Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 44

 

 

 

 оны 01 сарын 15 өдөр     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хурлын “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

           Улсын яллагч П.Эрдэнэбаатар

            Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г-т холбогдох 1840000000041 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 08 сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, яс үндэс халх, 40 настай, бүрэн дунд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй,

 -Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 05 сарын 02-ны өдрийн 112 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Б.Г.

              Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

  Шүүгдэгч Б.Г нь өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр О.Э зодож баруун гуянд нь түлэгдэлтийн шарх, духанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                              Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэг. Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 06 сарын 25, 26-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Нийтийн байрны 03-14 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч О.Э зодож баруун гуянд нь түлэгдэлтийн шарх, духанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 - Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2018 оны 06 сарын 25, 26-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Нийтийн байрны 03-14 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч О.Э зодож баруун гуянд нь түлэгдэлтийн шарх, духанд зөөлийн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. Хөнгөн ял шийтгэл ногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг

- Хохирогч О.Э 2018 оны 06 сарын 27-ны өдөр өгсөн: “Надтай цуг ажилладаг Э  төрсөн өдөр 2018 оны 06 сарын 26-ны өдөр болсон. Манай ажлын 3  хүн манай гэрт ирж 0.75 литрийн архи хувааж уусан. Манай нөхөр Г  хамт архи уусан. Миний дотор муухайраад гадаа бөөлжиж байхад хажууд нэг хүн яагаад бөөлжөөд байгаа юм бэ гэхээр нь би өө Зоригоо ах юм уу гээд байж байхад Г  ирээд юу хийж байгаа гичий вэ гээд миний толгой руу гараараа нэг удаа цохисон. Би гэр лүү гүйгээд орсон. Тэгсэн дахиад толгой руу цохихоор нь өөдөөс нь сарвалцсан чинь намайг хүчтэй түлхсэн. Би унахдаа шкаф мөргөж унасан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Хэрэлдэх маргах зүйл болоогүй. Зоригоо ахтай хардаж зодсон. Урьд өдөр нь би гэртээ унтаж байхад Г  согтуу орж ирээд хоол халааж идэх гээд пэйчинд хоолоо халаагаад халаасан хоолоо миний нүцгэн гуян дээр тавьж түлсэн. Миний гуяны хэсэгт улайж түлэгдсэн. Согтуу байсан болохоор нь юу ч хэлээгүй аргадаж байгаад унтуулсан. Би согтуу ирсэн үед нь юу ч хэлэхгүй аргадаж байгаад унтуулсан. Намайг янхан, гичий гэж байнга хэлдэг. Миний духны зүүн дээд хэсэгт овойж хавдсан. 2018 оны 06 сарын 25-ны орой халаасан хоол гуян дээр тавьж түлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05/

- Хохирогч О.Э 2018 оны 07 сарын 29-ний өдөр өгсөн: “2018 оны 06 сарын 25-ны 17 цагийн үед манай нөхөр ажлаасаа ирсэн. Ганцаараа гэрээс гарсан. Орой 22 цагийн үед архи уучихсан ирсэн. Халаасан тахианы гуяаар миний гуяыг түлсэн. 2018 оны 06 сарын 26-ны 01 цаг болж байсан. Би 2018 оны 06 сарын 26-ны өглөө ажилдаа яваад орой ирсэн. Э  төрсөн өдөр болсон. Манай нөхөр толгой руу нэг удаа цохисон. Би хувцасны шүүгээ мөргөж унасан. Бид хоёр албан ёсны гэр бүлийн баталгаатай. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

- Гэрч С.Цэвэлмаагийн 2018 оны 07 сарын 30-ны өдөр өгсөн “2018 оны 06 сарын 26-ны орой ажлаасаа буугаад Эрдэнэсувд, Э  хоёртой Эрдэнэсувдын гэрт очсон. Э  төрсөн өдөр болсон. Архи ууж байхад Э  явлаа гээд явсан. Би удалгүй явсан. Намайг явснаас хойш юу болсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23/

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 сарын 28-ны өдрийн №313 тоот шинжээчийн дүгнэлтэд

1.О.Э биед баруун гуянд түлэгдэлтийн шарх, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой.

            3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх  эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 25/

 - Шинжээч Л.Б-ийн 2018 оны 07 сарын 25-ны өдөр өгсөн “Хохирогчийн баруун гуянд түлэгдэлтийн шарх гэмтэл нь арьсны бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан учир эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан тул хөнгөн гэмтэлд хамаарна. Духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

-  Шүүгдэгч Б.Г 2018 оны 07 сарын 16-ны өдөр яллагдагчаар өгсөн: “Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 06 сарын 25-ны орой ажлаасаа буусан. Шөнө 01 цагт хоол халаасан. Эхнэрийг бос гэж нэлээн дуудсан. Сэрэхгүй болохоор нь халуун тахианы гуяар эхнэрийн баруун гуян дээр дараад авсан. 2018 оны 06 сарын 26-ны орой гэртээ байхад эхнэр 2 хүнтэй ирсэн. Архи уусан. Эхнэр бөөлжиж байх шиг байхаар нь очтол Зоригоо зогсож байсан. Тэгтэл эхнэр чи Зоригоо ахтай хардлаа гээд орилоод байсан. Цаашаа түлхсэн чинь эхнэр унахдаа хувцасны шүүгээ мөргөөд унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/ зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

          Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Г үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

          Иймд шүүгдэгч Б.Г ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

  Хохирогч О.Э  нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

ХОЁР: Шүүгдэгч Б.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Т.А, Б.С нарын өгсөн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хохирогчийн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт  болон бусад баримтыг шинжлэн судлав.       

 Шүүгдэгч Б.Г нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдсон ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 Иймд шүүгдэгч Б.Г ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г хөрөнгө, цалин хөлс, бусад орлого зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Г нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус

заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х НЬ:

 

        1. Б.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г ыг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г т оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

         5.Шүүгдэгч Б.Г нь урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                        М.ЭНХМАНДАХ