Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/06

 

Х.С-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,    

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/256 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.С-д холбогдох эрүүгийн 2413000000206 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгч Х.С-ы давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн,  яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ****** төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ** хүнтэй, ******* багт оршин суух, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт Х.С- /РД:**********/ нь согтуурсан үедээ 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр, иргэн Б.Б-ийн машин засварын газарт “зам хааж машин тавилаа” гэх шалтгаанаар хохирогч Х.А-тэй маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

2. Прокурорын 2024 оны 6 дугаар сарын 24-ний  өдрийн 150 дугаар яллах дүгнэлтээр Х.С-ы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.   

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн  2024/ШЦТ/256 дугаар шийтгэх тогтоолоор: 

3.1. Шүүгдэгч Т овогт Х.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

3.5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.С-аас гэмт хэргийн хор уршигт 440,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 4,620,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Х.А-эд олгож, хохирогч Х.А-ийн сэтгэцэд учирсан хор уршигт 3,953,400 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4. Шүүгдэгч Х.С-ы давж заалдах гомдлын агуулга:  

4.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/256 тоот шийтгэх тогтоолыг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч танилцаж дараах гомдол гаргаж байна.

4.2. Х.С- намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

4.3. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бодитой дүгнэж үзээгүй, зөвхөн нэг талыг баримталж шийдвэр гаргасан юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хохирлыг төлж өгөхөөр илэрхийлсэн байгаа юм. Мөн миний биед хөнгөн хохирол санаатай учруулсан асуудлыг дүгнэж үзээгүй юм.

4.4. Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй ба 700 нэгж буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан юм. Би тодорхой эрхэлсэн ажилгүй, эхнэрийн цалингаар амьдарч байгаа юм.

4.5. Иймд 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/256 дугаартай сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, торгуулийн ялыг багасгаж өгнө үү.

 

5. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

5.1. Шүүгдэгчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан асуудлын хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд, хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, уг хэрэг бүртгэлтийн ажиллагааны үр дүнд шүүгдэгч Х.С-ны биед хохирогч Х.А- болон бусад этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учраагүй нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл согтууруулах ундааны зүйл хэрэглэж өөр өөрийнхөө биед нь хөнгөн хохирол учруулсан байна гэж дүгнэж, түүнтэй холбоотой хэргийг прокурорын хяналтын шатанд хааж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг хохирогч Х.С- хүлээн авсан боловч прокурорын шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй учраас тухайн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон.

5.2. Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх асуудлын хувьд анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан  харгалзаж үзэх нөхцөл байдлуудыг бүрэн харгалзаж үзсэний үндсэн дээр торгуулийн ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзсэн байна. Тухайлбал, тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус буруутай үйлдэл нь нөлөөгүйгээс гадна шүүгдэгчийн хувьд согтууруулах ундаа хэрэглэсэн үед тухайн гэмт хэргээ үйлдсэн байсан.  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчээс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

6. Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч Х.С-ы давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлагдахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

7. Шүүгдэгч Х.С- нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр согтуурсан үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, иргэн Б.Б-ийн машин засварын газарт “зам хааж машин тавилаа” гэх шалтгаанаар хохирогч Х.А-тэй маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогджээ.

 

8. Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгч, гэрч, хохирогчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар тал бүрээс нь бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч Х.С- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон байна.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарын тайлбар, мэдүүлэг, дүгнэлтүүд, бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч Х.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

10. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. 

 

11. Шүүгдэгч Х.С-ы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, мөн зүйлд заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, шударга ёсны зарчмыг хангасан гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

12. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “....бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхийг баталгаажуулсан. Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг хэрэгжүүлэх үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн ялгааг нарийвчлан тодорхойлж, 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус хуульчилсан.  

 

13. Анхан шатны шүүхээс Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1. “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтан үзнэ: ...2.1.1.Эрүүгийн хуулийн 11.6  дугаар зүйл (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах)”, 2.2. “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ” гэж заасныг тус тус үндэслэн  Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан жишиг аргачлалын дагуу хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж чанарыг тус тус харгалзаж, түүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх нь зүйтэй хэмээн дүгнэж, хохирогч Х.А-ийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 4,620,000 төгрөгөөр тооцож шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

14. Гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.С-ы биед хөнгөн гэмтэл учирсан талаарх үйлдэл холбогдолд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан боловч тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шүүх хуульд заасан журмаар үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоосон байх тул дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.С-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/256 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.С-ы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК