2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/08362

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Х******* ТӨХХК /РД:*******/,

Гуравдагч этгээд: Ч.Х /РД:*******/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А*******,

Хариуцагчийн төлөөлөгч С.Б******* /цахимаар/, 

Гуравдагч этгээдийн төлөөлөгч А.Э******* /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Б******* нь хариуцагч Х******* ТӨХХК-д холбогдуулан 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч Д.Б******* би 1993 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нийслэлийн Багахангай дүүрэгт мэндэлсэн. ****дугаар сургуульд 2011 онд 11 дүгээр ангиа тус тус төгсөөд мөн ондоо ***** Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж ашиглалтын инженер мэргэжлээр элсэн ороод 2015 онд төгссөн. Ийнхүү их сургуулиа төгсөөд Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Д******* аймгийн Цахилгаан түгээх сүлжээ салбарт 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ашиглалт, засварын инженер албан тушаалд ажилд орсон. Д******* аймагт мэргэжлээрээ ажилд орсон тул эндээ ажиллаж, амьдарна гэдэг бодолтой болсон тул 32 тоот болгож, тус аймагт шилжиж ирсэн. 2017, 2018 оны үед над руу утсаар Өм аймгийн Төрийн банкнаас ярьж байна. Та манайхаас 8 сая төгрөгийн зээл авсан байна гэхээр нь би танайхаас зээл аваагүй, та хүн андуурсан байх гэж хэлэхэд өө, тиймүү гээд тэр ярьсан хүн нь утсаа тасалсан. Ямар учиртай хүн ярьсан юм болоо гэж бодоод өөрийн байнга амьдардаг Д******* аймгийн Төрийн банкны салбарт очоод өөрт хамааралтай зээл байна уу гээд шүүлгэж үзэхэд надад хамааралтай зээл гарч ирээгүй. Мөн Өм аймгийн Төрийн банкнаас над руу дахиж яриагүй. Би 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл дээрх газартаа ажиллаж байгаад Бүгд Найрамдах Солонгос улс руу ажиллахаар явсан. Тус улсад байх үед буюу 2021 онд миний дүү Өм аймгийн **** Тамгын газарт ажилладаг байсан юм. Тэгээд тэрээр ахаа, таны нэр дээр итгэмжлэл хийлгээд Хгаас 2 трактор авсан зээл байна гээд ярьсан. Би тэгэхээр нь би хүнд трактор ав гэж, ер нь ямарваа нэгэн хүнд итгэмжлэл хийж өгөөгүй. Ийм зээл гэсэн юм огт байхгүй ёсгүй гээд хэлсэн над руу зээлийн материалын зургийг явуулаад би итгэсэн юм. Ямар учиртай зээл болоод, юун тракторыг хэн авсан юм бол гэдгийг би өөрөө гадаад улсад байсан тул дүүгээрээ Хгаас асуулгах гээд очуултал зээлийн мэдээлэл дээр байгаа хүн өөрөөр биечлэн ирж хүсэлтээ гаргаж байж зээлийн мэдээллээ авч болдог юм байна гэж хэлсэн. Ингээд өөрт хамааралгүй зээл над дээр байгаа юм байна гэдгийг мэдсэн юм. Би 2021 оны 8 дугаар сард БНСУ-аас Монгол улсдаа ирсэн. Тухайн үед хадам аав хүнд өвчтэй, тэрээр Өм аймгийн Даланзадгад хотод байнгын байсан тул оршин суух хаягаа тийшээ шилжүүлсэн. Мөн оныхоо 11 дүгээр сард Хгийн Өм аймгийг хариуцсан мэргэжилтэн Ч******* гэдэг хүнтэй уулзаад болсон явдлаа хэлж, танайхаас зээл аваагүй талаараа бүрэн хэлээд холбогдох материалыг авч үзтэл миний огтоос танихгүй хүн итгэмжлэл, оршин суух хаягийн тодорхойлолт, миний гарын үсгийг зэргийг хуурамчаар үйлдэж тус сангаас зээл авсан талаар бүрэн дүүрэн мэдээлэл авч, бүрэн итгэсэн. Тэгээд би Ч*******оос зээлийг судалсан хүмүүстэй уулзья гэхэд тэр хүмүүс ажлаасаа гарсан гэж хэлсэн. Улмаар би миний өмнөөс баримт бичиг хуурамчаар бүрдүүлж, гарын үсэг зурсан этгээдүүдийг яах вэ гэж бодоод Өм аймгийн Цагдаагийн газарт гомдол өгсөн. Тэр гомдол нь харьяаллаараа Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт шийдэгдэх юм байна гээд тэр дүүрэг рүү шилжсэн. Нэгэнт л би зээл аваагүй юм чинь надад хамааралгүй зүйл учраас үнэн, зөв нь хуулийн байгууллагаар шийдэгдэнэ гэж бодоод хүлээгээд байсан. Тэгээд огт хариу өгөхгүй удахаар нь Улаанбаатар хотод ирж, харьяа цагдаа, прокурорын газраар нь явж асуутал Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Пын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 746 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гарсныг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр авсан. Одоо надад энэ асуудлыг иргэний шүүхээр шийдүүлэх боломж л үлдсэн байна гэж үзэж байна. Би өөрт хамааралгүй зээлээс болж зээлдэгч болж, одоо банкнаас зээл авах гэхээр муу зээлийн ангилалтай байна гээд надад зээл өгдөггүй. Миний үеийн залуусын ихэнх нь л зээлээр орон сууц, машин, хэрэгслээ авдаг. Гэтэл Хгийн хайхрамжгүй, магадгүй эрх мэдлээ урвуулан ашиглан миний нэрийн өмнөөс зээл хөөцөлдсөн этгээдэд зээл өгч, би аваагүй зээлийнхээ төлбөрийг төлөх этгээд, мөн төлөгдөөгүй зээлийн улмаас муу зээлдэгч болж туйлын их хохирч байх тул 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Хтай байгуулсан бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийг гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, өөрийн зөрчигдсөн эрх ашгаа сэргээлгэхээр хандаж байх тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Над руу Төрийн банк ХК-иас гэнэт л зээлтэй байна гээд ярьсан. Би зээл аваагүй гэтэл тодруулаад ярья гэсэн. Би банк дээр очоод асуухад зээл байхгүй гэсэн. 2019 оны 3 сард Солонгос улсад ажил хийхээр явсан. Манай дүү Өм аймгийн Манлай сумын захиргаанд ажиллаж байсан. Гэтэл манай дүү энд таны зээлтэй асуудал байна гээд зургийг нь явуулсан. Тэгээд би Солонгос улсаас ирээд Хтай уулзаад би зээл аваагүй гэж хэлсэн. Би цагдаа өргөдөл өгсөн боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн. Энэ хэргийг шийдвэрлэгдэх хүртэл би болон манай гэр бүл огт зээл авах боломжгүй, ипотек ч авах боломжгүй болсон. Энэ зээлийг нь хэрэв авчихсан бол би 8 000 000 төгрөгийг нь өгчихмөөр байна. Гэтэл огт аваагүй зээлээ яаж төлөх билээ дээ. Гэр бүлийн хувьд хэрүүл маргаан салахаа байсан. Зээл аваагүй байхад ийм нөхцөл байдал үүсчихээд байна, тиймээс миний Хтай буюу тухайн үедээ тай байгуулсан гэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, эрхийг минь сэргээж өгнө үү гэв.

1.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хууль бусаар зээл авсан гэдгээр эрүүгийн журмаар шалгуулах гэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх шударгаар үүссэн байх ёстой, 64 дүгээр зүйлийн 64.2-т бичгээр олгосон итгэмжлэл байна гээд байгаа боловч гарын үсгээ зурсан байх шаардлагатай. Шүүх шинжилгээний ерөнхий газраар гарын үсэг биш гэсэн байна. Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь итгэмжлэлийн шаардлагыг буюу хууль зөрчсөн байна, мөн зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг хүлээлгэн өгсөн талаарх баримтгүй. Мөн зээлнээс 2 000 000 төгрөгийг буцаан төлсөн гэдэг боловч хэн шилжүүлсэн талаар судласан байгаа. Гэтэл энэ нь бэлнээр өгсөн байгаа учраас хэн төлсөн эсэх нь мэдэгддэггүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Энэ төлөлттэй холбоотой хариуцагч нь өөрсдөө бас ямар ч баримт гаргаж өгдөггүй. Мөн эд хөрөнгийг худалдсан, зээлээ олгосон юм бол яагаад энэ олон жил зээлээ эргэн төлөхийг шаарддаггүй юм, үнэхээр хариуцлагагүй гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх нэршлээ сольсон. Эхлээд гэдэг нэртэй байсан. 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн гэрээ бол хүчин төгөлдөр хэлцэл буюу гэрээ юм. Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах худалдан авах гэрээ байгуулаад 2 тракторыг зээлээр мөнгийг нь төлөхөөр шилжүүлэн өгсөн. Нэхэмжлэгч нь өөрийгөө төлөөлж итгэмжлэл олгосон байдаг. Учир нь итгэмжлэлийг Нотариатын тухай хуульд зааснаар байгуулж, бүртгэлийг хөтөлж оруулсан байдаг. Нотариат Ч.Б өөрөө ч гэрчилсэн. Гэрч н., нотариатч нарын мэдүүлгээр итгэмжлэлийг олгосон гэдэг нь батлагдаж байгаа. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, зээлээ төлөх ёстой гэж үзэж байна. Гуравдагч этгээд нь тайлбараа баримтаар нотлогдоогүй. Харин манайхаас 2 тракторыг авч явсан гэдэг нь нотлогддог гэж үзэж байна гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Х нь нэхэмжлэгч Д.Б******* гэх иргэнийг танихгүй байна. Мөн тухайн асуудлыг мэдэхгүй байна. Миний бие Х гэх газраас зээл авч байгаагүй тул тухайн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна гэжээ.

3.1.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд нь өөрөө тайлбараа бичгээр өгсөн байгаа. Уг тайлбарыг дэмжиж байна. Нэгт Ч.Х нь Д.Б******* гэдэг иргэнийг танихгүй, зээл аваагүй гэж хэлдэг. Цагдаагийн байгууллагаар 2022 онд Ч.Хг шалгуулахаар өгсөн гэдэг боловч хэрэг бүртгэлийн хэргийг нээхээс татгалзсан гэж байна гэв.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгттйн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ, 2016.03.07-ны өдрийн итгэмжлэл, №001729 тоот зарлагын баримт, шилжүүлгийн баримт, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №746 тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архиваас 2024.02.29-ний өдрийн тодорхойлолт, зээлийн мэдээллийн лавлагаа, Д******* цахилгаан түгээх сүлжээ салбарын хуулбар баримт /гарын үсэг ашиглаж эхэлсэнтэй холбоотой/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ, орлогын баримт, 2016.03.07-ны өдрийн итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгшээ, 2023.07.21-ний өдрийн 02 дугаар Гүйцэтгэх захиралыг томилох тухай тогтоол, шүүхэд төлөөлөх итгэмжлэл гэсэн баримтуудыг,

гуравдагч этгээдээс хариу тайлбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Прокурорын. Газраас Д.Б*******ын гараар бичсэн хүсэлт, 2016.03.09-ний өдрийн гэрээ, зарлагын баримт, орлогын баримт, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 746 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ч.Хгийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, Х******* ТӨХХК-иас гэрч А.гийн мэдээлэл, холбогдох баримт, гэрч А., Б.Б нарыг дуудаж мэдүүлэг авсан, Нийслэлийн архивын газраас Нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар, 2016.03.07-ны өдрийн итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж, дүгнэлтийг хэрэгт хавсаргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 2.Нэхэмжлэгч нь хариуцагч Х******* ТӨХХК-д холбогдуулан 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардаж, үндэслэлээ уг зээлийн гэрээг байгуулаагүй, ямар ч бага оврын тракторыг аваагүй, итгэмжлэлийг олгоогүй байхад эд хөрөнгө зээлээр авсан, зээл төлөгдөөгүй гэж эрх зөрчиж, дахин хаанаас ч ямар ч зээл олгогдохгүй, эрх зүйн байдал дордож байна гэж тодорхойлсон.

3.Хариуцагч Х******* ТӨХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл гэж маргаад татгалзлаа нэхэмжлэгч нь гэрээ байгуулах итгэмжлэлийг гуравдагч этгээдэд олгосон, тракторыг хүлээн авсан боловч үнийг төлөөгүй байгаа тул хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй гэж үгүйсгэсэн.

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нэхэмжлэгч Д.Б******* гэх иргэнийг танихгүй, тухайн асуудлыг мэдэхгүй, Х гэх газраас зээл авч байгаагүй гэж тайлбарласан.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1.2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №Бот/2016-56 тоот Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээгээр нь нэхэмжлэгч Д.Б*******той зээлдэгчийн шаардлагатай FT-250 маркийн Бага оврын тракторыг /анжис/ 2 ширхэгийг худалдан авахын тулд зээлдүүлэгчээс зээлээр авах, төлбөр тооцоог тохиролцсон хуваарийн дагуу буцаан төлөх, зээлдэгчээс үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд анз төлөхөөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч нь зээлдэгчид 10 000 000 төгрөгийн үнэ бүхий FT-250 маркийн Бага оврын трактор /анжис/ 2 ширхэг эд хөрөнгийг зээлдэгчийн өрхийн аж ахуйг дэмжих, хөгжүүлэх зориулалтаар хүүгүйгээр олгохоор байгуулжээ.

5.2.2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Итгэмжлэлд Д.Б*******оос Ч.Хд намайг төлөөлөн Хүнс, Хөдөө аж ахуйн яамны газар тариалан эрхлэлтийг дэмжих сангаас FT250 трактор, анжис зээлээр худалдан авах, зээлийн болон худалдан авах гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон байна.

5.3.Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №746 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор ...2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Итгэмжлэл болон бусад нотлох баримтуудаас үзэхэд Ч.Х нь Д.Б*******ын нэрээр трактор зээлээр худалдан авсан болох нь тогтоогдсон боловч уг үйлдэл нь 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.5 дах хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорин ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн нь тогтоогдво яллагдагчаар татаж болохгүй заасан ба дээрх гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 3 жил өнгөрч, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр дууссан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.10 дугаар зүйлийн 1,2 дах хэсгийг удирдлага болгон иргэн Д.Б*******оос гаргасан бүртгэлийн Х-1-1419 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсугай гэжээ.

5.4.Хариуцагч Х******* ТӨХХК нь Хгийн ажлын алба, гэж нэр өөрчлөгдөж байсан талаараа маргаагүй болно.

 

6.Талууд бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл эсэх, уг гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн, итгэмжлэлийг олгосон эсэх талаар маргаж байна.

 

7.Нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №Бот/2016-56 тоот Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээг байгуулаагүй, уг гэрээг байгуулах гарын үсэг зурах итгэмжлэлийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Хд олгоогүй гэж тайлбарлаад талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн.

7.1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан бөгөөд хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан "хууль зөрчсөн" гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ.

7.2.Хариуцагч нь маргаан бүхий 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №Бот/2016-56 тоот Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, итгэмжлэлийн үндэслэн байгуулсан, нэхэмжлэгчээс бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд итгэмжлэл олгосон болох нь гэрч Ч.Б, А.гийн мэдүүлэг, нотариатын бүртгэлийн дэвтэр, бага оврын тракторыг хүлээлгэн өгсөн болох нь зарлагын баримт, техник тоног төхөөрөмж олгох зөвшөөрлийн хуудас, Төрийн банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байгаа тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

7.3.Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ, 62.4-д төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан.

7.4.Хэрэгт авагдсан 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №Бот/2016-56 тоот Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээнд зээлдүүлэгчийг төлөөлж ТЭДС-ийн ТСБА-ын нягтлан А.Э, ТЭДС-ийн ҮТБА-ын мэргэжилтэн А., зээлдэгчийг төлөөлж Ч.Х нар гарын үсэг зурж, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн итгэмжлэлийн хавсаргажээ.

7.5.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь дээрх итгэмжлэлийг олгоогүй, итгэмжлэлд зурагдсан гарын үсэг нэхэмжлэгч Д.Б*******ын гарын үсэг биш гэж, хариуцагч нь итгэмжлэлээр эрх олгогдсон гэж маргаж байх тул 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШЗ2024/20199 дүгээр шүүгчийн захирамжаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн нотариатч Б.Бгийн 105 дугаарт бүртгэж гэрчилсэн итгэмжлэлд зурсан гарын үсгийг Д.Б*******ын гарын үсэг мөн эсэх, түүний гарын үсэгтэй тохирч байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон.

7.6.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ЕГ0125/1091 тоот шинжээчийн дүгнэлтэд ...1.Архив хадгалагдаж буй 2016.03.07-ны огноотой Итгэмжлэл гэсэн баримтын зүүн талд Төлөөлүүлэгч гэсэн хэсэгт Д овогтой Б******* гэсний доор зурсан шинжилж буй гарын үсэг болон харьцуулах загвараар ирүүлсэн Д.Б*******ын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загварууд нь гарын үсгийн адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

2.Нийслэлийн архивын газарт хадгалагдаж буй 2016.01.04-2016.04.25-ны огноотой Хан-Уул дүүрэг Б.Б, Итгэмжлэл 1-179 гэсэн хавтаст материалын 145 гэж дугаарласан хуудсанд байх 2016.03.07-ны огноотой Итгэмжлэл гэсэн баримтын зүүн дунд Төлөөлүүлэгч гэсэн хэсэгт Д овогтой Б******* гэсний доор зурсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.Б*******ын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна... гэжээ.

7.7.Мөн хариуцагч нь нэхэмжлэгчээс бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд итгэмжлэл олгосон болох нь гэрч Ч.Б, А.гийн мэдүүлгээр нотлогдоно гэсэн боловч гэрч А. нь ...санахгүй байна, гэрч Ч.Б нь ...итгэмжлэлийг батлахад нэхэмжлэгч байсан эсэхийг мэдэхгүй байна, итгэмжлэлийг батлахад төлөөлөгч байхгүй байж болно төлөөлүүлэгч байх ёстой гэж мэдүүлсэн, бага оврын тракторыг хүлээлгэн өгсөн болох нь зарлагын баримт, техник тоног төхөөрөмж олгох зөвшөөрлийн хуудсаар нотлогдоно гэх боловч тракторыг хүлээлгэн өгсөн баримтад нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь гарын үсэг зураагүй, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс гэрээний үүргийг шаардаж байсан эсэх талаараа баримтаар нотлоогүй болно.

7.8.Хариуцагч нь нэхэмжлэгч буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хтай 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч уг гэрээний зүйл болох FT-250 маркийн бага оврын трактор /анжис/-ыг хүлээлгэн өгсөн талаар баримтаар нотлоогүй, мөн гэрээний хугацааг 4 жил байхаар гэрээний 3.1-д заасан атлаа шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, мөн гэрээг байгуулах эрх олгосон итгэмжлэлд зурагдсан нэхэмжлэгч Д.Б*******ын гарын үсэг нь гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн тул талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг оролцогчийн илэрхийлэл бодит хүсэл зоригт нийцсэн гэх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

8.Иймд нэхэмжлэгч Д.Б*******ын хариуцагч Х******* ТӨХХК-д холбогдуулан гаргасан 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг хэвээр үлдээж, дутуу төлөгдсөн 104 750 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын төсөвт оруулж, хариуцагчаас 174 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б*******ын хариуцагч Х******* ТӨХХК-д холбогдуулан гаргасан 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №Бот/2016-56 тоот Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг хэвээр үлдээж, дутуу төлөгдсөн 104 750 төгрөгийг нэхэмжлэгч Д.Б*******оос нөхөн гаргуулж, улсын төсөвт оруулж, хариуцагч Х******* ТӨХХК-иас 174 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН