| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 2413000000233 |
| Дугаар | 2025/ДШМ/03 |
| Огноо | 2025-01-09 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | М.Парида |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2025/ДШМ/03
Б.Т-т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж, Ерөнхий шүүгч А.Дауренбек, шүүгч Б.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/260 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Т-т холбогдох эрүүгийн 2413000000233 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэж 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Парида, шүүгдэгч Б.Т-, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Бахыт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу, орчуулагч М.Нурасыл нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хүнтэй, ***** тоотод оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 9.2.11, 9.2.15 дахь хэсэгт зааснаар 16 жилийн хорих ялаар шийтгүүлж, хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай С овогт Б.Т- /************/.
2. Шүүгдэгч Б.Т- нь согтуурсан үедээ 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн өглөө 06 цаг 30 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэрлэлтээ цуцлуулсан буюу өмнө нь гэр бүлийн харилцаатай байсан Б.Б-ийн өвлийн байшингийн цонхыг хагалж, түүгээр дотогш нэвтрээд хутга барьж “чамайг ална” гэж дайрах үед хохирогч нь байшингаас зугтаж гарах үед араас нь хөөж очоод, хашаан дотор түүний хэвлий тус газарт хоёр удаа, ар нурууны дал орчим хэсэгт нэг удаа хутгалж, бие махбодын зовуурь үүсгэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж алахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
3. Прокурорын 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 214 дүгээр яллах дүгнэлтээр Б.Т-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
4. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд:
4.1. Б.Т-т буруу байна гэжээ.
5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/260 дугаар шийтгэх тогтоолоор:
5.1. Шүүгдэгч С овогт Б.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүн алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд,
5.2. мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
5.3. Шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял,
мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,
5.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ял дээр тус тус нэмж нэгтгэж, түүний эдлэх хорих ялыг 15 жилийн хугацаагаар тогтоож,
5.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т оногдуулсан 15 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн хаалттай хорих байгууллагад эдлүүлж,
5.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийн баривчлагдсан, цагдан хоригдсон 133 хоногийг эдлэх хорих ялаас хасаж тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйл 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т- нь гэмт хэргийн хохирол, хор уршиг, мөн сэтгэцэд учирсан хор уршигт өөрийн өмчлөлийн ************* байршилтай, 48 метр кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-*********дугаар гэрчилгээ бүхий хувийн сууцыг газрын хамт хохирогч Б.Б-ийн нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохиролцсоныг дурдаж,
5.7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б- нь шүүгдэгч М.Т-ээс цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
6. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд:
6.1. Б овогтой Т- миний бие тус аймгийн Өлгий сумын 10 дугаар багт, ганц бие амьдардаг. Би тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт зааснаар 5 жил, мөн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар 10 жил, нийт 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн цагдан хоригдож байгаа ба шүүхийн дээрх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан ялыг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх зорилгоор давж заалдах гомдол гаргаж байна.
6.2. Б.Т- миний бие тухайн хэрэг гарсан өдөр сэтгэл санааны гүнзгий хямрал, гутралаас болж, өөрийн урьд хамт амьдарч байсан эхнэр маань олон жил ханилан сууж, 5 хүүхэд төрүүлж, эсэн мэнд асран хамгаалж байсан боловч гэрлэлтээ цуцлуулсанд нь гомдол тээж явснаас болоод түүнийг хутгалж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байгаа юм. Би эхнэртэйгээ 2005 онд гэр бүл болж, бид хоёр дундаасаа 5 хүүхэдтэй болсон бөгөөд хүүхдүүд маань 5-18 насны 5 хүүхэдтэй, тэдний 4 нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг юм.
6.3. Гэтэл эхнэр бид хоёр хоорондын таарамжгүй нөхцөл байдлын улмаас 2023 онд гэрлэлтээ шүүхээр цуцлуулж, хүүхдүүд бүгд ээжийнхээ асрамжид шилжсэн боловч 16 настай хоёр дахь хүүхэд болох Ж- нь миний дүү Б.Е-ын гарт хүмүүжиж байна. Надад шүүхээс зөвхөн эхнэр Б-ийн биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт 10 жилийн хорих ял оногдуулсан нь хугацааны хувьд их байна гэж бодож байна. Ер нь 15 жил өргөстэй торны цаана хоригдоно гэдэг нь миний хувьд тун бэрх хүнд шалгуур болоод байна. Би одоо 46 настай болохоор уг бүх ялаа эдэлж дуусахад би 60 нас хүрэх юм байна. Цаана нь надад хүүхдүүдээ харж хандах, бага боловч хамт амьдрах хугацаа бараг үлдэхгүй юм байна гэж бодогдож байна. Би хийсэн хэрэгтээ тохирсон ял шийтгэлийг толгойгоороо дааж хариуцах ёстой гэдгийг ухамсарлан ойлгож байгаа болно.
6.4. Ингэхэд би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирлоо барагдуулсан, гэмшиж байгаа, хохирол төлбөр байхгүй, миний насанд хүрээгүй олон хүүхэдтэй байгаа байдлыг шүүхээс ял оногдуулахдаа харгалзан үзэх байсан боловч ялын хэмжээний хувьд их байна гэж үзэж байгаа юм.
6.5. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж, энэрэнгүй ёсоор хандаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Т- надад оногдуулсан хорих ялын хэмжээг хуулийн дагуу багасгах арга хэмжээ авч өгнө үү.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Бахытын давж заалдах гомдлын агуулга:
7.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/260 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт зааснаар 5 жил, мөн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар 10 жил, нийт 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн цагдан хоригдож байгаа Баймухан овогтой Т-ийн өмгөөлөгч Т.Бахыт би уг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
7.2. Анхан шатны шүүхээс Б.Т-т гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүн алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Мөн түүнд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд 10 жилийн хугацаагаар хохих ял оногдуулжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд 5-аас дээш 12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байдаг. Гэтэл шүүхээс хуульд заасан хэмжээнд багтааж ял оногдуулсан боловч, түүний үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирлыг барагдуулсан, гэмшиж байгаа, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан анхаараагүй, өөрөөр хэлбэл түүнд оногдуулсан хорих ялын хэмжээ тохироогүй байна гэж үзэж байна.
7.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн 6.1-р зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байдаг. Мөн Б.Т- нь урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байсан хэдий ч түүнд оногдуулсан 15 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь дээрх хуулийн заалтад тохироогүй, шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж үзэж байна.
7.4. Иймд Б.Т-т анхан шатны шүүхээс 15 жилийн хугацаагаар тогтоосон хорих ялын хэмжээг хуульд нийцүүлэн багасгаж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хөнгөрүүлж өгнө үү.
8. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
8.1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т-ийн үйлдсэн хэрэг нь бүрэн нотлогдсон. Хуулийн зүйлчлэл түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэсэн дүгнэлттэй байна.
8.2. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой танилцсан. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан. Үүнийхээ дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Т-ийн хувийн байдлыг бүрэн тогтоосон. Шүүгдэгч Б.Т- нь 2010 онд энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн талаар нотлох баримтууд авагдсан. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 11 дэх заалтад зааснаар 16 жилийн хорих ялыг чанд дэглэмтэйгээр оногдуулсан. Мөн би анхан шатны шүүхэд улсын яллагчаар оролцохдоо шүүгдэгч Б.Т-т 23 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай эрэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр санал гаргасан. Харин анхан шатны шүүх үүнийг хөнгөлж 15 жилийн хорих ял оногдуулсан.
8.3. Хохирогч Б-ийн мэдүүлгээр “тухайн үед хутга барьсан байдалтай орж ирээд, намайг ална гэж хэлээд, над руу дайрсан” гэж мэдүүлсэн. Мөн насанд хүрээгүй гэрч А- мэдүүлэгтээ “Б.Т- ээж рүү хандаж “би чамайг ална, дараа нь өөрийгөө ч гэсэн ална гэж дайрсан” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон. Мөн тухайн үед шүүгдэгч нэлээн согтуу байсан, мөн гэр рүүгээ хутга аваад ороод ирсэн нь нотлогдон тогтоогдсон. Хохирогчийн мэдүүлэгт “өглөөний 06 цаг 30 минутын үе байсан, хаалга тогшоод “Б.Т- байна” гэхээр хаалгаа тайлаагүй, тэгээд цонхыг хагалаад ороод ирсэн” гэж мэдүүлсэн.
8.4. Иймд шүүгдэгч Б.Т- нь хүнийг алах санаа зорилготой орж ирсэн болох нь бүрэн нотлогдсон. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүн алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан” гэдгийг дүгнэж зүйлчилсэн. Мөн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан. Тухайн үед таслан зогсоосон нөхцөл байдал нь хоёр хүүхэд нь болиулсан. Дараа нь хөрш залуу нь гэрээс гараад ирсэн. Тэр гэрч нь Өлгийд байхгүй байсан учраас гэрчийн мэдүүлэг авч чадаагүй. Б- нь очоод хөршийн хаалгыг тогшоод, гараад ирэхээр нь Б.Т- зугтаад явсан. Тиймээс хүн алах гэмт хэргийг завдалтаар үйлдсэн гэдгээр давхар зүйлчилсэн.
8.5. Хохирогч Б- сэтгэл санааны хохирлын талаар “би газрын гэрчилгээ болон хувийн байшинг авахаар болж хоорондоо тохирсон, нотариатаар батлуулаад, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэдгийг илэрхийлсэн болохоор хохирлын талаар ямар нэгэн маргаангүй гэж дурдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ТОДОРХОЙЛОХ нь:
9. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Т- болон түүний өмгөөлөгч Т.Бахытын гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
10. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй. Харин шүүх хэргийн үйл баримтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.
11. Шүүгдэгч Б.Т- нь согтуурсан үедээ 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн өглөө 06 цаг 30 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах урьд нь гэр бүлийн харилцаатай байсан буюу гэрлэлтээ цуцлуулж байсан иргэн Б.Б-ийн өвлийн байшингийн цонхыг хагалж түүгээр дотогш нь нэвтрээд, “чамайг ална” гэж хохирогч руу хутга барьж дайрах үед Б.Б- нь байшингаас зугтаж гарсан ба араас нь хөөж очоод хашаан дотор түүний хэвлий тус газарт хоёр удаа, ар нурууны дал орчим хэсэгт нэг удаа хутгалж, хохирогчид бие махбодын зовуурь үүсгэж, зэвсэг хэрэглэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж, алахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
12. Анхан шатны шүүхээс прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Б.Т- нь гэрлэлтээ цуцлуулсан эхнэр Б.Б-ийн өвлийн байшингийн цонхыг хагалж ороод хутга барьж дайрахад тэрээр байшингаас гараад зугтах үед араас нь хөөж очоод хашаан дотор түүний хэвлий тус газарт хоёр удаа, ар нурууны дал орчим хэсэгт нэг удаа хутгалж, бие махбодын зовуурь үүсгэж, алахыг завдаж, зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэх дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсны улмаас Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Хэргийн жинхэнэ нөхцөл байдалд хэргийн зүйлчлэлийг зөв сонгон, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аль тохирох зүйл, хэсгээр оновчтой зүйлчлэх нь хууль ёсны зарчмыг хангахаас гадна гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим болон түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх шударга ёсны зарчмыг хангах урьдчилсан нөхцөл болох тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтын хүрээнд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр, харин хөнгөрүүлж өөрчлөлт оруулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
13. Шүүгдэгч Б.Т- нь согтуурсан үедээ 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн өглөөний 06 цаг 30 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, урьд нь гэр бүлийн харилцаатай байсан буюу гэрлэлтээ цуцлуулсан иргэн Б.Б-ийн өвлийн байшингийн цонхыг хагалж түүгээр дотогш нэвтрээд Б.Б- рүү хутга барьж дайрах үед тэрээр байшингаас гарч зугтахад араас нь хөөж очоод хашаан дотор хохирогчийн хэвлий тус газарт хоёр удаа, ар нурууны дал орчим хэсэгт нэг удаа хутгалж, бие махбодын шаналал, зовуурь үүсгэж, зэвсэг хэрэглэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
- Иргэн Б.Б-аас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 02-06 дахь тал/,
-Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,
- Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21, 23-24, 110-111, 229 дэх тал/,
-Гэрч Т.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41 дэх тал/,
-Насанд хүрээгүй гэрч Т.А-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-46 дахь тал/,
- Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч ажилтай К.Хайратын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 487 дугаартай “Иргэн Б.Б-ийн биед хутганы шарх, зүүн далны хэсэгт цээжний хөндийд нэвтэрч, зүүн уушигны хатгагдсан шарх, хэвлийн зүүн талд хөндлөн байрлалтай 2 ширхэг хатгагдсан шархтай, зүүн уушиг шалчийсан, зүүн уушигны пневмоторокс (цус хуралттай), гидроторокс (шингэн хуралттай) гэмтлүүд тогтоогдлоо, Иргэн Б.Б-ийн биед үүссэн гэмтлүүд нь 3 удаагийн ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 1-7 хоногтой үүссэн шинэ гэмтлүүд байна. Иргэн Б.Б-ийн биед үүссэн гэмтлүүд хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад удаан нөлөөлөх болно. Иргэн Б.Б-ийн дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул, хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
-Яллагдагч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 92-93 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.
14. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход орших бөгөөд уг хуулийг зөрчсөн этгээдийн үйлдлийн шинж чанар, давтамж, хохирол, хор уршгийг харгалзан Эрүүгийн эсхүл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх ба гэр бүлийн хамааралтай хүмүүсийн таарамжгүй харилцаанаас үүссэн гэмт хэрэг бүрийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчлэх нь учир дутагдалтай юм. Харин гэр бүлийн хамааралтай хүнийг зодсон зөрчлийн шинжтэй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэг болж шилжихдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт санаа зорилго, тухайн үйлдлээ хэрэгжүүлсэн арга хэлбэр, учруулсан хохирлын шинж чанар, гэр бүлийн харьцааны тогтсон хэв шинж зэргээс хамааран Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн аль тохирох заалт, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн аль тохирохоор зүйлчилдэг нь хууль хэрэглээний тогтсон ойлголт юм.
15. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг үндэслэлтэй зөв тогтоосон боловч шүүгдэгч Б.Т-ийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар давхар зүйлчилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутай гэсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхээр завдах хууль зүйн ойлголтыг тодорхойлсон. Гэмт хэрэг үйлдэхээр завдах нь санаатай гэм буруугийн хэлбэртэй байх бөгөөд гэмт этгээдийн хүсэл зоригоос үл хамаарч түүний гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь туйлдаа хүрч чадаагүй байдгаараа онцлогтой. Шүүгдэгч Б.Т- нь өмнө нь гэр бүлийн харилцаатай байсан буюу гэрлэлцээ цуцлуулсан иргэн Б.Б-ийн өвлийн байшингийн цонхыг хагалж ороод хутга барьж дайрахад тэрээр байшингаас гараад зугтах үед араас нь хөөж очоод хашаан дотор түүний хэвлий тус газарт хоёр удаа, ар нурууны дал орчим хэсэгт нэг удаа хутгалах үед тэдний хоёр хүүхэд болох Т.Жа-, Т.А- нар хамт байсан, хүүхдүүдийнхээ “ааваа боль боль” гэж хэлж хориглоод байхад хохирогчийг хутгалж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд тэрээр хохирогчийг алах сэдэл, зорилгоор үйлдлээ хэрэгжүүлэх үед Б.Т-ийн хүсэл зоригоос үл хамаарч түүний гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь туйлдаа хүрч чадаагүй нөхцөл байдал хэргээс тогтоогдоогүй нь гэрч Т.Жа-, Т.А- мэдүүлгээр тогтоогдож байх тул прокуророос хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтаар давхар зүйлчилснийг хууль ёсны зарчмыг хангаагүй гэж үзэв.
16. Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т-ийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон боловч тэрээр хүнийг алах гэсэн санаа, зорилготой байсан гэх нөхцөл байдал нь хавтаст хэрэгт цугларсан, хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч хангалттай тогтоогдоогүй, харин хохирогч Б.Б-тэй урьд нь гэр бүлийн харилцаатай байсан бөгөөд шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулсан нөхцөл байдалд өсөрхөн дургүйцэж, согтуурсан үедээ түүний өвлийн байшингийн цонхыг хагалж ороод хутга барьж дайрах, араас нь хөөх, улмаар түүний хэвлий тус газарт хоёр удаа, ар нурууны дал орчим хэсэгт нэг удаа хутгалж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар, хохирогчид бие махбодын шаналал, зовуурь үүсгэж, зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ.
Тухайлбал, гэрч Т.Жа-ын “Өчигдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 01-ний өглөө үүрээр 6 цаг өнгөрч байх үеэр би ээж, дүү нарын хамт гэртээ унтаж байхад манай гэрийн хаалга дотор талаасаа түгжсэн байсан ба тэр үед манай гэрийн хаалгыг гадна талаас нэг хүн цохисон, тэгээд тэр үеэр манай ээж Б- орноосоо босож хувцсаа өмсөөд харснаа Т- ирсэн байна, согтуу юм шиг байна гэж хэлээд хаалга үүдээ тайлаагүй бөгөөд намайг чи хувцсаа өмсөөд босоорой гэж хэлсэн юм. Тэгээд би дуу чимээг нь хэсэг чагнахад хаалга цохиж байснаа хэсэг чимээгүй болсон юм. Удалгүй манай гэрийн том өрөөний цонх хагарсан бөгөөд энэ үед би орноосоо босоод хувцсаа өмсөөд том өрөөнд ороход манай ээж хаалганы хажууд зогссон байсан. Тухайн хагарсан цонхоор манай аав Т- нь орж ирсэн, гартаа нэг хутга барьсан, чамайг алах гэж ирлээ гээд ээж рүү дайрсан. Энэ үед ээж маань гэрээсээ гараад зугтаах үед Т- ээжийн хойноос гэрээс гараад явсан бөгөөд миний охин дүү болох А- бид хоёр аав, ээжийн хойноос гараад гүйхэд ээж хажуу айлын цонхны дэргэд очоод хөршийн цонх цохих үед Т- ээжийг барьж авсан. Тэр хоёр тухайн газарт нэлээд ноцолдсон, харин дүү бид хоёр аав руу хараад боль, боль гэж орилж хэлсэн боловч эцэг Т- огт тоогоогүй, ээж рүү гартаа хутга бариад дайраад байсан юм. Тэгээд ээж Б- тухайн газраас ахиж зугтаад хашааны хаалганы дэргэд очоод хаалга онгойлгоод гарах үед Т- ээжийг ахиад барьж аваад тэнд зууралдаад байсан, миний харснаар Т- ээжийг хэд хэдэн удаа бие рүү нь хутгалсан байх шиг байсан, ээжийн урд цээж, гэдэс хэсгээр нь цус гарч байсан. Тэр үед аав ээжийг барьж аваад би чамайг ч гэсэн ална, өөрийгөө ч гэсэн ална гэж хэлээд гартаа барьсан хутгаар өөрийнхөө хүзүүний хавьд хутгаар жаахан газар зүсэх шиг болсон, тэгээд ээж буцаад хашаан дотор орж ирэх үед нь тухайн хаалгыг дотор талаас нь цоожилж авсан бөгөөд энэ үед ээж маань нэлээд цус алдаж байсан болохоор эмнэлэгт дуудлага өгсөн юм.
Удалгүй түргэн тусламж ирээд ээжийг эмнэлэг рүү аваад явсан. Уг нь би хамгийн эхлээд манай аав цонх хагалаад орж ирэх үед гартаа хутга барьсан байсан болохоор ямар нэгэн зүйл болж магадгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад тэр үед нь дуудлага өгсөн бөгөөд сүүлд түргэн тусламж дуудах үеэр мөн адил цагдаад дуудлага өгсөн. Харин манай ээжийн ах дүү нарт тухайн үед хөрш айлын хүн дуудаж мэдэгдсэн гэсэн. Миний харснаар ээжийн хэвлий гэдэс хэсэгт нь 2 удаа, дал нуруу хэсэгт нэг удаа тус тус хутгалсан байсан....миний анзаарч харснаар аав Т- нь согтуу байсан, гэхдээ ухаанаа алдсан согтуу бол биш, ухаан санаагаа мэдэж байсан... гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41 дэх тал/,
насанд хүрээгүй гэрч Т.А-ы “... эгч бид хоёр аавыг боль боль гэж хэлсэн боловч ерөөсөө хүч өгөхгүй дайрч байсан, тэгээд ээж ахиж зугтаагаад хашааны хаалганы дэргэд очоод хаалгаар гарч байхад эцэг Т- ээжийг ахиад хувцаснаас нь зуурч бариад тухайн газарт нэлээд ноцолдсон, энэ үед бид нар орилоод болиулах гэсэн боловч Т- болихгүй байсан бөгөөд ээж рүү хандаад би чамайг ална, бас өөрийгөө ч гэсэн алах болно гэж хэлээд гартаа барьсан хутгаар өөрийнхөө хүзүү хэсэгт 2-3 удаа зүсэх шиг болсноо хутгаа газарт шидсэн, тэр үед ээж буцаад хашаагаар ороод хашааны хаалга хаах үед хөрш айлын ахын хүү болох хоч нэр Н гэх залуу ирээд хашааны хаалгыг дотор талаас нь цоожилж авсан юм. Тэгээд манай эгч түргэн тусламж, цагдаад дуудлага өгсөн бөгөөд ээж рүү харахад ээжийн хамаг бие нь тэр чигээрээ цус гарсан байсан ба тэгэхэд би эцэг Т- нь ээжийг хутгалсан гэдгийг мэдсэн” /хавтаст хэргийн 44-46 дэх тал/ гэх хэргийн газарт байсан 2 гэрчийн мэдүүлгээс дүгнэвэл, шүүгдэгч Б.Т- нь иргэн Б.Б-ийг алахад шууд чиглэсэн санаатай үйлдэл хийсэн гэх үндэслэл хангалттай тогтоогдоогүйгээс гадна Б.Т-ийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас хүнийг алах гэмт хэрэг туйлдаа хүрээгүй буюу төгсөөгүй гэж үзэх нөхцөл байдалгүй, харин шүүгдэгч нь хохирогчтой урьд өмнө гэр бүлийн харилцаатай байсан байдлыг далимдуулж, гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан байдалд дургүйцэж, согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх санаа зорилго, сэдэлтээр хохирогчийн байшинд хууль бусаар нэвтэрч, тэрээр байшингаасаа гарч зугтах үед араас нь хөөн, бие махбодид нь шаналал, зовуурь үүсгэх олон тооны шархыг хутга хэрэглэж гэмтэл учруулсны дараа өөртөө гэмтэл учруулахыг завдах, дараа нь гартаа барьж байсан хутгаа шидэх зэрэг нөхцөл байдлуудаас үзвэл, түүний үйлдэлд Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж хангагдсан байна.
17. Иймээс шүүгдэгч Б.Т-ийн иргэн Б.Б-ийн өвлийн байшингийн цонхыг хагалж ороод хутга барьж дайрах, хохирогч нь байшингаас зугтаж харах үед араас нь хөөж очоод, хашаан дотор түүний хэвлий тус газарт хоёр удаа, ар нурууны дал орчим хэсэгт нэг удаа хутгалж, хохирогчийн бие махбодод нь олон тооны шарх, зовуурь үүсгэж, зэвсэг хэрэглэж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдлүүдийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан гэж үзэв. Б.Т- нь иргэн Б.Б-ийн биед гурван удаагийн ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хүнд хохирол санаатай учруулсан, түүний биед учирсан олон тооны шарх, гэмтлүүд нь хохирогчид бие махбодын шаналал, зовуурь үүсгэсэн нь шинжээчийн дүгнэлтээр бүрэн тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, … эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Т-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын шаналал, зовуурь үүсгэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль ёсны болон гэм буруугийн зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.
18. Шүүгдэгч Б.Т- нь “…би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирлоо барагдуулсан, гэмшиж байгаа, хохирол төлбөр байхгүй, миний насанд хүрээгүй олон хүүхэдтэй байгаа байдлыг шүүхээс ял оногдуулахдаа харгалзан үзэх байсан боловч ялын хэмжээний хувьд их байна гэж үзэж байгаа юм. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж, энэрэнгүй ёсоор хандаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, надад оногдуулсан хорих ялын хэмжээг хуулийн дагуу багасгах арга хэмжээ авч өгнө үү” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Бахыт нь “…Б.Т-т анхан шатны шүүхээс 15 жилийн хугацаагаар тогтоосон хорих ялын хэмжээг хуульд нийцүүлэн багасгаж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хөнгөрүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар хуульд заасан төрөл, хэмжээний дотор 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.
Тодруулбал, шүүгдэгч Б.Т- нь гэр бүлийн харилцаатай буюу гэрлэлтээ цуцлуулсан эхнэр Б.Б-ийн өвлийн байшингийн цонхыг хагалж түүгээр дотогш нэвтрээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх сэдэл, санаа зорилгоор хохирогчид хутга барьж дайрах үед Б.Б- нь байшингаас зугтаж гарсан ба араас нь хөөж очоод хашаан дотор түүний хэвлий тус газарт хоёр удаа, ар нурууны дал орчим хэсэгт нэг удаа хутгалж, хохирогчид бие махбодын зовуурь үүсгэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдалд түүнд хуульд зааснаар оногдуулсан арван жилийн хугацаагаар хорих ялын хэмжээ болон уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн дэглэм тохирсон байх тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Т.Бахыт нарын давж заалдах гомдлуудыг үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв..
19. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хуульд зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар “Б.Т- гэм буруутай байна” гэх дүгнэлтийг гаргажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “шүүгдэгчийн гэм буруугийн талаар санал бичих, уншиж сонсгох”, мөн хуулийн 35.26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 35.25 дугаар зүйлд заасан ажиллагаа явагдаж дууссаны дараа шүүгдэгчийн гэм буруугийн талаар бичгээр гаргасан саналаа уншиж сонсгож болно” гэж хуульчилсан бөгөөд иргэдийн төлөөлөгчийн дээрх агуулга бүхий шүүгдэгчийн гэм буруугийн талаарх үндэслэл бүхий дүгнэлтийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа харгалзаж үзсэнийг тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/260 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт:
“Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт оруулж,
1 дэх заалтаас: “Шүүгдэгч С овогт Б.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүн алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд” гэснийг,
2 дахь заалтаас: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял,” гэснийг тус тус хасаж өөрчлөн,
3 дахь заалтыг хүчингүй болгож,
4 дэх заалтын “15 жилийн хорих ялыг” гэснийг “10 жилийн хугацаагаар хорих ялыг” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Т.Бахыт нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ Д.КӨБЕШ