| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2018/00043/Э |
| Дугаар | 43 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч П.Эрдэнэбаатар
Шүүгдэгч С.Ж нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Амбаны хошуу овогт Саулины Ж д холбогдох 1840000550040 тоот хэргийг 2018 оны 07 сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 04 сарын 18-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, С.Ж.
Шүүгдэгч С.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Ж нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 баг Нарлаг хорооллын гадаа 2018 оны 06 сарын 11-ний шөнө 01 цаг 30 минутын орчим Ч.М зодож “эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэг. Шүүгдэгч С.Ж нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг Нарлаг хорооллын гадаа 2018 оны 06 сарын 11-ний шөнө 01 цаг 30 минутын орчим хохирогч Ч.М зодож “эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1.Хохирогч Ч.М ын 2018 оны 06 сарын 12-ны өдөр хохирогчоор өгсөн: “2018 оны 06 сарын 11-ны шөнө 01 цагийн орчим манай том охин Э надруу залгаад “Ж согтуу надруу залгаж айлгаж дарамтлаад байна. Та ирээд гэрийн гаднаас цоожлоод явчих, тэгвэл мэдэхгүй байх, би 47 дугаар байранд Э-д байна гээд хэлчихлээ” гэж надруу 2 удаа залгасан. Тэгэхээр нь би 20-иод минутын дараа машинтайгаа гэрийнхээ гадаа очиж зогсох гэтэл манай хашааны урд байх цахилгаан шийдтэй шонгийн модны дэргэд нэг хүн нуугдаад байсан. Би ч тухайн юманд санаа зовоогүй гэрийнхээ хашааны гадаа очиж зогсоод машинаасаа бууж хашааны хаалгаар орох гэтэл хойноос нэг хүн гүйгээд ирсэн. Тэгэхээр нь эргээд хартал манай хүргэн Ж нилээн согтуу ирээд “Хөгшин гөлөг чамайг охинтой чинь алах гэж ирлээ. Чи намайг гэртээ оруулах юм уу, үгүй юм уу” гэхээр нь би “Шөнө орой болсон байна хүүхдүүд унтаж байна, дээр нь чи согтуу байна, яах гэж байгаан маргааш ир” гэхэд Ж миний өмсөж явсан цамцны энгэрээс барьж татаад миний нүүрлүү 2 удаа толгойгоороо мөргөсөн. Тэгсэн миний хамраас их хэмжээгээр цус гарсан. Тэгэхээр нь би цусаа гоожуулж “Чи яаж байгаан бэ гээд доошоо суухад Ж миний цээжин хэсэг буюу баруун талын хавирган тус газар 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би дээшээ босоход Ж шууд миний үснээс зулгааж доош нь дарж миний нүүр ам руу гараараа цохиод байсан. Би тухайн үед Ж д мөргүүлсэн байсан болохоор толгой маань нилээн манарсан байсан тул Ж ыг хэдэн удаа цохисоныг мэдэхгүй байна, ямар ч байсан миний нүүр лүү цохиод байсан. Би арай гэж нэг юм дээшээ өндийж Ж ы энгэрээс нь зуурч газар унагааж дээр нь дарж хэвтсэн. Тэгсэн Ж миний үснээс зулгааж гарыг маань хазаж, нүүр самардаад байсан. Ж нь миний баруун гарны ар хэсэгт 1 удаа, баруун гарын булчин дээр 1 удаа, зүүн хөлний гуян дээр нэг удаа хазсан. Би тухайн үед Ж ыг дийлэхгүй байсан болохоор бусдаас аврал эрж том охин Э ыг дуудахад Э айгаад гарч ирж чадаагүй. Тэгсэн манай том зээ хүү болох 12 настай хүү Б-ыг гарч ирэхээр нь миний хүү яваад хүн дуудаад ир гэхэд Б манай хамаатны хүү болох Э дагуулаад ирсэн. Ингээд Э ирээд надтай хамт Ж ыг босголгүй газар хэвтүүлж дарсан. Удалгүй 5 минутын дараа цагдаа нар ирж Ж ыг аваад явсан. Би эмнэлэгт очиж үзүүлэхэд миний нүүр ам нилдээ цус болсон, энэ тэндээ самардуулж майжуулсан, дээр нь миний баруун хавирга хөдөлж болохгүй, даралт ихэссэн байсан. Эмч нар надад тариа хийж өгөөд маргааш өглөө дахин ирж үзүүлээрэй гэсэн. Маргааш нь эмнэлэг дээр очиж үзүүлэхэд миний хавиргыг үзээд Улаанбаатар хот руу гэмтэл согог үндэсний төвд үзүүлэх шаардлагатай байна гэж хэлээд надад 13 дугаар маягт бичиж өгсөн.
Миний хамар хавдаж, далийсан, уруулын дотор хэсэг язарч, нүүрэнд майжуулсан шархтай, мөн дээр нь гар хөлөндөө хазуулсан шархтай, баруун хавирга хөдөлж болохгүй хатгуулж өвдөж байгаа. Би Улаанбаатар хотод очиж гэмтэлд үзүүлж зураг авахуулна. Би гомдолтой байна. Ж гаргасан үйлдэлд тохирох шийтгэлийг оногдуулахыг хүсэж байна. Ж миний том охин Э ыг олон удаа зодож байсан, зарим тохиолдолд цагдаа шүүхээр явж байсан удаа байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/
1.2. Хохирогч Ч.М ын 2018 оны 06 сарын 25-ны өдөр хохирогчоор хоёр дахь удаа өгсөн: “Би Ж д зодуулсаны улмаас Улаанбаатар хотод очиж үзүүлсэн. Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт толгойн зураг, цээжний рентген зураг авахуулсан. Эмнэлэгт үзүүлж эмчилгээ бичүүлээд эм тариа аваад ирэхэд нийт 600000 төгрөгийн хохирол учраад байна, үүнийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 6/
1.3.Гэрч М.Э ын 2018 оны 06 сарын 20-ны өдөр өгсөн: ”Би нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй. 2018 оны 06 сарын 10-ны орой Бор-Өндөр сумын 3-р баг Нарлаг хороолол 4-405 тоотод аавын гэрт хонож байсан юм. Тэгээд шөнө Ж ыг согтуу залгаад байхаар нь аавыг хүрээд ир гэж дуудсан, тэгээд гэрийн гадаа Ж , аав хоёр хоорондоо муудсан, би тухайн үед гэрээс гарч хараагүй учраас надад мэдэх зүйл байхгүй. Мөн хуулинд заасан эрхийнхээ дагуу нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 7/
1.4.Гэрч Л.Б-ийн 2018 оны 06 сарын 18-ны өдөр өгсөн: “М ын биед учирсан хамар ясны хугарал гэмтэл нь хөнгөн зэрэгт, баруун 4-р хавирганы хугарал нь гэмтлийн хөнгөн зэрэг, баруун 5-р хавирганы хугарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүний биед 2 болон түүнээс хавирга хугарсан тохиолдолд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ч.М ын нүүр, баруун бугалга, сарвуу, зүүн гуяны шарх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамар болон цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ч.М ын биед учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 10/
1.5.Гэрч Г. Э ы 2018 оны 06 сарын 26-ны өдөр өгсөн: “2018 оны 06 сарын 10-ны орой гэртээ унтаж байсан юм. Тэгэхэд 2018 оны 06 дугаар сарын 11-ний 01 цагийн үед М ахын зээ хүү манай гэр лүү орж ирээд “манай аав өвөөг зодоод байна” гэж хэлээд намайг дагуулаад явсан. Намайг салгаад өгөөч гэж хэлэхээр нь би явсан. Тэгээд гэрээсээ гараад Бор-Өндөр сумын 3 дугаар баг Нарлаг хороолол 4-405 тоот хашааны гадаа очиход М ах Ж ахыг дээрээс дараад байж байсан. Тэгэхээр нь би очоод хараад байж байтал удалгүй цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20/
1.6.Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 сарын 18-
ны өдрийн №293 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Ч.М ын биед хамар яс, баруун 4, 5-р хавирганы хугарал, нүүр, баруун бугалга, сарвуу, зүүн гуянд шарх, хамар, чээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой
3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна
4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 9/
1.7.Яллагдагч С.Ж ы 2018 оны 06 сарын 21-ний өдөр өгсөн: “Би 2018 оны 06 дугаар сарын 10-ны орой ажил тараад гэртээ харьсан. Гэртээ ирээд байж байтал миний гар утас руу хамт ажилдаг Б залгахаар нь автал "намайг юу хийж байна, завтай бол Билгүүнтулга бааранд хүрээд ир" гэж хэлсэн. Тэгэхээр нь 21 цаг өнгөрч байхад гэрээс гараад ганцаараа яваад очсон. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан. Билгүүнтулга бааранд очтол Б ганцаараа пиво уугаад сууж байсан. Тэгэхээр нь Б ын хажууд очиж суугаад пиво уугаад суусан. Б бид 2 пиво уугаад сууж байхдаа өөрийнхөө ажлын хүмүүсээс ажлаасаа тарсан, гэртээ харьсан байж магадгүй хүмүүс рүү залгасан. Тэгээд А ганцаараа нэмэгдэж ирсэн. Тэгтэл гаднаас И гэдэг жолооч орж ирэхээр нь дуудаад ширээндээ суулгасан. Бид нар тэгээд архи, пиво захиалж ууж байгаад Билгүүнтулга баарыг хаах үед нь гарцгаасан. Билгүүнтулга баарнаас гараад бид нар хоорондоо өглөө ажилтай юм чинь эртхэн амарцгаая гээд салаад гэр гэр лүүгээ явцгаасан. Би болохоор ганцаараа Бор-Өндөр сумын 3 дугаар баг Нарлаг хороолол 4-405 тоотод оршин суух хадмынхаа гэр лүү явсан. Тухайн үед манай эхнэр хадмынд байсан болохоор очиж уулзах гээд явсан. Тэгээд энэнээс цааш болсон явдлыг санахгүй байгаа, нэг сэргэж ухаан ороход хадам аавтай муудалцсан гээд цагдаа дээр ирчихсэн байсан. Би хадам аавтай ямар учраас муудаад цагдаа дээр ирсэнээ мэдэхгүй байгаа. Би Билгүүнтулга баарнаас гараад хадмын гэр лүү явж байх замдаа уусан архиндаа согтоод тасарсан, юу болж байгааг мэдэхгүй, өөрийгөө хянах чадваргүй байсан. Би хадам аавтай ямар учраас муудсаныгаа мэдэхгүй байна. Билгүүнтулга баарнаас гараад хадмын гэр лүү явахдаа хадам аавтай холбогдоогүй. Эхнэр бид 2 тусдаа байсан бөгөөд эхнэр аавынхаа гэрт ирчихсэн байсан, хадам аав манай эхнэрийг явуулахгүй, гэрт нь хариулахгүй байсан болохоор хадам аавтай муудсан байх гэж бодож байна. Би өмнө нь хадам аавтай хэрэлдэж байсан, тэрнээс муудаж байгаагүй. Эхнэрээс болж хадам аавтай хэрэлдэж маргалддаг” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
1.8.Шүүгдэгч С.Ж ы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/
1.9.Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 04 сарын 18-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 32-34/
1.10.Хохирогч Ч.М ын 2018 оны 06 сарын 29-ний өдөр гаргасан: ”Ч.М миний бие нь 2018 оны 06 сарын 10-ны шөнө С.Ж д зодуулж биедээ гэмтэл авсан болно. С.Ж нь надаас албан ёсоор уучлалт гуйж өөрийн бурууг ойлгосон болно. Миний биед учирсан бага зэргийн гэмтэл бүрэн эдгэрсэн бөгөөд цаашид эрүүл мэндэд нөлөөлөхөөргүй болсон. Мөн С.Ж нь миний эмчилгээний зардал болох 600000 төгрөгийг төлж барагдуулсан тул би түүнээс нэхэмжлэх зүйлгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй болно. Хохирол саналгүй бөгөөд бид хоорондоо сайн дураар эвлэрсэн болно. Миний зүгээс гаргах санал гомдолгүй тул С.Ж д холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү, Би хавтаст хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй болно” гэх хүсэлт /хх-ийн 28/
1.11.2018 оны 06 сарын 25-ны өдрийн зарлагын баримт, Тавин ус, Монос, Бор-Өндөр сумын ЭЭСангийн баримтууд /хх-ийн 26, 27/
1.12.Шүүгдэгч С.Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2018 оны 06 сарын 10-ны өдөр ажил дээрээ байж байгаад ажил бага ажлын хүмүүс орой ажил тараад юм уухуу гэхээр нь тэгье гэж ажлынхантайгаа ярьж тохироод ажлаасаа буусан. Гэртээ хариад байж байтал ажлын 1 залуу Билгүүнтулгад байна хүрээд ирэх үү гэж дуудсан. Гэртээ очиж хувцсаа солиод Билгүүнтулга бааранд очсон. Ажлынхаа Б гэдэг залуу жолоочтой цуг ууж байгаад бусад жолооч нараа дуудсан ганц нэг нь ирсэн. Дөрвүүлээ Билгүүнтулгад ууж суугаад орой 12 цагийн үед баар хаах үед гарцгаасан. Өглөө ажил төрөлтэй байсан тул тухайн өдөр тааруулаад уусан байсан. Тухайн өдөр би хоол унд багатай, ажил ихтэй байсан тул ядарч сульдаад гадаа гараад амархан согтсон байсан. Уг нь би эхнэр хүүхэдтэйгээ уулзаж, авч явах санаатай хадам аавынх руугаа согтсон байдалтай очсон байсан. Хадам аавтайгаа муудсан байсан. Хадам аав Ч.М аас уучлалт гуйсан, 600000 төгрөг өгсөн, дахиж ийм зүйл гаргахгүй. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч С.Ж ы үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэллээ.
Иймд шүүгдэгч С.Ж ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч С.Ж нь хохирогч Ч.М ад эмчилгээний зардал 600000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч Ч.М нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгч С.Ж нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
ХОЁР.Шүүгдэгч С.Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг үнэлэв.
Шүүгдэгч С.Ж нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн шууд санаатай, архидан согтуурсан, түүний хууль бус үйлдлээс шалтгаалсан гэж шүүх үзэв.
Согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүхээс шүүгдэгч С.Ж нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж ы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.М ад 600000 төгрөг төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Ж нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6, 36.2 дугаар зүйл,
36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1,
38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч С.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж ыг 1000 /мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч С.Ж нь урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.М ад 600000 /зургаан зуун мянга/ төгрөг төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ