Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2017/00905

 

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2017/00905

 

 

 Б.Базархандын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 06ы өдрийн 184/ШШ2017/00310 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Базархандын нэхэмжлэлтэй

Хариуцагч Донж хацу ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 67 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Базарханд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов. 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Базарханд миний бие Донж хацу ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 13/112 дугаар бүхий барилгын захиалга авах гэрээ байгуулж, Гачуурт хотхонд 133 м.кв талбайтай канад амины сууц /байшин №8/-ыг захиалж, нийт 53 000 000 төгрөг төлсөн. Бичмэл баримтаар нотлогдож байгаа 45 000 000 төгрөгийг би өөрийн төрсөн эгчийн охин болох Ч.Сарангийн Голомт банк дахь дансаар дамжуулан Донж хацу ХХК-ийн дансанд 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн. Гэтэл Донж хацу ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй 2015 оны 7 дугаар сард миний захиалсан байрыг өөр этгээдэд зарсан ба өнөөдрийг хүртэл уг байрны өмчлөх эрхийг надад шилжүүлж өгөөгүй. Иймд Донж хацу ХХК-иас 75 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Шаардлагаа багасгаж байгаа тул үндсэн төлбөр 45 000 000 төгрөг, алданги 22 000 000 төгрөг, нийт 67 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Донж хацу ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Б.Базархандтай 13/112 дугаартай Барилгын захиалга авах гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр манай компани Гацуурт тосгоны амины орон сууцнаас 8 тоот сууцыг захиалагч Б.Базархандад гэрээний үнэ болох 96 000 000 төгрөгийг бүрэн төлмөгц 100%-ийн гүйцэтгэлтэй хүлээлгэн өгөх, захиалагч Б.Базарханд нь гэрээний хавсралт-1-д заасны дагуу төлбөрийг төлж 8 тоот амины орон сууцыг хүлээн авахаар тохиролцсон. Захиалагч Б.Базарханд бүтэн 1 жил байшинд амьдарсан боловч мөнгөө төлөөгүй тул гэрээгээ цуцалж, 8 тоот орон сууцанд дахин бүтэн засвар хийж дараагийн худалдан авагчид санал болгосон. Нэхэмжлэлд дурдсан 45 000 000 төгрөгийг Б.Базарханд төлөөгүй, Ч.Саран гэгч төлсөн учир бид Ч.Саранд уг мөнгийг буцааж өгнө. Манай компани байшингийн түлхүүрийг гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч Б.Базархандад гардуулж өгсөн бөгөөд энэ үед барилга 95%-ийн гүйцэтгэлтэй болсон байсан. Иймд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Нэхэмжлэгч нь төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Донж хацу ХХК-иас 61.312.500 төгрөгийг гаргуулан Б.Базархандад олгож, нэхэмжлэлээс 5.687.500 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 532.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Донж хацу ХХК-иас 464.512 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Базархандад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хариуцагчийн зүгээс маргаж болон маргахгүй байгаа үйл баримтыг дутуу, буруу тодорхойлж буруу үнэлэлт дүгнэлт өгсөн. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэрээг Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж үзсэн. Талуудын байгуулсан гэрээнд ажил гүйцэтгэх талаар болон ямар, ямар ажил хийж гүйцэтгэх талаар огт харилцан тохиролцоогүй, хийж гүйцэтгэх ажлыг талууд ярилцаагүй, харилцан тохиролцол байхгүй байгааг шүүх анхаараагүй бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр ч талууд энэ талаар нотлон хэлж байсан. Гэтэл шүүх бэлэн болсон үл хөдлөх эд хөрөнгө худалдсан болон худалдан авсан гэрээний харилцааг Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж буруу дүгнэсэнд гомдолтой байна.

Мөн шүүх Ч.Саран гэдэг хүнээс төлсөн 45 сая төгрөгийг Б.Базархандад олгохоор шийдвэрлэсэн. Ч.Сарангаас төлсөн төлбөрийг Б Базархандад өгч болно гэсэн зөвшөөрөл, гэрчийн мэдүүлэг, нотлох баримт хэрэгт байхгүй байхад ямар үндэслэлээр мөнгө төлөөгүй нэхэмжлэгчид төлүүлэхээр шийдвэрлэж байгааг ойлгох боломжгүй байна. Иргэн Ч.Саран шүүхэд өөрийн төлсөн баримтыг үндэслэн нэхэмжлэл гаргах тохиолдолд хариуцагч нэг төлбөрийг 2 дахин төлөх үндэслэл үүсч байгааг анхаарч үзээгүй. Шүүх иргэн Ч.Саранг нэхэмжлэгч Б.Базархандын "миний зээ дүү гэх тайлбараар зээ дүү нь мөн гэж дүгнэн, хариуцагч талаас маргаж байгааг үл ойшоон, нэхэмжлэгч тал тайлбараа нотлосон баримт гаргаж өгөөгүй байгааг үл анхаарч хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Мөн шүүх гэрч Төгөлдөрийн мэдүүлгээр нотлож байна гэж дүгнэсэн байх боловч шүүх хуралдааны үед гэрч Төгөлдөрийн мэдүүлгийг шинжлэн судлаагүй, гэрчийн мэдүүлэг зөрүүтэй, эргэлзээтэй байдлаар өгсөн зэргийг шүүх анхаараагүй. Хариуцагчийн зүгээс 8 дугаар байшингийн төлбөрт төлсөн 45 сая төгрөгийг Ч.Саран төлсөн талаар огт маргаагүй бөгөөд энэхүү төлбөрийг эргүүлж Ч.Саранд өгөх үүрэг хүлээнэ гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Б.Базархандыг 45 сая төгрөг төлсөн гэж дүгнэн шилжүүлсэн төлбөрөөс хохиролд тооцон анз бодон шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй юм. Учир нь төлбөрийг нэхэмжлэгч төлөөгүй учраас нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй бөгөөд анз тооцуулах болон иргэн Ч.Сарангийн төлсөн 8 дугаар байшингийн төлбөрийг хариуцагчаас гаргуулан авах эрхгүйг дахин дурьдах ёстой.

Мөн нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн дансанд бус Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дансанд тушаан хэргийг хянан хэлэлцүүлсэн нь ИХШХШТХууль, УТХТХуулийг зөрчсөн тул шүүх ИХШХШТХуулийн 65.1.11-д заасны дагуу шийдвэрлэх ёстой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Базарханд болон хариуцагч Донж хацу ХХК нь 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Барилга захиалга авах нэртэй гэрээ байгуулжээ. Талууд гэрээгээ ийнхүү нэрлэсэн хэдий ч гэрээний зүйл, талуудын хүлээх эрх, үүрэг, гэрээний ерөнхий агуулга зэрэг нь худалдах-худалдан авах бус харин ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Базарханд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Донж хацу ХХК байрны өмчлөх эрхийг надад шилжүүлж өгөх гэрээний үүргээ биелүүлээгүй захиалсан байрыг өөр этгээдэд зарсан тул гэрээнээс татгалзаж, төлбөрт төлсөн 53 000 000 төгрөгийг буцаан гаргуулахын хамт гэрээнд зааснаар 22 000 000 төгрөгийн алданги гаргуулахаар шаарджээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шаардлагаа багасгаж 67 000 000 төгрөгийг нэхэмжилжээ. Хариуцагч Донж хацу ХХК нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж, 45 000 000 төгрөгийг Б.Базарханд төлөөгүй, Ч.Саран төлсөн, нэхэмжлэгч төлбөрөө хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй гэж мэтгэлцжээ.

 

Талуудын хооронд хийгдсэн Барилгын захиалга авах гэрээгээр Донж Хацу ХХК нь Гачуурт хотхонд амины орон сууцны 8 тоот 133 м.кв талбайтай байшинг 2 сарын дотор барьж гүйцэтгэн хүлээлгэж өгөх, захиалагч Б.Базарханд нь 96 000 000 төгрөгийн хөлсийг хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсон ба гүйцэтгэгч Донж Хацу ХХК-д 45 000 000 төгрөгийг Ч.Сарангийн Голомт банкин дахь данснаас төлсөн төлбөрийн зориулалт нь Гачуурт хотхон байшин № 8 гэсэн утгаар хийгдсэн байх тул захиалагч Б.Базарханд нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлбөрийн зарим хэсгийг төлсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах заалтуудад нийцсэн байна.

 

Хариуцагч Донж Хацу ХХК Барилгын захиалга авах гэрээ-ний 2.2-т заасан гэрээний үүргээ зөрчсөн, Донж Хацу ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цолмон ...2015 оны 09 дүгээр сарын 20-ны дотор урьдчилгаа төлбөрийг буцаан олгоно... гэж тодорхойлолт гаргасан /хх-57/ зэргээс үзвэл ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгч талын хүсэлтээр цуцалсныг хариуцагч Донж Хацу ХХК хүлээн зөвшөөрсөн үйл баримт тогтоогдсон байна.

 

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Базарханд нь 45 000 000 төгрөгийг хариуцагч Донж Хацу ХХК-иас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Анхан шатны шүүх талуудын гэрээгээр тохиролцсон алдангийг гэрээний 2.2-т заасан хугацаа өнгөрснөөс хойш гэрээ цуцлагдах хүртэл хугацаагаар тооцож 16 312 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт тус тус заасан хохирлын агуулгаар дүгнэсэн нь буруу хэдий ч энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

 

Донж Хацу ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Цолмон нь бусад захиалагч тус бүртэй гэрээнүүдийг байгуулж байсан /хх-ийн 113-133/, тэрээр урьдчилгаа төлбөрийг Б.Базарханд төлснийг болон түүнд уг төлбөрийг буцаан олгохыг зөвшөөрч байсан /хх-ийн 57/ үйл баримт тогтоогдож байх тул Ч.Сарангийн төлсөн төлбөрийг шаардах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх, Ч.Саран нь зээ дүү мөн эсэх нь эргэлзээтэй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн бэлэн болоогүй, гүйцэтгэл дутуу, баригдаж байгаа барилга дээр талууд гэрээ байгуулсан нь тогтоогдсон тул худалдах, худалдан авах гэрээний харилцааг буруу дүгнэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол мөн үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2017/00310 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Донж хацу ХХК давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 464 515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Н.БАТЗОРИГ