намайг таксинд авч явахаар миний ард сундалж суугаад “дулаан станцын хажууд гэр байдаг тийшээ явна” гэж хэлээд би мотоциклоороо замын хөдөлгөөнд оролцсон юм. Тэгээд би шууд хар замаар яваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4 замын уулзварт ирээд, уулзвар нэвтрэх үед цагаан өнгийн жижиг машин ирж мотоциклын зүүн талаас мөргөж би зорчиж явсан хүний хамт шидэгдэж газарт унасан юм. Түүнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Би эмнэлгийн чиглэлээс гол замаар ирж байсан тээврийн хэрэгслийг харсан. Тухайн үед уг тээврийн хэрэгсэл нэлээн хол зайтай ирж байсан харагдсан бөгөөд би уулзвар нэвтэрч амжина гэж бодоод хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн юм. Гэвч нөгөө машин хурдтай орж ирээд мөргөсөн. Тухайн өдөр миний даралт ихсээд байсан учир даралтаа бууруулах зорилгоор 20 грамм хэмжээтэй архи уусан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 224-225 дахь тал),
-Иргэний нэхэмжлэгч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Надад үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Яллагдагч Т.Ө-ыг дахиж битгий архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл битгий жолоодоосой гэж хүсэж байна. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй. Миний бие өөрийгөө энэ зам тээврийн осолд ямар нэгэн буруутай гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл би тухайн осол гарсан 4 замын уулзвар дээр миний ирж байсан зам дагуу гол замын тэмдэг байсан. Үүнийг нотлох замын тэмдгийг харуулсан гэрэл зургийг би мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт тусгуулахаар гаргаж өгнө. Осол гарснаас хойш би тухайн уулзвар дээр очиж уулзар дээр байгаа тэмдгүүдийн зургийг дарж авсан байгаа. Тухайн үед уулзвар дээр гэрлэн дохио байгаагүй, харин одоо гэрлэн дохиотой болсон байна.” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 40 дэх тал) зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.
10. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Ө-ыг “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
11. Шүүгдэгч Т.Ө-ы Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “...3.4.в/ “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэх заалтыг, мөн дүрмийн 3.7.а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэх заалтыг, мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэх заалтыг, мөн дүрмийн 15.9-т “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Б.Н-ы эрүүл мэндэд зүүн талын хөлийн нарийн ба бүдүүн шилбэний ясны ил хугаралтай, доод эрүүний ясны ил хугаралтай, зүүн шилбэний зөөлөн эдийн шархтай гэмтлүүд бүхий хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө-д шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэр буюу өөрийн оршин суух газраас явахгүй байх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
13. Шүүгдэгч Т.Ө-аас “...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бодитой дүгнэж үзээгүй, зөвхөн нэг талыг баримталж шийдвэр гаргасан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хохирлыг төлсөн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Х.Н-ы Төрийн банкин дахь *********** тоот дансанд эмчилгээний зардал болох 1 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Одоо үлдсэн мөнгийг төлж өгөхөөр хоорондоо тохиролцсон. ...шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй... иймд шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч байх зарчмын хүрээнд анхан шатны шүүх Эрүүгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгдэгч Т.Ө-д түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм буруу, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тус гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар зэрэгт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Ө-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/246 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Ө-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ Д.КӨБЕШ