2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/08359

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Г******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.С,

Хариуцагч: Б.Э,

Хариуцагч: Т.Э,

Хариуцагч: О.Б нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 384 640 526.01 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

Хариуцагч нарын төлөөлөгч, хариуцагч Б.С*******, хариуцагч Б.Э******* нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г******* ХК нь хариуцагч Т.С*******, Б.Э*******, Т.Э*******, О.Б******* нарт  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 384 640 526.01 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Зээлдэгч Т.С*******, Б.Э******* нар нь 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 3Г3305150839 тоот Зээлийн гэрээг Г*******тай байгуулж 184 750 000 төгрөгийн зээлийг жилийн 16.8% хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээл авсан. Мөн Т.С*******, Б.Э******* нар нь 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ЗГ3305150866 тоот Зээлийн гэрээг Г*******тай байгуулж 434 200 000 төгрөгийн зээлийг жилийн 19.8% хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан. Талууд ЗГ3305150839 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож хөрөнгө барьцаалсан болно. Талуудын хооронд байгуулагдсан ЗГ3305150866 тоот зээлийн гэрээний хугацаа 2027 оны 7 дугаар сарын 15-ны өдөр дуусах боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, хугацаандаа төлөөгүй 164 хоног хэтрүүлэн банкийг хохироож байна. Иймд зээлийн гэрээний 4.4-т заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч нараас ЗГ3305150866, ЗГ3305150839 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 630 021 436 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилж, тодруулсан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.С*******, Б.Э******* нар Г*******тай байгуулсан ЗГ3305150839 тоот орон сууцны зээлийн гэрээний өр төлбөрөө бүрэн төлж зээлийн дансаа хаасан болно. Иймд ЗГ3305150839 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 192 717 917 төгрөг гаргуулахаар, мөн ЗГ3305150839 тоот орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож ЗБ3305160839 тоот ипотекийн гэрээгээр Т.С*******ын өмчлөлийн  44 тоот хаягт байршилтай 71,51м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.С*******, Б.Э******* нар нь Г******* ХК-тай байгуулсан ЗГ3305150866 тоот зээлийн гэрээний өр төлбөрөөс 82 759 044.28 төгрөгийг төлсөн. Банк хариуцагч нарын санхүүгийн чадамж илтэд доройтсоныг харгалзан үзэж тус төлбөрийг үндсэн зээлийн төлбөрт суутгасан болно. Иймд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 82 759 044.28 төгрөгөөс татгалзаж байна. Г******* ХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 30 096 051.19 төгрөгөөр нэмэгдүүлж, нэхэмжлэлийн хэмжээг 384 640 526.01 төгрөг болгон нэмэгдүүлж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Зээлдэгч Т.С*******, Б.Э******* нартай 2024.07.18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 184 750 000 төгрөг, 2024.07.22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 434 200 000 төгрөгийн зээлийг тус тус зээлсэн. Гэтэл хариуцагч нар нь дээрх гэрээний үүргийг зөрчиж, хугацаандаа зээлээ төлөөгүй. Иймд манай компаниас зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь зээл төлсөн учраас 2024.07.18-ы өдрийн 184 750 000 төгрөгийн зээлийг хаасан. Иймд одоо 2024.07.22-ны өдрийн 434 200 000 төгрөгний зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа болно. Уг зээлийн гэрээнээс үндсэн зээл 314 736 858 төгрөг, хүү 62 066 302 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 484 651 төгрөг, даатгалын төлбөр 6 352 713 төгрөг, нийт 384 640 526 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Даатгалын хувьд ийм хэмжээний өр үүсээд байна гэж байгаа юм. 2024 оны 9 сараас гэрээ доголдсон байгаа. Тиймээс гэрээг цуцлах талаар дурдсан гэв.

 

2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Т.С*******, хариуцагч Б.Э******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас ЗГ3305150839 тоот Зээлийн гэрээг төлж барагдуулан дуусгавар болгосон байгаа. Харин ЗГ3305150866 тоот зээлийн гэрээний үүрэгт одоогийн байдлаар 314 736 858.37 төгрөгийн үлдэгдэл байна. 2024 оноос нүүрс тээвэр зогсонги байдалд орж мөн нүүрсний үнэ буурсантай холбоотойгоор манайх сар бүр 6 000 000-7 000 000 төгрөгийг төлж чадах хэмжээний орлоготой болсон байна. Гэхдээ нүүрс тээвэр сэргэж хэвийн болоход бид үндсэн хуваарийн дагуу зээлийн төлөлтөө төлж бүрэн дуусгана. Иймд хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2024.07.18-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээ, эргэн төлөлтийн график, хүү тооцооллын хүснэгт, 2024.07.18-ны өдрийн Ипотекийн гэрээ, Ү-2206******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, зээлдэгчийн барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ, 2024.07.22-ны өдрийн Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, дансны хуулга, 204.07.22-ны өдрийн Ипотекийн гэрээ, Ү-16020******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, №000028 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээ, Газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолт, 2024.07.22-ны өдрийн Ипотекийн гэрээ, Ү-1602 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Г-1602 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бизнесийн зээлийн даатгал-Эд хөрөнгийн даатгалын гэрээ, 2024.07.22-ны өдрийн Барьцааны гэрээ, Бизнесийн зээлийн даатгал-Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнүүд, 2024.08.07-ны өдрийн №1513, №01930 тоот итгэмжлэл, зээл хүсэгчийн мэдээлэл, Т.С*******ын гараар бичсэн хүсэлт, иргэний үнэмлэхний лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага гэсэн баримтуудыг,

хариуцагч Т.С*******оос иргэний үнэмлэхний лавлагаа, хариу тайлбар, гэсэн баримтуудыг,

хариуцагч О.Б*******аас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар гэсэн баримтуудыг,

хариуцагч Т.Э*******ээс шүүхэд төлөөлөх итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар гэсэн баримтуудыг,

хариуцагч Б.Э*******ээс иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Г******* ХК-ийн нэхэмжлэлээс 378 287 813 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хангаж, үлдэх 6 352 713 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Т.С*******, Б.Э*******, Т.Э*******, О.Б******* нараас зээлийн гэрээний үүрэгт 384 640 526 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж, үндэслэлээ ...хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, ашигласан зээлээ хүүгийн хамт хугацаандаа төлж барагдуулаагүй тул гэрээг цуцлаж, үндсэн зээлийн үлдэгдэл 314 736 858.37 төгрөг, зээлийн хүү 62 066 302.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 484 651.04 төгрөг, даатгалын төлбөр 6 352 713.76 төгрөг, нийт 384 640 526.01 төгрөг гаргуулж, үүргээ гүйцэтгээгүй зохих ёсоор гүйцэтгэхгүй бол хариуцагч нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тодорхойлсон.

3.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Т.С*******, Б.Э******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж, татгалзлын үндэслэлээ ...нүүрс тээвэр зогсонги байдалд орж, үнэ буурсантай холбоотой зээлийг хуваарийн дагуу төлөх боломжгүй байсан гэж маргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч Г******* ХК нь хариуцагч Т.С*******, Б.Э******* нартай 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр №ЗГ3305150839 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, орон сууц худалдан авах зориулалтаар 184 750 000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр №ЗБ3305150839 тоот Ипотекийн гэрээгээр хариуцагч Т.С*******ын өмчлөлийн  44 тоот хаягт байрлах, 71.51 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

4.2.Мөн Г******* ХК нь хариуцагч Т.С*******, Б.Э******* нартай 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр №ЗГ3305150866 тоот Зээлийн гэрээ байгуулж, хөрөнгө оруулалтын зориулалтаар 434 200 000 төгрөгийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр №ЗБ3305150866-1 тоот Ипотекийн гэрээгээр хариуцагч Т.Э*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-16020******* дугаартай,  607 тоот хаягт байршилтай, 76 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 8421 нэгж талбарын дугаар бүхий 76м.кв худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалттай Э-1602 дугаартай газар,

2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №ЗБ3305150866-2 тоот Ипотекийн гэрээгээр хариуцагч О.Б*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1602 дугаартай 110 тоот хаягт байрлах, 72 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, 8421 тоот нэгж талбарын дугаартай Г-1602 дугаар бүхий 2159 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт,

2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №БГ3305150866 дугаартай Барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Т.С*******ын өмчлөлийн *** улсын дугаартай тавцант чиргүүлийг тус тус барьцаалсан болох нь зээлийн болон барьцааны гэрээ, зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарь, барьцаалбар, баталгааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээл хүсэгчийн анкет, хүсэлт, зээлийн дансны хуулга, мемориалын баримт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

5.Талууд зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан, 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №ЗГ3305150839 тоот Орон сууцны зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон талаар маргаагүй, 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №ЗГ3305150866 тоот Зээлийн гэрээний эргэн төлөлт, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар маргаж байна.

 

6.Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 451.2-т зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна, 156 дугаар зүйлийн 156.1-д барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-д үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж зааснаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

6.1.Зохигчдын хооронд байгуулагдсан 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №ЗГ3305150866 тоот Зээлийн гэрээний хугацаа нь 36 сар буюу 2027 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дуусах боловч нэхэмжлэгч хугацаанаас өмнө гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүргийг шаардсан шаардлагыг гаргажээ.

6.2.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225 дугаар зүйлийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нарт зээлийн гэрээний зөрчил үүссэн талаар мэдэгдэж байсан гэж тайлбарласан, хариуцагч нар нь 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эргэн төлөлтөө төлөөгүй, зөрчил үүссэн болох нь зээлийн хүү, тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна гэж үзэв.

6.3.Зохигч талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 4.2.1-д зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, бол банк нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, зээлийг буцаан төлүүлэхээр шаардах эрхтэй гэж харилцан тохиролцжээ.

6.4.Иймд хариуцагч нар нь зээлийн төлбөрийг хуваарьт заасан хугацаандаа төлөөгүй, үүргээ хугацаандаа биелүүлээгүй, үүргээ биелүүлэхийг урьдчилан сануулж байсан ч зээл хугацаандаа төлөгдөхгүй болсон тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-д заасны дагуу нэхэмжлэгчийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй гэж үзэн хангаж шийдвэрлэлээ.

 

7.Нэхэмжлэгч Г******* ХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д зааснаар 434 200 000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн ба зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн хуваарийг зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 314 736 858 төгрөг, зээлийн хүү 62 066 302 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 484 651 төгрөг, даатгалын төлбөр 6 352 713 төгрөг, нийт 384 640 526 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

7.1.Хариуцагч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлт, зээлийн тооцооллын талаар маргаагүй боловч санхүүгийн нөхцөл байдлын улмаас хугацаанд нь төлөх боломжгүй байсан гэж тайлбарласан, цаашид нөхцөл байдал сайжирвал зээлийг хуваарийн дагуу төлөх боломжтой гэсэн боловч тайлбараа нотлох баримтыг ирүүлээгүй болно.

7.2.Иймд нэхэмжлэгч Г******* ХК нь зээлийн гэрээний зүйл болох 434 200 000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн, хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн хуваарийг зөрчсөн байх тул хариуцагч Т.С*******, Б.Э******* нараас зээлийн гэрээний үлдэгдэл 314 736 858 төгрөг, зээлийн хүү 62 066 302 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 484 651 төгрөг, нийт 378 287 811 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г******* ХК-д олгохоор шийдвэрлэв.

7.3.Нэхэмжлэгч нь даатгалын төлбөрт 6 352 713 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хариуцагч Т.С******* нь 2024.08.20-ны өдөр Практикал даатгал ХХК-тай бизнесийн зээлийн даатгал-эд хөрөнгийн даатгалын гэрээг байгуулсан, нэхэмжлэгч нь даатгалын төлбөрийг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт даатгалын төлбөрийг төлөхөөр заасан гэх боловч гэрээний 2.14.1-д зааснаар зээлдэгч даатгалын хураамжийг хуваан төлөхөөр гаргасан хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, мөн нэхэмжлэгч нь 2.14.2-д заасан даатгалын хураамжийн төлөлт тасалдсан, хугацаа хэтэрсэн тохиолдолд банк үндсэн зээлийн данснаас зээлийн төлбөрийг суутгахаас өмнө тэргүүн ээлжинд суутган авах эрхээ хэрэгжүүлсэн эсэх талаар баримтаар нотлоогүй тул даатгалын төлбөрт гаргуулахаар шаардсан 6 352 713.76 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

8.Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч Т.Э*******тэй 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр №ЗГ3305150866-1 тоот Ипотекийн гэрээ байгуулж, Т.Э*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-16020******* дугаартай, 607 тоот хаягт байршилтай, 76 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 8421 нэгж талбарын дугаар бүхий 76м.кв худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалттай Э-1602 дугаартай газар,

2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр №ЗБ3305150866-2 тоот Ипотекийн гэрээг хариуцагч О.Б*******тай байгуулж, О.Б*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1602 дугаартай 110 тоот хаягт байрлах, 72 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, 8421 тоот нэгж талбарын дугаартай Г-1602 дугаар бүхий 2159 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт,

2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр №БГ3305150866 тоот Барьцааны гэрээг хариуцагч Т.С*******той байгуулж, хариуцагч Т.С*******ын өмчлөлийн *** улсын дугаартай тавцант чиргүүлийг тус тус барьцаалжээ.

8.1.Талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Ипотекийн гэрээ, Барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь үндэслэлтэй.

8.2.Мөн талуудын хооронд байгуулагдсан Ипотекийн гэрээний 5.1-д зээлдэгч буюу барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол барьцааны зүйлээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх барьцаалагчид үүснэ, Барьцааны гэрээний 4.1-д зээлдэгч нь ЗГ3305150866 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд барьцааны эрхээ хэрэгжүүлэх эрх үүснэ. /зохих ёсоор биелүүлээгүй гэдэгт зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулаагүй, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, банкны зүгээс зээл, барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй зэргийг багтааж ойлгоно гэж заажээ.

8.3.Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана, 158 дугаар зүйлийн 158.1-д шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж зааснаар хариуцагч Т.С*******, Б.Э******* нар нь үүргээ гүйцэтгэхгүй, зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцаа хөрөнгө болох хариуцагч Т.С*******, Т.Э*******, О.Б******* нарын өмчлөлийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

9.Хариуцагч О.Б*******, Т.Э******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Т.С*******, хариуцагч Б.Э******* нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч Т.С******* нь ...нүүрс тээврийн машинаа жолоодож байгаа тул одоогоор Улаанбаатарт очих боломжгүй байна гэсэн хүсэлтийг ирүүлсэн боловч баримтыг хавсаргаагүй, хариуцагч Б.Э******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 378 257 /3 308 057+70 200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2 119 589 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г******* ХК-нд олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Т.С*******, Б.Э******* нараас зээлийн гэрээний үүрэгт 378 287 813 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г******* ХК-нд олгож, нэхэмжлэлээс 6 352 713 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар хариуцагч Т.С*******, Б.Э******* нар нь үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол хариуцагч Т.Э*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-16020******* дугаартай, 607 тоот хаягт байршилтай, 76 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 8421 нэгж талбарын дугаар бүхий 76м.кв худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалттай Э-1602 дугаартай газар,

хариуцагч О.Б*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1602 дугаартай 110 тоот хаягт байрлах, 72 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, 8421 тоот нэгж талбарын дугаартай Г-1602 дугаар бүхий 2159 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт,

хариуцагч Т.С*******ын өмчлөлийн ***** тавцант чиргүүлийг тус тус албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 378 257 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2 119 589 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г******* ХК-нд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                 

  

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН