Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2018/0246

 

2018 оны 04 сарын 25 өдөр                                Дугаар 221/МА2018/0246                           Улаанбаатар хот

Б.Э-ы нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

             Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Б.Э, түүний өмгөөлөгч М.Д, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, Г.А нарыг оролцуулан, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.Э-ы нэхэмжлэлтэй, Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

     Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр: ”Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 21 дүгээр зүйлийн 21.1, 23, 24 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Булган аймгийн ЭМНДХ даргын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/54 дугаар тушаал илт хууль бус, Булган аймгийн ЭМНДХ даргын 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 35 тоот тушаалыг эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй албан тушаалтанд танилцуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоон, Б.Э-ыг Хяналтын байцаагчаар томилогдохоос өмнө нь эрхэлж байсан “Төлөвлөлт судалгаа шинжилгээ сургалт сурталчилгаа нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд томилохыг Булган аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн дарга /Ч.Н/-д даалгаж, 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1,4,5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцоолж олгон, ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтүүдийг хийхийг Булган аймгийн ЭМНДХ дарга /Ч.Нямчимэг/-д даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Э-аас Булган төрийн сангийн 100041400941 дугаарын дансанд төлсөн 70200 төгрөгийг уг дансанд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн ЭМНДХ дарга /Ч.Н/-аас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-д олгож” шийдвэрлэжээ.

     Хариуцагч давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэлийн “Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 29-ний 35 дугаар тушаалыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй ажилтанд танилцуулж мэдэгдээгүй, үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоох тухай” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулаагүй, хариу тайлбар аваагүй. ... Энэ тушаалыг мэдэгдсэн эсэх талаарх баримтыг тодруулаагүй, гэрч оруулах санал гаргахад шүүх хүлээж аваагүй. ... Г.Д-г 2016 оны 06 дугаар сарын 29-ний Б/35 дугаар тушаалаар хяналтын байцаагчийн ажилд эгүүлэн авсан байсан. Байгууллагаас ажил санал болгосныг Б.Э өөрөө хүлээж авалгүйгээр намайг ажлаас хал гэсэн. Б.Э-ыг Хөдөлмөрийн тухай хуулиар 2009 оны 7 сар, 2011 оны 01 дүгээр сарын 14-ний тушаалаас хойш 2014 оны 09 дүгээр сарын 22-ныг хүртэл ажилд авч, чөлөөлсөн 3 жилийн хугацаанд Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн албан тушаалд хууль зүйн дагуу жинхлээгүй байсан учраас ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан. Б.Э-ыг ажлаас халсан тушаал 2017 оны 09 дүгээр сарын 27-нд гарсан байтал Төрийн албаны зөвлөлд тушаал гарахаас өмнө буюу эрх ашиг нь хөндөгдөөгүй байхад 2017 оны 09 дүгээр сарын 22-нд гаргасан байдаг. Учир нь ажлаас халсан тушаал гарсны дараа Төрийн албаны зөвлөлд хандах ёстой байсан. Г.Д-г ажилд авсан 2016 оны 06 дугаар сарын 29-ний Б/35 дугаар тушаал өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа. Б.Э нь өмнө эрхэлж байсан “төлөвлөлт, судалгаа, шинжилгээ, сургалт, сурталчилгаа, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байранд томилохыг даалгах гэсэн нь үндэслэлгүй. Гуравдагч этгээд Г.Б-г уг ажлын байранд томилсон 2016 оны 11 дүгээр сарын 14-ний А/22 дугаар тушаал хүчингүй болоогүй бөгөөд ажлаа хийж байгаа. Шүүх Б.Э-д 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс шүүх хурал хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Ажлаас халсан тушаал хууль зүйн дагуу гарсан тул байгууллага түүнд нөхөх олговор олгох боломжгүй болно. Нэхэмжлэгч Б.Э-ы эрх ашиг хөндөгдөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

   ХЯНАВАЛ:

      Нэхэмжлэгч Б.Э-ы “ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/54 дүгээр тушаал илт хууль бус болохыг тогтоолгож, Г.Д-г хяналтын байцаагчийн албан тушаалд буцаан томилсон Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаар тушаалыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй ажилтанд танилцуулж мэдэгдээгүй үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, Хяналтын байцаагчаар томилогдохоос өмнө ажиллаж байсан Төлөвлөлт, судалгаа шинжилгээ, сургалт сурталчилгаа, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтний ажлын байранд томилохыг даалгах, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх 3.993.092 төгрөгийг олговор гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хянан шийдвэрлэжээ.

      Нэг. “Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/54 дүгээр тушаал илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Б.Э нь 2009 онд Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс зарласан Тэтгэврийн улсын байцаагчийн албан тушаалын ажлын байранд томилогдох ажилтны Төрийн албаны сонгон шалгаруулалтад тэнцэн, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 98 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд түүнийг Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар тушаал -аар тэтгэврийн байцаагчаар, 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар тушаал -аар Тэтгэвэр, тэтгэмж хариуцсан байцаагчаар, 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 57 дугаар тушаал -аар Үйлчилгээний тасгийн дарга, ахлах байцаагчаар түр, 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 81 дүгээр тушаал -аар жирэмсэн, амаржсаны болон хүүхэд асрах чөлөө олгож, улмаар 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/28 дугаар тушаал -аар Төлөвлөгч эдийн засагч, ажилгүйдлийн тэтгэмж хариуцсан байцаагчаар түр, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр тушаал -аар Төлөвлөгч эдийн засагч, шимтгэлийн байцаагчаар, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/30 тушаал -аар Хяналт, шалгалтын байцаагчаар томилсон бөгөөд тэрээр 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын шинжүүдийг агуулсан тохиолдолд шүүх тухайн маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох учиртай. Хэдийгээр нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардсан ч уг акт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл, түүний дотор 47.1.1 /утга агуулгын илэрхий алдаатай/-д заасан шинжийг агуулаагүй байна. Иймд маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус гэж үзэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус захиргааны акт гэж үзсэн нь буруу байна. Тодруулбал, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ тусгаснаас илүүтэйгээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хэрхэн тодорхойлсон, тэр нь актыг илт хууль бус эсхүл хүчингүй болгуулах аль шаардлагад хамаарч болохыг тодруулах ёстой. Нэхэмжлэгч Б.Э-ы тухайд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтын аль нэгд зааснаар бус маргаан бүхий захиргааны актыг “шударга бус, хууль зөрчсөн” гэж тодорхойлжээ. Эндээс үзвэл түүний нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны актыг хүчингүй болгуулах буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан шаардлага гэж үзнэ. Энэ тохиолдолд захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэхийг шалгаж, уг акт нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн бол актыг илт хууль бус болохыг тогтоох бус хүчингүй болгох ёстой. Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар “эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, тухайн байгууллагын дарга, нягтлан бодогчоор баталгаажуулаагүй шимтгэлийг програмд шивэх анхан шатны баримтын үндэслэл болгож, акт алдангийн өр авлагыг нэмэгдүүлсэн, тэтгэвэр тэтгэмжийн эрх үүсэхгүй хувийн хэргийг хянан баталгаажуулсан” зөрчил гаргасан үндэслэлээр тус хэлтсийн хяналтын байцаагч Г.Д-г албан тушаал бууруулахаар шийдвэрлэж, тус орон тоонд албан үүргээ хэвийн гүйцэтгэж байсан төрийн жинхэнэ албан хаагч Б.Э-ыг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/30 тушаалаар уг албан тушаалд томилж, цалинг ТЗ-3-6 шатлалаар тогтоожээ. Хяналтын байцаагчаар ажиллаж байсан Г.Д-ээс Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрсөн, улмаар 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаар тушаалаар уг албан тушаалд Г.Д-г буцаан томилж, 2016 оны Б/28 дугаар тушаалаа хүчингүй болгосон, энэ талаараа уг албан тушаалд томилогдон ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Э-д мэдэгдээгүй, мөн тухайн албан тушаалаас чөлөөлөх, буцаан томилох эсэх талаар тохиролцоогүй атлаа нэхэмжлэгчийг шууд “шүүхийн шийдвэрийн дагуу” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч албан тушаалтны төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулсан өөрийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөнтэйгөө холбогдуулж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь дээр дурдсан Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтад нийцээгүй байна. Үүнээс гадна Төрийн байгууллага, албан тушаалтан эрх хэмжээнийхээ хүрээнд төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 /Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно/-т заасныг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдолд бүрийн үндэслэлийг судлах үүргээ биелүүлээгүйг анхаарах нь зүйтэй. Б.Э 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 98 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсоноос үзвэл түүнийг төрийн жинхэнэ албан хаагч биш гэж үзэх боломжгүй бөгөөд энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

      Хоёр. “Г.Д-г хяналтын байцаагчийн албан тушаалд буцаан томилсон Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаар тушаалыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй ажилтанд танилцуулж мэдэгдээгүй үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох, Хяналтын байцаагчаар томилогдохоос өмнө ажиллаж байсан Төлөвлөлт, судалгаа шинжилгээ, сургалт сурталчилгаа, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтний ажлын байранд томилохыг даалгах” шаардлагын тухайд: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 /энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх/-д заасан баталгааг алдагдуулжээ. Мөн хариуцагч албан тушаалтны маргаан бүхий акт Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 /төрийн алба мэргэшсэн тогтвортой байх/, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 /хуульд үндэслэх/, 4.2.5 /зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх/-д нийцээгүй байна. Нэхэмжлэгч Г.Д-г хяналтын байцаагчийн албан тушаалд буцаан томилсон Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаар тушаалтай маргаагүй бөгөөд анхан шатны шүүх тухайн захиргааны актыг батлах үед 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь буруу байна. Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Б.Э-ыг хяналтын байцаагчаар томилогдохоос өмнө Төлөвлөлт, судалгаа шинжилгээ, сургалт сурталчилгаа, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтний ажлын байранд томилох боломжтой эсэхэд дүгнэлт өгөх ёстой. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/391 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалтад Төлөвлөлт, судалгаа шинжилгээ, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтний орон тоо 1 байхаар тогтоосны дагуу Б.Э-ыг тус хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Төлөвлөгч эдийн засагч, шимтгэлийн байцаагчаар томилжээ. Харин Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаалаар батлагдсан Булан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалт -аар Төлөвлөлт, судалгаа шинжилгээ, сургалт сурталчилгаа, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтний орон тоо 1 байхаар тогтоож, нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан албан тушаалын нэршил өөрчлөгдсөн боловч чиг үүрэг өөрчлөгдөөгүй байна. Хариуцагч албан тушаалтнаас хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Г.Д-гийн албан тушаалыг бууруулсантайгаа холбогдуулж, Б.Э-ыг уг албан тушаалд томилсон, хожим нь өөрийн шийдвэрээ хууль бус болохыг шүүхийн өмнө хүлээн зөвшөөрч, залруулсантайгаа холбогдуулж, Б.Э-ыг мөн хуучин ажиллаж байсан албан тушаалд нь эгүүлэн томилох байжээ. Тиймээс уг шийдвэрийг гаргаагүй хариуцагчийг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 /төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх/-д заасан зарчимд нийцээгүй, хууль бус шийдвэрийн улмаас нэгэнт урьд төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон ажиллаж байсан нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзнэ. Тиймээс хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн захиргааны акттай нэхэмжлэгч маргаж байгаа энэ тохиолдолд тухайн актыг хүчингүй болгосноор төрийн жинхэнэ албан хаагч буюу нэхэмжлэгчийн эрхийг сэргээж, түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор олгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрийн захиргааны байгууллагаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй. Уг албан тушаалд одоо ажиллаж байгаа Г.Б-гийн тухайд хариуцагчийн хууль бус үйл ажиллагаатай холбогдуулж маргахад шүүхийн энэ шийдвэр нөлөөлөхгүй болно. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага бүрийг зөв тодорхойлоогүй, нөхөх олговрыг хариуцагч албан тушаалтнаас гаргуулахаар, шийдвэрийн Тогтоох хэсэгт хуулийн нэрийг буруу бичсэн, зүйл, заалтыг оновчтой зөв баримтлаагүй тул эдгээр алдааг зөвтгөсөн өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийг “1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.Э-ыг Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн “Төлөвлөлт, судалгаа шинжилгээ, сургалт, сурталчилгаа, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд томилохыг Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгасугай. 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э-ы ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцоолж олгон, ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтүүдийг хийхийг Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгасугай. 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                          ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

                          ШҮҮГЧ                                                         С.МӨНХЖАРГАЛ

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР