| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 240/2018/0124/Э/ |
| Дугаар | 134 |
| Огноо | 2018-07-25 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 134
2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2018/ШЦТ/134 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,
Шүүгдэгч: А.О ,
Нарийн бичгийн дарга: Б.Ренчиндорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.О т холбогдох эрүүгийн 1828000710084 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 19-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, түгээгч мэргэжилтэй, Номгон сумын Д багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, Петровис шатахуун түгээх станцын эрхлэгч, түгээгч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Номгон сумын Д баг, Рашаантын 04-05 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, А.О /Регистрийн дугаар:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.О нь Өмнөговь аймгийн Номгон сумын иргэдийн нийтийн хурлын даргаар ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тус сумын иргэдийн нийтийн 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуралд “Д” ХХК-ийн “Хар толгойн холимог металлын далд уурхай” төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцээгүй байж хэлэлцэж дэмжсэн тухай 2 болон 2/3 дугаартай эрх олгосон хурлын тэмдэглэл, тогтоолыг зориудаар, хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О мэдээлэхдээ: ” 2017 оны 08 сарын 08 өдөр Ц.М , Х.М 2 тогтоол, хурлын тэмдэглэл хоёр авна гэхээр нь болохгүй байх гэсэн Х.М намайг шалж байгаад явсан. Маргааш нь дахиж ирээд хурлын тэмдэглэл авч явсан “ гэв.
Эрүүгийн дугаартай хэргээс:
Шүүгдэгч А.О мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:...“2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэнийхээ үүргийн дагуу Өмнөговь аймгийн Номгон сумын Д багийн Иргэдийн нийтийн хуралд оролцсон. Энэ хурлаар багийн иргэдээс намайг Иргэдийн нийтийн хурлын даргад нэр дэвшүүлэн хуралд оролцсон иргэдийн 57 хувийн санал авч Номгон сумын Д багийн Иргэдийн нийтийн хурлын даргаар сонгогдсон. Түүнээс хойш 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр анхныхаа Иргэдийн нийтийн хурлыг хийсэн. Тэгээд мөн оныхоо 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 2 дахь хурлаа хуралдуулсан. Тэгээд тус хуралд Д багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Д компанийн менежер Ц.М өөр 3 хүний хамт ирж оролцсон. Хурлаар хэлэлцэх асуудлаа хэлэлцэж Д компани нь багийн иргэдтэй хамтран ажиллах талаар буюу багийн иргэдээс мал, мах, сүү цагаан идээ авах зэрэг асуудлыг ярьсан. Түүнд багийн иргэд санал бодлоо хэлэлцэж байсан. Тэгээд хаягдлын далангийн ус гадагшаа урсаж байгаа эсэх талаар иргэд Д компаниас асууж байсан. Мөн зарим иргэд болохоор багийн иргэдийг ажилд авч ажиллуулах болон мал махыг нэг айлаас олон тоогоор авах шаардлагатай байна гэж хэлж байсан. Д компани нь 2017 оны 07 дугаарын сарын сүүлээр ажил эхэлнэ. Тэгэхээр багийн дарга нар айл өрхийнхөө графикийг гаргачих тэгээд түүний дагуу айл өрхөөс мал махаа авъя. Мөн багийн иргэдээс хүн авч ажиллуулна гэж хэлж байсан. Би уг иргэдийн нийтийн хурлын тэмдэглэлийг арай бичиг үсэг сайтай гээд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Г.Ц хөтлүүлсэн. Тэгсэн Г.Ц нь хурлын тэмдэглэлийг бүрэн гүйцэт хөтлөөгүй яригдсан зүйлийг ганц нэг өгүүлбэрээр товчлон бичсэн байсан. Зарим нэг асуудлыг гарчгийг нь тавиад орхисон байх жишээтэй хөтөлсөн байсан. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш ажлын 5 хоногт гараар бичсэн хурлын тэмдэглэлийг компьютерт шивж өгөх ёстой байсан тул би хугацаанд нь шивж өгсөн. Тэгээд дараа нь нэлээн сүүлд дулаан байхад Д компанид менежер ажилтай Номгон сумын иргэн Х.М гэж хүн ирсэн. Тэр надад хэлэхдээ Д компанийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хугацаа дууссан. Дахин гаргуулах шаардлагатай байна. Тэгэхэд Д багийн иргэдийн тус компанийг иргэдийн хурлаар дэмжсэн тэмдэглэл болон тогтоол хэрэг болоод байна. Тэрийг гаргаад өгөөч гэж надаас гуйсан. Тэгэхээр нь би болохгүй гэдгээ хэлсэн. Тэгсэн чинь гуйж байгаад яваад өгсөн. Тэгээд маргааш нь дахиад намайг Шатахуун түгээх станц дээрээ байж байхад Х.М дахиж ирээд тэмдэглэл тогтоол хоёроо гаргаад өгчих гээд гуйгаад байхаар нь би хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлаасаа болоод зөвшөөрсөн. Тэгээд би 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэлийг өөрчлөн уг хурлаар Д компанийн үйл ажиллагааг багийн иргэдээс дэмжсэн утга бүхий өгүүлбэр оруулж өөрөөр хэлбэл багийн иргэн Х.М , М гэж хоёр хүн уг компанийг дэмжиж үг хэлж байгаагаар бичсэн. Тэгээд багийн иргэдийн хурлаар Д компанийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ авахад иргэдийг дэмжсэн тухай Иргэдийн нийтийн хурлын тогтоолыг хуурамчаар гаргаж өгсөн. Тэр тогтоол тэмдэглэл хоёрыг Х.М д өгч явуулсан. Миний тогтоол гаргаж өгсөн нь миний буруу. Би юу ч аваагүй. Ямар нэг эд зүйл мөнгө төгрөг юу ч аваагүй. Би түүнийг бол баттай хэлж байна. Хуурамч тэмдэглэл тогтоол гаргаж өгсөн нь миний буруу гэдгийг ойлгож байгаа. 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Г.Ц гийн яг тухайн өдрөө хөтөлсөн гар ноорог тэмдэглэл, мөн уг тэмдэглэлийг нь би компьютер дээр шивж хэвлэн Номгон сумын иргэдийн төлөөлөгчид өгсөн нэг тэмдэглэл, тэгээд мөн Х.М д гаргаж бичиж өгсөн хуурамч тэмдэглэл ингээд 3 тэмдэглэл байгаа. Үүнийг Г.Ц гийн анх тухайн өдрөө бичиж тэмдэглэсэн гар ноорог хурлын тэмдэглэлийн эх хувь нь надад байгаа. Үүнийг би гаргаж өгье. Номгон сумын Иргэдийн төлөөлөгчдийн ажлын албанд өгсөн хурлын тэмдэглэл тэндээ байгаа байх. Харин миний хуурамчаар бичиж өгсөн тэмдэглэл тогтоол хоёр Х.М д өгсөн. Х.М эгч мэдэж байгаа гэж бодож байна. Багийн хурлын ирцэд лав хүрсэн байсан. Барагцаагаар 30 гаруй хүн байсан” /хх-ийн 159-160-р хуудас/,
Шүүгдэгч А.О мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр дахин өгсөн мэдүүлэгтээ:...“ Уг хурал нь 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр болсон. Харин надаас нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Х.М ирээд хурлын тэмдэглэл тогтоол авъя гэж хэлсэн. Би тэр үед ажил дээрээ завгүй байсан. Тэгээд би Х.М эгчид болохгүй ш дээ дараа нь янз бүрийн юм болох вий дээ гэж хэлсэн чинь зүгээрээ зүгээр Ц.М нь буюу компаниас хурал дээр нь суусан юм бол гаргаад л өгчихгүй юу гэж гуйсан. Тэгээд гуйгаад байхаар нь би одоо завгүй байна гэж хэлсэн. Тэгээд Х.М эгч яваад өгсөн. Тэгээд намайг маргааш нь буюу 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ажил дээр байж байхад Х.М эгч нөгөө тогтоолоо хийгээд өгөөч гээд дахиад хүрээд ирсэн. Тэгэхээр нь би Х.М эгчийг дагуулж яваад гэртээ очоод өмнөх хурлын буюу 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл дээр нэмээд буюу дунд нь Д компанийг иргэд дэмжиж буй мэтээр өгүүлбэр оруулаад хэвлээд өөрөө тэмдэглэлийг үйлдсэн гэж гаргаад гарын үсэг зурж тамга дарж өгч явуулсан. Мөн Д багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоолыг бичиж гаргаж өгсөн. Энэ бол миний буруу үйлдэл байгаа юм. Өөр надад ямар нэг шан харамж авсан зүйл байхгүй. Манай нөхөр Д компанид 2010 оноос хойш ажиллаж байгаа. Тэгээд нөхрийн минь ажилладаг компани юм чинь гэдэг утгаар л бичээд өгчихсөн юм. Манай багийн иргэн Б.Х.М , А.О , М нарыг хуралд оролцож үг хэлж байгаагаар биччихсэн. Яг тэр хуралд буюу 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуралд энэ гурав суусан байсан үгүйг одоо бол санахгүй байна. Суугаагүй ч байсан байж мэднэ” /хх-ийн 161-р хуудас/,
Гэрч Г.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Top of Form
2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар хуралд оролцож хурлын тэмдэглэлийг хөтөлсөн. Уг хуралд таван асуудал хэлэлцэж гурван тогтоол гаргасан. Хурлаар Д ХХК-тай холбоотой ямар нэг асуудал хэлэлцээгүй гэтэл 2017 оны 11 дүгээр сард Улаанбаатар хот Байгаль орчны яам дээр “Д” ХХК-ийн Нарийвчилсан үнэлгээний бичиг баримтад Дун Юан ХХК-ны талаар 2017 оны 06 дугаар 03-ны хурлаар Дун Юан ХХК-ий төсөл дэмжих тухай гэсэн хуурамч тогтоол хавсаргагдсан байсныг мэдсэн. 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр сумын цагдаагийн хэсэгт өргөдөл гарах гэж байтал иргэн Н.А нь Авлигатай тэмцэх газар энэ талаар өргөдөл гарсан гэж байсан Тиймээс давхардаж байсан учраас цагдаагийн байгууллагад өргөдлөө өгөөгүй ээ. Би уг тогтоолыг хуурамч гэдгийг гэрчилж байгаа учраас Н.А гийн өргөдлийн араас тодруулж өргөдөг Авлигатай тэмцэх газар луу өргөдөл явуулсан. Үүний дараа Н.А болон түүний өргөдөл Өмнөговь аймгийн цагдаагийн газар ирсэн гээд 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Өнөржаргал гэдэг хүнд гэрчийн мэдүүлэг өгсөн. Дарга нарын ажлын тайлан хэлэлцэх, отрын бүс нутаг тогтоох шагналд тодорхойлох, зэрэг асуудал хэлэлцсэн. Хурлын тэмдэглэлийн би өөрөө хөтөлсөн. Д ХХК-ны менежер Ц.М гэдэг хүн ирсэн байсан өөр хүн ирээгүй. 2017 оны 06 дугаар сарын 03-ны хурлын огноо 2/3 буюу шагнал тодорхойлох тогтоолын толгойд ашиглан төсөл дэмжих тухай гэсэн хуурамч тогтоолыг Дэрсэнэ-Ус багийн хурлын дарга А.О үйлдсэн. Дэрсэнэ-Ус багийн иргэдийн нийтийн хурлын дарга байсан.Тухайн үед үг хэлсэн А.О , Б.Х.М нар нь хуралд суугаагүй хүмүүсийг үг хэлсэн болгож тэмдэглэлд оруулсан байсан. Ц.М хуралд суусан боловч Д ХХК-ны талаар үг хэлээгүйг хэлсэн болгосон” /хх-ийн 163-р хуудас/,
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэдэг нь иргэн аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлох түүнийг бууруулах арилгах арга хэмжээг тогтоохыг хэлдэг. Өөрөөр хэлбэл аливаа үйл ажиллагааг явуулахад байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн цар хүрээнээс шалтгаалан тухайн үйл ажиллагааг явуулахыг зөвшөөрөх үү зөвшөөрөхгүй юу гэдгийг тодорхойлдог зөвшөөрлийн баримт бичиг юм. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар зохицуулагддаг. Тухайлбал Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ерөнхий үнэлгээний дүгнэлтийг техник, технологи, үйл ажиллагаа нь байгаль орчинд халтай, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй холбогдох хууль тогтоомжид нийцээгүй төслийг хэрэгжүүлэхээс татгалзах, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэх шаардлагатай буюу нөлөөллийг нарийвчлан судлах шаардлагатай, нарийвчилсан үнэлгээг хийлгэхгүйгээр тодорхой нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэсэн 3 төрлийн дүгнэлтээр зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэдэг. Уул уурхайн болон баяжуулах үйлдвэрийн төслүүд нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ зайлшгүй хийгддэг. Нарийвчилсан үнэлгээг байгаль орчны яамнаас зөвшөөрөл авсан эрх бүхий мэргэжлийн байгууллагууд хийж тайланг яаманд хүргүүлэн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлах эсэхийг шийдвэрлэдэг. Асуулт: Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ гаргуулахад олон нийтийн оролцоог хангах эсэх талаар зохицуулалт хууль журамд нь байдаг юм уу? Хариулт: Байгаль орчинд нөлөөлөх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэг болон Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/03 дугаартай “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журам”-д тус тус заасны дагуу тухайн төслийн байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг нарийвчлан судлах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа багийн иргэдийн нийтийн хурал орчин суугчдад төслийн талаарх ойлголт эерэг сөрөг нөлөөлөл, түүнийг бууруулах, арга хэмжээний талаар танилцуулах, хэлэлцүүлэг зохион байгуулах, албан ёсоор санал авах ажлыг үнэлгээ хийж буй мэргэжлийн байгууллага болон төсөл хэрэгжүүлэгч хамтран зохион байгуулж байгаль орчны төлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд тусган байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлж батлуулахаар зохицуулсан байдаг. Хэрвээ багийн иргэдийн нийтийн хуралд хэлэлцүүлээгүй тохиолдолд байгаль орчны яам /үнэлгээний тайланг хэлэлцэхээс татгалзан буцаадаг. Өөрөөр хэлбэл бүрдүүлэх материал дутуу гэж үзээд буцаадаг. “Д” ХХК нь анх 2011 онд үйл ажиллагаа явуулж эхлэхдээ Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн байдаг. Гэтэл Д ХХК нь 2017 оны 06 дугаар сард уурхайн олборлолт баяжуулалт, ашиглалтын хүчин чадал нэмэгдсэн тул техник эдийн засгийн үндэслэлээ шинэчлэн батлуулсан байдаг. Үүнээс үүдэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасны дагуу байгаль орчны ерөнхий үнэлгээг дахин хийлгэж нарийвчилсан үнэлгээ хийлгэ гэсэн дүгнэлт гарсан байдаг. Үүний дагуу нарийвчилсан үнэлгээг хийлгээд одоогоор яамаар батлуулаагүй байгаа. Мөн 2017 оны 09 дүгээр сараас 11-р сарын хооронд хууль бусаар үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр уурхайг бүрэн зогсоосон байгаа. Нарийвчилсан үнэлгээ батлуулахад шаардлагатай материал бол багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлсэн тэмдэглэл тогтоол байх ёстой байдаг. Гэтэл одоо байгаль орчин аялал жуулчлалын яаманд очсон Д багийн иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл тогтоол нь тухайн өдөр хэлэлцэгдээгүй асуудлыг бичсэн байгааг Номгон сумын байгаль хамгаалагч С.А мэдэгдсэнээр хуурамч болохыг нь бид мэдсэн. Уг хуралд нь С.А суусан байсан. Тийм зүйл хэлэлцэгдээгүй гэж байсан юм. Байгаль орчин аялал жуулчлалын яаман дээр эх хувь нь байгаа. Бид уг яамнаас тухайн материалыг хуулбарлан баталгаажуулсан хувийг авсан байгаа түүнийг гаргаж өгье” /хх-ийн 164-165-р хуудас/,
Гэрч Х.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би “Д” ХХК-нд 2016 оны 08 дугаар сарын 10-нд ажилд ороод 11-р сард ажлаасаа буусан. Би тухайн үед уурхайн хүний нөөц хариуцсан менежер хийдэг байсан юм. Тэгээд 2017 онд ар гэрийн байдлаас болоод отор нүүдэл хийх гээд “Д” ХХК-нд ажиллаагүй юм. Би 2017 оны 08 дугаар сард болов уу гэж бодож байна. Намайг хөдөөгөөс Номгон сумын төв рүү орж ирэхэд “Д” ХХК-нд арын даргын ажил хийж байсан менежер Ц.М нь над руу утсаар яриад Ч.Э захирал хурлын тогтоол авч ир гэсэн би бас уурхай орох ажилтай байна. Хоёулаа хамт А.О дээр очиж тогтоол гаргуулж авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би за тэгье гээд А.О дээр очсон. А.О ажил дээрээ буюу сумын шатахуун түгээх станц дээр байж байсан. Мөн хажуугаар нь А.О нь Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн иргэдийн нийтийн хурлын дарга хийдэг юм. Ц.М нь хэлэхдээ 2017 оны 06 дугаар сарын иргэдийн хурлын тэмдэглэл тогтоол хоёрыг авах шаардлагатай байна. Би өөрөө тэр хуралд чинь суугаад манай компанийг дэмжиж ажлаарай гэж хэлж байсан юм чинь тэр тогтоолыг одоо авч болохгүй юм уу гэж байсан. Тэгсэн чинь А.О нь болох юм уу болохгүй байхаа хурлаас ямар нэг тогтоол гараагүй байгаа ш дээ гэж байсан. Тэгэхээр нь би хажуугаас нь Ц.М нь тэр хуралд ирж суугаад компанийнхаа талаар хэлж ярьж хэлсэн л юм бол тогтоолыг нь нөхөөд өгч болохгүй юм уу гэж гуйсан. Тэгсэн чинь Ц.М би яаруу ажилтай явж байна. Та ямар ч байсан нэг тогтоол гаргаад авчихаараа Ч.Э захирал тогтоолоо авч ир гээд байгаа гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд А.О ийг би гуйгаад Ц.М ыг 6 сард оролцоод хэлж ярьж байсан л юм гаргаад өгчихгүй юу даа Ч.Э захирал нь заавал авч ир гэсэн юм гэнэ гэж хэлсэн. Би бол Ц.М ирээд хурлын тогтоол авах хэрэгтэй байна 6-р сард суусан хурал гээд байхаар нь 6 дугаар сардаа авч чадаагүй байж байгаад нөхөж авах гээд яваад байна гэж ойлгосон байсан юм. Тэгсэн А.О болохоор “Д” компанийн талаарх зүйл хуралд хэлэлцэгдэх асуудалд ороогүй учраас тогтоол гараагүй. Хуралд бол Ц.М нь суусан үг хэлж л байсан. Гэхдээ Юун юань компанийн үйл ажиллагааны талаар ярьж хэлэлцэгдээгүй хурлын тэмдэглэлд бичигдээгүй би хурлын тэмдэглэл үйлдээгүй. Тэмдэглэл үйлдсэн хүн нь Ц.М болон Д компанийн талаар нэг л өгүүлбэр оруулж хагас дутуу бичсэн байсан гэж хэлсэн. Ер нь бол хэлэлцээгүй зүйлийг гаргаж болох юм уу гэж дургүйцэж байсан. Тэгэхээр нь би үгүй яах вэ дээ Ц.М нь би хэлж ярьсан хуралд нь орсон гээд байгаа юм чинь тогтоолыг нь гаргаад л өгчихгүй юу гэж хэлж байгаад яваад өгсөн. Тэгээд би маргааш нь очоод нөгөө тогтоолыг нь гаргаад өгчихгүй юу даа гэж хэлээд очсон чинь тогтоол болон хурлын тэмдэглэл хоёрыг гаргачихсан байсан тэгээд надад өгсөн. Тэгэхээр нь би тэрийг нь бас л маргааш нь байх Ц.М т өгчихсөн юм. Би яг ч ажлаасаа гарчихаагүй 2017 онд чөлөө авчхаад ажлаа түр хийхгүй байж байсан юм. Тэгээд Ц.М ирчихээд дарга Ч.Э хурлынхаа тогтоолыг аваад ир гэсэн гээд байхаар нь тэр тогтоол тэмдэглэлийг нь гаргаад өгчих л гэж би гуйсан. Ц.М нь болохоор би хуралд нь суусан үгээ хэлсэн гээд байсан болохоор нь тэрийг нь хэлсэн юм бол гаргаад өгчихгүй юу гэж хэлсэн тэгэзд л гуйж байгаад гаргуулчихсан юм. Ямар нэг шан харамж авах нь битгий хэл 2016 оны цалингийнхаа дутууг одоо болтол аваагүй байна. Надад ХААН банкны 5592010132, Төрийн банкны 210700019352 данс байдаг өөр данс байхгүй. 2017 оны 08-р cap болов уу гэж бодож байна. Өдрийг нь бол огт санахгүй байна. Учир нь уг Д багийн хурал нь 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр болсон гэсэн тэр хурлаас ямар ч байсан нэлээд хугацаа өнгөрсөн дараа буюу 2 сарын дараа байсан болов уу гэж бодож байна. Сургуулийн хүүхдүүд лав хөдөө байсан тэгэхээр 09 дүгээр сараас бол өмнө байсан гэж бодож байна. Тэгээд би нэлээн хугацаа өнгөрчихсөн учраас тухайн үедээ авч чадаагүй тогтоол хурлын тэмдэглэлээ нөхөж авах гээд байгаа юм байна даа гэж ойлгосон. Үгүй тийм зүйл огт ямар нэг зүйл өгөөгүй. Хөдөө орон нутагт тийм зүйл огт яригддаггүй. Зүгээр л нэг нэгнийхээ найз нөхөд сум орон нутгийн гэх нүүрээрээ л гуйж хийсэн зүйл байгаа юм” /хх-ийн 166-167-р хуудас/,
Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Өмнөговь аймгийн Номгон сумын Д багийн Иргэдийн нийтийн хуралд суусан эсэхээ санахгүй байгаа юм. Тэгээд би багийнхаа даргаас асуугаад тэр үед би уг хуралд нь суусан байна уу гэж асуусан чинь та суусан байна. Багийн хурлын ирцэд таны нэр байж байна гэж хэлсэн. Тэр үед нь тэгэхээр би уг хуралд бол суусан юм шиг байгаа юм. Тэгсэн чинь харин намайг одоо тэр хуралд дээр Д компанийг дэмжиж үг хэлсэн гээд байгаа юм. Би бол тийм зүйл огт хэлээгүй. Би багийн хуралд ер нь боломж гарвал суудаг боловч би ганц ч удаа багийн хурал дээр үг хэлж үзээгүй хүн байгаа юм. Би уг хурал дээр яг юу юу яригдсан талаар санахгүй байна. Тухайн цагийн үеийн байдлын талаар л ярилцсан болов уу гэж бодож байна” /хх-ийн 168-р хуудас/,
Гэрч Б.Х.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Өмнөговь аймгийн Номгон сумын Д багийн Иргэдийн нийтийн хуралд суугаагүй. Миний бие өвдөөд би аймгийн төв дээр ирчихсэн байж байсан юм. 2018 оны 01 дүгээр сард болсон Д багийн иргэдийн нийтийн хурал дээр би очиж суусан юм. Гэтэл тэр хурал дээр намайг 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хурал сууж тэмдэглэл дээр Д компанийн талаар хуралд үг хэлж дэмжсэн талаар бичигдсэн гэдэг зүйл яригдсан. Би бол тэр 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуралд огт суугаагүй. Тийм зүйл огт яриагүй” /хх-ийн 169-р хуудас/,
Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Манай компани нь 2017 онд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголыг Г компаниар гүйцэтгүүлэхээр гэрээлсэн байсан. Энэ нэмэлт тодотголын тайланд зайлшгүй орон нутгийн иргэдийн санал тодорхойлолт хэрэгтэй гэдэг шаардлагын дагуу тухайн үед орон нутагт ажил хариуцаж ажиллаж байсан Ц.М т утсаар энэхүү бичиг баримтыг авч ир гэдэг үүрэг өгсөн. Тэр нь урин цагт ажил эхэлж байсан гэхээр 05 сард л болов уу гэж бодож байна. Тэгсэн Ц.М ах Д багийн хурал нь болох гэж байгаа юм байна. Тэр хурал дээр нь очиж асуудлаа дэвшүүлэх ёстой юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би за тэгвэл тэр хуралд нь суух ёстой бол суугаад хэлэлцүүлэх ёстой бол хэлэлцүүлээд орон нутагт нь дагаж мөрдөгдөж байгаа хууль дүрэм журмынх нь дагуу наад бичиг баримтаа аваарай гэж хэлсэн. Тэгээд би интернетээс Д багийн хурлын зураг гарчихсан байхыг харсан. Ашгүй манай хэд нөгөө асуудлаараа багийн хурал дээр суусан юм байна гэж ойлгосон. Тэгээд л өнгөрсөн. Би тухайн үед ажил төрөл ихтэй тэр дор нь нөгөө бичиг баримтыг нь нэхэлгүй байж байгаад хэсэг хугацааны дараа Ц.М аас нөгөө багийн хурлын тэмдэглэл, тогтоол яасан гэж асуусан. Тэгсэн Ц.М нь хурлын тэмдэглэлээ аваагүй гэх утгатай зүйл хэлсэн. Тэгээд би тэрийгээ авч ир гэж хэлж нэхсэн. Тэгээд түүнээс хойш бас хэсэг хугацааны дараа Ц.М надад авч ирж өгсөн. Тэрийг нь би Г ХХК-нд өгсөн. Би яг хэзээ надад хурлын тэмдэглэлийг авч ирж өгсөн талаар cap өдрийн нь одоо санахгүй байна. Тэгсэн хуурамч тэмдэглэл гэх мэт зүйлийн талаар 2017 оны 10 дугаар сараас л дуулж мэдсэн. Тэрийг би бол хуурамч гэж бодохгүй байна. Учир нь манай ажлын газрынхан тус хуралд нь суусан байсан. Асуудал ярьсан байсан. Би ямар ч байсан Ц.М ахад хууль, дүрэм, журмын дагуу бичиг баримтаа аваарай гэж хэлсэн. Би бол хуучин олон жил болсон ажилтандаа хурал дээр тэгж ингэж хэлээрэй юу яригдсан гээд асуугаад сураад тэр болгоныг заагаад байлтай биш ажлаа мэдэж байгаа хүн өөрөө ажлаа зохион байгуулаад л авч ирсэн тэмдэглэл гэж бодож байна. Ямар ч шийдвэр гараагүй. Тодруулбал дээрх тайланг батлуулахын тулд байгаль орчин аялал жуулчлалын яамны бичиг хэрэгт нь материалаа өгдөг гэж ойлгодог. Тэр олон төрлийн мэргэжилтэн болон шинжээчийн дүгнэлт гаргаж хянадаг гэж ойлгодог. Тэгээд шинжээчийн дүгнэлт нь гараад холбогдох хүмүүс зөвшөөрснөөр хурлын тов зарлаж мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэгддэг гэж бодож байна. Гэтэл ямар нэг хурлын тов огт зарлагдаагүй байхад энэ асуудал яригдаж байгаа нь гайхалтай байна. Энэ асуудал хяналтын шатанд байхдаа яригдаж эхэлсэн. Ямар ч албан ёсны нэг шийдвэр гараагүй. Зарим тохиолдолд буюу хятад санхүүгийнхэн эзгүй үед болон яаралтай тохиолдолд санхүүг би түр хугацаагаар барьдаг. Манай компани нь 100 хувь хятадын хөрөнгө оруулалттай компани учраас санхүүг хятадууд хариуцаж захиран орлуулан гүйцэтгүүлдэг. Энэ үед би ажилчдын цалин бусад тооцоо төлбөрүүдийг өөрийн хувийн данснаас шилжүүлдэг учир нь би их хэмжээний мөнгийг биедээ авах аюултай гэж үзэж өөрийн дансандаа байршуулчихдаг. Мөн манай компанийн байршил банкнаас хол байдаг зэрэг шалтгаанаас болоод ажлаа хөнгөвчлөхийн тулд өөрийн хувийн дансаар албан төлбөр тооцоо гүйлгээнүүдийг хийдэг. Би мэдэхгүй байна. А.О ийн нөхөр Н.Г гэж хүн бол манай ажилчин байгаа юм. Тэрний хэлсэн дансанд шаардлагатай төлбөр тооцоог нь шилжүүлж байсан. Шилжүүлэхдээ бол би гүйлгээний утга хэсэгт ямар гүйлгээ хийж байгаагаа тодорхой бичдэг. Шилжүүлсэн бол ямар утгатай гүйлгээ байсан нь тодорхой харагдах байх. Манайх хөдөө орон нутагт байдаг учраас ямар нэг банкинд ажилчдын цалингийн данс нээж төвлөрүүлж цэгцэлж болохгүй байгаа учраас болохгүй байна. Гэхдээ ажилчдын цалингийн данс бол санхүүд бүртгэлтэй байдаг. Надаар түр хариуцаж дамжсан цалин мөнгө болохоор хүнийх нь өөрийн хэлсэн данс руу нь л шилжүүлэх гэх мэт тохиолдол гарна” /хх-ийн 170-171-р хуудас/,
Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би өнгөрсөн оны буюу 2017 оны 09 дүгээр сарын сүүлчээр Номгон суманд болж байгаа Д компанийн хууль бус үйлдлийн талаар иргэдээс болон сошиалаас авсан мэдээллийг шалгах тогтоолгох зорилгоор аймгийн Цагдаагийн газар аймгийн засаг даргад хүсэлт гаргаж өргөдөл өгсөн. Үүний дагуу аймгийн засаг даргаас томилсон ажлын хэсэгт иргэдийн төлөөлөл болж ороод “Д” компанийн үйл ажиллагааг шалгах ажлын хэсэгтэй хамтран ажилласан. Энэ компанийн үйл ажиллагааг шалгаад буцахдаа Номгон сумын Д багийн малчдын төлөөлөгчтэй уулзсан. Энэ уулзалтад Номгон сумын засаг дарга иргэдийн хурлын төлөөлөгч Г.Ц байгаль хамгаалагч С.А зэрэг манай шалгалтын хүмүүс байсан. Үүнээс эхлэн малчид иргэдтэй нь мэдээлэл солилцож ажилласан. Тэгээд хамтран ажиллаад тодорхой хугацаа өнгөрөхөд Д ХХК-тай холбоотой олон үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл ирж байсан. Түүний нэг нь энэ Иргэдийн хурлын тогтоол тэмдэглэлийн тухай асуудал байсан. Өөрөөр хэлбэл А.О гэж Д багийн хурлын дарга багийн иргэдийн хурлаар Д компанийн асуудлыг хэлэлцсэн гэх тогтоол тэмдэглэл өгчихсөн юм шиг байна. Нөхөр нь Д компанид ажилладаг гэсэн зүйл сонссон. Үүнээс үүдээд Д компани нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь гараад батлагдах гэж байна. Бүх бичиг баримт нь бүрэн болчихсон гэж байна гэж дуулсан. Тэгээд би энэ талаар Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн Б.О гаас асууж тодруулсан юм. Тэгсэн чинь Б.О хэлэхдээ Д компанийн өмнөх хууль бус үйлдэл нь эрүүгийн хэрэг үүсчихсэн байгаа учраас нарийвчилсан үнэлгээ нь батлагдаагүй байгаа яам буцаасан байгаа гэж хэлсэн. Тэгээд нэлээн сүүлд 2017 оны 12 дугаар сард Б.О над руу яриад Байгаль орчны яаман дээр ажилтай явж байна. Д компанийн асуудлыг Д багийн иргэдийн хурлаа хийгээд дэмжсэн тэмдэглэл тогтоол нь ирчихсэн яаман дээр байгаа юм байна. Би хуулбарлаад авахаар болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би Номгон сумын Д багаас сонгогдсон Номгон сумын Иргэдийн хурлын төлөөлөгч Г.Ц гоос чи тэр хурал дээр байсан юм уу тэр хурал дээр нь юу яригдсан юм бэ гэсэн чинь Г.Ц нь би тэр хурал дээр байсан. Байх байхдаа хурлын тэмдэглэлийг нь хөтөлсөн. Тэр хурал дээр “Д” компанитай холбоотой ямар нэг асуудал хэлэлцэж тогтоол шийдвэр гаргаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ хуурамч юм байна. Энэ асуудал албан тушаалын хэрэг юм байна гэж үзээд 2018 оны 01 дүгээр сард Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргасан юм. Намайг өргөдөл гаргаснаас хойш Г.Ц бас өргөдөл өгчихсөн байсан. Би үүнийг сүүлд нь Авлигатай тэмцэх газрын хүнээс дуулсан. Миний өргөдөлтэй адил утгатай гомдол мэдээлэл өгсөн байсан. Тэгээд авлигатай тэмцэх газрынхан надтай нэг ч удаа уулзаагүй надаас нэг ч тайлбар мэдүүлэг аваагүй би төрийн шийдвэр хараад байж байна. 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр байх Аймгийн засаг даргын тамгын газрын хуулийн хэлтсийн дарга Г оор ахлуулсан ажлын хэсгийнхэн Номгон сумын Д багийн иргэдийн нийтийн хуралд оролцож Д компанид хийсэн шалгалтынхаа тайланг танилцуулсан юм. Тэгэхэд ажлын хэсгийн тайланд энэ тогтоол, тэмдэглэлийн талаар мэдээллийг байгаль орчны газрын мэргэжилтэн Б.О танилцуулж байсан юм. Энэ үеэр би босоод үг хэлэхдээ энэ асуудлын талаар авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан тухайгаа иргэдэд хэлсэн. Бид хоёрыг мэдээлэл хийсний дараа тэр хуралд сууж байсан хүмүүсээс М , О гэж хоёр хүн босож ирээд 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр болсон багийн хуралд оролцож үг хэлсэн гэж нэр гараад байна бид хоёр үг хэлэх нь битгий хэл оролцоогүй тухайгаа хэлээд нэрээ цэвэрлэж авмаар байна гэж хэлж байсан. Тэгээд миний хувьд энэ нь хуурамч юм байна гэдгийг энэ иргэдийн үгнээс ойлгож мэдсэн. Өөр асуудал бол байхгүй. Ер нь бол нутаг орныхоо төлөө болон иргэдийн эрхэнд халдаж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох, зорилгоор л хуулийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Хамгийн гол нь шударга байгаасай гэсэн үүднээс өргөдөл гаргасан. v Бусдаар миний эрх ашиг хөндөгдсөн биш өөр зүйл байхгүй байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт хуулийн байгууллагад итгэж байна” /хх-ийн 172-173-р хуудас/,
Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Манай компани нь Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн нутагт хар толгойн уурхай буюу хар тугалга баяжуулах үйл ажиллагаа явуулдаг компани байгаа юм. Анх 2010 онд уг газарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Би уг компанийг 2010 онд үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд нь ажилд орж байсан. Одоог хүртэл ажиллаж байна. Намайг ажилд орсноос хойш Дэрсэнэ-Ус багийн иргэдийн хуралд тухайн нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниудыг оролцуулдаг байсан. Тэр утгаараа байнга манай компаниас багийн иргэдийн хурал болоход удирдах ажилтнаас хэн байгаа нь хуралд төлөөлөл болон очиж оролцдог юм. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Номгон сумын иргэдийн нийтийн хурал болох тухай мэдэгдсэн. Үүний дагуу би өөрийн биеэр төлөөлөн компанийнхаа 4 хүний хамт очиж 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн багийн иргэдийн хуралд очиж оролцсон. Манай уурхайгаас Д баг 24 километрийн зайтай бид нар 10 цагийн үед очиж хуралд нь суусан. Хурал нь бид нарыг очиход эхлээгүй байсан. Тэгээд 11-12 цагийн үед хурал нь эхэлсэн. Тэгээд хурал тарахын алдад буюу хэлэлцэх асуудал нь дууссан дараа үдээс хойш багийн засаг дарга танай компаниас төлөөлөгч ирсэн учраас мэдэгдэл хий гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод одоо манай компанийн үйл ажиллагаа хараахан эхлээгүй байна. Одоохондоо гадаадын 12 хүн, монгол 9 хүн байгаа манай компанийг дэмжиж ажиллаарай гэж хэлсэн. Тэгсэн чинь иргэдээс хэлсэн санал нь болохоор ганц хоёрхон айлаас мал авдаг, тэрийгээ болиод ойр хавийнхаа бүх айлаас мал авч бай гэсэн санал гарч байсан. Мөн багийн иргэдээс ажилд олон хүн ав хятад олон хүн ажиллаж байна гэж хэлсэн. Тэр хуралд манай компанитай холбоотой өөр зүйл огт яригдаагүй. Иргэдээс ямар нэг манай компанийг эсэргүүцсэн янз бүрийн зүйл яриагүй. Тэр хуралд ямар хүн тэмдэглэлийг нь хөтөлсөн талаар мэдээгүй. Ямарч байсан сумын Хаан банканд ажилладаг Г.Ц гэж хүүхэн намайг үг хэлсэн дараа надаас та ямар алба ажил хийдэг хүн бэ гэж хэлж байсан. Би тэгэхээр нь босоод намайг Ц.М гэдэг би ойр зуурын ажил хийдэг юм гэж хэлээд суусан. Тэгээд хурал ерөнхийдөө дууссан. Тэр үед ер нь хурал нь тараад хүмүүс нь орж гарсан байдалтай байсан. 10 гаруй хүн байсан байх гэж бодож байна. Тэгсэн чинь одоо уг хуралд намайг үг хэлээгүй гэх яриа гарч байна. Би бол ямар ч байсан компаниас хүн оролцох ёстой гэж мэдэгдсэний дагуу 4-үүлээ очиж оролцсон. Би тэгээд хамгийн сүүлд нь ямар ч байсан манай компанийг дэмжиж ажиллаарай гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 08 дугаар сард уг хуралд суусан тэмдэглэл хэрэг болсон. Тэгээд би Номгон суманд ажилладаг орон нутгийн төлөөлөгч Х.М тай очиж уулзаад хуралд суусан тэмдэглэл хэрэг болоод, би тэрийг нь мэдсэнгүй. Одоо хоёулаа А.О ээс очиж авъя гэж хэлсэн. Тэгээд Х.М бид хоёр Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн иргэдийн хурлын дарга А.О тэй очиж уулзаад Дэрсэнэ-Ус багийн малчид болон иргэдээс манай компанийн үйл ажиллагааг цааш нь явуулахад татгалзах зүйлгүй, дэмжиж байна гэсэн тогтоол хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхэд А.О энэ чинь одоо болох ч юм уу болохгүй юм уу гээд дургүйцэж байсан. Тэгэхээр нь би за миний дүү ямар ч байсан тус болоод тийм бичиг гаргаад өгчих гэж гуйгаад Х.М эгчид та тэр бичгийг нь хийлгээд авчих би яаралтай ажилтай болчихлоо гэж хэлээд явсан. Тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь Х.М руу яриад нөгөө бичиг нь гарсан болов уу гарсан бол хот руу дарга руу явуулъя гэж хэлсэн. Тэгсэн гарчихсан гэж хэлсэн. Тэгээд би суман дээр очоод уг бичгийг нь аваад нээж ч үзээгүй Ч.Э захирал руу явуулсан. Яагаад тийм бичиг хэрэг болсон талаар мэдэхгүй байна. Би Ч.Э захирал чиний хуралд суусан тухай тэмдэглэл чинь хэрэг болоод байна. Орон 3 нутгаас үйл ажиллагааг дэмжсэн бичиг хэрэгтэй болсон гэж хэлсэн. Юунд хэрэг болоод байсан талаар бол мэдэхгүй байна. Бид хуралд суу гэх болгонд нь очиж суудаг юм. Тэр болгонд иргэдийн санал хүсэлтийг авдаг юм. Энэ утгаараа би Ч.Э захиралд нөгөө хурал нь болох гэж байгаа тухай хэлсэн. Тэгсэн тэгэлгүй яах вэ очиж суу гэж хэлж байсан. Мөн та нар тэмдэглэл хөтлөөрэй гэж хэлж байсан. Тухайн үед уг хурал дээр огт тэмдэглэл бид нар хөтлөөгүй юм. Нэгдүгээрт: компанийнхаа үйл ажиллагааг иргэдэд танилцуулах. Хоёрдугаарт бид нарыг багийн хуралд суу гэж хэлсэн. Ер нь хүмүүсийн буруу ойлголтыг засаж залруулъя гэсэн бодолтой л байсан. Хамгийн гол нь хурлаар хэлэлцэгдээгүй асуудлыг бичиж болохгүй гэж байсан. Тэгээд би Х.М д ямар ч байсан чи нэг мэргэжлийн хүн байна ямар бичиг байх ёстой юм тэрийг нь бичүүлээд авчих гэж захиад би явсан. Манайх хурлаар хэлэлцүүлэх асуудлаа урьдчилж хэлж мэдэгдээд саналаа өгөөд хэлэлцүүлэх байсан юм билээ. Тэгээгүй бид нар оччихоод дараа нь хурлын тэмдэглэл тогтоол нэхсэн чинь хэлэлцэгдээгүй зүйлийн талаар хэлэлцүүлсэн гэж тогтоол гаргаж болохгүй ш дээ гэж А.О хэлж байсан юм. Манай компани ийм асуудлыг багийн иргэдийн хурлаар хэлэлцүүлж тогтоол шийдвэр гаргуулъя гэж хэлж мэдэгдээгүй юм. Тэгээд дарга суусан хурлынхаа тэмдэглэлийг гээд нэхсэн. Тэгэхээр нь би хурлын тэмдэглэл, тогтоол хэрэг болно гэж тухайн үед ойлгоогүй байсан учраас би асуугаад хэлье гэж хэлээд тэгээд очоод Х.М болон А.О нараас гуйсан. А.О Х.М хоёрт хуралд суусан тухай тэмдэглэл орон нутгаас дэмжсэн гэх утгатай бичиг хэрэг болоод байна гэж .байгаа байлаа учирлаж хэлсэн. Би эхлээд гуйгаад хэлсэн чинь А.О жаахан л дургүйцсэн. Тэгэхээр нь би Х.М д тийм бичиг хэрэг болоод байна. Би хуралд сууж хэлэлцүүлээд тэр суусан хурлын тэмдэглэл хэрэг болно гэдгийг мэдсэнгүй та нэг гуйгаад аргалаад хэлээд өгөөч гэж Х.М эгчид хэлсэн. Тэгээд Х.М эгч А.О ээс уг тогтоол тэмдэглэлийг хийлгэж авсан байсан. Тэгж бол хэлэлцүүлээгүй юм. Тэр бол яах аргаггүй тийм зүйл болсон. Хэлэлцүүлсэн асуудал бол байхгүй. Дараагийн хурал нь 2-3 сарын дараа болох байсан болохоор, нөгөө бичиг нь түүнээс өмнө хэрэг болсон. Дарга болохоор тэр 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр намайг иргэдийн хурал дээр очоод компанийн үйл ажиллагааг танилцуулаад хэлэлцүүлсэн гээд ойлгочихсон надаас нэхээд байсан юм. Тэгэхээр нь би А.О , Х.М хоёрыг гуйж байгаад хийлгүүлчихсэн юм. Би үүнийг ийм ноцтой гэж ойлгоогүй. Зүгээр л манай компанийг дэмжиж байна гэж тоот л өгөх байх гэж ойлгож байсан юм. Юун ашиглах гэж байсныг ч мэдэхгүй байсан. Би бол хэлээгүй. Ингээд хүнээс гуйгаад аваад явууллаа шүү гэж Ч.Э д хэлээгүй. Х.М эгч авчихлаа гэхээр нь би очиж аваад шууд явуулсан нээж ч үзээгүй. Бүтчихсэн болохоор тэгж ингэж авсан шүү гэдгээ хэлээгүй. Үгүй. Би зүгээр ажлаа л хийж явсан юм чинь. Би одоо ч цалингаа гүйцэт авч чадаагүй явж байгаа. Ямар нэг шан харамж авсан зүйл байхгүй. Тэр хоёр ч ямар нэг зүйл нэхээд байхаар хүмүүс биш. Би яг үнэнээ хэлэхэд Х.М гаа л түлхүү гуйсан. Чи энэ орон нутгийн хүн байна бас манайд ажилладаг юм чинь дээр нь хоног хугацаа нь давчуу юм шиг байна гэж хэлсэн. Зөв зүгээр байсан хүнээс Х.М бид хоёр гуйгаад ийм байдалд хүргүүлээд А.О т гай болсноо бол ойлгож байгаа. Би буруу зүйл гуйж хийлгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний санаж байгаагаар 2017 оны 08 дугаар сард л болсон асуудал байгаа юм. Би өдрийг нь нарийн санахгүй байна. 2017 оны 08 дугаар сарын дундуур л байх гэж бодож байна” /хх-ийн 174-176-р хуудас/,
Шүүгдэгч А.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын төвд Шатахуун түгээх станц дээр ажлаа хийгээд байж байтал манай сумын Д багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Д” ХХК-нд ажилладаг Х.М эгч, менежер Ц.М нар ирээд 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Номгон сумын Д багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол тэмдэглэл авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь юун тэмдэглэл, тогтоол вэ гэж асуусан чинь Х.М нь манай компанийн хүмүүс багийн иргэдийн нийтийн хуралд оролцсон юм чинь манай компанийн үйл ажиллагааг дэмжсэн иймэрхүү загвартай тогтоол гаргаж өгөөч ээ гээд цаасан дээр гараар бичсэн тогтоолын загвар барьчихсан байсан. Тэр загвар дээр нь яг миний гаргаж өгсөн гээд байгаа тогтоол дээр бичигдсэн үг өгүүлбэр байсан. Би одоо яг үгчлэн хэлж санахгүй байна. “Д” компанийн үйл ажиллагааг дэмжиж байгааг илэрхийлсэн утгатай байсан. Тэгэхээр нь би Ц.М ах хуралд суух нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын төвд Шатахуун түгээх станц дээр ажлаа хийгээд байж байтал манай сумын Д багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Д” ХХК-нд ажилладаг Х.М эгч, менежер Ц.М нар ирээд 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Номгон сумын Д багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол тэмдэглэл авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь юун тэмдэглэл, тогтоол вэ гэж асуусан чинь Х.М нь манай компанийн хүмүүс багийн иргэдийн нийтийн хуралд оролцсон юм чинь манай компанийн үйл ажиллагааг дэмжсэн иймэрхүү загвартай тогтоол гаргаж өгөөч ээ гээд цаасан дээр гараар бичсэн тогтоолын загвар барьчихсан байсан. Тэр загвар дээр нь яг миний гаргаж өгсөн гээд байгаа тогтоол дээр бичигдсэн үг өгүүлбэр байсан. Би одоо яг үгчлэн хэлж санахгүй байна. “Д” компанийн үйл ажиллагааг дэмжиж байгааг илэрхийлсэн утгатай байсан. Тэгэхээр нь би Ц.М ах хуралд суух нь суусан гэхдээ энэ тогтоол тэмдэглэлд тусгуулж авъя гээд байгаа зүйл уг хурлаар хэлэлцэгдээгүй учраас би гаргаж өгч чадахгүй гэдгээ хэлсэн. Тэгээд миний хажууд тэр хоёр тэгээд л зүгээр байхаа ямар нэг асуудал байхгүй гэх зэрэг зүйл ярьж байгаад нэг харсан чинь Ц.М ах түрүүлээд яваад өгчихсөн байсан. Харин түүний дараа Х.М эгч яваад өгсөн. Маргааш нь буюу 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр дахин Х.М эгч намайг ажил дээр байж байхад ирсэн. Тэгээд дахиад надаас нөгөө тогтоол, тэмдэглэлийг гаргаад өгөөч гэж гуйгаад байсан. Тэгэхээр нь би 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэлийг өмнө нь компьютер дээр хуулж бичээд Номгон сумын Хурлын нарийн бичигт гаргаж өгч байсан компьютерт хадгалаатай байсан тэмдэглэл дээрээ нэмээд багийн иргэн Б.М , Б.Х.М , О нарыг уг хурал дээр босож үг хэлж Д ХХК-нийг дэмжсэн болгож засаж бичээд Х.М д өгсөн. Мөн Х.М , Ц.М нарын авч ирсэн тогтоолын загварыг тэр чигт нь ямар нэг үг үсэг нэмэлгүй хуулж бичээд тамга гарын үсгээ дарсан. Тэгээд өгөөд явуулсан. Өөр зүйл байхгүй. Ингэж худлаа болоогүй зүйлийг болсон мэтээр худлаа зохион бичсэн нь миний буруу би буруугаа ойлгож байгаа. Ямар ч юм аваагүй. Надад тэгвэл ийм юм өгнө гэх зүйл ч хэлээгүй. Би авна ч гэж хэлээгүй. Манайх 2015 оны 05 дугаар сараас хойш Номгон сумын төвд “Баялаг” нэртэй барааны дэлгүүр ажиллуулдаг юм. Тэгээд жил болгоны өвөл цагаан сараас өмнө байгаа мөнгөө бүгдийг нь шавхаад эсвэл зээл авах боломжтой бол зээл нэмж аваад тэгээд бараа авч ирээд малчдад зээлээр өгөөд тэгээд 4, 5 сард ноолуур гарахаар мөнгөө авдаг юм. Энэ мэтчилэн бизнес хэрэглэдэг мөнгө байгаа юм. Энэ мөнгө бол ерөнхийдөө банкны зээл авч л хөдөлсөн мөнгө байгаа юм” /хх-ийн 180-р хуудас/, Bottom of Form
Н.Г ын депозит дансны хуулга /хх-ийн 75-78, 241-243-р хуудас/,
А.О ийн депозит дансны хуулга /хх-ийн 79-149, 2-р хавтасны 03-34-р хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 182-р хуудас/,
Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 186-192-р хуудас/,
Өмнөговь аймаг Номгон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018.05.04-ний өдрийн 1-12 тоот албан бичиг /хх-ийн 199-р хуудас/,
Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн иргэдийн нийтийн хурлын 2016.12.19-ний өдрийн 3/10 дугаартай А.О ийг хурлын даргаар сонгосон тогтоол /хх-ийн 200-р хуудас/,
Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл /хх-ийн 201-205-р хуудас/,
Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн иргэдийн нийтийн хурлын 2017.06.03 –ны өдрийн 2 дугаартай тэмдэглэл /хх-ийн 210-214-р хуудас/,
Хархүү овогтой Х.М гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 232-234, 237-238-р хуудас/,
Шүүгдэгч А.О ийн харилцах дансны мэдээлэл /2-р хавтасны 01-р хуудас/ шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна
Шүүгдэгч А.О нь Өмнөговь аймгийн Номгон сумын Д багийн Иргэдийн нийтийн хурлын даргаар ажиллаж байхдаа 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тус багийн иргэдийн нийтийн хурлын 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуралд “Д” ХХК-ийн “Хар толгойн холимог металлын далд уурхай” төслийн байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл, үр дагавар, тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа дэмжих эсэхийг хэлэлцэж, дэмжсэн тухай Д багийн Иргэдийн нийтийн хурлын 2/3 дугаартай Төсөл дэмжих тухай тогтоол, хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдсэн болох нь гэрч Г.Ц гийн “ 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар хуралдаж оролцож хурлын тэмдэглэлийг хөтөлсөн. Уг хуралд таван асуудал хэлэлцэж гурван тогтоол гаргасан. Хурлаар Д ХХК-тай холбоотой асуудал хэлэлцээгүй. Гэтэл 2017 оны 11 дүгээр сард Улаанбаатар хот байгаль орчны яам дээр Д ХХК-ий нарийвчилсан үнэлгээний бичиг баримтад Д ХХК-ий төсөл дэмжих тухай гэсэн хуурамч тогтоол хавсаргасан байсныг мэдсэн” гэх мэдүүлгээр, гэрч Н.А гийн ...” 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр байх Аймгийн засаг даргын тамгын газрын хуулийн хэлтсийн дарга Г оор ахлуулсан ажлын хэсгийнхэн Номгон сумын Д багийн иргэдийн нийтийн хуралд оролцож Д компанид хийсэн шалгалтынхаа тайланг танилцуулсан юм. Тэгэхэд ажлын хэсгийн тайланд энэ тогтоол, тэмдэглэлийн талаар мэдээллийг байгаль орчны газрын мэргэжилтэн Б.О танилцуулж байсан юм. Энэ үеэр би босоод үг хэлэхдээ энэ асуудлын талаар авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан тухайгаа иргэдэд хэлсэн. Бид хоёрыг мэдээлэл хийсний дараа тэр хуралд сууж байсан хүмүүсээс М , О гэж хоёр хүн босож ирээд 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр болсон багийн хуралд оролцож үг хэлсэн гэж нэр гараад байна бид хоёр үг хэлэх нь битгий хэл оролцоогүй тухайгаа хэлээд нэрээ цэвэрлэж авмаар байна гэж хэлж байсан. Тэгээд миний хувьд энэ нь хуурамч юм байна гэдгийг энэ иргэдийн үгнээс ойлгож мэдсэн” гэх мэдүүлгээр, гэрч А.О ийн ...”2017 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар хуралд оролцоонүй, хурлын талаар юу ярьсан, ямар асуудал хэлэлцэж ямар шийдвэр гарсаныг тодорхой мэдэхгүй байна” гэх мэдүүлгээр, гэрч Ц.М ын ...”Х.М бид хоёр Номгон сумын Д багийн иргэдийн хурлын дарга А.О тэй очиж уулзаад Д багийн малчид болон иргэдээс манай компаний үйл ажиллагааг цааш нь явуулахад татгалзах зүйлгүй, дэмжиж байна гэсэн бичиг гаргаад өгчих гэж гуйсан” гэх мэдүүлгээр, гэрч Х.М гийн ...”би 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Өмнөговь аймгийн Номгон сумын Д багийн Иргэдийн нийтийн хуралд суугаагүй. 2018 оны 01 дүгээр сард болсон Д багийн иргэдийн нийтийн хурал дээр би очиж суусан юм. Гэтэл тэр хурал дээр намайг 2017 оны 06 сарын 03-ны өдрийн хуралд сууж тэмдэглэл дээр Дун вань компаний талаар хуралд үг хэлж дэмжсэн талаар бичигдсэн гэдэг зүйл яригдсан. Би тэр 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуралд огт суугаагүй” гэх мэдүүлгээр, шүүгдэгч А.О хэргээ хүлээн мэдүүлсэн...” 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ажил дээр байж байхад Х.М эгч нөгөө тогтоолоо хийгээд өгөөч гээд дахиад хүрээд ирсэн. Тэгэхээр нь би Х.М эгчийг дагуулж яваад гэртээ очоод өмнөх хурлын буюу 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл дээр нэмээд буюу дунд нь Д компанийг иргэд дэмжиж буй мэтээр өгүүлбэр оруулаад хэвлээд өөрөө тэмдэглэлийг үйлдсэн гэж гаргаад гарын үсэг зурж тамга дарж өгч явуулсан. Мөн Д багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоолыг бичиж гаргаж өгсөн. Энэ бол миний буруу үйлдэл байгаа юм. Өөр надад ямар нэг шан харамж авсан зүйл байхгүй. Манай нөхөр Д компанид 2010 оноос хойш ажиллаж байгаа. Тэгээд нөхрийн минь ажилладаг компани юм чинь гэдэг утгаар л бичээд өгчихсөн юм” гэх мэдүүлэг, өмнөговь аймгийн Номгон сумын Д багийн Иргэдийн нийтийн хурлын 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2/3 дугаартай “Төсөл дэмжсэн тухай” тогтоол, иргэдийн нийтийн хурлын 2 дугаартай тэмдэглэл болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч А.О нь Д ХХК-ий “Хар толгой уурхай”-н төслийн байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг тухайн төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, багийн иргэдийн нийтийн хурал, оршин суугчдад төслийн талаарх эерэг, сөрөг нөлөлөөл, түүнийг бууруулах арга хэмжээний талаар танилцуулж, иргэдийн саналыг аваагүй байхад багийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчин Өмнөговь аймгийн Номгон сумын Д багийн Иргэдийн нийтийн хурлын “төсөл дэмжих тухай” 2/3 дугаар тогтоол, 2 дугаар хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д зааснаар ...одоо ажиллаж байгаа үйлдвэр... шинэчлэх, өргөтгөх, байгалийн нөөц ашиглах төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг гаргуулах, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 5 ...оршин суугчдад танилцуулах ажлыг зохион байгуулах гэсэн заалтыг тус тус зөрчин Өмнөговь аймгийн Номгон сумын Д багийн Иргэдийн нийтийн хурлын 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2/3 дугаар тогтоол, 2 дугаар хурлын тэмдэглэлээр “Д” ХХК-ий үйл ажиллагаа, төслийг дэмжиж эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч А.О ийг эрх олгосон баримт бичг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.О ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэмт хэргийн улмаас хор уршиг учраагүй, учирч болзошгүй хохирол, хор уршиг арилсан байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.О ийн үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1 анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А.О ийг эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О ийг 3500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч А.О нь төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ