| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/04806/И |
| Дугаар | 192/ШШ2025/09937 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/09937
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Н-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д******* ХХК /РД:*******/,
Хариуцагч: Г.Д /РД:*******/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 120 930 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х.Н*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.У*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов. Хариуцагч Д******* ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Г.Д*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Н******* нь хариуцагч Д******* ХХК, Г.Д******* нарт холбогдуулан 120 930 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Х.Н******* миний охин Ж.О******* нь Д******* ХХК-д ажилладаг байсан. Тус компани нь барилгын компани бөгөөд бартерийн хямд байр орж ирдэг байсан. Бид байр авахаар хайж байсан тул Д******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Д*******тай байр авахаар харилцан тохиролцсон. Д******* ХХК нь М.Б*******тай байгуулсан Худалдах худалдан авах гэрээний төлбөрт авсан **** байрлалтай 76.46 м.кв орон сууцыг надад худалдахаар болсон бөгөөд 1м.кв үнийг 2,200,000 төгрөгөөр тооцож нийт 162,212,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Тухайн үед **** хотхон ашиглалтад ороогүй, М.Б******* нь орон сууц захиалгын гэрээтэй байсан. 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Г.Д*******, М.Б*******, миний охин Ж.О*******, бид дөрөв уулзаж, орон сууцыг худалдах, худалдан авах талаар тохиролцоонд хүрсэн. Тиймээс Д******* ХХК нь 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №19 дугаар албан бичгийг бичиж өгсөн. Орон сууцны үнийн урьдчилгаа 100 000 000 төгрөгийг тухайн байраа авахдаа төлөхөөр тохирсон байсан. Тиймээс мөн өдөр X.Haсанжаргал миний бие өөрийн Хаан банкны 50205 тоот данстай хадгаламжаас 100 000 000 төгрөгийг 5 удаагийн гүйлгээгээр Г.Д*******гийн Хаан банкны 5622******* тоот дансанд шилжүүлсэн. 7 хоногийн дараа орон сууц захиалгын гэрээний эрхийг шилжүүлэхээр Г.Д*******д хандахад бидний худалдан авсан байрыг өөр хүнд зарсан байсан. Үүнтэй холбоотой бидний дунд маргаан үүсэн бөгөөд Г.Д******* нь өнөөдрийг хүртэл байраа авахаар хүлээн бидэнд энд өөр байр өгнө хэмээн тайлбарлаж байсан. Миний охин Ж.О******* нь Г.Д*******тай хамт ажиллаж байсан тул түүнд итгэн хүлээсэн боловч үр дүнд хүрсэнгүй, миний хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Байрны талаар асуухад шүүхийн маргаантай байгаа, шийдэгдвэл шууд шилжүүлж өгнө гэх зэргээр хугацаа авч байна. Иймд өөрийн зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Орон сууцны үнэд төлсөн мөнгө нь миний хадгаламжид байсан мөнгө бөгөөд хэрэв энэхүү дансандаа байсан бол арилжааны банкуудын хадгаламжийн жилийн дундаж хүү 11 хувиар тооцож үзэхэд 2023 оны 6 сараас 2025 оны 4 сар дуустал 23 сарын хугацаанд 20 930 000 төгрөгний орлого орох боломжтой байсан бөгөөд хариуцагчийн үйлдэлтэй холбоотой надад хохирол учирсан байна. Иймд Д******* ХХК, Г.Д******* нараас 120 930 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би байр авах гэж мөнгө хадгалж байсан юм. Гэтэл Г.Д******* нь манай охинд мөнгө зээлээч гэсэн байдаг, тэгээд байр орж ирлээ, энэ байрыг авчих дараа нь үлдэх мөнгийг нь хийчих гэсэн. Тэгээд би байраа очиж үзээд уг байрыг авах гээд 100 000 000 төгрөгийг Г.Д*******д шилжүүлсэн юм. Тэгээд байрыг шилжүүлж өгнө гэсэн боловч уг байр нь зарагдчихсан байсан. Би гадагшаа яваад ирэхэд уг байр нь зарагдсан, манай компаниас байр авчих гээд хэлсэн. Би манай байртай ойрхон байсан болохоор тэгье гэсэн. Гэтэл уг байраа ашиглалтад орохоор нь өгнө, шүүхийн асуудалтай байгаа гээд л байсан. Тэгээд одоо хүртэл байр өгөөгүй, байрны төлбөрт төлсөн 100 000 000 төгрөгийг авмаар байна, мөн хохиролд тооцож 20 930 000 төгрөгийг гаргаж өгнө үү. Би төмөр замд байсан байраа зараад хадгаламжид 100 000 000 төгрөгийг хийсэн байсан. Хэрэв хадгаламжид байсан бол хүү тооцогдох байсан гэв.
1.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Н******* нь Д******* ХХК-тай очиж уулзаад уг байрыг үзээд зах зээлийн ханшнаас хямд байр авч байна гэж ойлгоод албан бичиг үйлдсэн учраас худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Тэгээд 100 000 000 төгрөгийг байрны үнэд Г.Д*******гийн дансанд шилжүүлсэн. Гэтэл хариуцагч нь үүргээ биелүүлээгүй, 2 жилийн хугацаа өнгөрсөн. Өөр байр эсхүл мөнгийг өгчих байх гэж бодоод хүлээсэн. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар байрны үнэд төлсөн мөнгийг буцаан авна, мөн хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс хохирол учирсан тул хохиролд тооцож 20 930 000 төгрөгийг шаардаж байна. Жилийн 6,6 хувийн хүүтэй Хаан банк ХК-ийн дансанд байсан хадгаламжийн мөнгөнөөс авч өгсөн. 2023.06.05-нд шилжүүлсэн 2025.04.23 хүртэл хүү тооцсон. /11хувиар тооцсон, 100 000 000х11 хувь=сарын 0,91 хувь, 23сар/ гэж тооцсон гэв.
2.Хариуцагч Д******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тус компанийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.1.Хариуцагч Г.Д*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г.Д*******гийн зүгээс нэхэмжлэгч Х.Н*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 120 930 000 төгрөгийг төлөх үүрэг үүсээгүй гэж үзэж байна. Иймд хариуцагч Г.Д*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д******* ХХК-ийн 2023.06.05-ны өдрийн №19 тоот албан бичиг, Хугацаагүй хадгаламжийн гэрээ, Хаан банк ХК-ийн тодорхойлолт, шилжүүлгийн баримт, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Монгол банкны 2025.10.06-ны өдрийн Б-10/795 тоот албан бичиг гэсэн баримтуудыг,
хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариуцагч Д******* ХХК-ийн төлөөлөгчийн хариу тайлбар, хариуцагч Г.Д*******гийн төлөөлөгчийн хариу тайлбар гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Н*******ын нэхэмжлэлийн шаардлагаас 112 424 000 төгрөгийг хангаж, үлдэх 8 506 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Д******* ХХК-тай орон сууц худалдан авахаар тохиролцож, орон сууцны урьдчилгаанд 100 000 000 төгрөгийг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох хариуцагч Г.Д*******гийн дансанд шилжүүлсэн боловч компани болон Г.Д******* нар нь орон сууцыг шилжүүлэн өгөөгүй, өөр этгээдэд худалдан борлуулсан байсан тул гэрээнээс татгалзаж урьдчилгаанд шилжүүлсэн 100 000 000 төгрөгийг, гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол буюу хадгаламжаас гэрээний урьдчилгаа мөнгийг авч өгсөн тул хадгаламжийн хүүнд 20 930 000 төгрөгийг тооцож, нийт 120 930 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч Д******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
4.Хариуцагч Г.Д******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 120 930 000 төгрөгийг төлөх үүрэг үүсээгүй гэж үгүйсгэсэн.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Нэхэмжлэгч Х.Н******* нь хариуцагч Д******* ХХК-тай *** байрлах, 76.46 м.кв талбайтай орон сууцыг 1 м.квадратыг 2 200 000 төгрөг, нийт 162 212 000 төгрөгөөр худалдах, худалдан авах, орон сууцны үнийг Г.Д*******гийн Хаан банк дахь 5622******* тоот дансанд хүлээн авахаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан Д******* ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №19 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
5.2.Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Г.Д*******гийн Хаан банкны 5622******* тоот дансанд Хаан банкны шилжүүлгээр 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нийт 100 000 000 төгрөгийг шилжүүлжээ.
6.Талуудын маргааны зүйл нь гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 100 000 000 төгрөг, хохирол 20 930 000 төгрөгийг төлөх талаар байна.
7.Нэхэмжлэгч Х.Н******* нь хариуцагч Д******* ХХК-тай ****давхарт байрлах, 76.46 м.кв талбайтай орон сууцыг 1 м.квадратыг 2 200 000 төгрөг, нийт 162 212 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, хариуцагчийн нэрлэн заасан этгээд буюу хариуцагч Г.Д*******гийн дансанд 100 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Д******* ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №19 тоот албан бичиг, Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Х.Н******* болон Д******* ХХК, Г.Д******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
7.1.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заасан, нэхэмжлэгч нь хариуцагчаар Д******* ХХК болон түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Г.Д*******г хэн алийг нь тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй байна.
7.2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан боловч хариуцагч Д******* ХХК, Г.Д******* нар нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчид гэрээний зүйл болох орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.
7.3.Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, орон сууцны урьдчилгаа төлбөр 100 000 000 төгрөгийг хүлээн авсан боловч нэхэмжлэгчид **** давхарт байрлах, 76.46 м.кв талбайтай орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, өгөх боломжгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, орон сууцны үнэд шилжүүлсэн 100 000 000 төгрөгийг буцаан шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.
7.4.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Д******* ХХК, Г.Д******* нараас орон сууцны урьдчилгаанд шилжүүлсэн 100 000 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.Н*******д олгохоор шийдвэрлэв.
8.Нэхэмжлэгч нь хариуцагч нараас гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд хадгаламжийн хүү болох 20 930 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, орон сууцны урьдчилгаа 100 000 000 төгрөгийг өөрийн хугацаагүй хадгаламжийн данснаас авч шилжүүлсэн, хариуцагч нарын буруугаас хүү авах эрхээ алдсан гэж тайлбарласан.
8.1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, мөн 227.3-д “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан.
8.2.Нэхэмжлэгчээс хэрэгт Хаан банк ХК-тай байгуулсан иргэдийн хугацаагүй хадгаламжийн гэрээг шүүхэд ирүүлсэн бөгөөд гэрээнд “данс эзэмшигч Х.Н*******, дансны дугаар 50205, данс нээсэн огноо 2008/06/17, хүү олгох огноо 2025/12/31” гэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн хадгаламжийн 50205 тоот данснаас хариуцагч Г.Д*******гийн 5622******* тоот дансанд орон сууцны урьдчилгаа 100 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
8.3.Хариуцагч нар нь нэхэмжлэгчид орон сууцыг шилжүүлээгүй, үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тул учирсан хохирол болох хадгаламжийн хүүг хариуцагч нараас шаардсан нь үндэслэлтэй байх боловч хадгаламжийн хүүг арилжааны банкнуудын жилийн дундаж хүү болох 11 хувиар тооцсон нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хадгаламжийн хүүг 6,6 хувь гэсэн болно.
8.4.Нэхэмжлэгчийн хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Монгол банкны 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б-10/795 тоот албан бичгийн хавсралтаар банкнуудын төгрөгийн хадгамжид жигнэсэн дундаж хүү хугацаатай хадгаламжид 11 хувь гэж заасан, нэхэмжлэгч нь хугацаагүй хадгаламжийн гэрээтэй байсан, мөн шүүх хуралдаанд хадгаламжийн хүүг 6,6 хувь байсан гэж тайлбарласан тул хохиролд нийт 12 424 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв. /100 000 000 төгрөгний хадгаламжийн хүү, жилийн 6,6 хувь, 2023.06.05-2025.04.23-ны хүртлэх 22 сар, 18 хоног тооцоход: 1сарын 0,55 хувь, 6,6:12=0,55, 1сарынх 100 000 000 х0,55=550 000төгрөг, 22сар х 550 000=12 100 000төгрөг, 18хоногийн хүү 6,6:365=0,018, 100 000 000х0,018=18 000 төгрөг, 18х 18 000=324 000төгрөг, нийт 12 100 000+324 000=12 424 000/
9.Иймд хариуцагч Д******* ХХК, Г.Д******* нараас орон сууцны урьдчилгаанд шилжүүлсэн 100 000 000 төгрөг, хохиролд 12 424 000 төгрөг, нийт 112 424 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Н*******д олгож, нэхэмжлэлээс 8 506 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Н*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 762 600 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Д******* ХХК, Г.Д******* нараас 720 070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Н*******д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Д******* ХХК, Г.Д******* нараас 112 424 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Н*******д олгож, нэхэмжлэлээс 8 506 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Н*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 762 600 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Д******* ХХК, Г.Д******* нараас 720 070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Н*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН