Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 101/2016/00258/и |
Дугаар | 001/ХТ2017/00258 |
Огноо | 2017-03-09 |
Маргааны төрөл | Даатгал, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2017/00258
Т.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/0371 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар магадлалтай,
Т.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй,
“Ард даатгал” ХХК-д холбогдох
Даатгалын нөхөн төлбөрт 31.042.847 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандахын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Ганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: “Иргэн Т.Ганцэцэг нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хаан банктай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн хэмжээ 56 574 480 төгрөг бөгөөд "Ард даатгал" ХХК, "Хаан банк" ХХК болон Т.Ганцэцэг нар гурван талт Даатгалын гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан. "Ард даатгал" ХХК нь даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар тогтоосон акт 6 сараар гарсан тул 6 сард хамаарах зээлийн үлдэгдлээс 56 хувиар тооцож үндэслэлгүйгээр нөхөн төлбөр олгосон. Даатгуулагч үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул Санхүүгийн зохицуулах хороонд хандаж гомдол гаргахад 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 9/1336 тоот бичгээр "Ард даатгал" ХХК-д хариу өгөхдөө “танай компани даатгуулагч Т.Ганцэцэгийг шулуун гэдэсний хорт хавдар гэсэн оношоор Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээр 6 сарын хугацаатай хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар тогтоож даатгалын холбогдох гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу хөдөлмөрийн чадвар алдсан 6 сарын хугацааны зээлийн үндсэн төлбөрийн 56 хувиар тооцож нөхөн төлбөр олгосон нь үндэслэлгүй байна. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Хаан банктай байгуулсан Даатгалын зуучлалын үйлчилгээгээр хамтран ажиллах 833 тоот гэрээний 2.8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн даатгуулагч Т.Ганцэцэгт дутуу олгосон даатгалын нөхөн төлбөрийг олгож тус хороонд даатгалын нөхөн төлбөр олгосон эсэх талаараа 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн дотор мэдэгдэнэ үү" гэсэн утгатай хариуг "Ард даатгал" ХХК-д өгсөн. "Ард даатгал" ХХК нь өнөөдрийг хүртэл Санхүүгийн зохицуулах хороо болон даатгуулагчид хариу өгөөгүй, асуудлыг шийдвэрлэж өгөөгүй байгаа учир даатгуулагч шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлүүлэхийг хүссэн болно. Эрх бүхий байгууллага хорт хавдар оноштой тохиолдолд 6 сараар сунгалт хийж явдаг тул байнгын хөдөлмөрийн чадвар алдалт 90 хувьтай гэсэн бичиг гаргах боломжгүй. Мөн даатгалын гэрээ болон даатгалын гэрээт баталгаанд хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг огт дурдаагүй, үндсэн зээлийн үлдэгдлээс тооцож нөхөн төлбөр олгохоор заасан боловч даатгалын тохиолдол үүссэний дараа ийм байдлаар даатгуулагчид нөхөн төлбөр зөв бодож олгохгүй байгааг даатгалын гэрээний үүргээ зөрчиж байна гэж үзэж байна. Т.Ганцэцэг хавдар өвчтэй байснаа нуун дарагдуулж даатгалд даатгуулсан мэт тайлбар гаргаж байна. Т.Ганцэцэг нь өвчтэй байснаа мэдээгүй, 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өвчтэй гэдгээ мэдсэн. 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр даатгал хийлгэсэн байдаг. 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ дуусгавар болох учраас эрх бүхий байгууллага буюу эмнэлгийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг тогтоосон ба гэрээний хүчинтэй байх хугацаанд ногдох зээлийг гэрээний хэмжээгээр нөхөн төлбөр төлөх үндэстэй. Хариуцагч нь Т.Ганцэцэгт 479 415 төгрөгийг олгосон байдаг боловч яаж бодож олгосон нь ойлгомжгүй байна. "Ард даатгал" ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан даатгалын гэрээгээ зөрчиж даатгуулагчийг хохироож байх тул гэрээний үүрэгт 31 042 847 төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ.
Хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт “Т.Ганцэцэг нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хаан банкнаас ипотекийн зээл авсан бөгөөд Хаан банкны даатгалын зуучлалын үйлчилгээгээр дамжуулж 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр "Ард даатгал" ХХК-тай зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр иргэн Т.Ганцэцэг нь хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан гэдгийг тогтоосон. Иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг 6 cap байна гэжээ. Хөдөлмөрийн чадвар нь өвчин, эмгэгийн байдал, анатоми, морфологи, үйл ажиллагааны өөрчлөлт, алдагдал зэрэг нь эмчилгээний үр дүнд болон тодорхой хугацааны дараа илааршин сайжрах буюу эдгэрч хөдөлмөрийн чадвар нь нөхөн сэргээгдэх боломжтой юм. Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь актын хугацаа сунгах бол сунгагдсан хугацаагаар тохирсон хувь хэмжээгээр даатгалын нөхөн төлбөр олгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж "Ард даатгал" ХХК-ийн нөхөн төлбөрийн албанаас шийдвэрлэсэн. Эрх бүхий байгууллага нь иргэн Т.Ганцэцэгийг хөдөлмөрийн чадвар алдалтыг хугацаагүйгээр алдсан гэж шийдвэрлээгүй, зөвхөн 6 сараар хөдөлмөрийн чадвараа алдсан гэж дүгнэсэн байхад даатгалын нөхөн төлбөрийг бүрэн хэмжээгээр олгох нь Даатгалын тухай хууль, даатгалын гэрээ, даатгалын ашиг олохгүй байх зарчимтай зөрчилдөх болно. Даатгалын тухай хууль, даатгалын суурь зарчмын дагуу даатгалын нөхөн төлбөрийг хөдөлмөрийн чадвар алдсан хугацаагаар буюу 6 сарын хугацааны нөхөн төлбөрийг олгохоор байна. Т.Ганцэцэг өвчтэй байснаа нуун дарагдуулсан байх магадлалтай, Даатгалын тухай хуулийн 8.5.2-т худал мэдүүлсэн, хуурамч материал бүрдүүлсэн бол даатгалын нөхөн төлбөр авах эрхгүй болох ба нэхэмжлэгч зээлийг бүрэн хэмжээгээр төлүүлэх гэж байгаа нь ашиг олох зорилготой мэт харагдаж байгаа ба даатгуулагч нь бодит хохирлыг нэхэх эрхтэй. Хэрэв эрх бүхий байгууллага нь актын хугацааг сунгах бол сунгагдсан хугацаагаар гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөр олгоно. Мөн гэрээнд даатгалын тохиолдол үүсэх үеийн зээлийн төлбөрийн үлдэгдэл дүнгээс тооцон нөхөн төлбөр төлөхөөр тохирсон байгаа тул үндсэн зээлийн төлбөрийг даатгалын байгууллага төлөх ёстой. Үндсэн зээл болох 479 415 төгрөгийг бодож олгосон, гэтэл нэхэмжлэгч зээлийн гэрээ дуусах хүртэлх хугацааны төлбөрийг нэхэж байгаа нь үндэсгүй. Иймд Т.Ганцэцэгт эрх бүхий байгууллагын хөдөлмөрийн чадвар алдсан хугацаанд ногдох хэмжээтэй хувь тэнцүүлэн даатгалын нөхөн төлбөр олгох нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.” гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/0371 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч "Ард даатгал" ХХК-иас нийт 1 147 360 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Ганцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29 895 487 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313 165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Ард даатгал" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 32 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Ганцэцэгт олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/0371 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ард даатгал” ХХК-иас 30 563 433 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Ганцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 479 415 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “32 100 төгрөг” гэснийг “310 767 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандахын хяналтын журмаар гаргасан гомдолд: “...Давж заалдах шатны шүүх ...шийдвэрлэсэн. Үүнийг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. 1. Шүүх хууль буруу хэрэглэж, буруу тайлбарласан. Иргэн Т.Ганцэцэг нь ...даатгалын гэрээ байгуулсан. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр иргэн Т.Ганцэцэг нь хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан гэдгийг тогтоосон. Иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг 6 сар байна гэжээ. Иргэн Т.Ганцэцэг нь даатгалын нөхөн төлбөрт 2015 оны 6 сараас 2023 оны 2 дугаар сар хүртэл төлөх зээлийн төлбөрийн өөрийн хариуцах хэсгийн 31.042.847 төгрөг нэхэмжилсэн. /үлдэх 7 жил 6 сарын хугацааны зээлийн төлбөр/ Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.-д “Даатгалын үйл ажиллагаа" гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг" гэж ойлгоно. Мөн Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д "Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгагчын тохиолдолд бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх..." гэжээ. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр иргэн Т.Ганцэцэг нь хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан гэдгийг тогтоож хөдөлмөрийн чадвар алдах хугацааг 6 сараар тогтоосон. Энэ хугацааг 1 удаа сунгасан. 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Эрүүл мэндийн сайд\, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 274/137 тоот тушаалын 1 дүгээр хавсралтанд “хорт хавдрын улмаас ... шулуун гэдэс зэрэг эрхтэн тайрсан ба авах хагалгаа хийлгэсний дараа хөдөлмөрийн чадвар 3-5 жилийн хугацаатайгаар 70-90 хувь алдагдана" гэж зохицуулсан. Хөдөлмөрийн чадвар нь өвчин эмгэгийн байдал, анатоми, морфологи, үйл ажиллагааны өөрчлөлт, алдагдал зэрэг нь эмчилгээний үр дүнд болон тодорхой хугацаанд дараа илааршин сайжрах буюу эдгэрч хөдөлмөрийн чадвар нь нөхөн сэргээгдэх боломжтой юм. Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс актын хугацаа сунгах бол сунгагдсан хугацаанд төлөх үндсэн зээлийн хэмжээнд тохирсон хувь хэмжээгээр даатгалын нөхөн төлбөр олгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж “Ард Даатгал” ХХК-ийн нөхөн төлбөрийн албанаас шийдвэрлэсэн. Нийслэлийн давж заалдах шатны шүүх нь “Ард даатгал” ХХК-иас иргэн Т.Ганцэцэгийн хохирсон нь тодорхойгүй хугацааны буюу 2023 оны 2 сар хүртэл буюу 7 жил 6 сарын хугацааны нөхөн төлбөрийг олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Эрх бүхий байгууллага нь иргэн Т.Ганцэцэгийг хөдөлмөрийн чадвар алдалтыг хугацаагүйгээр алдсан гэж шийдвэрлээгүй бөгөөд зөвхөн 6 сараар хөдөлмөрийн чадвараа алдсан гэж дүгнэсэн байхад 2023 оны 2 сар хүртэл 7 жил 6 сарын даатгалын нөхөн төлбөрийг бүрэн хэмжээгээр олгох нь Даатгалын тухай хууль, Иргэний хууль, даатгалын гэрээ, “даатгалаар ашиг олохгүй байх" даатгалын суурь зарчимтай зөрчилдөж байгаа бөгөөд иргэн Т.Ганцэцэг нь эдгэрсний дараа зээлийн төлбөр төлөхөөс чөлөөлөгдөж үндэслэлгүйгээр хөрөнгөжих юм. Хэрэв эрх бүхий байгууллага нь актын хугацааг сунгах бол сунгагдсан хугацаагаар гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөр олгогдоно. Хэрэв эрх бүхий байгууллага нь иргэн Т.Ганцэцэгийн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдсэн гэж үзвэл даатгалын компани нөхөн төлбөр олгохыг зогсооно. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх нь Даатгалын тухай хууль, Иргэний хуульд тус тус заасан даатгуулагчид учирсан хохирлын талаар зохицуулалтыг буруу хэрэглэсэн нь тогтоогдож байна. 2.Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр иргэн Т.Ганцэцэг нь хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдаж, иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа 6 сар байхаар хэрэгт нотлох баримтаар авагдсан. Өөрөөр хэлбэл, иргэн Т.Ганцэцэг нь 2015 оны 6 сараас 2016 оны 1 сар хүртэл 6 сар, 2016 оны 1 сараас 6 сар хүртэл 6 сараар хөдөлмөрийн чадвараа алдсан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Энэхүү хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас зээлийн төлбөрийг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөх боломжгүй болсон тул даатгалын тохиолдол үүсч “Ард даатгал” ХХК нь энэхүү хугацааны даатгалын нөхөн төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч даатгалын нөхөн төлбөрийг Хаан банкинд төлсөн. Гэтэл иргэн Т.Ганцэцэг нь 2016 оны 6 сараас хойш 2023 оны 2 сар хүртэл хугацаанд хохирсон эсэх нь хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогдоогүй, хэрэгт нотлох баримт авагдаагүй, даатгалын тохиолдол бий болсон эсэх нь тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх нь хохироогүй хугацааны даатгалын нөхөн төлбөрийг “Ард даатгал” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр иргэн Т.Ганцэцэг нь хөдөлмөрийн чадвараа 2015 оны 6 сараас 2016 оны 6 сар хүртэл хугацаагаар хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан нь тогтоогдож, хохирол бий болж, даатгалын тохиолдол үүссэн, 2016 оны 6 сараас 2023 оны 2 сар хүртэл хөдөлмөрийн чадвараа алдсан, иргэн Т.Ганцэцэг нь хохирсон, даатгалын тохиолдол бий болсон нь тогтоогдохгүй, нотлох баримтаар нотлогдохгүй байна. 3. Шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлага хангаагүй. Шүүхийн шийдвэрт тавигдах үндсэн шаардлагын талаар Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбар гаргасан байдаг. Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны шаардлага хангагдана. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхийн магадлал гаргахдаа хууль буруу тайлбарлаж, буруу хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, даатгалын тохиолдолд бий болсон нь тогтоогдоогүй, даатгуулагч хохирсон эсэх нь тогтоогдоогүй, нотлох баримтаар нотлогдоогүй байхад даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг хууль ёсны болон хуулийн шаардлага хангасан гэж үзэхгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангана.
Нэхэмжлэгч Т.Ганцэцэг, хариуцагч “Ард даатгал” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 31.042.847 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан нь тогтоогдсон боловч хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг 6 сараар тогтоосон тул энэхүү хугацаанд тохирсон зээлийн төлбөрийн хэмжээгээр нөхөн төлбөрийг төлж, уг хугацаа сунгагдах тухай бүрт даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Т.Ганцэцэг нь Хаан банктай “орон сууцны ипотекийн зээлийн гэрээ” байгуулан 56.574.480 төгрөгийг авахдаа, 2014 оны 11 дүгээр сарын 11 өдөр “Ард даатгал” ХХК-тай үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ, зээлдэгчийн эрсдлийн даатгалын гэрээ тус тус байгуулсан, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хх-ийн 6, 33/
Зээлийн эрсдлийн даатгалын гэрээгээр, зээлдэгч хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдах эрсдэл”-ийг талууд тохирсон ба энэхүү гэрээнд 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж тус гэрээний 1.1.2-т “даатгалын тохиолдол үүсэхэд олгох нөхөн төлбөрийг даатгалын тохиолдол үүсэх үеийн зээлийн төлбөрийн үлдэгдэл дүнгээс тооцох ба үндсэн зээлдэгч Т.Ганцэцэг 56 хувь, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Угтахбаяр 44 хувь байхаар” тохиролцжээ. /хх-ийн 34/
Нэхэмжлэгч Т.Ганцэцэг нь шулуун гэдэсний хорт хавдар оноштойгоор мэс ажилбарт орж, түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар тогтоосон болох нь 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-аар тогтоогдож байх бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл, 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл, 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Хөдөлмөр чадвар алдалтыг 90 хувиар Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тус тус сунгагдсан байна. /хх-ийн 31-33/
Хариуцагч нь даатгалын тохиолдол бий болсон гэж Т.Ганцэцэгт нөхөн төлбөрт 479.415 төгрөг төлсөнд талууд маргаагүй, зээлдэгчийн эрсдлийн даатгалын гэрээ 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаатай байгуулагдсан, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаар зээлдэгч Т.Ганцэцэг даатгалын тохиолдол үүссэн үед 56 хувийн зээлийн үлдэгдэл хариуцахаар тохирсон, нэмэлт гэрээ нь даатгалын үндсэн гэрээний хамт үйлчилнэ гэж тохирсон байх тул 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр даатгалын гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэстэй.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ” , 431.2-т “Даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна” гэжээ. Иймээс зохигчдын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний хугацаанд буюу 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр даатгуулагч Т.Ганцэцэгийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувь гэж тогтоосон нь эрсдлийн даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол болох “...зээлдэгч хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдах эрсдэл” бий болсон тул хариуцагч нь нэхэмжлэгчид нөхөн төлбөр төлөх үүрэгтэй юм.
Даатгуулагч Т.Ганцэцэгт олгох даатгалын нөхөн төлбөрийг тооцохдоо анхан шатны шүүх даатгалын тохиолдол бий болсон үеэс даатгалын гэрээ дуусах хүртэлх хугацаанд 1 147 360 төгрөг, харин давж заалдах шатны шүүх даатгалын тохиолдол үүссэн өдөр нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үлдэгдлийн 56 хувиар тооцож 30 563 433 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлдэгчийн эрсдлийн даатгалын гэрээт баталгааны нөхцлийг хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбартай харьцуулан, үндэслэл бүхий тайлбарлаж чадаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.
2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Ард даатгал” ХХК, Т.Ганцэцэг нарын хооронд хийгдсэн “Зээлдэгчийн эрсдлийн даатгалын гэрээт баталгаа”-нд зээлдэгчийн эрсдэлийн даатгалын хамгаалалтаар “Зээлдэгч хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдах эрсдэл”-ийг тохирсон байх бөгөөд нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан нөхцөл үүссэнээр даатгагч нөхөн төлбөр төлөх үүрэгтэй.
Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах үеийн эрсдэлийг даатгагч хариуцахдаа даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсан хугацааг эрх бүхий байгууллагаас тогтоосон баримтад үндэслэж олгох буюу Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт гаргадаг ба энэ акт сунгагддаг, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь өөрчлөгдөж болно.
Даатгагч даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсан байх үеийн эрсдэлийг хариуцах тул Т.Ганцэцэгийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хугацаанд /2015 оны 07 сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 сарын 26 хүртэл/ хариуцагч зээлийн гэрээний эрсдлийг хариуцна. Хэрэгт авагдсан зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээлдэгч нар нь үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт сар бүр 540 000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс Т.Ганцэцэгийн төлөх 56 хувиар тооцоход, хариуцагч 7 267 008 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт төлөх үүрэгтэй байна. Үүнээс хариуцагчаас нэхэмжлэгчид өмнө нь төлсөн 479 415 төгрөгийг хасч, 6 787 593 төгрөгийг гаргуулан даатгуулагчид олгохоор шийдвэрлэв.
“Ард даатгал” ХХК нь зээлдэгчийн эрсдлийн даатгалын гэрээгээр даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдах үеийн эрсдлийг хариуцахаар үүрэг хүлээсэн байх тул нэхэмжлэгч Т.Ганцэцэгийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт 2017 оны 06 сарын 26-ны өдрөөс хойш сунгагдах бүрт сунгагдсан хугацаанд гэрээнд заасан төлбөрийг шилжүүлж байх үүрэгтэй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандахын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/0371 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ард даатгал” ХХК-иас 6.787.593 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Ганцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24.255.254 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтаар “Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.4-т заасныг баримтлан Т.Ганцэцэгийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт 2017 оны 06 сарын 26-ны өдрөөс хойш сунгагдах бүрт сунгагдсан хугацаанд даатгалын нөхөн төлбөрийг шилжүүлж байхыг хариуцагч “Ард даатгал” ХХК”-д даалгасугай” гэж нэмэлт оруулж, 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан “...310.767 ...” гэснийг “... 123.551 ...” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандахын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 313.200 /гурван зуун арван гурван мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН