Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 42

 

Бор-Өндөр с

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хурлын “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

           Улсын яллагч П.Эрдэнэбаатар

            Шүүгдэгч М.Ч нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Ч-д холбогдох 1840000460034 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 07 сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, М.Ч.

              Шүүгдэгч М.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар “машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

  Шүүгдэгч М.Ч нь 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Вин Капитал” ХХК-ийн хашаанд байрлах Монгол гэрийн гадаа байсан цэнхэр өнгийн пошигтой 100 литр түлшийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу Ө.У эзэмшлийн 12-74 ХЭҮ улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 210000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                         Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэг. Шүүгдэгч М.Ч нь 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Вин Капитал” ХХК-ийн хашаанд байрлах Монгол гэрийн гадаа байсан цэнхэр өнгийн пошигтой хохирогч Г.Б 100 литр түлшийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу Ө.У эзэмшлийн 12-74 ХЭҮ улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 210000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1.1.Шүүгдэгч М.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Вин Капитал” ХХК-ийн хашаанд байрлах Монгол гэрийн гадаа байсан цэнхэр өнгийн пошигтой 100 литр түлшийг Ө.У эзэмшлийн 12-74 ХЭҮ улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 210000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. Би хохирогч Г.Б д 210000 төгрөгний хохирлыг төлсөн. Гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл ногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

1.2.Хохирогч Г.Б 2018 оны 05 сарын 11-ний өдөр хохирогчоор өгсөн: “Би Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сэнтурия Монгу” ХХК-д ерөнхий менежерээр ажилладаг. Би 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зам цэвэрлэгээний ажил хийлгэх зорилгоор мөн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вин Капитал” ХХК-ний захиралтай ярилцаж тохиролцсоны улмаас хашаанд нь 4 ханатай гэр барьж Улаанбаатар хотоос Чимэдмөнх, Энхсүх гэх хүмүүсийг авчран байрлуулан ажиллуулж байсан. Би 2018 оны 4 дүгээр сарын эхээр Бор-Өндөр сумын төвд байх “Ник-Питровис” шатахуун түгээх станцаас 640 литр түлшийг 1 литрийг 2100 төгрөгөөр бодож авсан байсан юм. Би шатахуун түгээх станцаас түлшээ авахдаа литрийн багтаамжтай цэнхэр өнгийн 1 ширхэг төмөр пошигонд, мөн 218 литрийн багтаамжтай бор өнгийн төмөр пошигонд, 20 литрийн багтаамжтай 7 ширхэг канистрт авч үлдсэн түлшээ унаж явсан өөрийн эзэмшлийн 67-13 УБР улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн машиндаа хийсэн. Ингээд авсан түлшээ Вин Капитал ХХК-ний хашаанд барьсан 4-н ханатай монгол гэрийн гадаа ертөнцийн зүгээр баруун талд нь тавьсан юм. Би анх дуудлага өгөхдөө 168 литр түлш алдсан гэж ойлгож мэдүүлэг өгсөн. Тэгтэл цагдаагийн хүнтэй хэмжиж үзээд шалгахад 100 литр түлш байсан байна. Би анх өөрийн эрхэлж буй үйл ажиллагаандаа зориулж 2018 оны 4 дүгээр сарын эхээр 640 литр түлш үлдсэнийг буруу тооцоолж мэдүүлэг өгсөн байна. Хулгайд алдсан цэнхэр пошигонд 100 литр түлш байсныг Ч хулгайлсан байсан. Миний түлшийг хулгайлсан Ч нь надад учирсан хохирлыг төлж барагдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 6-8/

1.3.Гэрч Э.М-ийн 2018 оны 05 сарын 11-ний өдөр өгсөн “...Намайг Вин Капитал ХХК-ний ковшийн оператороор ажилд ороход уг гэрийн баруун талд пошигтой түлш байсан. Ингээд намайг ажлаа хийгээд байж байтал 2018 оны 5 дугаар сарын 10-ны өглөө Б  ахын хуурай дүү нь олох Бүрнээ гэх залуу гэрийн баруун талд байсан пошигтой түлш хулгайд алдагдсан байна. Чи гэрийн гадуур машинтай хүн ирэх нүү сайн харж, эргэж тойрч байгаарай гэхээр нь би хэлснийх нь дагуу ажиглаж байсан юм. Тэгсэн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Б  ах миний дугаар руу залгаж гэрийн баруун талд байгаа цэнхэр өнгийн пошигтой түлшийг наашаа ачаад явуулчих гэхээр нь би түлш алдагдсан талаар хэлсэн. Б  ах за за яваад очно гээд утсаа тасалсан. Би 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ажлынхаа хажуугаар түлш алдагдсан гэх гэрийн ойр орчмоор ажиглалт хийгээд байж байтал гэрийн гадаа 12-47 ХЭҮ улсын дугаартай цэнхэр ангийн Портер маркийн автомашин тэвшин дээрээ цэнхэр өнгийн пошигтой түлш аччихсан зогсож байсан. Тэгэхээр нь би яваад очтол Ч ах нэлээн согтуу 2 танихгүй залуугийн хамтаар пошигоо буулгаж байсан. Б  ахыг цагдаа нартай ирэхэд миний буруу, намайг уучлаарай, би буруу зүйл хийсэн, надад хэлэх зүйл байхгүй гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

1.4.Гэрч Ө.У 2018 оны 05 сарын 12-ны өдөр өгсөн “...2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр эхнэртэйгээ хамт өөрийнхөө 12-74 ХЭҮ улсын дугаартай портер машинаа унаад гэрээс гараад явж байтал гудамжинд Г той таарсан. Г той өмнө нь Улаанбаатар хотод цуг ажиллаж байсан болохоор таньдаг юм. Тухайн үед Г  танихгүй ахтай хамт явж байсан. Тэгээд Г той уулзахад намайг хойшоо хөдөө яваад өгөөч, манай ах уурхай дээрээс ажлаасаа бууж байгаа юм, очиж хөнжил пүүгээгээ болон бусад ойр зуурын юм аа авах гэсэн юм гэж хэлээд намайг яваад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь найз нөхөд учраас янз бүрийн юм ярилгүй явж өгөхөөр болсон. Би Г  тэр хоёроос зардал мөнгө аваагүй. Тэгээд Г  тэр хоёрыг аваад эхнэр бид хоёр хамт Баргилтын уурхайн баруун урд талд нэг гэрийн гадаа очоод зогссон. Тэгээд Г  тэр хоёр машинаас буугаад гэрээ тойрч явж байгаад ирсэн. Тэгэхдээ гэрийн хаалга цоожтой, гэрийн түлхүүр үлдээгээгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд Г той хамт явж байсан ах гэрийн баруун урд талд байсан цэнхэр өнгийн пошигтой түлшийг ачъя гэж хэлсэн. Намайг машинаасаа бууж ирээд элбэлцээд ачаад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр ахаас наадах чинь юу юм бэ гэж асуухад миний өөрийн юм байгаа. Бор-Өндөр сумын төв рүү оруулах гэж байгаа юм гэж хэлсэн. Ингээд түлшээ машин дээр ачаад Бор-Өндөр сум буцаад явсан. Бид нар явсаар байгаад Бор-Өндөр сум руу орж байхад Г той хамт явж байсан ах энэ түлшийг зармаар байна, авах хүн олоод өгчих гэж байсан. Тэгэхэд манай эхнэр энэ орой болсон хойно хаана, хэнд зарахав дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь түлшээ зарж яах гэж байгаа юм бэ? гэж асуухад Улаанбаатар хот руу явах зардлаа хийх гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд манай эхнэрийг 50000 төгрөг өгчих гээд байсан. Тэгэхээр нь би 100 литр түлшээ ингэж хямдхан зарах гэж байгаа юм уу, түлшийг нь авч үлдээд 50000 төгрөг өгье, эргэж ирээд түлшээ авбал аваарай гэж хэлсэн. Манай эхнэр тэр ахын данс руу нь 50000 төгрөг мобайлдаж шилжүүлэхэд тэр хоёр машинаас буугаад үлдсэн. Тэгтэл тэрнээс хойш 2 хоногийн дараа над руу утсаар яриад түлшний пошигоо аваад хойшоо хүргээд өгчих гэж ярихаар нь цэнхэр өнгийн хоосон пошиг ачаад тэр ахыг хүргэж өгсөн. Би тэр ахаас авсан түлшийг өөр саванд сулласан байсан юм, гэхдээ одоо болтол ашиглаагүй, надад түлш нь хэвээрээ байгаа. Би тэр ахыг түлш хулгай хийж байгаа гэдгийг нь мэдээгүй. Г  намайг гуйхлаар түлш авна гэж яваагүй, хөнжил пүүгээ, хувцас хунараа авчирна гэж хэлсэн. Тэгээд байрлаж байсан гэрийнхээ гадаа очоод пошигтой юм ачих гэхээр нь би наадах юу юм бэ гэж асуухад ахынхан юм байгаа, төв рүү оруулах гэж байгаа юм гэж хэлэхээр нь санаанд ороогүй. Тухайн үед хулгай хийж байна гэдгийг мэдээгүй. Би 12-74 ХЭҮ улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн машинаа өнөөдрөөс 4 хоногийн өмнө 4.000.000 төгрөгөөр зарсан. Хэн гэдэг хүн худалдаж авсныг санахгүй байна, машин зарж байхдаа нэг удаа уулзсан. Миний машиныг Бор-Өндөр суманд ирээд аваад явсан, Сүхбаатар аймаг руу явна гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/      

1.5.Гэрч Г.Г гийн 2018 оны 06 сарын 20-ны өдөр өгсөн “...Тэгээд гэрийнхэн гадаа очоод зогсоход байрлаж байгаа гэр нь цоожтой байсан, гэрийнхэн түлхүүр өөрт нь байхгүй, тэр хавиар нь хайгаад олоогүй. Тэгтэл Ч ах гэрийн баруун урд талд байсан пошигтой түлшийг аваад явна, намайг ачилцаад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би наадах чинь юу юм бэ, болохгүй биздээ гэсэн чинь энэ 100 литр түлш бол миний мэдлийн эд байгаа юм, өөрийнхөө юмыг авч байна гэж хэлсэн. Тэгэхээр нь нэг их санаанд орохгүй У ын машины тэвшин дээр ачсан. Ачихдаа У ыг дуудаж машинаас буулгаж байгаад хамт элбээд ачсан. Тэгээд бид нар Бор-Өндөр сум руу буцаад явсан. Явж байх замд Ч ах энэ 100 литр түлшийг зармаар байна. Улаанбаатар хот явах зардлын мөнгөтэй болмоор байна гэж хэлсэн. Тэгснээ У , У ын эхнэр хоёрыг авах хүн байна уу гэж асууж байгаад өөрт нь зарахаар болсон. Тэгээд У ын эхнэрийн данснаас 50000 төгрөг Ч ах өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. Үүнээс хойш 2 хоногийн дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Ч ах ажил руугаа явна гэхээр нь У т хэлээд хүргэж өгсөн. Тэгэхдээ Ч ахын түлштэй авчирсан пошигийг аваад явсан. У  түлшийг нь суллаад авчихсан байсан. У  бид хоёр Ч ахын байрлаж байгаа гэрт нь хүргэж өгөөд пошигийг нь буулгаад буцаад явсан. Ч ахыг түлш хулгай хийж байгааг мэдээгүй. Ч ах миний өөрийн түлш гээд байсан. Анхнаасаа түлш авчирна гэж яваагүй, очоод түлш ачихаар болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

1.6.Гэрч Э.М-ийн 2018 оны 06 сарын 17-ны өдөр өгсөн “...Би тэр ахыг түлш хулгайлж байгаа гэдгийг нь мэдээгүй. Анхнаасаа түлш авна ч гэж яваагүй. Тэр ахыг ажлаасаа бууж байгаа байрлаж байгаа гэртээ очоод хөнжил пүүгээ, хувцас хунараа авчирна гэж явсан. Ажлынхаа байрлаж байсан гэрийн гадаа очоод гэрийн хаалга цоожтой байхад машинаас буугаад пошигтой юм ачих гэхээр нь би наадах чинь юу юм бэ гэж асуухад ахынхан юм байгаа гэж хэлэхээр нь санаанд ороогүй. Тухайн үед хулгай хийж байна гэдгийг нь мэдээгүй. Сүүлд цагдаа дээр ирээд хулгай хийсэн байна гэдгийг мэдсэн. Ч гэдэг ах 2018 оны 5 дугаар сарын 9-ний орой түлш хулгайлсан. Уг нь гэгээтэй байхад сумын төвд гэрээсээ гарч яваад Г  тэр хоёртой таарсан. Тэгээд хойшоо явсаар байтал харанхуй болсон. Тэгээд тэндээс буцаад Бор-Өндөр суманд орж ирээд данс руу мөнгө мобайлаар шилжүүлсэн. Бид нарыг Бор-Өндөр суманд ирэхэд 8 нэрийн дэлгүүр хаагаагүй байсан. Тэгэхээр 21 цаг болоогүй байсан үг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

1.7.Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссоос гаргасан эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 26/

1.8.2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний тээврийн хэрэгслийн үнэлгээ /хх-ийн 54/

1.9.ХААН банкнаас гаргуулж авсан М.Ч 5937030615 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 31/ зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

     Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч М.Ч үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэллээ.

  Иймд шүүгдэгч М.Чимэдмөнхийг бусдын 100 литр түлшийг /шатахуун/ машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч М.Ч нь хохирогч Г.Б д 100 литр түлшний /шатахуун/ үнэ 210000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч М.Ч нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

ХОЁР.Шүүгдэгч М.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

2.1.Гэрч Х.Н-ийн 2018 оны 06 сарын 13-ны өдөр гэрчээр өгсөн: “Би 1999 онд Чимэдмөнхтэй Баян-Уул суманд танилцаж гэр бүл болж байсан. Ч анх надтай гэр бүл болохдоо сумандаа цахилгаан станцын монтёр ажилтай байсан. Бид дундаасаа хоёр хүүхэдтэй юм. Ч архи уугаагүй үедээ тайван тогтуун, бусадтай эвтэй, ажилсаг, үр хүүхэд гэр бүлдээ халамжтай, гар дүйтэй, ер нь хүн чанар сайтай хүн” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/

2.2.Гэрч З.Ц-ийн 2018 оны 06 сарын 26-ны өдөр гэрчээр өгсөн: “Чимэдмөнхийг бага байхад нь ээж, аав хоёр нь нас барсан, баахан өнчин дүү нартайгаа үлдээд дүү нараа тэжээгээд явдаг байсан хүүхэд юм. Зан байдлын хувьд ноомой, дуугай хүүхэд байсан, одоо ч гэсэн тийм байдаг. Ямар ч байсан чих халууцуулж байгаагүй. Би Дорнод аймгаас гараад 10 гаруй жил болж байна. Ч Улаанбаатар хот руу яваад 10 гаруй жил болж байна. Хаана гэдгийг нь мэдэхгүй байна, цэргийн алба хааж байсан. Хамт олон хамаатан садан дундаа нэр хүнд сайтай. Миний мэдэхээр бага байхдаа архи ууж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 51/

2.3.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, М.Ч иргэний үнэмлэхийн лавлагаа, хохирол төлсөн баримт /хх-ийн 60, 61, 27/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Ч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн шунахайн сэдэлттэй, шууд санаатай, архидан согтуурсан, түүний хууль бус үйлдлээс шалтгаалсан гэж  шүүх үзэв.

Согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хэргээс үзэхэд хохирогч Г.Б хулгайд алдсан эд зүйлийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын үнэлгээний комисс нийт 210000 төгрөгөөр үнэлснийг хохирогч, шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн байна.

 Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн “Тайлбар” хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж заажээ.

Хуулийн “тайлбар” хэсэг нь тухайн хуулийн бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд хуультай адил хүчин төгөлдөр байна.

Хэдийгээр шүүгдэгч М.Ч бусдад учруулсан хохирлын хэмжээ нь бага хэмжээнд хамаарч байгаа боловч машин механизм ашиглаж үйлдэгдсэнээрээ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.Ч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлбөргүй, урьд ял шийтгэлгүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Ч үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүнд гэмт хэрэгт хамаарч байгаа тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжгүйг тайлбарлах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Ч нь машин механизм ашиглаж хохирогч Г.Б 210000 төгрөгийн түлш хулгайлсан боловч тухайн гэмт хэрэг үйлдэх явцад 12-74 ХЭҮ улсын дугаартай Портер маркийн автомашиныг жолоодож явсан Ө.У  нь М.Чимэдмөнхийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэдгийг мэдээгүй болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан автомашиныг хураах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах үндэслэлгүй байна гэж шүүхээс дүгнэсэн болно.

Шүүгдэгч М.Ч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Б д 210000 төгрөг төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй болох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Ч нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6, 36.2 дугаар зүйл,

36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1,

38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1.Шүүгдэгч М.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар “машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харгана овогт Мөнхдоржийн Чимэдмөнхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Ч-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч М.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Чимэдмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхэлж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Ч-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        М.ЭНХМАНДАХ