Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2019/01447

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2019/01447

 

 

 

Г.Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/01759 дүгээр шийдвэртэй, Г.Хын нэхэмжлэлтэй, С д бизнес эрхлэгчид цэлмэг төв гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагад холбогдох гэрээний үүргээ зөрчсөн болохыг тогтоолгож, хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх буюу барилгын сантехникийн инженерийн албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохиролд 7 335 478 төгрөг гаргуулан, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхцэцэг,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн С үйлчилгээний төвд барилга төсөл, сантехникийн инженерээр ажилд орсон бөгөөд тухайн үед С үйлчилгээний төвийн ашиглалтын захиргааг С үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага эрхлэн явуулдаг байсан.

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр С үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо нь С худалдаа үйлчилгээний төвийн ашиглалтын захиргааг Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-ний дагуу С д бизнес эрхлэгч Цэлмэг төв гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагад шилжүүлсэн. Улмаар мөн өдрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн №1 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал гарган намайг ажлаас халсан. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргасан.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж дараах үндэслэлээр гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Үүнд: Ашиглалтын үйл ажиллагаа явуулах гэрээний 3.2-т зааснаар ажил олгогч нь ажилтнуудын өмнө хүлээсэн эрх үүргээ шинэ төрийн бус байгууллагад шилжүүлэн өгсөн. Байгууллагын үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөөгүй учир хөдөлмөрийн гэрээтэй ажилчид болон хуучин төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчийн гэрээг шинэчилж үргэлжлүүлэн ажиллах үүрэгтэй гэдэг заалт орсон байдаг. Тус гэрээний заалтыг хэрэгжүүлэх үүднээс гэрээний хавсралт хоёроор 21 ажилтны нэрс болон бичиг баримтыг 2 төрийн бус байгууллага хүлээн авч, З.Мөнгөнхуяг ажилчдыг шилжүүлэхээр ажлаас чөлөөлсөн тушаал гарган нийгмийн даатгалын дэвтэрт С бизнес эрхлэгчдийн холбоо-г Цэлмэг төвд шилжүүлэн өгөв гэсэн бичиг хийж өгсөн.

С д бизнес эрхлэгчид цэлмэг төв гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага нь хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлж, гэрээг шинэчлэн байгуулан ажилчдыг үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй байтал надад хөдөлмөрийн гэрээг 3 сарын туршилтын хугацаатайгаар байгуулна гэсэн агуулгатай санал тавьсан байдаг. Би С д 2 жил ажилласан учраас туршилтаар ажиллах үндэслэл байхгүй. Би хугацаагүй гэрээ байгуулахыг хүссэн албан бичиг хүргүүлсэн боловч төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Мөнхчулуун ажилд авах боломжгүй гэх хариу ирүүлж, өмнөх албан тушаалд шинэ ажилтан авч ажиллуулсан байна. Тус ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид буюу гуравдагч этгээдэд ашигтай гэрээ байх тул гэрээний дагуу гуравдагч этгээдийн хувьд шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар эрх зөрчсөн үйлдлийг зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээн, хариуцагчид гэрээгээр хүлээсэн үүрэг болох надтай барилгын сантехникийн инженерийн албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгаж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул надад учирсан хохирол болох зайлшгүй олох ёстой байсан орлого 7 355 478 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт ажилгүй байсан хугацааны нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч С д бизнес эрхлэгчид Цэлмэг төв гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын төлөөлөгч Ч.Энхцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хоёр төрийн бус байгууллагын хооронд Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээ байгуулсан. Иргэний хууль болон төрийн бус байгууллагын хууль тогтоомжид эрх үүрэг шилжихтэй холбоотой хуулийн заалт байхгүй. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт үлдэж байгаа эд хөрөнгийг шилжүүлэн авах гэсэн заалт байдаг, өмнөх бизнес эрхлэгчдийн холбоо гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага татан буугдаагүй, үйл ажиллагаа явуулж байгаа нь улсын бүртгэлийн газрын шүүхэд ирүүлсэн баримт болон гэрч З.Мөнгөнхуягийн мэдүүлгээр нотлогдож байх тул гэрээ байгуулсан ажилчдыг шилжүүлэн авч гэрээ байгуулах ёстой гэх тайлбар үндэслэлгүй юм.

Тухайн хоёр төрийн бус байгууллагын хооронд байгуулсан Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээ-ний 3.2 хөдөлмөрийн гэрээтэй ажилтан алба хаагчдын гэрээг шинэчлэн үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч ажилд орох хүсэлт ирүүлэхдээ өмнөх төрийн бус байгууллагаасаа чөлөөлөгдсөн байсан. Ажлаас чөлөөлсөн тушаал нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн байтал энэ талаар маргаагүй. Тухайн ажилтан, албан хаагчийн гэрээг шинэчилж байгаа. Учир нь Цэлмэг төв шинээр Улсын бүртгэлд бүртгэгдсэн. Манай зүгээс нэхэмжлэгчид туршилтын 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулан ажилд авах санал тавихад хүлээн зөвшөөрөөгүй. Иймд тохиролцоонд хүрч чадаагүй тул хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй.

Хохирол болон шаардах эрх тодорхойгүй байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалт нь гуравдагч этгээд биш гэрээний 2 талын хооронд үүссэн асуудлаар хохирол шаардах эрх үүсдэг заалт юм. Бусад 19 ажилтан туршилтын 3 сараар гэрээ байгуулж, одоог хүртэл үргэлжлүүлэн ажиллаж байна. Иймд цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийн бичилтийг хохиролд тооцох үндэслэлгүй, хоёр төрийн бус байгууллагын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 227 дугаар зүйлийн 227.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Хын хариуцагч С д бизнес эрхлэгчид цэлмэг төв ГҮТББ-д холбогдуулан гаргасан гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх буюу барилгын сантехникийн инженер албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах, гэрээний үүргээ зөрчсөний улмаас олох байсан орлого буюу 7 335 478 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202 920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүх Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарласан. Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ нь хэдийгээр хоёр байгууллагын хооронд байгуулагдсан боловч бүхэлдээ гуравдагч этгээдүүдийн эрхийг баталгаажуулж, тэдний өмнө А талын хүлээсэн үүргийг орхигдуулахгүй байх агуулгатай хэлцэл юм. Г.Х нь тус заалтын хүрээнд хамаарч, хамгаалагдаж байгаа этгээд гэдэг нь тус гэрээний хавсралт 1-ээр баталгаажуулсан ажилчдын жагсаалтын 5-д түүний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээ, тушаал зэргийг хамт хүлээлгэн өгч хоёр байгууллагын тэргүүн гарын үсэг зурж, баталгаажуулснаас харагдаж байна. Иймд тус гэрээний 3.2 дахь заалт, түүний хавсралт нь нэхэмжлэгчид ашигтай гэрээ буюу Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан гуравдагч этгээдэд ашигтай хэлцэл мөн юм.

Нэхэмжлэгчийг үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Уг заалтыг тус гэрээнд өөрт нь гуравдагч этгээд бие даан шаардах эрхтэй эсэхийг зааж нэрлэсэн бол тухайн гэрээний зохицуулалтаар, харин дээрх байдлаар гэрээгээр шаардах эрхийн талаар тусгайлан заагаагүй бол гэрээний агуулга, зорилгоос хамаарч тодорхой урьдач нөхцөл үүссэний дараа гуравдагч этгээд шаардах эрх нээгдэх, эсхүл шууд шаардах эрхтэй эсэхийг тодорхойлох гэх байдлаар тайлбарлан хэрэглэх ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүхийн тайлбарласнаар заавал гэрээгээр гуравдагч этгээдийг шаардах эрхтэй эсэхийг зохицуулсан байж гуравдагч этгээд шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэх агуулга хуулийн заалтад байхгүй.

Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээ-ний агуулга, зорилго, тодорхой заалтуудаас авч үзвэл ямар нэгэн урьдач нөхцөл үүссэний дараа тус гэрээгээр хамгаалагдаж буй эрхээ сэргээлгэхээр гуравдагч этгээд үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах агуулга байхгүй. Мөн гэрээгээр гэрээний аль нэг тал татан буугдсан эсэх нь үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг гуравдагч этгээд шаардах талаар нөхцөл болгож огт заагаагүй.

Гэрээгээр хүлээсэн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан үргэлжүүлэн ажиллуулах үүргийг үүрэг хүлээгч биелүүлэх эсэх нь өмнөх ажил олгогчид хамааралгүй тул тус үүргийн гүйцэтгэлийг тус гэрээний аль ч тал шаардахгүй нь ойлгомжтой. Иймд С үйлчилгээний төвд бизнес эрхлэгчид цэлмэг төв ГҮТББ-ын хүлээсэн өөрт ашигтай үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нэхэмжлэгчид байгаа болно. Түүнчлэн, үүрэг гүйцэтгэгч хугацаанд, зохих ёсоор, шударгаар биелүүлээгүйн улмаас өөт учирсан хохирол буюу үүргээ тийнхүү гүйцэтгэсэн бол зайлшгүй олох ёстой байсан орлого болох цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт зэргийг шаардах эрхтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч С бизнес эрхлэгчид цэлмэг төв Гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага /цаашид ГҮТББ гэх/-д холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөн болохыг тогтоолгон гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх буюу барилгын сантехникийн инженерийн албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалган, гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохиролд 7 335 478 төгрөг гаргуулан эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Хэргийн баримтаас үзвэл С үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ нь С д бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ-тай 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх нэртэй гэрээ байгуулж, тус байгууллагын эрх, үүрэг, хариуцлага, эд хөрөнгийг С д бизнес эрхлэгчид Ц ГҮТТБ-д шилжүүлэн өгчээ. Түүнчлэн эрх шилжүүлэгч тал болох С үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 01 дугаартай тушаал гарган, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр нэр бүхий 19 ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, улмаар ажилчдын нэрс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээ зэргийг жагсаалтаар Цэлмэг төв ГҮТББ-д хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 97, 101-102 дахь талд авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Г.Хын хувьд С үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ-д 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс хойш хөдөлмөрийн гэрээ байгуулан барилга төсөл, сантехникийн инженерийн албан тушаалд ажилласан байх бөгөөд тэрээр мөн дээрх 01 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгджээ. /хх-101/ Улмаар Цэлмэг төв ГҮТББ-аас ажилчидтай туршилтын 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах санал тавьсныг Г.Х эс зөвшөөрсний улмаас тэдгээрийн хооронд маргаан үүсч, шүүхэд хандсан байна. Шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг тодорхойлохдоо Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч мөн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсгийг буруу тайлбарласны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Г.Х нь төрийн бус байгууллагуудын хооронд байгуулагдсан Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-ний 3.2 дахь заалтыг шаардах эрхийн үндэслэлээ болгожээ. Гэрээний уг заалтаар хариуцагч тал байгууллагын үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөөгүй учир эрхээ шилжүүлэн өгсөн байгууллагын хөдөлмөрийн гэрээтэй ажилтан, албан хаагчдын гэрээг шинэчлэн үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг хүлээсэн байна. /хх-98/

Дээрх заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу тайлбарлавал хариуцагч нь С үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ-д ажиллаж байсан ажилчидтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, өмнөх нөхцлөөр үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг хүлээсэн гэж үзнэ. Мөн тус гэрээ нь гуравдагч этгээдэд ашигтай гэрээ байх тул нэхэмжлэгч Г.Х нь Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Хариуцагч тал нэхэмжлэгчийн ажиллаж байсан барилга төсөл, сантехникийн инженерийн албан тушаал байхгүй гэж маргасан боловч шүүхэд гаргаж өгсөн С д бизнес эрхлэгчид цэлмэг төл ГҮТББ-ын бүтцэд инженер техникийн албанд сантехникийн инженерийн 1 орон тоог баталсан байна. /хх-76/ Уг албан тушаал нь нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалаас өөр ажил үүрэг гүйцэтгэдэг талаар баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч талд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх буюу нэхэмжлэгч Г.Хыг сантехникийн инженерийн албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл 6 сарын хугацаанд олох ёстой орлогод 7 335 478 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахыг шаардаж буй нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцэж байна.

Иймээс нэхэмжлэгч Г.Хын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлогыг анхны хөдөлмөрийн гэрээний дагуу авч байсан үндсэн цалин, хөлс болох 1 200 000 төгрөгөөс тооцон, 7 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Харин нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааны илүү цагийн хөлсийг хохиролд тооцох боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагаас 135 478 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт харшлахгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/01759 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 203 дугаар зүйлийн 203.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Хтай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан сантехникийн албан тушаалд томилж, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч С д бизнес эрхлэгчид цэлмэг төв ГҮТББ-д даалгаж, хариуцагчаас 7 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 135 478 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас 130 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202 920 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

Ч.ЦЭНД