Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 623

 

 

 

 

 

 

                                                            

    Д.Алтанхуягт холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            прокурор А.Нямсүрэн,

            ялтан Д.Алтанхуягын өмгөөлөгч Ш.Бадмаараг,

  нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Алтанхуягийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 201625030282 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Үхэр цагаан овгийн Дамдины Алтанхуяг, 1983 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; эхийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 15 дугаар гудамжны 114 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ИН83112931/

 

Д.Алтанхуяг нь хамтран амьдарч байсан Ц.Батцэцэгийг 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 61 дүгээр байрны 64 тоотод, 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 74 дүгээр цэцэрлэгийн урд талбайд болон мөн хороонд байрлах 67 дугаар байрны 7 тоотод, 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр, 2016 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө, 2016 оны 1 дүгээр сарын 23-наас 24-ний шилжих шөнө тус тус зодож, тарчлаасан,

2016 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Ц.Батцэцэгийн хөлслөн амьдарч байсан Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 67-7 тоот орон сууцны хаалгыг санаатай эвдэж гэмтээн 150,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.Алтанхуягийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Алтанхуягийг бусдыг байнга тарчлаасан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар эвдэж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,792,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 сар баривчлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9,792,000 төгрөгийн торгох ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 5 сар баривчлах ялаар тогтоож, уг ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Төрийн банкны 900005406 дугаарын дансанд тушаасан 165,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Батцэцэгт олгож шийдвэрлэжээ.

 

Ялтан Д.Алтанхуяг давж заалдах гомдолдоо: “...Ц.Батцэцэгийн хөлсний байрны  хаалгыг эвдээгүй. Намайг эвдсэн гэх нотлох баримт хэрэгт байхгүй. Иймд надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ял шийтгэлийг хүчингүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Би Ц.Батцэцэгт дахин хууль бусаар халдахгүй байж чадна. Миний эрүүл мэндийн байдал муу байна...” гэжээ.

 

            Ялтны өмгөөлөгч Ш.Бадмаараг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Алтанхуяг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөөгүй. Хавтаст хэрэгт хаалгыг эвдэж байсныг харсан хүн байхгүй. Эвдсэн талаар сонссон Батцэцэгийн төрсөн дүүгийн гэрчийн мэдүүлгээс өөр баримт байдаггүй юм. Тухайн эвдсэн гэх хаалганы зургууд нь бариул нь унасан бор болон шаргал өнгөтэй хоёр өөр хаалга байсан. Тэгэхээр фото зургаар хаалгыг эвдсэн эсэх нь тогтоогдоогүй. Хохирогч Ц.Батцэцэгээс чамд ямар хохирол учирсан бэ гэж асуухаар хаалганы бариул эвдэрсэн, түүний мөнгийг нэхэмжилнэ гэсэн. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Улсын Дээд шүүхийн тогтоолд зодох гэмт хэргийн хамгийн гол шинж чанар нь өвтгөх гэж тайлбарласан. Хохирогчийн ямар эрхтэн нь өвдөж байгаа талаарх нотлох баримт байхгүй. Зодсон гэх эрсдэлийн үнэлгээг гаргасан байсан. Энэ үнэлгээг огт танихгүй хүн гаргаж, түүнийг нь үндэслээд мөрдөн байцаагч Дамдинсүрэн эрсдэлтэй гэж мэдүүлэг өгсөн. Хохирогч эрүүл мэнд болон гэмт хэргийн байдалд гомдол саналгүй гэдэг. Д.Алтанхуяг нь тархины өвчтэй, 80 нас хүрч байгаа эхийнхээ хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзах эсхүл хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

           

            Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ялтны давж заалдах гомдол болон өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нотлогдон тогтоогдоогүй, хавтаст хэрэгт хохирогчийн мэдүүлгээс өөр мэдүүлэг байхгүй гэж тайлбарлаж байна. Хохирогч Ц.Батцэцэг болон энэ хэрэгт гэрчээр тогтоогдсон бүх хүмүүс хаалга эвдэрсэн талаар харсан, сонссон гэж мэдүүлдэг. 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хохирогчийн гэрийнх нь хаалгыг эвдээд гэрт нь хүчээр орлоо гэх Ц.Батцэцэгийн дуудлагын дагуу хэсгийн байцаагч очсон. Хорооны нийгмийн ажилтнаар хүчирхийллийн эрсдэлийн үнэлгээг гаргуулсан. Эрсдэлийн үнэлгээг тухайн хороо хариуцсан ажилтан ажил үүргийнхээ дагуу хийсэн. Хавтаст хэргийн 8 дугаар хуудаст эвдэрсэн хаалганы зураг байгаа. Зурагт бор хаалга, цэнхэр хаалга гэсэн зөрүүтэй зүйл байхгүй. Эвдэрсэн бор хаалганы зураг л байдаг. Тухайн үед хохирогч мөрдөн байцаагчтай хамт байцаан шийтгэх ажиллагааны шатанд зургийг хавтаст хэрэгт авчирсан зүйл байхгүй. Хэрэг гардаг өдөр дуудлага өгөөд хэсгийн байцаагчид зургийг өргөдлийн хамт өгсөн болох нь тогтоогддог. Цэнхэр хаалга нь шинээр тавьсан хаалга. Эвдэрхий хаалгатай амьдардаг оршин суугч хаана ч байхгүй. Д.Алтанхуягийн гэм буруу, хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар гэх мэт хуульд заасан үндэслэлүүдэд тохирсон ял шийтгэлийг шүүхээс оногдуулсан байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Д.Алтанхуяг нь хамтран амьдарч байсан Ц.Батцэцэгийг 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 61 дүгээр байрны 64 тоотод, 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 74 дүгээр цэцэрлэгийн урд талбайд болон мөн хороонд байрлах 67 дугаар байрны 7 тоотод, 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр, 2016 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө, 2016 оны 1 дүгээр сарын 23-наас 24-ний шилжих шөнө тус тус зодож, тарчлаасан,

2016 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Ц.Батцэцэгийн хөлслөн амьдарч байсан Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 67-7 тоот орон сууцны хаалгыг санаатай эвдэж гэмтээн 150,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            - хохирогч Ц.Батцэцэгийн: “... Д.Алтанхуягтай 2008 оноос 2013 он хүртэл хамтран амьдарч, нэг охинтой болсон. 2013 оноос хойш хамт амьдрах боломжгүй болоод арга буюу тусдаа амьдарсан. Д.Алтанхуяг нь энэ хугацаанд хүүхэд дээрээ ирэх шалтгаанаар байнга ирдэг бөгөөд орцонд зогсоод намайг гэрт оруулахгүй, гэртээ орчихоор хойноос хаалга үүд эвдээд орж ирдэг. Гэртээ оруулахаар байнга дарамталж хэрүүл зодоон үүсгэдэг байсан... учраас 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр захиргааны албадлагын эрх хязгаарлах арга хэмжээг шүүхээр авахуулсан байтал ямар ч үр нөлөө байхгүй байсан... 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр орцонд таарсан. Гэрт орно гэхээр нь оруулаагүй бөгөөд цагдаад дуудлага өгөх гэтэл гараад зугтаачихсан. Цагдаа нар ирээд явсны дараа дахин хаалга балбаад байхаар нь онгойлготол Алтанхуяг орж ирээд нилээн удаан хугацаанд хэрэлдэж маргалдсан. Би “хог хаяна” гэж зугтаах гэтэл араас орцонд намайг татаж чангаан, хоолой багалзуурдаад, ноосон цамц ураад хаясан... Тухайн үед Алтанхуяг намайг боосны ул мөр болох хүзүүнд хурууны оромнууд гарч, улайгаад түнх нилээн хөндүүрлэн өвдөж байсан.

... 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 67 дугаар байрны 7 тоот гэртээ байхад хаалга нүдээд, “хаалгаа тайл” гээд орилоод өшиглөөд байсан. Би хаалга тайлж өгөлгүй шууд цагдаа дуудсан чинь алга болсон... Орой ирээд агсам тавиад байж магадгүй гэж бодоод эгч Батцэнгэлийн гэрт очиж хоноод маргааш нь гэртээ ирэхэд гэрийн хаалга эвдээд дотогш орсон байсан. Бүр лоом шиг юмаар нүдээд хавтсыг нь эвдсэн байхаар нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. Тэгээд хороонд өргөдөл гаргасны дагуу хорооноос шүүхэд хандаж шүүхээс захирамж гаргаж өгсөн юм. Би 220,000 төгрөгөөр шинэ хаалга авсан...” /хх-77-78/,

“... 2016 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө үүрээр хаалганы бариул эвдэлж орж ирээд “хэнтэй байна, хаалгаа тайлсангүй” гээд хэл ам хийж байгаад цохьчихоод гараад явсан... 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Алтанхуяг миний хөлслөж байсан Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 61 дүгээр байрны 64 тоот орон сууцанд ирээд хардаж, сэрдээд баахан хэрүүл маргаан үүсгэж байгаад 2 удаа цохьсон... 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдөр ажлаасаа тараад, ажлын хүмүүстэй тоглолт үзэх гээд Бөхийн өргөөнд очсон. Таксинаас буугаад хаалгаар орох гэтэл Алтанхуяг гарч ирээд “хэнтэй тоглолт үзэх гэж байгаа юм бэ” гээд намайг аваад үлдсэн юм. Тэгээд намайг дагуулж гадуур яваад байхаар нь “би гэртээ орж авах юм байна” гээд байрны үүдэнд ирээд утасныхаа чанга яригчийг асаагаад “намайг оруулчих” гээд гуйгаад байхад оруулахгүй байсан юм. Тэгээд намайг 74 дүгээр цэцэрлэгийн урдуур чирээд “намайг явлаа” гээд зодсон. Миний цээжинд гараараа цохиод авсан. Амьсгаа авч чадахгүй болоод газар хэсэг хэвтэж байтал хүн цагдаад дуудлага өгсөн байсан. Цагдаа ирсэн учраас би өргөдөл өгч эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч надаас гуйсаар байгаад эвлэрээд хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Мишигбаатар гэх хэсгийн байцаагч болон хорооны нийгмийн ажилтанд хандсан чинь Алтанхуяг “чи намайг цагдаад өгсөн байна, би нэгэнт өнгөрсөн хүн” гээд гэрт хүч хэрэглэн дайрч орж ирээд “цагдаад хэлбэл чамайг алаад явдаг юмандаа явна” гэх мэтээр ярьдаг болсон. Үүнээс болж Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 67 дугаар байрны 7 тоот гэрт бид хоёр баахан муудалцаж, миний хоолойг боосон. Цагдаад дуудлага өгсөн чинь зугтаагаад явчихсан юм... Ерөөсөө байнга тайван байлгадаггүй, намайг байнга хардаж сэрддэг байнга зодож, цохьдог учраас хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон...” /хх-79-81/,

- гэрч Ц.Батцэнгэлийн: “... Батцэцэг, Алтанхуяг хоёр дундаасаа нэг хүүхэдтэй. Хамт амьдарсан боловч Алтанхуяг тодорхой ажилгүй, дээрээс нь их худлаа ярьдаг, тэнээд алга болдог, мөн архи уухаараа янз бүрийн ааш гаргаж, хүүхдээ цонхоор авч үсэрнэ гэж бөөн асуудал болж байсан. Тусдаа амьдарч байхад Алтанхуяг нь байнга орон гэр, ажил төрлийнх нь үүдэнд сахиад суучихдаг зэрэг асуудлуудыг ярьдаг юм. Мөн байж байгаад л хаалга үүдний асуудал яригддаг. Батцэцэг өөрийн гэсэн байргүй, хөлсний байраар амьдардаг. Гэтэл амьдарч байгаа байрандаа тогтвортой амьдарч чадахгүй ажлыг нь мэддэг учраас ажил дээрээс нь дагаад гэрийг нь мэдчихдэг гэсэн...” /хх-83-84, 134/,

- гэрч Ч.Нарангуагийн: “... Батцэцэг бол манай хорооны түр оршин суугч иргэн байгаа юм. Алтанхуяг гэгчийг нь таньж мэдэхгүй. Нийгмийн ажилтны хувиар Батцэцэг надтай уулзаад хүчирхийлэлд өртөж байгаа талаараа хэлсэн. Анх 2015 оны 5-6 дyгaap сард хандсан санагдаж байна. Тухайн үед ямар нэгэн баримт үйлдээгүй юм. Батцэцэг нь сургуулийнхаа нийгмийн ажилтан Онон гэдэг хүнд хандаад тэр хүн нь надад хандаж байсан. 2016 оны 1 дүгээр сард “Алтанхуяг гэдэг хамтран амьдрагч нь ирээд гэрийн хаалга үүд эвдсэн, намайг ална гэж сүрдүүлсэн. Мөн удаа дараа зодож байна. Хорооны хэсгийн байцаагчид өргөдөл гаргасан. Та энэ асуудал дээр нийгмийн ажилтныхаа хувьд үүрэг гүйцэтгэж өгөөч” гэж хэлж хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу эрсдэлийн үнэлгээг хийсэн. Эрсдэлийн үнэлгээ өндөр гарсан учраас хамтарсан багaap хэлэлцээд Алтанхуягт эрх хязгаарлах шийдвэр гаргасан. Алтанхуягтай уулзаад ямар учраас Батцэцэгийг дарамтлаад зодоод, хамт олны дунд эвгүй байдалд оруулаад байдаг юм бэ гэж асуухад “би архи уухаараа муухай ааш араншин гаргаад Батцэцэгийг цохих зодох асуудал гарсан” гэж нэг удаагийн асуудал хэлсэн. Батцэцэг 2016 оны 1 дүгээр сард над дээр ирэхэд хүзүү нь улайсан байсан ба маш их айдаст автсан байсан...” /хх-88-89/,

- гэрч Б.Мөнхцэцэгийн: “... 2016 оны эхээр Батцэцэгтэй утсаар ярихад гэртээ байна гэсэн. Тэгээд гэрт нь очтол Алтанхуяг гэрийн түлхүүр булаагаад зугтаачихлаа, гэртээ орж чадахгүй түлхүүр байхгүй гээд орцондоо сууж байхаар нь дагуулаад гэртээ хонуулсан юм. Маргааш нь Батцэцэгийн гэрт хамт очиход хаалга нь хөшигдөөд, зарим нэг хэсгээрээ дотогш цөмөрсөн байсан учраас хүнээр заалгаж хаалгыг нь онгойлгож дотогшоо орж байсан. 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр найз нартайгаа төрсөн өдөр тэмдэглээд өглөөний 05 цагийн орчимд 10 жилийн найз хүүхний хамт Батцэцэгийн гэрт очихоор болоод яваад ортол орцонд нь Алтанхуяг зогсож байсан. Юу хийж байгаа юм бэ гэхэд Батцэцэг гэртээ нэг залуугийн хамт байна. Тэгээд хаалга онгойлгож өгөхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Мөөгий байна” гэж хэлээд хаалгыг нь тогшиход Батцэцэг бэр эгчийнхээ төрсөн охин дүүтэй байж байсан. Алтанхуяг дагаж орж ирээд буцаад гараад явсан. Тухайн үед тэдний хаалга үүд нь эвдэрсэн байсан. Алтанхуяг, Батцэцэгийг хаалга тайлсангүй гэж маргалдаад цохиод зугтаагаад гарсан...” /хх-90-91/,

- гэрч Н.Дамдинсүрэнгийн: “... 2015 оны 12 дугаар сараас эхлэн одоог болтол хэсгийн байцаагчаар ажиллаж байна. Хэзээ, хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Ц.Батцэцэг нь манай нөхөр Алтанхуяг зодож дарамтлаад, хаалга эвдчихлээ гэж дуудлага өгсөн. Би очиход нөхөр нь гэх Алтанхуяг байхгүй байсан. Яагаад юунаас болж эд зүйлийг нь эвдсэн талаар асуухад Алтанхуяг нь охинтойгоо уулзах гээд ирдэг юм. Ирэх бүрт нь охиноо өгөөд явуулахаар манай охинooc ээж чинь ямар хүнтэй хоносон, гэрт хэн ирсэн гэх мэт зүйлийг хүүхдээс асуугаад байдаг болхоор би охиноо өгч явуулдаггүй. Үүнээс болоод маргаан зодоон болдог гэж хэлж байсан. Тухайн өдөр очиход ямар ч байсан нөхөр Алтанхуягт зодуулсан байдалтай байсан. Яг хаана нь ямар гэмтэл учирсан байсан талаар одоо санахгүй байна...” /хх-135/ гэсэн мэдүүлгүүд, 

- Ц.Батцэцэгийн хөлслөн амьдарч байсан Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 67 дугаар байрны 7 тоот орон сууцны хаалганы эвдэрсэн байдлыг бэхжүүлсэн гэрэл зургууд /хх-7-11/,

- Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлсон үнэлгээний хуудас /хх-19-27/,

- Д.Алтанхуягт эрх хязгаарлах арга хэмжээ авсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 101/Ш32016/05409 дүгээр шүүгчийн захирамж /хх-30/,  

- хохирогч Ц.Батцэцэгийг зодсон Д.Алтанхуягийн үйлдлийг хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №4576 дугаар прокурорын тогтоол /хх-69/,

- Д.Алтанхуягт холбогдох Захиргааны зөрчлийн лавлагаанууд /хх-121-126/,

- Д.Алтанхуягийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан байна.

 

Анхан шатны шүүх, Д.Алтанхуягийн үйлдсэн бусдыг байнга зодож, тарчлаасан, эд хөрөнгийг эвдэж гэмтээсэн гэмт хэргүүдийн талаар хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн хэрэгт нь тохирсон ял оногдуулжээ.

 

Д.Алтанхуяг нь хохирогч Ц.Батцэцэгийг удаа дараа зодохын зэрэгцээ байнгын сэтгэл зүйн дарамт үзүүлж байсан. Ийм байдлаар хүчирхийлэл үйлдэх үедээ 2016 оны 1 дүгээр сарын 20-ны орой хохирогчийн хаалгыг нүдэж, өшиглөснөөс нь болж хохирогч орон гэрээсээ дайжин айлд хоноглож маргааш өглөө нь гэртээ ирэхэд хаалгыг нь хөшиж эвдэлсэн байсан талаар хохирогч тодорхой мэдүүлж байх бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч Б.Мөнхцэцэгийн “... Маргааш нь Батцэцэгийн гэрт хамт очиход хаалга нь хөшигдөөд, зарим нэг хэсгээрээ дотогш цөмөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Дамдинсүрэнгийн “... Ц.Батцэцэг нь манай нөхөр Алтанхуяг зодож дарамтлаад, хаалга эвдчихлээ гэж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг болон хохирогч тухайн үед хорооны хэсгийн цагдаад гаргасан өргөдөлд хавсаргасан хаалганы эвдэрсэн байдлыг харуулсан гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байх тул Д.Алтанхуягийг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна. 

 

Тарчлаах гэмт хэргийн шинжид бие махбодийг өвтгөж шаналгасан үйлдлээс гадна урт удаан хугацаанд хохирогчийг сэтгэл зүйн дарамтад байлгаж зовж шаналгасан байдлыг давхар хамааруулан ойлгох тул ялтны өмгөөлөгч Ш.Бадмаарагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан “... зодох гэмт хэргийн хамгийн гол шинж чанар нь өвтгөх гэж Улсын Дээд шүүх тайлбарласан байдаг. Хохирогчийн ямар эрхтэн нь өвдөж байгаа талаарх нотлох баримт байхгүй...” гэх тайлбарыг хүлээж авах боломжгүй.  

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Алтанхуягийн “хохирогчийн гэрийн хаалгыг эвдээгүй, энэ талаар нотлох баримт байхгүй учраас холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан тарчлаах гэмт хэрэгт оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Алтанхуягийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

                                     ШҮҮГЧИД                                                      Ц.ОЧ

 

                                                                                       М.ПҮРЭВСҮРЭН