Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 117/2018/0005/З |
Дугаар | 26 |
Огноо | 2020-01-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 26
Г.М-ын гомдолтой, Дундговь аймгийн
Их газрын чулууны Байгалийн
цогцолборт газрын хамгаалалтын
захиргааны байгаль орчны хяналтын
улсын байцаагч А.Ц-т
холбогдох зөрчлийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Гомдлын шаардлага: Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1722000003 тоот “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Дундговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 593 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Гомдол гаргагч Г.М,
Гомдол гаргагчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Дундговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Амьтны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.1, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Мягмарын “Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1722000003 тоот “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдол гаргагчийн гомдлоор хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 593 дугаар магадлалаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 13-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Гомдол гаргагч Г.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Малчдын амжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг их хэмжээгээр барьж идсэн чононуудыг нутгийн иргэдтэй хамтран агнацаж хороосныг ганц над дээр тохож шийтгэл ногдуулж байгаад гомдолтой байна. Энэ их ууланд чоныг агнаж авлах гэдэг ажил нь 4-5 хүний хийдэг ажил биш 20-30 хүний оролцоотойгоор хийгддэг ажлыг /хөөж, туус, буудаж гаргаж ирдэг/ ганц би хийсэн юм шиг дүгнээд байгаад гомдолтой байна.
4. Нутгийн иргэд болон багийн Засаг дарга н.А-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн мэдүүлэгт чоно олон болоод байна та ирж агналцаж өгөөч гэж дуудсан мэдүүлэг болон 2013 оноос 2019 оны хүртэл идүүлсэн малын тоог тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанд гаргаж өгсөөр байтал эдгээрийг хэлээгүй мэтээр ярьж байгаа нь үнэнд үл нийцэж байгаа тул шүүх анхаарч хянаж өгнө үү.
5. Миний бие нэг чоно агнасан, нөгөө чоныг н.Д гэх хүн агнасан атал шүүхийн шийдвэрт эрс өөрөөр дүгнэж чонын үнэлгээ болох чонын тоо толгой экологийн тэнцвэрт байдлын талаарх зааж байгаа нь ойлгомжгүй байгаагаас гадна тухайн газрыг тусгай хамгаалалттай бүс гэдгийг тэмдэглэсэн тогтоосон зүйл тухайн үед байгаагүй. Энэ газрыг тусгай хамгаалалттай бүс гэдгийг нутгийн иргэд мэдэхгүй. Идүүлсэн малын тоо 1600-1700 орчим болсныг багийн Засаг дарга н.Алтангэрэлийн тодорхойлолт хэрэгт авагдсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар улсын байцаагч А.Цэцэгдэлгэр анхнаасаа зөв ажиллаагүй.
6. Миний бие ан агнах эрх бүхий буутай, жил бүр цагдаад бүртгүүлж татвараа төлдөг дээрх үндэслэлээр гаргасан гомдлыг хянан хэлэлцэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, улсын байцаагчийн 1722000003 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
7. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, улсын байцаагчийн 2018 оны 1722000003 дугаар шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
8. Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1722000003 дугаар шийтгэлийн хуудсаар “Г.М нь дүү Д-тай хамтран ...Ёрвонгийн ам гэх газарт эр, эм 2 чоно ачаад явсан болох нь ... баримтаар тогтоогдсон, ...өөрөө 2 чоно агнасан нь үнэн гэж хэргээ хүлээсэн” гэх үндэслэлээр Г.Мягмарыг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу 150,000 төгрөгөөр торгож, Амьтны тухай хуулийн 37.1, 37.2, 37.4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолыг баримтлан эр чоныг 1,020,000 төгрөгөөр, эм чоныг 1,200,000 төгрөгөөр үнэлж, 2,220,000 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн, зөрчилд холбогдогч Д.Мягмараас “... би буу эзэмших, ан агнах зөвшөөрөлтэй, нутгийн иргэдээс ... чоно хонь мал дайраад байна, ирж агнаж өгөөч гэж хүссэний дагуу нутгийн иргэдийн хамтаар 2 чоно агнасан, ... үүнийг байцаагчид хэлж, шалгаж өгөхийг хүссэн боловч, шалгалгүйгээр ганцхан надад хариуцлага ногдуулсанд гомдолтой, ...бүрдүүлсэн нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангаагүй, эргэлзээтэй, ...2 чонын үнэлгээг яагаад 2 дахин өсгөж нөхөн төлбөр ногдуулж байгаа нь тодорхойгүй, ... хуулиар шийтгэл ногдуулах эрх бүхий албан тушаалтан мөн эсэх, оногдуулсан хуулийн заалт зөрчилтэй” гэх зэргээр маргаж, уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдлын шаардлага гаргажээ.
9. Зөрчлийн хэргийн материалаас үзвэл, зөрчилд холбогдогч Г.М нь “... чоно малд хүрээд аюултай байна, ирж тус болооч, бид дарж /үргээнэ/ өгье гэж нутгийн иргэдээс хүсэлт ирүүлсэн”-ийг мэдүүлж, чоно буудсанаа хүлээн зөвшөөрсөн байх боловч “үргээлгэнд оролцсон” гэх хүмүүсийг хамт шалгуулах, хариуцлагыг хамтарч хүлээх талаар зөрчил шалган шийдвэрлэх явцад хүсэлт гаргаж байсан нь зөрчлийн хэргийн материал, шүүхэд гаргасан түүний тайлбараар тогтоогдож байна.
10. Түүнчлэн, шийтгэлийн хуудсанд “... холбогдогч Г.М нь дүү Д-тай хамтран ...” гэж зөрчил үйлдэгчийг тодорхойлж бичсэн боловч зөрчлийн хэрэгт энэ хүнтэй холбогдох ямар нэгэн ажиллагаа хийсэн тухай материал огт байхгүй, “... Г.Мягмар нь өөрөө чоно агнаснаа хүлээсэн, бусад хүмүүсийг оролцуулмааргүй байна гэж анх тайлбар, мэдүүлэгтээ хэргээ хүлээсэн” гэх үндэслэлээр шийтгэлийг Г.Мягмарт дангаар хүлээлгэсэн нь ойлгомжгүй, улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар 2 чоно агнасан зөрчлийг хамтарч үйлдсэн байж болзошгүй этгээдийг тогтоох, “үргээлгэнд оролцсон” гэх хүмүүсийн оролцоо, гэм бурууг тогтоох, тэдэнд шийтгэл хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэлгүйгээр зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгавар болгож, Г.Мягмарын “ганцаараа хариуцлага хүлээх үндэслэлгүй” гэсэн гомдол, хүсэлтийг шийдвэрлээгүй нь тогтоогджээ.
11. Шүүх, Г.М-ын гомдлын шаардлагыг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсоноор, шүүх гомдлоор үүсгэсэн захиргааны хэрэгт, гомдлыг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуцлуулах, энэ талаар гомдол гаргагчаас гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжтой болжээ.
12. Энэ дагуу анхан шатны шүүх, гомдлын шаардлагын үндэслэлд холбогдуулан гомдол гаргагчаас тайлбар авч, зөрчлийг шалгах ажиллагаанд гэрчээр асуугдсан хүмүүсийг гэрчээр байцааж, чонын үргээлгэнд нутгийн иргэд /тодорхой бус/ оролцсоныг тогтоосон ба уг үйл баримтын талаар “... нутгийн малчин иргэд чоныг буудан агнах санаа зорилгогүйгээр үргээлгэ хийсэн, тэдний энэ үйлдэл зөрчил мөн эсэхийг тогтоох нь хариуцагчийн эрх хэмжээний асуудал” гэж, харин давж заалдах шатны шүүх “... хамтран гүйцэтгэгчээр чоно агнахад үргээж өгсөн нутгийн иргэдийг хамааруулан ойлгох боломжгүй,... гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх зөрчлийн тухайд чоно агнах шууд үйлдэл хийсэн хүнд хариуцлага ногдуулах нь хуульд нийцнэ” гэж тус тус дүгнэн, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн нь буруу байна.
13. Учир нь, Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д “зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан, энэ тохиолдлын хувьд чоныг буудсан этгээд “өөрөө” хүлээснээр, зөрчил үйлдсэн нь тодорхой хэдий ч “чоно агнах”-д үргээлгэ хийсэн гэх, түүнчлэн шийтгэлийн хуудсанд бичигдсэн Дагва гэх хүний гэм буруу, тэдэнд шийтгэл хүлээлгэх эсэх асуудлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар шалгаагүй нөхцөлд шүүхээс “шийтгэлийн хуудас”-ыг үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй, зөрчилд холбогдох бусад этгээдийг тогтоох нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал юм.
14. Түүнчлэн, зөрчлийн хэргийн материалаас үзвэл, Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Ц нь “Их газрын чулуу”-ны Ёрвонгийн ам гэх газарт “чоно агнасан байна” гэсэн тус газрын байгаль хамгаалагчийн мэдээллийн дагуу Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 2 чоно агнасан зөрчилд холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зөрчлийн хэрэг үүсгэж, шалгасан ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.27-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулах буюу Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлд тодорхойлсон зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч байна.
15. Харин, Зөрчил шалган шийдвэрлэх тухай 1.8 дугаар зүйлийн 6.10-д заасны дагуу Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд тодорхойлсон зөрчлийг Мэргэжлийн хяналтын улсын байцаагч шалган шийдвэрлэх эрхтэй, энэ тохиолдлын хувьд А.Цэцэгдэлгэрт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 495 дугаар тушаалаар байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгогдсон нь тогтоогдсон хэдий ч зөрчлийн хэрэг үүсгэсэн үндэслэл нь шийтгэлийн хуудсаар оногдуулж буй зөрчлийн зүйлчлэлд нийцээгүй, Г.М-ыг 2 чоно агнахдаа Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-д “хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг агнасан” гэснийг зөрчсөн, эсхүл 7.17 дугаар зүйлд заасан “тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулсан” гэх зөрчлийн алинд холбогдуулж, шийтгэл хүлээлгэсэн нь тодорхойгүй байна.
16. Эдгээр байдлаас дүгнэхэд, хэдийгээр гомдол гаргагчийн хувьд зөрчил үйлдсэн нь тогтоогдсон байгаач улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэт явуулаагүй, зөрчлийг хамтран Дагва гэдэг хүн үйлдсэн мэтээр шийтгэлийн хуудаст бичсэн атлаа хариуцлага хүлээлгээгүй нь ойлгомжгүй, “үргээлгэ” хийсэн гэх бусад этгээд, тэдгээрийн оролцоо, гэм бурууг тогтоож, хариуцлага хүлээлгэх үндэслэл бий эсэхийг шийдвэрлээгүй, Г.М-ын “2 чоно агнасан” гэх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн аль зүйл, заалтыг зөрчсөн болох, улсын байцаагч А.Ц нь өөрийн эрх хэмжээнд тохируулан тухайн зөрчлийг зүйлчилсэн байж болох зэрэг эргэлзээтэй нөхцөл байдлууд байх тул хяналтын шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг хэрэглэж, Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 1722000003 дугаар шийтгэлийн хуудсыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлэх шаардлагатай гэж дүгнэлээ.
17. Тодруулбал, Г.М-ын гомдлын шаардлагын үндэслэлээр түүний үйлдлийг зөвтгөж, шийтгэлээс шууд чөлөөлөх, түүнчлэн 2 шатны шүүхийн үндэслэлгүй дүгнэлтээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх боломжгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоовол зохих ажиллагааг эрх бүхий захиргааны албан тушаалтан хэрэгжүүлэх үүрэгтэй, эрх бүхий этгээдээс зөрчлийг шалган шийдвэрлэхдээ, зөрчил шалгах ажиллагааг тусгайлан журамласан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хийвэл зохих ажиллагааг бүрэн хийгээгүй байхад үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүйн зэрэгцээ зөрчлийн хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна.
18. Иймд, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, гомдол гаргагч Г.М-ын хяналтын журмаар “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангуулах”-аар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 593 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн нэг заалтыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 1.8, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 4, Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйл, 3.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Ц-ийн үйлдсэн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1722000003 дугаар шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд дахин шинэ акт гаргахыг А.Ц-т даалгасугай” гэж өөрчилж, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд шинэ акт гаргахгүй бол 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1722000003 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай” гэсэн 2 дахь заалт нэмж, шийдвэрийн 2 дахь заалтыг 3, магадлалын 2 дахь заалтыг 3, 3 дахь заалтыг 4 болгон тус тус дугаарлаж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ