| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 2313003130098 |
| Дугаар | 2025/ДШМ/04 |
| Огноо | 2025-02-04 |
| Зүйл хэсэг | 22.4.2., 22.5.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/04
Н.О- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, шүүгч Х.Талгат, Ө.Бахытбек нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/259 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Н.О-, Г.Э- нарт холбогдох эрүүгийн 2313003130098 дугаартай, 3 хавтастай хэргийг шүүгдэгч Н.О-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, шүүгдэгч Н.О-, Г.Э-, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бакен, Ю.Батболд, Т.Бахыт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ********* төрсөн, ** настай, эмэгтэй, **** боловсролтой, ******* мэргэжилтэй, ********* ажилтай, ам бүл ** хүнтэй, *******тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Х овогт Н.О-, /РД: ************/;
2. Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ******** төрсөн, ** настай, эмэгтэй, ***** боловсролтой, ********* мэргэжилтэй, *********** ажилтай, ам бүл ** хүнтэй, ************* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Х овогт Г.Э-, /РД: **********/;
3. Холбогдсон хэргийн талаар:
3.1. Шүүгдэгч Н.О- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн англи хэлний багшийн сонгон шалгаруулалтад орж нэгдүгээр байраар тэнцэж, англи хэлний багшаар ажиллах болзол хангасан иргэн Г.Э-ийг англи хэлний багшийн ажилд томилох шийдвэр гаргах буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан өрөөндөө Г.Э-ээс 3,000,000 төгрөгийг бэлнээр авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт,
3.2. Шүүгдэгч Г.Э- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн англи хэлний багшийн ажилд томилогдон ажиллах зорилгоор 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирал Н.О-г албаны өрөөндөө байхад нь түүнийг албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 3,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
4. Прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 62/а дугаар яллах дүгнэлтээр Н.О-гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Г.Э-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/259 дүгээр шийтгэх тогтоолоор:
5.1. Шүүгдэгч Х овогт Н.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахуул авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Х овогт Г.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуул өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
5.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 13,500 /арван гурван мянган таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,500,000 /арван гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,
5.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-д оногдуулсан 13,500 /арван гурван мянган таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,500,000 /арван гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр, шүүгдэгч Г.Э-т оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг тус тус 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
5.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг сануулж,
5.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-, Г.Э- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
5.6. Шүүгдэгч Н.О-, Г.Э- нар нь шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж,
5.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч Н.О-гийн гэмт хэрэг үйлдэж олсон ашиг, орлого 3.000.000 /гурван сая/ төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
6. Шүүгдэгч Н.О-гийн давж заалдах гомдлын агуулга:
6.1. Н.О- би Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлаар ажиллахдаа тус сургуулийн англи хэлний багшийн сонгон шалгаруулалтад орж нэгдүгээр байраар тэнцэж, англи хэлний багшаар ажиллах болзол хангасан иргэн Г.Э-ийг англи хэлний багшийн ажилд томилох шийдвэр гаргаж буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албаны өрөөнд байхдаа Г.Э-ээс 3,000,000 төгрөгийг бэлнээр авч, хахууль авах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон.
6.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн талаар: Манай сургуульд сул орон тоо гарсан тохиолдолд сургуулийн захирлын 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/16 дугаар тушаалаар батлагдсан “Багш, ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг үндэслэн сонгон шалгаруулж томилдог. 2022-2023 оны хичээлийн жилд тус сургуулиас математикийн үндсэн болон түр багшийн, англи хэлний үндсэн болон цагийн багшийн, бага ангийн багшийн үндсэн болон түр багшийн, монгол хэлний цагийн багшийн, нийгмийн ухааны цагийн болон түр багшийн, мэдээллийн технологийн цагийн багшийн, биеийн тамирын цагийн багшийн сул орон тоо гарсан учир 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагаас сургуулийн “Г” байранд сонгон шалгаруулалт явуулах талаар олон нийтэд нээлттэй зарласан. Мөн сургуулийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/18 дугаар тушаалаар сул орон тоонд багш сонгон шалгаруулж авах сонгон шалгаруулах комиссыг баталж ажиллуулсан.Сонгон шалгаруулах комисс дээр дурдсан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулахад англи хэлний багшийн үндсэн орон тоонд 18 хүн бүртгүүлж өрсөлдсөнөөс Г.Э- нь 67 оноо авч нэгдүгээр байрт шалгарсан тул сургуулийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/61 дүгээр тушаалаар туршилтын 3 сарын хугацаагаар түр томилж, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Сонгон шалгаруулалтыг захирлын тушаалаар баталсан комисс зохион байгуулсан ба миний зүгээс тухайн комисст ямар нэгэн байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй, комисс журмаараа ажиллаад дүнгээ гаргасан. Г.Э- нь туршилтын хугацаанд ажлаа сайн хийж гүйцэтгэсэн учир сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/127 дугаар тушаалаар англи хэлний багшийн орон тоонд бүр томилж, хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан. Г.Э- нь одоо хүртэл тухайн ажлыг хийж гүйцэтгэж байна. Миний хувьд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлаар ажиллахдаа тус сургуулийн англи хэлний багшийн сонгон шалгаруулалтад орж нэгдүгээр байраар тэнцэж, англи хэлний багшаар ажиллах болзол хангасан иргэн Г.Э-ийг англи хэлний багшийн ажилд томилох шийдвэр гаргаж буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Г.Э-ээс 3,000,000 төгрөгийг бэлнээр авч, хахууль авах гэмт хэргийг үйлдээгүй.
6.3. Харин Г.Э- нь 2022 оны 08 дугаар сарын сүүлээр /өдрийг нь тодорхой санахгүй байна, ямар ч байсан сонгон шалгаруулалт явуулахаас өмнөхөн/ миний өрөөнд орж ирж англи хэлний үндсэн багшийн орон тоонд ажилламаар байна гэж бичгийн цаасанд боосон зүйл өгөх гэж оролдсон. Би тухайн үед түүнд та тэр сонгон шалгаруулалтад ор, тэнцвэл авч ажиллуулна, чамаас ямар нэгэн зүйл авахгүй гэж гаргаж байсан. Гэхдээ тухайн цаасанд боосон зүйл нь чухам ямар юм байсныг би тодорхой мэдэхгүй учир энэ талаар хэн нэгэн хүнд хэлээгүй. Тухайн үед энэ талаар зохих байгууллагад мэдэгдэхгүйгээр түүнийг явуулсан нь миний буруу байжээ. Би тухайн үед дараа нь ийм асуудал болно гэж огт бодоогүй.
6.4. Г.Э- нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгт “...шалгалт авсны маргааш өдрийнх нь өглөө өгсөн. Би шалгалт өгөөд гараад ирэхэд захирал Н.О- чи яагаад тэнцсэн вэ гээд асуугаад, эхний 3 сар туршилтын хугацаагаар байдаг юм, хуульд заасан гээд байхаар нь намайг жинхэлж томилохгүй байж магадгүй гэж бодоод маргааш өглөө нь уг 3,0 сая төгрөгийг түүний өрөөнд өгсөн...” гэж мэдүүлжээ.
Би түүнд тэгж хэлээд мөнгө авсан бол эхлээд 3 сарын хугацаагаар томилох байсан уу гэдэг асуудал урган гарна. Би бодит байдал дээр түүнийг 3 сарын хугацаагаар туршилтын хугацаагаар түр томилж байсан учир түүнийг жинхэлж томилохгүй байж магадгүй гэж бодоод маргааш өглөө нь уг 3,0 сая төгрөгийг түүний өрөөнд өгсөн гэх мэдүүлэг худал болох нь нотлогдож байна.
6.5. Мөн Г.Э- тухайн мэдүүлэгт “...Ээж Д-гээс 1,0 сая төгрөгийг авахдаа захиралд өгөх талаараа үнэнийг хэлээд авсан. Ээж бас олон жил ажилгүй явж байна үндсэн ажилтай болсон дээр гэж хэлж байсан...” гэж мэдүүлсэн бол ээж нь болох Д.Д- 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгт “...Тухайн үед манай охин Г.Э- нь хүүхдийн хичээл эхлэх гээд мөнгөгүй байна, 1,000,000 төгрөг зээлээч гэхээр нь шилжүүлсэн.Манай охин 3 хүүхэдтэй бөгөөд 3 хүүхэд нь сургуульд сурдаг юм...” гэж мэдүүлсэн байна. Энэ нь бас Г.Э- худал мэдүүлсэн болохыг нотолж байна.
6.6. Мөн Г.Э- 1,0 сая төгрөгийг нөхрийн найз Д.Б-аас нөхөр Д.Ж-ы дансаар шилжүүлж авч байсан, түүнд мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд авсан гэж мэдүүлсэн бол Д.Б- 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгт Давхарбаярын Ж- нь тухайн үед надаас мөнгөний хэрэг байна мөнгө зээлээч гээд 1,000,000 төгрөгийг өөрийн дансаар хүлээж авсан, ...Д Ж- манай найз учир урьд нь надаас мөнгө зээлж авдаг байсан.300,000 төгрөг, 500,000 төгрөг зээлж аваад буцааж өгдөг байсан гэж бас зөрүүтэй мэдүүлсэн байна.Эдгээр нотлох баримтууд нь үндсэн нотлох баримт биш, дамжмал нотлох баримтууд бөгөөд Г.Э-ийн ээж Д-, нөхрийн найз Д.Б- нараас зээлээр авсан мөнгийг надад өгсөн гэдгийг нотлохгүй гэж үзэж байна.
6.7. Мөн сонгон шалгаруулалтын комисст ажилласан ажлын хэсгийн гишүүдийн мэдүүлэг ч бас Г.Э-т давуу байдал үүсгэх чиглэл өгөөгүй гэж мэдүүлсэн буюу нийт гэрчийн мэдүүлэг нь намайг хахууль авсныг гэрчлэхгүй байна.
6.8. Энэ асуудлаар АТГ-т гомдол гаргасан Б.Т- гэгч 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгт “...Ж- гэх залуу өнгөрсөн 1 дүгээр сараас 7 дугаар сарыг дуустал ажилласан. Ингэж ажиллах хугацаандаа надад хэлэхдээ манай эхнэр Баян-Өлгий аймагт сургуульд багшаар ажилд орохдоо 6 сая төгрөгийн хахуулийг сургуулийн захиралд өгсөн гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь намайг хахууль авсныг нотлох шууд нотлох баримт биш хүмүүсийн дам яриа юм.
6.9. Миний хувьд Г.Э-ээс ямар ч хахууль аваагүй. Хэдэн хүний аман мэдүүлгээр гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлж, нийтийн албанд томилогдох эрхээ хасуулж байгаад гомдолтой байна.
6.10. Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д уг хуулийн зорилтыг “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж тодорхойлон заасан байна. Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчилжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөтөлбөргүй, эргэлзээгүй нотолж, миний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоосны үндсэн дээр ял шийтгэх, эсхүл цагаатгах шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой. Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтуудыг ноцтой зөрчиж, зөвхөн нэг талын худал мэдүүлгийг үндэслэн намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон явдалд нь хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж гомдолтой байна.
6.11. Хэрэгт намайг Г.Э-ийн өгсөн гэх 3,000,000 төгрөгийг авсныг батлах ямар ч нотлох баримт авагдаагүй. Г.Э- нь ширээн дээр мөнгө орхисон гэх боловч түүнийг хэн ч хараагүй, миний бие ширээн дээрх мөнгийг хараагүй бас аваагүй. Энэ нь хөдөлшгүй баримтаар нотлогдоогүй, хэн нэгэн үүнийг гэрчлээгүй, түүний гараас би мөнгө аваагүй. Ийм байхад анхан шатны шүүх нь хэт нэг талыг барьсан, хүний эрхийн мэдрэмжгүй, буруу шийдвэр гаргасан тул миний бие гомдолтой байгаа билээ.
6.12. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.
7. Шүүгдэгч Г.Э-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:
7.1. Ганбаатар овогтой Э- миний бие тус аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд англи хэлний багшаар ажилладаг. Би тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
7.2. Г.Э- би анх 2011 онд Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд нийгмийн ажилтнаар түр тушаалаар томилогдон ажиллаж эхэлсэн ба дараагаар нь 2012-2014 оны хооронд англи хэлний түр болон цагийн багшаар ажиллаж байсан ба харин 2017 онд жижүүрээр бүр орон тоонд орж ажиллаж байсан ба тухайн үед англи хэлний багшийн орон тоо гарч байсан боловч би цагийн багшаар ч орж чадаагүй юм. Харин энэ хугацаанд англи хэлний багшийн орон тоо олон удаа гарч байсан ба би олон жил нөхөөс хийсэн, цагийн багшаар ажиллаж байсан гэдгээ удаа дараа хэлж байсан боловч намайг ажилд аваагүй юм.
7.3. Тэгээд 2022 онд англи хэлний багшийн сонгон шалгаруулалт зарлах үеэр шалгалт өгч үзье гэж бодоод шалгалтад ороход тэнцсэн бөгөөд захирал надад туршилтын хугацаагаар түр тушаал гаргасан ба тэр үед чи яагаад шалгалтад тэнцчихэв, энэ бол туршилтын хугацаа шүү“ гэж дахин дахин сануулдаг байсан учраас хахууль шаардаж байгаа юм байна гэж ойлгогдохоор байсан тул туршилтын хугацаа дууссаны дараа бүр тушаал гаргахгүй болов уу гэж бодоод би түүнд 3,0 сая төгрөгийн хахууль өгсөн нь үнэн болно. Гэтэл О- захирал болохоор эхнээсээ хэргээ хүлээхгүй байсан ба намайг гүтгэсэн болгох гэж л үзээд амь тавих гэж байна.
7.4. Харин Н.О- нь яллагдагчаар татагдсанаас хойших хугацаанд намайг урьд нь гэрчээр өгсөн мэдүүлгээсээ буцахыг шаардаж, мөн өмгөөлөгчийг чинь сольж өгье, хөлс мөнгийг нь төлөөд өөр өмгөөлөгч авч өгье, танай өмгөөлөгч манай хадмын талтай таардаггүй, манай өмгөөлөгчтэй чамайг уулзуулъя гэж намайг олон удаа ятгаж байсан. Мөн О- захирал өөрийн нөхрийг миний нөхөр Ж-тай уулзуулж, мөнгө өгөхийг оролдож, эхнэрийнхээ мэдүүлгийг буцаа гэж шахаж шаардсан боловч тэр мөнгийг нь манай нөхөр аваагүй. Уг үйл явдлыг манай нөхөр дуу хураагуураар бичиж авсан. О-гийн хадам дүү болох Алтанцэцэг багш анхан шатны шүүх хурлын өмнөх өдөр орой 19 цагийн үед манай гэрийн гадаа ирж уулзъя гэж дуудаж гаргаад мэдүүлгээсээ буц гэж ятгасан, мөн сургуулийн манаач Г- мөн тэр өдрийн шөнийн 23 цаг 40 минутын үед над руу залгаж, гараад ир чамтай уулзах асуудал байна гэж хэлсэн. Тэр үед би айгаад гараагүй ба гэртээ байхгүй байна гэж хэлээд явуулсан.
7.5. Түүнээс гадна шүүхээр хэрэг шийдэгдсэний дараа надад өс хонзон санаж, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан. Би энэ талаар сургуулийн хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх хороонд гомдол гаргасан байгаа ба одоохондоо шийдвэрлэгдээгүй байгаа болно. Дээр дурдсан үйл явдлыг би хэрэг прокурорт байх хугацаанд болон анхан шатны шүүх хурал дээр хэлээгүй. Учир нь гэвэл нэгэнт энэ хүний удирдлага доор ажиллаж байгаа учраас цаашид ямар нэгэн нийнтэг, шалтаг гаргаж намайг ажлаас халчих болов уу гэж айж эмээсэн, хоёрт гэвэл захирлын эрх зүйн байдал улам дордож, хүнд ял авчих байх гэж өрөвдсөн учир хэлээгүй юм.
7.6. Одоо бүр цаашид хугацаа удсан тохиолдолд надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, намайг хохироож магадгүй нөхцөл байдал бий болоод үүсээд байна. Гэтэл анхан шатны шүүхээс хөнгөн ял авангуутаа хилс хэрэгт ял шийтгүүлсэн гэж гомдол гаргаж байна. Энэ нь нэг хоног ч гэсэн зөөлөн суудал дээр байж, хугацаа сунжруулах санаа зорилгыг агуулж байна гэж бодож байна.
7.7. Харин тэгж яривал Н.О-д анхан шатны шүүхээс хөнгөн ял оноосон юм. Яагаад гэвэл бүр анхнаасаа хэргээ огт хүлээхгүй байсан бөгөөд шүүх хурал дээр ч гэсэн гэмт хэрэг үйлдсэнээ огт хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүхээс түүнд оногдуулсан ял хэт хөнгөн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байхад анхан шатны шүүхээс түүнд ял оногдуулахдаа хорихоос өөр төрлийн хэт хөнгөн торгуулийн ял оногдуулсан байхад давж заалдах гомдол гаргаж байгаа нь өөрөө үндэслэлгүй гэж үзэж байна.
8. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:
8.1. Н.О-тай холбоотой тайлбар гаргая гэж бодож байна. Шүүгдэгч Н.О-гийн хувьд би гэмт хэрэг үйлдээгүй, намайг гүтгээд байна, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэдэг асуудлыг ярьж байна. Энэ гэмт хэргийн онцлог нь өөрөө нэг талд нь өгсөн хүн байгаа, нөгөө талд авсан хүн байна. Авлигыг өгсөн асуудал нь нотлогддог, мөн авсан асуудал нь ч гэсэн давхар нотлогддог. Н.О-гийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, мөнгө аваагүй гэдэг асуудлыг ярьж байгаа боловч анхан шатын шүүх хуралдааны явцад өөр өөр агуулгатай мэдүүлгүүдийг өгсөн байдаг.
8.2. Хэдийгээр яллагдагч, шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглахгүй ч гэсэн хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын хүрээнд энэ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь өөрөө хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хэн нэгний хуулиар олгогдсон эрх ашиг сонирхол ямар нэгэн байдлаар зөрчөөгүй, хөндөөгүй гэдгийг бас дурдаж нэмж дурдах нь зүйтэй байх.
8.3. Тэгээд анхан шатын шүүхээс шүүгдэгч нарт гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулахдаа улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээгээр оногдуулсан нь өөрөө эрүүгийн хариуцлагын зорилтод нийцсэн. Эрүүгийн хариуцлага хүлээлгэн оногдуулахад харгалзан үзэх нөхцөл байдлуудыг бүгдийг нь харгалзан үзсэн байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байна гэв.
8.4. Прокурорын зүгээс дараах дүгнэлтийг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн зүгээс яллах болон цагаатгах талын аль аль нотлох баримтуудыг бүхий л хэмжээнд цуглуулах үүргийнхээ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Өнөөдөр шүүх хуралдаан дээр шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хувьд цагаатгах байр суурьтай байна гэж байгаа боловч ямар нотлох баримтад үндэслэж цагаатгах гээд байгаа юм бэ, ямар нотлох баримт үндэслэж энэ гэмт хэрэг үйлдсэн нь үгүйсгэгдээд байгаа юм бэ гэдэг талаараа үндэслэл бүхий тайлбар хэлж чадаагүй.
8.5. Энэ гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох хүртээмжтэй нотлох баримтууд цугларсан. Гэм буруутай байсан асуудлыг эргэлзээгүйгээр шийдвэрлэх хэмжээний нотлох баримтууд хангалттай цугларсан гэж үзэж байна. Анхан шатын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 259 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Мөн Н.О-, Г.Э- нарын хооронд үүсээд байгаа хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлын хувьд прокурорын зүгээс хэлэхэд гэм буруугийн шүүх хуралдаанд гарсан таслан сэргийлэх арга хэмжээ оновчгүй байсантай холбоотой гэж үзэж байна. Учир нь улсын яллагчийн зүгээс тухайн үедээ таслан сэргийлэх арга хэмжээний хувьд албан тушаалын хөдөлмөр эрхлэхийн тулд түдгэлзүүлэх тухайн санал гаргаж байсан боловч өмнөх хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ хилээр гарахын хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүд нь хэвээрээ үлдээд өнөөдрийг хүртэл шүүгдэгч Н.О-гийн хувьд ажил хөдөлмөр эрхэлж байгаатай нь бас холбоотой юм гэж үзэж байгаа. Энийг дурдаж хэлэх нь зүйтэй байх гэв.
9. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт:
9.1. Шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэж байна. Энэ О- гэдэг эмэгтэй гэм буруутай байна. Байнга хахууль авдаг хүн. Манай таньдаг нэг хүнээс бас авсан байсан.
ТОДОРХОЙЛОХ нь:
10. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
11. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй.
12. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Н.О- нь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр, өөрийн албан тасалгаандаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирал буюу нийтийн албан тушаалтны хувьд хахууль өгөгчийн ажилд томилогдох гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор тус сургуулийн англи хэлний багшаар ажиллах болзол хангасан Г.Э-ээс түүнийг англи хэлний багшийн ажилд томилох шийдвэр гаргах буюу захирлын хувьд албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 3,000,000 төгрөгийг бэлнээр авсан, харин шүүгдэгч Г.Э- нь өөртөө давуу байвал бий болгох буюу тус лаборатори 2 дугаар сургуулийн англи хэлний багшийн ажилд томилогдох зорилгоор захирал Н.О-д албаны өрөөнд нь байхад түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 3,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн үйл баримт хөтөлбөр тогтоогдсон байна.
13. Тухайлбал, Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Н.О-ийн үйлдэл холбогдлын талаар гэрчээр өгсөн “...би англи хэлний багшаар шалгалт өгөхгүйгээр орох гээд шалгалтын өмнө бэлдсэн байсан 3 сая төгрөгийг аваад захирлын өрөөнд ороход тэр эхлээд авахгүй, шалгалт зохион байгуулна гэж хэлсэн. Тэгээд авахгүй болохоор нь шалгалтад ороод тэнцсэн өдрөө уг 3 сая төгрөгийг түүнд оруулаад өгөх гэхээр авахгүй болохоор нь ширээн дээр нь тавиад гарсан. Тэгэхдээ яг гарт нь өгөөгүй ба тэр авсан, учир нь надад хариу буцааж өгсөн удаа байхгүй. Нэг л удаа түүнд 3 сая төгрөг өгсөн. Тэгээд энэ талаар нөхөр Д.Ж-д хэлж байсан, нөхөр Д.Ж- энэ талаар Т- ахад хэлсэн гэж байсан...” гэсэн /1хх-13 дахь тал/ мэдүүлэг, мөн шүүх хуралдаанд болж өнгөрсөн үйл явдлын талаар өгсөн “2022 оны 8 дугаар сард англи хэлний багшийн сонгон шалгаруулалтад орж 67 оноогоор тэнсэж, 1 дүгээр байранд орсон. 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж түр тушаалаар ажилд томилогдсон. Н.О-д очиж миний бүр тушаалыг гаргаж өгөөч гэж 3,000,000 төгрөг өгсөн маань үнэн. Сонгон шалгаруулалтад орж 1 дүгээр байранд орсон ч гэсэн намайг жинхэлж ажилд авахгүй байх гэж бодсон. Туршилтын хугацаа шүү гэж надад 2, 3 удаа сануулж хэлэхэд аргагүйн эрхэнд мөнгө өгсөн. Албан өрөөнд нь оруулж өгчхөөд гараад явсан. Ээж болон найзаасаа зээлж авч, банк бусаас зээл авсан. Аргагүй байдалд орж мөнгө өгсөн. Сайн дурын үндсэн дээр мөнгө өгөөгүй. Тухайн мөнгийг олж авах надад хэцүү байсан” гэсэн /3хх-178 дахь тал/ мэдүүлгээр шүүгдэгч Г.Э- нь Н.О-д мөнгө өгөх болсон шалтгаан нөхцөл, өгсөн мөнгөнийхөө тоо хэмжээ, эх үүсвэр, болсон үйл явдлын талаар тодорхой, тогтвортой мэдүүлсэн байх бөгөөд түүний эдгээр мэдүүлэг нь яллах дүгнэлтийн үндэслэл болсон бусад нотлох баримтууд болох гэрч Б.Т /1хх-9 дэх тал/, Д.Б- /1хх-18-19 дэх тал/, Д.Д- /1хх-21-23 дахь тал/ нарын мэдүүлэг, Г.Э-ийн шалгалт өгсөн талаарх шалгалтын материал болон түүнийг 2021 онд цагийн багшаар, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр англи хэлний багшаар түр томилсон тушаал зэрэг бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
14. Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Н.О- болон Г.Э- нарын дээрх хууль бус үйлдлийг, тодруулбал шүүгдэгч Н.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хахууль авах гэмт хэргээр, шүүгдэгч Г.Э-ийн үйлдлийг мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хахууль өгөх гэмт хэргээр зүйлчилсэн нь хууль ёсны зарчмыг хангажээ.
Шүүгдэгч нарын хууль бус үйлдэл тогтоогдсон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх ба шүүгдэгч Н.О-гийн нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, арван гурван сая таван зуун мянган төгрөгөөр, шүүгдэгч Г.Э-ийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, гурван сая төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсэн нь тэдгээрийн үйлдсэн хахууль авах, хахууль өгөх гэмт хэрэг, тухайн гэмт хэргүүдийн нийгмийн шударга ёс, тэгш эрхийн зарчмыг алдагдуулдаг хор уршиг, шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон, гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журамд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
15. Хахууль авах, хахууль өгөх гэмт хэргүүд нь нэг талаас хахууль авагч нь албан тушаалаа ашиглан хялбар аргаар ашиг олох, нөгөө талаас хахууль өгөгч нь өөртөө давуу байдал бий болгох үүднээс албан тушаалтны шунахайн сэдэл, зорилгыг гүйцэлдүүлэх зэрэг хоёр талын ашиг сонирхлын нэгдлийг агуулдаг.
Ажил олгогч Н.О- нь сургуулийн захирлын хувьд тус сургуулийн англи хэлний багшаар түр хугацаагаар ажиллаж байсан Г.Э-ээс түүний жинхлэн томилогдох гэсэн ашиг сонирхлын үүднээс ажилд томилох шийдвэр гаргахдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 3,000,000 төгрөгийг бэлнээр авч албан тушаалаа ашиглаж хялбар аргаа ашиг олох гэсэн, нөгөө талаар ажилтан Г.Э- нь өөртөө давуу байдал бий болгохын тулд, багшийн ажилд жинхлэн томилогдох зорилгоор ажил олгогчид албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй нь холбогдуулан 3,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн байдал нь тэдгээрийн ашиг сонирхлын нэгдлийг илэрхийлэх бөгөөд шүүгдэгч Н.О-ийн “хахууль авах гэмт хэргийг үйлдээгүй. Миний өрөөнд орж ирж англи хэлний үндсэн багшийн орон тоонд ажилламаар байна гэж бичгийн цаасанд боосон зүйл өгөх гэж оролдсон. Тухайн үед энэ талаар зохих байгууллагад мэдэгдэхгүйгээр түүнийг явуулсан нь миний буруу байжээ. Намайг хахууль авсныг нотлох шууд нотлох баримт байхгүй” гэсэн үндэслэлээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй буюу хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлаагүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.О- нь нийтийн албан тушаалтны хувьд хахууль өгөгчийн ажилд томилогдох гэсэн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын бүрэн эрхээ ашиглаж хялбар аргаар ашиг олох гэсэн шунахайн сэдэлтээр, багшийн сонгон авч, ажилд томилох захирлын хуульд заасан албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний хариуд шүүгдэгч Г.Э-ээс 3,000,000 төгрөгийн хээл хахуулийг бэлнээр авсан нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Г.Э- нь тухайн хэргийн жинхэнэ бодит байдлын талаар буюу Н.О-д мөнгө өгөх болсон шалтгаан нөхцөл, өгсөн мөнгөнийхөө тоо хэмжээ, эх үүсвэр, болсон үйл явдлын талаар тодорхой, тогтвортой мэдүүлж анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон байна.
16. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын талаар шүүгдэгч Н.О-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа эс зөвшөөрч, өөрт нь холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 66 дугаар зүйлийн 66.6, 66.7 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “Шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлт хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон учраас шийдвэр гаргахдаа харгалзаж үзсэн болно.
Харин иргэдийн төлөөлөгчийн “Энэ О- гэдэг эмэгтэй ... байнга хахууль авдаг, манай таньдаг 1 хүнээс бас авсан байсан” гэсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Н.О- нарт холбогдох тухай хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаараас гадуур, тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудад үндэслэгдээгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлд харгалзаж үзээгүйг тэмдэглэж байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.О-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/259 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.О-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Ж.Отгонхишиг
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК